Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01156

 
 

 

******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02995 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 87 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК

Хариуцагч:*******

 

нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 23,116,532 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч*******, түүний өмгөөлөгч М.Баяраа нарын хяналтын журмаар 2020.02.10-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэн, хариуцагч*******, түүний өмгөөлөгч М.Баяраа, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:******* нь манай байгууллагатай 2016.03.31-ний өдөр 04/16 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлсэн. Мөн оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 04/16-А дугаартай зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулан, зээлийн гэрээг 12 сарын хугацаагаар, 2017.06.24-ний өдрийн 04/16-В дугаартай зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулан зээлийн гэрээг 21 сарын хугацаагаар сунгаж, зээлийн барьцаанд*******ын эзэмшлийн 000583715 дугаар гэрчилгээтэй, 18627319451140 дугаар нэгж талбарын дугаартай, СХД-н 22-р хороо, Баянголын аманд байрлах зуслангийн 2501 м.кв талбай бүхий газрыг зохих журмын дагуу нотариатаар баталгаажуулан, Газрын албанд бүртгүүлж барьцаанд тавьсан тул зээлдэгч*******аас нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2019.07.24-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 15,912,500 төгрөг, хүүд 5,648,906 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,555,126 төгрөг нийт 23,116,532 гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгч 2016.03.31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 23,116,532 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна. Монкорд ХЗХ, ******* ББСБ ХХК-иас 200,000,000 төгрөгийг зээлж авсан. Уг зээлийн хүү болох 20,000,000 төгрөгийг тухайн хадгаламж зээлийн хоршоонд ажиллаж байсан миний нэр дээр байгуулж, би зээл, зарлагын ордер дээр гарын үсгээ зурсан нь үнэн. Дээрх гэрээний дагуу зээлийн мөнгийг бэлнээр аваагүй бөгөөд өнгөрсөн хугацаанд зээлийн хүү, төлбөрийг Монкорд ХЗХ төлж байсан. Барьцаанд тавьсан газрыг хоршоо миний нэр дээр шилжүүлж зээл авсан, хоршооны эзэмшлийн газар. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 102/ШШ2019/02995 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,*******д холбогдох 23,116,532 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343,733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 87 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02995 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдол гаргахдаа төлсөн 273,540 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч*******, түүний өмгөөлөгч М.Баяраа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан шатны шүүхийн 2019.11.07-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй юм. Учир нь******* миний бие Монкорд ХЗХ-ны захирал М.Рита, Энич финанс ББСБ нарт хууртагдан мэхлэгдэж, Энич Финанс ББСБ-аас 20,000,000 төгрөгийг ямар нэг зориулалтаар огт аваагүй байтлаа зээлж авсан мэтээр 2016.03.31-ний өдрийн 04/16 тоот Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээ, 2016.04.04-ний өдрийн Кассын зарлагын ордер зэрэг баримтад гарын үсэг зурж, намайг эрх зүйн үндэслэлгүй харилцааны оролцогч болгосон. Монкорд ХЗХ-ны захирал М.Рита, Энич финанс ББСБ-ын захирал Мөнхсайханы эхнэр Чинтуяа нар нь найз нөхдийн холбоотой, эдгээр хүмүүс Монкорд ХЗХ, Энич финанс ББСБ нарын хоорондын нийт 200 сая төгрөгийн зээлийн гэрээний хүүгийн үлдэх хэсэг гэж ойлгож байгаа 20,000,000 төгрөгийн өрийг чамд ямар ч хамаагүй, сүүлд чи ямар нэг өрөнд орохгүй гэж хэлж,******* намайг итгүүлэн, хууран мэхэлж зээлийн гэрээ, бэлэн мөнгө авсан гэх баримтуудад гарын үсэг зуруулж байсан. Үүний нотолгоо болж тухайн үед Энич финанс ББСБ-ын захирал Г.Батбилэг, одоогийн захирал Мөнхсайханы эхнэр Чинтуяа /тус ББСБ-ын өмчлөгч гэдэг/ нар нь анхан шатны шүүхийн хуралд гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэн аль нь надад бэлэн мөнгийг өөрийн биеэр өгөөгүй, өгсөн нягтлан, няравыг санахгүй байна гэдэг бөгөөд тийм хүн бодит байдал дээр байхгүй юм. Анхан шатны шүүх хуралд Энич финанс ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар болон 2016.03.31-ний өдрийн 04/16 тоот Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээ, 2016.04.04 -ний өдрийн Кассын зарлагын ордер зэрэг баримт бичгийн дагуу надад бэлэн мөнгө өгсөн нь нотлогдоогүй, түүнчлэн дээрх 2 байгууллагын захирал нар зохиомол байдлыг зориудаар бий болгосон, намайг хууран мэхэлж бичиг баримтад гарын үсэг зуруулсан болохыг мэдсээр байж Энич финанс ББСБ нь уг баримт бичгийг шүүхэд гарган өгч, мөнгө аваагүй надаас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг нэхэмжилж байгаа нь хүн ёсны хувьд ч дэндүү шударга бус, ХХША-ны эсрэг гэмт хэрэг болох юм. 2016.03.31-ний өдрийн 04/16 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний зүйл болох Баянголын аманд байрлах 2501 м.кв зуслангийн газрын эзэмших эрх нь Монкорд ХЗХ-ны захирал М.Ритагийн (хүсэлтээр тус байгууллагад ажиллаж байсан******* миний нэр дээр түр бүртгэлтэй байгаа, миний жинхэнэ хөрөнгө биш, Монкорд ХЗХ-ны хөрөнгөнд биет зус хөрөнгийн бүртгэлтэй явдаг болно. Энэ талаар тус хоршооны захирал М.Рита, И.Дэлгэрмаа, ерөнхий нягтлан Ананд нар гэрчлэн мэдүүлдэг. Гэтэл дээр дурдьсан ХЗХ-ын хөрөнгийг хүчин төгөлдөр бус барьцааны гэрээгээр хууль бус, зохиомол үүрэг бий болгож, миний аваагүй мөнгөний өрөнд авах гэсэн нь хууль бус, залилах гэмт хэргийн шинжтэй байдаг. Магадлалд ... Тус хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд гэрч Г.Чинтуяа ...20,000,000 төгрөг өгснийг мөнгийг кассаар, бэлнээр олгодог, дансны хуулга бусад баримтаас олгосон нь харагддаг гэж, гэрч М.Рита нь ... Энэ зээл манай хоршоотой холбоотой, Энич финанс ББСБ ХХК-иас манайх 200,000,000 төгрөгийн зээл аваад төлж чадаагүй, түүний хүү нэмэгдсээр 20,000,000 төгрөг болсон ..., бид ярилцаад Ч.Золоогийн нэр дээр гэрээ байгуулсан нь үнэн, сая 9 сард Энич 270,000,000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан, бид 250,000,000 төгрөгт Чингэлтэй дүүргийн шүүхэд очиж эвлэрсэн, энэ дотор уг 20,000,000 төгрөг орсон ... гэж тус тус мэдүүлсэн байна. Уг гэрчийн мэдүүлэгтэй холбоотойгоор шүүх талуудын маргааны зүйлийг тодруулах нь хэргийн үйл баримтыг тогтоож, үндэслэл бүхий шийдвэр гаргахад ач холбогдолтой байжээ. гэсэн нь ИХШХШТХ-н 6.З, 6.5-д тус тус нийцээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээний дагуу бэлэн мөнгийг хариуцагч******* нь бодитой аваагүй болохыг шүүх хуралд оролцсон 5 гэрчийн мэдүүлгээр хангалттай нотлогдсон. Нөгөө Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч тал тухайн үед бэлэн мөнгө өгсөн бол өгсөн ажилтны тайлбар, гэрч М.Ритагийн мэдүүлэгт дурдаж буй 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой шүүхийн шийдвэрийг уг маргаанд холбоогүй бол гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох хуулиар хүлээсэн үүрэгтэй. Дээр дурдсан хуулийн заалтуудыг давж заалдах шатны шүүх хэрэглээгүй тул ИХШХШТХ-н 172.2.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Харин хариуцагчийн шүүхэд гаргаж байсан 2019.08.26-ны өдрийн хүсэлт /хх-29/, 2019.09.26-ны өдрийн хүсэлт /хх- 47/, 2019.10.22-ны өдрийн хүсэлт /хх-123/-ийн дагуу цугларсан нотлох баримт, гэрч Г.Батбилэгээс асуусан мэдүүлэг /хх-139/, Г.Чинтуяагаас асуусан мэдүүлэг /хх-140/ зэрэг нотлох баримтаар хэргийн бодит байдлыг тогтоохыг шүүх оролдсон байдаг бөгөөд эдгээр нотлох баримтаар******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-иас зээл гэж бэлэн мөнгө, нэг төгрөг ч биеэр аваагүй болохыг бүрэн нотлосон. Иймд хяналтын шатны шүүх дээр дурдсан үндэслэлүүдийг анхааран үзэж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

******* ББСБ ХХК 2019.07.24-ний өдөр нэхэмжлэл гаргаж,*******аас 23,116,532 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

 

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэлд заасан /мөнгө хүлээн авсан тухай/ баримтыг үйлдэх болсон үндэслэл, мөнгө бодитой шилжсэн эсэх буюу зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар шүүх дүгнэлт хийж, нотлох баримтыг харьцуулан үнэлээгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, маргааны талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэсэн эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын тайлбар, нотлох баримтуудыг харьцуулан, холбогдох хуулийг хэрэглэн Иргэний хуулийн зохицуулалтыг анхаарч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 87 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 273,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД, Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ