Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01232

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/02036 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2070 дугаар магадлалтай, 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох  

Ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол 41,933,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Т.Төвшингийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нар-урт ХХК нь ******* ХХК-иар сэндвичэн барилгын дээврийг угсрах ажлыг гүйцэтгүүлж 47,500,000 төгрөгийн төлбөр төлсөн. Ажил гүйцэтгэсний дараа доголдол үүсч, нийгэмд аюултай, хүний амь нас, эрүүл мэндэд ихээхэн хэмжээний хохирол учруулж болзошгүй байдлыг бүрдүүлсэн. Тухайлбал, дээврийн ажлыг чанаргүй гүйцэтгэсний улмаас дусаал гоожиж, их хэмжээний борооны ус барилгад нэвтэрсэн, ******* ХХК-ийн гүйцэтгэсэн дээврийн ажилд хэрэглэсэн хөөсөнцөр нь галд тэсвэртэй байхаар заасан боловч дээврийн хэсгээс гарсан хөөсөнцөр галд шатамхай болох нь тогтоогдсон, хяналтын итгэмжлэгдсэн инженерүүдийн холбооны тэргүүн Л.Түмэндэмбэрэлийн сэндвичэн дээврийн чанарын дүгнэлтээр чанарын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон. Манай компанийн зүгээс ******* ХХК-ийн доголдлыг засварлахад ...сэндвичэн дээврийн засварт материалын зардал 20,539,800 төгрөг, Өү жэй ай ХХК-тай NU2018044 тоот дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж сэндвичэн дээврийн дотор засварын ажлын хөлс 9,494,870 төгрөг, гадна засварын ажлын хөлс 5,491,000 төгрөг, хяналтын итгэмжлэгдсэн инженерүүдийн холбооны дүгнэлт хийлгэсэн зардал 500,000 төгрөг, ус алдсанаас болж дахин хийгдсэн заслын ажлын зардал 5,119,300 төгрөгийн зардал тус тус гарсан. Иймд сэндвичэн дээврийн гадна болон дотор талыг чанаргүй гүйцэтгэсний улмаас учирсан хохирол 41,933,700 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гэм хор арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь дэндүү нэг талыг барьсан үндэслэлгүй шаардлага байна. Гэм хорын хэмжээ буюу нэхэмжлэлийн дүн нь бодитой биш байна.

Манай компани 2016 оны 09 дүгээр сард нэхэмжлэгч байгууллагын барилгын дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн. 2 жил 6 сарын дараа дээврээс ус гоожсон гэх үед нь манайхаас засварын ажлыг хийж өгнө гэсэн. Гэтэл засах гээд очиход ******* ХХК-ийн инженер манай гаргаж өгөх материал дутуу байна, дараа ирэхээр чинь материалыг бэлдээд байж байя гэж хэлсэн байдаг. Манайх уг дээврийн засварын ажлыг хийж өгнө гэсэн бодолтой байсан. Гэтэл Өү жэй ай ХХК-иар 2018.05.28-ны өдөр хийлгэсэн байна. Манайхаас ажил хийхгүй гэж татгалзаагүй. Нэхэмжлэгчийн 2018.05.25-ны өдөр Өү жэй ай ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээн дээр ажлын хөлс 8,344,000 төгрөг гэж бичигдсэн байгаа боловч нэхэмжлэгч тайлбарлахдаа 9,494,870 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна. Тэгэхээр гэрээтэй нь төлсөн үнийн дүн зөрөөд байгаа юм. Мөн материалын зардал нэхэмжлээд байгаа боловч гэрээний 2.1 дэх заалтад материал, техникийн зардал, багаж хэрэгсэл, зөөвөрлөх ажлын хөлс, хүн хүч хоол унааны зардал бүгд ажлын хөлсөнд багтсан болно гэж заасан байна. Мөн материалын зардал гаргасан гэх боловч ямар ч нотлох баримт байхгүй. Хэдийгээр бидний хооронд анх хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээ байхгүй боловч манайх доголдолтой ажил гүйцэтгэсэн гэдэгтэй маргалдаагүй. Анхнаасаа талууд ажил гүйцэтгэх явцдаа битүү хучилттай барилга байсныг зураг зөрчөөд хямдхан хийлгэх гээд сендвичэн дээвэртэй барилга хийлгэсэн байдаг. Гадна талаасаа цастай байхаар дотор талаасаа дулаан цохиод ус нэвтрэхээс аргагүй болоод байгаа юм гэжээ. 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/02036 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-иас 15,485,870 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,447,830 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 367,618 төгрөг, улсын орлогод хэвээр үлдээж, ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 235,379 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2070 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/02036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-иас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Төвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг тус тус зөрчсөн. Анхан шатны шүүх худалдааны үеэр хэлцэгдсэн NU2018044 дугаартай гэрээг 2018.05.25-ны өдөр байгуулсан атлаа ******* ХХК-иас ******* ХХК-д 2018.05.26-ны өдөр дээврийн засварын ажлын тухай албан бичгийг хүргүүлсэн нь ******* ХХК болон Өү жэй ай ХХК хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй байсан учраас гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл талууд хоорондоо гэрээ байгуулсан атлаа албан бичгийг цаг хугацааны хувьд ******* ХХК-д дараа нь хүргүүлсэн байхад шүүх уг асуудалд дүгнэлт өгөөгүй. Тодорхой ашиг сонирхлоор, өөр компаниар ажил хийлгээд түүний төлбөрийг нэхэмжилж байгаа. Мөн инженерүүдийн холбооны /н.Түмэндэмбэрэл зураг, зохих стандарт зөрчсөн тухай / дүгнэлтэд тусгасан байхад түүнийг анхаарч үзээгүй. Магадлалын хянавал хэсэгт ...2018.05.26-ны өдрийн 1/16 тоот албан бичгүүд зэргээр тогтоогдсон байна... гэжээ. Энэ нь цаг хугацааны хувьд маргаан бүхий ашиг сонирхолтой албан бичиг байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ: 

******* ХХК нь ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол 41,933,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгч Т.Төвшингийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. ******* ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах худалдаа, үйлчилгээний 3 давхар барилгын сэндвичэн дээврийг угсрах ажлыг хийж гүйцэтгэх, ******* ХХК ажлын хөлсөнд 47,500,000 төгрөг төлөхөөр 2016, 2017 онуудад харилцан тохиролцож, бичгийн хэлбэрээр гэрээ байгуулсан бөгөөд эдгээр гэрээ хэрэгт авагдаагүй ч зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан нь тогтоогджээ.  

Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв тодорхойлжээ. 

******* ХХК нь ******* ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах худалдаа, үйлчилгээний 3 давхар барилгын сэндвичэн дээврийг угсрах ажлыг хийж 2016.09.19-ний өдөр гүйцэтгэн хүлээлгэж өгсөн талаар талууд маргаагүй.  

2. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдол, чанарын талаар талууд маргасан байна

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр шаардлага гаргах эрхтэй. 

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах худалдаа, үйлчилгээний 3 давхар барилгын сэндвичэн дээврийг угсрах ажлыг ******* ХХК гүйцэтгэснээс хойш 2016, 2017 онуудад ******* ХХК-ийн дуудсан цагт тухайн барилгын дээврийн доголдолтой холбоотой засварын ажлыг хийж гүйцэтгэж байжээ.  

Нэхэмжлэгч ******* ХХК гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн 2016, 2017 онуудад илэрсэн доголдлыг арилгуулахаар ******* ХХК-д 2018.03.12-ны өдөр 1/047 тоот, 2018.05.26-ны өдөр 1/116 тоот мэдэгдлүүд хүргүүлсэн нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан хугацаанд гомдлын шаардлага гаргасан гэж үзнэ.  

Хяналтын итгэмжлэгдсэн инженерүүдийн холбооны зөвлөх инженер Л.Түмэндэмбэрэлийн 2018.06.25-ны өдрийн №Ч.Э-08/18 тоот дүгнэлтээс үзвэл ******* ХХК-ийн гэрээний дагуу хийж, гүйцэтгэсэн ажлын үр дүн чанарын доголдолтой болох нь нотлогдож байна.  

3. ******* ХХК ажлын үр дүнгийн доголдлыг тогтоосон хугацаанд арилгаагүй тул нэхэмжлэгч Өү жэй ай ХХК-тай 2018.05.25-ны өдөр NU 20180448 дугаар, 2018.06.07-ны өдөр №NU2018037 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, барилгын дээврийн гадна болон дотор засварын ажлыг хийж гүйцэтгүүлсэн байна.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. 

Анхан болон давж заалдах шатны шүүх ******* ХХК-иас ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад гаргасан зардлыг тодорхойлохдоо дотор засварын ажлын хөлсөнд 9,494,870 төгрөг, гадна засварын ажлын хөлсөнд 5,491,000 төгрөг, хяналтын итгэмжлэгдсэн инженерүүдийн холбооны дүгнэлт хийлгэсэн зардал 500,000 төгрөг, нийт 15,485,870 төгрөг гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.  

******* ХХК-ийн ажлын үр дүнгийн доголдлыг нэхэмжлэгч 15,485,870 төгрөгөөр арилгасан байх тул хариуцагч Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д зааснаар хариуцна. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.  

Хариуцагчийн төлөөлөгч Т.Төвшингийн гаргасан ...******* ХХК, Өү жэй ай ХХК хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй байсан учраас гэрээ байгуулсан... гэх гомдол хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.  

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан, шийдвэр, магадлал үндэслэлтэй байх тул хариуцагчийн төлөөлөгч Т.Төвшингийн гомдлыг хангахгүй орхив.

Харин давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасан шаардлага, агуулгыг зөв тайлбарлан дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн заалтыг дутуу бичсэнийг залруулалгүй байх тул шийдвэр, магадлалд хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах шаардлагатай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2070 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/02036 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т тус тус зааснаар ******* ХХК-иас 15,485,870 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,447,830 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Т.Төвшингийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

  

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ЦАГААНЦООЖ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ 

                                                ШҮҮГЧИД                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

   Д.ЦОЛМОН

    Х.ЭРДЭНЭСУВД