Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 277

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

иргэдийн төлөөлөгч Л.Батням,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

насанд хүрээгүй хохирогч Г.Хангай, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Болортуяа,

гэрч Э.Өнөболд,

насанд хүрээгүй шүүгдэгч Э.Төгсбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Шинэтуяа, тэдгээрийн өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэцогтын Төгсбаярт холбогдох эрүүгийн 201625012763 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, халх, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг, 09 дүгээр хороо, Шархадны 63-889а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 933 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг эцэг, эхэд нь даалгасан, Боржигон овогт Эрдэнэцогтын Төгсбаяр, /РД:СЭ99052110/,           

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Төгсбаяр нь ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Давсны булаг гэх газарт насанд хүрээгүй Г.Хангайн эд хөрөнгийг авах зорилгоор, амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун шууны зулгаралт, зүүн тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж гар утас, мөнгөн гинж, үнэртэй ус, жинсэн өмд, цамц зэрэг эд хөрөнгийг дээрэмдэж нийт 142.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Төгсбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 сарын 13-ны орой би Өнөболдтой гэртээ 24 цагийн үед байж байхад Хангай нь Өнөболд руу залгаад ярилцсан. Тэр “би ээжтэйгээ муудалцсан явж байна” гэхээр нь “хүрээд ир” гэсэн. Өнөболд бид хоёр унтаад байж байтал өглөө 08 цагт Хангай ирэхээр нь гэртээ оруулаад цуг унтаад 13 цагийн үед сэрсэн. Сэрээд бид тамхи татахаар “балгас” руу явсан юм. Өмнө нь намайг Хангай бусдад муулж байсан гэдгийг би санаад түүнийг цохиж, өшиглөөд чулуу шидэхэд түүний гарных нь хажууд оносон. Тэгээд тэнд юм яриж байгаад буцаад манай гэрт ирсэн. Би Хангайгаас “цүнхэнд чинь юу байга юм” гэхэд тэр “хувцас байгаа” гэсэн. Хангай урьд нь надад “цамц өмд өгнө” гэж хэлж байсан учир би цүнхийг нь онгойлгоод “энэ өмдөө өгчих” гэхэд Хангай “үүнийг ээж авч өгсөн учир болохгүй. Харин чи энэ хар өмдийг ав” гэхээр нь тэр өмдийг нь аваад цамцыг нь бас гуйхад тэр надад “ав, ав” гээд өгсөн. Тэгээд цүнхнээс үнэртэй ус, гинж, цамц гарахаар нь түүнийг өгчих гэхэд тэр “болохгүй” гээд байсан. Мөн намайг муулж байсан нь дахин санаанд орсон учир түүнийг нэг удаа цохисон. Тэгээд түүний пүүзийг өмсөж байснаа буцааж тайлж өгөөд Өнөболдод байсан 1000 төгрөгөөр Хангайг тамхинд явуулсан. Тэгээд Хангай цагдаа дагуулаад ирсэн гэв.

Хохирогч Г.Хангай нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 07 дугаар сарын 12-ны шөнө 21 цаг өнгөрч байхад над руу Өнөболд залгаад “хүрээд ирээч, Баяраагийнд хүн байхгүй байна” гэхээр нь би “за очлоо” гэж хэлээд утсаа тасалсан. Би Налайх руу явах гэж байсан учир өөрийн бүх хувцсаа цүнхэлсэн явж байсан. Тэгээд тэр оройноо биш маргааш өглөө нь “очихгүй бол болохгүй” гэж бодоод өглөө нь Төгсбаярын гэрт нь очсон. Төгсбаярын хэлсэн шиг зүйл болсон. Төгсбаяр намайг “чи манайд өнөөдөр цуг хоночих” гээд байхаар нь би “үгүй” гэж хэлсэн. Намайг Төгсбаяр тамхинд явуулахаар би тэр чигтээ гэртээ хариад ээждээ болсон зүйлийн талаар хэлтэл ээж цагдаа дуудсан. Төгсбаяр эхлээд “хувцсаа өгчих” гэж гуйсан бөгөөд би “өгөхгүй” гэхэд тэр цамц, өмд, пүүз зэргийг маань авсан гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Болортуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хэрэг 07 дугаар сарын 12-ны өглөө болсон шиг санагдаж байна. Би ажил руугаа явсан учир Хангайг аавындаа аваачих гэж байхад тэр 00 ороод ирье гэж гараад алга болсон. Залгахад утсаа авахгүй, 00-д ч байхгүй байсан. Тэр зугтааж гэрээсээ явсан юм. Налайх руу явж байна гэж байсан. 09 цагт залгаад “Эгчийндээ байна” гэж байсан. Тэгээд удалгүй ах нь түүнийг хүнд зодуулсан байна гэхээр нь бид шууд лагериас ирэхэд түүний нүд, гар нь хавдаж хүнд зодуулсан байсан. Би тэгээд уурлаад зодсон хүн дээр нь очих гэтэл ах нь “цагдаа авч очъё” гээд нэг цагдаа дагуулаад Давсны булаг гэдэг газар руу очсон. Биднийг очиход Төгсбаяр миний хүүхдийн хувцсыг өмссөн гарч ирсэн. Тэгээд түүнийг барьж Эрдэнэтолгойн цагдаа дээр ирсэн. Цүнхтэй хувцсыг нь гэрээс нь буцаж очоод авахад үнэртэй ус зэрэг нь байсан. Төгсбаяр нь тухайн үед их хэгжүүрхэж, гэмшихгүй байсан. Дээрэмдсэн хувцсаа өмсчихөөд хээв нэг зогсож байсан. Тэгээд шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн эмнэлэгт үзүүлж, зураг авахуулсан. Энэ Төгсбаяр гэмшихгүй байгаа юм. Цагдаа нарын өөдөөс ч хэгжүүрхэж байсан нь түүний хүмүүжлийг нь харуулж байна. Миний хүүхдийн хар өмд, улаан цамц, пудволько, оймс зэргийг нь аваад өмссөн байсан. Төгсбаяр гэмт хэрэг үйлдсэн байж гэмшихгүй байна. Миний хүүхдийг зодож гэмтээсэн байсан. Би хүүхдээ зодуулсанд их харамсаж байсан. Энэ хэрэг 12-нд гарсан гэж бодож байна гэв.

Гэрч Э.Өнөболд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Төгсбаяр Хангайд “чи намайг муулсан байна” гээд Хангайг цохисон. Тэгээд Төгсбаяр Хангай руу чулуу шидэхэд түүний гар руу нь оносон. Хангай “би тэгж хэлээгүй” гээд байсан. Төгсбаярын гэр рүү очоод Хангайн гар руу Төгсбаяр цохиж, өшиглөсөн. Тэгж байснаа Төгсбаяр “цүнхэнд чинь юу байна. Надад өгөх өмд чинь байна уу” гэхэд Хангай “үүнийг өмсдөггүй юм” гээд нэг өмдөө өгсөн. Төгсбаяр тэгэхэд цамц, пудволька хоёрыг нь гуйхад Хангай өөрөө өгсөн. Мөн үнэртэй ус, гинж зэрэг гарч ирэхээр нь гуйтал Хангай “болохгүй, ээж саяхан авч өгсөн” гэсэн тул буцааж тэр зүйлсийг өгсөн. Мөн Хангайн цүнхнээс нэг пүүз гарч ирэхээр нь Төгсбаяр өмсөж үзээд Хангайд буцааж өгсөн. Надад 1000 төгрөг байснаар Хангайг тамхинд явуулахад тэр буцаж ирээгүй...” гэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Төгсбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хангай намайг хүүхдүүдэд ярьж байсан санаанд ороод түүнийг дагуулаад дуслын хашаа руу оруулаад “чи яагаад намайг хүмүүст муулаад яваад байгаа юм бэ” гээд баруун гарын булчин руу нь гараараа 2-3 удаа цохисон, гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Энэ үед Өнөболд хамт байсан. Бид гурав манай гэрт очоод өмнө нь би Хангайд өмд өгч байсан, Хангай бас надад өмд өгнө гэж ярьж байсан санаанд ороод хэлтэл Хангай цүнхнээсээ нэг хар өмд гаргаж өгсөн мөн улаан өнгийн цамц байхаар нь надад өгчих гэхэд өгсөн. Үнэртэй ус, мөнгөн гинжээ өгчих гэсэн чинь үгүй гэсэн. Хангайд 1000 төгрөг өгөөд тамхинд яваад ир гэхэд Хангай цүнхэндээ үнэртэй ус, гинж зэргээ хийгээд үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг. /хх 30, 33-40 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Г.Хангайн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг Төгсбаяр гэрт хамт хоночих гэхээр нь үгүй гэсэн чинь ална шүү гээд дагуулж гараад хонохгүй бол зодно гээд нурсан балгас руу оруулж шууд миний нүүр рүү гараараa хэд хэдэн удаа шанаадаж, газраас тал блок авч над руу шидэхэд нь хаасан. Тухайн үед Өнөбөлд хажууд салгахгүй чимээгүй хараад байж байсан. Улмаар гэр рүүгээ дагуулж ороод чи их зэвүүн гээд хөл рүү өшиглөөд миний үүрсэн цүнхийг авч ухсанаа цэнхэр жинсэн болон хар өмд хоёр, Сөүл нэртэй үнэртэй ус, мөнгөн гинж гаргаж ирснээ эдгээрийг надад өг гэхээр нь үгүй гэсэн чинь намайг унагаж байгаад нүүр рүү гараараа хэд хэдэн удаа шанаадаж цохисон. Тэгээд миний улаан пүүзийг авч өмссөнөө энэ чинь хөл бариад байна гээд буцааж өгсөн. Цүнхэнд 3 ширхэг цамц байсныг харчаад намайг манайд хонохгүй бол эд нарыг чинь өгөхгүй гээд байсан. Тэгж байснаа Төгсбаяр надад 1000 төгрөг өгөөд тамхинд явуулахад нь би зугтаасан...” гэх мэдүүлэг. /хх 18-19 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Э.Өнөболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Төгсбаярын гэрийн хажууд байдаг балгасанд орж, тамхи татаж байхад Төгсбаярын хэрэггүй, яах гээд байгаа юм гэхэд чи байж бай, бид хоёр учраа олно гээд намайг ойртуулахгүй байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо юм ярьж байгаад бид нар хамт Төгсбаярын гэрт нь орсон. Төгсбаяр гэнэт Хангайг чи намайг муулаад явсан билүү гэж уурлаад дахин бөгс рүү нь өшиглөж, нүүр рүү нь нэг удаа цохисон. Би болиоч гэж зөндөө хэлэхэд Төгсбаяр бид хоёр учраа олно гээд байсан. Төгсбаяр надад өмд өгнө гэж байсан яасан юм бэ гээд Хангайгаас цүнхэнд нь байсан хоёр өмд, улаан хүрэн өнгийн подволкоо өгчих гэхэд Хангай шууд гаргаад өгсөн. Тэгээд Төгсбаяр Хангайн цүнхийг ухаж үнэртэй ус, мөнгөн гинж гаргаж ирээд надад өгчих гэхэд ээж авч өгсөн, өгөхгүй гэсэн. Улаан өнгийн пүүзийг нь өмсөж үзээд Төгсбаяр надад таарахгүй байна гээд буцааж өгсөн. Төгсбаяр 1000 төгрөг өгөөд Хангайг тамхинд явуулахад буцаж ирэлгүй цүнхтэй эд зүйлээ хаяад явчихсан байсан...” гэх мэдүүлэг. /хх 21-22 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ¹9836 акт:

1. Хангай-н биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун шууны зулгаралт, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой гэжээ /хх 25 дугаар хуудас/,

Хүний биед болон барьж явсан эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-12 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх 13 дугаар хуудас/,

Нас тоолсон тэмдэглэл /хх 68 дугаар хуудас/,

Төрсний гэрчилгээний хуулбар /хх 44 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Төгсбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Давсны булаг гэх газарт насанд хүрээгүй Г.Хангайн эд хөрөнгийг авах зорилгоор, амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун шууны зулгаралт, зүүн тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж гар утас, мөнгөн гинж, үнэртэй ус, жинсэн өмд, цамц зэрэг эд хөрөнгийг дээрэмдэж нийт 142.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт зааснаар Э.Төгсбаярын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 933 дугаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болж байна. Иймд шүүгдэгч Э.Төгсбаярыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Э.Төгсбаярт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 болгон өөрчилж, түүнийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Э.Төгсбаярт ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Э.Төгсбаярт үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжлүүлэх боломжтой гэж үзэж хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, түүнийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг эх Г.Шинэтуяа, эцэг Эрдэнэцогт нарт нь хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Төгсбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.