Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 07

 

 

       *******гийн  нэхэмжлэлтэй

              иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2017/00128/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Шүүгч                                        Г.Давааренчин

                             Шүүгчид                                  С.Оюунцэцэг

                                                                             Б.Батзориг

                             Оролцогчид

                                 Хариуцагчийн  өмгөөлөгч    Л.Доржпүрэв

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг  оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум  дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 651 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатарын давж заалдсан гомдлоор *******гийн нэхэмжлэлтэй *******д холбогдох “Худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 16.900.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр  сарын  17-ны  өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч: ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

 “... Би 2015 онд надад К5 маркийн автомашин байна зараад өгөх боломж байна уу гэхэд найз ******* нь ******* гээд миний найз Сэлэнгэд байдаг бид хоёр олон удаа наймаа хийж байсан гэж хэлж байсан. 2015 оны 04 дүгээр сарын 15-нд ******* Улаанбаатар хотод ирсэн. ******* над руу залгаад ******* Улаанбаатар хотод ирсэн байна. Чиний машины талаар хэлэхэд тэгье, аваад явъя, борлуулаад өгье гэж байна гэж хэлсэн. Тэгээд ******* бид хоёр миний машиныг аваад 19 дүгээр хороололд очоод *******тэй уулзсан. ******* миний машиныг унаж үзээд аваад явсан. Миний бие болон ******* ******* нар хоорондоо ярилцаад   машин үнийг зарсан ч зараагүй ч  2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэхэд 22 сая төгрөгийг надад өгөхөөр амаар тохиролцсон. Над руу ******* залгаад чиний машин чинь зарагдсан байна одоо чам руу нэг хүн залгана чи очоод шилжүүлээд өгчих гэж хэлсэн. 6 дугаар сарын 20-ны өдөр гэхэд ******* мөнгөө шилжүүлчихнэ гэхээр нь би очоод шилжүүлж өгсөн. Тэгээд 6 дугаар сарын 20-ны өдөр болоход ******* над руу яриагүй. Тэгэхээр нь би 6 дугаар сарын 22-ны ******* руу залгаад нөгөө мөнгө маань юу болсон бэ? гэхэд ******* одоохондоо яриагүй байна 7 дугаар сарын сүүлээр өгнө гэж хэлсэн. ******* найдвартай гэсээр байгаад 6 дугаар сарын 28 өнгөрч би Солонгос улс руу явсан. Би 7 дугаар сарын дундуур Солонгос улсаас ирээд ахиад маш олон удаа залгасан. Ингэсээр байгаад 8 сар өнгөрсөн. Тэгэхээр нь би *******ад хандан энэ чинь луйвар юм биш үү? гэж уурлахад ******* 9 дүгээр сарын 10-ны үеэр Улаанбаатарт ирэх юм байна ирэхээр нь очиж уулзъя гэж хэлсэн. Очиж уулзахдаа *******, ******* нар миний мөнгийг 9 дүгээр сарын сүүлээр өгнө гэж хэлсэн. Хүлээсээр байгаад 10 сар гарсан. Сүүлдээ *******эс мөнгөө нэхэхэд хэн нь ч мэдэгдэхгүй олон хүмүүсийн нэр хэлээд байдаг болсон. Одоо миний машин хаана хэнд байгаа нь ч мэдэгдэхгүй байна. Тийм болохоор анх зараад өгье гэж хэлснээр нь *******эс л мөнгөө гаргуулж авмаар байна” гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй.  *******гийн танил ******* нь надад хандаж тус машиныг зараад өгөөч гэсэн юм. Тэгэхээр нь би *******ад тус болох зорилгоор зуучлан өгч Дархан-Уул аймгийн ******* гэдэг хүнд уг машиныг 22 сая төгрөгөөр зээлээр худалдсан. Ингэж худалдахдаа би дур мэдэн зараагүй, *******ад хандаж ******* гэдэг хүн 22 сая төгрөгөөр авъя гэж байна... гэдгийг хэлсэн. Дараа нь мөнгийг нь өгөхгүй болохоор би *******д холбогдуулан Дархан-Уул аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн боловч анхан шат, давж заалдах шат, хяналтын шатны шүүхээс уг машин нь 2016 оны 06 дугаар сарын 06-нд ******* нь худалдах худалдан авах гэрээгээр ******* гэдэг хүнд 9000.000 төгрөгөөр зарсан байна гээд миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм... Намайг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Ариунтуяа нь би машиныг аваагүй, ******* авсан тэр хүн 16.900.000 төгрөгийг төлөх ёстой гэсэн тайлбар өгсөн байсан. Тэр ******* нь өөрөө шүүхэд хүсэлт гаргаж би 22 сая төгргөөөр уг машиныг авсан нь үнэн, би төлбөрийг төлж өгнө гэж бичиж өгсөн байсан. ...*******, ******* нар надад машины бичиг баримтыг өгөөгүй. Би *******ыг надад хандаад зараад өгөөч гэхээр нь өөрөөс нь зөвшөөрөл авч байж зуучилж өгсөн. ...******* машиныхаа үлдэгдлийг нэхэж байгаа нь зөв боловч машиныг авсан *******, ******* нараас нэхэмжлэх нь зүйтэй байх гэжээ.

 

Хамтран хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Тус шүүхэд хандаж *******гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. ******* нь 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ******* рүү утсаар ярьж, *******т машиныхаа нэрийг шилжүүлээд өгөөрэй. Би мөнгийг нь өөрөө чамд өгнө гэж хэлээд машиныг *******ын нэр дээр шилжүүлсэн байдаг. ******* энэ асуудлаа өөрөө шийднэ биз. Бидний хооронд авлага, өглөг бий. Иймд бид хоорондоо ярилцана. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 651 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар *******гийн нэхэмжлэлтэй, *******эс худалдах-худалдан авах гэрээний дагуу автомашины төлбөр 16.900.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар *******аас 16.900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

-Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242.450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хамтран хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 242.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

Хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  

Анхан шатны шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анх ******* нь нэхэмжлэгчээс  машиныг нь зарж өгөхөөр тохиролцон аваад улмаар 2015 оны 06 сарын 06-ны өдөр  түүн рүү ярьж автомашиныг *******т  машины нэрийг шилжүүлж өгөөрэй  би мөнгийг нь чамд өгнө гээд 2017 оны 11 сард Чинбатаар дамжуулан 5.100.000 төгрөг өгсөн байдаг.  Дээрх үйл явдлаас харвал ******* нь автомашиныг *******д  өгсөн байдаг тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан гэрээ тэдгээрийн хооронд үүссэн гэж  үзэж байна.  Иймд  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож тус хэргийн хариуцагч *******эс  нэхэмжлэлийн шаардлага 16.900.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Соёл-Эрдэнийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна.

Хамтран хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм. Учир нь  М.Соёл-Эрдэнийн хувьд нэхэмжлэгчийн машиныг зарахад зуучилсан. ******* нь  машины бичиг баримтыг *******д шилжүүлэн өгсөн ******* нь  тус машиныг авч өрөндөө өгсөн гэдгээ мэдүүлсэн баримт хэрэгт авагдсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан  гэрээний үүрэг 16.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

  

    Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган улмаар тус хэрэгт *******, ******* нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэн шүүгчийн 2017 оны 10 сарын 26-ны өдрийн 1953 дугаартай захирамжаар  *******ыг  тус хэрэгт хамтран хариуцагчаар татжээ.

 

     Нэхэмжлэгч өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж буй этгээдийг хариуцагчаар сонгох эрхтэй бөгөөд шүүх хариуцагчийг хамтран татан оролцуулахдаа нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэдэг. Гэтэл тус хэргийн нэхэмжлэгч нь хамтран хариуцагч татан оролцуулах тухай хүсэлт гаргаагүй байхад шүүх зөвхөн хариуцагчийн

хүсэлтийг харгалзан хамтран хариуцагч татан оролцуулж хэргийн оролцогчийн буюу нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийг зөрчин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон  журмыг ноцтой зөрчсөн  байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд  буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 651 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд  буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3 дахь хэсэгт  зааснаар хамтран хариуцагчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.450 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

5. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ                         Г.ДАВААРЕНЧИН

  ШҮҮГЧИД                         С.ОЮУНЦЭЦЭГ

                                        Б.БАТЗОРИГ