Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 56

 

Ц.Т-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогч Д.Г-О, түүний өмгөөлөгч Д.Ганбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар магадлалтай, 201607000031 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Д.Г-О, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ц-ийн Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Т-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын дотор төлөхийг тогтоож шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... Ц.Т-т 25,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай” гэснийг “Ц.Т-т 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай” гэж, тогтоолын 3 дахь заалтын “...25,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд” гэснийг “...15,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.   

Хяналтын шатны шүүхэд хохирогч Д.Г-О гаргасан гомдолдоо “...Ц.Т-ийн гэм буруутай үйлдлээс болж миний нүд бүрэн хараагүй болж хань, үр хүүхдээр асран хамгаалуулж, санхүүгийн хямралд бүрэн орж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр холбогдох нотлох баримтуудаа гаргаж өгөх гэсэн боловч надад шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй хэргийг хэлэлцэж миний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Ц.Т-т зодуулснаас болоод ажилгүй болж, эрүүл мэндээрээ хохирч өрөөл татуу болж хорвоог харах мэлмийгүй болсон учир байнгын асаргаа, сувилгаа эмчилгээ хийгддэг өвчтөн болж хувирсан. Гэр бүл, ах дүүгээ эдийн засгийн хямралд оруулснаас гадна өндөр настай ээж маань энэ хэргийн улмаас сэтгэл санаа нь хүчтэй цочролд орж тархиндаа цус харван, улмаар хагалгаа хийлгэж эмчилгээ сувилгаатай өөрийн адил хүн болгосондоо маш их гэмшиж байна. Анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш 3 сарын хугацаанд эмчилгээ, сувилгаанд 8,000,000 төгрөгийн зардал гаргаад байна. Үүнээс хойш хичнээн төгрөгийн зардал гарах нь тодорхойгүй байна. Ц.Т-т зодуулж эрүүл мэндээрээ хохирохоос өмнө би гэр бүлийн хүний хамт ажилтай, өөрийн гэсэн 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг байсан бол одоо энэ бүх үйл ажиллагаагаа зогсоож, эхнэр намайг асардаг хүн болж хувирсан тул хэнээр тэжээлгэж, эм тарианы болон оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг яахаа мэдэхгүй мухардалд орж байна. Гэтэл намайг ийм байдалд оруулсан гэмт хэрэгтэн харин ч аз жаргалтай дураараа дургиж, бусдыг үг хэлээрээ доромжилж гүтгэж амьдарч байна. Би “А Х” ХХК-д багажны няраваар ажиллаж байхдаа сарын 900,000 төгрөгийн цалинтай байсан ба үүнийг гэмт хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл тооцоход 20,000,000 төгрөг, эхнэр Ч.Х нь 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулахаас гадна “Мобиком”, “Жи Мобайл”, “Юнител” гэх мэт үүрэн холбооны гэрээт борлуулагч хийж сардаа 1,000,000 төгрөгийн ашиг олдог байсан бөгөөд уг мөнгийг гэмт хэрэг гарснаас хойш багаар бодоход 20,000,000 төгрөг болж байна. Эдгээрээс гадна гэр бүл, ах, дүүс, өндөр настай эхийн сэтгэл санаа хямарсан, нэр төрөө гутаалгасан зэрэг хохирлууд их гарсан боловч эдгээээс зөвхөн өөрстөө тохиолдсон зовлонгоор тооцоход сэтгэл санааны хохирол 500,000,000 төгрөг болж байна. Эдгээр хохирлоо би нотлох баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх гэж байтал давж заалдах шүүх надад хэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гэм буруугаа ойлгож гэмшээгүй, харин ч бүх асуудал нотлогдсоор байтал өөрийн гэм бурууг манай эхнэр рүү чихэж гүтгэж байгаа хүнд хууль эсрэгээр үйлчилж ялыг нь хөнгөлсөнд харамсаж байна. Хуулиар бол хохирогч давуу эрхтэй байтал танил талтай, хөрөнгөтэй, арга зальтай, гэм буруугаа бусад руу чихсэн гэмт хэрэгтэн давуу эрхтэй болж хувирсанд гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа энэ гэмт хэргийн улмаас нөхөн сэргээгдэхгүй насан туршийн хохирол надад учирсныг харгалзан энэ зүйл ангийн дээд хэмжээ болох 8 жилийн хорих ял оногдуулахаар байтал торгох ялын доод хэмжээг оногдуулж хуулийг буруу хэрэглэсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хохирогч талаас гаргаж өгсөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг үнэлэхдээ бодитой, хуульд нийцсэн талаас нь үнэлж дүгнээгүй. Хохирогчийн гаргаж өгсөн баримтуудаар гарсан зардлыг хэн хэрхэн зарцуулсан нь тодорхой бус, хохирогч өөрөө зарцуулсан эсэх нь эргэлзээтэй байна. Мөн хохирогч дүү болон эх нь Франц улсаас ирсэн зардлын баримт нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэм буруутай этгээдээс гаргуулах зайлшгүй зардалд хамаарахгүй байхад шүүх хохиролд оруулан 25,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж, бодитой дүгнэлт хийсэн гэхэд эргэлзээтэй байна. Хэдийгээр шүүхээс хохирлыг бодитой тогтоогоогүй ч Ц.Т-ийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд 11,500,000 төгрөг, шүүхийн шатанд 5,000,000 төгрөг, шүүх хурлаас хойш 6,000,000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан байхад давж заалдах шатны шүүх хохирол төлөгдсөн гэсэн үндэслэлээр дээрх байдалд дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь үндэслэлгүй болно. Шүүгдэгчийн зүгээс шүүхээс тогтоосон төлбөрийг төлж байгаа хэдий ч өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. НӨАТ-ын баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй учир уг баримтан дээр хүний нэр бичигдээгүй, хэн хэрхэн зарцуулсан болох нь тодорхойгүй байдаг. Иймд иргэний нэхэмжлэлийг бодитой тогтоож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Д.Ганбат гаргасан гомдолдоо “...Хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, учирсан хохирол зэргээс харахад анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь хэт хөнгөдсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх бидэнд мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг хийж ялыг нь хөнгөрүүлсэнд гомдолтой байна. Иймд шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат гаргасан гомдолдоо “...Шүүгдэгчид 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан төрөл хэмжээний ял шийтгэл оногдуулсан давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Хохирогчийн өмгөөлөгчийн хэлж байгаачлан хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн зүгээс баримтаар гаргаж өгсөн хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг ч нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл торгох болон хорих гэсэн хоёр төрлийн санкцтай. Шүүгдэгч Ц.Т нь өөрийн үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийгээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй ч хохирлыг төлөөд байдаг. Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд хяналтын шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг өөрчлөн хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Д.Г-О, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн  Ц.Т-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “хохирогч шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох эрхтэй” гэж заажээ.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хохирогчийн хуулиар хамгаалагдсан дээрх эрхийг хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.

Хохирогч Д.Г-О нь анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Т-т оногдуулсан торгох ял түүний гэм бурууд тохироогүй, мөн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар давж заалдах гомдол гаргасан байтал давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчдод мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан оролцогчдод хуралдааны товыг мэдэгдсэн нь гомдол гаргасан бусад оролцогчийн гомдлынхоо үндэслэлийг тайлбарлах, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдаанд тайлбар гаргах зэрэг хуулиар хамгаалагдсан эрхүүд зөрчигдөхөд хүргэжээ.

Иймд хохирогч Д.Г-ын гаргасан “давж заалдах шатны шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй хурал хийсэн” гэх гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Ц.Т-т холбогдох хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны  шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Т-т холбогдох хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН