| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 140/2016/00140/И |
| Дугаар | 03 |
| Огноо | 2018-02-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 03
Ш.А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүх
хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч: Ж.Баттогтох
Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр
Бусад оролцогчид:
Нэхэмжлэгч: Ш.А-
Хариуцагч: С.Я
Хариуцагчийн өмгөөлөгч: Д., Г.
Гуравдагч этгээд: Х.С-
Нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн нар оролцов.
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжиннямын даргалж, шийдвэрлэсэн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 526 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч С.*******а, Ж.******* С.Я нарын давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.А- анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2014 оны 10-р сарын 28-ны өдөр С.*******а, С.Я, Ж.******* нар нь хамт байлцан гэрээ хийж 30 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй надаас зээлж авсан. Зээлийн барьцаанд хашаа, байшингаа бичиг баримтын хамт тавьсан. Үүнээс хойш 2016 оны 02-р сар хүртэл сар бүр 1,500,000 төгрөгийн хүү төлж байсан. 2016 оны 02-р сарын үед зээлийг чинь сунгах боломжгүй байна, надад мөнгө хэрэгтэй байна гэж яриад уулзах гэж очсон боловч хаалга, үүдээ тайлахгүй, утсаа авахгүй өдий хүрч байна. Иймд зээлийн 4 сарын хүү 3 сая төгрөг, үндсэн зээл 30 сая төгрөг, нийт 33 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Мөн улсын тэмдэгтийн хураамж 330,000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байна. Улмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж үндсэн зээлийн үлдэгдэл 29,000,000 төгрөг, алданги 14,500,000 төгрөг, банкны зээлийн хүү 6,416,219 төгрөг нийт 49,916,219 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн байна гэжээ.
Хариуцагч С.*******а анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцгач С.*******а 2016 оны 05-р сарын 16-ны өдөр тус шүүхэд хүсэлт гаргаж тайлбар өгсөн бөгөөд уг тайлбарт зурагдсан гарын үсэгийг зураагүй гэж маргаж, шинжээч томилох хүсэт гаргасны дагуу 2017 оын 10-р сарын 02-ны өдрийн 201710059 дугаартай Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас хавтаст хэргийн 2016 оны 05-р сарын 16-ны өдөр гаргасан тайлбарт зурагдсан гарын үсэг С.*******агийн гарын үсэг биш байна гэсэн дүгнэлт өгсөн байна. Үүнээс хойш С.*******а нь нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар өгөөгүй байна.
Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.А-тэй 30,0 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулан авсан боловч манай эхнэр, охин бид гурав ямар ч мөнгө аваагүй. Ш.А- бид нарт мөнгө өгөөгүй. Иймд энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Ц.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 10-р сард 30,0 сая төгрөг зээлж авах гэрээ хийсэн боловч миний бие Ц., эцэг Ж.*******, эх С.*******а бид нар нь Ш.А-ээс 30,0 төгрөг аваагүй. Гэрээ хийсэн өдрөө Ш.А- нь мөнгө гардуулан өгөөгүй бөгөөд бидэнд цаашид мөнгөний шаардлага гараагүй тул зээлээгүй гэжээ.
Хариуцагч С.Я шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.А-тэй байгуулсан зээлийн гэрээ нь /хүүтэй мөнгө/ Иргэний хуульд иргэд хүүтэй мөнгө зээлүүлэх зохицуулалт байхгүй тул үндсэн, зээлж авсан гучин сая төгрөгийг л гүйцээж төлнө. Мөнгөний хүү, алданги тооцож төлөх боломжгүй гэжээ.
С.*******а, Ж.******* нар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Ш.А- нь 30 сая төгрөгийг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж авлаа, зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгийн ******* дугаарын ******* эрхийн бүртгэлийн дугаартай, газрын ******* дугаартай хашаа, байшинг тавлаа, зээлийн хугацаа хэтэрвэл хоногийн 0.5 хувийн алдагни төлнө, 15 хоногоос хэтэрвэл уг барьцааны хашаа байшинг зарж борлуулахыг зөвшөөрөв гэсэн зээлийн гэрээг 2014.10.28-нд Ц.******* надтай байгуулж Ж.******* миний нэр дээр байдаг гэр бүлийн дундын өмч болох Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн нефьтийн хэсгийн 1-15 тоотод байрлах хувийн сууцны 96 мкв талбайтай 2 өрөө, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж олгосон ******* тоот гэрчилгээ, мөн Жаргалант багийн нефьтийн хэсгийн 1-5 тоотод байрлах гэр бүлийн хэрэглээний зориулалттай 17757 мкв газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж олгосон ******* тоот гэрчилгээ зэргийг Ш.А- нь зээлийн барьцаанд авсан. Мөн Ш.А- нь С.*******а, Ж.******* бид нарт 30 төгрөгийг 2014.10.29-нөөс 2014.11.29-н хүртэл 30 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлдүүлнэ, энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тул барьцааны зүйл болгон ******* тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаанд авахаар 2014.10.29-нд зээлийн гэрээг С.*******а, Ж.******* бид нартай байгуулж нотариатаар батлуулсан. С.*******а, Ж.******* бид нар нь Ш.А-ийг бид хоёрт мөнгө зээлүүлээч, 30 сая төгрөг хэрэгтэй байна гэхэд ******* зөвшөөрч 30 сая төгрөгийг зээлдүүлэхээр болж үүнийх нь дагуу бид нар түүнтэй дангаар болон хамтарч зээлийн гэрээг 2 удаа байгуулсан. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь түүнийг бид нарт мөнгө зээлдүүлэх нь гэж итгэсэн, тэгтэл тэр бид нарт мөнгө өгөөгүй, бид нарыг хуурч мэхэлсэн. Гэтэл Ш.А- нь 2014.10.28-нд зээлийн гэрээний дагуу 30 сая төгрөгийг Ж.******* надад зээлдүүлээгүй. Мөн 2014.10.29-ндзээлийн гэрээний дагуу 30 сая төгрөгийг Ж.*******, С.*******а бид нарт зээлдүүлээгүй.
Иймд 2014 оны 10-р сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 10-р сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, Ш.А-ийн зээлийн гэрээний барьцаанд авсан Ж.*******ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* тоот гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 00085642 тоот гэрчилгээг тус тус Ш.А-ээс гаргуулж Ж.*******, С.*******а бидэнд гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөх чадваргүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.3-т зааснаар сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ.
Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.*******агаас 9.208.064,5 төгрөг, С.Ягаас 9.208.064,5 төгрөгийг нийт 18.416.129 гаргуулж нэхэмжлэгч Ш.А-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31.500.087 төгрөгийг, мөн Ж.*******, Ц.д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 61 дүгээр зүйлийн 61.1 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан 2014 оны 10-р сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ш.А-, Ж.*******, С.*******а нарын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж олгосон ******* тоот гэрчилгээ, мөн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж олгосон ******* тоот гэрчилгээ зэргийг Ш.А-ээс гаргуулж хариуцагч Ж.*******, С.*******а нарт олгож, нэхэмжлэгч Ш.А-, хариуцагч С.*******а, С.Я нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгүүдийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 565481 төгрөгнөөс 250030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 315451 төгрөг, хариуцагч С.*******а, С.Я нараас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамж болох 250030 төгрөгийг хувь тэнцүүлэн тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх ёстой улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч С.*******а давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 526 тоот шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шударга бус шийдвэр гарлаа гэж үзэж гомдол гаргаж байна.
Иймд давж заалдах шатын шүүхээс доорх бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч С.*******а надаас 9.208.064 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-эд олгохоор шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгосон, мөн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон заалт бүхий магадлал гаргаж өгнө үү... гэжээ.
Жич: Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч С.*******а /утас. утастай миний бие өөрийн өмгөөлөгч Д. /утас:, / утастай өмгөөлөгч Г., /утас: / нарын хамтаар биечлэн оролцуулж шүүх хурлын товыг мэдэгдэхийг хүсье гэжээ.
Хариуцагч Ж.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 526 тоот шийдвэрээр Иргэний хуулийн 56.1.8, 61.1, 156.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байгуулсан зээлийн гэрээг тус туст хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй, зөрчсөн, үндэслэлгүй, буруу, шударга бус шийдвэр гарлаа гэж үзэж хариуцагч Ж.******* миний бие давж заалдах гомдол гаргаж байна.
... Иймд 2014 оны 10 дугаар сарын 29-ний зээлийн гэрээ нь өөрөө Иргэний хуулийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл Иргэний хуулийн 56.1.8, 156.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Я давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 526 тоот шийдвэрээр Монгол улсын Иргэний хуулийн 281.1, 232.6, 222.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.Я надаас 9.208.064 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-эд олгохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй, зөрчсөн, үндэслэлгүй, буруу, шударга бус шийдвэр гарлаа гэж үзэж хариуцагч С.Я миний бие давж заалдах гомдол гаргаж байна.
Иймд давж заалдах шатын шүүхээс бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч С.*******а надаас 6.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-эд олгох заалт бүхий магадлал гаргаж өгнө үү... гэжээ.
Хариуцагч С.Я давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ш.А-ээс 30.000.000 төгрөгийг С.Я миний бие нь авсан юм. Одоо 23.500.000 төгрөгийг төлж барагдуулсан намайг 30.000.000 төгрөгийг зээлж авсан тухай мэдэх гэрч аа гэрчлэнэ. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дугаар сарын 16-ны өдрийн 526 тоот дугаартай шийдвэрээр С.Я надаас 9.208.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-эд олгохоор шийдвэрлэсэн энэхүү шийдвэрийн Иргэн хуулийг заалтуудыг зөрчсөн буруу шийдвэр байна гэж үзэж байна. Тийм учраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан миний тухайд 6.500.000 төгрөгийг надаас гаргуулж нэхэмжлэгч Ш.А-эд олгож өгнө үү гэсэн хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна. Хариуцагч С.*******а нь нэхэмжлэгч Ш.А-ээс 30.000.000 төгрөгийг зээлж аваагүй би авсан байхад С.*******агаас хувь тэнцүүлэн мөнгө гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь буруу үндэслэлтэй 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд С.*******а, С.Я нартай байгуулсан гэж байгаа боловч гэрч аагийн тайлбараар С.Я 30.000.000 төгрөгийг авсан С.*******а мөнгө аваагүй гэдгийг мэдүүлдэг. Нэхэмжлэгч Ш.А- нь банкнаас 50.000.000 төгрөгийг зээлж авсан түүний хүү 6.000.000 төгрөгийг надаас нэхэмжилсэн тухайн мөнгөний хүүг надаас нэхэмжлэх боломжгүй учир нь би банкнаас гарын үсэг зурж 50.000.000 төгрөгийг аваагүй Ш.А- банкны хооронд зээлийн гэрээ байгуулагдсан тийм учраас үлдсэн 6.500.000 төгрөгөө төлнө гэв.
Хариуцагч нарын өмгөөлөгч Д. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д. нь хариуцагч С.Я, өмгөөлөгч Г. нар ярьсан учраас давхцуулан ярих шаардлага байхгүй. Мэргэжлийн хүний хувьд товч ямар хуулийн зүйл заалтыг яагаад зөрчсөн талаарх нэмэлт тодотгол хийхийг хүсч байна. Иргэний шүүхийн нэг онцлог гэвэл нөхцөл байдал хэргийн нотлох баримт болох гээд байдаг талтай юу үнэн бэ? гэхээр 30.000.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн энэ асуудал дээр мэтгэлцээгүй гэрч гэрчилсэн байдаг. Үүнээс 25.500.000 төгрөгийг төлсөн гэдэг нотлох баримтаар тогтоогдож байгаа, 30.000.000 гучин сая төгрөгийг зээлэхдээ хүү алданги төлнө гэсэн ямар ч бичгийн нотлох баримт байхгүй. Иргэний хуулийн заалтад хүү алданги төлнө гэж бичгээр гэрээ байгуулаагүй тохиолдолд хүү алданги төлдөггүй Тийм учраас хууль эрх зүйн үндэсгүй. Шударга ёсны зарчмын үүднээс харахад хүнээс 30.000.000 төгрөгийг зээлсэн учраас хүү болох 6.500.000 төгрөгийг шүүхийн шийдвэртэй шийдвэргүй төлөх үүрэгтэй. Талуудад эвлэрч болох санал тавьсан ч хугацаа болохгүй байна гээд эвлэрсэнгүй нэхэмжлэгч талын хууль ёсны эрх ашиг учраас хүчээр эвлэрүүлж болохгүй надад тийм эрх байхгүй. Шударга бус зүйл яригдаж байна. Бид нар банкнаас 50.000.000 тавин сая төгрөг зээлж авсан энэ асуудал дээр банк Ш.А- нарын хооронд зээлийн гэрээ хийгдсэн банкнаас мөнгө зээлж авсан талаар ч мэдээгүй хариуцагч талд мөнгө зээлэхээс өмнө зээлж авсан болох хавтаст хэргийн материалаар тогтоогдож байна. банкнаас мөнгө зээлж авсан Ш.А- нь уг мөнгөө төлөх үүрэгтэйгээсС.Я уг мөнгийг төлөх үүрэггүй тийм учраас энэ асуудал хамааралгүй юм. Ийм учраас анхан шатны шүүхэд буцааж дахин шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчүүлэгч С.*******а нь давж заалдах гомдол гаргасан байгаа гомдлын үндэслэл нь Завхан аймаг дахь иргэн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 526 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 281.1, 232.6, 222.7 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.*******агаас 9.280.064 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-эд олгохоор Иргэний хуулийн 56.1, 64.1, 156.9 дэх хэсэгт заасныг баримтлан 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр гэрээ гэж тооцож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бус Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй хуульд нийцээгүй шийдвэр гарсан гэж үзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан мөн дээрх байдлыг харгалзан үзэж хариуцагч С.*******а надаас 9.280.064 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-эд олгохоор шийдвэрлэсэнийг хэрэгсэхгүй болгож 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцсон магадлал гаргаж өгөхийг хүсье. Үүнд үндэслэл нь нэхэмжлэгч Ш.А- нь 2017 оны 09 дүгээр сарын 07-нд Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт 2014 оны 10 дугаар сарын 28-нд хариуцагч С.Я, С.*******а, Ж.******* нар нь хамт байж байгаад гэрээ хийж 30.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан гэж хавтаст хэргийн 1 дүгээр хуудас, 2017 оны 04 дүгээр сарын 27-нд тус шүүхэд гаргасан тайлбартаа дүү С.Ягийн хамт ирж авсан хавтаст хэргийн 17 дугаар талд,2016 оны 06 сарын 06-нд шүүхэд гаргасан тайлбартаа 2016 оны 10 дугаар сарын 24-нд Жаргалант багийн иргэн Ж.*******, С.*******а нартай харилцан тохиролцож гэрээ хийж 30.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж авсан тухай хавтаст хэргийн 23 дугаар хуудас, 52 дугаар хуудас, мөн нэхэмжлэгч Ш.А- нь гуравдагч этгээд Х.С- нарын хамт 2016 онд нэхэмжлэл гаргахдаа сар өдөр бичигдээгүй нэхэмжлэл гаргахдаа хариуцагч С.Я, Ж.******* нар нь хамт байж байгаад 30.000.000 төгрөгийг зээлийн гэрээ хийж 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан хавтаст хэргийн 26, 60 дугаар хуудас, нэхэмжлэгч Ш.А- нь хэзээ хаана хэнд 30.000.000 төгрөгийг зээлүүлсэн талаар олон дахин өөр тайлбар бичиж байна.Нэхэмжлэгч Ш.А-, Х.С- нар нь 30.000.000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 29-нд С.Я, Ж.******* нарт зээлдүүсэн гэдэг мөн С.*******ад бэлнээр авчирч өгсөн гэдэг боловч хэнд мөнгө өгсөн тодорхой бус асуудал хэргийн материалаас харагддаг. 2015 оны 10 сарын 29-нөөс 2016 оны 10 сарын 29-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй байгуулсан байдаг ч уг гэрээнд заасны дагуу Ж.******* С.*******а нар нь 30.000.000 төгрөгийг зээлж аваагүй, уг нь гэрээнд Ж.******* гарын үсэг зураагүй түүний гарын үсгийг С.*******а зурсан гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн нэхэмжлэгч Ш.А- ч өөрөө нотариатын газар очоогүй гэдгийг нь ч хэлдэг. 2017 оны 06 дугаар сарын 29-нд тус шүүхэд Ж.Ц тайлбар гаргахдаа 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ гэгчид би өөрийн биеэр очиж гарын үсэг зураагүй уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж хүсэлт гаргасан хавтаст хэргийн 2 дугаар хавтаст байдаг. Зээлийн гэрээний үүрэг хариуцагч С.*******ад хамаарал байхгүй хэргийн материалд авагдсан нотлох баримт байхгүй зүгээр л С.*******ад амаар 30.000.000 төгрөгийг өгсөн гэдэг уг мөнгийг авсан баримт байхгүй. Зээлийн гэрээний ард жич зээлийн гэрээг 30 хоногоор сунгаж хийхээр тохиролцсон С.Я эхний сарын хүү 1.500.000 төгрөгийг өглөө гэсэн гар бичмэл байна. Ийм гар бичмэл байдаг талаар анхан шатны шүүхээр дээр ч уг асуудлыг авч хэлэлцээгүй байна. Нэхэмжлэгч Ш.А- нь хариуцагч С.Ягийн гар утас руу мсж бичиж мөнгө нэхдэг байсан. С.Я би 30.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.А-ээс авсан гээд хэлээд байхад С.*******а С.Я 2-ыг хамт авсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрвээ би мөнгө авсан бол манай охин Ц., нөхөр Ж.******* нар хэлэх байсан харин бид 3 мөнгө аваагүй гэж хэлдэг. Хариуцагчаар татсан байсан Ц.ийг анхан шатны шүүхээс мөнгийг аваагүй гэдгийг тогтоож шүүгчийн захирамж гаргаагүй гэрчээр асуусан байдаг. Нэхэмжлэгч Ш.А-ээс мөнгө авсан тухай хариуцагч С.Я тайлбарладаг мөн мөнгийг төлж байсан дансны хуулга ч байдаг гэтэл С.Яг хариуцагчаар татаагүй байхад хариуцагч гээд нэр явж байдаг 1 хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд нэхэмжлэгч, өмгөөлөгч, хариуцагчид эрх үүрэг тайлбарласан баримт дээр Ж.*******ид уг эрх үүргийг утсаар танилцуулсан байдаг, хавтаст хэргийн 101 дүгээр хуудсанд нөлөөлөлийн мэдүүлэгийг Ж.*******, С.*******а нарт утсаар танилцуулсан хавтаст хэргийн 1 хавтас 128 дугаар хуудсанд Ц., Ж.******* нарыг шүүгчийн захирамжаар хамтран хариуцагчаар татсан байдаг. Гэтэл шүүх хуралдааны товыг Ц., Ж.******* нарт мэдэгдээгүй зөвхөн хариуцагч С.Яд мэдэгдсэн байсан анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие шүүх хуралдаан Ц.ийг шүүх хуралдаанд оруулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан учир нь хариуцагч С.Яг С.*******агаар сольсон хамтран хариуцагч нь Ц., Ж.******* нар хэвээр байгаа юм уу тодорхой бус шүүгчийн захирамжаар Ц.ийг гэрчээр асуух нь үндэслэлтэй гэсэн боловч шүүгчийн захирамж хэргийн материалд байхгүй. Хавтаст хэргийн 119 дугаар хуудасны ард дугааргүй 2 хуудас байдаг эдгээр хуудсанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгчийн захирамжид С., С.Я, Ж.******* нарт холбогдох иргэний хэргийг сэргээн явуулсугай гэсэн захирамж байдаг. С.Яг хариуцагчаар татаагүй байж хариуцагч С.Я гэсэн байдаг. Гэрчаагийн С.Я 30.000.000 төгрөгийг авсан гэж мэдүүлдэг Нэхэмжлэгч Ш.А- С.Ягийн зээлсэн мөнгөний хүү алданги гээд 49.000.000 төгрөгийг тооцоог хавтаст хэрэгт гаргаж өгсөн байдаг. Ийм алдаатай шийдвэр гарсан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Х.С- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2014 оны 10 сарын 28-ны өдрийн хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзээд байна. Анхнаасаа яагаад 2 зээлийн гэрээ хийсэн юм бэ? гэхээр хариуцагч С.Я нь 30.000.000 гучин сая төгрөг зээлээч барилга барих гээд мөнгөний хэрэг гараад байна гэж сар шахам хугацаанд гуйсан угаасаа өгнө гэсэн бодол байхгүй байсан ч олон дахин гуйсаны үр дүнд С.Ягийн дүүтэй найз учраас нэг удаа С.Яд тус болъё гээд энэ шийдвэрийг Ш.А- гаргасан тухайн үед бид 2 бэлэн мөнгө байхгүй учраас банкнаас 50.000.000 тавин сая төгрөг зээлээд барьцаа хөрөнгөнд юу тавих юм бэ? гэхэд дутуу барьсан барилгаа барьцаална гэхэд болохгүй гэж хэлсэн ч дүүгийнхээ хашаа байшинг барьцаанд тавина гэхэд нь очиж үзэхэд Ц., Ж.*******, С.*******а, С.Я нар байсан тэгээд гэрээгээ хийсэн энэ гэрээн дээр яагаад ийм олон хариуцагч яригдаж байна гэхээр тухайн гэрт байсан хүмүүсээр гарын үсэг зуруулсан 30.000.000 төгрөг зээлсэн тухай гэрч болгох гэсэн юм. 28-нд гэрээгээ хийгээд бэлэн мөнгө байхгүй учраас банкнаас 50.000.000 тавин сая төгрөг аваад 20.000.000 төгрөг нь өөр хүнд зээлээд 30.000.000 төгрөгийг нь С.Я, С.*******а нарт зээлж өгөөд нотариатаар батлуулаад мөнгөө С.Я, С.*******а нарт өгсөн зээлийн гэрээгээгээ батлууахдаа С.*******агийн нөхөр гэртээ хэвтэрт байдаг учраас очоогүй гэсэн энэ тухай би мэдэхгүй байна. Яагаад С.Я, С.*******а хоёроор гарын үсэг зурсан юм гэхээр үл хөдлөх хөрөнгө энэ хоёрын нэр дээр байсан. Бид хоёрын хувьд хариуцагч энэ тэр гээд хэлж мэдэхгүй байна 30.000.000 төгрөг авсан тухайгаа хүлээн зөвшөөрдөг ч мөнгө зээлж аваад 4 жил болж байхад төлдөггүй. банкнаас мөнгө зээлж авсан хүү бид нарт хамаагүй гэж хэрвээ эдгээр хүмүүс мөнгө зээлээгүй бол миний банкны хүүгээрээ өсөж байх ёстой байсан. С.*******а нь би мөнгийг 3 хувааж төлнө гэж хувиар гаргаж өгч байсан талаар хавтаст хэргийн материалд байдаг. С.Я нь төлнө үү С.*******а нь төлнө үү хамаагүй хэн нэг төлж бид 2-ыг хохиролгүй болгож өгнө үү дахин дахин анхан шатны шүүх рүү буцааж цаг алдаж илүү хугацаагаар битгий хохироогооч гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Анхан шатны шүүх зохигчидын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэлэх, хуулийн заалтыг хэрэгжүүлээгүйгээс хариуцагчийг буруу тодорхойлж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд үнэлэлт өгч, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн гаргасан алдааг зөвтгөх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ш.А- нь хариуцагч С.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 30.000.000 төгрөг, зээлийн хүү 3.000.000 төгрөг нийт 33.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж, үндсэн зээл 29000.000 төгрөг, алданги 14.500.000 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохирол 6.416.219 төгрөг, нийт 49.916.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх Ж.*******, Ц., С.Я нарыг хамтран хариуцагчаар татжээ.
Хариуцагч С.*******а, Ж.******* нар нь нэхэмжлэгч Ш.А-эд холбогдуулан талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 28, 29-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг тус тус хүчингүй болгох, зээлийн барьцаанд авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, мөн газар өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж , зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ш.А- нь хариуцагч С.*******а, Ж.******* нартай 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 30.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан тул зохигчидын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, хүү алдангийн талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.
Талууд 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээг байгуулахдаа барьцааны гэрээг давхар байгуулж, зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө болох Y-0918001582 дугаарт бүртгэж олгосон ******* тоот гэрчилгээ, мөн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн газрын ******* дугаарт бүртгэж олгосон, ******* тоот гэрчилгээ зэргийг барьцаалжээ.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд юмсыг шилжүүлэхийг шаарддаг бөгөөд хариуцагч нь ...нэхэмжлэгч Ш.А- нь С.*******а, Ж.******* нарт бодитойгоор зээлийн мөнгөө шилжүүлэн өгөөгүй, харин С.Яд зээлдүүлсэн гэх тайлбарыг С.Я хүлээн зөвшөөрч би зээлсэн гэж нотлох боловч тэрээр зээлийн эд хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах нь зээлдэгчийн эрх байхаас гадна тэрээр зээлийн мөнгийг хүлээн авах эрхийг С.Яд олгосон, С.Я уг мөнгийг хүлээн авч захиран зарцуулсан гэж тайлбарлаж байгаа нь түүнийг зээлийн гэрээний хариуцлагаас чөлөөлөх, Өөрөөр хэлбэл, зээлийн төлбөрийг эгүүлэн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
Түүнчлэн хэрэгт авагдсан зохигчдын удаа дараагийн тайлбараар зээлийн гэрээний зүйл болох 30.000.000 төгрөгийгС.*******а, С.Ягийн хамт хүлээн авсан гэх нөхцөл байдал тогтоогддог боловч С.Я уг мөнгийг хамт хүлээн авсан, уг мөнгийн эргэн төлөлтийг төлж байсан нь С.Яг хамтран хариуцагч гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин талуудын хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээнд гэрээний үүргийг хамтран хариуцахаар С.*******агийн нөхөр гэх Ж.******* гарын үсэг зурсан байх боловч талуудын тайлбараар тэрээр гарын үсэг зураагүй, түүний гарын үсгийг С.*******а зурсан болох нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй учраас Ж.******* болон Ц. нарыг хамтран хариуцах этгээд биш гэж үзэж, тэдгээрт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч *******, хариуцагч С.*******а нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч гэрээний дагуу хариуцагч С.*******агаас зээл, зээлийн хүү, алданги шаардсан нь үндэслэлтэй.
Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 30.000.000, нэг сарын зээлийн хүү 1.500.000 төгрөг нийт 31.500.000 төгрөг төлөхөөс 23.500.000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаангүй байна.
Харин гэрээний дагуу 8000.000 төгрөг төлөх үүргээ зээлдэгч 2016 оны 03 дугаар сарын 28-наас хойш гүйцэтгээгүй тул гэрээнд зааснаар алданги тооцож, хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг үндэслэн алдангийг 4.000.000 төгрөгөөр тооцож, нийт зээл, зээлийн хүүд 12.000.000 төгрөг гаруулахаар тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагч гэрээний үүрэгээ хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохирол 6.416,129 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагаа Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт үндэслэжээ.
Иргэний хуулийн 222.7 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасан ба зээлдэгч С.*******а нь зээлийн гэрээний үүрэгээ 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр биелүүлээгүй гэм буруутай улмаас зээлдүүлэгчид 6.416,129 төгрөгний хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Хариуцагч нь зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй нь өөрийн буруугаас болоогүй гэдгийг шүүхэд тайлбарлаж чадаагүй, мөн хохирол учирсан гэх баримтуудыг үгүйсгээгүй төдийгүй, нотлох баримтуудаар няцааж чадаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч С.*******агаас 18.416.129 төгрөгийг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүх хариуцагч биш этгээд болох С.Ягаас зээлийн төлбөрийг гаргуулж хамтран хариуцуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.
Тодруулбал, Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.*******агийн хүсэлтээр С.Яг хамтран хариуцагчаар татан оролцуулж, ажиллагаа явуулж байснаа нэхэмжлэгч С.*******ийн хүсэлтээр түүнийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1427 дугаартай захирамжаар хариуцагчаас хасах / солих /тухай захирамж гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэнийг Давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаартай магадлалаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж,, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг.
Гэтэл анхан шатны шүүх дээрх алдааг зөвтгөөгүй байгаа бөгөөд С.Яг хариуцагчаас хассан атлаа түүнийг хамтран хариуцагч гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Хэдийгээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн боловч С.Я нь хариуцагч биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс шүүхийн алдааг дурдаж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хариуцагч нь зээлийн гэрээг Ш.А-, С.Ятай байгуулсан бөгөөд С.*******атай байгуулсан гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан.
Хариуцагч дээрх гэрээг байгуулахдаа гэрээний чөлөөт байдал зөрчигдсөн гэдгээ баримтаар нотлоогүй, нөгөөтэйгүүр хариуцагч нэхэмжлэгчээс зээл авахаар хандаж, гэрээ байгуулах үед талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурж, гэрээ байгуулснаа баталгаажуулан нотариатаар гэрчлүүлсэн зэрэг үйл баримтаас үзвэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх аливаа нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.
Харин анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн бусад шаардлагын талаар нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 156 дугаар зүйлийн 156.2, 156 .дугаар зүйлийн 156.3 дахь заалтуудтай нийцсэн байх ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангасан нь буруу биш байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 526 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтын иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 гэсний дараа 282 дугаар зүйлийн 282.1 гэж нэмж,хариуцагч С.*******агаас 9.208.064,5 төгрөг, С.Ягаас 9.208.064,5 төгрөгийг нийт 18.416.129 гаргуулж гэснийг хариуцагч С.*******агаас 18.416.129 төгрөг гаргуулж гэж, Шийдвэрийн 4 дэх заалтын хариуцагч С.*******а, С.Я нараас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамж болох 250030 төгрөгийг хувь тэнцүүлэн гэснийг Хариуцагч С.*******агаас 250030 төгрөгийг гаргуулан гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хариуцагч С.*******а, Ж.*******, нарын нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162.270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, С.*******агаас 87761 төгрөг гаргуулан улсын орлого болгож С.Я-гийн гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 58.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН
Б.АРИУНБАЯР