Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2019/00969

 

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2019/00969

                       Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ... тоотод оршин суух, Х овогт Б.Э-ын нэхэмжлэлтэй, 

 

    Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ... байрлах, Ф ХХК  д холбогдох,

 

Хувьцаа худалдах- худалдан авах гэрээний үүрэгт 610 000 ам.доллар буюу 1 604 153 600 төгрөг, алданги 305 000 ам доллар буюу 802 076 800 төгрөг нийт 2 406 230 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.                         

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Э нь Ф ХХК-тай Ө ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцаа худалдах, Хөөвөр Булагийн ордноос олборлогдсон нүүрсний борлуулалтын орлогоос 3%-ийн рояалти олгох, 2014 оны 1 сарын 01-нээс өмнө Хөөвөр Булагийн ордыг олборлолтод хүргээгүй тохиолдолд хариуцагч 3%-ийн рояалтийн оронд сар болгон 10 000 долларыг нэхэмжлэгчид шилжүүлж байх үүрэг хүлээж талууд харилцан тохиролцон 2011 оны 7 сарын 17-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.2-ийн с-д “Худалдагч тал нь Хөөвөр Булагийн ордоос олборлогдсон дотоод болон гадаад зах зээлд борлуулагдах нийт нүүрсний борлуулалтын орлогоос 3%-ийн рояалти олгож байхаар худалдан авагч тал гэрээний дагуу үүрэг хүлээж байгаа болно. Худалдан авагч тал улирал болгоны сүүлийн өдөр тухайн улирлын борлуулалтын гэрээ болон тайланд үндэслэн 3%-ийн рояалтийг олгох болно” гээд тус гэрээний 2.2-ийн е-д “Хэрэв 2013 оны 12 сарын 31 гэхэд Худалдан авагч тал Хөөвөр Булагийн ордыг олборлолтонд хүргэж чадаагүй тохиолдолд сар болгон 10 000  ам.долларыг худалдагч талд шилжүүлж байхаар гэрээний дагуу үүрэг хүлээж байгаа болно”гэжээ.

Мөн 2012 оны 01 сарын 12-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд уг санамж бичгийн 4 дэхь заалтаар хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.2-ийн е-д заасан “олборлолт гэдэг үгийг талууд “нүүрс газрын хэвлийгээс гаргаж худалдахаар овоолсон эсвэл ачуулсан нөхцлийг хэлнэ гэж ойлголцсон байна” хэмээн тодорхойлсон байдаг. Иймд хариуцагч нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу 2013 оны 12 сарын 31-ний өдрөөс өмнө Хөөвөр Булагийн ордыг олборлолтод хүргэх үүрэг хүлээсэн бөгөөд уг хугацаанаас хойш нүүрсний борлуулалтын орлогоос улирал бүр 3%-ийн рояалтийг нэхэмжлэгчид олгохоор тохиролцсон. Хэрэв хариуцагч нь 2013 оны 12 сарын 31-ний өдөр Хөөвөр Булагийн ордыг олборлолтод хүргэж чадаагүй бол сар болгон 10 000 ам.долларыг нэхэмжлэгчид шилжүүлж байхаар гэрээгээр үүрэг хүлээсэн байна. Гэвч хариуцагч одоог хүртэл нэхэмжлэгчид гэрээний дагуу сар болгон шилжүүлэх ёстой 10 000 ам доллар шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Мөн худалдах,худалдан авах гэрээний 2.2-ийн g-д “Худалдан авагч тал энэхүү гэрээний нөхцөлд заагдсан үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0,1%-ийн алданги тооцож худалдагч талд олгох болно “ гэсэн заалтын дагуу 2016 оны 01 сарын 01-ний байдлаар нийт 240 000 ам доллар хариуцагч шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс үүдэн үүссэн алданги болох 84 140 ам долларыг хариуцан төлөх үүрэг бий болсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг үндэслэн төлөх ёстой нийт алданги нь 76 480 ам.доллар болж байна. Иймд иргэний хуулийн 208.1, 222.1.1, 225.2, 232.1, 232.6-д тус тус заасны дагуу Хувьцаа худалдах,худалдан авах гэрээний 2.2 e, g-д заасан үүрэг болох 240 000 ам доллар буюу 478 922 400 төгрөг, алданги 76 480 ам.доллар буюу 152 616 605 төгрөг нийт 316 480 ам доллар буюу 631 539 005 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийг шаардлагаа нэмэгдүүлэн “Хариуцагч  “Ф” ХХК нь худалда, худалдан авах гэрээний 2.2-ын “е”-д заасан үндсэн үүрэгт 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 сарын 30-ны өдөр хүртэлх 47 сарын хугацааны 470 000 ам доллар буюу  Монгол банкны 2017 оны 11 сарын 30-ны өдрийн ам долларын ханш болох 2 443.57 төгрөгт шилжүүлэн 1 148 477 900 төгрөг гэрээний 2.2 g-д заасан алданги 176 530 ам доллар буюу 431 363 412 төгрөг нийт 1 579 841 312 төгрөг төлөөгүй тул “Ф” ХХК-с гаргуулан, нэхэмжлэгч Б.Э-д олгуулж өгнө үү “ гэж нэхэмжлэлийн дүнг 115 518 309  төгрөгөөр нэмэгдүүлсэн байсан. Хариуцагч тал энэ хугацаанд гэрээнд заасан дээр дурьдсан үүргээ биелүүлэх талаар ямарч арга хэмжээ авахгүй, зөрчсөн хэвээр байх тул нэхэмжлэлийн шаардлыг ихэсгэснээс хойшхи хугацаа буюу 2017 оны 11 дүгээр сарын хугацааны төлбөрийн тооцоог нэмж тооцон, өмнөх нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээг ихэсгэж байгаа болно. 

        Хариуцагч “Ф“ ХХК-иас 2011 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа худалдах худалдан авах гэрээний 2.2-ын”е”-д заасан үндсэн үүрэгт 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 61 сарын хугацааны 610 000 ам доллар буюу Монгол банкны 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ам долларын ханш болох 2 629.76 төгрөгт шилжүүлэн  1 604 153 600 төгрөг, гэрээний 2.2-ын “g”-д заасан алданги хоногийн 0.1%-иар тооцоход /610 000 х 0.1%=610 ам.доллар нэг хоногийн алданги , 61 сар *30 хоног= 1 830 өдөр х 610 ам.доллар =1 116 300 ам доллар нийт алданги/ алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон алдангид 305 000 ам доллар буюу 802 076 800 төгрөг, 610 000+305 00=915 000 ам доллар буюу нийт 2 406 230 400 төгрөгийг “Ф” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэлд дурьдсан 478 922 400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь илт өндөр, хэргийн нөхцөл байдалд нийцэхгүй байгаа. Уг дүн нь хуульд заасан  хязгаарлалт шаардлагын хэмжээтэй нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч 152 616 605 төгрөгийн алданги гаргуулах шаардлага нь хууль эрх зүйн үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь Ашигт малтмалын хайгуулын 12522Х дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг Ө ХХК-ийн хувьцааг бүхэлд нь хариуцагчид худалдах, хариуцагч нь хариу төлбөрт нийт 500 000 ам,доллар төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч нь гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид гэрээний үнийг бүрэн төлж барагдуулсан ба гэрээний төлбөрийн талаар талуудын хооронд маргаан байхгүй. Гэрээний 2.2 с хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь ордоос олборлосон нүүрсийг худалдсан, үйлдвэрлэснээс олох орлогын 3 хувьтай тэнцэх рояалти авах эрхтэй. Гэрээний 2.2-d заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс аливаа санхүүжилт, шаардахгүйгээр ордыг ашиглалтад оруулах шаардлагатай хайгуулын ажлыг  бүрэн санхүүжүүлэх үүрэг хүлээсэн нэхэмжлэгч гэрээний 2.2c-д заасан 3 хувийн рояалти авах эрхээ хэрэгжүүлэх урьдач нөхцөл нь юм. Гэрээний 2.2 e-д заасанчлан хэрэв хариуцагч нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр уурхайгаас олборлолт эхлээгүй бол нэхэмжлэгчид сар бүр 10 000 доллар төлөх үүрэг хүлээсэн. Гэрээний 2.2 f хэсэгт заасанчлан нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлөх эхний хэсэгчилсэн төлбөрөөс Ө ХХК-ний өр төлбөрийг төлж барагдуулах бөгөөд 2011 оны 7 дугаар сарын 31-ээс өмнө Ө ХХК-аас 2 тусгай зөвшөөрлийг шилжүүлэх болон хуулийн фирмээс баталгаа авах үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний 2.2 g хэсэгт заасанчлан хэрэв хариуцагч нь гэрээнд заасан хэсэгчилсэн төлбөрийг төлж чадахгүй  бол хэсэгчилсэн төлбөрөөс хоног тутам 0.1 хувийн алданги торгууль төлнө. Гэрээний 5.8 дахь хэсэгт гэрээг  Англи Монгол хэлээр үйлдсэн бөгөөд 2 хэлний хооронд зөрүү гарсан тохиолдолд Англи хэл дээрх эхийг баримтлахаар заасан. Гэрээний 2.2e хэсгийн заалт нь гэрээний 2.2 c хэсэгт заасан нэхэмжлэгчийн 3 хувийн рояалти олгох үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилго бүхий Иргэний хуулийн  232.5-д заасан анзын нэг төрөл торгууль  юм. Хариуцагч рояолти олгох үүргээ биелүүлээгүй тохиолдолд сар бүр 10 000 ам долларыг торгууль болгон нэхэмжлэгчид олгохоор заасан нь  хариуцагч мөн гэрээний 2.2d-д заасны дагуу хайгуулын ажлыг цаг алдалгүй хийж дуусган, ордод олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх, нэхэмжлэгч тухайн ордоос эдийн засгийн үр  ашиг цаг алдалгүй хүртэх нөхцлийг бүлдүүлэхэд чиглэсэн агуулагатай зохицуулалт. Харин нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэлд заасанчлан гэрээний 2.2 e заасан хэсгээр “хариуцагч нь 3 хувийн рояолтигийн оронд сар болгон 10 000 долларыг нэхэмжлэгчид шилжүүлж байх үүрэг хүлээсэн” гэдэг нь үндэслэлгүй, уг хэсэг нь гэрээний  2.2 c-д заасан үүргийг дуусгавар болгох, солиход чиглэсэн агуулгатай. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл гэрээний 2.2 c-д заасан үүрэг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч байгаа ба уурхайгаас олборлолт явуулсан тохиолдолд нэхэмжлэгч рояалтийн эрхээ хэрэгжүүлэх боломжтойг үүгээр баталж байна. Гэрэээний 2.2 g хэсэг нь хариуцагч гэрээний 2.2 a 2.2b-д заасан гэрээний үнийн хэсэгчилсэн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой. Иргэний хуулийн 232.6-д заасан анзын нэг төрөл болох алданги нь гэрээний англи эхэд заасанчлан хэсэгчилсэн төлбөрт хамаарна. Нэхэмжлэгч нь гэрээний 2.2 e-д заасан торгуульд тооцон нийт 1 049 900 900 төгрөг нэхэмжилсэн нь илт өндөр байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний нийт үнэ буюу Хөөвөр булагийн ордод хайгуулын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болох Ө ХХК-ийн бүх хувьцаа 500 000 доллар буюу нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны албан ёсны ханшаар тооцвол нийт 997 755 000 төгрөгийн үнийн дүн бүхий компанийн эзэмшиж байгаа Хөөвөр булагийн ордоос 3 хувийн рояалти авах асуудал. Гэтэл энэхүү 3 хувийг олгохтой холбоотой үүргээ гүйцэтгээгүйн төлөө төлөх торгуулийн хэмжээ нь анхны гэрээний нийт үнийн дүнгээс авсан байгаа нь бодит байдалд нийцээгүй юм. Үүрэг гүйцэтгээгүйн төлөө сар бүр төлөх 10 000 долларын торгууль нь анх байгуулсан гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэж байгаа нь илт өндөр байгааг нотолж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан торгуулийн  хэмжээ нь Иргэний хуулийн 232.4-т заасан шаардлагад хэрхэн нийцэж байгаа нь тодорхойгүй тул торгуулийн хэмжээг бодитойгоор тогтоосон эсэх нь эргэлзээтэй, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн нийт дүнгийн 50-иас хэтэрч болохгүй. Маргаанд хамаарах үндсэн асуудал нь нэхэмжлэгчийн 3 хувийн рояалтийн эрхээ хэрэгжүүлж чадаагүйтэй шууд холбоотой, уг эрхийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлээгүйн төлөө хариуцагчид ногдох торгуулийг гаргуулахтай холбоотой, нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа утгаараа гэрээний 2.2 e-д заасан торгуулийн хэмжээ хуулийн 232.4-д заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодорхойлоход гүйцэтгээгүй үүрэг нь юу болох, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь хэд вэ гэдгийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгч энэхүү үүргийн үнийн дүнг гэрээнийн анхны дүнгээс тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ Иргэний хуулийн 232.4-т шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор хэрэв Хөөвөр булагийн ордод 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс  олборлолт явуулж эхэлсэн бол өдийг хүртэл хэдий хэмжээний борлуулалтын орлого олох байсан, түүний 3 хувь хэд болох гэдгийг тогтоох шаарлдлагатай. Иргэний хуулийн 232.8-д “анзын хэмжээ илт байвал хэргийн нөхцөл байдлыг харгазан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан байдаг. Хариуцагч нь хэргийн дараах бодит нөхцөл байдалд  тулгуурлан хуулийн дээрх заалтаар анзын хэмжээг багасгах үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд талууд 2011 оны 7 дугаар сард гэрээ байгуулснаас хойш буюу 2012-2015 онуудад Монгол Улсын эдийн засгийн өсөлт эрс удааширч хүндрэл бэрхшээл бий болсон, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, нүүрсний уналт нь төслийн эдийн засгийн ашгийг эрс бууруулж, боломжит хөрөнгө оруулагч нарын сонирхлыг татахаа больсноос хариуцагч нь Хөөвөр булагийн ордыг олборлож эхлэх үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Гэрээ байгуулсанаас хойш нөхцөл байдал ийм болсон ч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох Хөөвөр булагийн ордоос олборлолт ажлыг эхлүүлэх шаардлагатай бүхий л арга хэмжээг өөрийн хүч бололцоог дайчлан авч хэрэгжүүлж байсан. Нэхэмжлэгч гэрээний 2.2g болон 2.2 е заалтыг буруу ойлгосноос болж алдангийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Хоног тутам 0.1 хувиар бодох алданги гэрээний 2.2 e-д заасан дүнгээс бодогдох ёсгүй. 10 000 ам доллар төлөх нь Иргэний хуулийн 232.5-д заасан торгууль тул анзаас алданги тооцох нь хууль зүйн үндэслэлгүй юм гэв.

 

         Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

         Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

             

         Нэхэмжлэгч  Б.Э нь хариуцагч Ф ХХК-нд холбогдуулан хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэг болох хувьцааны эрхийн төлбөр 500 000 ам.долларыг хариуцагч төлсөн, лиценз захиран зарцуулах эрхийн төлбөр 5 000 000 ам.доллар гэж тохиролцож байсан боловч нэг дор уг төлбөрийг төлөх боломжгүй тул тусгай зөвшөөрлийг захиран зарцуулах эрхийг гэрээний 2.2-ын “с”-д заасан нөхцлөөр лиценз ашиглах хугацаа дуусах хүртэл хугацаагаар төлж барагдуулах нөхцлийг хариуцагч санал болгосонг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон, олборлолтонд хүргээгүй бол хариуцагч гэрээний 2.2 “е”-д зааснаар сар бүр 10 000 ам долларыг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тул  915 000 ам.доллар буюу  2 406 230 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн гэж тайлбарлаж байна.

          

         Хариуцагч Ф ХХК нь олон улсын зах зээл дээрх нүүрсний уналт бий болсноос уул уурхайн салбар дахь эдийн засгийн нөхцөл байдал муудсан, олборлолт хийхэд алдагдал ихтэй байсан тул Хөөвөр булагийн ордод олборлолт хийх боломжгүй учраас гэрээний дагуу 3 хувийн рояалтийг төлөх үндэслэлгүй, гэрээний талууд 3 хувийн рояалти төлөхөөр тохиролцсон зохицуулалт нь гэрээний торгууль бөгөөд торгуулиас алданги тооцох үндэслэлгүй тул сарын бүрийн 10 000 ам.доллар гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

         Талуудын хооронд 2011 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Ө ХХК-ийн 100 хувийн хувьцааг захиран зарцуулах эрх, ашигт малтмалын хайгуулын 12522Х бүхий лиценз  эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээгээр нэхэмжлэгч нь Ө ХХК-ийн 100 хувийн хувьцааг захиран зарцуулах эрхийг 500 000 ам.доллараар худалдахаар, ашигт малтмалын хайгуулын 12522Х бүхий лиценз  эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийн төлбөрийг гэрээний 2.2-ын “с”, “е” нөхцлөөр худалдахаар, хариуцагч төлбөрийг гэрээний 2.2 “а”, ”b”, ”с”, “е” нөхцөлд зааснаар төлөхөөр тус тус тохиролцсон ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

         Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Ө ХХК-ийн 100 хувийн хувьцааг захиран зарцуулах, ашигт малтмалын хайгуулын 12522Х бүхий лиценз  захиран зарцуулах эрх буюу эд хөрөнгийн доголдол, эрхийн зөрчлийн талаар маргаагүй,  хариуцагч хувьцааны төлбөр 500 000 ам.доллар төлөх төлбөрийн үүргээ гүйцэтгэсэн, гэрээний дагуу нэхэмжлэгч хувьцаа захиран зарцуулах эрх  болон лиценз захиран зарцуулах эрхээ шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн талаарх үйл баримтын талаар зохигчид маргаагүй, харин гэрээний зүйл, гэрээний нийт үнэ, төлбөр, алдангийн талаар маргаж байна.

 

         Зохигчдын хооронд байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний зүйл нь Ө ХХК-ийн 100 хувийн хувьцааны эрх, ашигт малтмалын хайгуулын 12522Х бүхий лиценз  эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх байх бөгөөд уг гэрээгээр худалдан авагч нь хувьцааны эрхийг  500 000 ам.доллараар худалдан авахаар, ашигт малтмалын хайгуулын 12522Х бүхий лиценз  эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг гэрээний 2.2.ын “с”-д “Худалдагч тал нь Хөөвөр булагийн ордоос олборлогдон дотоод болон гадаадын зах зээлд борлуулагдах нийт нүүрсний борлуулалтын орлогоос 3 хувийн рояалтыг олгож байхаар Худалдан авагч тал гэрээний дагуу үүрэг хүлээж байгаа болно.”, 2.2-ын “е”-д “Хэрэв 2013 оны 12 сарын 31 гэхэд Худалдан авагч тал Хөөвөр булагийн ордыг олборлолтонд хүргэж чадаагүй тохиолдолд сар болгон 10 000 (арван мянга) ам.долларыг Худалдагч талд шилжүүлж байхаар гэрээний дагуу үүрэг хүлээж байгаа болно.”  гэж лицензийн эрхийн төлбөр төлөх нөхцлөө харилцан тохиролцсон байна.

 

       Хариуцагч Ф ХХК нь 2011.07.17-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний нийт төлбөр 500 000 ам.доллар, гэрээний нийт төлбөрөө төлсөн, гэрээний 2.2-ын “с”, “е” зохицуулалт нь төлбөр төлөх зохицуулалт биш анз гэж татгалзаж буй татгалзал үндэслэлгүй байна. Учир нь гэрээний 2.2-ын “а”, ”b” зохицуулалт нь хувьцаа захиран зарцуулах эрхийн төлбөр 500 000  ам.доллар байхаар харилцан тохиролцож байх бөгөөд 2.2-ын “с”, “е” заалтаар төлбөр төлөх үүрэг дахин хүлээгээд байгаа гэрээний тохиролцооноос дүгнэвэл гэрээний нийт төлбөрийг 500 000 ам.доллар гэж үзэх үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт гэрээний нийт төлбөрт 500 000 ам.доллор төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж байгаа боловч гэрээгээр дахин төлбөр төлөх үүрэг хүлээгээд байгаа гэрээний тохиролцоог тайлбарлаж, үгүйсгэж чадахгүй байх тул гэрээний талууд захиран зарцуулах эрх бүрийг тус тусад нь үнэлж худалдсан гэх нэхэмжлэгчийн тайлбар гэрээний зохицуулалттай нийцэж байна.

 

           Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж заасан  агуулга нь дээрх гэрээний 2.2-ын “с” зохицуулалтын агуулгатай нийцэхгүй байх бөгөөд уг гэрээний 2.2-ын “с” зохицуулалтыг торгууль гэж үзэх үндэслэлгүй байна..

 

       2011.07.17-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний  2.2-ын “с”-д “ Худалдагч тал нь Хөөвөр булагийн ордноос олборлогдон дотоод болон гадаадын зах зээлд борлуулагдах нийт нүүрсний борлуултын орлогоос 3 хувийн рояалтийг олгож байхаар Худалдан авагч тал гэрээний дагуу үүрэг хүлээж байгаа болно. Худалдан авагч тал улирал болгоны сүүлийн өдөр тухайн улирлын борлуулалтын гэрээ болон тайланд үндэслэн 3 хувийн рояалтийг олгох болно” , 2.2-ын “е”-д “... олборлолтонд хүргэж чадаагүй тохиолдолд сар болгон 10 000 ам.долларыг Худалдагч талд шилжүүлж байхаар гэрээний дагуу үүрэг хүлээж байгаа болно” гэж заажээ. Хариуцагч буюу Худалдан авагч нь Ө ХХК-ийн 100 хувийн буюу нийт хувьцааны төлбөрт 500 000 ам.доллар төлж байгаа атал худалдагчийн өмнө олборлолт хийх үүрэг, рояалти төлөх үүрэг, олборлолтод хүргэж чадаагүй тохиолдолд сар болгон 10 000 ам.доллар төлөх үүрэг хүлээж байгаа агуулга нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэх агуулгыг илэрхийлээгүй олборлолтонд хүргэх, төлбөр төлөх үүрэг хүлээсэн агуулгыг илэрхийлж байх тул  гэрээний нийт үнийг 500 000 ам доллар гэж үзэх үндэслэлгүй байна.

 

          Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 2.2-ын “е”-д “ Хэрэв 2013 оны 12 сарын 31 гэхэд Худалдан авагч тал Хөөвөр булагийн ордыг олборлолтонд хүргэж чадаагүй тохиолдолд сар болгон 10 000 ам.долларыг Худалдагч талд шилжүүлж байхаар гэрээний дагуу үүрэг хүлээж байгаа болно.” гэж заасны дагуу 2014 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх нийт 48 сар /2014 он 12 сар, 2015 он 12 сар, 2016 он 11 сар, 2017 он 12 сар, 2019 он 1 сар/-ын төлбөр буюу 480 000 ам долларыг шаардах эрхтэй байна.

 

         Уул уурхайн зах зээлийн хямрал, нүүрсний зах зээлийн уналт зэргээс шалтгаалан гэрээний дагуу үүргээ зохих ёсоор хариуцагч биелүүлэх боломжгүй хүнд нөхцөл байдал үүссэн болох нь Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр  01/138 дугаар бүхий олгогдсон Хүнд нөхцөл байдлын гэрчилгээгээр тогтоогдож байх тул шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл  байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан үндэслэлээр төлбөр төлөх үүргээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ. Харин танхимаас олгосон хүнд нөхцөл байдлын гэрчилгээнд хугацаа заагаагүй, хэдий хугацаанд хариуцагч компани хүнд нөхцөл байдалд байсан талаарх хугацаа тодорхойгүй байх тул шүүх олгосон он, сар өдрийг үндэслэн 2016 оны 3 сард төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

          Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан бөгөөд гэрээний 2.2-ын “g”-д “Худалдан авагч тал энэхүү гэрээний нөхцөлд заагдсан үүргээ цаг тухайд нь биелүүлээгүй тохиолдолд өдрийн 0,1 хувийн алданги тооцож худалдагч талд олгох болно. ...” гэж зааснаар нэхэмжлэгч үндсэн үүрэг болох 480 000 ам.долларын  50 хувь болох 240 000 ам.долларыг шаардах эрхтэй байна.

 

        Хариуцагч нь гэрээний 5.8-д “Энэхүү гэрээг англи, монгол хэл дээр байгуулах бөгөөд англи хэл дээрх эх давуу хүчинтэй байна” гэж заасан тул тус гэрээний англи хэлнээс монгол хэлрүү хөрвүүлсэн гэрээний 2.2-ын “g”-д “Хэрвээ Худалдан авагч тал нь энэхүү гэрээний санхүүгийн хэсэгчилсэн төлбөрүүдийг гүйцэтгэж чадахгүй бол Худалдан авагч тал нь тухайн хэсэгчилсэн төлбөрүүдэд өдрийн 0,1 хувийн алданги төлнө. ...” гэж зааснаар санхүүгийн хэсэгчилсэн төлбөрүүд гэдэг нь гэрээний 2.2-ын “а”, “b” төлбөрүүдийг гүйцэтгэж чадахгүй бол алданги төлнө гэж тохиролцсон гэж тайлбарлаж, алданги төлөх үндэслэлгүй гэж маргадаг.

 

        2011.07.17-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг англи хэлнээс монгол хэлрүү хөрвүүлсэн гэрээний 2.2-ын “g”-д заасан зохицуулалтаар санхүүгийн хэсэгчилсэн төлбөрүүд гэдэгт тус гэрээний 2.2-ын “а”,”b” гэх заалт хамаарах агуулгыг илэрхийлэхгүй байна. Хөрвүүлсэн гэрээний 2.2. “а”, “b”, “с”, “е” зохицуулалтаар төлбөр төлөх үүрэг буюу санхүүгийн хэсэгчилсэн төлбөр төлөх үүргийг тусгасан  ба зөвхөн гэрээний “а”,”b” зохицуулалтыг хэсэгчилсэн төлбөр гэж үзнэ гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч 0,1 хувийн алданги төлөх, үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

         Иймд худалдах-худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 480 000 ам.доллар, алданги 240 000 ам,доллар нийт 720 000 ам.доллар /1 ам.доллар 1995.51 төгрөг/ буюу 1 436 767 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 969 468 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

  

         Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ” мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч 2014.01.01-ний өдрөөс 2019.02.01-ний өдрийг хүртэлх хугацааны үүргийг шаардсан бөгөөд 1 ам доллар ханшийг 2019 оны 2 дугаар сарын 01-ны өдрөөр,  2 629.76 төгрөгөөр тооцон, нийт үүрэг үүсэх үеийн ханшийг тодорхойлсон нь мөн хуулийн 218.1-д заасантай нийцэхгүй байна. Учир нь  2014.01.01 өдрөөс эхлэн гэрээний дагуу  хариуцагчид төлбөр төлөх үүрэг үүссэн ба үүрэг үүсэх сар бүрийн Монгол банкны ханшийн лавлагааг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй тул шаардах эрхээ хэрэгжүүлсэн, нэхэмжлэл гаргасан 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1 ам.долларын ханшаар тооцсон болно.

 

       Шүүх шийдвэрийн үндэслэлд шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн шүүхэд өгсөн тайлбар, Хөөвөр булаг хүрэн нүүрсний ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг тус тус нотлох баримтаар үнэлээгүй ба 2011.07.17-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний монгол хэл дээрх гэрээ, англиас монгол хэлрүү Түгээмэл орчуулгын товчооноос хөрвүүлсэн  гэрээ, хүнд нөхцөл байдлын гэрчилгээ, 2016.01.04, 2019.02.01 өдрийн  Монгол банкнаас зарласан ханшийн лавлагааг нотлох баримтаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, үйл баримтад  эрх зүйн дүгнэлтийг  өгч, маргааныг шийдвэрлэлээ.

 

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч Ж.М шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтээсээ татгалзсан болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 117, 118   дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Ф ХХК-иас 1 436 767 200 /нэг тэр бум дөрвөн зуун гучин зургаан сая долоон зуун жаран долоон мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 969 468 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  12 525 107 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7 341 786 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                             ШҮҮГЧ                                Ц.О