Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 223/МА2018/00001

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Нямжанцангийн нэхэмжлэлтэй иргэний

                                                              хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 143/ШШ2017/00260 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Л.Нямжанцангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Энхбилэгт холбогдох,

“191 408 960 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулууны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Нямжанцан, түүний өмгөөлөгч Д.Баттулга, хариуцагч Ж.Энхбилэг, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

 Нэхэмжлэгч Л.Нямжанцан 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Нямжанцан миний бие иргэн Ж.Энхбилэгтэй 50 хувиар эрх, үүрэг хүлээн хамтран үүрэг гүйцэтгэгчээр "Чинхуа-Мак-Нарийн сухайт" ХХК-тай 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ, 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр техник хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулан захиалагч талын техник хэрэгслийн ашиглан хөрс тээврийн болон туслан гүйцэтгэгчээр ажил үүрэг гүйцэтгэх болсон. Ажил гүйцэтгэх гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний 1.1-т тохиролцсоноор 1 рейс хөрс шороо зөөх ажлын өртгийг 1 машинд сард дунджаар 500 рейсээр тооцох, хэрэв 500-с доош рейс явбал 55 юань, 500-700 рейсд 60 юань, 7800-с дээш рейсд 65 юаниар үнэлгээтэйгээр техник хэрэгсэл түрээслэх гэрээнд заасан STEYR маркийн 12 ширхэг автосамосвал, TONLY маркийн 6 ширхэг автосамосвалуудаар гүйцэтгэж байсан. Техник хэрэгсэл түрээслэх гэрээний 1.3-т STEYR маркийн 12 ширхэг автосамосвалыг 2.5 жил, TONLY маркийн 6 ширхэг автосамосвалыг 4.5 жилээр тооцон үнэлж тээврийн ажил үүргээ гүйцэтгэж байгаад уг хугацааны дараа Ж.Энхбилэг бид хоёрын өмчлөлд ирэхээр тохиролцсон. Бид гэрээний үүргээ амжилттай биелүүлж байгаад дурдсан гэрээний нэг тал болох Ж.Энхбилэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Нямжанцан миний бие Ж.Энхбилэгтэй болон "Чинхуа-Мак-Нарийн сухайт" ХХК-ийн зарим нэг удирдлагын зүгээс элдвээр дарамт шахалт үзүүлсний улмаас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэх, цаашид хамтран ажиллах боломжгүй болсон тул 2010 оны 11 дүгээр сарын 01-нд гэрээг цуцлах мэдэгдлийг "Чинхуа-Мак-Нарийн сухайт" ХХК болон Ж.Энхбилэг нарт хүргүүлж, гэрээ албан ёсоор цуцлагдсан. Нэгэнт бид гэрээг цуцалсан тул гэрээнээс гэрээг бий болсон өөрт ногдох дараах хөрөнгийг Ж.Энхбилэгээс гаргуулан авахаар шаардлага гаргаж байна.

А. Ажил гүйцэтгэх гэрээ, Техник хэрэгсэл түрээслэх гэрээг анхлан байгуулахад надаас гарсан болон гэрээнд заасан ажлыг гүйцэтгэн олсон надад ногдох ашгаас худалдан авч бий болгосон дараах хөрөнгө. Үүнд: Фургон автомашин 10,000,000 төгрөг, Зил 130 маркийн автомашин 2,500,000 төгрөг, Ажилчдын орон сууц бариулсан ажлын хөлс 6,000,000 төгрөг,Ажилчдын орон сууцны модон материалын үнэ - 3,000,000 төгрөг Гал зуухны хэрэгсэл 3,000,000 төгрөг, Засварын байр бариулсан зардал - 6,600,000 төгрөг, Контейнер худалдаж авсан зардал - 1,400,000 төгрөг, Ажилчдын ор худалдаж авсан үнэ - 1,800,000 төгрөг, Ажилчдын хувцасны шкаф худалдаж авсан үнэ 500,000 төгрөг, Сэлбэгийн үлдэгдлээс надад оногдох38,009,500 төгрөг, нийт 72,809,500 төгрөг.

Нэгэнт Ж.Энхбилэгт эдгээр хөрөнгө байгаа цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд нь үлдэх учир би мөнгөөр үнэлж гаргуулан авах хүсэлтэй байна.

Б. Ажил гүйцэтгэх гэрээ, Техник хэрэгсэл түрээслэх гэрээний санхүүжилтээр орж ирсэн ажлын хөлснөөс надад ноогдох 50 хувь нь 7-р сард ажлын хөлс- 53,245,584 төгрөг 8-р сард ажлын хөлс- 60,266,082 төгрөг, 9, 10-р сард 175,847,350 төгрөг, 11-р сарын ажлын хөлс- 15,692,618 төгрөг нийт 305,051,635 төгрөгийн тал хувь болох 152,525,818 төгрөг болсон. Үүнээс 128,875,818 төгрөгийг Ж.Энхбилэг надад өгөх үлдэгдэлтэй.

В. "Чинхуа-Мак-Нарийн сухайт" ХХК-тай байгуулсан 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Тенхик хэрэгсэл түрээслэх гэрээний 1.3-т STEYR маркийн 12 ширхэг автосамосвалыг  2.5 жилээр түрээслүүлэн хугацаа дуусмагц Ж.Энхбилэг бид хоёрын өмчлөлд ирэхээр тохиролцсон. Одоо уг түрээслэх хугацаа дуусч байгаа бөгөөд эдгээр автомашинаас 5ш STEYR маркийн автомашиныг Ж.Энхбилэгээс биетээр гаргуулах авахаар шаардаж байна. Автомашин 1 бүрийн үнэ нь 10,000,000 төгрөг буюу нийт 50,000,000 төгрөг.Иймд дээрх үндэслэлээр надтай хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Энхбилэгээс 251,685,318 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ./1-р хх-1тал

-2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан нэхэмжлэлдээ: “...ажлыг гүйцэтгэн олсон ногдох ашгаас худалдан авч бий болгосон дараах хөрөнгө гэснээс 1-9 дугаарт байгаа эд зүйлийг нотлох баримтыг бүрдүүлэн гаргаж өгөх боломжгүй учраас татгалзах, ...автомашиныг Ж.Энхбилэгээс биетээр гаргуулан авах буюу үнэ 50 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлээс нийт 84 800 000 төгрөгөөсөө татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох ...ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтээр сэлбэг хэрэгслийн үлдэгдэл 38 098 813 төгрөг, ашгийн тооцооноос гар олгох 118 474 651.58 төгрөг, бүгд 156 573 464.58 төгрөгийг Ж.Энхбилгээс гаргуулж өгнө үү” гэжээ. /2-р хх- 358 тал/

-2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг  нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: “...ажлын хөлснөөс урьдчилгаа 600 000 юаныг ...дансаас шилжүүлж авсан байна. Энэ хөрс тээврийн ажлын хөлсний урьдчилгааг надад мэдэгдэлгүй хувааж авалгүйгээр Ж.Энхбилэг дангаараа хийсэн ажлын хөлсийг авсан байх тул оногдох хэсэг болох 300,000 юань буюу 86 292 000 төгрөгийн гаргуулж өгнө үү” гэжээ. / 2- р хх-439 тал/

- 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан нэхэмжлэлдээ:” ...нэхэмжлэлийн шаардлагаа 86 292 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна. Энэхүү дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна” гэжээ / 5-р хх-169 тал/

-2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдаанд нэхэмжпэлийн шаардлагын хэмжээг өөрчлөн гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө ярьсан нэхэмжпэлийн шаардлагыг тодруулж ярьсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлээ өөрчлөөд байдаг гэж сая ярьлаа л даа. Хамгийн анхны гаргасан нэхэмжлэлийн дүн болох 251.685.318 төгрөг болохоор тэнд барьсан барилга байшин, унаа тэрэг гээд бүх мөнгө төгрөгөө хоёр талаасаа тэнд зарцуулчихсан. Гэхдээ яагаад татгалзсан бэ гэхлээр бид хоёрын хооронд ийм маргаан болно гэдгийг тооцоолоогүй байсан учраас ямар ч баримтгүй байгаа болохоор нэхэмжлэлийн шаардлагаа хасаад 156.573.460 төгрөг болгосон. Хоёр дахь нэхэмжлэлд буцаад 86.292.000 төгрөг нэмэгдүүлсэн. Чинхуа мак-ийн захирал байсан Батболд энэ хоёр бол найзууд. Өөрийн ажилласан хөлснөөс 600.000 юань гаргаад тэр хүний дансруу хийсэн байсан болохоор өмгөөлөгчийн зөвлөсний дагуу би тэрийг нэхэмжлэсэн юм. Өнөөдөр тэр мөнгөө буцаад хасч байгаа нь бол Батболд захиралтай уулзаад ярилцахад "багийн найзууд минь намайг шүүхэд дуудаад хэцүү байна, уг нь би л та хоёрт энэ ажлыг олж өгсөн шүү дээ, буцаагаад татаад авчихаж болохгүй юу" гэхлээр нь за болъё доо гэж бодоод буцааж татаад нэхэмжлэлийн шаардлагаа одоо 191.408.960 төгрөг болгосон юм. Тэрнээс ямар ч үндэслэлгүй хасч нэмээд байгаа зүйл биш шүү. Намайг өөрт ногдох юм аа аваад явсан гэж хэлж байна. Нэгэнт компанийн өмнө хоёулаа үүрэг хариуцлага хүлээж байгаа учраас үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах үүднээс би тэнд байсан сэлбэг, техник, ажилчдын унаа машин гээд бүх юмыг тэнд нь үлдээгээд явсан. Нэг муухан land Kruser-80 авч явсан юм. Сэлбэгийг Ж.Энхбилэгт хүлээлгэж өгөөгүй гэж байна. Намайг "чи эндээс бушуухан л яв. явж л байвал хамаагүй наад юмнуудаа тэр хоёрт хүлээлгээд өгчих, би дараа нь гарын үсэг зурчихна" гэж хэлсэн болохоор би тухайн үед ажиллаж байсан нярав, механик хоёрт нь хүлээлгэж өгсөн. Тэгээд намайг 07 дугаар сараас 10 дугаар сарыг дуустал ерөөсөө ажиллаагүй гэж худлаа ярьж байна. Шүүхийн танхимд жоохон үнэн юм ярьмаар байна. Манай санхүүжилт бараг 3 сарын дараа бодогдож ордог байсан. 06 дугаар сарын мөнгөө би авч яваад 07 дугаар сарын 06-ны өдөр ирсэн. Гэрчүүд одоо хэлэх байх, намайг 06-ны өдөр ирэхэд Ж.Энхбилэг, Наянтай, Батболд зэрэг хүмүүс Хэнтий аймгийн Дадал руу явсан. Би 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Сонинбаатар гээд одоо байгаа захиралтай үлдээд ажиллаж байсан. Сая тэр хятадаар бичсэн баримтууд гаргаж өглөө, надад хэрвээ үзүүлэх юм бол нэг тороор дүүрэн баримт байгаа. Энэ хүн техник мэдэхгүй учраас сэлбэг авдаггүй, би урдаас очиж бүх сэлбэгнүүдээ авдаг байсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу санхүүжилтээр өөрт ногдох хэсэг 153.310.147 тегрөг, сэлбэгийн үнэ 38.098.813 төгрөг нийт 191.408.960 төгрөг гаргуулж өгнө үү" гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргааны оролцогч талуудын хувьд 2009 онд Чинхуа мак-нарийн сухайт ХХК-тай 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ, 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээг тус тус байгуулан ажилласан гэдэг дээр талууд маргадаггүй. Гэрээнээс үүссэн хөрөнгөтэй холбоотой асуудал дээр маргаж байгаа. Нэхэмжлэгчийг захилагч Чинхуа мак-нарийн сухайт ХХК-ны удирдлагын зүгээс удаа дараа гэрээгээ цуцлахыг шаардсаны дагуу 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээгээ цуцласан. Энэхүү гэрээг цуцласантай холбогдуулж гэрээний эрхийн дагуу бий болсон хөрөнгөө шаардаж байгаа. Анх бол 251.685.318 төгрөгийг нэхэмжлэдэг бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 156.573.460 төгрөг болгон бууруулсан. Үүнийгээ 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 86.292.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Харин өнөөдөр 86.292.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж 191.408.960 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа юм. Учир нь маргалдагч талууд нь дээр дурдсан гэрээний дагуу хамтран 50, 50 хувийн оролцоотойгоор Чинхуа мак-нарийн сухайт ХХК-ны үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Өөрөөр хэлбэл ашиг болон гарах зардлаа 50, 50 хувиар хуваадаг байсан. Энэхүү байдал нь Чинхуа мак-нарийн сухайт ХХК-ны 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14/38 тоот албан бичиг, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 117 тоот албан бичгүүдээр хөрс, тээврийн ашгийн тооцоогоо хуваадаг байсан нь нотлогдож байгаа. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрх үүсч байгаа гэж үзэж байгаа бөгөөд дараахь 2 үндэслэлээр хариуцагчаас 191.408.960 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Нэгдүгээрт, хүлээлгэж өгсөн сэлбэгээс өөрт ногдох хэсгийг шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл хөрс суулгалтын ажлыг түргэн шуурхай тасралтгүй явуулахын тулд өөрсдийн ашгаасаа нэхэмжлэгч хариуцагч нар нь сэлбэг хуваан авч ашигладаг байсан. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах үедээ нийт 76.197.626 төгрөгний сэлбэгийг 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эрх бүхий хүмүүст хүлээлгэж өгсөн байдаг. Энэ нь ч тогтоогддог. Хариуцагч нь 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс үргэлжлүүлэн дангаар ажиллахдаа дээрх сэлбэгийг ашиглаж дууссан байдаг. Чинхуа мак-нарийн сухайт ХХК-ны дээр дурдсан 2 албан бичгээр Ж.Энхбилэг цааш үргэжлүүлэн ажиллахдаа эдгээр сэлбэгийг ашигласан байна гэдэг нь нотлогддог. Тиймээс өөрт ногдох 50 хувь буюу 38.098.813 төгрөгийг нэхэмжилж байна.

Хоёрдугаарт, ажил гүйцэтгэх гэрээний дагуу санхүүжилтээр орж ирсэн ажлын хөлснөөс өөрт ногдох хэсгийг нэхэмжилсэн. Энэ нь 2010 оны 07 дугаар сараас 11 дүгээр сарыг дуусталх хугацааны өөрт ногдох ажлын хөлс болох 153.310.147 төгрөг. Энэ дүнг задалж тодруулъя, хавтаст хэрэгт авагдсан хөрс тээврийн тооцоогоор 2010 оны 07 дугаар сард Чинхуа мак-нарийн сухайт ХХК-наас 53.245.854 төгрөг, 8 дугаар сард 60.266.082 төгрөг, 9 дүгээр сард 1.598.390 төгрөг, 10 дугаар сард 175.847.350 төгрөг, 11 дүгээр сард 15.692.618 нийт 306.620.294 төгрөгийг Ж.Энхбилэг захиалагч компаниас авсан байдаг. Үүний 50 хувь болох 153.310.147 төгрөгийг нэхэмжлэж байгаа юм. Эдгээр саруудад Л.Нямжанцан нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан байдаг. Энэ нь юугаар нотлогдож байна гэхлээр эдгээр саруудад гарсан бүх тооцоог нэхэмжлэгч гаргасан байдаг ба Ж.Энхбилэг нь оролцоогүй болохыг тодруулах нь зүйтэй. Гэрээгээр талууд гэрээг цуцлах тохиолдолд саналаа 30 хоногийн өмнө бичгээр гаргана гэсний дагуу Ж.Нямжанцан нь 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээг цуцлах саналаа өгсөн ба 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилласан гэж үзэж байгаа. Ер нь ажил гүйцэтгэх гэрээнд заавал биечлэн гүйцэтгэнэ гэсэн асуудал байхгүй. Тодорхой хугацаанд Ж.Энхбилэг, Л.Нямжанцан нар нь ажилтнууд авч ажиллуулж байсан байдаг. Ажлын онцлогоос шалтгаалаад энэ 2 хүн Улаанбаатар хотоос 1000 гаруй километр зайд байрлах уурхайгаас гэр оронлуугаа очихын тулд тодорхой хэмжээнд ээлжилж ажилладаг байсан. Шинжээчийн дүгнэлтээр нийт тээврийн хөлснөөс гарсан зардал хасагдаад үлдсэн дүнг Л.Нямжанцан, Ж.Энхбилэгт нарт яг тэнцүү 50, 50 хувиар олгодог байсан гэдэг нь нотлогдсон. Харин Ж.Энхбилэг нь 2010 оны 07 дугаар сараас 10 дугаар сарыг дуусталх хугацаанд Чинхуа мак-нарийн сухайт ХХК-наас нийт 337.663.745 төгрөгийг шилжүүлээд авчихсан байдаг. Үүнд 11 дүгээр сарынх ороогүй гэдгийг дурдах нь зүйтэй. Энэхүү дүнгээс Л.Нямжанцан нэг ч төгрөг аваагүй гэдэг нь мөн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Нэгэнт гарт олгогдох дүнгээс өөр дүнгээр Ж.Энхбилэгийн дансанд орсон гэдэг дээр маргаагүй, зөвхөн хөрс тээврийн хуулалтын тооцоогоор буюу баримтаар нотлогдсон шилжүүлсэн дүнгээс л 50 хувийг нэхэмжилж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Би хариуцагчийн өмгөөлөгчийн хэлсэн дүгнэлт дээр ганц хоёр зүйл хэлье. Нэгдүгээрт, энэ хоёр хүний хооронд ямар гэрээ байгуулагдсан юм бэ гэдэг зүйл ярьлаа. Гэрээг заавал цаасаар буюу бичгээр байгуулагдсан байхыг шаарддаггүй, миний ойлгож байгаагаар гэрээ бичгээр, бодит үйлдлээр, амаар гэсэн 3 төрөл байдаг. Тэгэхээр энэ хоёр хүний хооронд бол амаар буюу Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулагдсан. Сая хариуцагч өөрөө бид хоёр хамтарч ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэрээнээс үүдэлтэй ямар хууль зүйн үндсэслэлтэй маргаан үүсээд байна вэ гэхлээр, Бид нарын маргаад байгаа 2009 оны 03 дугаар сар болон 04 дүгээр сарын 01-ний өдрийн байгуулсан энэ 2 гэрээнд гүйцэтгэгч нь Л.Нямжанцан, Ж.Энхбилэг гэж байгаа. Энэ дээр жишээлбэл тэр нь 40 хувь, энэ 60 хувь гэдэг ч юм уу нэг ч үг үсэг байхгүй. Бодит үйлдэл дээр хэрэгжихдээ тухайн сард хэдэн төгрөгний ашигтай ажилласан байна, тэр мөнгийг л хоёулангийнх нь данс руу 50, 50 хувиар хийчихдэг байсан. Үүнтэй холбоотой баримт нь хавтаст хэрэгт байгаа. хоёрдугаарт, энэ сэлбэгтэй холбоотой буюу 191.408.960төгрөгийг хаанаас гарч ирсэн юм гэж яриад байна. Нярав, механик хоёрт хүлээлгэж өгсөн сэлбэгний 50 хувь нь 38.098.813 төгрөг, дээрээс нь 07-11 дүгээр сар буюу нийтдээ 5 сарын 306.620.294 төгрөгний 50 хувь нь 153.310.147 төгрөг, ингээд нийлээд 191.408.960 төгрөг болж байгаа юм. Энэ шинжээчийн дүгнэлтийн сар бүрийн гарт олгогдох мөнгийг нэмээд ингэж гарч байгаа гэдгийг хэлье. Энэ мөнгөнөөс олгох ёстой юу? олгохгүй юу гэдэг дээр сая хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрчихсөн. Хэрвээ энэ мөнгөнөөс олгож байгаа тохиолдолд зардлаа хасаачээ гэж. Би мөнгөө авчихсан гэдгийг хүлээн зөвшөөрчихөж байгаа юм. Тэгвэл эхлээд олгочих, олгосон тохиолдолд зардлаа хас л даа. Дээд шүүхийн тогтоолыг их үндэслээд байх шиг байна. Тайлбар дээр нь үндэслээд анхан шатны шүүхийг дүгнэлт хий гэсэн болохоор Дээд шүүхийн тогтоолыг анхан шатны шүүх хэрэгжүүлсэн. Тооцоотой холбоотой маргаан байгаа бол шинжээчийн дүгнэлт гарга гэсэн. Шинжээч томилогдоод холбогдох дүгнэлтүүд нь гарчихсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлээгүй асуудал энэ дээр үүсээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт зааснаар энэ хоёр хүний хооронд амаар гэрээ байгуулагдсан. Одоо нэхэмжилж байгаа үндэслэл нь Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт зааснаар гэрээнээс нэг тал нь татгалзаад нөгөө үлдэж гэрээгээ үргэлжлүүлж байгаа тал нь өөрт ногдох хэсгийг нь шилжүүлж өгөх үүрэгтэй. Энэний дагуу л холбогдох хэсгээ нэхэмжилж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудал мөн ярьж байна. Өнөөдрийн маргааны зүйл нь ажил гүйцэтгэх гэрээ, тээврийн хөлсний гэрээ болон энэ хоёр хүний хоорондох хамтран ажиллах гэрээ гэж би үзэж байгаа. Үүний дагуу энэ хоёрын хооронд эрх зүйн харилцаа үүссэн. Шүүхийг төөрөгдүүлэх байдлаар хөдөлмөрийн гэрээ гэсэн асуудлыг яриад байх шиг байна. Энэ бол нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч хамааралгүй. Бас эвлэрлийн гэрээ гэж ярьж байна. Тэр эвлэрлийн гэрээний эрсдэл буюу тухайн холбогдох хэсэг нь бол гарт олгох дүнтэй холбоотой биш, гарт олгохдоо тухайн гүйцэтгэсэн ажлын хөлснөөс нь захиалагч тодорхой хувийг нь суутгаж аваад Чинхуа мак-д барьцаа байдлаар өгдөг. Энэ гэрээ дууссаны дараа энэ хоёрт олгох зохицуулалт байсан. Энэтэй холбоотой асуудал нь тусдаа шийдэгдээд явчихсан асуудал. Миний зүгээс хариуцагчийг харин ч нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй, өөр бусад асуудалтай хольж хутган ийм байдлаар тайлбар хийж шүүхийг төөрөгдүүлж байгаа асуудал байна гэж хэлмээр байна. Сэлбэгийг хэнд хүлээлгэж өгсөн бэ гэдэг асуудал дээр дахиад хэлэхэд 2010 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр сэлбэгийг хүлээлгэж өгсөн баримт хавтаст хэрэгт байгаа. Энэ сэлбэгийг Л.Нямжанцан ашиглаагүй, харин Ж.Энхбилэг 2010 оны 12 дугаар сараас үргэлжлүүлэн ажиллахдаа ашиглаж дууссан байна гэдгийг тухайн үед ажил олгоод байгаа Чинхуа мак компанийн хоёр ч удаагийн албан бичигт тодорхой хэлээд байгаа шүү дээ. Тэр нярав, механик хоёр чинь Ж.Энхбилэгийн ажилчид, энэ хүнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулаад ажилласан гэж хэлсэн. Энэ хүний ажлыг хийсэн байгаа юм. Нярав нь Л.Нямжанцангийн төрсөн дүү нь гээд байна, төрсөн дүү нь байлаа гээд ахыгаа дагаад яваагүй, сэлбэгийг нь хүлээж аваад Ж.Энхбилэгээс ажлын хөлсөө аваад үргэжлүүлэн ажилласан байдаг. Энэ хүн үргэжлүүлэн ажиллаад тэр сэлбэгнүүдийн үр шимийг хүртчихсэн байна шүү дээ. Харин тэр сэлбэгийг авахад би тал мөнгийг нь гаргачихсан авсан сэлбэгийг хариуцагч ашиглачихсан учраас 50 хувийг нь надад буцааж өгөөчээ л гэж нэхэмжлээд байгаа юм шүү дээ. Энэ хаана нь шударга ёс зөрчигдөөд байгаа юм бэ. Харин ч бодит тодорхой зүйл байна шүү дээ. Нэхэмжлэгч, хариуцагч өөрөө 2, 2 сараар ээлжилж байсан гэж хэлж байна. 07 дугаар сарын 06-ны өдөр ирээд 8 дугаар сарын 15-ны өдөр буцсан, тэрнээс хойш 2 сар гэж бодох юм бол 10 дугаар сарын 15-ны өдөр болж байгаа биздээ. 10 дугаар сард ирсэн гэдгийг нь сая хариуцагч өөрөө ч хэлсэн. Яг 2 сарын дараа л ирсэн байна шүү дээ. Тэгээд ажиллаагүй байсан үеийнх нь хөлсийг тухайн ажилласан хүн нь ганцаараа авдаг байсан гэж байх шиг байна. Тийм юм ерөөсөө байхгүй, ажиллаагүй байсан үеийнх нь хөлсийг ч гэсэн яг тэнцүү хуваагаад олгодог байсан баримт хөрс тээврийн гарт олгох тооцоо гэдэг дээр тодорхой харагдана. Тэгэхээр тэр 8 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийн хоорондох хөлсийг хариуцагч тал өгөх ёстой. Өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Ж.Энхбилэг шүүхэд гаргасан тайбартаа:  Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх 2010 онд Л.Нямжанцан гэдэг хүнийг би Өмнөговь аймагт нэг ч хүн танихгүй байхад авч очиж 3 төрлийн гэрээ байгуулсан. Үүнд: 1.Түрээсийн гэрээ, 2. Ажил гүйцэтгэх, 3. Эвслийн сангийн гэрээ гэсэн 3 төрлийн гэрээг байгуулж байсан. Хөрс хуулалтын бүхэл ажлыг би хариуцаж ажилладаг байсан. Энэ хүн инженерийн ажлыг хийдэг байсан. "Чинхуа-Мак-Нарийн сухайт" ХХК-ийн удирдлагууд хөрс тээвэрлэлтийн асуудлыг надтай ярьж бай гэж үүрэг болгосон байсан. Л.Нямжанцангийн гарын үсэг хоёр гэрээнд байдаг. Сүүлийн эвслийн сангийн гэрээнд би гарын үсэг зурсан байдаг. Тэнд очоод Л.Нямжанцан гэдэг хүн ямар байдалтай байсан талаар хэлэх нь зүйтэй байх. Анх 2009 онд бид 2 хамтран ажиллаж байсан. Тэгээд 2010 оноос эхлээд Л.Нямжанцанг ажил хийдэггүй, ажил тасалдаг архи уудаг гэх хэл ам Хятад, Монгол инженерүүдээс гарч байсан. Энэ нь явсаар байгаад 2010 оны сүүлээр 11 сард компанийн удирдлагууд гэрээг цуцалж Л.Нямжанцанг ажлаас халахаас өөр аргагүй болоод энэ хүн өөрөө гэрээгээ цуцлаад явсан байдаг. Одоо Л.Нямжанцангийн нэхээд байгаа 600,000 юанийг 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдөр компанийн данснаас миний данс руу мөнгө шилжүүлээд буцаагаад 2 минутын дараа Н.Батболд гэдэг захирлын дансанд хий гээд хийлгэсэн. Энэ мөнгөнөөс би өөртөө нэг ч төгрөг аваагүй. Сэлбэгийн үнэ 38,000,000 төгрөгийг нэхэж байгаа. Надад хүлээлгэж өгсөн сэлбэг бол байхгүй. Ямар учиртай мөнгө нэхээд байгааг би ойлгохгүй байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Ашгийн тооцоо гэж 7, 8, 9, 10, 11 дүгээр сарын мөнгө гэж 118,474,651 төгрөгийг нэхэмжилж байна. Л.Нямжанцан нь 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс явсан. Явж байгаад 2013 оны 10 дугаар сард ирсэн, Ирэхэд нь компанийн удирдлагууд энэ хүнийг ажиллуулахгүй гэсэн. Тэгээд буцаад хөөгдөөд явсан. 07 сараас ямар ч ажил хийгээгүй байж ашгийн тооцоо авна гэх юм. Огт ажил хийгээгүй байж авна гэхээр нь би гайхаад байгаа, Энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэгээд 7, 8, 9, 10, 11 дүгээр сарын цалингаа авсан байдаг. Энэ хүний гаргаж өгсөн анхан шатны тооцоо надад бас байгаа. Би тэрийг мэргэжлийн хүнээр тооцоо хийлгэхэд Л.Нямжанцангаас би 50,000,000 төгрөгийг авлагатай болж гарсан. Л.Нямжанцан өөрөө ч мэдэж байгаа тээвэр хийхэд ямар их зардал гардаг гэдгийг, 2 сар тутамд 100 гаруй дугуй хэрэглэдэг байсан гэдгийг мэдэж байгаа байх. Энэ бүх зардлыг ашгаасаа л гаргадаг. Би өөртөө хадгалж байсан бүх анхан шатны санхүүгийн баримт бичгээ гаргаж өгсөн. Би хувийн няравтай, компаниас гадна давхар тооцоогоо гаргаад явдаг байсан. Энэ бүх нэхэмжлээд байгаа мөнгө нь ямар нэгэн үндэслэл байхгүй учраас би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2011 оны 03 дугаар сард нэхэмжлэл гаргасан байдаг. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэлээ яг бодитой үндэслэлтэй тооцоо гаргаж чадахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа өөрчлөөд өнөөдөр 191.408.960 төгрөгийг нэхэж байна. Энэ дүн хаанаас гарч ирж байгаа юм, задаргаа байхгүй. Бид нарын хийсэн тооцоогоор эд нар нэхэх юм бол сэлбэгний 50 хувь нь 38.098.813 төгрөг дээр 2010 оны 7, 8, 9, 10, 11 дүгээр сарын ажлын хөлс /уг нь 156.684.462,44 төгрөг/ нэхэмжлэлд бичсэн нь 194.850.487 төгрөг ингээд нийлээд 232.949.300 үүний 50 хувь гэж үзвэл 116.474.650 төгрөг гарч байгаа. Энэ дээр сэлбэгийн 50 хувийг нэмэхээр 154.573.463 нэхмээр юм шиг гарч байгаа юм. Гэтэл хаанаасаа 191.408.960 төгрөг гаргаж ирээд байгаа талаараа тайлбарлаж чадахгүй байна. Энэ хэрэг 2011 оноос хойш явсаар байгаад 2015 онд дээд шүүхээр орсон. Дээд шүүхийн 778 дугаар тогтоолын 5 дугаар хуудсанд маш тодорхой бичсэн. 6 жил явсан хойно нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. Тэгэхээр энийг хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэл байхгүй. Юуны өмнө Л.Нямжанцан гэдэг хүн нэхэмжлэгч мөн үү биш үү гэдгийг тогтоох учиртай. Үүний тулд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийг би анхаарна. Энэ хүний эрх ашиг нь яаж хөндөгдсөн юм, хөндөгдсөн бол хуулийн хүрээнд хөндөгдсөн юм уу, гэрээний хүрээнд хөндөгдсөн юм уу. Тэгвэл дээд шүүхийн тогтоол дээр зохигчдын хооронд ямар гэрээ байгуулагдаад байгаа юм бэ гэж заасан. Үнэндээ ямар ч гэрээ байхгүй шүү дээ. Тэр хөлсөөр ажиллах гэрээ, тээвэр түрээслэх гэрээг ярьж байна. Энэ бол Чинхуа мак-нарийн сухайт ХХК гэдэг хуулийн этгээд 2 хувь хүний байгуулсан гэрээ. Эндээс олсон үр ашгийг хоорондоо хувааж авна гэдэг нэг ч заалт байхгүй. 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хамгийн анхны нэхэмжлэлдээ нэгэнт бид гэрээг цуцласан тул гэрээнээс бий болсон өөрт ногдох хувиа Ж.Энхбилэгээс гаргуулан авахаар шаардлага гаргаж байна гэж байгаа. Өөрт оногдох хөрөнгөө энэ нөхөр бүгдийг нь аваад явчихсан. Энэ хүний эрх ашиг ямар нэгэн байдлаар Ж.Энхбилэгээс болж хохироогүй. Хавтаст хэрэгт захирлын тушаал нь бий. 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээг цуцдагдах өдөр хүртэл энэ уурхайд ямар ч ажил хийгээгүй. Өөрөө хэлж байна 50, 50 хувиар юм авсан гэж. Жишээ нь 2010 оны 05 дугаар сараас 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Л.Нямжанцан ажилласан. 07 дугаар сарын 01-ний өдрөөс Ж.Энхбилэг ажиллаад явсан, өөрөөр хэлвэл 2, 2 сараар ажиллаад явж байгаа юм. Ажилласан хугацааныхаа бүх зардлыг компаниас авч байгаа хөлсний мөнгөнөөс төлөөд үлдэгдэл мөнгийг нь орлого ашиг маягаар өөртөө авдаг. Нэгэнт 07 дугаар сараас 11 сар хүртэл Ж.Энхбилэг ганцаараа ажилласан учраас энэ мөнгийг Л.Нямжанцан би авах ёстой гэж хэлэх ямар ч эрх байхгүй. Тийм хууль хаана байна, тийм гэрээ нь хаана байна тэрийгээ үзүүл. Тэгвэл энэ мөнгийг өгч болно. Ийм учраас энэ хүний эрх ашиг хөндөгдсөн зөрчигдсөн талаар ярих учиргүй. Өөрөөр хэлвэл энэ хүн нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш. 76.197.626 төгрөгний сэлбэгийг хүлээлгэж өгөөд явсан гэж хэлдэг. Нэгэнт Чинхуа мак-нарийн сухайт ХХК-тай гэрээ байгуулсан субъект нь Л.Нямжанцан, Ж.Энхбилэг гэдэг 2 хүн, хоёулаа адилхан үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс. Хэрвээ Л.Нямжанцан ийм хэмжээний сэлбэг авсан юм бол Ж.Энхбилэгт хүлээлгэж өгөөд явах ёстой. Тэгсэн байж энэнийхээ талыг авъя гэж нэхэх ёстой. Гэтэл энэ сэлбэгийг хэнд хаана хүлээлгэж өгөөд явсан нь огт ойлгомжгүй бөгөөд ямар ч баримт байхгүй. Хэрвээ Чинхуа мак-д хүлээлгэж өгсөн бол тусдаа асуудал, тэр мөнгөө Чинхуа макаас л ав. Дээр дурдсан асуудлаас үзэхэд Дээд шүүхийн 778 дугаар тогтоолын заалтыг нэхэмжлэгч биелүүлээгүй. Өнөөдрийг хүртэл Л.Нямжанцан миний эрх ашиг ингэж хөндөгдсөн, би нэхэмжлэгч хүн мөн гэдгээ ямар ч нотлох баримтаар нотлож чадаагүй. Мөн энэ маргаан бүхий хэрэгт оролцож байгаа зохигчдын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй. Ямар ч гэрээ хэлцэл байхгүй учраас харилцан бие биенийхээ өмнө үүрэг хүлээх үндэслэл байхгүй. Харин Чинхуа мак гэдэг компанийн өмнө үүрэг хүлээж байсан. Өмгөөлөгч нь 50, 50 хувиар авдаг байсан гэж хэлж байна. Энэ нь өөр өөрсдөө ажилласан хугацааныхаа мөнгөнөөс гарсан зардлаа хасаад үлдэх ашгаа авдаг байсан. Энийг гарт олгогдох мөнгө гэж хэлж байгаа юм. Ажил хийсэн хугацаанд нөгөөх нь амарч байгаа тохиолдолд чи ажилласан учраас надад мөнгө өг гэдэг зүйл ярьдаггүй байсан. Уг нь ийм л тодорхой үйл баримт тогтоогдож байгаа юм. Л.Нямжанцанг 07 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сар хүртэл ажиллаагүй гэдгийг гэрчүүд нотлох байх. Захирлын тушаалтай маргалдахгүйгээр Л.Нямжанцан би өөрөө ажлаасаа гаръя гээд өргөдлөө өгчихсөн байдаг. Үүнээс гадна хавтаст хэрэгт авагдсан Улсын дээд шүүхийн анхан шатны шийдвэр болон давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгоод чухам ямар хэмжээнд эвлэрч шийдсэн гэдгийг мэдэхгүй ч эвлэрэлийг баталгаажуулчихсан тогтоол байдаг. Энэ тогтоол дээр бас 50, 50 хувиар гэдэг үг бий. Энэ бол хийсэн хийсэн хугацааныхаа ажлын хөлсийг авна гэдэг зохицуулалт болохоос нөгөө хүнийхээ хийсэн ажлын 50 хувийг авна гэдэг үг биш. Зохигчдын хооронд ингэж амаар болон бичгээр байгуулсан хэлцэл байдаггүй. Тэгэхээр энэ хүний гаргаж байгаа нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй, мөн өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй явж байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох замаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл нь байгаа. Миний хувьд холбогдох нотлох баримтанд тулгуурлаж, хууль зүйн үндэслэлтэйгээр ярьж байгаа болохоос нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шиг шударга ёс, хууль ёс гэсэн лоозонгийн шинжтэй юм яриагүй. Миний хэлснийг бас их буруу ойлгоод байна л даа. Би нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэдэг, багасгадаг асуудал ерөөсөө яриагүй, энэ бол нэхэмжлэгчийн эрхийн асуудал. Та нарын 191.408.960 төгрөг гэж нэхээд байгаа чинь яаж гарч ирээд, юуг үндэслээд байгаа юм бэ? бид нарын тооцоон дээр ийм байна гэж ярьхаар шинжээчийн дүгнэлтээс авсан юм аа гэж юу яриад байгаа юм бэ. Тэгвэл энэ нэхэмжлэлээ өөрчил л дөө. Ингээд ямар ч үндэслэлгүй, нотолгоогүй сонин юм ярьчихаад, энийг нь хэлэхлээр өөдөөс би нэхэмжилж байгаа юм гээд байх юм. Би өнөөдрийг хүртэл энэ 191.408.960 төгрөг юунаас гарч ирж байгааг ойлгохгүй байна. Энийгээ задлаад хэлж чадахгүй л байна шүү дээ. Тэгээд өмгөөлөгчийнх нь хэлж байгаагаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдчихсан юм байна л даа. Тэгээд энэ хүн нь гэрээнээс гарахаараа нэхээд байгаа. Тэгвэл энэ хүний чинь өөрийнх нь Дэд захирал Батболд та 10 дугаар сарын 10-ны өдрөөс ажлын байраар хангахгүй ажиллах боломжгүй болсон, гэрээг цуцлахыг шаардсан тул 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээг цуцлахыг мэдэгдэж байна гэж цагаан дээр хараар бичсэн юм нь байж байна шүү дээ. Энийг нь үндэслээд д хөдөлмөрийн гэрээг цуцласан. Энэ компанийн захирлын гаргаж байгаа шийдвэрийг юу гэж ойлгох юм.Тэгэхээр энэ чинь Чинхуа мактай гэрээ байгуулсан байна уу? Ж.Энхбилэгтэй гэрээ байгуулсан байна уу? Ийм ойлгомжтой юман дээр толгой эргүүлэх гэж байгаа юм шиг энэ хоёр хүний хооронд гэрээ байгуулсан гэж яриад, байгуулагдаагүй гэрээнээс гарна гэж байдаг юм уу? Улсын дээд шүүхийн тогтоолын хувьд би хэлье. 5 дугаар хуудсанд Ж.Энхбилэг, Л.Нямжанцан нар нь дээрх гэрээний нэг тал боловч тэдний хооронд ямар гэрээ байгуулсан нь тодорхой бус, энэ талаар бичиг баримт хэрэгт авагдаагүй байна, энэ тохиолдолд талуудын хооронд үүссэн гэрээний харьцааны талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн талаар магадлалд заасан нь учир дутагдалтай болжээ гээд 476 дугаар зүйл биш шүү гээд заачихсан. Гэтэл бодит үйлдлээр хийгдсэн хэлцэл 476 зүйлд заасан харилцаа үүссэн гэж яриад байх юм, яаж энийгээ нотлох юм. Шүүх нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргадаг болохоос хэн нэгний толгойдоо орж ирсэн бүхнийг ярьснаар шийдвэр гаргадаг байгууллага биш гэж итгэж байгаа. Би нотлох баримтыг л шаардаад байгаа юм. Үүнээс гадна тэр сэлбэгийг хүлээлгэж өгсөн, энэ хугацаанд ашиглаад идээд дуусчихсан гэдэг зүйл ярьж байна. Ж.Энхбилэг гэдэг хүнд хүлээж аваад хэрэглэчихсэн гэдгээ нотлочих, харин Чинхуа мак ХХК-д хүлээлгэж өгсөн бол тэр тусдаа асуудал. Энэ хоёр хүний хуулийн этгээдтэй байгуулсан ажил гүйцэтгэх болон тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээнээс харах юм бол түрээслэгч захилагчийн эрх үүрэг нь маш тодорхой байж байгаа. Энэ хоёр гэрээнд Ж.Энхбилэг, Л.Нямжанцан хоёрын хоорондын харилцааг зохицуулсан нэг ч үг үсэг, заалт байхгүй. Гэтэл энийг Ж.Энхбилэг, Л.Нямжанцан хоёрын хооронд байгуулсан гэрээ мэтээр яриад байх юм. Энийг бол би нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлээ хууль бус, ямар ч хамаагүй аргаар нотлох гэж оролдож байгаа аргаа ядсан үйлдэл гэж харж байна. Дээрээс нь 07 дугаар сараас 11 сар хүртэл миний эрх ашиг ингэж хохирсон учраас өдий төгрөг авна гэдгээ нотлоод өг, тэгвэл чамд шаардах эрх үүсэж магадгүй.” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...

Нэг: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн асуудлаар

Нэхэмжлэгчийн зүгээс анх 2011 оны 03 дугаар сарын 15-ныөдөр Хэнтий аймгийн сум дундын шүүхэд хандаж, 251,685,318 төгрөгийг Ж.Энхбилэгээс гаргуулахаар нэхэмжлэлийн үнэ, шаардлагаа тодорхойлж, хандсан байдаг. (хх-ийн 1 дүгээр боть 3 дугаар хуудас)

Үүнээс хойш 2013 оны 11 дүгээр сарын 27-нд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ багасгаж. 156,573,464 төгрөг болгож нэхэмжилдэг. Энэ нэхэмжлэлийн шаархлага нь үнэндээ бол зөвөөр тооцоход 154.573.463 төгрөг байдаг юм. (хх-ийн 2 дугаар боть 358 дугаар хуудас)

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ийнхүү багасгаснаас хойш 4 сарын дараа буюу 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 86,292,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэ.мэгдүүлж, нийтдээ: 242,865,464 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж эхэлдэг юм. (хх-ийн 2 дугаар боть 439 дүгээр хуудас)

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдаанд сүүлд нэмэгдүүлэн нэхэмжилсэн 86,292,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсанаар нэхэмжлэлийн үндсэн шаардлага, үнэ нь 156,573,464 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч энэхүү шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 190,408,960 төгрөг болохыг тодорхойлж, шүүх хуралдаанд мэдүүлдэг. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлж, ямар үндэслэл, задаргааг хийж буй талаар тодорхой тайлбар өгөх хүсэлт гаргахад тодорхой хэмжээнд нотлох баримтад тулгуурлан тайлбарлаж чаддаггүй бөгөөд гагцхүү шинжээчийн дүгнэлтэд заасан гарт олгогдсон мөнгөний 50 хувь болох 145.463,674 төгрөг, Ж.Энхбилэгт үлдээсэн сэлбэгийн үнийн 50 хувь болох 38.098.813 төгрөгийг нэмээд энэ дүн гарч байгаа гэж мэдүүлдэг. Гэтэл энэ хоёр тоог нэмэхэд 183.562,487 төгрөг болж байгаа юм.

Энэ бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд тодорхойлох учиртай тоо. нэхэмжлэлийн үнийн дүн, шаардлага гэж ойлгогдож байна.

Энэхүү дээр дурдсан үндэслэл, тооцооллуудад тулгуурлан дүгнэлт хийхэд анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

1. ИХШХШТХ-ийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан: "нэхэмжлэлийн үндэслэл. шаардлага. түүнийг нотлох баримт" гэсэн хуулийн шаардлагыг нэхэмжлэгчийн зүгээс хангаж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, бичгээр гаргасан нэхэмжлэл байхгүй байхад хэрэг маргааныг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн.

Нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн үнийг хэрхэн тооцож, тодорхойлсон, өөрчилж буй талаар албан ёсоор нэхэмжлэлээ бичгээр гаргаж өгөөгүй явдал нь ИХШХШТХ-ийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй ноцтой алдаа болно.

2. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа бүрэн дүүрэн нотатж чадаагүй. үнийн дүн, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, эргэлзээтэй 12 анхан шатны шүүхээс 145,463,674 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж. 45.945.286 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж буй нь ИХШХШТХ-ийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан "... хэрэгт байгаа болон шүүх хуралдмвмр .цэгдэж.  хэргийг хянан  шийдвэрлэхэд үндэс  болсон  нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж буй тухай заана" гэсэн хуулийн шаардлагыг биелүүлж, хэрэгжүүлж чадаагүй болно.

3. Анхан шатны шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 778 дугаар тогтоолд заасан ""нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, зохигчдын гаргасан тайлбар. нотлох баримтыг үнэлэх, улмаар талуудын хооронд гэрээний харилцаа уүссэн эсэх, үүссэн бол ямар харилцаа үүссэн талаар шүүх дүгнэлт хийх нөхцөл бүрдэх учиртайг дурдах нь зөв гэж үзлээ" гэсэн заалтыг хангуулах ажлыг бүрэн гүйцэд хийж. гүйцэтгэж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэлээр зохих ёсоор үнэлж чадаагүй, хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй нь ИХШХШТХ-ийн 37, 38, 40, 76 дугаар зүйлүүдийн заалтыг зөрчсөн алдаа гэж үзэж байна.

Хоёр: Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар:

Анхан шатны шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэртээ Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.6 дахь хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийн заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно. Гэтэл Иргэний хуулийн 241.6-д "Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчийн хэн нэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хулээи авсан бол бусад үүрэг гүйцэтгүүлэгчид ногдох хэсгийг хүлээлгэн өгөх үүрэгтэй" гэж заасан байна.

Харамсалтай нь шүүх бүрэлдэхүүн зохигчдыг (нэхэмжлэгч ба хариуцагч) гэрээний нэг тал болох үүрэг гүйцэтгэгчид болохыг ойлгоогүй, эсхүл зөвхөн нэхэмжлэгчид ашигтай байдлаар хэрэг маргааныг шийдвэрлэхийн тулд хуулийг зориуд бур» тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрээнүүдээр зохигчид нь "Чинхуа МАК-Нарийн сухайт" ХХК-ийн өмнө хөрс хуулалтын тээврийн ажил гүицэтгэх гэрээ ёсоор "ажил гүйцэтгэгч" нар болох нь бүрэн нотлогддог. Зохигчид хэзээ ч “ажил гүйцэтгүүлэгч" буюу "захиалагч" байгаагүй болох нь туйлын тодорхой нотлох баримтуудаар бүрэн нотлогддог юм.

Мөн шийдвэртээ Иргэний хуулийн 492.1.1 дэх заалтыг баримталсан бөгөөд энэ заалтад: “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй. эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон" гэжээ.

Хуулийн энэ зохицуулалт, шаардлагыг хангахын тулд мөн хуулийн 492.1-д: "Бусдын емнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй" гэжээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн зохицуулалтаар "Үндэслэлгүй хөрөнгөжих" явдпыг хуулийн хүрээнд зохицуулсан байдаг.

Энэ ч утгаараа талуудын хооронд харилцан үүрэг үүссэний улмаас "хөрөнгө шилжүүлсэн" байхыг шаардаад, улмаар уг хөрөнгийг ямар тохиолдолд эргүүлэн шаардаж болох нөхцөлүүдийг мөн хуулийн 492.1.1, 492.1.2 дахь хэсгүүдээр илүү нарийвчлан зохицуулсан болно.

Зохигчдын хооронд үүссэн маргааны онцлог, нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд хариуцагч нь Иргэний эрх зүйн онолын үүднээс тайлбарлахад ямар нэг хэлбэрээр "үндэслэлгүй хөрөнгөжсөн" үйл баримт угаасаа тогтоогдоогүй байдаг.

Гэтэл үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж маргааныг шийдвэрлэж буй нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гэж үзэж байна.

Хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээр, үйл ажиллагаа явуулсан 6 жил гаруйн хугацаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа бүрэн тодорхойлж, нотолж чадаагүй болохыг зориуд тэмдэглэж байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй  болгож, анхан шатны шүүхэд харьяаллын дагуу буцааж өгнө үү.” гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2-д зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээс өөр үндэслэлээр эрх зүйн дүгнэлт хийсэн, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагын талаар бүрэн дүгнэлт өгч шийдвэрлээгүй  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасны дагуу нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн  шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрх нь зөвхөн нэхэмжлэгчид л хуулиар олгогдсон байна.

Шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Л.Нямжанцан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасган “...2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэн өгсөн 76 197 626 төгрөгийн үнэ бүхий сэлбэгээс Ж.Энхбилэг нь ажиллахдаа ашиглаж дууссан тул өөрт оногдох хэсэг  38 098 813 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний дагуу санхүүжилтээр орж ирсэн  ажлын хөлснөөс  2010 оны 7 сард 53 245 854 төгрөг, 8 сард 60 266 082 төгрөг , 9 сард 1 598 390 төгрөг, 10 сард 175 847 350 төгрөг, 11 сард 15 692 618 төгрөг нийт 306 620 294 төгрөгийн өөрт оногдох хэсэг буюу 50 хувь болох 153 310 147 төгрөг, нийт 191 408 960 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж, харин нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ хариуцагч Ж.Энхбилэгтэй амаар буюу Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт заасны дагуу хамтран ажиллах гэрээ байгуулагдсан учраас олсон ашгийн өөрт оногдох 50 хувийг шаардах эрхтэй хэмээн үндэслэлээ тодорхойлж тайлбар гарган маргажээ.

Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс өөр үндэслэлээр эрх зүйн дүгнэлт хийсэн буюу зохигчдын хооронд үүссэн харилцааны талаар хамтран ажиллаагүй байна гэж эрх зүйн дүгнэлт хийсэн атлаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг“-ийн зохицуулалтыг баримтлан хариуцагч Ж.Энхбилэгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн төдийгүй Улсын Дээд Шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 778 дугаар тогтоолд заасан заалтыг бүрэн биелүүлээгүй,хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн эсэх, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байна.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нь гэрээний бус үүргийн дагуу буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийг үндэслэн хариуцагчаас 191 408 960 төгрөгийн шаардлага гаргаагүй байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх /талуудын зарчим/ зарчим болон шүүх хөндлөнгийн байх тусгай зарчмуудыг зөрчсөн гэж үзнэ.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтын шаардлага хангасан гэж  нотлох баримтуудыг нэрлэн заасан байх боловч эдгээр нотлох баримтуудад   үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн байна.

 Шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх болсон нотолгооны гол хэрэгсэл нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан “Од бүртгэл аудит “ХХК-ийн шинжээчдийн  дүгнэлт байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогчдын гаргасан бусад нотлох баримтуудтай харьцуулж дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “ Шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” мөн хуулийн 40.3-д “ шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д “ Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 

Хавтас хэрэгт авагдсан  /1-р хх-42 тал/ “Чинхуа-Мак нарийн сухайт” ХХК-ийн тэргүүн дэд захирлын “хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай“ 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10/153 дугаар тушаал дээр  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч биш  “Чинхуа мак нарийн сухайт” ХХК–ийн “хуулбарын үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасан шаардлага хангаж байхад шүүх мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 2010 оны 7-10 саруудын   төлбөрийн 50 хувь болох 145 463 674 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байх боловч 2010 оны 11 дүгээр сард холбогдох 15 692.618 төгрөгт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан,  нэхэмжлэлийн шаардлагын талаар бүрэн дүгнэлт өгч шийдвэрлээгүй байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримтыг үнэлэх, хууль хэрэглээний талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д “шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна “ гэсэн шаардлага хангахгүй байгаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчаас гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ

1.Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШШ2017/00260 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч Ж.Энхбилгээс давж заалдах гомдол гаргахад төлсөн 886 000 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.БОЛОРМАА

                        ШҮҮГЧИД                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                                                                               Т.ЭНХМАА