Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 325

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/02369 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн,

Хариуцагч Г.С, О.А нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 13 607.84 ам.доллар буюу 33 850 590 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, Ч.От нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.С нь 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдөр орон сууц худалдаж авах зориулалтаар 20 000 ам долларыг жилийн 14.3 хувийн хувьсах хүүтэй, 120 сарын хугацаатай зээлж авсан. Өнгөрсөн хугацаанд үндсэн зээл 8 111.16 ам.доллар, зээлийн хүүд 16 639.26 ам доллар, нийт 24 750.42 ам долларыг төлсөн. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 2 тоотод байрлах 1 өрөө, 18 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Уг гэрээнд хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр О.А оролцсон. Зээлдэгч нар нь 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй. Иймд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 11 888.84 ам доллар, зээлийн хүүгийн төлбөрт 1 719 ам доллар, нийт 13 607.84 ам долларыг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, Ч.О нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдөр барьцаат зээлийн гэрээг байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээгээр 20 000 ам долларыг жилийн 14.3 хувийн хүүтэйгээр 120 сарын хугацаатай буюу 10 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хавсралтад зааснаар сар бүр 415 202 төгрөг төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нарт анх 415 202 төгрөгийг төлөх юм бол зээлийн гэрээний үүрэг 10 жил болохоос өмнө дуусна гэж ойлгуулсан. “Х” ХХК нь хүүг хувьсах хүүтэй буюу анх тогтоосон 11 хувийн хүүг өөрчлөх эрхтэй байхаар гэрээндээ тусгаж, мөн ам.долларын хаягийг тухайн гэрээ байгуулагдах үеийн Монгол банкны ханшаар бус тухайн ажлын өдрийн Хны ам.доллар худалдах ханшаар тооцож, зээлдэгчийн дансанд шилжүүлэхээр зааж хэт нэг талыг барьсан гэрээг байгуулсан. Анх зээл авсны дараа зээлийн төлөлт хийхэд 415 202 төгрөгөөр эргэн төлөлт хийхэд үндсэн зээлийн төлбөрөөс 160 ам.доллар хасагдсан. 2016 оны 02 дугаар сарын төлбөрийг хийхэд үндсэн зээлийн төлбөрөөс 12 ам.доллар хасагдсан. Энэ талаар нэхэмжлэгчээс лавлаж асуухад ам.долларын ханштай холбоотой, уг гэрээний дагуу ам.долларын хэлбэрээр төлөхөөр дуусахгүй, иймээс зээлийг төгрөгт шилжүүлж гэрээгээ шинэчил гэдэг шаардлагыг тавьсан. Талуудыг гэрээ байгуулах үед ам.долларын ханш 1 155.95 төгрөг байсан ба тухайн үеийн ханшаар тооцох юм бол 23 120 000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний зээл байсан. Зээлийн гэрээний хугацаанд зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу нийт 37 000 000 орчим төгрөг төлсөн. 2016 оны 3 дугаар сард төлбөрийн үлдэгдэл нь тухайн өдрийн ханшаар 24 000 000 төгрөг байсан. Анх 23 000 000 төгрөгийн зээл авсан, 37 000 000 төгрөгийг төлсөн байхад дахин 24 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байх нөхцөл байдлыг зээлдэгч нар харсан. Ингээд хариуцагч нар банкны шаардлагыг хүлээж авалгүй зээлийн төлбөрөө төлөхийг зогсоосон. Энэхүү маргаантай холбоотой зээлдэгч нарын дансны хуулгыг авч үзэхэд 2010 оны 4 дүгээр сар хүртэл 20 сарын хугацаанд зээлийн хүүг бодож байгаад түүнээс хойш зээлийн хүүг өөрсдөө дур мэдэж өөрчилж 13.78 хувиар тооцож, 2011 оны 8 дугаар сар хүртэл үүнээс хойш 14.28 тооцож зээлийн хүүг нэмэгдүүлсэн боловч энэ талаар зээлдэгч нарт мэдэгдээгүй. Хэрэв шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх юм бол өмнө төлсөн төлбөртэй нийт бодож үзэхэд 70 000 000 төгрөг болно. Анх 23 000 000 төгрөгийн зээл авсан байж 70 000 000 төгрөг болгож буцааж төлөх нь зээлдэгч нарын эрх ашгийг зөрчиж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуульд заасны дагуу стандарт гэрээний 1.8, 1.13 гэсэн тодорхой заалтууд нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарч байна. Мөн гэрээний 1.4-д заасан банк хүүгээ хэдийд ч өөрчлөх эрхтэй, өөрчилсөн талаараа нөгөө талд заавал мэдэгдэх шаардлагагүй гэсэн заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4-д гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан байвал стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэх заалтад хамаарч байна. Хариуцагч нарын зүгээс төлбөр төлөхгүй гэсэн зүйл байхгүй. Харин 2016 оны 3 дугаар сараас гэрээний хугацаа дуусах буюу 2018 оны 6 дугаар сар хүртэл сар бүрийн төлөх төлбөр 415 202 төгрөгийг төлөх боломжтой бөгөөд нийт үлдэх хугацаанд 11 625 656 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.С, А нараас 33 850 590 /гучин гурван сая найман зуун тавин мянга таван зуун ерэн/ төгрөг гаргуулж, “Х” ХХК /РД:2578697/-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.С, О.А нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох орон сууцыг хуульд нийцүүлэн дуудлага худалдаагаар албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.А, Г.С нараас 327 203 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 203 улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Шүүх барьцаат зээлийн гэрээний 1б хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг талуудын харилцан тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн нөхцөл гэж үзэж дүгнэлтээ хийсэн. Хариуцагчийн зүгээс дээрх эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн гэрээний хугацаа дуустал зээлийг төлж, сар бүр 415 202 төгрөгийг 2016 оны 3 дугаар сараас 2018 оны 7 дугаар сар хүртэл буюу 28 сарын хугацаанд төлөхөөр зөвшөөрсөн ба шүүхийн зүгээс зээлийн гэрээний 1б хавсралтад заасан хуваарийг зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэж үзсэн атлаа хариуцагчийн дээрх үндэслэл бүхий татгалзлыг хүлээн авалгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хэт нэг талыг барьсан, логикийн алдаатай, илт үндэслэл муутай шийдвэр болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт зааснаас үзвэл банкнаас олгох зээлийн гэрээнд зээлийг эгүүлэн төлөх нөхцөлийг тодорхой тусгах бөгөөд зээлдэгч нь тухайн нөхцөлийн дагуу зээлийг эгүүлэн төлөх үүрэг хүлээхээр зохицуулсан. Хариуцагч нь анх 2008 онд зээлийн гэрээ байгуулан, 8 жилийн турш гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг эргэн төлж байсан, гэрээнд заасан хуваарь гэдэг нь талуудын хооронд 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний 1б хавсралтад заасан сар бүр 415 202 төгрөг бөгөөд энэхүү эргэн төлөлтийн хуваарийг банк тогтоож өгсөн ба 8 жилийн хугацаанд энэхүү хуваарийн дагуу төлж байхад ямар нэг маргаан гараагүй, хуваарь өөрчлөгдөх талаар санал тавьж байгаагүй юм. Дээрх 1б хавсралт нь талуудын байгуулсан барьцаат зээлийн гэрээний салшгүй нэг хэсэг болох юм. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаас үзвэл зээлдэгчийн сар бүрийн төлөх төлбөр нь 415 202 төгрөг байна гэдэг нь тодорхой юм. Зээлийн гэрээний хугацаа 10 сар бөгөөд нийт 120 сарын турш 415 202 төгрөгийг төлснөөр зээлийн гэрээ дуусгавар болох буюу зээл хаагдах ёстой байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгчийн хүлээх үүрэг нь зээлийн гэрээнд заасан нөхцөл буюу талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 1б хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийг төлөх бөгөөд зээлдэгч нар энэхүү үүргээ биелүүлэхийг зөвшөөрч, “зээлийн гэрээний хугацаа дуустал эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг эргэн төлнө” гэсэн үндэслэл бүхий татгалзлыг хүлээн авч, шийдвэрлэх байтал шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

            Анхан шатны шүүх анх ам.долларын зээл олгосон нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн. Анх зээлийн гэрээ байгуулагдах үе буюу 2008 онд дэлхийн эдийн засгийн хямралд өртөөд байсан бөгөөд ам.долларын ханш тодорхой хэмжээгээр буурсан, цаашид буурах төлөвтэй байсан тул банк өөрсдийн эрсдэлийг тооцон үзэж, ам.доллараар зээл олгосон ба эргэн төлөлтийг зөвхөн монгол төгрөгөөр төлнө хэмээн гэрээнд заасан. тухайн үед банкны зүгээс ам.долларын ханш цаашид суларна, гэрээнд заасан хэмжээгээр буюу сард 415 202 төгрөгийг сар бүр төлсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийг төлж дуусгах боломжтой гэж тооцоолж, гэрээний эргэн төлөлтийн хуваарийг сар бүр 415 202 төгрөг байхаар тогтоож байсан. Гэвч ам.долларын ханш буурах биш өссөн тул гэрээнд заасан хуваариар зээлийг 10 жил, 20 жил төлөөд дуусахааргүй болсон ба дээрх нөхцөл байдал нь банкинд хэт ашигтай, зээлдэгч нарт хэт хохиролтой байсан тул зээлдэгч нар зээлийн гэрээний нөхцөлийг эргэн харахыг банкинд тавьсан боловч банк тухайн хүсэлтийг хүлээн авалгүй, шүүхэд хандсан ба шүүх тухайн нэхэмжлэлийг хүлээн авч, банкны тооцооллыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зээлдэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн шийдвэр болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 22 224 934 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч “Х” ХХК, хариуцагч Г.С, О.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэлд 33 850 590 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, гэрээний 1.8, 1.13 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл гэх үндэслэлээр зээлийн үүрэгт төлсөн төлбөрийг тухайн өдрийн ам.долларын ханшаар тооцуулан зээлийн төлбөрөөс хасуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан боловч шүүх хуралдааны үеэр уг шаардлагаасаа татгалзсан байна.      

             Талууд 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “барьцаат зээлийн гэрээ” нэртэй гэрээгээр зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Х ХХК нь 20 000 ам.долларыг 120 сарын хугацаагаар жилийн 14.3 хувийн хувьсах хүүтэй зээлж, зээлдэгч болох хариуцагч Г.С, О.А нар нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт буцааж төлөх үүрэг хүлээн, үүргийн гүйцэтгэлд өөрсдийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, гэрээг эрх бүхий газарт бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх-4-8, 26-28, 204-205 дахь тал/ Нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан гэрээ нь хэлбэр, агуулгын хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул гэрээний үүргийг гүйцэтгэх үндэслэлийн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Дээрх үйл баримтын талаар, хариуцагч нар үүргийн гүйцэтгэлд 24 750,42 ам.доллар төлсөн, 2016 оны 3 дугаар сараас хойш үүрэг биелүүлээгүй гэдэг үйл баримтын талаар маргаангүй. Хариуцагч тал гэрээний 1.8, 1.13 болон 1.4 дэх заалтуудыг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус нөхцөл гэж маргасан.

Талууд гэрээний 1.8 дахь заалтаар хариуцагч нь зээлийг зөвхөн төгрөгөөр эргэн төлөх, банк тухайн ажлын өдөрт багтаан тухайн өдрийн Хны ам.долларын худалдах ханшаар тооцож зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлэхээр, 1.13-т “... ам.доллараар олгосон зээлийн эргэн төлөлтийг төгрөгөөр хийх бөгөөд тухайн өдөр банкны ам.доллар худалдаж буй ханшаар тооцно” гэж тохиролцжээ. /хх-4 дэх тал/

Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч нар гэрээний 1б хавсралтаар баталгаажуулсан зээлийн эргэн төлөлтийн хэмжээ болох 415 202 төгрөгийг 2008 оны 7 дугаар сарын 25-наас 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл гэрээний 1.7-д заасан хугацаанд буюу сар бүрийн 25-ны өдөр төлж, нэхэмжлэгч тал уг төлбөрийг тухайн өдрийн ам.доллар худалдах ханшаар тооцон зээлийн хүү, зээлд суутган авч байсан болох нь тогтоогдож байна. /хх-4, 8, 9-10, 91, 130-133, 150-201 дэх тал/

Валютын зохицуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д зааснаар валют зээлдүүлэх ажиллагаа нь валютын гүйлгээнд хамаарах бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 4-т “Арилжааны банк нь валютын захын эрэлт хэрэгцээнд үндэслэн валют худалдах, худалдан авах өөрийн ханшийг тогтооно” гэж заажээ. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдсөн бол мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн өдөр мөрдөж байсан ханшаар тооцох журмыг хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл гэрээний зүйл болох гадаад валютыг төгрөгт шилжүүлэхэд шилжүүлэх үеийн ханшийн дагуу тодорхойлохыг зохицуулсан байна.

Үүнээс дүгнэхэд талуудын гэрээний 1.8, 1.13 дахь хэсгийн тохиролцоо нь дээрх хуульд заасныг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Харин талуудын гэрээний 1.4 дэх заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Учир нь зээлдүүлэгч буюу банк гэрээгээр тохирсон хүүгийн хэмжээг зээлдэгчид мэдэгдэхгүйгээр өөрчлөн тогтоож болох, уг өөрчлөн тогтоосон хүүг зээлдэгч заавал дагаж мөрдөх агуулга бүхий гэрээний нөхцөл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4 дэх хэсгийг зөрчсөн, мөн уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч буюу зээлдэгч талд хохиролтой байх тул гэрээний 1.4 дэх хэсгийн “... өөрчлөн тогтоосон зээлийн хүүгийн хувь, хэмжээг банк зээлдэгчид мэдэгдээгүй нь өөрчлөн тогтоосон хүүгийн хувь хэмжээг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус нөхцөлд тооцно.

Талууд гэрээний 1.3-т зээлийн жилийн хүүг банкны ам.долларын жилийн суурь хүү дээр 3.3 хувийг нэмсэнтэй тэнцүү байхаар, 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээг 11 хувь, энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хүүгийн хувь хэмжээг 14.3 хувь байхаар тохиролцжээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүү гэдэг нь зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ тул зээлийн хүү нь нийтэд мэдээлэгдсэн, нийтэд ойлгомжтой төөрөлдөхөөр байж болохгүй юм. Иймээс гэрээний 1.3 дахь заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч буюу зээлдэгчид ашигтайгаар тайлбарлан зээлийн хүүг жилийн 11 хувиар /сарын 0,916 хувь/ тооцвол нэхэмжлэгч нь 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 100 сар 12 хоногийн хугацаанд /20 000 ам.доллар х 0,916=183,2 ам.доллар х 100 сар 12 хоног/ 18 393 ам.доллар төлөхөөр байна.

Хариуцагч дээрх хугацаанд 24 750,42 ам.доллар төлсөнд маргаагүй тул уг төлбөрийг үндсэн зээл, зээлийн хүүд тэнцүү хэмжээгээр хувааж тооцоход үндсэн зээлд 7 624,79 ам.доллар /24 750,42: 2=12 375,21 ам.доллар-20 000 ам.доллар/, зээлийн хүүд 6 017,79 /18 393 ам.доллар-12 375,21 ам.доллар/ ам.доллар, зээлийн төлбөрийн үлдэгдэлд нийт 13 642,58 ам.доллар төлөх үүрэгтэй байна. Уг дүн нь нэхэмжлэгч талын зээлийн гэрээний үлдэгдэлд нэхэмжилж буй 13 607,84 ам.доллараас илүү гарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч тал зээлийн гэрээг үргэлжлүүлэн, үлдэгдэл төлбөрийг зээлийг эргэн төлөх хэмжээ буюу 415 202 төгрөгөөр тооцон 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сар бүр хуваарийн дагуу төлөхийг хүссэн байдаг.

Хариуцагч Г.С, О.А нар нь зээлийн гэрээний үүргийг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс хойш биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч хариуцагч нараас зээлийн төлбөр шаардан, үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон мэдэгдлийг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүйн улмаас мөн оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр гэрээг цуцалж, шүүхэд хандсан байна. /хх-13 дахь тал/ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцалснаар мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үр дагавар үүсэх тул нэхэмжлэгч Х ХХК-ийг зээлийн гэрээний үлдэгдлийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсэх үе гэж шүүхэд нэхэмжлэл гаргах үеийг ойлгох бөгөөд ам.долларын үнэ цэнийг тухайн өдрийн арилжааны банкуудын тогтоосон ам.доллар төгрөгийн хэмжээгээр тодорхойлох ба Монгол банкнаас эдгээр арилжааны банкуудын тогтоосон ханшийг жишиж урьдчилан тооцон зарласан хэмжээг ам.долларын зах зээлийн үнэ гэж тодорхойлно. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх тул хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/02369 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269 075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  

                          ШҮҮГЧИД                                         А.МӨНХЗУЛ

                                   

                                                                                    Ч.ЦЭНД