Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Багашарын Азбаяр |
Хэргийн индекс | 102/2019/01195/И |
Дугаар | 01985 |
Огноо | 2019-07-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 01985
2019 оны 07 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2019/01985 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х. Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б Т К ХХК
Хариуцагч: Б М нарт холбогдох,
324,101,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энх-Очир, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов..
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х Х ХХКитгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энх-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х Х ХХК нь “Оюут хясаа групп” ХХК-аас түрээсийн гэрээний төлбөр гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 сарын 24-ний өдрийн 1691 дугаартай магадлалаар “Оюут хясаа групп” ХХК-аас 252,301,000 төгрөгийг гаргуулж “Херо холдинг” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч нь шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу төлбөр төлөөгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. О Х Групп ХХКнь өмчлөлдөө хөрөнгөгүй, дансаар нь орлого ордоггүй, ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй учир төлбөрийг барагдуулах боломжгүй, төлбөрийн чадваргүй гэдэг тайлбарыг өгсөн. Өнөөдрийг хүртэл энэхүү компаниар дамжуулан нэг ч төгрөг орж ирээгүй.
Манайх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 301 дүгээр зүйлийн 301.1-д тус тус заасныг үндэслэн манай өмчлөлийн байранд үйл ажиллагаа явуулж байсан О Х групп ХХК-ийнхөрөнгийг бид саатуулсан байсан. Хөрөнгийг буцаан шилжүүлэхтэй холбоотой хариуцагчтай хэд хэдэн удаагийн уулзалт хийж 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр авлага барагдуулах болон батлан даалтын гэрээг тус тус байгуулсан. Энэхүү авлага барагдуулах гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр О Х групп ХХК-ийн100 хувийн хувьцаа эзэмшигч Б.М батлан даалтын гэрээний батлан даагчаар сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Б Т К ХХК нь тус тус оролцож гэрээг баталгаажуулсан. Уг гэрээнүүдийг холбогдох журмын дагуу нотариатаар батлуулж, хувьцаа эзэмшигчдийн шийдвэр зэрэг бичиг баримтуудыг бүрдүүлсэн. Авлага барагдуулах гэрээ байгуулагдсанаас хойш үүрэг гүйцэтгэгч нь гэрээний нөхцөлийн дагуу урьдчилж 10 сая төгрөгийг төлж байж саатуулагдсан хөрөнгөө авсан. Үүнээс хойш төлбөр төлөгдөхгүй байгаа.
Нэхэмжлэгч талаас хэд хэдэн удаагийн төлбөр төлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн авлага барагдуулах гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Б.М-аасүндсэн үүрэг болох 242,301,000 төгрөг, гэрээний үүргийн гүйцэтгээгүй үнийн дүнг алданги 81,800,000 төгрөг, нийт 324,120,000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах хүсэлтэй байна.
Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Б.Мөнхзул нь үүргээ гүйцэтгэхгүй бол үүрэг гүйцэтгэгч Б.Мөнхзулын гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр төлбөрийг батлан даагч болох Б Т К ХХК-иаснөхөн гүйцэтгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.М Б Т К ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунцэцэг, түүний өмгөөлөгч Н.Сэлэнгэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэдэгт нэхэмжлэгч тал маргадгүй, шийдвэр гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд тайлбарлаад байна. Хариуцагч нь өөрчлөгдсөн ч гэсэн 252 сая төгрөгтэй холбоотой асуудлаар ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан хүчин төгөлдөр шийдвэртэй.
Хэлцэл хийх гээд талууд хүсэл зоригоо илэрхийлээд гарын үсэг зурахдаа сайн дураараа гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч тал тайлбартаа “бид нар эд хөрөнгийг нь барьцаалсан, барьцаалж байгаад ийм гэрээ хийсэн” гэж ойлгохоор зүйлийг хэллээ. “Сургуулийн үйл ажиллагаа эхлээд байна. Сургалтын тоног төхөөрөмж, эд зүйлээ авмаар байна” гэхэд “энэ гэрээнд гарын үсэг зурахгүй бол өгөхгүй” гэсэн учир аргагүй эрхэнд авлага барагдуулах болон батлан даалтын гэрээ байгуулсан. Энэ тайлбарыг нэхэмжлэгч тал ч хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр энэ гэрээ нь үүрэг гүйцэтгэсэн хэлцэл биш. Иргэний хуулийн 187 дугаар зүйлд заасны дагуу хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж хуулийн хүрээнд гэрээ байгуулах ёстой. Гэтэл энэхүү авлага барагдуулах болон батлан даалтын гэрээ нь хууль бус гэрээ болсон.
Учир нь өмнө нь шүүх шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад эд хөрөнгөөр нь барьцаалж байгаад гэрээ хийсэн учир энэ гэрээний дагуу хариуцагч тал ямар нэгэн үүрэг хүлээхгүй. О Х Групп ХХКболон Б Т К ХХК нь нэг эзэнтэй бөгөөд захирал нь Б.Мөнхзул. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа нь тодорхой учир энэхүү 242 сая төгрөгийн үлдэгдлийг хариуцагч Б.Мөнхзул төлөх үндэслэлгүй. Яагаад гэвэл О Х Групп ХХКнь төлбөрийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар төлөөд дуусгаж байж энэхүү маргаан дуусах ёстой. Нэхэмжлэгч тал өмнө ч тэр, сая ч тэр тайлбарлахдаа “манайх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сайн дураараа дуусгавар болгох юм бол дараа нь ямар нэгэн байдлаар сэргээж чадахгүй нөхцөл байдалтай байгаа” гэж байсан. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал ойлгож байгаа болохоор шаардлагаасаа татгалзах байх гэж бодож байсан ч татгалзсангүй, харин ч шаардлагаа нэмэгдүүлж орж ирсэн. Үүнийг нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байгаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу “анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй. Харин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах гэж байгаа бол энэ заалт хамаарахгүй” гэсэн байдаг. Хариуцагч Б.Мөнхзул болон “Барилга технологийн коллеж” ХХК-д холбогдуулан гаргасан шинээр илэрсэн нөхцөл байдал гээд байгааг нотлох шаардлага байхгүй. Өмнө нь О Х Групп ХХК-д холбогдуулан гаргасан 252 сая төгрөгийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, талуудын тайлбарыг үндэслээд хэргийг хэрэгсэхгүй болгож, Б Т К ХХК -ийн дансны зарлагын гүйлгээг зогсоосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х Х ХХК нь хариуцагч Б.М Б Т К ХХК нарт холбогдуулан 324,101,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаагүй, авлага барагдуулах болон батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Х Х ХХК болон О Х групп ХХК-ийнхооронд түрээсийн гэрээнээс үүссэн төлбөр, тооцоотой холбоотой маргаан үүсч Х Х ХХК нь О Х Групп ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01341 дугаар шийдвэрээр О Х Групп ХХК-иас350,455,000 төгрөг гаргуулж Х Х ХХК -д олгож, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Ажилчны гудамж-19 байршилтай конторын зориулалттай 2160 м.кв талбайтай зоорьтой 4 давхар барилга, тус гудамжны 19/1-д байршилтай 1206 м.кв талбайтай, агуулах конторын зориулалттай байрыг хариуцагч О Х групп ХХК-ийнэзэмшил, ашиглалтаас чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас Х Х ХХК , О Х групп ХХК-ийнхооронд байгуулсан түрээсийн гэрээг цуцлах, түрээсийн байрны эд хөрөнгийг хүлээлцсэн актыг үндэслэн гэмтсэн, дутсан эд хөрөнгийг түрээслэгчээр засварлуулах, 325,554,137 төгрөгт холбогдох хэсгийг, Х Х ХХК -иас 722,631,950 төгрөг гаргуулах тухай О Х групп ХХК-ийнгаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1691 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01341 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х Х ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу 350,455,000 төгрөг олгохоор шийдвэрлэснийг 252,310,000 төгрөг болгож бууруулсныг, хариуцагч О Х Групп ХХКнь төлөхийг хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, зохигч эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
О Х Групп ХХКнь Х Х ХХК -д төлөхөөр зөвшөөрсөн 252,310,000 төгрөг төлөөгүйгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” 17251067 дугаар тогтоолоор эхлүүлжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад О Х Групп ХХКнь Х Х ХХК -д төлбөр төлөөгүй байна. Харин Х Х ХХК нь О Х групп ХХК-ийнтүрээслүүлсэн байранд түрээсийн төлбөрт төлөөгүйгээс саатуулсан эд хөрөнгийг чөлөөлүүлэн авах, Х Х ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөхөөр зөвшөөрсөн төлбөрийг гаргуулахаар дараах гэрээг байгуулсан байна. Үүнд:
Нэхэмжлэгч Х Х ХХК нь хариуцагч Б.М болон “О х групп” ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Авлага барагдуулах гэрээг” байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээгээр Б.М болон О Х Групп ХХКнь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1691 дугаар магадлалаар О Х Групп ХХК-иас252,301,000 төгрөгийг гаргуулж Х Х ХХК -д олгохоор шийдвэрлэсэн төлбөрийг төлж барагдуулах, Х Х ХХК нь эд хөрөнгө хөлслүүлэх гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор саатуулсан эд хөрөнгийг чөлөөлж өгөхөөр тохиролцсон байна.
Мөн нэхэмжлэгч Х Х ХХК нь хариуцагч Б Т К ХХК-тай2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Батлан даалтын гэрээг” байгуулсан байх бөгөөд дээрх 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Авлага барагдуулах гэрээг”-ээр хүлээсэн 252,301,000 төгрөг төлөх үүргийг үүрэг гүйцэтгэгчийн өмнө хариуцахаар тохиролцжээ.
Хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл нь эрх зүйн дагуу үйлдэл бөгөөд иргэний эрх зүйн харилцааг үүсгэх үндэслэл болдог. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 189.5-д “Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна” гэж заасан.
Талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн дээрх хоёр гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээ байгуулахад хэн аль нь хүч хэрэглэсэн, гэрээ хууль бус, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчээс төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар саатуулсан эд хөрөнгийн чөлөөлж өгсөн байх тул хариуцагч төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой шаардлагыг нэхэмжлэгч гаргах эрхтэй.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй тул нэхэмжлэгч 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Авлага барагдуулах гэрээг”-ний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч Б.М-аасбүхэлд нь шаардах эрхтэй.
Талуудын байгуулсан гэрээний хавсралт 1-д төлбөр барагдуулах хуваарийг, гэрээний 2.3-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байна. Төлбөр төлөх хуваарийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд хариуцагч нь 252,301,000 төгрөг төлөхөөс 10,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаар шилжүүлсэн, хуваарийн дагуу төлбөрөө төлөхийг шаардсан боловч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй байна.
Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Ирний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу алдангийн хамт шаардсан нь үндэслэлтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж үзэн маргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах буюу хэргийг хэрэгсэхгүй болгодог.
Дээр дурдсан Х Х ХХКнэхэмжлэлтэй, О Х Групп ХХК-д холбогдох иргэний хэргийг шүүхийн магадлалаар зохигч эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн маргаан шийдвэрлэгдсэнээс хойш шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад өөр үндэслэлээр, өөр этгээдүүдийн хооронд гэрээний үүрэг үүссэн, түүнтэй холбоотой шүүхэд маргаан хянагдаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт хамааруулан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.
Түүнчлэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1691 дугаар магадлалын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тухайд зохигчид маргаагүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар зохицуулсан байх бөгөөд төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргаснаар уг ажиллагааг дуусгах боломжтой.
Харин хариуцагч “Б Т К” ХХК-иас 324,101,000 төгрөгийг батлан даалтын гэрээний дагуу гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй байна. Учир нь:
Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага буюу үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний хүлээх хариуцлагыг нөхөн гүйцэтгэдэг. Зохигчдын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т заасан үүргийг хамтран хариуцах тохиролцоо байхгүй байна. Иймээс гэрээний үүргийг үүрэг гүйцэтгэгчтэй хамт нэгэн зэрэг хариуцахгүй.
Батлан даагч нөхөх хариуцлага хүлээх үндэслэл бий болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч Б.Мөнхзул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх эсэх, үүргээ гүйцэтгэхгүй нөхцөл байдал бий болох эсэх нь тодорхой бус, батлан даагчийн үүргийг хангуулах урьдчилсан нөхцөл тогтоогдохгүй байх тул Б Т К ХХК-дхолбогдуулан батлан даалтын гэрээний үүргийг нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байна.
Иймд хариуцагч Б.М-аас324,101,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х Х ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б Т К ХХК-дхолбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШЗ2019/06268 дугаар захирамжийн тухайн хариуцагчид холбогдох хэсэг хүчингүй болгохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.4, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2-т заасны дагуу хариуцагч Б.М-аас324,101,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х Х ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б Т К ХХК-дхолбогдох 324,101,000 төгрөгийг батлан даалтын гэрээний дагуу гаргуулахаар шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х Х-иасулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,778,955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-аас1,778,955 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР