| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 105/2019/1120/Э |
| Дугаар | 938 |
| Огноо | 2019-09-17 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 938
2019 9 17 2019/ДШМ/938
Э.Бд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Мөнхгэрэл,
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/1178 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Долгионы 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Э.Бд холбогдох 1902 00346 0174 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Н овгийн Эын Б, 1996 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... оюутан гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:У.../,
Э.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... УБУ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9” тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уут, тугалган цаасны хамт нийт 20 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н овогт Эын Бийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг болон энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг Э.Бд мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа нийт 20 грамм жинтэй 2 тусдаа ууттай “өвс” гэх нэршилтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Долгион давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Э.Б нь хууль бусаар олж аван хадгалж байсан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисоо бусдын хамт хэрэглэсэн болох нь тогтоогдсон атал түүнд ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг шүүх буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Э.Бийн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэсэн үндэслэл, журам, зарчим зөрчигдсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болох талаар заасан хэдий ч гэмт хэрэг үйлдсэн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй. Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн хувьд түүний үйлдсэн хэрэг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Прокурорын зүгээс 2 жилийн хорих ял санал болгосон. Энэ нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг зөрчсөн гэж дурдсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахыг хуульчилсан бөгөөд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжгүй. Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, өөрийн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээсэн, бусдад төлөх төлбөргүй. Мөн Э.Б нь Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан. Охин Маралгуа нь 1 нас 4 сартай бөгөөд эхнэр нь одоо 3 сартай жирэмсэн. Эдгээр хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн хуулийн шаардлагыг хангасан бөгөөд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзсан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Бийг “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо... Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул түүний хувийн байдлыг харгалзан...” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохироогүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж олж авсан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, мөн өөрөө бусадтай хамтарч уг бодисыг хэрэглэсэн байдал зэрэг нөхцөл байдлуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй зөвхөн анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх байдалд илүү ач холбогдол өгсөн нь үндэслэлгүй болжээ.
Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг тусгахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан бөгөөд шүүх гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулиар тогтоосон нийтлэг зарчим нэг бүрийн шалгуур үзүүлэлтүүдийг бүх талаас нь харьцуулан дүгнэх замаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх нь Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцэх учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн Э.Бд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн хэргийн ялыг хүндрүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд олгогдоогүй тул дээр дурдсан үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/1178 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурор Б.Долгионы 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/1178 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц. ОЧ