Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 101/2019/00695/И |
Дугаар | 001/ХТ2021/01245 |
Огноо | 2021-10-14 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2021/01245
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/03192 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 123 дугаар магадлалтай,
*******гийн нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
5,800,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболдын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мандахбаяр, Ч.Анар нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь Т.Зэлмийн өмчлөлийн 4120 УБВ улсын дугаартай Тоёота харриер маркийн автомашиныг худалдан авахаар харилцан тохиролцож 2019.02.04-ний өдөр автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулан автомашины үнэ 20,000,000 төгрөгийг Т.Зэлмийн дансанд бүрэн төлж барагдуулсан. ******* нь автомашиныг унаж Улаанбаатар хотоос 100 орчим км газар явахад автомашин эвдэрч унтарсан. Энэ талаар *******д утсаар хэлж, хохирол барагдуулах талаар хэд хэдэн удаа хандаж байсан. 2019.02.10-ны өдөр Мөнххада ХХК-д очиж автомашинаа оношлогоонд оруулахад уг автомашин нь урд хэсгээр мөргөлдсөн, аюулгүйн дэр задарч ажиллах боломжгүй болсон, урд хоёр их гэрлийг солих шаардлагатай, хагарч цуурсан, баруун урд хэсгээр гагнууртай, копудны түгжээ гажаатай солих шаардлагатай зэрэг олон доголдол илэрсэн. Анх автомашиныг үзээд оношлогоонд оруулъя гэхэд ******* нь автомашин асуудалгүй, хийх зүйлгүй шууд унаад явахад бэлэн гэж байсан. Автомашины гэмтэл доголдлыг хараад мэдэх боломжгүй байсан. Автомашины гэмтлийг засахад аюулгүйн дэрийг компьютерийн хамт солих шаардлагатай талаар Мөнххада ХХК-иас зөвлөсөн бөгөөд аюулгүйн дэрийг захиалахад 10,301,000 төгрөг шаардлагатай гэж байсан. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэ 20,000,000 төгрөг, оношлогооны зардал 41,000 төгрөг, нийт 20,041,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Мөнгөний хэрэгцээ гарсан учир автомашиныг зарсан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж автомашины доголдлыг арилгахад шаардлагатай үнийн хэмжээгээр анхны үнийг бууруулан хариуцагчаас аваарын дэрний үнэ 10,301,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, шүүх хуралдаанд 5,800,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* надаас хуучин автомашин худалдан авснаа мэдсэн. Тэрээр 21,000,000-23,000,000 төгрөгөөр зарагдаж байсан автомашиныг унаж үзээд зарим засвар үйлчилгээг өөрөө хийхээр тохиролцон автомашиныг 17,800,000 төгрөгөөр худалдаж авсан. *******гаас миний дансанд мөнгө шилжүүлсэн баримт байгаа. Гэтэл 20,000,000 төгрөгөөр автомашин худалдан авсан мэтээр нэхэмжилж байгаа нь шударга бус байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ******* нь автомашины үнээс 17,800,000 төгрөгийг 2019.02.04-ний өдөр ХААН банк ХХК-ийн 5063344908 дугаар данснаас шилжүүлсэн бөгөөд одоог хүртэл үлдэгдэл 2,200,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд дутуу төлөгдсөн 2,200,000 төгрөгийг *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Тухайн автомашиныг талууд 20,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцож байгаагүй. Автомашины хойд хоёр амортизатор дуу орсон учир автомашины үнийг 17,800,000 төгрөгөөр тохирч хэлцэл хийхдээ талууд хожим уг автомашиныг бусад этгээдэд зарахыг үгүйсгэхгүй юм, тэр үед боломжийн үнээр авсан гэсэн баримттай байх зорилгоор үнийг нь 20,000,000 төгрөг гэж бичсэн. Хэлцэлд автомашины төлбөрийг бүрэн төлж дуусгасан болохыг тодорхой заасан. Хариуцагч уг үйл баримтыг өөрсдийн тайлбарлаж байснаасаа өөрөөр тайлбарлан энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргасан байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/03192 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******эс автомашины доголдлын улмаас учирсан хохирол 5,800,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч *******гаас автомашин худалдах-худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл төлбөр 2,200,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,155 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 123 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/03192 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,881 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ Шүүх өөрчилсөн шаардлагыг хариуцагчид гардуулсан өдрөө хэргийг шийдвэрлэж, тайлбар гаргах, татгалзал, түүний үндэслэл болох нотлох баримтыг шүүхэд цуглуулж өгөх эрхээ хэрэгжүүлэх боломжоор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эрхээр хангаагүй, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын дагуу явагдаагүй байна гэж шүүх дүгнэж, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болохыг дурджээ. Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
1. Хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Хариуцагч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн. Гэтэл нэхэмжлэгчийн гомдлын дагуу давж заалдах журмаар хэргийг хянаж байгаа хэрнээ хариуцагч эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
2 Хариу тайлбар гаргах эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэх дүгнэлтийн тухайд. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх бүрт миний бие шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар хариу тайлбараа бичгээр гаргаж, хуулиар олгогдсон хариу тайлбар гаргах 14 хоногийн хугацааг заавал эдлэх шаардлагагүй талаараа илэрхийлж байсан. Шүүхээс хариуцагчийн хариу тайлбар гаргах, мэтгэлцэх, нотлох баримт гаргах эрхийг хязгаарласан зүйл огт байхгүй болно. Бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүрт бичгээр тайлбараа гаргаж байсан болно.
Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан 5,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 2,200,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.
Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
1. Зохигч 2019.02.04-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчаас Тоёота хариер маркийн 4120 УБВ улсын дугаартай автомашиныг 17,800,000 төгрөгөөр худалдан авсан боловч удалгүй эвдэрсэн, улмаар оношлуулахад урд хэсгээр мөргөлдсөн, аврах дэр задарч ажиллахгүй болсон, урд 2 их гэрэл хагарч, цуурсан, баруун урд хэсгээр гагнууртай, копутны түгжээ гажаатай зэрэг доголдол илэрсэн байна.
Иймд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, автомашины үнэ 20,000,000 /гэрээгээр тохиросон/ төгрөгийг оношлогооны зардлын хамт нийт 20,041,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөний шаардлага гарч, автомашиныг худалдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг 10,301,000 төгрөг болгон багасгасан, шүүх хуралдааны явцад машиныг бусдад 12,000,000 төгрөгөөр худалдаж, анх авсан үнээс 5,800,000 төгрөгийн алдагдалтай зарсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн үнийн дүнг хэсэгчлэн хангахад татгалзахгүй гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад анхан шатны шүүх тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь анх гэрээнээс татгалзсан нэхэмжлэл гаргасан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгахдаа амь нас, эрүүл мэндийн баталгаа болсон аюулгүйн дэрийг албан ёсны засварын төв нийлүүлэхэд шаардлагатай үнийн дүн болох 10,301,000 төгрөгийн дүнгээр анхны шаардлагыг бууруулж байна гэсэн байх бөгөөд сүүлд нь нэхэмжлэлийг 5,800,000 төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн хангахад татгалзахгүй гэсэн нь ойлгомжгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас 10,301,000 төгрөг эсхүл 5,800,000 төгрөгийн алиныг ямар үндэслэлээр шаардсан нь тодорхойгүй байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх заалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчийн хохирол гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөрчилтэй, шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй болжээ.
Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөв тодорхойлсноор шүүх зохигчийн хооронд үүссэн маргаанд хамаарах эрх зүйн зохицуулалтыг хэрэглэх учиртай.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж, 72 дугаар зүйлийн 72.2.-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэжээ.
Мөн хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг хариуцагчид гардуулсан өдрөө хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь түүний эрхийг зөрчиж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, хариуцагчийг тайлбар гаргах, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй... гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон дүгнэлтийг буруутгах боломжгүй, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтыг зөрчөөгүй байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 123 дугаар магадлалыг хэвээр шлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболдын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболдоос 2020.02.27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,881 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Х.СОНИНБАЯР
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД