Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 176

 

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгалан, Г.Норжмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 943 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0237 дугаар магадлалтай, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ч.Сугар, Н.Туул нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 943 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 8 дугаар зүйлийн 8.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.4.2, 14.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Монголын төмөр зам ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 210201507 актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0237 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0943 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ч.Сугар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаатар, Х.Алтанхүү нараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ. 18.1.3 анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах, НББОУС-16 стандартад Үндсэн хөрөнгийг хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангасан хөрөнгүүдийг өртгөөр үнэлж бүртгэнэ. Өртгийн бүрэлдэхүүн хэсгүүд, дараах зүйлсийг үндсэн хөрөнгийн өртөгт багтаан авч үзнэ.

 а/ Худалдан авсан үнэ, гаалийн татвар, буцаан олгохгүй худалдааны татварын дүн. Худалдан авалтын үеийн хөнгөлөлтийг хасч тооцно” гэж заасны дагуу үндсэн хөрөнгөнд зориулсан худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохгүй уг үндсэн хөрөнгийн өртөгт оруулах бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 12.1.5-д заасны дагуу үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлаар дамжуулан татвар ногдох орлогоос хий зардал тооцох замаар хасалт хийж, өртгөө нөхөхөөр хуулийн зохицуулалт хэрэгжиж байна.

НББОУС-ын 2-т Бараа материал стандартын нэр томьёонд худалдах зорилгоор олж эзэмшсэн бараа эсвэл борлуулах зориулалт бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах хөрөнгийн зүйлсийг бараа материал гэнэ. Бараа материалд дараах хөрөнгө орно.

Үүнд: Бизнесийн хэвийн үйл ажиллагааны үед худалдан борлуулахаар эзэмшиж байгаа хөрөнгө, худалдан борлуулах зорилгоор үйлдвэрлэлийн дамжлагад байгаа зүйлс, үйлчилгээ үзүүлэхэд хуваарилагдах эсвэл хэрэглэгдэх материал буюу хангамжийн зүйлсийг хамааруулахаар заасан буюу худалдан борлуулах зорилго агуулаагүй бол бараа материалд оруулахгүй гэж заасан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, мөн 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”, 14.7-д “Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно” гэж тус тус заасан. Мөн Монгол Улсын Сангийн сайдын 283 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах харилцааг зохицуулах журам”-ын 5.1.1-д “Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, уур, ус цахилгаан болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөг шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хийнэ” гэж заасан.

Гэтэл худалдан борлуулах зорилгогүй, өөрийн хэрэгцээнд ашиглаж байгаа үндсэн хөрөнгө юм. Түүнчлэн Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, 14.7-д заасны дагуу хасалтыг хийхдээ мөн хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн буюу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж байгаа орлого олохтой холбоотой худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасалт хийхээр зохицуулсан.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210201507 дугаар актыг хүчингүй болгуулах тухай “Монголын төмөр зам” ТӨХК-ийн нэхэмжлэлийг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл муутай болжээ.

Шүүхүүд хэргийн оролцогчдын тайлбарын дагуу маргааны үндэслэлийг нягталж шалгалгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй  байна.

Тус газрын татварын улсын байцаагч Ч.Сугар, Н.Туул нар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-нээс 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтийг шалгаж, тус компанийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох худалдан авалтад төлсөн татварыг 18,467,788,783.62 төгрөгөөр бууруулан тооцож,  2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 210201507 дугаар “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-ыг үйлджээ. 

Нэхэмжлэгч “Монголын төмөр зам” ТӨХК нь “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг буруу хэрэглэсэнээс гадна тооцооллын хувьд алдаатай...” гэж үзэж, тухайн актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.  

Тодруулбал, нэхэмжлэгч нь худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын асуудлаар маргаж буй үндэслэлээ “...тухайн ажил үйлчилгээ нь тус компанийн үндсэн үйл ажиллагааны зориулалтаар худалдан авсан ажил, үйлчилгээ тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу уг ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасч тооцно, ... 181.0 тэрбум төгрөгийн худалдан авалтыг 187.2 тэрбум төгрөгөөр баталгаажуулж алдаа гаргасан ... утга агуулгын илэрхий алдаатай ...” хэмээн тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан маргаан бүхий 2015 оны 210201507 тоот акт, уг актын 1 дүгээр хавсралтаар нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан тооцоо, Гааль татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2016 оны 13 дугаар тогтоол, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн борлуулалт, худалдан авалтын НӨАТ-ын дүнг дахин тулгаж нягталсан тухай баримт, 2016 оны 11 дүгээр сарын 09, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад борлуулалтын орлого, худалдан авалтын дүнгүүд зөрүүтэй, зөрчлийн утга, дүн өөр өөр /энэ талаар нэхэмжлэгч маргасан/  байна.

Тухайлбал, нэхэмжлэгчийн маргаж буй худалдан авалтын НӨАТ төлөлттэй холбоотой маргааны тухайд 2015 оны 210201507 тоот актаар зөрүүг 18,480,216,102.40 төгрөгөөр баталгаажуулсан атлаа актын хавсралтад 16,294,899,493.70 төгрөгөөр тусгажээ.

Үүнд, 210201507 тоот актад нийт худалдан авсан бараа ажил, үйлчилгээний нийт дүн 187,176,760,367.90 төгрөг, худалдан авсан бараа ажил, үйчилгээнд төлсөн НӨАТ-ийн дүн 18,717,676,036.79 төгрөг,  Үүнээс:

- Суудлын автомашин түүний эд анги, сэлбэгт төлсөн НӨАТ - 9,292,492.30 төгрөг,

- Хувьдаа болон ажилчдын хэрэгцээнд зориулж худалдан авсан бараа ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ - 3,134,826.70,

- Бусад /НӨАТ-ын тухай хуулийн 14.1 дүгээр зүйл, 14.7 дугаар зүйл, Сангийн сайдын 2009 оны 283 дугаар тушаалын 5.1 зүйл 5.1.1 дүгээр зүйлийн дагуу/ 18,467,788,783.40 төгрөгийн зөрүү байхаар,

харин актын хавсралтад зөрчлийн утга агуулга:

-Хувьдаа болон ажиллагсдын хэрэгцээнд болон эсвэл зугаа цэнгээний зориулалтаар худалдан авсан бараа, үйлчилгээг бизнесийн үйл ажиллагааны зардлаар баримт бүрдүүлж НӨАТатвараа бууруулсан 31,348,267.00 төгрөгийн зөрчилд 3,134,826.70 төгрөгийн нөхөн татвар,

- Үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой худалдан авалт хийхэд НӨАТ ногдуулсанг худалдан авалтын хасалт хийж НӨАТ ногдуулах орлогыг бууруулсан 162,824,721,747.30 төгрөгийн зөрчилд 16,282,472,174.70 төгрөгийн нөхөн татвар,

- Импортоор болон худалдан авсан суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгт төлсөн НӨАТ-ыг худалдан авагч төлөх татварын дүнгээс хасаж тооцсон 92,924,923.00 төгрөгийн зөрчилд 9,292,492.30 төгрөгийн нөхөн татвар гэж тэмдэглэгджээ.

            Дээрхээс үзвэл, үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой болон хувьдаа, ажиллагсдын хэрэгцээнд зориулсан худалдан авалтын дүнгүүд зөрүүтэйгээс гадна  үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой зөрчлүүд тодорхой бус байна.

Нэхэмжлэгч нь хөдөлмөр хамгааллын хувцасны худалдан авалтад төлсөн 2,612,533.0 төгрөг, албаны зориулалттай телевизорын худалдан авалтад төлсөн 83,636.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг татвар төлөгчийн төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцоогүй гэснээс үзвэл энэ худалдан авалтад тооцогдох нөхөн татвар 2,696,169.0 төгрөг байхад дээрх хавсралтад 31,348,267.00 төгрөгийн зөрчилд 3,134,826.70 төгрөгийн нөхөн татвар гэжээ.

Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны акт нь тооцооллын хувьд зөрүүтэй байгааг дүгнэсэн атлаа  үүнийг акт гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагүй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг үндэслэн актыг хүчингүй болгох үндэслэл болгосон нь буруу, үүгээр захиргааны байгууллагаас  маргаан бүхий актын алдааг зөвтгөх боломжийг алдагдуулах үр дагавар үүсгэхийг анхаараагүй, давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулаагүй нь буруу болжээ. 

Иймээс шүүх маргаан бүхий актын дүн, уг актаар  тодорхойлсон зөрчил нэг бүрийн агуулгыг нэг бүрчилэн тодруулсны үндсэн дээр актын үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Эдгээр нөхцөл байдал тодорхой бус байхад маргаан бүхий актаар ямар зөрчилд, хичнээн төгрөгийн төлбөр ногдуулсан, энэ нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, хэргийн оролцогчдын маргаж буй хууль хэрэглээний асуудлаар хяналтын шатны шүүхээс эцэслэн дүгнэлт хийх боломжгүй юм.

Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг сайтар тодруулах шаардлагатай байжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг хууль бус гэж хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох зэрэг өөр өөрөөр тодорхойлсноос гадна  маргаан бүхий актаар тогтоосон зарим зөрчлийг нэхэмжлэгч зөвшөөрснийг шүүх анхаараагүй, актыг бүхэлд нь хүчингүй болгосон нь буруу байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 943 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0237 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Х.БАТСҮРЭН

 ШҮҮГЧ                                                                       Л.АТАРЦЭЦЭГ