Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 183/2018/00573/И |
Дугаар | 0643 |
Огноо | 2019-03-19 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 0643
|
|
|
2019 оны 3 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2019/00643 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: И.Бийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ГТХЗНТ УТҮГ-т холбогдох,
захирлын Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.Б түүний өмгөөлөгч С.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анужин нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие нь 2017.02.20-ны өдөр ГТХЗНТ УТҮГ-т Захиргаа санхүү хэлтсийн даргын тушаалд анх ажилд томилогдон орж 2018.01.09-ний өдрийг хүртэл ажлаа хэвийн гүйцэтгэж алдаа дутагдал, ажлын хариуцлага дэг журмыг баримталж ажиллаж ирсэн. Гэтэл захирал ******* шалтгаан үндэслэлгүйгээр ажлаа өг гэж дарамтлан хууль бус шаардлага тавих болж 2018.01.09-ний өдөр захирлын Б/04 тоот тушаал буюу ажлаас чөлөөлөх тушаал гарч, Хөдөлмөрийн дотоод журмын 128.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 37.1.1 дэх заалт Иргэний хуулийн 359.1 дэх заалтыг тус тус зөрчсөн. Хариуцагчаас сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг боловч ажлаас халах тушаал дээр талууд тохиролцсон гэх үндэслэл заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх хэсгийн аль нэг үндэслэлийг дурдах ёстой боловч дурдаагүй. Өөрөө хүсэлт гаргаагүй байхад шилжүүлсэн ба хөлсөөр ажиллах гэрээ байгуулна гэсэн ч байгуулаагүй. Сахилгын шийтгэл ногдуулсан баримтгүй. Мөн Б/05 тоот тушаал буюу Хос зам сургалтын төвийн ын албан тушаалд хууль бусаар томилж, 1-3 сар цалин шилжүүлсэн гэхдээ миний нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн нөхөн төлөлт хийгээгүй, зөвхөн мөнгө шилжүүлээд намайг ажлаас гаргасан. Иймд захирлын Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож, Захиргаа санхүү хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан 2018.04 сараас-2018.12 сар хүртэлх хугацааны 7,396,011 төгрөг, 2019.01.01-2018.02.20 хугацааны 1,643,558 төгрөг гаргуулж, өмгөөлөгчид өгсөн 3,0 сая төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулна гэв.
Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: И.Б нь тус үйлдвэрийн газрын захирлын 2017 оны 02 сарын 20-ны өдрийн Б/19 тоот тушаалаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд 2 сарын туршилтын хугацаагаар томилогдож, улмаар туршилтын хугацаа дууссаны дараагаар 2017 оны 4 сарын 20-ны өдөр Б/31 дүгээр тушаалаар үндсэн ажилтнаар томилогдсон. Нэхэмжлэгчийн Захирал ******* шалтгаан үндэслэлгүйгээр ажлаа өг гэж дарамтлан хууль бус шаардлага тавих болсон гэсэн нь үндэслэлгүй. Учир нь И.Бийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-д заасныг үндэслэсэн бөгөөд түүнитэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 01 сарын 09-ний Б/04 дүгээр тушаалаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаас чөлөөлж, 2018 оны 01 сарын 09-ний өдрийн Б/05 тушаалаар “*******” сургалтын төвийн захирлаар томилсон. Томилогдсон өдрөөс эхлэн cap бүрийн 10, 25-ны өдрүүдэд цалин олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хугацаанд нь бичилтийг хийж байна. Хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 37.1.1, Иргэний хуулийн 359.1-д заасныг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 359.1-т “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг хүлээнэ” гэж зохицуулсан. Нэхэмжлэгч анхнаасаа өөрийгөө тус албан тушаалд таарахгүй хүн гэдгээ мэдэж байсан. Нэхэмжлэгч 2018 оны 01 сарын 09-нийг хүртэл ажлаа хэвийн гүйцэтгэж алдаа дутагдал, ажпын хариуцлага, дэг журмыг баримталж ажиллаж ирсэн гэж дурдсан ч нийт ажилтнуудын хагас жил, 3 дугаар улирал, бүтэн жилийн тайлан хамгаалалтад ямар нэг байдлаар шалтаг гаргаж, оролцооогүй. Хагас жилийн тайлан хамгаалалтад ажлын байрандаа байсан боловч бэлдээгүй гэх шалтгаанаар ирээгүй, бүтэн жилийн хамгаалалтаар тайлан хамгаалалтад бэлдээгүй гэх шалтаг гаргаж ажил албан үүрэгтээ хайнга хандсан. Хөдөлмөрийн дотоод журмын 1.3-т “Хөдөлмөрийн дотоод журмыг хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд нэгэн адил дагаж мөрдөнө” гэж тусгасны дагуу ажилтан энэ журмын 8.2-т заасан цаг бүртгэлийн төхөөрөмжид ажилд ирэх, үдийн цайны завсарлага эхлэх, үдийн цайны завсарлага дуусах, ажил дуусах цагуудыг бүртгүүлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь 2017 оны 12 сараас хойш удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүй, чөлөө авалгүй ажилд ирэх, дуусах цагт бүртгүүлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасны дагуу “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхул хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. 2017 оны 4 сарын 20-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан 7/35 тот хөдөлмөрийн гэрээний 15.ё-д “дараалан ажлын 2 өдөр ба түүнээс дээш хугацаагаар ажил тасалсныг ноцтой зөрчилд тооцохоор тусгасан. Нэхэмжлэгч нь эзэмшсэн мэргэжил, ажлын туршлагын хувьд тэнцэхээргүй хүн. И.Бийг ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан *******ийн шахалтаар томилсон. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.4-т “үйлдвэрийн газрын, албан тушаалтныг томилох, чөлөөлөх” гэж захирлын эрхийг тодорхой заасан байхад ******* нь заавал томил гэж шахаж, эрх мэдлээ хэрэгжүүлэхийн тулд тус төвийн дүрэмд хууль бус нэмэлт, өөрчлөлт оруулсан. 2017 оны 02 сарын 07-ны өдөр дүрмийн 6.6.5-д Бүтцийн нэгжийн даргыг томилж, чөлөөлөхөд төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан газартай зөвшилцөж шийдвэрлэнэ” гэж шинээр нэмэгдсэн. Ийнхүү дүрэмд өөрчлөлт оруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.4-т заасантай зөрчилдөж байна. ГТХЗНТ-ийн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 1/32 тоот бичгээр И.Бийг Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд томилохоор хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь АТГ-т хүргүүлэхэд 2017 оны 02 сарын 22-ны өдрийн 05/2086 тоотоор Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод “эрх зүйч, төмөр замын ашиглалтын инженер төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, төрийн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх” гэж заасан байхад И.Б нь шаардлагыг хангаагүй тул шаардлагад нийцсэн этгээдийг нэр дэвшүүлэн томилохыг анхаарна уу” гэсэн. Дүрэм, зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан АТГ руу 2017 оны 3 сарын 17-ны өдөр 05/3169 тоот албан бичгийг хавсралттай нь явуулахад 2017 оны 4 сарын 05-ны өдөр мөн шаардлагыг хангаагүй талаар анхааруулсан. И.Б нь “*******” дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгссөн, 2011-2017 онд “*******” ХХК-ийн менежерээр ажиллаж байсан. Тэрээр Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтыг нягтлан бодогч мэргэжилтэй, бизнесийн удирдлагаар мэргэшсэн, улсад 5-аас доошгүй жил ажилласан байх” гэж нэр дэвшигчийн боловсрол, ажилласан туршлагад тохируулан дахин боловсруулж баталсан. Гэтэл тухайн ажлын байрны тодорхойлолтын “Б чиг үүрэг”, “Ажлын байрны гол үйл ажиллагаа” хэсгийн 1,2,3,4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд нягтлан бодогч мэргэжил нь тухайн албан тушаалын чиг үүрэгт хамааралгүй юм. Дээр дурдсан зөрчлүүд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" бий болгосон” гэж дүгнэсэн. Энэ талаар И.Б мэдэж байсан, ажлын байрны шаардлага хангахааргүй хүн гэдэг нь АТГ-ын албан бичгээр нотлогдоно. Тухайн хүний мэргэжил таарахгүй, төрийн алба мэргэшсэн байх ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчаас нэмэгдүүлсэн шаардлага болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захирал ямар ч шалтгаан үндэслэлгүй дарамтлан хууль бус шаардлага тавих болж гэсэн нь гүтгэлгийн шинжтэй, үндэслэлгүй, энэ тухай хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй байна. Хамт олон захирлыг И.Бид сайн хандаж байсныг нотолно. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-д “хөдөлмөрийн гэрээ нь талууд тохиролцсон үндэслэлээр дуусгавар болно” гэж заасан ч заавал бичгээр тохиролцохоор заагаагүй. Зохигч харилцан тохиролцсон тул “*******” сургалтын төвийн захирлаар томилж, 1, 2, 3 сарын цалинг олгосон, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байлаар нотлогдоно. Нэхэмжлэгч “хөлсөөр ажиллах гэрээ байгуулна гэсэн боловч” гэж бичсэнээс харилцан тохиролцсон талаар нэхэмжлэгчийн хүсэл зориг харагдана. Хөлсөөр ажиллах гэрээг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон мөчид амаар байгуулагдсан гэж үзэж байна. Иргэний хуульд хөлсөөр ажиллах гэрээг заавал бичгээр байгуулах тухай заагаагүй тул энэ төрлийн гэрээг амаар байгуулах боломжтой. Хариуцагч нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн, гагцхүү нэхэмжлэгч өөрийн дэвтрийг дур мэдэн авч явсан тул бичилтийг хийх боломжгүй болсон. Нэхэмжлэгч цалин хүлээж авах дансаа манайд өгсөн, цалингаа аваад явж байсан, тохиролцоогүй юм бол цалинг эргүүлж өгөөгүй нь харилцан тохиролцсоныг харуулна. Тус шүүхийн 2018 оны 3 сарын 28-ны өдрийн 753 дугаар хуралдааны тэмдэглэлийн 6 дахь нүүрний 14 дэх мөрөнд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “И.Б өөр ажил олоод өгөөч гэж хэлсэн” гэж дурдсан нь тохиролцоо үүссэнийг харуулна. Зохигч тохиролцож, нэхэмжлэгч “ГТХЗНТ” УТҮГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, “*******” сургалтын төвийн захирлаар томилогдсон. Иймд нэхэмжилж буй мөнгөн дүн нь ямар ч үндэслэлгүй, харилцан тохиролцсоноор өөр ажилд томилогдож, цалин авч байсан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа нь хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй хамааралгүй, үндэслэлгүй юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулсны хөлс нь нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн туслалцаа авч өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөөсөө гаргаж буй зардал ба Иргэний хуулийн 229.1-д заасан “хохирол” гэдэгт хамаарахгүй тул өмгөөлөгчийн зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй, өмгөөллийн хөлсийг ямар ч нөхцөлд хохиролд тооцохгүй. Иргэний болон холбогдох хуульд ч өмгөөллийн хөлсийг нэхэмжлэх эрхзүйн зохицуулалт үгүй. Иргэн өмгөөлөгч авах эрхтэй боловч үүрэгтэй биш гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
И.Б нь ГТХЗНТ УТҮГ-т холбогдуулан захирлын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б/104 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрч, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гаргасан байна.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д заасныг үндэслээгүй, өөрөө хүсэлт гаргаагүй байхад шилжүүлсэн, хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй, сахилгын шийтгэл ногдуулсан баримтгүй гэж тайлбарлав.
Хариуцагч нь нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй, уг ажил албан тушаалыг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчилтэй, сахилгын зөрчил удаа дараа гаргаж байсан тул ажилд эгүүлэн тогтоох боломжгүй гэж маргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ажилгүй байсан 2018.04-2018.12 сар хүртэлх хугацааны 7,396,011 төгрөг, 2019.01.01-2018.02.20 хугацааны 1,643,558 төгрөг гаргуулж, өмгөөлөгчид төлсөн 3,000,000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн ба энэ өдрийн хуралдаан дээр өмгөөлөгчид төлсөн 3,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзав.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрчилж, хөлсөөр ажиллах гэрээг амаар байгуулсан, хөдөлмөрийн гэрээг тохиролцсоноор дуусгавар болгосон, “*******” сургалтын төвийн захирлаар томилж, 1, 2, 3 сарын цалинг олгосон, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн, нэхэмжлэлдээ “хөлсөөр ажиллах гэрээ байгуулна гэсэн боловч” гэснээр харилцан тохиролцсон нь нотлогдох тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргалаа.
Хэрэгт авагдсан баримтаар И.Б 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/19 тоот тушаалаар ГТХЗНТ улсын төсөвт үйлдвэрийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд туршилтын 2 сарын хугацаагаар томилогдож, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/31 тоот тушаалаар үндсэн ажилтнаар томилжээ.
Хариуцагч нь И.Бийг Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын Ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг гүйцэтгүүлэх, сарын 821,779 төгрөгөөр цалинжиж ажиллуулахаар тохиролцон Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасанд нийцүүлэн хугацаагүйгээр 17/35 дугаар хөдөлмөрийн гэрээг мөн өдрөө нэхэмжлэгчтэй байгуулсан байна.
ГТХЗНТ УТҮГ-ын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б/104 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4.11, тус үйлдвэрийн газрын дүрмийн 6.8-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан, хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 4.11-д ажилтныг албан тушаалаас нь чөлөөлөхдөө хууль болон гэрээнд заасан үндэслэлээр гэрээг дуусгавар болгох ба шалтгаан үндэслэлийг тодорхой заахаар тусгажээ.
Харилцан тохиролцсон гэдгийг талууд хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн байх, уг тохиролцооны дагуу ажил олгогч шийдвэр гаргахыг ойлгох ба хариуцагчаас энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй, татгалзлын үндэслэлээ нотлохгүй байна.
Хариуцагч байгууллагын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б/105 тоот тушаалаар томилогдсон И.Б нь “*******” сургалтын төв хариуцсан захирлаар ажиллаагүй, өмнө нь авч байсан цалинг олгосонд маргахгүй, ажилгүй байсан тул захиран зарцуулсан” гэж тайлбарласнаар харилцан тохиролцсон талаархи хариуцагчийн татгалзал няцаагдаж байна.
Хэрэгт авагдсан цалин олгосон баримтуудаар нэхэмжлэгчид 2018 оны 1-3 дугаар сарын цалинг олгосон байх бөгөөд харин түүнийг сургалтын төвийн захирлаар ажиллаагүй гэдэгтэй хариуцагч нь маргахгүй байна.
ГТХЗНТ улсын төсөвт үйлдвэрийн газрын бүтцээр 3 хэлтэстэй байх бөгөөд “*******” сургалтын төв нь хариуцагч байгууллагын бүтцэд харьяаллагддаг талаархи баримтгүй байна.
Хариуцагч тал нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй, ашиг сонирхлын зөрчилтэй, сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэж, хөдөлмөрийн гэрээг тохиролцсоноор дуусгавар болгосон гэж маргасан атлаа 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/105 тоот тушаалын үндэслэлээ сургалтын төвийн үйл ажиллагааг тогтворжуулах, эрчимжүүлэх зорилгоор гэж тайлбарласан нь хоорондоо зөрчилдөж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр эрх зүйн хувьд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй ГТХЗНТ УТҮГ-ын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/104 тоот тушаалыг хүчингүй болгож, И.Бийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.
Ажилтны 1 сарын дундаж цалин олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар тушаалыг үндэслэн 2017 оны 10, 11, 12 дугаар сард олгосон цалингийн дунджаар тооцоход /972,868+1,504,240+1,573,214=3,077,454:3/ 1,025,818 төгрөг, 1 хоногийн /1,025,818:22 хоног/ 46,628 төгрөг байна.
Нэхэмжлэгчид 2018 оны 1-3 сарын цалин олгогдсон байх тул 2018 оны 4 дүгээр сараас энэ өдрийг хүртэлх 11 сар, 11 хоног ажилгүй байсан хугацааны /11х1,025,818+46,628х11/ цалин олговорт 11,796,907 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийг 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан /2018.04 сараас 2019.03.19-ний өдрийг хүртэл/ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 222,586 төгрөгийг орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгох, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 203,700 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тушаал, Хөдөлмөрийн гэрээ, журам, дүрмийг үндэслэсэн гэж, хариуцагч нь цалин олгосон болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг үндэслэсэн гэж баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч байгууллагын захирлын Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож, И.Бийг ГТХЗНТ улсын төсөвт үйлдвэрийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 11,796,907 /арван нэгэн сая долоон зуун ерэн зургаан мянга есөн зуун долоо/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2018 оны оны 4 дүгээр сараас хойшхи хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 222,586 төгрөгийг орлогоос гаргуулж, буцаан олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 203,700 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ