Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2019/ДШМ/1102

 

М.Мад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Жаргалсайхан,

хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч С.Чинзориг,

шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Э.Шинэзориг,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2740 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гэрэлмаагийн бичсэн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 113 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр М.Мад холбогдох 1806023620691 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Мийн М, 1985 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Рашаан сувилал 1 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 266-229 тоотод түр оршин суух;

            Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн;

            М.М нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Быг чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйханд шарх бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүгдэгч М.Мад холбогдох 1806 02362 0691 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор, хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэжээ.

Гэтэл хохирогч Б.Бод учирсан гэмтэл компьютер томографын оношлогоо /хх 18-19, 86/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх 78-83/, мэс заслын тэмдэглэл /хх 84/, мэс заслын тэмдэглэл /хх 85/, шинжээчийн хүний биед үзлэг хийсэн 3656 дугаартай дүгнэлт /хх 77/, Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийсэн 340 дугаартай дүгнэлт /хх 138-140/, шинжээч Б.Долгормаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 134/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмчийн “...зулай бол тархийг бүхэлд нь тойрсон хэсгийг хэлдэг. Тэгээд энэ гэмтэл нь зулай, дагзны хэсгийн зааг юм. Гэмтлийн эмч зулайг дагз гэж андуурсан байх. Гаднаас нь хараад дагз уу, зулай юу гэдгийг мэдэх боломжгүй. Тэгээд дагз гэж бичсэн байх. “ гэх мэдүүлэг зэргээр хохирогчийн биед чухам дагз, зулай ясны аль хэсэгт гэмтэл учирсан болох нь харилцан зөрүүтэй байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Бын тархинд учирсан гэмтлийг гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхэнд тэмдэглэсэн дагз орчимд 4 см няцарсан шархтай /хх 78-79/ гэсэн нь Мөнгөнгүүр эмнэлгийн компьютер томографын оношлогоо /хх 81-82/, мэс заслын өмнөх дүгнэлт /хх 83-85/, мэс заслын тэмдэглэл /хх 86/ болон шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэрэгт өөр өөрөөр нэрлэж, тайлбарлаж байгаа нь өөрөө эргэлзээтэй байх тул хохирогчийн тархины орой хэсэгт учирсан гэмтэл нь тархины зулай хэсэгт учирсан гэмтэл үү, эсвэл тархины дагз хэсэгт учирсан гэмтэл үү гэдгийг анагаахын шинжлэх ухааны үүднээс ялгаж, хоорондын зөрүүг арилгах шаардлагатай. Иймд дээрх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж шүүх үзэв. ...” гэсэн үндэслэлээр М.Мад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол М.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Э.Гэрэлмаа бичсэн эсэргүүцэлдээ: “...Хохирогч Б.Бод учирсан гэмтлийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 02538 дугаартай өвчний түүхэнд “...хэсэг газрын үзлэгт, дагзны орчим 4 см орчим няцарсан шархтай, хуруугаар тэмтрэхэд яс илэрхий цөмөрсөн, 1 см орчим гүнтэй...” гэж, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Мөнгөн гүүр эмнэлгийн толгойн компьютер томографт “Зүүн талын зулайн хэсгийн гавал ясанд 2.8 см урттай 0.5 см гүнтэй цөмөрсөн хугаралтай. ...” гэж, 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн мэс заслын тэмдэглэлд “... яс гүн ... цөмөрсөн ба цөмөрсөн ясанд ... хавчуулагдсан. ...” гэж тэмдэглэснийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Долгормаагийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3656 дугаартай дүгнэлтэд “...зулай ясны цөмөрсөн хугарал...” гэж тусгасан ба үүнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Туяа, Т.Номинцэцэг, Г.Ханхүү нарын 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 340 дугаартай дүгнэлтэд “...Ирүүлсэн компьютер томографын зургуудыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмчээр давтан уншуулахад, зүүн зулай яс цөмөрсөн хугаралтай, ...хугарлын хэсэг зулайн хуйхан дор цус хурсан. ...” гэх ба дүгнэлтийн 1 дүгээр заалтад Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 02538 дугаартай өвчний түүхийн хэсэг газрын үзлэгт бичигдсэн “...дагзны орчим 4 см орчим няцарсан шархтай, хуруугаар тэмтрэхэд яс илэрхий цөмөрсөн 1 см орчим гүнтэй, яс гүн цөмөрсөн ба цөмөрсөн ясанд ... хавчуулагдсан, ... тархи цөмөрсөн ясанд дарагдалтай. ...” гэсэн нь дүгнэлтэд тусгагдсан зулай яс цөмөрсөн хугарал, зулайн хуйхны шарх гэсэнтэй ижил ойлголт болно. ...” гэж бататгасан байна.

            Түүнчлэн, шинжээч эмч Г.Ханхүү шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... Хүний биеийн гавал ясыг гаднаас нь хараад энэ нь зулай яс, энэ нь дагз яс гэж хэлэх боломжгүй. Үүнийг ялгахын тулд нэгдүгээрт MRI, КТГ хийнэ. Хоёрдугаарт, мэс заслын аргаар нээж үзэхэд ялгагдана. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч анхны үзлэгээрээ гараар тэмтэрч үзэн “дагз орчим” гэж тэмдэглэлд тусгагдсанаас “дагзанд” гэж бичээгүй байна. ...” гэж мэдүүлсээр байхад анагаахын шинжлэх ухааны үүднээс ялгаж, хоорондын зөрүүг арилгах шаардлагатай гэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна. Мөн анагаахын шинжлэх ухааны үүднээс ялгаж, хоорондын зөрүүг арилгах шаардлагатай гэж үзэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хохирогч Б.Бын биед шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын хувьд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын ахлах зэргийн шинжээч эмч, хүний их эмч мэргэжилтэй, мэргэшлээрээ 16 жил ажилласан цагдаагийн ахмад цолтой Н.Туяа, шинжээч эмч, хүний их эмч мэргэжилтэй, мэргэшлээрээ 9 жил ажиллаж байгаа цагдаагийн ахмад цолтой Т.Номинцэцэг, шинжээч эмч, хүний их эмч мэргэжилтэй, мэргэшлээрээ 5 жил ажиллаж байгаа цагдаагийн ахлах дэслэгч цолтой Г.Ханхүү нар байгаа нь шинжлэх ухааны хувьд тайлбарлаагүй гэж үзэх үндэслэл байхгүй байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч М.Мын үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн этгээд, сэдэлт, учирсан хохирол зэрэг нь тодорхой, нотлогдсон байх тул яллагдагч М.Мад холбогдох 1806023620691 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2740 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна. ...” гэжээ.

            Прокурор Т.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед зулай ясны ухархайн цөмрөл бүхий гэмтэл учирсан гэж дүгнэсэн. Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

            Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

            Хохирогч Б.Бын өмгөөлөгч С.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

            Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Э.Шинэзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Хавтас хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3656 дугаартай дүгнэлт авагдсан байдаг. Дахин шинжилгээ хийлгэхээр болсон нь хууль зүйн хувьд алдаатай зүйл болсон. Сүүлд гаргасан шинжээчийн 340 дугаартай дүгнэлт болон өмнөх дүгнэлтийн аль зөв талаар маргаантай асуудал үүссэн. Намсрайжав, Нямтөр нарын утасны мэдээллийг шалгаж, хэнтэй утсаар ярьсан талаар баримт нотолгоо гаргуулах шаардлагатай. Мөн хяналтын камерын бичлэгийг шалгасан ба Чулуунцэцэг гэх хүнээс гэрчээр мэдүүлэг аваагүй байдаг. Нотолбол зохих байдлыг хангалттай нотлох шаардлагатай байсан. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “... Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.

Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Бын эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйханд шарх бүхий хүнд хохирол учирсан гэх боловч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “...Дагзны орчимд 4 см орчим няцарсан шархтай, хуруугаар тэмтрэхэд яс илэрхий цөмөрсөн, 1 см орчим гүнтэй, ...” /1хх 78-80/ гэх өвчний түүх,

мэс заслын эмчийн “...Зүүн зулайн оройд оёдол тавигдах шархтай. ...” /1хх 84/, мэс заслын эмчийн “...Зүүн зулайн хэсэгт хуйх няцралттай, 5 ширхэг оёдолтой, хавантай байлаа. ...Хуйхны дотор хэсэгт няцралттай, дотор булчин цөмөрсөн ясанд хавчуулагдсан байлаа. ...Багажаар хазуулан цөмөрсөн яс болон ясны хэлтэрхийнүүдийг авч тархи дарагдлыг чөлөөлөв. ...Тархи цөмөрсөн ясанд дарагдалтай байлаа. ...” /1хх 85/ гэх тэмдэглэлүүд,

гэмтэл компьютер томографын оношлогоо эмчийн “...Зүүн дагз-зулай хэсэгт 3.5 см өргөн хэмжээтэй, трепенацийн нүхтэй ба энэ хэсэгт гадна ялтсанд титан бүрхэвчтэй. Тархины эд трепенацийн нүх рүү 0.7 см гүн ивэрхийлсэн. Энэ түвшинд хуйхан доор 6.0*1.4 см хэмжээтэй, +45HU нягтралтай цус хуралттай. ...” /1хх 18, 86/,

компьютер томографын оношлогооны эмчийн “...Их тархины зүүн тал бөмбөлөгийн зулайн дэлбэнгийн эпидурал зайд 2.3 см урттай, 0.5 см зузаантай цус хуралтай. ...” /1хх 81/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3656 дугаартай “...Б.Бын биед зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай, дагзны хуйханд цус хуралт, зүүн хөмсөг, зулайн хуйханд шарх, ... гэмтэл тогтоогдлоо. ...” /1хх 77/,

Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжчээчийн 340 дугаартай “...Б.Бын биед учирсан зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай, дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйханд шарх зэрэг гэмтлүүд нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...” /1хх 138-140/ гэх дүгнэлтүүд,

шинжээч Б.Долгормаагийн “...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 02538 дугаартай өвчний түүхэнд мэс заслын тэмдэглэлд зүүн зулайн хэсэгт хуйх няцралтай, шархтай, шархыг томруулж шалгахад яс гүн цөмөрсөн гэсэн байгаа нь Б.Бын биед зулайн зүүн хэсэгт шарх үүссэн гэдгийг нотолж байна. ...”,

шинжээч эмчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн "...Зулай бол тархийг бүхэлд нь тойрсон хэсгийг хэлдэг. Тэгээд энэ гэмтэл нь зулай, дагзны хэсгийн зааг юм. Гэмтлийн эмч зулайг дагз гэж андуурсан байх. Гаднаас нь хараад дагз уу, зулай юу гэдгийг мэдэх боломжгүй. Тэгээд дагз гэж бичсэн байх. ..." гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хохирогчийн биед чухам дагз, зулай ясны аль хэсэгт гэмтэл учирсан болохыг нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгч, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар хэргийг прокурорт буцаах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд прокурор, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд хохирогч, гэрч, шинжээч нарыг оролцуулах хүсэлт гарган, тодорхой бус гэж үзсэн асуудлаа тодруулах ажиллагааг шүүх хуралдаан дээр хэрэгжүүлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой.

Иймд прокурор Э.Гэрэлмаагийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.Мад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2740 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.Мад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл М.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ