Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 102/2016/06398/И |
Дугаар | 001/ХТ2021/01180 |
Огноо | 2021-10-05 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2021/01180
Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/02554 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2139 дүгээр магадлалтай,
Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох
Үндсэн нэхэмжлэл: 3,658,772.05 ам.доллар буюу 7,436,600,543 төгрөг гаргуулах
Сөрөг нэхэмжлэл: 721,227.95 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч З.Уянгын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарсанаа, Н.Батгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батхүлэг, Г.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, хариуцагчийн өмгөөлөгч З.Уянга, О.Баясгалан, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жаст групп ХХК-аас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд 2013.01 дүгээр сард нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүний талаарх тооцоог эдгээр байгууллагууд хоорондоо нийлж, 2013.02.15-ны өдрийн актаар худалдан авагч Улаанбаатар төмөр зам төлөхөөр тогтоосон 10,500,000 ам.долларын төлбөрийн үүргийг гүйцэтгэхээр Улаанбаатар төмөр замын дарга Г.Сэрээнэндорж 2013.02.18-ны өдөр тус бүр нь 4,000,000 ам.долларын хүүтэй, хүүгүй 2 векселийг, 2013.03.01-ний өдөр 2,500,000 ам.долларын хүүгүй векселийг тус тус Жаст групп ХХК-д бичиж олгосон. Жаст групп ХХК нь 2013.02.18-ны өдөр Улаанбаатар төмөр замаас авсан 2 векселийг Хадгаламж банк ХХК-д тэр өдрөө худалдаж, вексельд дурдсан мөнгийг авсан. Хадгаламж банк ХХК векселийг хүлээн авч, Жаст групп ХХК-д Хадгаламж банк ХХК-аас мөнгө авснаар, 2013.02.15-ны өдрийн тооцоо нийлсэн актаар Улаанбаатар төмөр зам нь төлөх болсон нефтийн бүтээгдэхүүн, шатах тослох материалын төлбөрийг векселээр төлж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам болон Жаст групп ХХК-ийн хоорондын энэ төлбөр тооцоо дуусгавар болгосон. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь төлбөрийг бусдын хөрөнгөөр буюу Хадгаламж банк ХХК-аар гүйцэтгүүлж, векселийн төлбөрийг тодорхой хугацаанд Хадгаламж банк ХХК-д эргүүлэн төлөх чиг үүрэг үүсгэх замаар төлбөрийн хугацааг хойшлуулж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам үр ашиг хүртсэн. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам төлбөр тооцооны хэрэгсэл болох векселийг төлбөр авагч Жаст групп ХХК-д нефтийн бүтээгдэхүүний төлбөрийн мөнгөө бүрэн төлж, үүргийг дуусгавар болгох харилцаа нь Хадгаламж банк ХХК уг вексельд заасан үнийн дүнгээр санхүүжилт Жаст групп ХХК-д хийснээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам бусдад төлөх төлбөрийн үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн. Хадгаламж банк ХХК ба Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хооронд төлбөр төлөгч төлбөрийн үүргээ гуравдагч этгээд Хадгаламж банк ХХК-aар гүйцэтгүүлсэн Иргэний хуулийн 210 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Уг харилцааны үр дүнд үүссэн төлбөрийг төлж барагдуулахыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас шаардах эрх нь Хадгаламж банк ХХК-ийг татан буулгасантай холбоотой тус банкны зарим актив, пассив хөрөнгийг Төрийн банк ХХК-д шилжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2013.07.23-ны өдрийн Хадгаламж банк ХХК-ний эрх хүлээн авч болон Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын хооронд байгуулагдсан актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ, тухайн гэрээний хавсралт болох богино хугацаанд хөрөнгө оруулалт шилжүүлэх гэрээ, мөн хавсралт болох бусад актив, хөрөнгө шилжүүлэх гэрээгээр шилжиж ирсэн. Богино хугацаанд хөрөнгө оруулалт шилжүүлэх гэрээгээр векселийн үндсэн төлбөр 4,000,000 ам.доллар шилжиж ирсэн, бусад актив хөрөнгө шилжүүлэх гэрээгээр тухайн вексель бичсэн өдрөөс хойш 2013.07.23-ны өдөр хүртэл буюу 205,000 ам.долларын хүү шилжиж ирсэн. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013.07.22-ны өдрийн 155 дугаар тушаалыг үндэслэн Хадгаламж банк ХХК-ийн Банкны эрх хүлээн авагчийг шилжүүлэн авсан векселийн төлбөр болон түүний хүү шаардах эрх нь дээрх гэрээнд зааснаар Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123 дугаар зүйлийн 123.9 дэх хэсэгт зааснаар Төрийн банк ХХК-д хадгалагдаж ирсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөр шилжиж ирсэн вексель болон түүний арилжааны хэлцлийг хүчингүй болгосон хэдий ч Иргэний хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт заасан гэрээний бус үүрэгт хамаарах журмын хүрээнд бусдын зардлаар өөрийн хөрөнгө хэмнэх аргаар хөрөнгөжсөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар төлбөр гаргуулах эрхтэй. Хариуцагч тал тухайн векселийн төлбөрийг 2013.05.28-ны өдрийн тооцоо нийлсэн актаар төлсөн гэдгээ хариу тайлбартаа дурдсан. Хариуцагчийн гаргасан нотлох баримтаар 2013.01.01-ний өдрөөс 2013.05.28-ны өдөр хүртэлх хугацааны төлбөр төлсөн. Энэ төлбөр хийсэн тооцоо нийлсэн акт 2013.05.28-ны өдрийн тооцоо нийлсэн акт юм. Уг акт нь Жаст групп ХХК болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хооронд хийсэн тооцоо нийлсэн акт юм. Тооцоо нийлсэн актаар векселийн төлбөр бүрэн төлөгдсөн учраас төлбөрөө Жаст групп ХХК-aас нэхэмжил гэсэн тайлбар гаргадаг. Уг тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. 2013.05.28-ны өдрийн тооцоо нийлсэн актаар өр төлбөр барагдсан бол 2013.02.18-ны өдрийн хүүгүй векселийн төлбөрийг Голомт банк ХХК-аар дамжуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь Хадгаламж банк ХХК-д 2013.05.22-ны өдөр 2,000,000 ам.доллар, 2013.05.28-ны өдөр мөн 2,000,000 ам.доллараар төлж барагдуулсан. Тухайн үед бичиж өгсөн хүүгүй 4,000,000 ам.долларын векселийн хугацаатай давхцаж, энэ векселиэр хаасан. 2013.06.12-ны өдөр хүүгүй 2,500,000 ам.долларын вексель төлөх хуулийн хугацаатай байсан. Энэ хугацаанд Голомт банк ХХК-аар дамжуулж, Хадгаламж банк ХХК-д векселийн төлбөр төлсөн. Хэрвээ талууд 2013.01.01-ний өдрөөс эхлэн хоорондоо шатах тослох материал нийлүүлж, ийм хэмжээний авлага Жаст групп ХХК-д гарсан бол, тэр тооцоонд векселийн төлбөр төлөгдсөн бол, векселийн төлбөр оруулж тооцсон бол, энэ вексель төлөгдөх боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл нэгэнт векселийн төлбөрийг тооцсон бол төлөх боломжгүй байсан. Уг төлбөрийг төлснөөс харахад тухайн тооцоо нийлсэн актыг талууд байгуулсан байж болно. Гэхдээ энэ төлбөрт векселийн төлбөр ороогүй юм. 2013.07.09-ний өдрийн тооцоо нийлсэн актаар манай нэхэмжилсэн төлбөрийг төлсөн гэдэг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Улаанбаатар аудитаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд 2013.07.10-ны өдөр гаргаж өгсөн санхүүгийн тодорхойлолтод 2016.06.31-ний өдрийн байдлаар энгийн векселийн төлбөр 4,380,000 ам.доллар, энэхүү векселийн төлбөр огноо хүү, төлбөр төлөх хугацаа зэрэг нь манайхаас ирүүлсэн тодорхойлолттой таарч байна гэсэн тодорхойлолтыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын санхүү эрхэлсэн орлогч захирал гаргаж өгсөн байдаг. Төрийн банк ХХК-д хандаж 2013.08.07-ны өдрийн 127952 дугаартай албан бичгээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Г.Сэрээнэндорж Жаст групп ХХК-д бичиж өгсөн вексель Хадгаламж банк ХХК-д шилжсэн. Хадгаламж банк ХХК-д шилжсэн векселийг өнөөдрийн байдлаар бид төлөөгүй. Энэ төлбөрийг Жаст групп ХХК руу шилжсэн гэх албан бичгийг манайд ирүүлсэн. 2013.08.07-ны өдөр хүртэл векселийн төлбөр төлөх үүрэгтэй гэдгээ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам мэдэж байсан. Вексель бичсэн асуудлаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам хохирогчоор тогтоогдож Авилгатай тэмцэх газар тухайн векселийг бичиж өгсөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Г.Сэрээнэндоржид эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хэрэгт хохирогчоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын удирдлагын асуудал хариуцсан орлогч захирал Л.Даваа гэх хүн оролцсон. Хавтаст хэрэгт авагдсан Л.Даваагийн 2015.10.28-ны өдрийн мэдүүлэгт 2013.02.18-ны өдрийн хүү 380,000 ам.доллар, 4,000,000 ам.долларыг хууль зөрчиж гаргаснаас өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй, Төрийн банк ХХК-д өртэй болчхоод байна. Ийм учраас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд учруулсан хохирлыг Г.Сэрээнэндоржоос гаргуулж өгөөч гэх мэдүүлэг 2 дугаар хавтасны 233 дугаар хуудсанд авагдсан. Дээрх нөхцөл байдлаас харахад векселийн төлбөр төлөх үүрэг 2015.10.28-ны өдөр хүртэл Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд байсан. Үүнээс хойш талууд тооцоо нийлсэн акт гаргаж өгөөгүй, талууд энэ талаар тодорхой зүйл яриагүй. Талууд шатах тослох материалын төлбөрийг тооцоо нийлсэн актаар дүгнэсэн бол өнөөдрийг хүртэл хугацаанд вексель дамжуулж өгсөн этгээд болох Жаст групп ХХК-aас төлбөр хариуцах ёстой гэсэн мэдэгдэл, мэдээлэл, албан бичгийг Төрийн банк ХХК-д хүргүүлээгүй байна. Иймээс жилийн 12 хувийн хүүтэй, 4,000,000 ам.долларын векселийг Улаанбаатар төмөр зам төлөөгүй тул 4,000,000 ам.доллар, түүний хүү 380,000 ам.доллараас манайх хариуцагчийн данснаас суутгаж авсан 721,227 ам.доллар 95 центийг хасаж, үлдэгдэл болох 3,658,772 ам.доллар 05 цент буюу 7,436,600,543 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэл анхнаасаа хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй. Талуудын хооронд вексель үйлдсэн талаар маргаан байхгүй. Нэхэмжлэгч шаардах эрхтэй гэдгээ 2013.07.23-ны өдрийн актив, пассивын гэрээг үндэслэж тайлбарладаг. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.9, 194 дүгээр зүйл, 496 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон байна. Векселийн тухай хууль болон Иргэний хуульд заасан бүрдүүлбэрийн шаардлага хангахгүй векселийг бичсэн 2013.02.18-ны өдрөөс хүчин төгөлдөр бусд тооцсон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.28-ны өдрийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Нэгэнт шүүхээр нотлогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй үйл баримт тул нэхэмжлэгчид векселийн төлбөр, төлбөрийн үлдэгдэл, хүү шаардах хууль зүйн үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан эрх зүйн үр дагавар үүсэх ёстой. Үүний дагуу бол вексель эзэмшигч нь Жаст групп ХХК болсон. Иймд Жаст групп ХХК-аас хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардах болохоос Улаанбаатар төмөр зам ХНН-ээс шаардахгүй. Хадгаламж банк ХХК, Төрийн банк ХХК нь Улаанбаатар төмөр зам ХНН-ийн үүргийг гүйцэтгэж, төлбөрийг төлөөгүй. Харин 2013001, 2013002 дугаартай вексель худалдах, худалдан авах хариу төлбөртэй арилжааны хэлцэл хийсэн. Худалдах, худалдан авах гэрээний дагуу үүрэг биелүүлж, төлбөр төлсөн үйл баримтыг гуравдагч этгээдийн өмнөөс үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх ямар ч үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь Улаанбаатар төмөр зам ХХН-ийн өмнөөс бид гуравдагч этгээд болж, үүрэг гүйцэтгэж, улмаар Иргэний хуулийн 210 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн гэдэг. Гэвч Хадгаламж банк ХХК бол хариу төлбөртэй гэрээний үүргээ л биелүүлж, төлбөр тооцоогоо Жаст групп ХХК-д өгсөн болохоос Улаанбаатар төмөр зам ХНН-ийн өмнөөс ямар нэг үүрэг гүйцэтгээгүй. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Хадгаламж банк ХХК болон Жаст групп ХХК-аас Улаанбаатар төмөр зам ХНН-д векселийн төлбөрийг шаардах эрх өөр этгээдэд шилжиж байгаа талаар мэдэгдээгүй учраас 2013.05.17-ны өдөр, 2013.05.28-ны өдөр, 2013.07.09-ний өдөр, 2013.07.31-ний өдрүүдэд удаа дараагийн тооцоо нийлсэн актуудаар, вексель бичих үндэслэл болсон дизель түлшний төлбөр тооцоог Улаанбаатар төмөр зам ХНН нь Жаст групп ХХК-д төлчихсөн. Харин Улаанбаатар төмөр зам ХНН нь Жаст групп ХХК-aас авлагатай болсон байгаа. Иймд Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Жаст групп ХХК-ийн өмнө хүлээсэн төлбөр тооцооны үүргээ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам ХНН бүрэн төлж, 3 удаагийн тооцоо нийлсэн акт үйлдсэн. Шилжсэн хэлцэл хүчин төгөлдөр бус учраас өөр этгээд андуурч буюу сайн дураараа төлсөн гэдэг үр дагавар шаардах эрх үүсээгүй. Хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий вексель нь Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 467.4 дэх хэсэгт заасан бүрдүүлбэр дутуу, дамжуулах шилжүүлэгт вексель төлөгчийн нэр, хаяг байхгүй. Энэ баримтаар вексель хэнд шилжсэн гэдэг нь нотлогдохгүй. Вексель шилжүүлсэн огноо, харилцах дансны дугаар, банкны нэр зэрэг бичигдээгүй. Векселийн тухай хуульд заасан бүрдүүлбэр хангахгүй байсан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016.10.28-ны өдөр Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйл, 17 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгосон. Векселийн тухай хуульд заасны дагуу төлбөр тооцооны үүрэг гүйцэтгэх хугацаанаас өмнө Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам ХНН векселийн татгалзлыг 2013.11.28-ны өдөр өгсөн. Нэхэмжлэгч тал Г.Сэрээнэндорж гэх хүн Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхэд хянагдаж байсан хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг дээр шалгагдаж байна гэсээр өдий хүрсэн. Векселийн тухай хуульд зааснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын төлбөрийн татгалзлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаагүй. Үндэслэлгүйгээр татгалзсан байна гэвэл татгалзал нь үндэслэлгүй гэдгийг шүүхээр тогтоож, шүүх татгалзал үндэслэлгүйг тогтоосны дараа тухайн шүүхийн шийдвэрт үндэслэж нэхэмжлэл гаргах эрх үүснэ. Нэхэмжлэгч шаардах эрхгүй этгээд. Жаст групп ХХК-aас Хадгаламж банк ХХК-д шилжүүлсэн хэлцлийг бүгдийг нь хүчин төгөлдөр бусд тооцсон. Векселийг ч хүчин төгөлдөр бусд тооцсон, вексель шилжүүлсэн хэлцэл ч хүчин төгөлдөр бус юм. Вексель төлбөр тооцооны хэрэгсэл биш болж, хоосон цаас болсон. Үнэт цаас устгасан, гэмтээсэн, үнэт цаасыг устгасан этгээд өөрийн гэм буруугийн төлөө шүүхийн өмнө хариуцлага хүлээх болохоос биш Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам үүрэг хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй. Г.Сэрээнэндоржийн хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхээр энэ нотолгоо үнэн гэж нотлогдоогүй, хэрэг Авлигатай тэмцэх газар шалгагдаж байсныг прокурор хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүсийн мэдүүлэг хүнийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй. Анхны үйл баримт хүчин төгөлдөр байж, цаашид үр дагавар шаардах эрхтэй болохоос нэхэмжлэгч тал тайлбарласан шиг үүрэг үүсэхгүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Төрийн банк ХХК нэхэмжлэлээсээ татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсэж дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгийг тогтоосон магадлал хуулийн хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэлээсээ татгалзсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх байхгүй гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн байр суурьтай оролцож байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас Жаст групп ХХК-д 10,500,000 ам.долларын үнийн дүн бүхий 3 вексель бичсэн талаар талууд маргадаггүй. Жаст групп ХХК дээрх 3 векселийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам ХНН-ээс бичсэн өдөр нь дамжуулах бичилт үйлдэж, Хадгаламж банк ХХК-д худалдсан. Хадгаламж банк ХХК, Жаст групп ХХК-ийн дансанд 2013.02.18-ны өдөр 4,000,000 ам.доллар 2 удаа, нийт 8,000,000 ам.доллар, 2013.03.01-ний өдөр 2,500,000 ам.доллар, нийт 10,500,000 ам.доллар шилжүүлсэн. 2013.02.18-ны өдрийн хүүгүй векселийн хугацаа 2013.05.23-ны өдөр дууссан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 2013.05.22-ны өдөр 2,000,000 ам.доллар, 2013.05.28-ны өдөр 2,000,000 ам.доллар, нийт 4,000,000 ам.доллар шилжүүлсэн. 2013.03.01-ний өдрийн 2,500,000 ам.долларын векселийн хугацаа 2013.06.30-ны өдөр дуусах байсан тул 2013.06.12-ны өдөр 2,500,000 ам.доллар, нийт 6,500,000 ам.долларыг төлсөн болох нь тогтоогддог. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам 6,500,000 ам.доллар төлсөн нь Хадгаламж банк дахь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 1099101515010002 ам.долларын дансны хуулгаар нотлогдож байна. Монгол банкны ерөнхийлөгчийн 2013.07.22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авагч томилсон. Мөн өдрөө Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013.07.22-ны өдрийн А-157 дугаартай тушаалаар албадан татан буулгах тушаалаар Хадгаламж банк ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэсэн. Энэ тушаалаар Хадгаламж банк ХХК-ийг хуулийн этгээдийн хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. Албадан татан буулгах ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгэж, банкны эрх хүлээн авагчид шилжүүлж, албадан татан буулгах ажиллагаа дуусгавар болоогүй. Хэрвээ Хадгаламж банк ХХК-ийг албадан татан буулгасан гэж яривал шүүх хуралдаанд тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох боломжгүй. Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйл, өөрчлөлт орсон хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, Хадгаламж банк ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкны хөрөнгө захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчид шилжихэд Хадгаламж банк ХХК-ийн хуучин гүйцэтгэх удирдлагаас 2013.07.21-ний өдрийн байдлаар санхүүгийн тайлан гаргасан. Хэлцлийн үнэн зөв болохыг шалгаж, 2013.07.22-ны өдөр банкны эрх хүлээн авагчид хүлээлгэж өгсөн. Банкны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-д зааснаар Хадгаламж банк ХХК-ийн нийт активыг өөрийн хяналтад авсан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 2013.02.18-ны өдөр бичсэн 285 хоногийн хугацаатай, 4,000,000 ам.долларын жилийн 12 хувийн хүүтэй буюу 380,000 ам.долларын хүүтэй, нийт 4,382,000 ам.долларын үнэ бүхий энгийн вексель бүртгэгдсэн. 2013.11.30-ны өдөр төлбөрийн хугацаа дуусаж, тодорхой хугацааны дараа төлөгдөх нөхцөлтэй. Хадгаламж банк ХХК-ийн 2013.07.21-ний өдрийн тэнцлээр төлбөр хийгдээгүй. Хадгаламж банк ХХК үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан 2013.07.22-ны өдөр хүртэл хугацаанд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас төлбөрөөс татгалзах тухай ямар нэгэн албан бичиг ирүүлээгүй. Иймд банкны эрх хүлээн авагч гэрээнд авагдсан баримтын дагуу хуульд зааснаар энэхүү векселийг Төрийн банк ХХК-д актив хөрөнгөөс шилжүүлсэн. Хариуцагч нь Хадгаламж банк ХХК-aас шилжүүлсэн векселийн төлбөрийг төлсөн, нэг бол сонгож гүйцэтгэсэн гэж янз бүрээр тайлбарладаг. Хүүгүй вексель төлөгдсөн, хүүтэй векселийн төлбөр төлөгдөөгүй гэдгийг гуравдагч этгээдийн зүгээс тайлбарлаж, нэхэмжлэгчийн тайлбарыг дэмжиж байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Жаст групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Жаст групп ХХК векселийн төлбөрийг Хадгаламж банк ХХК-аар мөнгөжүүлсэн, талууд мөнгө өгсөн, авсан талаар маргаагүй. Векселийн хэлцлийг шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Векселийг нэгэнт хүчин төгөлдөр бус гэж тооцсон юм бол векселийн хэлцэл байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байна. Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авч, векселийн төлбөр шаардах эрх Төрийн банк ХХК-д шилжсэн гэдгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд мэдэгдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Шаардах эрх шилжүүлсэн этгээд үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх үүрэгтэй, түүнээс зөвшөөрөл авах үүрэгтэй биш. Монгол банкны ерөнхийлөгчийн 2013.07.22-ны өдрийн тушаалыг Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар иш татаж ярьсан. Уг тушаал захиргааны хэргийн шүүхэд маргаантай байгаа. Төрийн банк ХХК-д шилжүүлсэн Монгол банкны ерөнхийлөгчийн, Хадгаламж банк ХХК-д албадлагын арга хэмжээ авсан, эрх хүлээн авагч томилсон нь захиргааны хэргийн шүүхэд өнөөдрийг хүртэл маргаантай байгаа. Жаст групп ХХК болон иргэн Ш.Батхүүгийн зүгээс Монгол банкны ерөнхийлөгчийн 2013.07.22-ны өдрийн тушаалыг илт хууль бус болох талаар захиргааны хэргийн шүүхэд 5 жил маргаж байна. Нарийн яривал захиргааны хэргийн маргааныг шийдэгдсэний дараа энэ маргаан шийдэгдэх ёстой байх. Ш.Батхүүгийн 84 тэрбум төгрөгийг Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авагч зүгээр л авчихсан. Ийм учраас Монгол банкны ерөнхийлөгчийн 2013.07.22-ны өдрийн тушаалд үндэслэж хэргийг шийдэх нь учир дутагдалтай гэж үзэж байна. 2013.04 дүгээр сараас өмнө Жаст групп ХХК нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, Эрдэнэс таван толгой ХХК зэрэг компаниудтай аалзны шүлс шиг торлосон харилцаа холбоо үүсгэсэн байсан. Жаст групп ХХК, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд өглөгтэй, авлагатай гэж тооцоо нийлдэг болохоос тэр болгон нарийн зүйл ярьдаггүй. 2013.07.22-ны өдөр Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авагч 14:30 минутад тамга тэмдгээ авсан байдаг. Хадгаламж банк ХХК-ийг Төрийн банк ХХК нэг өдрийн дотор авсныг хуулийн хяналтын байгууллага шалгаж байгаа. Нэгэнт Төрийн банк ХХК, Хадгаламж банк ХХК-ийн векселийн төлбөр шаардах эрх авсан гэдгээ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд мэдэгдээгүй байх тул Төрийн банк ХХК-д шаардах эрх үүсэхгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бидний зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэл хууль бус үйлдэл тогтоолгох, 721,227 ам.доллар 95 центийг Төрийн банк ХХК-аас гаргуулах гэсэн 2 шаардлагатай. Энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2014.07.10-ны өдрийн 11533 дугаартай захирамж гарсан. Уг захирамжид маргааныг хянан шийдвэрлэх хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг мэдсээр байж санаатай зөрчиж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харилцах данснаас 2015.06.25-ны өдөр 721,227 ам.доллар 95 цент суутган авсан. Төрийн банк ХХК энэ үйлдлээрээ Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасныг зөрчиж бусдын данснаас дураараа мөнгө авсан тул түүний хууль бус үйлдлийг тогтоож өгнө үү гэжээ. Монгол улсын Засгийн газар дэмжиж, Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улсын нефтийн хамаарлаас гарахын тулд 70,000,000 ам долларын баталгаатай, батлан даагч нь Бүгд найрамдах Солонгос улс, өөрийн нефть үйлдвэрлэдэг компаниудад Монгол Улсад шатах тослох материал нийлүүлж, эрсдэл хариуцна гэсэн гэрээний шалгуурт Монгол улсаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам сонгогдсон. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам гэрээний дагуу Бүгд найрамдах Солонгос улс руу мөнгөө шилжүүлсэн мөнгийг Төрийн банк ХХК замаас нь шилжүүлэлгүй барьснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, Бүгд найрамдах Солонгос улстай нефтийн гэрээ байгуулах боломжгүй болсон. Иймд 721,227.95 ам.долларыг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй, эрхгүйг тодруулах хэрэгтэй. Төрийн банк ХХК, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дансыг царцааж байхад вексель хүчин төгөлдөр байсан. Тухайн үед вексель хүчин төгөлдөр байсан учраас Төрийн банк ХХК, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас векселийн төлбөрийг үл маргах журмаар авсан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын данс царцаахтай холбоотой маргаан тухайн үед Сүхбаатар дүүргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байсан. Хэрвээ шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзэж байсан бол шүүх гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцах үүднээс энэ ажиллагааг хийх ёстой байсан. Төрийн банк ХХК өөртөө тусалж, 2015.06.26-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын данснаас мөнгө авсан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас Төрийн банк ХХК авлагатай тул 700,000 ам долларыг нэхэмжлэх эрх байхгүй. Ийм учраас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/02554 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 6,664,235,343 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлээс векселийн хүүнд 380,000 ам.долларыг гаргуулахаар шаардсан хэсгийг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан Төрийн банк ХХК-иас 721,227 ам.доллар 95 центийг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,340,953 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 8,300,615 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33,479,126 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2139 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/02554 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 41,849,941 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн өмгөөлөгч З.Уянга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд: Нэг. Талуудын хооронд үүссэн маргаантай хэргийг шүүх шийдвэрлэсэн байдал: Нийслэлийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2019.12.18-ний өдрийн 2139 дугаартай Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ талуудын хооронд үүссэн маргаан бүхий харилцаа, түүнээс үүсэх үр дагаврын шалтгаант холбоог хуульд суурилан зөв тодорхойлж чадаагүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа гаргасан гэж үзэж байна.
Хоёр. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний асуудлаар:
2.1 Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгийг баримтлан үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, талуудын хоорондын харилцаа, түүнээс үүссэн маргаан нь Иргэний хуулийн дөчин долдугаар бүлэгт тухайлан зохицуулсан үнэт цаасны эргэлтээс үүссэн харилцаа байхад шүүхийн шийдвэрт энэ бүлгийн ямар ч зүйл, заалтыг баримтлаагүй байна. УБТЗ ХНН нь үнэт цаасны нэг төрөл болох өрийн бичиг буюу вексель үйлдэж, Жаст групп ХХК нь векселийг Хадгаламж банкинд арилжсанаас үүдэн талуудын хооронд маргаан үүссэн байхад шүүх хуульд тухайлан зохицуулсан хуулийг хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр болон магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй байна. Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэдэг нь материаллаг эрх зүйн хэмжээг хуулийн агуулга зохицуулалтад нийцүүлэн зөв хэрэглэсэн байхыг шаардах атал анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Зүй нь 2013.02.18-ны өдөр бичсэн 4,000,000 ам.долларын үнэ бүхий, 285 хоногийн хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй векселийн төлбөрийн хугацаа болохоос өмнө УБТЗ ХНН нь Жаст групп ХХК, Хадгаламж банк ХХК нарын хооронд байгуулсан SV2013/01, SV2013/02 тоот Вексель арилжааны хэлцэл-үүдийн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргаж, улмаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.28-ны өдрийн 181/ШШ2016/01111 дүгээр шийдвэрээр УБТЗ ХНН бичиж, Жаст групп ХХК-д өгсөн 4,000,000 ам.долларын үнийн дүн бүхий, 380,000 ам.долларын хүүтэй векселийн арилжааны хэлцлийг шүүхээс хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон. Ингэхдээ УБТЗ ХНН-ийн үйлдсэн векселийн бүрдүүлбэр дутуу гэж үзээгүй, харин Жаст групп ХХК болон Хадгаламж банк ХХК-ийн хооронд дамжуулах бичилт хийж, векселийг шилжүүлэхдээ хууль зөрчсөн болохыг тогтоосон болно. Өөрөөр хэлбэл: дээрх шүүхийн шийдвэр гарснаар Төрийн банк ХХК /Хадгаламж банк/ нь анхнаасаа вексель эзэмшигч болоогүй гэж үзэх тул векселийн төлбөр хариуцагч УБТЗ ХНН-ээс вексельд заагдсан төлбөрийг төлөхийг шаардах эрхгүй, Векселийн хуулиар төлбөр төлөхийг шаардах үндэслэлгүй.
2.2 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Банкны тухай хууль, Төв банкны тухай хуульд заасан журмаар Хадгаламж банкны эрх, үүрэг Төрийн банкинд шилжсэн тул Төрийн банкинд вексель дамжуулан бичилт нь энэ маргаанд хамааралгүй гэж дүгнэсэн. Гэтэл вексель арилжааны хэлцэл нь Жаст групп ХХК болон Хадгаламж банкны хооронд хийгдсэн бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар нь хэлцэл хийсэн талуудын хооронд яригдах асуудал бөгөөд УБТЗ ХНН-ийн үйлдсэн вексель хүчин төгөлдөр, хуулийн бүрдүүлбэр, шаардлага хангасан бөгөөд хүчин төгөлдөр бус байдал нь Жаст групп ХХК болон Хадгаламж банк ХХК-ийн хооронд дамжуулах бичилт хийж, векселийг шилжүүлэхдээ хууль зөрчсөн байдаг. Гэтэл үүнийг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дүгнэлт зөв гэж үзсэн. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийг Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийг шаардлагын үндэслэлийг тодорхойлж, УБТЗ ХНН-ийн Жаст групп ХХК-д бичиж өгсөн өрийн бичгийг худалдаж авсан ба энэхүү худалдах, худалдан авах гэрээний төлбөрт Жаст групп ХХК-д төлсөн мөнгийг УБТЗ ХНН-ээс өрийг чинь төлсөн тул буцааж төлөх ёстой гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Хадгаламж банк нь УБТЗ ХНН-ийн өр төлбөрийг сайн дураараа юм уу, андуурч төлөөгүй, харин Вексель худалдан авах, Вексель арилжааны SV2013/001 дугаартай хэлцэл буюу худалдах худалдан авах гэрээний хариу төлбөрөө төлсөн бөгөөд энэ үйлдлийг нь хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь УБТЗ ХНН нь Жаст групп ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүн, төлбөр төлсөн талаар сар бүр тооцоо нийлсэн акт үйлдэж, үлдэгдэл төлбөр, өглөг авлагаа баталгаажуулж байсан нь хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт, төлбөр төлсөн баримт, шүүхийн шийдвэрээр тогтоогдоно. Тухайлбал: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн зохицуулалтын агуулга нь бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих тухай бөгөөд хариуцагч нь Хадгаламж банкны Жаст групп ХХК-д төлсөн 4,000,000 ам.доллараар өөрийн хөрөнгөө хэмнээгүй, ийм хэмжээгээр хөрөнгөжөөгүй байх тул 2 шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 496 дугаар зүйл Бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих, 496.1-д Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэсэн заалтыг баримталсан байх бөгөөд Хадгаламж банк нь хэний ч өрийг төлөөгүй. Харин Вексель худалдан авах, Вексель арилжааны SV2013/001 дугаартай хэлцэл буюу худалдах худалдан авах гэрээг хийсэн. Өөрөөр хэлбэл, ашиг олох зорилгоор хариу төлбөртэй гэрээ байгуулсан болохыг шүүх анхаараагүй байна. Хариу төлбөртэй гэрээний үүргээ биелүүлж буй үйлдлийг нь хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн гэж үзэх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад ийм үйл явдал болсон гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. Төрийн банк буюу Хадгаламж банк нь өөрөө сайн дураар мэдэж буюу андуурч өрийг төлсөн асуудал байхгүй. Талуудын хооронд хамгийн сүүлд 2013.07.31-ний өдөр тооцоо нийлэхэд УБТЗ ХНН нь 4,121,563 ам.доллар 09 центийн авлагатай гарсан бөгөөд энэ талаар Төрийн банк ХХК-д 2013.08.07-ны өдөр албан тоот хүргүүлж, манайх Жаст групп ХХК-иас ийм хэмжээний авлагатай байгаа тул 4,000,000 ам.долларын векселийн төлбөрийг хариуцахгүй болохоо мэдэгдсэн. Улмаар Жаст групп ХХК-иас авах авлагаасаа 2013.07.31-ний байдлаар векселийн төлбөр 4,000,000 ам.долларыг хасч, үлдэгдэл 121,562 ам.доллар 93 центийн төлбөрийг Жаст групп ХХК төлөөгүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017.07.04-ний өдрийн 1941 дугаартай шүүхийн шийдвэр гарч, талуудын хооронд байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэг дуусгавар болсон юм. Үүнтэй холбоотой хэрэгт тооцоо нийлсэн акт, шүүхийн шийдвэрийг гаргаж өгсөн болно. Өөрөөр хэлбэл, Төрийн банкны шаардлагыг хариуцах этгээд буюу УБТЗ ХНН нь гарсан зардлыг нөхөн төлөхөөс өмнө түүний талаар маргаж, хариуцвал зохих этгээд нь биш, Жаст групп ХХК-иас төлбөрөө авах талаар удаа дараа мэдэгдсэн байдаг.
Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ векселийн төлбөрийн үлдэгдэл 3,658,772.05 ам.доллар буюу 7,436,600,543 төгрөг гаргуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар арилгуулах, үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу Төрийн банкны /Хадгаламж банк/ төлсөн төлбөрөөр зардлаа хэмнэсэн гэж 3 өөр байдлаар тодорхойлсон байдаг. Бодит байдал дээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хариуцагчаа тодорхойлж чадахгүй байхад 2 шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг шийдсэн. Иргэний эрх зүйн маргаан нь зохигчийн өөрсдийн тодорхойлсон шаардлага, татгалзлын хүрээгээр хязгаарлагдах бөгөөд нэхэмжлэгчийн өмнөөс шүүх, эсхүл хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлох учиргүй. Өөрөөр хэлбэл дээр тодорхойлсон үндэслэл тус бүрийн эрх зүйн зохицуулалт нь өөр өөр бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой байж, тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг зөв хэрэглэх нөхцөл бүрдэх юм. Гэтэл 2 шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж, түүнд тохирсон хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.
Гурав. Хариуцвал зохих этгээдийн талаар: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэдэг. Хадгаламж банкны зүгээс Улаанбаатар төмөр зам ХНН-д шаардах эрх шилжсэн талаар мэдэгдээгүй тул шаардах эрх шилжсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д зааснаар хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлэх, векселийн хэлцэлд хамааралгүй, Монгол банк Төрийн банкны хооронд байгуулагдсан Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ, хавсралт баримтуудыг үндэслэн Жаст групп ХХК, Хадгаламж банктай арилжааны хэлцлийн талаар шаардах эрх шилжүүлэн авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Ийнхүү Төрийн банк ХХК (Хадгаламжийн банк) нь 2013.02.18-ны өдрийн 4.0 сая ам.долларын дүн бүхий, хүүтэй векселийг шилжүүлэн авахдаа ч, дамжуулан шилжүүлэхдээ ч энэ талаар Улаанбаатар төмөр зам ХНН-д мэдэгдээгүй, бичгээр харилцан хэлцэл үйлдээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн ажиллагаа гэж үзэж байна. Түүнчлэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах талаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хэлцлийн нэг тал нь УБТЗ ХНН биш тул хариуцагч биш юм. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хадгаламж банкны эрх, үүрэг шилжүүлэн авсан Төрийн банк Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасны дагуу векселийн төлбөрийг УБТЗ-аас шаардах эрхийг шилжүүлэн авсан, уг шаардах эрхийг шилжүүлэн авахад үүрэг гүйцэтгэгч болох УБТЗ-ын зөвшөөрлийг шаардахгүй. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь заалт нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд бичгээр мэдэгдэх үүргийг хэлцлийн талуудад хүлээлгэсэн гэж үзэхгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Төрийн банкны шаардлагыг хариуцах этгээд буюу УБТЗ ХНН нь гарсан зардлыг нөхөн төлөхөөс өмнө түүний талаар маргаж, хариуцвал зохих этгээд нь биш, Жаст групп ХХК-иас төлбөрөө авах талаар удаа дараа мэдэгдсэн албан тоотууд болон мэдэгдэл байдаг.
Дөрөв. Сөрөг нэхэмжлэлийн талаар: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.9 болон мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу өөртөө тусалж авсан байгаа буруутгах үндэсгүй гэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн. Гэвч УБТЗ ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр гаргасан тайлбартаа дурдаад байгаа Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт, мөн хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3, 446.1.6 дахь заалтууд, маргааныг шийдвэрлэх хүртэл хугацаанд векселийг мөнгөжүүлэхгүй байхыг Төрийн банкинд даалгасан анхан шатны шүүхийн 2014.07.10-ний өдрийн 11533/Б дугаартай шүүгчийн захирамжийг зөрчиж, суутган авсан талаарх тайлбар, баримтад тулгуурлаагүй. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлон удаа дараагийн тооцоо нийлсэн акт, анхан шатны шүүхийн 2014.07.10-ний өдрийн маргааныг шийдвэрлэх хүртэл хугацаанд векселийг мөнгөжүүлэхгүй байхыг Төрийн банкинд даалгасан шүүгчийн захирамжийг зөрчиж, 2015.06.26-ны өдөр Төрийн банк хууль зөрчин 721,227.95 ам.долларыг суутган авсан болохыг нотолсон депозит дансны хуулга зэрэг баримтыг үнэлээгүй гэж үзэж болохоор байна. Сөрөг нэхэмжлэлийн нэг шаардлага болох Төрийн банкны хууль зөрчин үйл ажиллагаа явуулсан болох тогтоолгохоор эдгээр баримтыг шинжлэн судлуулж, шүүх хуралдааны мэтгэлцээний үед хангалттай нотолсон. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгч нь хууль зөрчиж, хариуцагчийн данснаас дур мэдэн суутгаж авсан мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардахаар заажээ. Төрийн банк ХХК-ийн өмнө УБТЗ ХНН нь үүрэг хүлээсэн гэрээний харилцаа үүсээгүй, Векселийн төлбөр төлөх үүрэг үүсэх байсан гэрээ нь хүчин төгөлдөр бус болсон тул дур мэдэн суутган авсан 721,227.95 ам.доллараар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.
Тав. УДШ-ийн тогтоолд заагдсан асуудлаар: Тус иргэний хэргийг 2019.01.29-ний өдөр УДШ-ийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 001/ХТ2019/00141 тоот Тогтоол гарсан бөгөөд энэхүү тогтоолын хянавал хэсэгт хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч УБТЗ нийгэмлэгийн 2013.04.09-ний өдрийн 4,500,000 ам.доллар, 2013.04.17-ны өдрийн 1,004,000 ам.доллар, 2013.04.17-ны өдрийн 1,710,227 ам.доллар, 2013.04.23-ны өдрийн 4,070,500 ам.доллар, 2013.03.22-ны өдрийн 4,398,000 ам.доллар, 2013.03.26-ны өдрийн 617,505 ам.доллар нийт 16,300,233 ам.долларын төлбөрүүдийг төлбөр хийсэн огноо, эдгээр төлбөр нь хэдий хугацааны шатахууны үнэд хамаарах, векселийн болон худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл зэргээр ялган зааглаж, эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх, мөн дээрх тогтоолд аливаа вексель нь гэрээгээр хүлээсэн тодорхой үүргийн гүйцэтгэлийг хангах өрийн бичгийн хувьд үндсэн үүрэг дуусгавар болсон бол векселийн үүрэг дуусгавар болох талаар заасан тул төлбөрийг векселийн гэж нэрлэснээс үл хамааран түүний үндэслэл болсон үүргийн гүйцэтгэл мөн эсэхийг тогтоох шаардлагатай талаар чиглэл өгсөн. Түүнчлэн эрх шилжүүлэн авсан этгээдэд төлбөр гүйцэтгэх, төлбөр зөрчилтэй гүйцэтгэгдсэн байсан ч үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх эсэх асуудлаар нарийвчлан, баримтад үндэслэн дүгнэлт хийх талаар ч заагдсан боловч дурдсан хугацааны болон түүнээс хойших хугацаанд төлбөр төлсөн баримт болон тооцоо нийлсэн актуудыг хариуцагчийн зүгээс шинээр нотлох баримт болгон гаргаж өгсөнд ирүүлсэн нотлох баримтаас тухайн сард нийлүүлэх шатахууны тоо хэмжээний талаар талууд нэмэлт гэрээгээр тохирдог, нийлүүлэгдсэн барааг өдөр бүрээр жагсаалтаар хүлээн авдаг, төлбөрийн нөхцөлөө гэрээний дагуу аккеридитив нээсэн үеэс эхлэн дараа сарын төлбөрийг үүрэг үүстэл төлбөр тооцоотой давхцах, солилцох үндэсгүй гэснээс өөрөөр дүгнээгүй. Зүй нь төлбөрүүдийг төлбөр хийсэн огноо, эдгээр төлбөр нь хэдий хугацааны шатахууны үнэд хамаарах, векселийн болон худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл зэргээр ялган зааглаж, эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх, мөн аливаа вексель нь гэрээгээр хүлээсэн тодорхой үүргийн гүйцэтгэлийг хангах өрийн бичгийн хувьд үндсэн үүрэг дуусгавар болсон бол векселийн үүрэг дуусгавар болох талаар заасан тул төлбөрийг векселийн гэж нэрлэснээс үл хамааран түүний үндэслэл болсон үүргийн гүйцэтгэл мөн эсэхийг тогтоох шаардлагатай байсан ба эрх шилжүүлэн авсан этгээдэд төлбөр гүйцэтгэх, төлбөр зөрчилтэй гүйцэтгэгдсэн байсан ч үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх эсэх асуудлаар нарийвчлан, баримтад үндэслэн дүгнэлт хийгээгүй. Иймд аливаа шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхын тулд дээр заасан үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Төрийн банк ХХК, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан вексельд заасан төлбөрийн үлдэх хэсэг 3,658,772.05 ам.доллар буюу 7,436,600,543 төгрөг гаргуулах шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр суутган авсан гэж 721,227.95 ам.доллар гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан, зохигчийн хэн аль нь үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагчаас 6,664,235,343 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлээс 380,000 ам.доллар гаргуулах шаардлагыг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
1. Хэргийн баримтаас үзвэл хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь Жаст групп ХХК-тай 2006.03.14-ний өдөр байгуулсан нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдлийн талаар 2013.02.15-ны өдөр тооцоо нийлж акт үйлдэн төлөх төлбөр 10,500,000 ам.доллар болохыг тогтоож, баталгаа болгож 2013.02.18-ны өдөр хүүтэй болон хүүгүй тус бүр 4,000,000 ам.долларын 2 ширхэг, 2013.03.01-ний өдөр хүүгүй 2,500,000 ам.долларын 1 ширхэг, нийт 3 ширхэг вексель бичиж олгосон, эдгээрийг Жаст групп ХХК нь хүлээн авсан өдрөө Хадгаламж банк ХХК-тай хэлцэл хийж худалдсан, банк тус компанийн дансанд 2013.02.18-ны өдөр 4,000,000 ам.долларыг 2 удаа, 2013.03.01-ний өдөр 2,500,000 ам.доллар, нийт 10,500,000 ам.долларыг шилжүүлсэн нь тогтоогджээ.
Хүүгүй 4,000,000 ам.долларын болон 2,500,000 ам.долларын векселийн төлбөрийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам Хадгаламж банк ХХК-д төлсөн талаар талууд маргаагүй, харин 2013.02.18-ны өдөр үйлдсэн 4,000,000 ам.долларын, жилийн 12 хувийн хүүтэй 285 хоногийн хугацаатай вексельд заасан төлбөрийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй эсэхэд зохигч маргасан байна.
2. Монгол банкны ерөнхийлөгчийн 2013.07.22-ны өдрийн А/153 дугаар тушаалаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авагчийг томилж, улмаар Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авагч болон Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын хооронд 2013.07.22-ны өдөр байгуулсан Актив, пассив шилжүүлэх 002/2013БЭХА /154 гэрээний дагуу Хадгаламж банкнаас мөнгөн хөрөнгө, богино хугацаат хөрөнгө оруулалт, зээлийн өрийн үлдэгдэл, бусад хөрөнгө зэрэг 8 төрлийн хөрөнгө, Хадгаламж банкны харилцах данс, хадгаламж зэрэг 6 төрлийн өр төлбөрийг шилжүүлэн авсан, уг гэрээгээр 2013.02.18-ны өдөр бичсэн 4,000,000 ам.долларын хүүтэй векселийн авлага шилжиж ирсэн болох нь тогтоогдож байна.
Дээрх үндэслэлээр Хадгаламж банк ХХК-ийн эрх, үүргийг шилжүүлэн авсан Төрийн банк ХХК нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасны дагуу векселийн төлбөрийн үүргийг хариуцагчаас шаардах эрхийг шилжүүлэн авсан гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авагч болон Жаст групп ХХК тус тус бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг, Жаст групп ХХК нь хариуцагчийн татгалзлыг тус тус дэмжсэн байр суурь илэрхийлж тайлбар гаргажээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд, ...Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгийг баримтлан үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хуульд тухайлан зохицуулсан үнэт цаасны эргэлтээс үүссэн харилцааны зүйл, заалтыг баримтлаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 3 өөр байдлаар тодорхойлсноос гадна хариуцагчаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замыг татсан нь үндэслэлгүй, Жаст групп ХХК, Хадгаламж банктай арилжааны хэлцлийн талаар шаардах эрх шилжүүлэн авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, Улаанбаатар төмөр зам ХНН-д мэдэгдээгүй, ...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргааны зүйл болсон Жаст групп ХХК болон Хадгаламж банк ХХК-ийн хооронд дамжуулах бичилт хийж, векселийг шилжүүлэхдээ хууль зөрчсөн болохыг тогтоосон, тухайн вексельд бичигдсэн төлбөрийг тус нийгэмлэг Жаст групп ХХК-д төлсөн эдгээр байдлыг шүүх харгалзаагүй нь хуульд нийцээгүй гэжээ.
4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна.
а/ Төрийн банк ХХК нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан 2016.07.20-ны өдөр шүүхэд хандаж 3,658,772,05 ам доллар буюу 7,436,600,543 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа ...Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д вексельд заасан төлбөрийг төлбөрийн хугацаа дууссаны дараах ажлын 2 хоногийн дотор хийгээгүй тохиолдолд вексель эзэмшигч нь төлбөр хариуцагч, түүний батлан даагчаас төлбөрийг үл маргалдах журмаар гаргуулан авах эрхтэй. ..., 14.2-т вексельд заасан төлбөрийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулан авч чадаагүй бол вексель эзэмшигчийн төлбөрөө шүүхэд нэхэмжлэх эрх үүснэ. Энэ тохиолдолд вексель эзэмшигч вексельд заасны дагуу хийгдээгүй төлбөр, хэрвээ хүүтэй гэж тохиролцсон бол түүнд бодогдсон хүүгийн хэмжээ... тус тус төлүүлэх талаар нэхэмжлэл гаргах эрхтэй, 18 дугаар зүйлийн 18.1-д төлбөр хариуцагч вексельд заасан төлбөрийн хугацаанд төлбөрөө гүйцэтгээгүйтэй холбогдон гарсан маргааныг шүүх зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ гэж тус тус заасныг нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэл гэж тодорхойлсон байв. /1-хх-1-5-р тал/
б/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2017.02.16-ны болон 2017.03.09-ний өдөр нэхэмжлэлийн үндэслэлд дараах нэмэлт тодруулга хийсэн байна.
Үүнд: Жаст групп ХХК нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын бичиж гардуулсан векселийг мөн өдрөө Хадгаламж банк ХХК-д худалдаж буй үйлдэл нь 2013.02.15-ны өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдсон нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг бэлэн бусаар буюу векселээр төлж барагдуулах саналыг хүлээн зөвшөөрч биелүүлж байгаа, ингэснээрээ тухайн хоёр байгууллагын бүтээгдэхүүний төлбөртэй холбоотой төлбөр тооцоо дуусгавар болж байгаа явдал. Хадгаламж банк ХХК нь вексельд заасан үнийн дүнгээр санхүүжилтийг Жаст групп ХХК-д хийснээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь өөрийн үүргээ гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж буй харилцаа буюу Иргэний хуулийн 210 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн, энэхүү хэргийг шийдвэрлэх явцад Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь нефтийн төлбөрөө төлүүлчихсэн, векселийн төлбөрийн харилцаанд хамааралгүй Жаст групп ХХК-ийг хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч нь тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх замаар үгсэн хуйвалдсан үйлдлийг удаа дараа гаргаж байсан ба тухай бүрд нь Төрийн банк эсэргүүцэж холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан, гэвч дахин башир арга хэрэглэж 2013.02.18-ны өдрийн вексель арилжсан 2 хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг Жаст групп ХХК-д холбогдуулан гаргасныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.28-ны өдрийн 181/ШШ2016/01111 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, дээрх шийдвэр нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэхгүй, тухайлбал гэрээ хүчин төгөлдөр болсон хэдий ч Төрийн банк ХХК нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.6-д зааснаар төлбөр хүү шаардах эрхтэй гэжээ.
в/ Хожим нь нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь анхан шатны шүүхийн 2 удаагийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1, 496 дугаар зүйлийн 496.1, 56 дугаар зүйлийн 56.4, 56.6-д зааснаар тодорхойлж байна гэжээ.
Дээрх байдлаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг өөрчилсөн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх,... эрхтэй тул шүүх сүүлийн байдлаар тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийсэн нь хууль зөрчихгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ 3 өөрөөр тодорхойлсон нь ойлгомжгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэж дүгнэв.
4.2. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам хариуцагч биш, ...Жаст групп ХХК болон Хадгаламж банк ХХК-ийн хооронд дамжуулах бичилт хийж, векселийг шилжүүлэхдээ хууль зөрчсөн болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон, вексельд бичигдсэн төлбөрийг тус нийгэмлэг Жаст групп ХХК-д төлсөн эдгээр байдлыг шүүх харгалзаагүй, Иргэний хуульд тухайлан зохицуулсан үнэт цаасны эргэлтээс үүссэн харилцааны зүйл, заалтыг баримтлаагүй, хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн тухай зохицуулалтыг баримтлан үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдлын тухайд.
а/ Вексель гэж төлбөр хариуцагчаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар вексель эзэмшигчид төлөхийг харилцан тохиролцож баталсан төлбөрийн баримтыг хэлнэ. Вексель нь төлбөр тооцооны үнэт цаас мөн гэж Векселийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д тодорхойлжээ.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Жаст групп ХХК-д нефтийн бүтээгдэхүүний төлбөр 10,500,000 ам.долларын баталгаа болгож бичиж олгосон 3 вексель Векселийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар энгийн вексель буюу зөвшөөрлийн үнэт цааст хамаарна.
Зөвшөөрлийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг уг үнэт цаасыг өмчлөгч буюу түүнээс эрхийг шилжүүлж авахаар өөрийн нэр дээр холбогдох бичилт хийсэн этгээд тухайн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг эдлэх бөгөөд уг эрх эдлэгчийг үнэт цаасны өмчлөгч гэж тооцно гэсний дагуу Жаст групп ХХК нь векселийг хүлээн авснаар вексель эзэмшигч буюу өмчлөгч болсон тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 467.7.3, 467.8-д заасантай нийцжээ.
Жаст ргупп ХХК нь /вексель эзэмшигч буюу өмчлөгч/ вексельд заасан төлбөрийн хугацаа болмогц векселийг буцаан гардуулснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам /төлбөр хариуцагч/ төлбөрийг хийх үүргийг Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүлээх эрх зүйн үр дагавартай.
Харин Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т төлбөр гүйцэтгэх хугацаанаас өмнө вексель эзэмшигчид мөнгөн хөрөнгө шаардлагатай бол харилцан тохиролцсоны үндсэн дээр векселийг бусдад шилжүүлэх, ингэхдээ ...банкинд худалдаж болно гэж заасан байна.
Жаст групп ХХК нь 3 векселийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас авсан өдрөө Хадгаламж банк ХХК-д дамжуулан бичилт хийж шилжүүлж, арилжааны хэлцэл хийсэн, уг үнэт цаасанд заасан төлбөрийг Хадгаламж банк ХХК нь Жаст групп ХХК-д шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй тул Хадгаламж банк ХХК нь тухайн үнэт цаасны эзэмшигч, өмчлөгч болсон.
Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь Жаст групп ХХК векселийг Хадгаламж банк ХХК-д шилжүүлж худалдахдаа мэдэгдээгүй гэж маргасан боловч уг тайлбар үгүйсгэгдсэн талаар шүүхүүд дүгнэсэн нь хэргийн баримтад тулгуурлажээ.
Дээрх байдлаас нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь тухайн үед вексель эзэмшигчийн хувьд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас вексельд заасан төлбөрийг шаардах эрхтэй байсан гэж дүгнэхээр байна.
б/ Гагцхүү нэхэмжлэгчийн Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар төлбөр шаардах эрхийг дараах нөхцөл үгүйсгэсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013.11.21-ний өдрийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн 2109 дугаар захирамжаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Жаст групп ХХК-д холбогдуулан гаргасан 4,000,000 ам.долларын энгийн векселийг /маргааны зүйл болсон/ шийдвэр гаргах эрх бүхий Ерөнхий хорооны зөвшөөрлийг аваагүй гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэнийг хариуцагч зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, дээрх захирамжаа шүүгч 2014.04.24-ны өдрийн 10716/с захирамжаар хүчингүй болгосон, ингэхдээ, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үед гуравдагч этгээдийн буюу Төрийн банк ХХК-ийн эрх ашгийг хөндсөн гэж үзсэн, уг маргааныг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.02.13-ны өдрийн 1240 дүгээр шийдвэрээр дахин шийдвэрлэхдээ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Жаст групп ХХК-д холбогдуулан гаргасан 4,000,000 ам.долларын энгийн векселийг хүчин төгөлдөр бусд тооцох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасан, хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тогтоогджээ.
Үүний дараа Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь шүүхэд дахин хандаж Жаст групп ХХК-д холбогдуулан тус компанид олгосон 4,000,000 ам.долларын хүүтэй вексель, Жаст групп ХХК болон Хадгаламж банк ХХК-ийн хооронд хийгдсэн вексель арилжааны SV2013/01 болон SV2013/02 тоот хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг гаргасныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.28-ны өдрийн 181/ШШ2016/01111 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.
Шүүх нэхэмжлэлийг хангахдаа, нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь Жаст групп ХХК нь Хадгаламж банк ХХК-тай вексель дамжуулах бичилт хийхдээ вексель шинээр эзэмшигчийн хаяг, дансны дугаар зэрэг бичилт хийгээгүй, ...бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, маргаагүй гэсэн дүгнэлт хийжээ.
Харин Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Жаст групп ХХК-д вексель олгосон үйлдэл, векселийн бүрдүүлбэрийн талаар шүүх хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт хийсэн бөгөөд дээрх шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянагдаагүй хуулийн хүчин төгөлдөр болсон, энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Төрийн банк ХХК оролцоогүй байна.
в/ Дээр дурдсанаар шүүх хэдийгээр Жаст групп ХХК болон Хадгаламж банк ХХК-ийн хооронд байгуулсан арилжааны хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон боловч энэхүү шийдвэр нь нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замыг хариуцагчаар татаж шаардлага гаргахад саад болохгүй тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
Шүүх Жаст групп ХХК-ийн Хадгаламж банк ХХК-д вексель арилжсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 467 дугаар зүйлийн 467.4-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзсэнээр хэлцэл хийгч талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүргийг мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хүлээнэ.
Гэвч хэлцлийн талууд буюу Жаст групп ХХК болон Хадгаламж банк ХХК-ийн хооронд хийгдсэн төлбөр тооцооны үр дүнд Жаст групп ХХК-ийн өмнө хүлээсэн 4,000,000 ам.доллар төлөх үүргээс Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам 2013.02.18-ны өдөр чөлөөлөгдсөн гэж үзэх нөхцөл бий болсон, вексельд заасан 4,000,000 ам.долларын төлбөрийг хожим нь Жаст групп ХХК-д төлсөн гэх Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.
Нөгөө талаар вексель нь төлбөр тооцооны хэрэгсэл үнэт цаас болохын хувьд эрх бүхий этгээдийн эзэмшилд байснаар шаардах эрхийг үүсгэх бөгөөд маргааны зүйл болсон вексель нь нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн эзэмшилд байгаа тохиолдолд уг вексельд заасан төлбөрийг өөр этгээдэд буюу Жаст групп ХХК-д төлөх нь тухайн харилцааны агуулгад харшлана.
Иргэний эрх зүйн харилцаанд хэлцлээс үүсэх болон хуулиар үүсэх үүрэг давхцах тохиолдлыг шаардах эрхийн өрсөлдөөн гэж үздэгээс гадна нэхэмжлэгч нь хэнд холбогдуулж ямар үндэслэл зааж шаардлага гаргахаа өөрөө тодорхойлдог байна.
Иймд нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагчаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замыг татаж шаардлага гаргасан, шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж... төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасны дагуу нэхэмжлэлийг хангасан нь хууль зөрчөөгүй.
Дээр дурдсанаар хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
5. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь өөрийн данс дахь хариуцагчийн данснаас 721,227.95 ам.долларыг векселийн төлбөрт суутгаж авч үлдэх хэсгийг шаардсан бөгөөд тухайн төлбөрийн зарим хэсгийг суутган авсан уг ажиллагааг өөртөө тусалсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.9, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчихгүй.
Иймээс нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн мөнгийг гаргуулахаар шаардсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэнэ.
6. Шүүх хүү 380,000 ам.доллар шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, энэ шийдэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүйг дурдав.
Дээр заасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/02554 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2139 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч З.Уянгын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын /хариуцагчийн өмгөөлөгч З.Уянга/ хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.01.21-ний өдөр төлсөн 41,849,941 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН