Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 285

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2017/02386 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ерөнхий боловсролын 107 дугаар сургуульд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуульд няраваар ажилд орж 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс нягтлан бодогчоор тушаал дэвшин ажилласан. Сургуулийн захиргаа, ажилчид намайг үнэлдэг, магтдаг, надад ажлаа хийж чадахгүй гэх асуудал байгаагүй боловч манай сургууль 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 10 жилийн ойгоо тэмдэглэх ажлын хүрээнд хандивыг нийт багш ажилчдаас цуглуулсан. Тухайн мөнгийг хураагаад бүх зарцуулалтыг сургуулийнхаа төлөө зарцуулсан. Төрийн сангийн дансанд байршуулаагүй нь миний буруу байсан. Зарцуулалт дууссаны дараа шалгалт ирсэн. Шалгалтын үед няравын ажилд бичиг баримт дутуу байсан ба би 7 хоногийн дотор бичиг баримтыг бүрдүүлсэн. Үүнээс хойш дахиж намайг шалгаагүй. Би дахиж шалгах ёстой байсан гэж бодож байна. Дүгнэлт хэзээ гарсан гэдгийг мэдээгүй ба 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр надад дүгнэлт гарсан гэж хэлсэн, надад дүгнэлтийг гардуулаагүй, уншуулаагүй. 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр захирал өрөөндөө намайг дуудаж надтай ажиллах дургүй байна гэхэд нь би хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгэхэд намайг өргөдлөө өг гэж хэлсэн. Төрийн сангийн дансанд мөнгө байршуулаагүй, энэ бол маш том шалтгаан гэж хэлсэн. Би өргөдлөө өгч чадахгүй гэдгээ хэлсэнээс хойш хойш удаа дараа намайг өрөөндөө дуудаж сэтгэл зүйн дарамтанд оруулсан. Дотоод аудит оруулж Аудитын дүгнэлт үнэн гарсан. 201 оны 5 дугаар сарын 02-ны өдөр миний тушаал гаргах гэж байгааг дуулсан. Тэр өдөртөө бүх ажлаа цэгцэлсэн. 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр намайг ажлаас халах тушаалаа танилцуулаагүй байж Төрийн сангийн хүмүүст мэдэгдэж, миний ажлыг хүлээж авахаар хүмүүс ирсэн байсан. Би өнөөдрийг хүртэл хичээж ажилласан. н.Энхтуяа захирал өндөр албан тушаалд томилогдоод өөрийн ашиг сонирхлын төлөө намайг хүчээр ажлаас халсан гэж үзэж байгаа. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б- нь ажиллах хугацаандаа санхүү бүртгэлийн алдаа гаргасан, сургуулийн эд хөрөнгө дутаасан, ажилчдын 2017 оны үр дүнгийн мөнгөн урамшууллын хуваарилалтыг шударга бусаар өөрт давуу байдал үүсгэн албан тушаалаа урвуулан ашиглаж хангалттай хэлбэрээр олгосон, манаач нарын цалин хөлсийг санаатайгаар буруу бодсон зөрчил гаргасан. Б.Б-г 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/39 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлсөн. Мэргэжлийн байгууллагуудаар тогтоогдсан үндэслэл бүхий нотлох баримттай шалтгаан байгаа.  Б.Б- нь багш, ажилчдаас хандивын мөнгө хурааж авсан. Түүнийгээ төрийн сангийн нэмэлт дансанд төвлөрүүлээгүй, уг мөнгийг зориулалтын дагуу бүрэн төгс захиран зарцуулаагүй. 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн дотоод аудитын албанаас санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Энэ шалгалтаар санхүүгийн маш олон зөрчил илэрсэн. Мөн түүнчлэн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тус сургуулийн захирал Ш.Цэрэннадмидад холбогдох гомдлын мөрөөр шалгалт хийсэн  шалгалтын  танилцуулга,  Сонгинохайрхан  дүүргийн  Дотоод аудитын албаны  2017  оны  4  дүгээр  сарын  20-ны  өдрийн  санхүүгийн  шалгалтын танилцуулга, дотоод аудитын шалгалтын тэмдэглэл зэрэг санхүүгийн мэргэжлийн байгууллагуудаар Б.Б-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Багш ажилчдын 2016 оны 6 дугаар сарын цалингаас 2016 оны ээлжийн амралтыг цалинтай хамтатган бодож олгохдоо Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоол, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасан хувь хэмжээгээр олголгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг 9 дүгээр сарын цалингаас суутгаж авсан, ажилчдын ээлжийн амралтыг бодохдоо унаа хоолны хөнгөлөлтийг оруулж тооцон, мөнгийг олгохдоо 1 499 500 төгрөгийг илүү олгосноор ажилчдын 2017 оны 02 дугаар сарын цалингаас ээлжийн амралтын санд орсон унаа хоолны мөнгийг тооцон суутгаж авсан, ажилчдын нийгмийн даатгалын дэвтрийн 2016 оны 9 дүгээр сарын бичилт хийхдээ 20 орчим хүний дэвтэрт засвар оруулсан, манаач нарын цалин хөлс илүү цагийн цалинг бодохдоо “нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилчдыг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлж олгоно” гэж хуулинд заасан заалтыг зөрчиж 1.5 хувиар тооцож олгосон, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлд заасан төсвийн хөрөнгийн зарцуулалтын тайланг хагас бүтэн жилээр хамт олонд тайлагнаагүй, 2017 оны нэгдүгээр улирлын ажлын үр дүнгийн урамшууллыг тооцож олгохдоо 25 хувиас ихээр нэр бүхий багш нарт 40-41 хувиар олгосон, нийгмийн даатгалын дэвтэрт алдаатай бичилт хийсэн, уг бичилтийг нярваар ажиллаж байхдаа бичсэн нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн, санхүүгийн үйл ажиллагааг үр ашигтай зарцуулаагүй, тул түүнийг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Б-г Ерөнхий боловсролын 107 дугаар сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Ерөнхий боловсролын 107 дугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны ажлаас буруу халсан үеийн олговорт 5 798 094,4 төгрөгийг гаргуулан Б.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нзхэмжлэгч Б.Б-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ерөнхий боловсролын 107 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 107 719,5 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ201702386 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчиж хэт нэг талыг барьж хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтыг үнэлээгүй зөвхөн нэхэмжлэгчид давуу байдлаар шийдвэр гаргажээ.

Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа санхүү, бүртгэлийн алдаа дутагдал гаргаж байсан гэдгээ шүүх хуралдаан дээр өөрийн амаар хэлсэн ба нэхэмжлэл дээрээ мөн дурьдсан байхад шүүгч нэхэмжлэгчээс хөтөлсөн асуулт буюу нэхэмжлэгч та Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-г мэдэх боломжгүй байсан биз дээ гэж асууж хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Энэ нь шүүх шинэчлэлийн хүрээнд бий болсон шүүх хуралдааны камерын бичлэгт бичигдсэн гэж бодож байна.

Хэргийг шийдвэрлэхдээ 107 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Э нь өмнөх захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхгүй мэтээр шүүх дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээг 2016 онд өмнөх захиралтай байгуулахдаа гэрээнд тусгагдсан бүх зүйлийг хүлээн зөвшөөрсөн хэмээн үзэж баталгаажуулж гарын үсэг зурсан байхад түүнийг хөдөлмөрийн гэрээтэй танилцаагүй хуулийн заалтыг мэдээгүй байсан хэмээн үзсэн, мөн Хөдөлмөрийн тухай хуулинд дотоод журмыг боловсруулахдаа уг хуулийн 40.1.5 дахь хэсгийг заавал тусгана гэсэн заалт байхгүй байхад уг заалтыг дотоод журамдаа тусгаагүй байна хэмээн үзсэн нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж дүгнэхэд хүргэсэн болно.

2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Дотоод Аудитын албанаас хийсэн шалгалтыг зөвхөн өмнөх захирал н.Цэрэннадмидад холбогдуулж хийсэн шалгалт болохоос нягтлан бодогчийн ажлыг шалгаагүй гэж дүгнэсэн нь шүүгч хэргээ бүрэн ойлгоогүй, шалгалтын удирдамж, танилцуулгатай танилцаагүй ба уг шалгалтын танилцуулгад олон хуулийн хэрэгжилтийг шалгах, тэр дундаас Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах асуудал хамрагдсан байхад түүнийг үгүйсгэж шийдвэрлэсэн, шалгалтаар илрүүлсэн санхүүгийн маш олон зөрчлийг зөвхөн н.Цэрэннадмид гэдэг хүнд амаатай хэмээн үзсэн, шалгалтаар илэрсэн дутагдлууд нь зөвхөн Б.Б-д амаатай бус өөр ажилтан хамтран оролцсон байсан хэмээн үзсэн нь төрийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтыг үгүйсгэсэн нэхэмжлэлд дурьдагдаагүй асуудлыг шүүх хэлэлцсэн байна. Нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтын “Ажлын байрны зорилго” хэсэгт нягтлан бодогч нь байгууллагын санхүүгийн асуудлыг бүрэн хариуцна хэмээн тодотгож өгсөн байхад түүнийг үнэлээгүй энэ ажлыг давхар өөр хүн хариуцна гэж дүгнэсэн байна.

Б.Б- нь Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын албанаас 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шалгалтаар илрүүлсэн зөрчлийг гаргасан атлаа хариуцагчийн төлөөлөгчийн асуусан асуултанд тийм гэж хариулсан байхад шүүх түүнийг үнэлээгүй, мөн нягтлан бодогчоор ажиллахаас өмнө ажилчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж, уг бичилт нь санхүүгийн маш их алдаатай, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж байсныг харуулсан нотлох баримтыг гаргаж өгсөн боловч түүнийг үнэлээгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулинд хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдах” гэсэн тохиолдолд шууд цуцлахаар зохицуулсан байхад хууль буруу хэрэглэж мөн хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар сахилгын шийтгэл оногдуулсан байхыг шаардсан нь буруу байна.

Иймд шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ерөнхий боловсролын 107 дугаар сургуульд холбогдуулан нэхэмжлэгч Б.Б- гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Ажил олгогчийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/39 тоот тушаалаар Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 6.2, тус сургуулийн дотоод журмын 5.16, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх хэсэг, Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын мэдэгдлийг тус тус үндэслэн Б.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хэргийн 3 дугаар тал/

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн захирал Ш.Цэрэннадмидад холбогдох гомдлын мөрөөр шалгалт хийсэн шалгалтын танилцуулга, Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын албаны 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн санхүүгийн шалгалтын танилцуулга, дотоод аудитын шалгалтын тэмдэглэл, Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын мэдэгдэл зэрэг санхүүгийн мэргэжлийн байгууллагуудаар тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж тайлбарласан байна.

 

Дээрх тушаалд дурьдсан хариуцагч байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын албанаас хийсэн хэсэгчилсэн шалгалтын талаархи 2016 оны 12 дугаар сарын 27, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн танилцуулга, дотоод аудитын шалгалтын тэмдэглэл, улсын байцаагчийн албан шаардлага зэрэг нь нэхэмжлэгч Б.Б-г хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж буюу ажил олгогчийн итгэлийг алдсан болохыг нотлохгүй байна. Өөрөөр хэлбэл, уг баримтууд нь нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан нягтлан бодогчийн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэснээс тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд зөрчил илэрсэн болохыг шууд нотлоогүй буюу тус сургуулийн урьдах захирлын ажил үүрэг болон нэхэмжлэгчийг нягтлан бодогчийн ажил албан тушаалд томилогдохоос өмнөх үеийн санхүүгийн үйл ажиллагаануудтай холбоотой байна. Нэхэмжлэгч нягтлан бодогчоор ажиллах хугацаанд санхүүгийн ямар зөрчил гаргасан нь тодорхой байх тохиолдолд түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан аль тохирох сахилгын шийтгэлийг ажил олгогч ногдуулах учиртай.

 

Түүнчлэн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн санхүүгийн шалгалтаар илэрсэн зөрчилд 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасныг зөрчжээ.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ямар үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тохиолдолд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь зааснаар итгэл алдсан гэж үзэхийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан тохиролцоогүй гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан, ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргахыг хуулиар хориглосноос бус Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай адил хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг талууд хөдөлмөрийн гэрээгээр тохиролцох шаардлага тавигдаагүй байна. Гэвч энэхүү дүгнэлт нь нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлд хамаарахгүй байна.

 

Иймээс хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2017/02386 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 719 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

 

                                                  ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД   

                   

                                                                                                   С.ЭНХТӨР