Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 593

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүххуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, 25 дугаар байрны 152 оршин суух, Очир овогт Самандаагийн Өлзийжаргал /РД: ДЮ90091641/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 170 дугаар байрны 17 тоотод оршин суух, Боржигин овогт Намсрайжавын Одхүү /РД: ХЙ65110714/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Өлзийжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Өлзийжаргал нь хариуцагч Н.Одхүүгийн хүсэлтээр түүнд 25,000,000 төгрөгийг зээлэхээр тохиролцож, уг мөнгийг 2016 оны 7 сарын 29-ний өдөр өөрийн ээж Б.Бадралмаагийн данснаас иргэн н.Одхүүгийн данс руу 20,000,000 төгрөгийг, 2016 оны 10 сарын 07-ны өдөр ээжийнхээ дүү болох Б.Баасандуламын данснаас Н.Одхүүгийн данс руу 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Н.Одхүүгээс 25,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг боловч Н.Одхүү нь зээл авсан өдрөө буюу 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1,600,000 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 400,000 төгрөгийг, Н.Одхүүгийн зээлийн гэрээний үүрэгт Б.Мөнхтуяа нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 400,000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус төлсөн байдаг. Иймд Н.Одхүүгийн төлсөн 2,000,000 төгрөг, Б.Мөнхтуяагийн төлсөн 2,400,000 төгрөг, нийт 4,400,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Н.Одхүүгээс 20,600,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагч Н.Одхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Өлзийжаргал сарын 10 хувийн хүүтэй, мөнгө зээлдэг. С.Өлзийжаргал, Н.Одхүү нарын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй. 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Б.Мөнхтуяад мөнгө шаардлагатай болж С.Өлзийжаргалаас мөнгө зээлсэн байдаг ба уг зээлийн мөнгийг Б.Мөнхтуяагийн данс руу шилжүүлэх боломжгүйгээс Н.Одхүүгийн данс руу шилжүүлсэн. Н.Одхүү нь өөрийнх нь дансанд шилжүүлсэн мөнгийг Б.Мөнхтуяад өгсөн. Түүнээс зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. 2016 оны 7дугаар сарын 29-ний өдөр Н.Одхүүгийн данс руу С.Өлзийжаргал 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Н.Одхүү эргүүлээд зээлийн хүүнд С.Өлзийжаргалын данс руу 1,600,000 төгрөг шилжүүлсэн. С.Өлзийжаргалаас 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг Н.Одхүүгийн данс руу шилжүүлсэн. Үүний дараа Б.Мөнхтуяа, С.Өлзийжаргал нар 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулсан. Б.Мөнхтуяа, Н.Одхүү нар нь С.Өлзийжаргалтай байгуулсан 2 зээлийн гэрээний төлбөрт нийт 30,700,000 төгрөгийг С.Өлзийжаргалын данс руу шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 20,600,000 төгрөгийн шаардлагаас 13,600,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхтуяагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.Одхүү нь С.Өлзийжаргал бид хоёрыг зуучилж, би С.Өлзийжаргалаас мөнгө зээлсэн. Түүнээс өмнө С.Өлзийжаргал бид хоёрын дунд зээлийн харилцаа байгаагүй. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Н.Одхүүгээс миний дансанд 5,000,000 төгрөг орж, би эргүүлээд 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зээлийн хүү гэж 400,000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр С.Өлзийжаргалын данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Би С.Өлзийжаргалд бэлнээр өгсөн нэг ч төгрөгийн талаар яриагүй, зөвхөн дансны хуулгад үндэслэж өгөх, авахаа ярьж байгаа гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Өлзийжаргал нь хариуцагч Н.Одхүүд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 4,400,000 төгрөгөөр багасгаж, 20,600,000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.Өлзийжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Н.Одхүүд 25,000,000 төгрөгийг амаар зээлийн гэрээ байгуулсан шилжүүлсэн... гэж тайлбарлан уг зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 20,600,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Н.Одхүү нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ... С.Өлзийжаргал, Н.Одхүү нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, харин С.Өлзийжаргал, Б.Мөнхтуяа нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн ба уг зээлийн гэрээний зүйл болох 25,000,000 төгрөгийг Н.Одхүүгийн дансаар дамжуулан шилжүүлсэн байдаг гэж тайлбарлаж байгаа бол, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхтуяа нь миний бие С.Өлзийжаргалаас 25,000,000 төгрөгийг зээлэхдээ Н.Одхүүгийн дансаар дамжуулан шилжүүлэн авсан. Үүний дараа буюу 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дахин С.Өлзийжаргалтай зээлийн гэрээг бичгээр байгуулан 20,000,000 төгрөгийг зээлж авсан ба энэхүү 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 30,700,000 төгрөгийг төлсөн. Сүүлд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт шүүх 20,700,000 төгрөгийг төлсөн байна гэж шийдвэрлэсэн учраас үлдэх 10,000,000 төгрөг нь энэхүү зээлийн гэрээнээс хасагдаж тооцогдох ёстой гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Өлзийжаргал нь хариуцагч Н.Одхүүд 20,000,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өөрийн ээж Б.Бадралмаагийн 531505153 тоот данснаас Н.Одхүүгийн 5099500626 тоот данс руу, мөн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 5,000,000 төгрөгийг өөрийн ээжийн дүү Б.Баасандуламын 5025867989 тоот данснаас Н.Одхүүгийн 5099500626 тоот данс руу тус тус шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, гэрч Б.Бадралмаа, Б.Баасандулам нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Энэхүү байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч С.Өлзийжаргал, хариуцагч Н.Одхүү нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч С.Өлзийжаргал нь хариуцагч Н.Одхүүгээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00899 дугаартай шийдвэрээр С.Өлзийжаргалын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мөнхтуяад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,637,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг шүүх шийдвэрлэсэн байх ба тус шийдвэрт ...Б.Мөнхтуяа нь С.Өлзийжаргалд зээлийн гэрээ байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш нийт 20,700,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна /6-21,51-63/ гэж үзэн, Б.Мөнхтуяагаас 4,950,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Өлзийжаргалд олгож шийдвэрлэсэн байна.

 

Талууд 2 зээлийн гэрээний үүрэгт эргэн төлсөн төлбөрийн тооцоолол дээр маргаантай байх тул шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгч С.Өлзийжаргалын Хаан банкны 5007723969 тоот дансны хуулга болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхтуяагийн Хаан банкны 5027259775 тоот дансны хуулга, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00899 дугаартай шийдвэртэй хэргээс хариуцагчийн хүсэлтээр хэргийн 6-21,51-63 талд авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудад үндэслэн 2 зээлийн гэрээний үүрэгт төлсөн нийт төлбөрийн тооцооллыг гаргах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Н.Одхүү болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс нэхэмжлэгч Өлзийжаргалд төлсөн төлсөн төлбөрийг авч үзвэл:

Хариуцагч Н.Одхүү нь 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1,600,000 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 400,000 төгрөгийг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхтуяа нь 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 400,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 4,400,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлснийг нэхэмжлэгч С.Өлзийжаргал нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцож байна.

 

Хариуцагч Н.Одхүү нь дээрхээс өөрөөр ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчид мөнгө шилжүүлээгүй байх ба харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхтуяа нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг, 10 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 07-ны өдөр 1,400,000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 800,000 төгрөг, 4 дүгээр сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 5 дугаар сарын 10-ны өдөр 600,000 төгрөг, 5 дугаар сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, 5 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, 5 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 5 дугаар сарын 31-ний өдөр 2,400,000 төгрөг, 9 дүгээр сарын 6-ны өдөр 600,000 төгрөг, 9 дүгээр сарын 21-ний өдөр 900,000 төгрөг, нийт 20,700,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Өлзийжаргалын данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч С.Өлзийжаргалын болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхтуяагийн дансны хуулга болон тэдний тайлбараар тогтоогдож байна.

 

Ийнхүү Б.Мөнхтуяагаас С.Өлзийжаргалд өгсөн дээрх 20,700,000 төгрөгийг Өлзийжаргал, Б.Мөнхтуяа нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт тооцсон болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00899 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.

 

Иймд хэрэгт авагдсан баримтуудаар Хариуцагч Н.Одхүү нь нэхэмжлэгч С.Өлзийжаргалаас зээлсэн 25,000,000 төгрөгнөөс 20,600,000 төгрөгийг төлсөн гэх баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.Одхүүгээс 20,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Өлзийжаргалд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Одхүүгээс 20,600,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч С.Өлзийжаргалд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Одхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 260,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Өлзийжаргалд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА