Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
Хэргийн индекс | 184/2017/02614/И |
Дугаар | 184/ШШ2019/00323 |
Огноо | 2019-01-24 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2019/00323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 106,569,996 төгрөг гаргуулж, шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулах, шима сэйки (shima seiki) маркийн 2 ширхэг бүрэн автомат нэхмэлийн машиныг худалдан борлуулах эрхтэй болохыг тогтоолгож, батлан даагчаар нөхөх хариуцлага хүлээлгэх тухай үндсэн, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ИГ1410013482 дугаартай Ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоогох шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Н.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Г ХХК-ийн зүгээс М ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ЗГ1410013482 тоот зээлийн гэрээг байгуулж, уг гэрээний дагуу 150,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Энэ зээлийн эх үүсвэр нь Чингис бондын мөнгө бөгөөд тусгай зориулалтын дагуу арилжааны банкуудаар дамжуулан олгогддог зээл юм. Зээлдэгч М ХХК нь зээлийн гэрээний хавсралтаар тохирсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, үүргийн зөрчил гаргасан, бидний зүгээс бичгээр зээлээ төлөхийг шаардсан боловч төлөөгүй тул манай банк 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээг цуцалж, зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шүүхэд хандсан. Манай банк нь Эдийн засгийн хөгжлийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Монгол Улсын Хөгжлийн банктай байгуулсан гэрээний дагуу М ХХК-ийн зээлийн эх үүсвэрийг 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр буцаан төлсөн тул уг өдрөөс хойшоо М ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлд зааснаар 22.8%-ийн хүү тооцогдох ёстой. Иймд зээлийн гэрээг цуцалж, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн төлбөрт нийт 106,569,996 төгрөгийг М ХХК-иас гаргуулж, хариуцагч Н.М-тай байгуулсан барьцааны гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200-51 тоот хаягт байрлах Ү-2204046340 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс шаардлагыг хангуулах, Л.Ж-тай байгуулсан барьцааны гэрээний дагуу 2 ширхэг бүрэн автомат нэхмэлийн машиныг худалдан борлуулах эрхтэй болохыг тогтоолгох, мөн Л.Ж-тай байгуулсан батлан даалтын гэрээний дагуу М ХХК үүргээ гүйцэтгээгүй бол түүнд нөхөх хариуцлага хүлээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч М ХХК болон Л.Ж нараас шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбарт: Энэхүү хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хийхээр товлож компанийн төлөөлөгчид хуралдааны товыг мэдэгдсэн. Компанийн гүйцэтгэх захирал Л.Ж нь тус шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх бөгөөд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлгүй байна. Иймд дараах тайлбарыг уншиж сонсгон шүүх хуралдааныг хуралдуулж хэргийг шийдвэрлэж өгнө үү. Манай компани нь “Г ХХК-тай ЗГ1410013482 тоот зээлийн гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулан 150,000,000 төгрөгийн зээлийг shima seiki нэхмэлийн машин худалдан авах зориулалтаар жилийн 8 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан ба эдийн засгийн хямралаас шалтгаалан борлуулалт багассаны улмаас гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн заасан хугацаанд зээлийн гэрээний төлбөрийг төлөх хугацаа хожимдуулан төлөх асуудал гарах болсон. Гэвч зээлийн гэрээний төлөлтийг өөрсдийн чадамжийн хэмжээнд төлсөөр ирсэн. Тодруулбал “Г ХХК нь команийн данснаас зээлийн төлөлтийг өөрөө татан авдаг байсан. Компанийн худалдан борлуулалт муудаж ашиг орлого муудсан тул эргэн төлөлтийн хуваарийг зөрчихөд хүрсэн. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт 77,161,123 төгрөгийг данснаас татан авсан. Энэхүү зээлийн эргэн төлөлтийг зээлдүүлэгч Г ХХК нь хамгийн эхэнд нэмэгдүүлсэн хүү, дараа нь үндсэн хүүгээс хасч, үндсэн зээлээс үлдсэн хэсгийг нь хасч тооцон нэхэмжилж үүрэг гүйцэтгэгч компанийн хувьд хохиролтой байна. Дээрх зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүгээс хасах дарааллаар үүргийн гүйцэтгэлийг өөрөө суутган авах байдлаар хангаж байгаа нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллын хуулиар тогтоосон журмыг зөрчиж байна. Тодруулбал Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-т “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд үүрэг гүйцэтгэгч нь аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй”, 216.2-т “Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэнт зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ”, 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгуй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүү төлүүлнэ” гэж тус тус заасан. Иргэний хуулиар тогтоосон журмаас давсан буюу зөрчсөн гэрээ байх учиргүй юм. Г ХХК хуулиар журамлан зохицуулсан үүргийн гүйцэтгэлийн дарааллыг зөрчиж хамгийн эхэнд үндсэн зээлээс хасч тооцогдох учиртай зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлсэн хүү, хүүгээс хасч тооцон өөртөө ашигтай байдлаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Түүнчлэн 150,000,000 төгрөгний зээл олгохдоо Зээлийн гэрээний 2.1.8. Зээлийн хяналт, эрсдлийн менежментийн шимтгэлд нэг удаа Зээлийн үнийн 0.5 хувиар буюу 750,000 төгрөгийг авсан нь үндэслэлгүй. Учир нь 2.1.8-д заасан зээлийн хяналт, эрсдлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 0.5 хувиар шимтгэл суутгаж авч байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Зээлийн гэрээ нь хуульд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүг хариу төлбөрт авах учиртайгаас биш банк өөрийн дураар ямар нэгэн хариу төлбөрийг зохиож гэрээнд тусган авч байгааг хуульд нийцсэн гэж үзэхгүй байна. Компани нь Г ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнд хүүг жилийн 8 хувиар тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлагадаа 22.8 хувиар тооцож 11,665,103.99 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Зээлийн гэрээнд 8 хувийн хүүтэй байхаар тохиролцсон тохиролцоо байгаа ба 22.8 хувиар тооцно гэсэн тодорхой заалт огт байхгүй байтал компанийн авсан зээлийг Хөгжлийн банкинд буцаан төлсөн гэх агуулгаар нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг 22.8 хувиар тооцож нэхэмжилж буй нь хуульд нийцэхгүй байна. Иймд 22.8 хувиар тооцож нэхэмжилж буй нэмэгдүүлсэн шаардлага болох 11,665,103.99 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй юм. Ийнхүү Г ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хуулийн дагуу үндэслэлтэйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх барьцааны гэрээнд Н.М гарын үсэг зураагүйгээс гадна Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200 дугаар байрны 51 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө нь Н.М-ын нэр дээр бүртгэлтэй байдаг боловч үнэндээ түүний эцэг Ч.Н, эх Л.Я нарын мөнгөөр авсан тэдний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө юм. Эдгээр хүмүүсээс зөвшөөрөл аваагүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Н.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 142/ШШ2018/00251 дугаартай шийдвэрээр Ч.Н болон Л.Я нарыг Г ХХК-н барьцаалсан гэх Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200-51 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоосон шийдвэр гаргасан. Г ХХК нь үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчид болох эдгээр хүмүүсээс зөвшөөрөл аваагүй байхдаа барьцааны гэрээг байгуулсан. Мөн хариуцагч Н.М нь Барьцааны гэрээнд гарын үсэг зурснаа санадаггүй. Гэрээнд зурсан гарын үсэг түүнийх биш гэж маргаж байгаа. Хэдийгээр гарын үсгийн хэв маягийн шинжилгээ хийлгэх шинжээч томилж, дүгнэлтээр Н.М-ынх гэж гарсан ч бид дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд Н.М болон Г ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн ИГ1410013482 дугаартай Ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Манай банк нь үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг үндэслэж барьцааны гэрээ байгуулсан. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Н.М бүртгэгдсэн байсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ1410013482 дугаартай зээлийн гэрээг цуцалж, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүү болон зээлийн төлбөрт нийт 106,569,996 төгрөгийг М ХХК-иас гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200-51 тоот хаягт байрлах хариуцагч Н.М-ын өмчлөлийн орон сууцыг албадан борлуулж үнийн дүнгээс хангуулах, мөн барьцаа хөрөнгө болох шима сэйки (shima seiki) маркийн 2 ширхэг бүрэн автомат нэхмэлийн машиныг худалдан борлуулах эрхтэй болохыг тогтоолгож, М ХХК үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагч Л.Ж-ын эд хөрөнгөөр нөхөх хариуцлага хүлээлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч М ХХК болон Л.Ж нь нэхэмжлэлийн шаардлагаас 94,904,892 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрсөн, хариуцагч Н.М нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг эс зөвшөөрч, улмаар 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ИГ1410013482 дугаартай Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Г ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ1410013482 дугаартай зээлийн гэрээний дагуу 150,000,000 төгрөгийг 1 жилийн 8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай хариуцагч М ХХК-д зээлдүүлсэн, зээлийг М ХХК хүлээн авсан талаар зохигчид маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эдгээр үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.
Г ХХК нь ЗГ1410013482 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Н.М-тай ИГ1410013482 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн, мөн хариуцагч Л.Ж-тай 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр БГ1410013482 дугаартай Барьцааны гэрээг байгуулж, тус бүр нь 20,000,000 төгрөгийн үнэлгээтэй 2 ширхэг шима сэйки /Shima seiki/ маркийн бүрэн автомат нэхмэлийн машиныг барьцаалсан, хариуцагч Л.Ж-тай 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн БДГ 1410013482 дугаартай Батлан даалтын гэрээг байгуулж, М ХХК зээлийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нөхөх хариуцлага хүлээлгэхээр харилцан тохиролцсон болох нь баримтаар тогтоогдож байна. /1-р хх 11-20, 24-25/
Хариуцагч М ХХК, Л.Ж нар нь зээлийн төлбөрийн зарим хэсгийг эс зөвшөөрөхдөө, зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу зээлийн төлбөрөөс суутгал хийгээгүй, үндэслэлгүйгээр 750,000 төгрөгийн шимтгэл авсан, мөн гэрээний хүүг жилийн 8 хувь байхаар харилцан тохиролцсон байтал 22.8 хувиар тооцож 11,665,103.99 төгрөгөөр нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид нь өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг ба эсрэг талын гаргаж өгсөн нотлох баримтыг өөр бусад нотолгооны хэрэгслээр үгүйсгээгүй, мөн маргааны үйл баримтын талаар мэдэхгүй байгаа нөхцөлд хэрэгт авагдсан баримтын хэмжээнд шүүх маргааныг шийдвэрлэх, улмаар хэрэгт авагдсан баримтыг няцааж чадаагүй гэж үзэхэд хүрдэг.
Иймд, нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн зээлдэгчийн зээлийн 1410013482 дугаартай дансны хуулгад бичигдсэнээр, зээлдэгч М ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 96,883,575 төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдүүлэгч Г ХХК-д төлөөгүй байсан гэж үзэх ба энэ баримтыг хариуцагч няцааж чадаагүй гэж үзнэ. /1-р хх-230/
Хариуцагч буюу зээлдэгч М ХХК нь төлбөрийг төлөхдөө, төлбөрийн зориулалтыг зааж /зээлийн төлбөр, үндсэн хүү, торгуулийн хүү/ төлсөн болох нь дээр дурдсан зээлдэгчийн зээлийн дансны хуулга баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар зээлдэгч нь өөрийн сонголтоор зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлсөн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу зээлийн төлбөр төлөгдөөгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь хүү болно”, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны А-236 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 1.3.3-т “Хүү” гэж зээлийн . . . үнэ бөгөөд хөрөнгө эзэмшигчийн хувьд орлого, ашиглагчийн хувьд зардлыг хэлнэ” гэж заасан байна. Харин нэмэгдүүлсэн хүүг бол Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн зээлдэгчид ногдуулж буй хариуцлага байхаар тодорхойлсон. Энэ агуулгаар авч үзвэл үүрэг зөрчсөн этгээдэд хариуцлагыг түрүүлж ногдуулан, дараа нь зээлийн үнэ болох хүүг тооцон, эцэст нь үндсэн төлбөрийг суутгаж байгаа нь үүргийн эрх зүйн зарчимын дагуу гэж үзнэ.
Мөн талууд гэрээний 2.1.8 дахь хэсэгт зээлийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх шимтгэлийг зээлдэгч нэг удаа төлөхөөр харилцан тохиролцсон байх тул зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд төлсөн гэх 750,000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасах үндэслэлгүй.
М ХХК-д олгосон зээлийн эх үүсвэр Эдийн засаг хөгжлийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Монгол Улсын Хөгжлийн банк, Г ХХК-н хооронд 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах 2/194 тоот гэрээ (цаашид “2/194 тоот гэрээ гэх)-ний дагуу бий болсон ба Хөгжлийн банк зээлийн эх үүсвэрийг буцаан татсан тул нэхэмжлэгч нь М ХХК-тай байгуулсан ЗГ1410013482 дугаар Зээлийн гэрээний 5.1-д зааснаар мөн өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх зээлийн хүүг 22.8%-аар тооцно гэжээ.
Гэрээний 5.1-д “Зээлдэгч зээлийг зориулалт бусаар ашигласан, эргэн төлөлтийг хугацаа хэтрүүлсэн зэрэг зээлдэгчийн буруутай бусад шалтгааны улмаас төсөл санхүүжүүлэгч буюу эцсийн зээлдүүлэгч Банкнаас зээлийн эх үүсвэрийг эргүүлэн татсан тохиолдолд гэрээний 2.1-д заасан нөхцөл нь Банкны тухайн үеийн ерөнхий нөхцөлд шилжинэ.” гэж талууд тохиролцжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 2/194 тоот гэрээний 2.4 дэх заалт, зээлийн эх үүсвэрийг буцаан төлсөнтэй холбоотой дансны хуулгаас үзэхэд Хөгжлийн банк нь зээлийн эх үүсвэрийг буцаан татсан нь Г ХХК, М ХХК-ийн хооронд байгуулсан Зээлийн гэрээний 5.1-д заасан үндэслэлээр бус 2/194 тоот гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсонтой холбоотой байх тул хүүг 22.8%-аар тооцсон нь үндэслэлгүй байна.
Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. Мөн зээлдэгч М ХХК нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байх тул зээлдүүлэгч Г ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зээлийн гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон зээлийн хүүг, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг тус тус шаардах эрхтэй байна.
Зээлийн 1410013482 дугаартай дансны хуулгад бичигдсэнээр зээлдэгч нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 96,883,575 төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байсан байна. Энэ үнийн дүнгээс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээнд заасны дагуу 8 хувийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээр тооцоход хариуцагч М ХХК-аас 100,348,103 төгрөгийг гаргуулан Г ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Н.М нь нэхэмжлэгч Г ХХК-тай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ИГ1410013482 дугаартай Ипотекийн гэрээг бусад хамтран өмчлөгч нараас зөвшөөрөл аваагүй байхдаа хийсэн гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Г ХХК-тай дээрх Барьцааны гэрээг байгуулах үед барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200 дугаар байрны 51 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046340 дугаарт бүртгэгдсэн, 42.6 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Н.М бүртгэгдсэн байжээ. Энэ бүртгэлийг үндэслэж Г ХХК нь барьцааны гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д зааснаар барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ.
Барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Ч.Н, Л.Я нарыг барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч мөн болохыг тогтоосон байх тул эдгээр хүмүүсээс зөвшөөрөл авалгүйгээр барьцааны гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01967 дугаар захирамжаар Барьцааны гэрээнд зурсан гарын үсэг нь Н.М-ын мөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн ба Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1711 тоот шинжээчийн дүгнэлтээр гэрээнд зурагдсан гарын үсэг нь Н.М-ын бичгийн хэвийн туршилтын загвар, гарын үсгийн загвартай тохирно гэжээ. Иймд Н.М-ыг гэрээ байгуулаагүй гэж үзэх боломжгүй юм. /1-р хх-140-150/
Иймд хариуцагч Н.М-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Нөгөө талаас ИГ1410013482 тоот Ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан хэлбэрийн шаардлага хангасан, 166 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн, үндсэн үүргийн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч буюу Г ХХК тус хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200-51 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046340 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Г ХХК болон хариуцагч Л.Ж нарын хооронд байгуулагдсан 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн БГ1410013482 тоот Барьцааны гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн БДГ1410013482 тоот Батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 156, 459 дүгээр зүйлд заасан хэлбэрийн шаардлага хангасан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, үндсэн үүргийн үүрэг гүйцэтгэгч болох зээлдэгч нь зээлээ төлөөгүй тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК нь БГ1410013482 тоот Барьцааны гэрээнд заасан хөдлөх эд хөрөнгөөр үүргийг хангуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар батлан даагч Л.Ж-д нөхөх хариуцлага хүлээлгэхээр шаардах эрхтэй юм.
Нэхэмжлэгч Г ХХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хэд хэдэн батлан даагч нараас өөрөө сонгож, үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй тул 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн БГ1410013482 тоот Батлан даалтын гэрээний дагуу батлан даалтын үүргийг Зээлийн батлан даалтын сан хамтран хариуцах ёстой гэх хариуцагч талын татгалзал үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч М ХХК-аас 100,348,103 төгрөгийг гаргуулан Г ХХК-д олгож, үлдэх 6,221,893 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200-51 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046340 дугаарт бүртгэгдсэн орон сууцнаас, шима сэйки /shima seiki/ маркийн №7620, №6075 дугаартай 2 ширхэг бүрэн автомат нэхмэлийн машинаас хангуулж, гүйцэтгээгүй үүргийг Л.Ж-аар хариуцуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-д 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр олгосон итгэмжлэл уг өдрөөр дуусгавар болсон, хариуцагч М ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-аас, өмгөөлөгч М.Г-оос татгалзсан, хариуцагч Л.Ж нь итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-аас татгалзсан, хариуцагч Н.М нь итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, өмгөөлөгч М.Г нараас татгалзсан болохыг дурдаж, хариуцагч, хариуцагч “М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж 2019 оны 01 дүгээр 21-ний өдөр өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг, шүүх хуралдаанд гаргах тайлбарын хамт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав. /1-р хх-107, 2-р хх-114-118,120/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан М ХХК-иас 100,348,103 төгрөгийг гаргуулан Г ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6,221,893 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг тус тус баримтлан Г ХХК нь шима сэйки /shima seiki/ маркийн тус бүр нь 20,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий, №7620, №6075 дугаартай 2 ширхэг бүрэн автомат нэхмэлийн машинууд болон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200 дугаар байрны 51 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046340 дугаарт бүртгэгдсэн, 42.6 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасныг баримтлан М ХХК нь үүргээ эс биелүүлбэл биелүүлээгүй үнийн дүнг батлан даагч Л.Ж-аас нөхөн гаргуулсугай.
4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Н.М болон Г ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ИГ1410013482 дугаартай Ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай Г ХХК-д холбогдох Н.М-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 974,933 төгрөгийг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 667,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК, Л.Ж, Н.М нараас 659,690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН