Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1013

 

 

 

 

 

 

 

 

 

А.Лд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Г.Ганхөлөг,

          шүүгдэгч А.Л, түүний өмгөөлөгч С.Галцацрах,

          нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 664 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Лын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох :............................. дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А.Л, 1985 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, .......................... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .......................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................../;

 

А.Л нь 2018 оны 2 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 39 дүгээр байрны гражид байсан иргэн Б.Ононгийн өмчлөлийн 53-07 УНИ улсын дугаартай Ланд Круйзер 150 прадо загварын тээврийн хэрэгслийн тоормозны шингэн дамжуулах гуурсны боолтыг тайлж, хавчиж, 3 ширхэг дугуйг сийчих зэргээр эд хөрөнгийг хууль бусаар, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Лын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Уран самба овогт Адъяасүрэнгийн Лхагвыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар А.Лыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Л торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Л торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, А.Л баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 ширхэг дугуйг хохирогч Б.Ононд буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 664 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Л би дараах гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч А.Л надад холбогдуулж 18050133 60874 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх гэм буруутай гэж дүгнэн шийтгэх тогтоол гаргасан нь дараах нөхцөл байдлаар үгүйсгэгдэж байна гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг, 16.11 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй буюу нотлох баримт бэхжүүлж аваагүй гэж үзэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргаж, урьдчилан хэлэлцүүлэг зарлуулж гомдлоо гаргасан боловч хүлээн авч шийдвэрлээгүй, өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан даалгах ажиллагаа хийгдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүй яллагдагчаар татан ял өөрчлөн сонсгосноос өөр ажиллагаа хийгдээгүй байхад шүүхэд шилжүүлж гэм бурууг шийдсэн гэж үзэж байна.

Тухайн хэрэг учрал болсон гэх газарт хэргийн газрын үзлэгээр тоормозны шингэн гоожсон гэх ул мөр байхгүй гэж анхан шатны шүүхийн хурлын тэмдэглэлд тэмдэглэгдсэн байх бөгөөд хэрэгт ач холбогдолтой байдал тогтоогдоогүй байдаг гэж улсын яллагч хэлсэн байх ба хавтас хэрэгт хэргийн газрын үзлэг болон нөхөн үзлэг авагдсан баримт байдаггүй. Тус хавтас хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нотлох баримт огт байхгүй бөгөөд хохирогч гэх Б.Ононгоос гаргаж өгсөн шаардлага хангахгүй материалыг нотлох баримтаар хавсаргасан нь бодит байдалд ийм хэрэг зөрчил гарсан эсэхэд эргэлзээ төрүүлж байхад шүүх шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-1.4-т заасан үндэслэл байна гэж үзэж байх тул 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйд тооцон цагаатгаж өгнө үү. ... гэв.

 

Шүүгдэгч А.Лын өмгөөлөгч С.Галцацрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нотлох баримт гаргаж өгөх эрхтэй хэдий ч хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ёстой. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл байхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалд дахин нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзсэн. Гэтэл зөвхөн яллагдагчаар татах тогтоолыг нэмж үйлдээд хэргийг шүүхээр оруулж шийдвэрлүүлсэн. Хохирогчийн гаргаж өгсөн гэх бичлэгт ганц хүний дүрс бичигдсэн байдаг ба энэ нь орцны жижүүр байсан. Энэ талаар орцны жижүүр өөрөө мэдүүлсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйд тооцож өгнө үү. ... гэв.

 

Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нөхөн үзлэг хийгдсэн нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй. Хохирогч тухайн хэрэг гарснаас хойш 2-3 хоногийн дараа машиндаа эвдрэл гарсан гэдгийг мэдсэн. Шинжээчийн дүгнэлтээр тухайн СиДи бичлэг нь дамжмал нотлох баримт учир шинжилгээ хийх боломжгүй гэснээс биш А.Л биш гэсэн дүгнэлтийг гаргаагүй. Хэрэв тухайн тухайн үед А.Лыг харсан хүн байвал бичлэгээс хэн гэдгийг тогтоох боломжтой. Хохирогчоос авсан бичлэгт үзлэг хийж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсны дараа шүүгдэгчийн зүгээс завсарлага авч хохирол, төлбөрийг төлсөн. Хохирол, төлбөр төлсөнтэй холбогдуулж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 664 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ... гэв.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

А.Л нь 2018 оны 2 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 39 дүгээр байрны гражид байсан иргэн Б.Ононгийн өмчлөлийн 53-07 УНИ улсын дугаартай Ланд Круйзер 150 прадо загварын тээврийн хэрэгслийн тоормосны шингэн дамжуулах гуурсны боолтыг тайлж, хавчиж, 3 ширхэг дугуйг сийчих зэргээр эд хөрөнгийг хууль бусаар, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 21-22/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх 24,193/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 26, 195/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 27/, хохирол төлсөн тухай баримт /хх 247/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 99/,

“Шинжилгээнд ирүүлсэн автомашины тоормосны шингэн дамжуулах гуурсны бүрээсэнд гарсан “V” хэлбэр мөр нь эвдэгч багажны мөр байна. Тоормосны шингэн дамжуулах гуурсны бүрээсэнд гарсан 16x7мм хэмжээтэй гэмтэл 8мм хэмжээтэй хавчих зориулалттай багажны үйлчлэлээр гарсан байна. Уг гэмтэл нь хүний хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шинжилгээнд ирүүлсэн автомашины 3 ширхэг дугуйнд гарсан 1.1см, 1см, 21.5см, 21.6см, 27см, 11,5см тоормосны шингэн дамжуулах гуурсны бүрээсэнд гарсан 16x7мм хэмжээтэй гэмтэл хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна. Автомашины 1 дугаартай дугуйнд үүссэн 5x4мм, 9мм хэмжээтэй гэмтэл хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2502 тоот /хх 50-58/ дүгнэлт,

хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 91-93, 115-117/,

хохирогч Б.Ононгийн “...2018 оны 2 дугаар сарын 15-16 нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, өнөр хорооллын 39 дүгээр байрны гражны 77 дугаар зогсоол дээр миний 5307УНИ улсын дугаартай цагаан өнгийн Прадо машин байсан. Тэгээд 2018 оны 2 дугаар сарын 16-ны өглөө гэрээсээ гараад иртэл, хоёр дугуй хагарсан байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгөөд, цагдаагийн байгууллагаар шалгуулсан, тэгээд тэр өдрөө байрныхаа камерыг шүүхээр СӨХ-ны дарга, Цэцэгээтэй уулзаад байрныхаа эргэн тойрон болон гражны дотор талын камерыг шүүж үзэхэд, шөнийн 02 цаг 30 минутын орчимд 175-180 орчим өндөртэй, өвдгөөр татсан ногоон урт куртиктэй, саарал ноосон малгайтай, хар өнгийн масктай, гарандаа бээлийтэй, гутландаа улавч өмссөн залуу манай зогсоол руу ороод 20 минутын дараа гарч байгаа бичлэг байсан. Тэгээд тэр хүнийг хэрэгт гүтгээд яах вэ гэж бодоод бичлэгийг СӨХ-ны дарга Цэцэгээ, миний хуурай дүү Амармандах, эхнэр Хосцэцэгийн хамт үзтэл, өөр хэн нэгэн хүн тухайн шөнө граж луу ороогүй байсан. Тэгэхээр нь надтай мөнгөний авлагатай байгаа Адьяасүрэнгийн А.Лтай өндөр, өмссөн хувцсаараа ижилхэн хүн байсан болохоор би өөрийнхөө самсунг с-8 плас утсан дээрээ хуулж аваад СД-н дээр буулгасан. 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр би золголтоор Орхон аймаг луу явсан, тэр үедээ гэнэт Адьяасүрэнгийн Лхагвын гэрийг би мэддэг болохоор өөрийн хуурай дүү Амармандахад Лхагвын гэр лүү очоод, гадна талын байрных нь камерыг шүүгээд үзчих гэж хэлсэн. Тэгээд манай дүү тэр өдөр харуулаас нь гуйж байгаад шүүж үзтэл, хэрэг гардаг шөнө Адьяасүрэнгийн А.Л нь шөнийн 03 цагийн орчимд гэртээ орж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэд хоногийн дараа өөрийн хуурай дүүтэй хамт очоод харуулаас нь гуйж байгаад, 2018 оны 2 дугаар сарын 16-ны шөнийн орцны камерын бичлэгийг үзтэл манай граж дотор явж байсан сэжигтэй этгээд уг байрны орц руу 03 цагийн үед ороод 22 давхарт буусан байсан. Би тэр үед өмнө нь Лхагвын очиж байсан болохоор энэ А.Л мөн байна гэж бодоод 2018 оны 2 дугаар сарын 16-ны өглөө орцных нь камерыг шүүж үзэхэд, 09 цагийн орчимд А.Л эхнэр, хүүхдийнхээ хамт, сэжигтэй этгээдийн өмссөн хувцсыг өмсөөд лифтнээс гараад ирсэн, би тодруулаад хартал, уг эрэгтэй нь А.Ла байсан, тэгэхээр нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...” /хх 29-31, 32-33, 198-199/,

гэрч А.Амармандахын “...би Онон ахынд амьдардаг, өглөө нь ах надад хэлээд граж луу гартал, дугуйнуудынх нь хий нь гарсан, дугуй иртэй мохоо зүйлээр зүсэгдсэн байсан. Тэгээд гражны камерыг ах, СӨХ-ны дарга Цэцэгээтэй хамт шүүж үзтэл 175-180 см өндөртэй, бараан өнгийн өвдгөө давсан куртиктэй, ноосон саарал малгайтай, юүдэнтэй куртиктэй, эрэгтэй 2018 оны 2 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 02 цагийн орчимд манай ахын байрны граж луу орсон байдаг. Тэгээд камерыг үргэлжлүүлээд шүүж үзтэл тэр шөнө граж луу тэр эрэгтэйгээс өөр хүн ороогүй байсан. Тэгээд ах тэр хүний бичлэгийг өөрийнхөө гар утсан дээр хуулж авсан. Тэгээд хэд хоногийн дараа ах над руу залгаад, А.Л манай граж луу орсон байж магадгүй, би камерын бичлэгийн үзээд байсан чинь мөн байна гэж хэлсэн. Чи очоод А.Лагийн байрных нь камерыг үзээд ир гэж хэлсэн, тэгэхээр нь би А.Л ахын байрны харуулаас нь гуйгаад 2018 оны 2 дугаар сарын 16-ны шөнийн орцных нь бичлэгийг үзтэл шөнө 03 цагийн орчимд ахын байрны граж луу ордог сэжигтэй залуу, А.Л ахын орц руу ороод 23 давхарт гарсан. Тэгэхээр нь би тэр тухай ахад хэлчихээд, А.Л ах юм байна гэж бодсон. Тэгээд хэд хоногийн дараа Онон ахтай хамт А.Ла ахын байр нь дээр ирээд харуулаас нь гуйгаад 2018 оны 2 дугаар сарын 16-ны шөнийн 03 цагийн бичлэг, өглөөний 09 цагийн бичлэгийг үзтэл А.Ла ах эхнэр, хүүхдийнхээ хамт лифтнээс, урт бараан куртиктэй, хэрэг гардаг шөнө өмссөн гуталтайгаа гарч ирсэн, куртикнийх нь зүүн талын энгэр дээрх тод өнгийн бичиг нь, тэдний гэрийн шөнийн 03 цагийн орцны камерын бичлэг дээрх сэжигтэй этгээдийн өмссөн куртикний загвар, хэмжээ, тод өнгийн бичигтэй тохирч байсан. Тэгээд ах утсан дээрээ бичлэгийг хуулж авсан. ...” /хх 38-39/,

гэрч Э.Сайнбаярын “...А.Лагийн хувьд бичлэг нь дээр хуулагдсан эрэгтэй мөн байна, А.Л нь хоёр тал руугаа хазайж алхдаг, 175-180 см өндөртэй, надтай ойролцоо нуруутай, би өөрөө 176 см өндөртэй, А.Л нь жоохон бүрэг зантай, ил хүнд ааш араншингаа гаргадаггүй, дотуур тамиртай хүн. 2017 оны 12 дугаар сарын дундуур над руу А.Л залгаад Онон надад мөнгө өгөх ёстой, утсаа авахгүй байна гэж асууж байсан. Тэгээд миний бодлоор Онон мөнгө өгөхгүй болохоор уурандаа Ононгийн машины дугуйг хагалсан байх гэж бодож байна. А.Лагийн орцных нь камерыг үзэхэд, шөнө 03 цагийн орчим лифт руу орсон, нүүрээ нуусан эрэгтэй хүний өмссөн хувцас нь, өглөө нь гэрээсээ эхнэр, хүүхэдтэйгээ гарч байгаа бичлэгтэй тохирч байна, цаашаа хараад орцноос гарч байгаа явдал нь хоёр талруугаа сайрагнаж алхаж байгаа нь А.Л гэж таньж байна. ...” /хх 40-41/,

гэрч С.Хосцэцэгийн “...2018 оны 2 дугаар сарын 16-ны өглөө гэрээсээ нөхөр,  хүүхдийнхээ хамт гараад машин дээрээ ирэхэд дугуй хагарсан байсан, манай нөхөр юу болсон талаар тодруулахаар гражны жижүүртэй уулзаж камер шүүсэн. ...” /хх 9, 36-37/,

шүүгдэгч А.Лын яллагдагчаар өгсөн “...2018 оны 2 дугаар сарын эхээр Ононгийн гэрийн гражид байсан цагаан өнгийн прадо загварын машины 3 дугуйг хагалж, тоормосны шингэнийг гоожуулсан. ...хувийн өс хонзонгийн асуудлаас болсон. ...” /хх 80, 83-88/ гэх мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасантай нийцжээ.

 

   Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч А.Лыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч А.Лын хохирогч Б.Ононгийн автомашины тоормосны гуурсны боолтыг тайлж, тусгай багажаар хавчсан, дугуйг нь сийчиж гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс А.Лд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Л нь “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-1.4-т заасан үндэслэл байна гэж үзэж байх тул 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйд тооцон, цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Лын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, шүүгдэгч А.Л нь сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны явцад 5 хоногийн завсарлага авч хохирлоо төлж барагдуулсан, тэрээр гэм буруутай болох нь нотлогдсон тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч А.Лын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 664 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Лын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

                     

 

                                                                        

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                                           Ц.ОЧ

 

                                ШҮҮГЧ                                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ