| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1257/Э |
| Дугаар | 954 |
| Огноо | 2019-09-19 |
| Зүйл хэсэг | 10.1.2, 10.7., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 954
Ж.Гэд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Бадамсүрэн,
шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/1040 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Гэд холбогдох эрүүгийн 1806044980979 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж, 1972 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөг, шаварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 4 дүгээр гудамжны 33 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД: /;
Ж.Г нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 11 дүгээр байрны урд талд байрлах тоосгон гражийн 2 давхарын барилгад 58 настай иргэн Ү.Баярсайханыг биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж онц харгис хэрцгийгээр зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Г-г хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар Ж.Гэд 16 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.Гэд оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Гийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 399 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Ж.Гийн өмсөж явсан гүн хөх өнгийн срочкин цамц, хар өнгийн биеийн тамирын өмд, амь хохирогчийн өмсөж явсан хувцас болох саарал өнгийн цамц, хөх судалтай саарал цамц, цэнхэр өнгийн пудволк, хар болон хөх өнгийн 2 ширхэг өмд, цагаан өнгийн хос оймс, саарал өнгийн хос бээлий, хар өнгийн хос гутал, хэргийн газрын үзлэгээр хураагдсан Хандгай, Эзэн Чингис, Хараа гэсэн шошготой архины шил тус бүр 1 ширхэг, Алое гэсэн бичигтэй ногоон өнгийн хуванцар сав, “Вояж” гэсэн бичигтэй тагтай хуванцар сав тус бүр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ж.Гээс 7.126.000 /долоон сая нэг зуун хорин зургаан мянга/ төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Бадамсүрэнд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирлын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь гардаж авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Гэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Г давж заалдах гомдолдоо: “…2018 оны 5 дугаар сард надаас хурааж авсан хөх өнгийн срочкин цамц нь дээр ямар ч цусны толбо байгаагүй боловч цусны толбо байна гэж үзсэн. Мөн миний өгсөн мэдүүлгийг огт авч хэлэлцэхгүй Насанбаярын мэдүүлгээр намайг шүүж ялалсанд гомдолтой байна. Надтай хамт сэжигтнээр байцаагдах ёстой гэж үзэж байна. Н.Насанбаярыг гэрчээр байцаан Н.Насанбаяр нь худал мэдүүлэг өгөөд оргон зугтаад шүүх хуралдаанд оролцуулахгүй, нүүрэлдүүлж байцаалт авахгүй байна. Прокурор, шинжээч, шүүгч нар буруу ойлгож байна. Би уг мэдүүлэгтээ сав, шил түүсний дараа талийгаач Баярсайханы хавиргыг Насанбаяр цохиж гэмтээснийг, сав, шил түүхийн өмнө гэмтсэн гэж буруу ойлгосон. Прокурор, шүүгч нар Насанбаярыг зодож гэмтээснийг намайг зодсон гэж буруу ойлгож байна. Иймд Насанбаярыг сэжигтнээр татаж хэргийн үнэн зөвийг шүүж өгнө үү. …” гэжээ.
Шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 сарын 27-ны өдрийн 1040 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Шүүгдэгч Ж.Гийн яллах дүгнэлтийн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байна. Тухайлбал, хүнийг алах явцдаа олон тооны шарх гэмтэл үүсгэж алсан болох нь... гэж нотлох баримтуудыг нэг бүрчлэн дурьдсан боловч уг гэмтлүүдээс зарим нэг гэмтэл үхэлд хүргэхэд нөлөөлөөгүй талаар шүүх эмнэлгийн шинжээчийн 1164 тоот дүгнэлтэд бичигдсэнийг харгалзан үзээгүй, элэгний архаг үрэвсэл, дотор эрхтний цусны эргэлтийн хямрал зэрэг зүйлчлэлд огт нөлөөлөхгүй гэж үзэж байна.
2. Олон тооны шарх, гэмтэл үүсгэснийг онц харгис хэрцгийгээр алсан гэж зүйлчлэн ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Талийгаачийн биед үүссэн олон тооны шарх гэмтлийг шүүгдэгч учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй. Шүүхийн хэлэлцүүлэгт талийгаачтай хэрэг гарсан өдөр уулзахад нүүрэндээ олон тооны шарх гэмтэл, зулгаралттай байсан талаар шүүгдэгч мэдүүлдэг.
3. Шүүгдэгчийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр" байж хүнийг алсан гэж гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Улсын яллагч хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдал гэдгийг амь хохирогчийн хүнд зэргийн согтолттой холбон зүйлчилжээ. Гэрч Г.Насанбаярын мэдүүлгийн “...тэгээд Ганбүргэд, Баяраа ах бид гурав авсан архиа хувааж уугаад эхний 1 шил архиа дуусгаад 2 дахь шил архиа задалж уугаад архи тал хавьдаа орж байх үед Ганбүргэд нь Баяраа ахыг “чи муу п...” ойрд ус авчирч өгөхгүй байгаа шүү,чи маргааш өглөө ирэхдээ надад ус авч ирж өгөөрэй” гэж хэлж байсан. Гэтэл Баяраа ах Ганбүргэдэд хандаж “би чамд ус авч ирж өгдөг л биз дээ” гэж хэлээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн юм” гэсэн хэсэгт талийгаач Ганбүргэдийн хэлсэн зүйлст хариулт өгч, хэрүүл маргаан үүсч буй нөхцөл байдлыг ойлгож байсан нь илэрхий байдаг. Эндээс талийгаач хүнд зэргийн согтолттой гэдэг нь үгүйсгэгдэж байна гэж үзэж байна.
4. Камерын бичлэгт 12.22.03-д бараан хувцастай 3 хүн манаачийн бутект орж байгаа гэдэг нь үзлэгийн тэмдэглэлд дурьдагдсан. Шинжээч эмч шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо талийгаач 11-13 цагийн хооронд нас барсан гэж мэдүүлсэн. 14.16.50-д манаачийн бутекний шатнаас бараан өнгийн хувцастай хүн бууж ирээд ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт зам хөндлөн гарч байгаа гэсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг шүүгдэгч талийгаачийг олон тооны шарх үүсгэн алсан гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдохгүй байна гэж үзэж байна.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/1040 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Ж.Гийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ялыг хөнгөрүүлж өгнө үү. …” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Ж.Г нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 11 дүгээр байрны урд талд байрлах тоосгон гражийн 2 давхарын барилгад 58 настай иргэн Ү.Баярсайханыг биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж онц харгис хэрцгийгээр зодож алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Балжсүрэнгийн “...Талийгаач маань хамгийн сүүлд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өглөө 07 цагийн үед гэрээсээ гараад явсан. ...Талийгаач ер нь гадуур хонодоггүй, гэртээ заавал ирдэг байсан. Талийгаас ер нь гэрээсээ эрт гараад явдаг юм өдөр бол намайг заавал нэг удаа гэртээ эргэдэг байсан...” /1-р хх 48-49/,
гэрч Д.Энхтайваны “...2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 11 дүгээр байрны урдуур Оргилон булаг төвийн 1 дүгээр давхарт хөгжмийн бэлтгэл хийх гэж явж байхдаа гражуудын дунд байрлах 2 давхар тоосгон байшин дотор үл таних нэг хүн хана налаад сууж байгаа харагдсан. Хажуугаар нь өнгөрч явахдаа хоолны мөнгө өгөх санаатай буцаж ирээд 2 давхарт байсан хүнтэй уулзахад хоёр хүн байсан, нэг хүн нь хэвтсэн, нөгөө хүн нь хана налаад сууж байсан ба хэвтэж байсан хүнийг “босоорой эгч” гэхэд хажууд нь байсан хүн “наадах чинь эрэгтэй хүн” гэж хэлсэн. Тэр хэвтэж байсан хүн гаднаас нь харахад хүнд зодуулсан байдалтай байхаар нь цагдаа дуудсан, гол нь босож ирээгүй, гаднаас нь харахад нүд нь зодуулсан юм шиг хөхөрсөн, бие нь хүйтэн байсан. Би гар болон гэдсэнд нь хүрч үзсэн. ...хамт байсан хүн нилээн согтуу байсан...” /1-р хх 52-53/,
гэрч Г.Насанбаярын “...авсан архиа Ганбүргэдийн амьдардаг пост дээр очиж уухаар болж 11-12 цагийн үед Ганбүргэдийн амьдардаг хаалга цонхгүй, цагаан саарал өнгийн тоосгон пост дээр очсон юм. Тэгээд Ганбүргэд, Баяраа ах бид гурав авсан архиа хувааж уугаад эхний 1 шил архиа дуусгаад 2 дахь шил архиа задлаж уугаад архи талдаа орж байх үед Ганбүргэд нь Баяраа ахыг “чи муу п... ойрд ус авч ирж өгөхгүй байгаа шүү, чи маргааш өглөө ирэхдээ надад ус авч ирж өгөөрэй” гэж хэлж байсан юм. Гэтэл Баяраа ах Ганбүргэдэд хандаж “би чамд ус авч ирж өгдөг л биз дээ” гэж хэлээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн юм. Тэгээд Ганбүргэд нь босоод Баяраа ахыг барьж аваад хоолойг нь боогоод муухай чарлалдаад муу п... энэ тэр гээд байсан юм. Тэгэхээр нь би Ганбүргэд хандаж “болиоч ээ, наад хөгшин хүнээ яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд тэр хоёрыг салгасан юм. Тэгээд тэр хоёр хоёр талаасаа хэрэлдээд бие биенийгээ п... нохойгоор нь дуудаад Ганбүргэд нь учиргүй Баяраа ах руу дайраад “чи муу зангаа хувиргаад байгаа шүү, п... минь” гэж хэлж байсан юм. Тэгэхээр нь би “за за больё, би энэ хэрүүлтэй архийг чинь уухгүй” гэж хэлээд өөрийнхөө шуудайтай зүйлээ аваад гараад явчихсан юм...” /1-р хх 64-65/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “...Ү.Баярсайханы цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд тусгагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн доргих, цохигдох, шахагдах үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл ямарч байрлалд үүсэх боломжтой. Талийгаач нь зүрх хагарч, үнхэлцгийн хөндийд цус хуран, зүрх чихэгдсэнээс зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь элэгний архаг үрэвсэл, зүрхний булчингийн зузааралт, томрол, өөхлөлт зэрэг архаг хууч өвчтэй байсан байх ба эдгээр нь нас барахад нөлөөлөхгүй болно. Талийгаач нь О (I) бүлгийн цустай байна. Талийгаач нь 58 настай. Талийгаач нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны 19:00 цагт цогцосны анхны үзлэг хийхэд нас бараад 6-8 цаг болсон байжээ. Талийгаачийн цусанд 5.3 промилли, ходоодны шингэн 6.0 промилли, шээс 5.7 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолт байна.” /1-р хх 91-93/ гэх 1164 дугаартай дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “...Ж.Гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. ...” /1-р хх 117/ гэх 6706 дугаартай дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн 2018 оны 5814 дугаартай дүгнэлтэд тусгагдсан хөх саарал өнгийн срочкин цамцан дээр илэрсэн цус нь 5757 Ү.Баярсайхан хатаасан цустай тохирч байна.” /1-р хх 131-132/ гэх 7131 дугаартай дүгнэлтүүд,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 19-32/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 32-35/, Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 36/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 37/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нар нь “...хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1164 дугаартай дүгнэлтэд “...Талийгаач нь зүрх хагарч, үнхэлцгийн хөндийд цус хуран, зүрх чихэгдсэнээс зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ гэж дүгнэснээс гадна талийгаач Ү.Баярсайханы цогцост зүүн 4,5,6 дугаар хавирга эгэмний дунд шугамаар, 7, 8, 9, 10 дугаар хавирга эгэмний гадна шугамаар шууд хугаралтай гэжээ. /1х-92х/
Мөн талийгаачийн цусанд 5.3 промилли, ходоодны шингэн 6.0 промилли, шээс 5.7 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолттой.” /1-р хх 91-93/ байсан нь шинжээчийн 1164 дугаартай дүгнэлтээр тогтоогдсоноос гадна шинжээч эмч М.Аригуунтөгсийн: “…Цусан дахь спиртийн хэмжээ 5 промиллигоос дээш нөхцөлд хүн үхэлд хүргэх хордлогын хэмжээнд очдог, энэ үед хүн ухамсарт үйл хөдлөл хийх чадваргүй болдог…” /1-р хх 207/ гэх мэдүүлэг, дүгнэлт зэргээс үзэхэд амь хохирогч нь гэмт хэрэг гарах үед биеэ хамгаалах чадваргүй байхдаа олон тооны гэмтэл авч уг гэмтлийн улмаас нас барсан нь тогтоогдож байна.
Иймээс Жагдоржийн Ганбүргэдийг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн, шүүгдэгч Ж.Гийн онц харгис хэрцгийгээр, хохирогчийг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалах чадваргүй байх үед алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар зүйлчилсэн нь зөв байна.
Шүүгдэгч Ж.Гийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршиг, төлбөрөө нөхөн төлөөгүй зэргийг харгалзан шүүхээс 16 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцжээ.
Иймд шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын “зүйлчлэл өөрчилж, ял шийтгэл хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/1040 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Н.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ