Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 35

 

Ц.А, Ч.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор В.Төгсбаяр /онлайнаар/

         Шүүгдэгч Ц.А, Ч.Б /онлайнаар/  

          Ц.А-ийн өмгөөлөгч Ц.Баярмаа

          Ч.Б-ын өмгөөлөгч И.Олонмөнх                                                            

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э

          Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч И.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э нарын  давж заалдах гомдлоор Ц.А, Ч.Б нарт холбогдох 1829000000050 дугаартай эрүүгийн хэргийг Монгол Улсын Дээд шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт тоотод оршин суух, урьд 1999 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 1-р шүүхийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх Сум дундын 1-р шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200000 төгрөгөөр торгох ял, Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Монгол улсын иргэн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, нүүрс тээврийн машины жолоочийн ажил эрхэлж байсан, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт газар оршин суух, урьд Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Ц.А, Ч.Б нар нь 2018 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн М.Э-ыг зодож, алсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Ц.А, Ч.Б нарын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.А, Ч.Б нарыг бүлэглэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар шүүгдэгч Ч.Б-д 13 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.А-д 12 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, Ч.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Ц.А, Ч.Б нарын цагдан хоригдсон 263 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.Б, Ц.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 4992852 төгрөгийг гаргуулан нарт олгож, шүүгдэгч Ц.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,5 литрийн Ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, 0,75 литрийн Ерөөл нэртэй архины шил 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д  зааснаар хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь 263 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П, М.Э нар нь ажилгүй байсан хугацааны цалин болон хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 381750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Өмгөөлөгч И.О давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Ч.Б-ыг Ц.А-тэй бүлэглэн хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 13 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хууль буруу хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Учир нь 2018 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө талийгаач М.Э-ыг зодож амь насыг хохироосон гэж буруутгагдсан билээ. Энэ хэрэгт холбогдогч А, талийгаач Э, гэрч Б, Б, Дундговийн Баатар гэх Э нар хэрэг болохоос 1-2 хоногийн өмнөөс нийлж олон шил архи уусан байдаг юм.

Ч.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний орой явж байгаад Б-тэй таарч ганц 100 татах уу гээд машин дээрээ дагуулж очиход 4-5 хүн нэлээд халамцуу байцгааж байсан, нөгөө авч ирсэн архиа ууж элдэв юм яриад маргаж байхад Ч.Б нь бие засахаар машинаас буугаад чиргүүл чигт 15-20 м газар очиж хүндээр бие засаад байж байхад пижигнээд дуугарсан. Тэгээд тэгээд ирэхэд нэг хүн хэвтэж байсан. Кабины гэрэл бүдэг асаж байсан. Ойчсон байгаа хүн дээр очоод зүүн мөрнөөс нь 2 татсан. 3, 4 алхамын цаана Ц.А гэх залуу зогсож байсан. Яасан юм гэхэд дуугараагүй. Тэгээд тэр хүнийг дахиад татахад босоогүй. Энэ хүний юм алга болчихвийгээд оруулж унтуулаарай гэж хэлээд паскийг авч яваад маргааш өглөө нь эргэж очсон. Тэгэхэд Э урд талын суудал дээр байсан. Яасан бэ, юу болсон гэж асуухад Ц.А зодсон, Ц.А-ийг олоод өгөөч гэж хэлж байсан. Би өчигдөр авч явсан паскийг өөрт нь өгсөн. Ийм л зүйл болсон гэж Ч.Б мэдүүлсэн байдаг юм.

Энэ болсон хэргийн талаар гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч нар Ч.Б талийгаачийг зодсон талаар гэрчилдэггүй бөгөөд харин талийгаач амьд байхад нь уулзаж ярьж хэлж байхыг хажууд нь байсан, сонссон гэрч Ц.Б /хх-47-49/, Ч.Э /хх-220/, С.Б /хх-36/ нар 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ Э кабинд орж ирээд ...нөгөө өөрийгөө Хөвсгөлийн бөх гээд байсан залуу намайг зодчихлоо гэж хэлсэн талаар анхны мэдүүлгээр нотолж мэдүүлсэн байдаг юм.

Мөн дуудлагаар очсон цагдаагийн ажилтан С гэрчээр мэдүүлэхдээ /хх-81/ ...Б-с Э-ыг хэн зодсон талаар асуухад ...Хөвсгөлийн гаралтай аймгийн цолтой гэж танилцуулж байсан нэг залуу зодсон гэж хэлсэнийг мэдүүлсэн байдаг юм.

Б нар нь Хөвсгөлийн залуу Ц.А-тэй  2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тааралдахдаа...чи тийм хөгшин хүнийг тэгтлээ зодчихдоо яадаг юм арай дэндүүлсэн байна гэхэд тэр залуу зодоогүй гэхээр нь би чамайг хүмүүс харсан байна лээ Болд ах тэгтлээ тасартлаа согтоогүй чамд зодуулснаа мэдэж байна гэж тулгаж хэлэхэд тэр ах чинь өөрөө эхлээд намайг 2 цохиод авсан. Би зөрүүлээд хоёр, гурав балбаад хаячихсан...гэж Б ахыг зодсон талаараа тэр залуу хэлсэн. Хөвсгөлийн гэх залуу Б ахыг зодсон талаар бид цагдаа нарт хэлсэн. Тэгээд тэр залууг цагдаа нартай хамт хайж Цагаан хад хавиар хэсэг явсан боловч олж чадаагүй... гэж мэдүүлсэн байдаг.

Ц.А нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Б нартай уулзаж учир байдлыг мэдээд нуугдаж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19 цагт баригдаад гэрчээр мэдүүлэхдээ Ч.Б-ыг Э-ын нүүрний баруун талын хэсэгт зүүн талын хөлөөрөө 1 өшиглөж байсныг харсан би цээж хавьд нь өшиглөсөн гэж мэдүүлсэн нь талийгаачийн амь насанд хохирсон гэмтлийг би учруулаагүй гэсэн санаа явж байгаа харагдаж байна.

Мөн тухайн хэрэг учрал гарах үеийн цагийн байдал орчны үзэгдэх гэрэл гэгээ ямар байсан, машин тэрэгний байрлал талийгаач машинаас хэр зайтай хэвтэж байсан, харагдах орчин зэргийг шалгаж тогтоогоогүй нь гэрч Б-ийн хоёр дахь удаагийн мэдүүлгийг хэрхэн дүгнэж байгаа болон бусад гэрч болох Б, Э, М, С нарт хууль сануулан өгсөн мэдүүлгийг хэрхэн дүгнэсэн талаар үндэслэх хэсэгтээ дурдаагүй байж анхан шатны шүүх зөвхөн холбогдогч Ц.А-ийн мэдүүлгийг үндэслэн Ч.Б, Ц.А нар нь бүлэглэж үйлдсэн байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс бүрэн шинжилж судалж дүгнэж үзээгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд  Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоолоор  Ч.Б-ыг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ч.Б давж заалдах гомдолдоо:  “...Миний бие энэ хэргийг үйлдээгүй тул оногдуулсан ялыг эс зөвшөөрч гомдол гаргасан.

Хөвсгөлийн залуу  буюу Ц.А гүтгүүлэн хүн алсан гэмт хэрэгт холбогдоод байна. Хэрэв энэ хэрэгт оролцож өшиглөж зодсон бол Ц.А зодуулснаа санаж байгаа хүн намайг санаж тэр үед бариулах байсан. Би маш их гомдолтой байна. Энд хоригдож эхэлснээс хойш хуулийн байгууллагыг үнэн зөвийг олж өгнө гэдэгт итгэсээр одоог хүрлээ. Ц.А яагаад ингэж намайг худлаа яриад хэрэгт холбогдолтой мэтээр гэрчлээд мэдүүлээд байгааг ойлгохгүй байна. Нэг цаг үед нэг газар болсон үйл явдлын талаар өөр өөр тайлбарлаж мэдүүлсэн байна. Энэ мэт үйл явдлыг үнэн зөвөөр тодруулж гаргах нь хэргийн үнэн зөв байдал харагдах байх гэж би ойлгож байна. Иймд дахин тодруулж шалгуулах хүсэлтэй байна. Миний бие гүтгүүлэн хэлмэгдэж байгаа гомдлыг хүлээн авч, хэргийг дахин шалгаж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э давж заалдах гомдолдоо: Хохирогчийн хувьд би Ц.А, Ч.Б гэх шүүгдэгчид дахин гомдолтой.

Гэрчийн мэдүүлгээс үзэхэд наадхаа дуусгачих гээд хоёул нийлж зодож алсан. Анхан шатны шүүх дээр ялангуяа Ц.А-ийн өмгөөлөгч Ц.Б шүүгдэгч гэмээ ухамсарлаж байгаа мөн 7 хүүхэдтэйг харгалзан үзэж жирийн дэглэмтэй хориход 12 жил шийтгүүлэхийг хүсэж байсан.

Бүлэглэн танхайрсан, дээрэмдэх хэрэгт 8, 10, 12 жилийн ял авч байхад хүний амийг бүлэглэн хохироочхоод жирийн дэглэмтэй хориход 12, 13 жилийн шийтгэл авсанд харамсалтай байна. Ядаж дэглэм хатуу байх ёстой гэж үзэж байна.

Оршуулгын мөнгийг би аваагүй болохыг дахин хэлье. Мөн үлдэгдэл 5 сая төгрөгийн оршуулгын зардлыг одоо шийтгэлийг хэн хүлээж байгаа нь эсвэл түүний өмгөөлөгч гэх надтай албан ёсоор холбогдож барагдуулахыг шаардаж байна.

Би талийгаачийн төрсөн дүү мөн. Ахын минь 3 хүүхэд байхад хохирогч тодорхойлохдоо энэ хэргийн хохирогч Пүрэвмаа гэж шийдэж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Ц.А ар гэр, өмгөөлөгч нар ямар сэдлээр зөвхөн Д.П-тай харилцаж байгаад гайхаж байна. Дарамтлаад эсвэл зөвшилцөөд өөрсдийнхөөрөө асуудлыг шийдээд байна уу гэж  хараад байна. Иймд маш их гомдолтой байна” гэжээ.

Прокурор В.Төгсбаяр  давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Ч.Б болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэрэгт цугларсан нотлох баримтуудаас гэрчээр мэдүүлэг өгсөн Б-ийн мэдүүлгийн 2 болон 3 дахь мэдүүлгийг худлаа мэдүүлэг гэж үздэг. Өмгөөлөгч өөрөө хэлж байна. Эдгээр хүмүүс 2, 3 хоног дараалан архи уусан гэж байна. Иймд 2, 3 хоног дараалан архи уусан хүмүүсийн маргааш нь буюу 04-нд өгсөн Б-ийн мэдүүлэг. Өөрөөр хэлбэл хүний судсанд дахь спиртийн хэмжээ бүрэн гүйцэт арилаагүй байна. Мөн 2, 3 хоног дараалж уусан хүн өмнө болсон явдлаа санаж байгаа, энэ мэдүүлгийг үнэн зөв гэж үзээд харин хэд хоногийн дараа эрүүл болоод архи уугаагүй байх үедээ эргээд болсон явдлаа санасан тэр мэдүүлгийг худлаа гэж үзээд байгааг би ойлгохгүй байна. Б гэдэг хүн нь 2, 3 дахь мэдүүлэг дээрээ тэр үед яагаад тийм мэдүүлэг өгсөн. Одоо яагаад ийм мэдүүлэг өгч байна гэдгээ хэлсэн. 2 мэдүүлэг нь зөрсөн учраас 3 дахь мэдүүлэгт яг энэ үнэн юм уу? гэж асуухад яг үнэн гэж мэдүүлдэг. Б нь өр авлагын болон өс хонзонгийн асуудлаар худлаа мэдүүлэг өгөх шаардлага байхгүй. Иймд гэм буруутай холбоотой зүйл дээр маргаан байхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй мөн ямар нэгэн байдлаар үндэслэлгүйгээр ял халдаасан зүйл байхгүй гэсэн тайлбарыг гаргаж байна.

Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ч.Б болон түүний өмгөөлөгч нарын гомдол нь үгүйсгэгдэж байгаа тул тэдгээрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөн Ч.Б нь хэрэгт авагдаагүй нотлох баримтын талаар давж заалдах шатны шүүхэд ярьж байгааг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авч үзнэ үү гэв.

Шүүгдэгч Ц.А давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ч.Б давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хүний амь бүрэлгэж 13 жилийн ял авсандаа гомдолтой байна. Ц.А нь анхнаасаа санаатай намайг гүтгээд байгаа. Намайг өшиглөөгүйг Буяннэмэх гэрчилнэ. Тэгээд би хохирогчоос энд юу болсон юм бэ? гэхэд хариу хэлээгүй. Би баруун мөрнөөс нь татаад босооч гэхэд хохирогч босохгүй байсан. 2018 оны 05 дугаар сард Ц.А надад та хохирол төлбөрийг өгчих тэгвэл би танийг энэ хэргийг хийгээгүй гэж хэлнэ гэсэн. Тэр үед Ц.А Б-д намайг толгой түрүүгүй зодсон гэж хэлээрэй гэсэн. Тэрийг бол Н.Э өмгөөлөгч гэрчилнэ. Мөн 2018 оны 11 дүгээр сард Ц.А нь Б-ийг намайг толгой түрүүгүй зодсон гэж хэлээрэй гэсэн зурвас илгээсэн байсан. Дараа нь Ц.А-ээс дахиад зурвас ирсэн. Тэр зурваст би анх мэдүүлэхдээ айсандаа чамайг хэлсэн юм. Би энэ хэргийг ганцаараа хийсэн. Миний буруугаас болж та хохирох ёсгүй. Би энэ талаар өмгөөлөгчдөө хэлнэ гэсэн. Хэргийн газар мөн Б байсан. Б нь Ц.А-ээс чи яагаад хөгшин настай хүн зодож байгаа юм бэ? гэхэд өөрөө намайг цохиод байсан тэхээр нь 2, 3 балбаад хаясан гэж Ц.А хэлсэн. Б-ийн мэдүүлэгт тийм зүйл байдаг. Би авсан зүйлээ  өгөх гээд хохирогч дээр очиход нүүр ам нь танигдахын аргагүй болсон байсан. Тэр үед би хохирогчоос Чиний нүүр ам чинь яасан юм бэ? гэхэд хохирогч Хөвсгөлийн бөх гээд нэг залуу намайг зодчихлоо чи олоод өгөөчээ гэсэн. Тухайн үед хохирогч амьд сэрүүн байсан. Хэрвээ би зодсон бол намайг гэж хохирогч хэлэх байсан. Ц.А гол нь хохирлоо төлүүлэх санаатай намайг гүтгэсэн. Хэрвээ би өшиглөсөн бол цагдаа нартай цуг байхад хэлэх байсан байх гэж бодож байна. Би ямар ч буруугүй учраас хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ 2 хүний хэн нь буруутай вэ? гэдэг асуудлын үнэн зөвийг олоосой гэж бодож байна. Би оногдуулсан ялыг хүндрүүлэх хүсэлт гаргасан байгаа. Тэрийгээ хүсэж байна. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хөнгөдсөн гэж үзэж байна.

Гэм хорын хохирол 10 сая төгрөг гэж тогтоогдсон. Түүнийх нь 5 сая төгрөгийг хохирогч Д.П-д олгогдсон байгаа. Одоо үлдэгдэл 5 сая төгрөгийг Ч.Б өгөөгүй байгаа. Дээр нь бид нар нааш цаашаа маш их явж байгаа гэдгийг өмнөх анхан шатны шүүхээр иргэний журмаар нэхэмжлэл гаргаж болно гэж заасан байгаа. Өмнөх 5 сая төгрөгийг Д.П авсан. Одоо үлдэгдэл 5 сая төгрөгийг би авах хүсэлтэй байгаа. Прокурор В.Төгсбаяр нь анхан шатны шүүхэд 16 жил хатуу гэдгээр өгч байсан. Би тэр саналтай нийлж байна. Би энэ 12, 13 жил энгийн гэснийг эсэргүүцэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн зүйл байхгүй. Иймд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан Ч.Б, түүний өмгөөлөгч И.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Өнөөдөр эрдэнэт хүний амь нас эрсэдсэн тохиолдолд шууд нотлох баримт нь хамгийн гол нотлох баримт юм. Ц.А-ийн мэдүүлгийг үнэлэхгүй байлаа гэхэд Б-ийн мэдүүлэг байдаг. Мөн цагдаа болон эмч нарын мэдүүлэг байна гэж байна. Энэхүү мэдүүлгүүд нь шууд харсан нотлох баримт бол биш юм. Иймд И.О өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал үүсч байна гэж үзэж байна. Ц.А-ийн хувьд Ч.Б-тай өс хонзон болоод урьд нь ямар нэгэн байдлаар маргаж байгаагүй. Хүнийг гүтгэх шалтгаант холбоо байхгүй. Ч.Б-аас хохирол төлбөрийг гаргуулья гэсэн санаа зорилго агуулсан нотлох баримт хэргийн хүрээнд байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолд ял хөнгөдлөө гэсэн санаа хэлдэг. Мөн хохирол төлбөр дээр 2 хохирогч байхад 1 хүнд нь илүү өгч намайг хохироолоо, энэ мөнгийг би авах эрхтэй юм гэсэн санаа хэлдэг. М.Э-ийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр санал гаргасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоодог. Энэ хэргийн хүрээнд М.Э-т хохирол төлбөр олгох эрх зүйн үндэслэл байхгүй юм.

Тэгэхээр энэ хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон талийгаачийн гэр бүлийн хүн болох Д.П энэ нотлох баримтуудыг гаргаж өгдөг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э  нь 5 сая төгрөгний нотлох баримт гаргаж өгөөгүй байдаг. Иймд Д.П-д олгосон хохирол төлбөр нь эрх зүйн үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг хийж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Анхан шатны шүүх нь тухайн хүний хувийн байдал болон хохирол төлбөрөө төлсөн байдлыг харгалзан үзэж  шүүгч нь эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, өөрийн дотоод итгэл үнэмшлээр хэргийг шийддэг байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд байдаг тухайн хүний ялыг өөрчлөхгүйгээр хөнгөрүүлж болно гэсэн заалт байдаг. Иймээс ялыг хүндрүүлэх нөхцөл байдал давж заалдах шатны шүүхэд байхгүй юм. Иймд анхан шатны шүүхээс хүлээлгэсэн нээлттэй дэглэмийг эрх зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна гэсэн саналыг оруулж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.О давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Гэрч Б-ийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлгийг ач холбогдолтой мэдүүлэг гэдгийг тайлбарлаж хэлмээр байна. Улсын яллагч гэрч Бат-Эрдэнийн 2, 3 дахь мэдүүлгүүдийг үнэлж ярьдаг. Миний хувьд тухайн хэрэг болсны маргааш нь авсан гэрч Э, Б зэрэг хүмүүсийн мэдүүлэгтэй таарч байдаг. Сүүлийн мэдүүлэгтээ Ч.Б нь өшиглөж байсныг би машин дээрээс харсан гэсэн байдлаар мэдүүлэг өгсөн байдаг. Харах нөхцөл байдлын хувьд судалж үзэхэд харах нөхцөл байдал үнэхээр байдаггүй. Иймд Б-ийн анхны мэдүүлэг нь үнэн бодит байна гэж үзэж байна. Дараагийн мэдүүлгүүд нь хэдэн сарын дараа өгсөн мэдүүлгүүд учраас ач холбогдлын хувьд шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Иймд сүүлд өгсөн мэдүүлгүүд нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэсгээс Ч.Б-ыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч И.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

Шүүгдэгч Ц.А, Ч.Б нар нь 2018 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн М.Э-ыг зодож, алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 04 дүгээр сарын 06, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн “...Тухайн өдөр бид нар бүтэн архидсан юм. Харин Хөвсгөлийн залуу тухайн өдөр 2 шил 0,75 литрийн архи авч ирсэн. Тэгсэн нөгөө Хөвсгөлийн залуу “би зөндөө архи авлаа, одоо та нар архи ав” гэж хэлэхэд талийгаач Болдоо ах “бид нарт мөнгө байхгүй, одоо та нар яв” гэж хэлсэн. Түүний дараагаар хэрүүл маргаан болоод талийгаач Болд ах, Буяннэмэх бид хэд нийлээд “бид нар амармаар байна. Чи одоо яв” гэж машинаасаа хөөж гадуурхсан. Харин Хөвсгөлийн гаралтай залуу над руу дайраад чамайг буулгаж байгаад дэвсээд хаячихна шүү гэж хэлэхэд Б ах намайг өмөөрөөд “чи миний ядарсан найзыг дээрэлхээд байхгүй шүү. Бид нар ч гэсэн дэвсэлцэнэ шүү” гэж хэлчихээд машинаас буугаад хажуу талын нүүрс тээврийн машины кабин руу орсон.

Түүний дараагаар нөөцийн Б кабины буруу талын хаалгаар буусан. Харин араас нь нөгөө Хөвсгөлийн залуу жолооч талын хаалгаар буусан. Нөөцийн Б кабинаас буучихаад хаалга хаагаагүй байх үедээ эргэж хараад бид нарт “та нар муусайн лалрууд минь ганц хүнийг дээрэлхэхгүй шүү, эрэмбээрэй байгаарай” гэж хэлээд зогсож байх үед нөгөө Хөвсгөлийн залуу машины урдуур тойроод нөөцийн Б-ын хажууд очиж зогсоод талийгаач Б ахад “чи муу юу гээд байгаа юм бэ, наашаа буугаад ир чи” гэж хэлэхэд талийгаач Болд ах хариуд нь “би бууж чадахгүй ээ одоо амармаар байна” гэж хэлсэн.

Тэгэнгүүт нь нөгөө Хөвсгөлийн залуу үгийн зөрүүгүй шууд хаалганы гишгүүр дээр зогсож байгаад баруун гараараа кабины дотор талын бариулан дээрээс барьж байгаад талийгаач Б ахын баруун талын мөрөн дээрээс зүүн гараараа татаад талийгаач Б ахыг газар унагаачихаад араас нь үсэрч буун кабины хаалга хаасан.

Тэгэнгүүт нь би “кабины буруу талын арын цонхоор харахад” талийгаач Болдоо ахыг газар унангуут нь нөөцийн Баатар улаан нүүрэн дээр нь хоёр удаа баруун талын хөлөөрөө дэвссэний дараагаар нөгөө Хөвсгөлийн залуу 3-4 удаа талийгаач Б ахын толгойн дээр дэвссэн. Тэгээд үргэлжлүүлэн талийгаачийн цээж рүү нь Хөвсгөлийн залуу 1 удаа дэвсээд дахиад баруун талын хөл рүү нь 1 удаа өшиглөсөн.

Тэр үед талийгаач Б ах ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, дээшээ хараад хамраас нь цус гарсан байдалтай, гарнаас нь цус гарчихсан нүүрээ дараад хэвтэж байсан. Тэгээд нөөцийн Баатар, Хөвсгөлийн залуу хоёр шууд Цагаан хадны чиглэлд алхаад явсан.

“...Хөвсгөлийн залуу талийгаачийг кабинаас татсаны улмаас талийгаач Б хаалгаар унаж байгаа үйлдлийг нь харсан. Талийгаач анх машинаас унаад дээшээгээ хараад хэвтэж байх үед нь нөөцийн Б шууд нүүрэн дээрээс нь 2 удаа баруун талын хөлөөрөө дэвссэн. Тэгтэл нөгөө Хөвсгөлийн залуу дахиад 3-4 удаа нүүрэн дээр нь дэвсэхэд талийгаач Б ах хоёр гараараа нүүрээ хамгаалсан. Тэгтэл нөгөө Хөвсгөлийн залуу цээжин дээр нь 1 удаа дэвсээд баруун талын гуя руу нь нэг удаа өшиглөчихөөд яваад өгсөн /1-р хавтасны 43-44, 2-р хавтасны 228/ гэх мэдүүлэг, 

Шинжээч Ж.Ж-ийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ...Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сум дахь эрүүгийн мөрдөгч Б.Б-ийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг үндэслэн талийгаач М.Э-ын цогцост үзлэг, шинжилгээ хийж 09 дугаартай дүгнэлтийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гаргасан. Үзлэг, шинжилгээгээр талийгаач М.Э-ын биед гавал тархины битүү гэмтэл, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, орой хэсгийг нэлэнхүйд нь хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, дагз, бага тархины эд дэх эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, баруун хацар, бугалга, шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, хацар, хамар, чих, бугалга, мөр, сарвуу, хуруу, баруун хөлийн шагайд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Эдгээрээс аалзан хальсан доорх цус харвалт, дагз, бага тархины эд дэх эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул хүнд гэмтэлд хамаарах ба бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гавал тархины битүү гэмтэл нь гадны үйлчлэлийн улмаас толгойд доргилт үүссэнээс болж үүсдэг. Тухайн гэмтлийг авсан хүн хэдий хугацаанд амьд байхыг нарийн тогтоох боломжгүй. Оношилгоо, эмчилгээ, тухайн хүний бие махбодын онцлог байдлаас хамаарна. Гэхдээ тархины аалзан хальсан доорх цус харвалттай хүн түргэн хугацаанд ухаан алдаж, үхэлд хүрдэг онцлогтой байдаг. Энэ гэмтлийн үед толгой өвдөх, дотор муухайрах, огиулах, бөөлжих, тэнцвэр алдагдан гуйвж дайвах, цаашилбал унтаарах буюу ухаангүй болох, амь тэнссэн байдалтай, тархины гэмтлийн комд  орно. Энэ нь ухамсарт ухаан алдагдана гэсэн үг юм. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Эмнэлгийн бичиг баримттай танилцахад өвчтөнийг эмнэлгийн байгууллага, эмч мэргэжилтэн хүлээн авч зохих журмын дагуу үзлэг, нөөц бололцооны хүрээнд шаардлагатай шинжилгээ, оношилгоо эмчилгээ хийж эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Талийгаачид гэмтэл учрах үед шаардлагатай оношилгоо, эмчилгээг хийж эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг нь аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй гэж дүгнэлт хэсэгт тусгасан нь тухайн хэрэг болсон даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой байхыг үгүйсгэхгүй гэсэн утгаар тусгасан ба тархины аалзан хальсан доорх цус харвалтын үед эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж бага байдаг /1-р хавтасны 95-96/ гэсэн мэдүүлэг,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 9 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд:

1. Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, орой хэсгийг нэлэнхүйд нь хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, дагз, бага тархины эд дэх эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, баруун хацар, бугалга, шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, хацар, хамар, чих, бугалга, мөр, сарвуу, хуруу, баруун хөлийн шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд, бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь автомашины кабинаас унах, цохих, өшиглөх, дэвсэх үед үүсэх боломжтой.

4. Талийгаач нь архаг пиелонефрит, элэгний өөхлөлт өвчтэй байжээ.

5.  Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр спиртийн агууламж илэрсэнгүй.

6. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, орой хэсгийг нэлэнхүйд нь хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, дагз, бага тархины эд дэх эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ.

7. Талийгаачид гэмтэл учрах үед шаардлагатай эмчилгээг хийж эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй /1-р хавтасны 92-94/ гэсэн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны 1244 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж-ийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн гаргасан 9 дугаартай дүгнэлтийн 7 дахь хариулт үндэслэл муутай байна. Талийгаачид Өмнөговь аймгийн Ханбогд сум дундын эмнэлэг яаралтай тусламж эмчилгээ, үйлчилгээг үзүүлсэн ч цогцост хийсэн шинжилгээгээр тархины оройн хэсгийг нийтэд нь хамарсан, духны дэлбэнгийн суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины оройн дух, зулай, дагзны дэлбэнг хамарсан их хэмжээний тархины эдийн няцрал, тархины бүрхэвчийн идээт хүндрэл бүхий гэмтлүүд учирсан нь амь насыг аврах боломжгүй байжээ /2-р хавтасны 207-209/ гэсэн дүгнэлт,

Яллагдагч Ц.А-ийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн ...Би 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Цагаан хадан дээр 5 хүнтэй нийлж архи уусан. Маргааш нь буюу 04 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн үед нүүрс ачдаг том машины кабинд байхад одоо энд байгаа хүн талийгаач хоёр хоорондоо мөнгө төгрөгнөөс болоод маргалдаад байсан. Би нөгөө хоёрыг битгий хэрэлд гэхэд над руу давшлаад байсан. Би жолоочийн суудал дээр сууж байсан юм. Одоо энд байгаа Баатаржав билүү Баатаржаргал билүү тэр хүн миний баруун гар талд сууж байсан.

Ч.Б намайг урагшаа бол гэхээр нь би урагшаа болсон чинь Б миний араар гараад машинаас буугаад өмнүүр тойрч буруу талын хаалгыг нээгээд хоорондоо хэрэлдэх маягтай болохоор нь машинаас бууж өмнө талаар тойрч урд талд очоод нөгөө хоёрыг одоо боль, яах гэж ингэж байдаг юм бэ гэж хэлээд машины дөрөөн дээр гишгээд дээшээ гарахад талийгаач миний өөдөөс өшиглөөд чам шиг бандиар амаа үдүүлэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүний энгэр дээрээс нь барьж аваад татсан чинь талийгаач машинаас газар руу тонгойгоод унасан. Би гишгүүр дээрээс хөлөө аваад бууж ирэхэд талийгаач өндийсөн. Тэгэхээр нь би эгэмний доод хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн.

Тэгтэл Б талийгаачийн нүүрэн хэсэг рүү нь 1 удаа өшиглөөд талийгаачийн мөрнөөс нь паскийг нь аваад яваад өгсөн. ...Би тэр талийгаачийн толгой руу өшиглөж цохиогүй. Харин Б талийгаачийн баруун шанаа, нүүрний баруун хэсэг рүү хөлөөрөө нэг удаа лав өшиглөсөн. Түүнийг би баттай харсан /1-р хавтасны 141-143/ гэсэн мэдүүлэг,

Яллагдагч Ч.Б-ын 2018 оны 05 дугаар сарын 11, 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд өгсөн ...2018 оны 04 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө байх, 01-02-нд шилжих шөнө ч билүү би Цагаан хадны гудамжаар нар жаргаж байх үеэр явж байгаад хамт хоригдож байгаа залуу болон Б хоёртой таарсан. Мэнд мэдсэний дараа Б “ах зуу татах уу” гэсэн. Би тэгье гээд нөгөө хоёрыг дагаад алхсан. Айлуудын ар талд цагаан өнгийн нүүрсний том машин дээр очиход кабинд нь 4, 5 хүн байсан.

Би гадаа гишгүүр дээр жолоочийн талд зогсож байсан. Тэнд архи уугаад нилээд удсан. Надад шаазан аяганы ёроолоор жоохон архи 2 удаа ирснийг нь уусан. Нөгөө хэд хоорондоо юм ярьж байсан. Гадаа харанхуй болсон. Гэтэл миний гэдэс өвдөөд байхаар нь бие засна гээд хойшоо явж хүндээр бие засаад эргээд явж байхад “машины хойд талд” хүмүүс хоорондоо пижигнэлдсэн дуу гарсан ба гайхаад хүрээд ирэхэд машины кабины буруу талд гадаа хохирогч дээшээ хараад хэвтэж байсан. Хажууд нь одоо хоригдож багаа залуу зогсож байхаар нь юу болсон, яасан бэ гэж асуухад нөгөө хоёрын аль аль нь дуугараагүй. Харин зогсож байсан залуу нилээд ширүүн байдалтай зогсож байсан. Би хохирогчийн зүүн мөрнөөс нь босгох гээд 2-3 удаа татсан. Тэр босоогүй. ...Тухайн үйл явдлын үед Эрдак буруу талын суудал дээр суугаад унтаж байгаа харагдсан. Тэр их согтуу байсан болохоор яагаад түүнийг тэгж мэдүүлээд байгааг ойлгохгүй байна.

А-ийн хувьд намайг бие засахаар явахаас өмнө буруу талын гишгүүр дээр гараад зогсчихсон, талийгаач кабин дотор буруу талын хаалган талд хамгийн захад нь сууж байсан. Тэр үед тэд хоорондоо маргалдаж муудалцаагүй байсан. А яагаад тэгж мэдүүлээд байгааг би мэдэхгүй байна. Миний хувьд тэр хохирогчийг өшиглөж зодож цохисон зүйл байхгүй. Намайг хүмүүс хар Б, нөөцийн Б гэж хоёр янзаар дууддаг /1-р хавтасны 145-150/ гэсэн мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтасны 12-13/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтасны 14-17/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Иймд“Шинжээчийн дүгнэлтүүдээс гадна шүүгдэгч Ц.А-ийн ...Б талийгаачийн нүүрэн хэсэг рүү 1 удаа өшиглөөд талийгаачийн мөрнөөс нь паскийг нь аваад яваад өгсөн, ...Б талийгаачийн баруун шанаа, нүүрний баруун хэсэг рүү хөлөөрөө нэг удаа лав өшиглөсөн. Түүнийг би баттай харсан. Намайг хараагүй байхад ч Б талийгаачийг өшиглөж цохьсон байхыг би үгүйсгэхгүй /хх-143/ гэх мэдүүлгээр шүүгдэгч Ч.Б хохирогчийн эрүүл мэндэд халдсан болох нь тогтоогдож байх бөгөөд гэрч С.Б-ийн мэдүүлгийг давхар нотлох баримт болгож байна”, “шүүгдэгч  Ц.А, Ч.Б нар нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон байх бөгөөд гэмт хэргийг хоёул санаатай нэгдэж үйлдсэн байх тул хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй”, “энэхүү гэмт хэргийн цорын ганц гэрч болох С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа гэрчийн мэдүүлэг өгсөн ба 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр анх удаа гэрчээр байцаагдахдаа болсон үйл явдлыг хараагүй, унтаж байсан мэтээр мэдүүлсэн байдаг боловч түүнийг хоёр болон гурав дахь удаа гэрчээр байцаасан тэмдэглэлийг шинжлэн судлахад хэргийн газар байсан машины кабинд хэвтэж байхдаа уг машины цонхоор хэрэг учралтай холбоотой үйл явдлыг харсан талаараа нэг бүрчлэн мэдүүлдэг ба эдгээр мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй байдаг”, “шүүгдэгч Ч.Б нь энэ гэмт хэрэгт холбогдолгүй гэж байх боловч түүний мэдүүлгийг үнэн зөв гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй тул түүний мэдүүлгийг дангаар нь нотлох баримт болгон үнэлэх хууль зүйн үндэслэлгүй” гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Ч.Б, Ц.А нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан гэмт хэргийн шинжид тохирч байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий болсон байна.    

Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой  харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хавтас хэрэгт тусгагдан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудаар анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээрх нотлох баримтуудыг харьцуулж үзвэл, уул уурхайн салбарт ашиглагддаг хүнд даацын автомашины кабинаас талийгаач газар ойчсон байна. Харин хэрхэн ойчсон талаар  гэрч Б-ийн мэдүүлэгт “Амармэнд татаж унагасан” гэж, А “...машины дөрөөн дээр гишгээд дээшээ гарахад талийгаач миний өөдөөс өшиглөөд чам шиг бандиар амаа үдүүлэхгүй гэж хэлсэн...би түүний энгэр дээрээс нь барьж аваад татсан чинь талийгаач машинаас газар руу тонгойгоод унасан..” гэж мэдүүлсэн байх тул түүнийг үйл баримтын талаар худал мэдүүлэг өгсөн гэж үзэх боломжгүй ба үүгээр Б-ын “Тухайн үйл явдлын үед Эрдак буруу талын суудал дээр суугаад унтаж байгаа харагдсан. Тэр их согтуу байсан болохоор яагаад түүнийг тэгж мэдүүлээд байгааг ойлгохгүй байна” гэх гомдлын үндэслэлд дурдсан үйл баримт тогтоогдохгүй байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 04 дүгээр сарын 06, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн .... нөгөө Хөвсгөлийн залуу үгийн зөрүүгүй шууд хаалганы гишгүүр дээр зогсож байгаад баруун гараараа кабины дотор талын бариулан дээрээс барьж байгаад талийгаач Б ахын баруун талын мөрөн дээрээс зүүн гараараа татаад талийгаач Болдоо ахыг газар унагаачхаад араас нь үсэрч буун кабины хаалга хаасан.

Тэгэнгүүт нь би кабины буруу талын арын цонхоор харахад талийгаач Б ахыг газар унангуут нь нөөцийн Баатар улаан нүүрэн дээр нь хоёр удаа баруун талын хөлөөрөө дэвссэний дараагаар нөгөө Хөвсгөлийн залуу 3-4 удаа талийгаач Болдоо ахын толгойн дээр дэвссэн. Тэгээд үргэлжлүүлэн талийгаачийн цээж рүү нь Хөвсгөлийн залуу 1 удаа дэвсээд дахиад баруун талын хөл рүү нь 1 удаа өшиглөсөн гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Ч.Б талийгаачийг зодсон үйл баримт тогтоогдож байх ба талийгаачид учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гавал тархины битүү гэмтэл нь гадны үйлчлэлийн улмаас толгойд доргилт үүссэнээс болж үүсдэг, автомашины кабинаас унах, цохих, өшиглөх, дэвсэх үед үүсэх боломжтой болох нь Шинжээч Ж.Ж-ийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хавтас хэргийн 95-96/,  Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 9 дугаартай цогцост хийсэн гэсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /1-р хавтасны 92-94/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны 1244 дугаартай шинжээчийн ...цогцост хийсэн шинжилгээгээр тархины оройн хэсгийг нийтэд нь хамарсан, духны дэлбэнгийн суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины оройн дух, зулай, дагзны дэлбэнг хамарсан их хэмжээний тархины эдийн няцрал, тархины бүрхэвчийн идээт хүндрэл бүхий гэмтлүүд учирсан нь амь насыг аврах боломжгүй байжээ /2-р хавтасны 207-209/ гэсэн дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтасны 12-13/, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд зодолдсон гэх газрыг жолоочийн эсрэг талд буюу автомашины кабины гадна, баруун талд гэж тэмдэглэсэн /1-р хавтасны 14-17/ зэрэг хуульд заасан журмын  дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч И.О нарын давж заалдах гомдолд дурдсан гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн ...Хөвсгөлийн гэх залуу бидэн дээр дахиад хүрээд ирсэн. Тэгээд бид дахин согтоод намайг нэг сэргэхэд гадаа харанхуй болчихсон. Би арын орон дээр Эрдактай зэрэгцээд унтаж байсан. Харин жолоочийн суудал дээр үс нь арзайчихсан, нүүр ам нь хавдчихсан нэг хүн сууж байхаар нь би цочоод ийм хүнтэй архи уугаагүй дээ гэж бодоод кабины гэрлээ асаагаад “хэн бэ чи” гэхэд “Б байна аа, нөгөө Хөвсгөлийн барилддаг гээд байсан залуу намайг зодчихлоо гэж хэлсэн. Хөвсгөлийн гэх залуу Болдоог зодсон талаар бид цагдаа нарт хэлсэн. Миний хувьд тэр зодоон цохион маргааныг хэзээ хаана болсныг мэдээгүй, хараагүй /1-р хавтасны 46-48/ гэсэн мэдүүлэг,

2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ц.Б-ийн гэрчээр өгсөн ..Би гуч гаран жил архийг хэрэглэж байна. Тухайн үед ч хамт уусан хүмүүсээс түрүүлж согтож уначихаад байсан /1-р хавтасны 46-48/ гэсэн мэдүүлэг, 

Гэрч  Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн  ...Тэр хүн өөрөө хэрхэн яаж гэмтсэн талаараа надад юм хэлээгүй. Би тэр хүнээс тийм утгатай зүйл асуугаагүй /1-р хавтас-54-55/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Т.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн ...тухайн үед би талийгаачаас таныг яг хэн зодсон юм, юу болсон юм гэж удаа дараа асуухад ямар нэгэн зүйл хэлэхгүй толгой сэгсрээд цээжээрээ их өндөр амьсгаа аваад ёолоод босч чадахгүй байсан  /1-р хавтас 81/ гэсэн мэдүүлэг, 

Гэрч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн ...Маргааш өглөө нь Эрдак намайг дуудаж сэрээхэд би өвгөний машины зүүн талд сүүлд ирж байрлуулсан хүрэн толгойтой машины кабинд ганцаараа унтаж байсан. Эрдак намайг сэрээгээд “хамт байсан ахыг нөгөө өөрийгөө Хөвсгөлийн бөх гээд байсан залуу зодчихсон” гэж хэлсэн. Би тэдний машин руу ортол эхний өдөр тааралдсан ахын нүүрний зүүн тал, зүүн гар энэ тэр хөхөрчихсөн хүнд зодуулсан байдалтай ёолоод хойд орон дээр сууж байсан. Тэр ах “Хөвсгөлийн бөх залуу намайг зодсон” гэж хэлсэн. Намайг согтсоноос хойш тэнд юу болсныг би мэдэхгүй /2-р хавтас-220-224/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд эдгээр гэрч нар нь хэрэг үйлдэгдэх үед болсон үйл явдлыг үзэж хараагүй, бусдаас сонссон зүйлээ мэдүүлсэн байх тул тэдний мэдүүлгүүд нь болсон үйл баримтыг шууд нотолж чадахгүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.Б-ын “би энэ хэргийг үйлдээгүй, Хөвсгөлийн залуу А-д гүтгүүлээд хүн алсан гэмт хэрэгтэн болж байна, хэргийг дахин шалгуулна” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч И.О-ийн “анхан шатны шүүх зөвхөн холбогдогч Ц.А-ийн мэдүүлгийг үндэслэн Ч.Б, Ц.А нар нь бүлэглэж үйлдсэн байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Ч.Б-д ял шийтгэл оногдуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөхийг хүссэн” давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч И.О нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хавтас хэрэгт авагдсан ...хохирогч нарын нэхэмжлэлд ...бүгд нэхэмжилж байгаа 9044402 төгрөг /3-р хавтасны 22/, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд М.Э, Д.П нараас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан өргөдөлд /3-р хавтасны 23/ ...оршуулгын зардлыг бид нэхэмжилсэн 10000000 төгрөгөөс 2500000 төгрөгийг бидэнд өгснөөс одоог болтол бусад хохирлыг барагдуулаагүй гэж, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримтад ...яллагдагч Ц.А-ээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 1200000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П-д хүлээлгэн өгөв /3-р хавтасны 39/ гэж, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн баримтад Ц.А-ээс хохирлын мөнгө 2500000 төгрөгийг Д.П-гийн 5019257508 дугаартай дансанд шилжүүлсэн /3-р хавтасны 40/ гэж, ...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П, М.Э нарт хохирлын төлбөрт 1300000 төгрөгийг Ц.А-ээс хүлээлгэн өгч, цаашид төлөх төлбөргүй болов /3-р хавтасны 42/ гэсэн хохирол төлсөн талаарх баримтуудаас үзэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э нь нийт 3800000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П-тай хамтран авсан талаарх нотлох баримтууд авагдсан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд өөрөөсөө гаргаж зарцуулсан гэх хохирлын талаарх нотлох баримтуудыг нэхэмжлэлдээ тодорхойлон зааж дурдаагүй, М.Э, Д.П нар нь эрх зүйн байдлын хувьд тэгш эрхтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э, Д.П нарт  2018 оны 04 дүгээр сарын 03, 12 дугаар сарын 24-ний өдрүүдэд /2-р хавтасны 225, 3-р хавтасны 22-23/ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 4992852 төгрөгийг Ч.Б-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э, Д.П нарт олгохоор анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн шийдвэрийг тодорхой ойлгомжтой, биелэгдэх боломжийг хангах үүднээс адил тэнцүү хэмжээгээр хуваарилж шүүгдэгч Ч.Б-аас гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар “хүнийг бүлэглэн алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэсэн Эрүүгийн хуульд заасан ялын хэмжээнд буюу 12, 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа “шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч Ц.А-ийн гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан гэм хорын хохирлоо нөхөн төлсөн байдал, гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зохимжтой, дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв” гэж дүгнэж,  Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлийн талаар шийтгэх тогтоолдоо заахдаа хууль зөрчөөгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э-ийн “шүүгдэгч нарт оногдуулсан хорих ял, ял эдлэх дэглэмийг хүндрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын удирдлага болгосон хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар заалтын 1 дэх хэсгийг бүхэлд нь баримталж бичсэн атлаа тогтоох хэсэгт дээрх хуулийн заалтуудыг давхардуулан дахин бичсэн нь “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч И.О нарын “Ч.Б нь хэргийг үйлдээгүй учир дахин шалгуулах, Ч.Б-д ял шийтгэл оногдуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөхийг хүссэн”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э-ийн “шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг болон ял эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг хүндрүүлэх тухай” давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4”, 5 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар”, 7 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар”, 8 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар” гэснийг тус тус хассугай.

3. Шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 2496426 /хоёр сая дөрвөн зуун ерин зургаан мянга дөрвөн зуун хорин зургаан/ төгрөгийг гаргуулан М.Э/, 2496426 /хоёр сая дөрвөн зуун ерин зургаан мянга дөрвөн зуун хорин зургаан/ төгрөгийг гаргуулан Д.П-д олгож гэж өөрчилсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Ч.Б-ын цагдан хоригдсон 303 /гурван зуун гурван/ хоног, Ц.А-ийн цагдан хоригдсон 303 /гурван зуун гурван/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                     

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ              

                                       ШҮҮГЧИД                                       Х.ГЭРЭЛМАА

                                                                                               Т.БЯМБАЖАВ