| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 102/2019/02061/И |
| Дугаар | 001/ХТ2021/01199 |
| Огноо | 2021-10-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2021/01199
П.Даваанямын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02984 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар магадлалтай,
П.Даваанямын нэхэмжлэлтэй,
Тэргүүн чансаа ХХК-д холбогдох,
Хууль бус үйл ажиллагаа явуулж орон сууц нураасан болохыг тогтоолгох тухай үндсэн,
Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг хууль бусаар ашигласан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэдцэрэн, Ү.Амарбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч П.Давааням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Давхарын 10 дугаар байрны 3 тоотын хууль ёсны өмчлөгч бөгөөд тус орон сууцанд 1978 оноос хойш амьдарч байгаа, 1990 онд хувьчилж авсан бөгөөд би 2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн Y-2205021363 дугаар бүхий 000179306 тоот гэрчилгээ авсан. Миний өмчлөлийн дээрх орон сууцыг ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас 2017 оны А/176 тоот захирамжаар Тэргүүн Чансаа ХХК-г орон сууцыг буулгаж, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр сонгосон бөгөөд орон сууцны өмчлөгч иргэн, аж ахуйн нэгжтэй 2 болон 3 талт гэрээ байгуулах эрхийг олгож шийдвэрлэсэн. Гэвч төсөл хэрэгжүүлэгч Тэргүүн Чансаа ХХК нь ажил эхлэх үедээ хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд миний өмчлөлийн орон сууцны тал хэсгийг буулгасан бөгөөд ийнхүү буулгах үедээ хэрэглээний халуун, хүйтэн ус, тог, цахилгаан, дулааны шугам сүлжээг салгаж, хүн амьдрах аргагүй балгас болгосон. Дээрх үйл явдлаас хойш 5 сарын дараа буюу 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс миний өмчлөх эрхэд халдах хууль бус үйлдэл гаргаж эхэлсэн бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүч хэрэглэн орон сууцыг албадан нураасан. Тэргүүн Чансаа ХХК нь орон сууцны өмчлөгч этгээдтэй 2 болон 3 талт гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулах талаар арга хэмжээ авч ажиллаагүй атлаа түүний өмчлөлийн орон сууцанд халдаж, албадан нураасан хууль бус үйлдэл гаргаж хууль бусаар үйл ажиллагаа явуулсан. Тэргүүн Чансаа ХХК нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон Орон сууцны тухай хуульд зааснаар орон сууц өмчлөгч надтай гэрээ байгуулаагүй, шүүхийн журмаар асуудал шийдвэрлүүлэхээр хандаагүй болно. Гэвч 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Тэргүүн Чансаа ХХК-ийн төлөөлөгч нар миний орон сууцанд хууль бусаар халдаж, гэрийн хаалгыг эвдэж, орон сууцнаас хүчээр гарган хууль бус үйл ажиллагаа явуулсан. Миний хувьд өөрийн орон сууцыг зохих журмын дагуу үнэлүүлэн, төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ хийх хүсэлтэй байгаа боловч төсөл хэрэгжүүлэгч миний хүсэлтийг хүлээн авалгүй хууль бусаар орон сууцыг чөлөөлж барилгын ажлыг эхлүүлсэн. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т заасны дагуу Тэргүүн Чансаа ХХК-г хууль бусаар үйл ажиллагаа явуулж орон сууцыг нураасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Тэргүүн чансаа ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон нийтийн зориулалттай орон сууцны 10, 11, 12 дугаар байруудыг буулган дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтаар шалгарч, уг төслийг гүйцэтгэх эрх олж авсан тул Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмыг үндэслэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэтэл тус 10 дугаар байрны 3 тоотод оршин суугч П.Давааням нь төслийг хэрэгжүүлэх үед удаа дараа саад учруулж, хууль бусаар төслийн үйл ажиллагааг зогсоохыг шаардаж, Хүний эрхийн комисст хүртэл гомдол гарган, хууль бус ажиллагаа явж байгаа мэтээр дуулиан үүсгэж, иргэдийг турхирч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл цацаж, төсөл хэрэгжүүлэгчийг шантаачлах үйл ажиллагааг зохион байгуулж, ажлын хэсэг, хамгаалалтын алба руу дайран доромжлож, гүтгэх, үймээн тарих, бөө мөргөл ашиглах зэргээр хууль бус элдвийн санаанд оромгүй зан үйл хийж байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэгчээс 400 сая төгрөг эсхүл үйлчилгээний зориулалттай талбай болон илүү м.кв нэмж өгөхийг шаардаж ирсэн. Тус байр нь Мэргэжлийн хяналтын болон Онцгой байдлын газруудаас акт тогтоон хүн амьдрахыг хориглосон шийдвэр гарсан, актлагдсан, тог цахилгаан, усыг нь хязгаарласан, хүн амьдрахыг хориглосон төрийн эрх бүхий байгууллагын шийдвэртэй байрандаа амьдарч байгаа дүр эсгэн төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж барилгыг буулгах ажлыг 2 удаа хүч хэрэглэн зогсоосон. Барилга буулгах өдөр Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, дарга, гишүүд компаний удирдлагыг П.Даваанямын хамт дуудсан боловч ирээгүй тул ажиллагаа эхэлсэн, гэтэл барилга буулгах дундуур ирж, хашаа давж орох оролдлого гаргаж, өнөөх шаардлагаа тавьсан. Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.1-т ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг ашиглахыг хориглоно гэж заасан байх ба энэ нөхцөл байдал нь тухайн орон сууцны барилга байгууламж нь хүн амьдрах боломжгүй болно гэсэн Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018.11,15-ны өдрийн 10/805 дугаартай дүгнэлтээр нотлон тогтоогдсон. Иймд дээрх нөхцөл байдлуудыг анхааран үзэж, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Тэргүүн Чансаа ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компанийн зүгээс нийт оршин суугчдын 80-аас дээш хувь нь орон сууцыг чөлөөлсөнтэй холбогдуулан 3 тоотын оршин суугч П.Даваанямд байраа албадан чөлөөлөх мэдэгдлийг удаа дараа өгч байсан. Түүнчлэн П.Давааням нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцандаа дур мэдэн давхар нэмж мансарт болгон ашигласан бөгөөд энэ нь нурах аюулыг улам бүр нэмэгдүүлсэн. Иймд ч зөвшөөрөлгүйгээр баригдсан өргөтгөл, барилгын зориулалт, төлөвлөлтийг хууль зөрчин өөрчилсөн сууц өмчлөгч иргэдийн эрх ашиг, эд хөрөнгө, эрүүл мэнд, аюулгүй байдал, учирч болох эрсдэлийг хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Баянгол дүүргийн засаг даргын захирамжаар /2019.04.02. №А/174 тоот/ авч хэрэгжүүлсэн. Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10/805 тоот Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын тухай дүгнэлтэд "... тухайн 10 дугаар байр нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа холбогдох стандарт, норм дүрэм хангагдаагүй, болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймэр гарсан үед иргэдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учрах эрсдэлтэй, цаашид орон сууцны барилга байгууламж нь насжилт өндөртэй, нурах магадлалтай, гал гарах нөхцөл бүрдсэн, хүн амьдрах боломжгүй гэж тусгасан байдаг. Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн ... сууцыг хэлнэ. Мөн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг ашиглахыг хориглоно гэж маш тодорхой заан өгч хуульчилсан байна. Иймд нийтийн ашиг сонирхлыг үл огоорч, ашиглахыг хориглосон орон сууцыг чөлөөлөхгүйгээр уг байрандаа оршин суун амьдарч байсан П.Даваанямын дээрх үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч П.Давааням шүүхэд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын байцаагчийн шийдвэрээр Баянзүрх, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрладаг нийтийн орон сууцны зориулалттай, хавсралт жагсаалтад дурдсан 150 байшингийн ашиглалтыг хориглосон байдаг. Дээрх 150 орон сууцыг ашиглахыг хориглосон шийдвэр гарснаар тухайн орон сууцнуудыг ашиглахыг шууд хориглох боломжгүй, тухайн орон сууцанд амьдарч, оршин сууж байгаа хэдэн мянган иргэдийг орон сууцнаас шууд гаргах боломжгүй, бодит байдал дээр хэрэгжих боломжгүй шийдвэр болно. Харин дээрх орон сууцнуудыг ашиглалтын шаардлага хангахгүй гэж дүгнэснээр орон сууц өмчлөгч нарын өмчлөх эрх шууд дуусгавар болохгүй бөгөөд орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3-т заасны дагуу шинээр орон сууц барих талаар аймаг, нийслэлийн засаг дарга, орон сууц өмчлөгч нартай гэрээ байгуулсны үндсэн дээр буулгаж орон сууцыг дахин барилгажуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх нөхцөл байдал үүсэх талаар зааж өгсөн. Орон сууцны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18,1-т Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан бөгөөд орон сууцыг хууль бусаар ашигласан эсэх асуудлыг Эрүүгийн хууль болон зөрчлийн тухай хуульд заасны дагуу гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох юм. Дээрх зохицуулалтын дагуу маргаан бүхий асуудлыг харьяалан шийдвэрлэх шүүх нь Иргэний шүүх биш бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасныг зөрчсөн тул тус хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02984 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Тэргүүн Чансаа ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Давхарын 10 дугаар байрыг хуульд заасан журам зөрчиж, хууль бусаар нураасан болохыг тогтоолгох тухай П.Даваанямын шаардлагыг, П.Давааням нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг хууль бусаар ашигласан болохыг тогтоолгох тухай Тэргүүн Чансаа ХХК-ийн сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид П.Даваанямын төлсөн 70 200 төгрөг, Тэргүүн Чансаа ХХК-ийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02984 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Даваанямаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч П.Давааням хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 17-ны өдрийн 02984 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 63 тоот магадлал эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхийн зүгээс маргааныг шийдвэрлэхдээ хуулийн дээрх зохицуулалт нь зөвхөн газрыг чөлөөлөх зохицуулалт бөгөөд орон сууцнаас албадан гаргах тохиолдолд хамаарахгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн. Хуулийн зохицуулалтын агуулга нь хэрэв бусдад этгээдийн өмчлөлийн эд хөрөнгөд хууль тогтоомжид заасны дагуу халдаж, албадан нүүлгэж байгаа бол тус үйл ажиллагааг зөвхөн зуны улиралд явуулах талаар тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтын хариуцагч тал ашигтай байдлаар тайлбарлаж, хэт нэг талыг барьж маргааныг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Маргаан бүхий асуудлыг Орон сууцны тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулдаг. Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.3-т зааснаар орон сууцыг буулгаж, дахин барилга барихаасаа өмнө орон сууц өмчлөгчтэй гэрээ байгуулж нөхөн төлбөрийн асуудлыг тусгахаар зохицуулсан байна. Хуулийн зохицуулалтын дагуу аль ч тохиолдолд орон сууц өмчлөгчтэй гэрээ байгуулсны үндсэн дээр орон сууцыг нураах үйл ажиллагааг эхлүүлэх ба хэрэв тохиролцоонд хүрч чадаагүй бол харилцан тохиролцох талаар шүүхэд хандах ба ийнхүү шийдвэрлүүлсний дараа тус үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр хуульчлан тогтоосон байдаг. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ Учир нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд зааснаар сонгосон талбай дах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эзэмшигчдэд төслийг танилцуулж 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авсан гэх тайлбар, улмаар нийтийн эрх ашгийг эрхэмлэх зарчим баримталсан байна . гэсэн дүгнэлт хийсэн бөгөөд орон сууц өмчлөгчийн 80 хувийн зөвшөөрлийг авсан тохиолдолд шууд нураах эрхтэй мэтээр тайлбарласан байдаг. Гэвч Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-т Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дараах үе шатыг баримтлана, 14.7.1-т Төслийн бэлтгэл үе шат", 14.7.1.г-т төслийг сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд танилцуулж, 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах; гэж заасны дагуу тухайн төслийн талбай дах үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80 хувийн зөвшөөрлийг авах нь төслийн бэлтгэл үе шатанд хамаарах бөгөөд ийнхүү 80 хувийн зөвшөөрлийг авсан нь тухайн төсөл хэрэгжүүлэх талбайд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг шууд нураах эрх үүсгэхгүй юм. Харин өмнө дурдсанчлан тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч нартай нэг бүрчлэн 2 болон 3 талт гэрээ байгуулж, байгуулаагүй иргэд, хуулийн этгээдтэй гэрээ байгуулахыг даалгасан байдлаар шүүхэд хандаж шийдвэрлүүлсний үндсэн дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нураах, дахин барилгажуулах ажлыг эхлүүлэх ёстой юм. Гэвч анхан шатны шүүх Монгол Улсын иргэнд Үндсэн хууль, Олон улсын гэрээ, конвенцоор олгогдсон дээрх эрхэд халдсан хариуцагчийн хууль бус үйлдлийг хамгаалсан байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шүүхийн зүгээс Дээрх эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, захирамжууд гарсан, нэхэмжлэгч П.Давааням өөрөө дахин төлөвлөлтийг дэмжиж байгаа гэж тайлбарлаж байгаа зэргээс үзэхэд Тэргүүн Чансаа ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Давхарын 10 дугаар байрыг хуульд заасан журам зөрчиж, хууль бусаар нураасан гэж үзэх боломжгүй байна. гэсэн дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс дахин төлөвлөлтийг дэмжиж байгаа, гэвч Орон сууцны тухай хууль болон Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиудад заасан журмын дагуу өөрийн орон сууцыг зохих журмын дагуу үнэлж 2 болон 3 талт гэрээ байгуулах хүсэлтэй байсан боловч хариуцагч компани хууль тогтоомж зөрчиж хууль бусаар орон сууцны байрын нураасан учир энэхүү нөхцөл байдлыг тогтоолгох, Үндсэн хууль, Олон улсын гэрээнд заасан эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандахад шүүхийн зүгээс та дахин төлөвлөлтийг дэмжиж байгаа юм чинь хариуцагч хууль зөрчих эсэх нь ач холбогдолгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль тогтоомжоор олгогдсон эрхийг зөрчсөн шийдвэр болсон байна.
Иймд гомдол гаргагчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
П.Давааням нь Тэргүүн чансаа ХХК-д холбогдуулан ...байрыг буулгаж, дахин барилгажуулах үйл ажиллагаа явуулахдаа холбогдох хуульд заасан журам зөрчиж, хууль бусаар нураасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг хууль бусаар ашигласан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.
Баянгол дүүргийн 1, 4 дүгээр хороонд байрлах нийтийн зориулалттай 1-10 дугаар байр буюу нийт 20 барилгын ашиглалтыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр 2014.07.20-ны өдрөөс эхлэн зогсоосон бөгөөд нэхэмжлэгч нь 1 дүгээр хорооны 10 дугаар байрны 3 тоот орон сууцны өмчлөгч болох нь тогтоогджээ /хэргийн 6, 77-79 дүгээр тал/.
Нийслэлийн Засаг даргын 2018.03.01-ний өдрийн А/176 дугаар захирамжаар Тэргүүн чансаа ХХК-ийг ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 10 дугаар байрны барилгажилтын төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, эрх олгожээ.
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн зорилт нь иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна гэжээ.
Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламж гэж барилга хот байгуулалтын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтээр ашиглахыг хориглосон барилга байгууламжийг, 4.1.7-т төсөл хэрэгжүүлэгч гэж энэ хуулийн 4.1.11-т заасан төслийг хэрэгжүүлэхээр газар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргатай гурван талт гэрээ байгуулсан хуулийн этгээдийг ойлгоно гэж заасан.
Дээр дурдсан буюу нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжид хамаарсан, хариуцагч нь төсөл хэрэгжүүлэгч болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.
Харин хариуцагч нь төсөл хэрэгжүүлж, нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг нураахдаа холбогдох хууль, журам зөрчсөн эсэх нь маргааны зүйл болжээ.
Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т хувийн гэр, орон сууцны хашааны газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тохиолдолд түүнийг чөлөөлөх ажлыг зөвхөн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд хийнэ гэжээ.
Хуулийн энэхүү заалт нь гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах асуудлыг зохицуулсан бөгөөд энэ талаар талуудын хооронд маргаан үүсээгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв.
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулсан бөгөөд 14.7-д төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны үе шатыг бэлтгэл, төлөвлөлтийн болон шийдвэр гаргуулах, хэрэгжүүлэх, хэрэгжүүлж дуусгах үе шат гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлд хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.г.-д заасан ...үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулах гэснийг зөрчсөн гэжээ.
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.4, 151.5-т зааснаар орон сууц өмчлөгч нь шинээр баригдах орон сууцнаас эхний ээлжид өмчлөх эрх эдлэх, шинээр өмчлөх орон сууцны талбайн хэмжээ хуучин орон сууцны талбайн хэмжээнээс багагүй байх, хуучин орон сууцаа зах зээлийн үнээр хөрөнгө оруулагчтай тохиролцон худалдах, эсхүл нөхөн олговор авах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч талууд шинээр баригдах орон сууцнаас авах талбайн хэмжээний талаар удаа дараа уулзаж, ярилцсан боловч тохиролцоонд хүрч чадаагүй болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.
Мөн зүйлийн 14.7.1-д төслийн бэлтгэл үе шатанд төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, төслийн эхний хувилбар боловсруулах, төслийг сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд танилцуулж, 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах, иргэдийн төлөөллийн байгууллагыг байгуулахаар заасан.
Хариуцагч нь бэлтгэл үе шатанд хийгдэх ажлуудыг хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгчийн өмчлөлийн 3 тоот орон сууц хамаарч буй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Давхарын 10 дугаар байрны нийт өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авсан эсэхэд нэхэмжлэгч маргаагүй байна. Тодруулбал, хариуцагч нь төслийн бэлтгэл үе шатыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2019.02.04-ний өдрийн 03 дугаар захирамжаар тус хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцанд байрлаж байгаа газруудын үйл ажиллагааг зогсоох, Давхарын 10, 11, 12 дугаар орон сууцнуудын барилгыг буулган шинээр барих төсөлд хяналтын хороог байгуулж, ажиллуулсан нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасантай нийцжээ.
Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг нураахдаа хариуцагч нь хуульд заасан журам зөрчсөн, орон сууцыг хууль бусаар нураасан гэж үзэхгүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02984 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД