Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 179

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныгшүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг мангирт 5 дугаар хэсэг 7 гудамж 3 тоотод оршин суух, 51 настай, эрэгтэй Хөхдан овогт Цэвээннямын Ганзоригийн /ТВ-67060111/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Бүргэдэй булаг 3-17 тоотод оршин суух, 41 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй Шарууд овогт Эрдэнэчулууны Энхбаярын /ТЯ-77122811/ холбогдох

Худалдах, худалдан авах гэрээ-нд заагдсан үлдсэн төлбөр 17.500.000 төгрөг, алданги 8.750.000 төгрөг нийт 26.250.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Э.Энхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч А.Отгонбаяр, гэрч О.Батнаран, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баярдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Энхбаяр нарын 4 залуу 2017 оны 04 дүгээр сарын дундуур над дээр ирж алт угаах тоног төхөөрөмж скрупер 80 тоног төхөөрөмж хийлгэхээр тохиролцон эхний урьдчилгаагаа 2 хувааж, эхний удаа 10,000,000 төгрөг, дараа нь 7,500,000 төгрөг нийт 17,500,000 төгрөг өгч 2017 оны 05 дугаар сарын 10-н гэхэд дуусгахаар тохиролцсон. Тоног, төхөөрөмжөө 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгөхөд үлдэгдэл 17,500,000 төгрөгөө өгөөгүй болохоор нь Э.Энхбаяр бид хоёр 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нотариат дээр очиж гэрээний загвар аван үлдэгдэл 17,500,000 төгрөгөө 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар гэрээ хийж, гэрээндээ зааж өгсөн.

Тоног төхөөрөмжөө хийхдээ эхний урьдчилгаагаа аваад өөрөөсөө 10,000,000 гаруй төгрөг гаргасан. Би тухайн үед нутгийн хүүхэд байна гээд зөвхөн Э.Энхбаяртай л харьцаж байсан. Тоног төхөөрөмжийн төлбөрийг хэн гаргаж өгснийг, хэн нь удирдаж байсныг нь мэдэхгүй. Над дээр ирэхдээ Э.Энхбаяр нарын 4 залуу цуг л ирж, очдог байсан. Гэрээнд заасан хугацаандаа үлдэгдэл төлбөрөө өгөхгүй болохоор нь 2017 оны 10 дугаар сарын сүүлээр би Э.Энхбаяртай утсаар ярьж үлдэгдэл төлбөрөө нэхсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Э.Энхбаяраас тоног төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 17.500.000 төгрөг, алданги 8.750.000 төгрөг нийт 26.250.000 нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэх.

Хариуцагч Э.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь шүүхэд гаргасан энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл миний бие нь С.Цогтбаяр, С.Батнаран, Т.Чулуун-Эрдэнэ нартай хамт 2017 оны 04 дүгээр сарын дундуур Ц.Ганзоригтой очиж уулзан алт угаах скрупер 80 тоног төхөөрөмжийг хийлгэхээр харилцан тохиролцсон. Ц.Ганзоригоос алт угаах тоног төхөөрөмжийг гэрээ хийхээс өмнө очиж С.Цогтбаяр, О.Батнаран, Т.Чулуун-Эрдэнэ нарын хамт очиж аваад, хөдөө ачиж явсан. Урьдчилгаа 17,500,000 төгрөгийг би өгөөгүй, С.Цогтбаяр л мөнгө төгрөгийг нь гаргаж өгсөн. Хэдийд яаж өгснийг нь мэдэхгүй. Харин намайг Алтанбулаг руу гэр лүүгээ явж байхад С.Цогтбаяр утсаар намайг Чи Ц.Ганзориг дээр очоод Худалдах, худалдан авах гэрээ хийгээд гарын үсэг зураад ир гэхээр нь мөнгө төгрөг нь болсон юм болов уу гэж бодоод л гэрээ хийж, гарын үсэг зурсан. Миний хувьд техник тоног төхөөрөмж авах мөнгө төгрөг ч байхгүй. Зөвхөн би С.Цогтбаяр гэдэг хүнтэй сарын 2.500.000 төгрөгөөр хөлсөөр ажиллахаар тохиролцсон байсан боловч сүүлдээ таарч тохирохгүйн улмаас удалгүй 2017 оны 07 дугаар сард ажлаасаа гарсан. Би өөрөө ч ажилласан хөлсөө аваагүй байгаа. Энэ асуудал надад хамаагүй. Би зөвхөн С.Цогтбаярыг гуйхаар нь л өөрийн нэр дээр гэрээ хийн гарын үсгээ зурсан. С.Цогтбаяр л удирдаж зохион байгуулан ажилладаг байсан. Надад тамхины ч мөнгө байгаагүй. Тийм учраас би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх.

 

Гэрч О.Батнаран шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

С.Цогтбаяр ах бүх санхүүгийн тусламж үзүүлж уурхайд гарч ажилласан. 2017 оны 04 дүгээр сарын дундуур С.Цогтбаяр ах, Т.Чулуун-Эрдэнэ, Э.Энхбаяр бид 4 Ц.Ганзориг ах дээр очиж алт угаах тоног төхөөрөмж Скрупер захиалсан. Бид 4 цуг явж байхад С.Цогтбаяр ах Ц.Ганзориг ахад мөнгө төгрөг өгөөгүй. Дараа нь л дансаар шилжүүлж өгсөн байх. Миний хувьд 2017 онгы 11 сар хүртэл хамт ажилласан. Э.Энхбаяр 2017 оны 07 дугаар сард ажлаасаа гарсан. Би ажилласан хугацааны хөлсөө ч аваагүй. Дараа сураглаад гэрт нь очиход байраа түрээслээд алга болсон байсан. Сураг сонсоход 2017 оны 11 дүгээр сарын 07-08-ны үед Солонгос Улс руу явсан гэсэн одоо болтол ирээгүй байгаа. Бас ажиллаж байхдаа хүний Эксковатор ажиллуулж байхдаа намайг Түрээсийн гэрээ хий гэхээр очиж хийгээд би мөн л өрөнд орсон явж байгаа гэх.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч Т.Чулуун-Эрдэнийн шүүхэд өгсөн мэдүүлгээс:

...Миний найз О.Батнаран надад 2017 оны 04 дүгээр сарын дундуур С.Цогтбаяр гэдэг алт олборлодог хүн байна хоёулаа энэ хүнтэй цуг ажиллая гэж хэлсэн. Тухайн үед О.Батнаран бид хоёр С.Цогтбаяртай нийлж хөлсөөр ажиллахаар ярилцсан...С.Цогтбаяртай 4 сарын дундаас хойш уулзаж анх царайг нь харсан. 2017 оны 05 дугаар сарын 10-наас хойш О.Батнаран, С.Цогтбаяр бид гурув хувиараа алт олборлохоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харангант гэх газарт ирсэн. Сүүлд Э.Энхбаяр бид гурав дээр нэмэгдэж хөлсөөр ажиллахаар болсон. Бид 2017 оны 10 дугаар сарын 10-ныг хүртэл хамт ажиллацгаасан.

С.Цогтбаяр, О.Батнаран бид гурав 2017 оны 04 дүгээр сард хамтран алт хувиараа олборлох ажлаа ярилцах үедээ алт олборлоход ийм ийм тоног, төхөөрөмж хэрэгтэй авна гэж хоорондоо ярилцсан. Ерөнхийдөө С.Цогтбаяр усан буу авах санааг гаргаж, С.Цогтбаяр хэлэхдээ ...би өөрөө бүх хөрөнгө техникийг гаргана, та нар зүгээр л ажлаа хий гэсэн саналтай байсан. С.Цогтбаяр усан буу 35.000.000 төгрөгний үнэтэй байна. Урьдчилгаа болох 17.500.000 төгрөгийг төлж авсан гэж тухайн үедээ хэлж байсан. О.Батнаран, Э.Энхбаяр бид гуравт алт олборлоход шаардагдах тоног, төхөөрөмж, техник хэрэгсэл худалдаж авах шаардлага байгаагүй. Учир нь С.Цогтбаяр бүх хөрөнгө, техник гаргаж байсан. Бид 3 зүгээр л хөлсөөр ажиллаж байсан.

О.Батнаран, Э.Энхбаяр бид гурав С.Цогтбаяртай 2017 оны 05 сараас 2017 оны 10 дугаар сарын 10-ныг хүртэл хамт ажилласан хугацааныхаа цалин хөлсийг огт аваагүй. Би хүүхдийн сургууль орлоо гэж С.Цогтбаяраас 3.000.000 төгрөг авсан. Бид 3-ын цалин 1.500.000 төгрөг байна гэж анх ажил эхлэх үедээ хоорондоо тохиролцсон байсан. С.Цогтбаяр нь 2017 оны 10 дугаар сард цалин мөнгөө тавина, Улаанбаатар хот руу хоол хүнс олж ирнэ гээд явсан, буцаж ирээгүй. О.Батнаран бид хоёр техник хэрэгсэлтэйгээ Ерөө сумын Ялбаг гэх газарт үлдсэн. Тэр үед н.Гантөмөр гэх хүн ирээд усан буу авъя, С.Цогтбаяртай өгч, авалцахаар ярьсан гээд ирсэн. Тухайн үед О.Батнаран бид хоёр С.Цогоо ах тэгж хэлэхгүй дээ өгөхгүй гэж маргасан боловч н.Гантөмөрийн утсан дээр С.Цолгтбаяр усан бууг н.Гантөмөртэй өгч авалцах талаар ярилцсан бичлэг байсан тэгээд удаагүй н.Гантөмөр усан бууг аваад явсан.

Э.Энхбаяр, С.Цогтбаяр, О.Батнаран гурав Дархан-Уул аймгаас усан бууг авахаар явсан. Тэр үед нь би байгаагүй. С.Цогтбаяр л усан бууг хүлээж авсан. 2017 оны 07 дугаар сард С.Цогтбаяр би өөрөө хол байна, эксковаторын түрээсийн гэрээ хийх шаардлагатай байна О.Батнаранг чи миний өмнөөс түрээсийн гэрээг өөрийн нэр дээр хийчих гэж утсаар яриад О.Батнарангаар эксковаторын түрээсийн гэрээг хийлгүүлсэн гэж байсан гэжээ.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч Б.Мөнхбаатарын шүүхэд өгсөн мэдүүлгээс:

Би С.Цогтбаярыг сайн танихгүй. 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд Э.Энхбаяр намайг уурхайд засварчин гагнуурчнаар ажилд оруулсан. ...С.Цогтбаяртай хамт 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын сүүл хүртэл хамт ажиллаж байсан. С.Цогтбаярын мөнгөөр алт угаах усан буу авсан...Анх гэрээг Э.Энхбаярын нэр дээр хийсэн байдаг. Бодит байдал дээр тэр усан буу Э.Энхбаярт хамааралгүй. Э.Энхбаяр усан буу авах мөнгөтэй хүн биш...гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Ц.Ганзоригийн нэхэмжлэлтэй Э.Энхбаярт холбогдох Худалдах, худалдан авах гэрээ-нд заасан үлдэгдэл төлбөр, алдангийн хамт нийт 26.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Ц.Ганзориг нь Э.Энхбаярт холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээ-нд заасан үлдэгдэл төлбөр, алдангийн хамт нийт 26.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Нэхэмжлэгч Ц.Ганзориг, хариуцагч Э.Энхбаяр нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ хийн гарын үсэг зурж, мөн өдрөө уг гэрээг нотариатаар баталгаажуулан, 35.000.000 төгрөгний үнэ бүхий Скрупер /алт угаах тоног төхөөрөмж/-ийг худалдан авч, урьдчилгаа 17.500.000 төгрөгийг төлж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан харилцаа үүсэн, зохигчдын хооронд үлдэгдэл төлбөр болох 17.500.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлж дуусгах, хэрвээ худалдан авагч нь гэрээнд заасан хугацаандаа үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн хоног тутамд 0.5 хувийн алдангийг худалдагч талд төлөхөөр гэрээндээ тусган харилцан тохиролцсон байна.

 

Хариуцагч нь алт угаах тоног төхөөрөмж скрупер-ийн урьдчилгаа төлбөрт 17.500.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлж, үлдэгдэл төлбөр 17.500.000 төгрөгийг төлөөгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан ...миний бие нь С.Цогтбаяр, С.Батнаран, Т.Чулуун-Эрдэнэ нартай хамт 2017 оны 04 дүгээр сарын дундуур Ц.Ганзоригтой очиж уулзан алт угаах Скрупер тоног төхөөрөмжийг хийлгэхээр харилцан тохиролцсон...Урьдчилгаа 17,500,000 төгрөгийг би өгөөгүй, С.Цогтбаяр л мөнгө төгрөгий нь гаргаж өгсөн...Харин намайг Алтанбулаг руу гэр лүүгээ явж байхад С.Цогтбаяр утсаар намайг Чи Ц.Ганзориг дээр очоод Худалдах, худалдан авах гэрээ хийгээд гарын үсэг зураад ир гэхээр нь мөнгө төгрөг нь болсон юм болов уу гэж бодоод л гэрээ хийж, гарын үсэг зурсан...Зөвхөн би С.Цогтбаяр гэдэг хүнтэй сарын 2.500.000 төгрөгөөр хөлсөөр ажилахаар тохиролцсон байсан боловч сүүлдээ таарч тохирохгүйн улмаас удалгүй 2017 оны 07 дугаар сард ажлаасаа гарсан. Би өөрөө ч ажилласан хөлсөө аваагүй байгаа...Тийм учраас би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар өгч байгаа боловч гэрч О.Батнаран, Т.Чулуун-Эрдэнэ нарын шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан мэдүүлгээс үзэхэд дээрх хүмүүс нь С.Цогтбаяр гэдэг хүнтэй хамтран хөлсөөр ажиллаж байсан байж болох боловч хариуцагч Э.Энхбаяр нь нэхэмжлэгчтэй Худалдах, худалдан авах гэрээ хийн гарын үсэг зурсан нь худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөхөөр үүрэг хүлээсэн байх бөгөөд худалдан авсан үнийг төлөх үүрэг нь худалдан авагчийн үндсэн үүрэг гэж гэж үзнэ.

Мөн хариуцагч нь Худалдах, худалдан авах гэрээ хийн, гарын үсэг зурсанд маргаагүй боловч гэрээнд заагдсан үлдэгдэл төлбөр алдангийн хамт 26.250.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, С.Цогтбаяр гэрээ гэрээ хийж ир гэсний дагуу өөрийн нэр дээр гэрээ хийсэн гэх тайлбарыг шүүхэд гаргаж, уг төлбөрийн үлдэгдлийг С.Цогтбаяр төлнө гэж маргаж байгаа хэдий ч татгалзлынхаа үндэслэлийг нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна. Зохигчдын хооронд хийгдсэн Худалдах, худалдан авах гэрээ-ний 1.8-д Худалдаж авсан хөрөнгийн төлбөрийг төлөх үүрэгтэй. гэсэн заалтыг зөрчсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлгүүдээр нотлогдож байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн С.Цогтбаяр гэдэг хүн урьдчилгаа болох 17.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдэгт эргэлзэж байгаа учир ХААН банкнаас иргэн Ц.Ганзоригийн нэр дээрх дансны 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулгыг татуулахаар... хүсэлт гаргаснаар Ц.Ганзоригийн эзэмшлийн ХААН банкны дансыг удаа дараа буюу 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-ыг шүүлгэн үзэхэд дансаар мөнгө шилжүүлээгүй харин нэхэмжлэгчид урьдчилгаа төлбөрийг бэлнээр өгсөн байх нь үндэслэлтэй байна.

Иймд зохигчдын хооронд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хийгдсэн Худалдах, худалдан авах гэрээ-нд заасны дагуу алт угаах тоног төхөөрөмжийн Скупер худалдан авсан төлбөрийн үлдэгдэл 17,500,000 төгрөг, төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги 8,750,000 төгрөг нийт 26.250.000 төгрөгийг Э.Энхбаяраас гаргуулан Ц.Ганзоригт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчаас хамтран хариуцагчаар С.Цогтбаярыг татан оролцуулахаар, мөн эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасныг шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 236 дугаартай Хамтран хариуцагч татах тухай, мөн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 326 дугаартай Хариуцагчийг эрэн сурвалжлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжуудыг тус тус гарган хариуцагчийн хүсэлтийг ханган шийдвэрлэсэн байна.

 

Шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 326 дугаартай захирамжийн дагуу хамтран хариуцагч С.Цогтбаярыг эрэн сурвалжлахад тухайн оршин суух хаягт бүртгэлтэй боловч 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Буянт Ухаа-ийн боомтоор Монгол Улсын хилээр гарсан болох нь Хил хамгаалах ерөнхий газар-ын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2/1526 тоот албан бичгээр нотлогдож байх тул хариуцагч нь С.Цогтбаярт холбогдуулан шүүхэд жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Хариуцагч Э.Энхбаяр нь хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа-аар авагдсан болно.

 

3.Тус хэрэгтэй холбогдуулан хариуцагчийн өмгөөлөгчөөс 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1830 дугаартай Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай захирамжинд гомдол гаргах хугацааг сэргээлгэхээр хүсэлт гаргасныг шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 199 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1830 дугаартай захирамжинд гомдол гаргах хугацааг сэргээн, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1830 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасныг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүхийн 03 дугаартай Гомдол хэлэлцсэн тухай тогтоолоор шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1830 дугаартай захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 236 дугаартай Хамтран хариуцагч татах тухай, шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний 326 дугаартай Хариуцагчийг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай гаргасан захирамжуудын гомдол гаргах хугацааг сэргээлгэхээр хүсэлт гаргасныг шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 354 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 236 дугаартай Хамтран хариуцагч татах тухай захирамжинд гомдол гаргах хугацааг сэргээх боломжгүй, шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний 326 дугаартай Хариуцагчийг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай гаргасан захирамжид гомдол гаргах хугацааг сэргээж,

мөн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 236 дугаартай Хамтран хариуцагч татах тухай, шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний 326 дугаартай Хариуцагчийг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай гаргасан захирамжуудыг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасныг шүүх 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор дээрх захирамжуудад гаргасан гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэж,

мөн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 236 дугаартай Хамтран хариуцагч татах тухай захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар хүчингүй болгох тухай хүсэлтийг, шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 485 дугаартай Хүсэлт хангахаас татгалзах тухай захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзан тус тус шийдвэрлэсэн болно.

Хариуцагчийн өмгөөлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн С.Цогтбаярыг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 503 дугаартай Хүсэлт хангахаас татгалзах тухай захирамжаар дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж,

мөн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хүсэлтдээ: ...Худалдах, худалдан авах гэрээ-нд зурагдсан Ц.Ганзоригийн гарын үсэг нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр зурагдсан гарын үсгээс эрс зөрүүтэй өөр хүнээр бичигдсэн... гэх үндэслэлүүдээр шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаартай Шинжээч томилж, нотлох баримт гаргуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гаргаж, мөн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүхэд ...2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Ц.Ганзоригнь нэхэмжлэл дээрх гарын үсэг нь өөрийнх нь биш болохыг хүлээн зөвшөөрсөн байх тул шинжээч томилох хүсэлтээсээ татгалзаж байгаа болно. Иймд дээрх хэргийг сэргээж ИХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар шийдвэрлэж өгнө үү гэсэн байх тул шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 560 дугаартай Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 289.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 289.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 зааснаар Э.Энхбаяраас 26.250.000 төгрөг гаргуулан Ц.Ганзоригт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 289.200 төгрөгийг Төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 289.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснааршүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийндотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.СОЁЛМАА