Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Занагийн Доржнамжин |
Хэргийн индекс | 102/2018/01065/и |
Дугаар | 00367 |
Огноо | 2019-01-30 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 00367
2019 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2019/00367 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:G.J.T-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч:У.З ХХКд холбогдох
Ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 61 705 350 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг, өмгөөлөгч Н.Тайван, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч G.J.T шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2014 онд Шинэ Зеландын Трэйдми жоб вэб сайтад өөрийн товч намтар, дэлгэрэнгүй мэдээллийг байршуулсан, үүний дараа би Монгол улсад бүртгэлтэй Уулс Заамар ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох Шинэ Зеландын олон улсын уурхайн нийлүүлэлтийн компанид Монголын алтны компани буюу У.З ХХКд ажиллахыг хүссэн тухай өргөдлийг өөрийн дэлгэрэнгүй мэдээллийн хамт 3 жил дараалан явуулж байсан.Ингээд 2016 оны 12 дугаар сарын сүүлээр Шинэ Зеландын хөрөнгө оруулалттай У.З ХХК намайг Монгол дахь алтны уурхайдаа электроникийн техникч ажлын байранд 2017 оны 3 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл буюу 8 сарын хугацааанд ажиллах виз болон Монгол улс руу явах онгоцны тийз авч өгсөн.Би 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Шинэ Зеландаас гарч Улаанбаатарт 3 дугаар сарын 27-нд буусан.Ажилдаа ирэхэд ажил олгогч надад хэрхэн, ямар үүрэгтэй ажиллах тухай холбогдох бүх ажиллагааг танилцуулж, би үүний дагуу ажилласан.Энэ хугацаанд надад амаар болон бичгээр ямар нэгэн зөрчлийн талаар мэдэгдэл өгч байгаагүй, би зөрчил гаргаагүй.Гэтэл ажиллаад 3 долоо хоног өнгөрсний дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өглөө ажилдаа ирэхэд Монгол дах алтны компанийн захирал Дэнни Уолкер намайг өрөөндөө дуудсан.Тэр надад би чамд такси дуудсан, 10 цагт ирнэ, өөрийнхөө бүх юмыг аваарай, такси чамайг Улаанбаатарт бидний байрлах зочид буудалд хүргэж өгнө, чи тэнд 2 хоноод бүтэн сайнд гэрлүүгээ харих болно гэж хэлээд тодорхой шалтгаан хэлээгүй ажлаас халсан.Тэгээд урьдчилаад захиалсан 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн нисэх онгоцны тийз өгсөн.Би 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр буруу зүйл хийгээгүй атлаа ажил олгогчийн аман шийдвэрээр ажлаас халагдаж, 2 өдрийн дотор Шинэ Зеланд руу албадан буцаагдсан.Угтаа Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалдаг байтал ажил олгогч буюу У.З ХХК нь ямар ч үндэслэлгүйгээр намайг ажлаас буруу халсан.Иймд хариуцагч буюу ажил олгогч У.З ХХК нь намайг ажлаас буруу халсан болохыг тогтоож, хариуцагчаас 61 705 350 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тайван шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг хариуцагч өөртөөашигтай байдлаар тайлбарлаж байгааг шүүх анхаарахыг хүсэж байна.Тус хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана буюу ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш гэдгийг тодотгож ойлгох хэрэгтэй.Түүнээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж буйгаар мэдсэн өдрөөс хойш гэдэг асуудал байхгүй.Нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл шийдвэрээ гардаж аваагүй байгаа.Бид нэхэмжлэгчийг шийдвэрээ гардаж аваагүй гэдгийг тогтоолгохоор 10 дугаар сарын 02-ны өдөр үзлэг хийлгэж, 11 дүгээр сарын 02-ны өдөр У.З ХХКд хандаж, Грэгори Жон Таррантын ажлаас халсан шийдвэрийг биечилж хүлээлгэж өгөөч ээ, ийм хаягаар явуулаач ээ гэсэн утгатай Монгол хэл дээр миний гарын үсэгтэй явуулахад хариуцагч У.З ХХК хариу өгөөгүй.Хэрэв 11 дүгээр сарын 02-ны өдөр шийдвэрийг хүлээж авъя гэхэд 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өгөх ёстой.Ингээд гомдол гаргах хугацаа нэгэнт дууссан учраас бид 12 дугаар сарын 11-ний өдөр гомдлоо гаргасан.Нэгэнт шийдвэрийг өгөхгүй гэдэг нь тодорхой болсон тул 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцох нь зүйтэй гэж үзэж байгаа, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Грэгори Жон Таррант нь Шинэ Зеландын хуульчид хандаж, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Амартбат бидний хороонд харилцсан и-мэйлд үзлэг хийлгэснээр түүний шүүхэд хандах нөхцөл боломж байсан уу? эрх нь зөрчигдсөн үү үгүй юу гэдгийг судалсны дараа шүүхэд хандах ёстой гэж үзсэн.Түүнээс яагаад хугацаа хэтэрсэн талаар асуудлыг асууж лавлахад зун наадам гээд хөдөө гараад явчихдаг учраас хугацаа мөн алдсан.Анх манай хуулийн фирм рүү Ичинхорлоо Сэр-Од гэдэг хүн явуулсан байдаг.Грэгори Жон Таррант нь шууд бидэнтэй харилцаж чадаагүй.Ичинхорлоо Сэр-Одын и-мэйлд хэзээ ирсэн байдаг гэх зэрэг Грэгори Жон Таррантын хувьд Монголоос хуульч олох асуудал нь Грэгори Жон Таррантын хувьд хүндрэлтэй байсан гэж үзэж байгаа.Хэрэв хариуцагч байгууллага шийдвэрээ гардуулаад, гардуулсан өдрөөс хугацаа тоолох ёстой гэж үзэж байгаа бол шаардлагыг бид хүлээн зөвшөөрөх байсан.Хэрэгт захидал харилцсан баримтууд байгаа.Шинэ Зеландаас Монгол улс руу шуудан явуулахын тулд 1 сар явдаг юм байна гэдгийг нотолж байна.Эндээс хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэдэгт Грэгори Жон Таррант Монгол хэл мэддэггүй, байгууллага өөрөө үүргээ биелүүлээгүй.Гэрээг дуусгавар болгохоос өмнө бичгээр 1 сарын өмнө бичгээр мэдэгдэнэ гэсэн хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчсөн байна.Грэгори Жон Таррантад урьдчилан мэдэгдэлгүйгээр шууд албадан гаргасан байна. Нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр хөөцөлдөж байсан нь түүний хуульчтай харилцсан цахим захидал батална. Өмнө нь 2 удаа шүүхэд хандаж байсан.Нэхэмжлэгчийн хугацаа алдсан шалтгаан нь газар зүйн байршлын хувьд хол байгаа нь хүндэтгэх үзэх шалтгаантай гэж үзэж байгаа гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:G.J.T-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн огноо нь 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гэж бичсэн боловч 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.Нэхэмжлэлд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн өглөө ажилдаа ирэхэд нь У.З ХХКйн Монгол дахь захирал Дэнни Уолкэр нь намайг ямар ч буруу зүйл хийгээгүй байхад ажил олгогчийн аман шийдвэрээр ажлаас халсан гэдгийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Грэгори Жон Таррант мэдсэн юм байна гэдэг нь өөрийнх нь гаргаж өгсөн тайлбараас харагдаж байх бөгөөд 10 сар 22 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан заалтыг зөрчиж байна.Мөн хуулийн 129.3-т энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийг ажлаас халагдсан аман шийдвэрийг мэдсэнээс хойш 10 сар 22 хоногийн дараа гаргаж байна.Хэрэгт авагдсан анхны и-мэйлээс харахад 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Монголын хуульчаас хариу ирсэн гэдэг боловч 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 6 сар 26 хоногийн дараа хандсан байна.Хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд байгаа Грэгори Жон Таррантын хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргасан байна.Энэ хүсэлтэнд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Дэнни Уолкэр намайг ажлаас халсан.Би Монгол улсын хуульд хугацаа байдгийг мэдээгүй учраас хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн гэж бичсэн байдаг.Грэгори Жон Таррант И эл си ХХН-ийн өмгөөлөгч Н.Энхсайхан, Э.Билигсайхан, Д.Батзориг, С.Арсланбек нартай анх 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр холбогдсон нь ажлаас халагдсанаас хойш 5 сар 11 хоногийн дараа холбогдсон байна.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл шүүхэд хандаагүй явж байгаад Монголын хуульч нараас зөвлөгөө авч, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс 4 сар 11 хоногийн дараа шүүхэд хандсан, энэ 4 сар 11 хоногийн хугацаанд Монгол улсын шүүхэд хандах боломжгүй гэдэг шалтгаан нь хэрэгт авагдаагүй.Мөн нэхэмжлэгч нь Монголын шүүхэд хандсанаас хойш хөөн хэлэлцэх хугацаа нь тасалдаад дууссан нь харагдаж байна.Жишээ нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Монголын хуульчид хандсанаас хойш процесс өрнөж байгаа.Тус шүүхийн шүүгч 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэргийн харьяалал зөрчсөн гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалздаг.Үүний дараа дахин нэхэмжлэл гаргаж тус шүүхийн шүүгч 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байдаг.Шүүхэд огт хандахгүй байж байгаад 2018 оны 3 дугаар сарн 13-ны өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан.Энэ хүртэл 2 сар 19 хоног өнгөрсөн.Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар шүүхэд хандаад хөөн хэлэлцэх хугацаа тасалдлаа гэж тооцоход 2 сар 19 хоног шүүхэд хандаагүй асуудал байгаа.Мөн хэргийн 25,26,130-135 дугаар хуудсанд Грэгори Жон Таррант өөрийн улсын хуульчтай и-мэйлээр харилцсан бичиг байгаа.Шинэ Зеланд улсын хуульчийн [email protected] гэдэг хаягнаас 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хариу бичсэн байдаг.Грэгори Жон Таррант нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас халагдсанаас хойш 5 хоногийн дараа өөрийн улсын хуульчаас зөвлөгөө авахдаа Монгол улсын шүүхэд хандах болохыг мэдсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжгүй байна.Ажлаас халсан ажил олгогчийн шийдвэрийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр мэдсэн нь тайлбар нэхэмжлэлээс харагдаж байна.Монгол улсын шүүхэд хандах ёстойгоо 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэдсэн.Мэдсэнээс хойш 5 сар 11 хоног, хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 4 сар 11 хоногийн дотор хүндэтгэн үзэх шалтгаанаар яагаад Монгол улсын шүүхэд хандаж чадаагүйг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 2 сар 19 хоногийн хугацаанд яагаад хандаагүйг тодруулах шаардлагатай.Монгол улсын хуулийг мэдэхгүй байх нь хүндэтгэн үзэх шалтгаанаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх үндэслэл болохгүй.Тухайн үед Грэгори Жон Таррант нь тушаалаа гардаж аваад гарын үсэг зураагүй байдлыг далимдуулаад олон сарын цалинг авахын тулд хандахгүй явж явж олон сарын дараа хандаж байгаа.Грэгори Жон Таррант нь хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан бол ажил олгогч шийдвэрээ хянаж үзээд нэхэмжлэгчид нэг сарын цалин өгөх байсан.Нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаанаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү,
Цаг хугацааны хувьд нэхэмжлэгч нь өөрөө хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн, мөн нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хөөн хэлэлцэх хугацаа гэж бичсэн байсан байдаг.Грэгори Жон Таррантын Шинэ Зеландын хуульчид хандсан ба 2017-4-26-ны өдөр Монгол улсын шүүхэд хандах хүртэл шүүхэд хандах ёстойгоо мэдэж байсан.Шүүхэд хандалгүй 4 сар 11 хоног хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанаа тодруулах ёстой боловч хэрэгт энэ талаар ямар ч баримт байхгүй.Иргэний хуульд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх гэсэн заалт бий, нэхэмжлэлийн огноо нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулсан, гадаад улсын иргэнийг албадан гаргасныг нотлох баримт байхгүй.Нэхэмжлэгч шийдвэр авна гэж манайд хандаагүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Шинэ Зеланд улсын иргэн Грэгори Жон Таррант нь хариуцагч У.З ХХКд холбогдуулан ажлаас үндэслэлгүй буруу халсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор 61 705 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч G.J.T нь хариуцагч байгууллагад техник засварын мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэх, эхний сард 5000 шинэ зелланд доллар, хоёр дахь сард 6000 шинэ зелланд доллар болж өсөх, 4 сард гэрээний дагуу ажилласны дараа хяналтгүй, хурдан үр дүнтэй, дээд зэргийн стандартын дагуу үүргээ маш сайн хэрэгжүүлсэн бол цалин 7000 шинэ зелланд доллар болж өсөх цалин хөлсний нөхцөлтэй, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, эсхүл хүйтний улирлаар уурхай зогсох хүртэл гэрээний хугацаа үргэлжлэхээр талууд тохиролцсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчG.J.T шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Би 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажил олгогчийн аман шийдвэрээр ажлаас халагдаж, 2 өдрийн дотор Шинэ Зеланд руу албадан буцаагдсан гэж бичсэн байгаас үзэхэд нэхэмжлэгч нь ажлаас халагдсан тухайгаа 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр мэдсэн байна гэж ойлгогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарлаж байгаачлан G.J.T нь монгол хэл, бичиг мэдэхгүй, Улаанбаатар хотод байсан 2 хоног нь амралтын өдөр байсан, өөрөө албадан буцаагдсан, мөн газар нутгийн байршил хол зэрэг нөхцөл байдлаас болж 2017 оны 5 дугаар сарын 4-ны өдрийг хэтрүүлсэн байна гэж үзэж болохоор байна.
Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарлаж байгаагаар G.J.T нь 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Монгол улсын хуульч нартай холбогдсон байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 102/ШЗ2017/16761 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас G.J.T-ын нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан тухайгаа баримтаар нотлоогүй байна.
Улмаар 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхэд нэхэмжлэгчийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр гэсэн огноотой нэхэмжлэлийг тус шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гаргасан байгаа үйл баримтаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаа хэтэрсэн байна гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар нотолж шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар шүүх уг хугацааг сэргээх боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу шүүхэд гаргаагүй байхад түүнийг эрхэлж байсан ажлаас нь халсан үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаарG.J.T нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466 477 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 128 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар G.J.T-ын ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, хариуцагч У.З ХХК-аас 61 705 350 /жаран нэгэн сая долоон зуун таван мянга гурван зуун тавин/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан улсын төсвийн орлогоос 466 477 /дөрвөн зуун жаран зургаан мянга дөрвөн зуун далан долоон/ төгрөгийг гаргуулан G.J.T-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН