Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2019/02211

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: В-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “БГ” ХХК, “БХ” ХХК нарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Т ” ХХК ,

 

Барилга, газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

...2017 оны 03 сарын 30-ны өдөр 01/2017 дугаар Үл хөдлөх худалдах худалдан авах гэрээний дагуу Хятад улсын иргэн В  нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 977 м.кв Ү-000 дугаар улсын бүртгэлийн дугаартай барилга, 2017 оны 03 сарын 30-ны өдөр 01/2017 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 111 дугаар бүхий 10,000 м.кв талбайтай 5 жилээр эзэмших 000 тоот гэрчилгээтэй газрын хамтаар хуульд заасны дагуу худалдан авсан.

В г газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг 2017 оны 03 сарын 30–ны өдөр шилжүүлэн авахад тус барилга болон газар дээр хариуцагч “БХ” ХХК болон “БГ” ХХК-ийнхан эзэмшиж үйл ажиллагаа явуулж байсан.

Хариуцагч “БХ” ХХК болон “БГ” ХХК нь 2017 оны 04 сарын 09-ний өдрөөр В  миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо байрлах 977 м.кв Ү-000 дугаар улсын бүртгэлийн дугаартай барилга, 111 дугаар бүхий 10000 м.кв талбайтай 5 жилээр эзэмших 000 тоот гэрчилгээтэй газрыг чөлөөлж хүлээлгэн өгөх байсан ч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй бөгөөд худалдан авсан өдрөөсөө эхлэн тус газар болон барилгыг чөлөөлж өгөхийг удаа дараа өөрийн биеэр очиж уулзан гар гэдэг боловч огт чөлөөлж өгдөггүй.

Энэ нь Иргэний хуулийн 106 дугаар зүйл 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байх тул БНХАУ-ын иргэн В  миний өмчлөлийн  хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгөхийг хүсч байна.

Иймд Хятад улсын иргэн В гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо байрлах 977 м.кв Ү-000 дугаар улсын бүртгэлийн дугаартай барилга, 2017 оны 03 сарын 30-ны өдөр 01/2017 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 111 дугаар бүхий 10000 м.кв талбайтай 5 жилээр эзэмших 000 тоот гэрчилгээтэй газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд “Т ” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...“Т ” ХХК нь “БГ” ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 01/2015 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, 100,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 01/2015 тоот “Барьцааны гэрээ” байгуулж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, МТ ШТС-ийн зүүн талд байрлах 10,000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг, “БХ” ХХК-тай мөн өдөр 02/2015 тоот ‘Зээлийн гэрээ”-г байгуулан 100,000,000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатайгаар олгож 02/2015 тоот “Барьцааны гэрээ”-г байгуулан тус компанийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Тахилт /18240/, товчооны зам, 000 тоот хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 977,96 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан.

Хариуцагч компаниуд нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул талууд харилцан тохиролцож, дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүдийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээр тус өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл буюу 3 сарын хугацаагаар нэмэлт хугацаа тогтоосон боловч зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй.

“БГ” ХХК, “БХ” ХХК нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас барьцааны гэрээний зүйл болох дээрх газрын эзэмших эрх болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг “Т ” ХХК-д шилжүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлэн улмаар талууд харилцан тохиролцож, Иргэний хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 08/2016 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ” болон 02/2016 тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулан, хариуцагч нар нь зээлийн барьцаа хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд үл маргах журмаар шилжүүлсэн.

“Т ” ХХК нь тус компаниудад тус бүр 100,000,000 төгрөгийг нэмж олгож, 6 сарын хугацаанд төлөх үүргийг хариуцагч нар хүлээсэн бөгөөд энэхүү үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгчийн эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн хөрөнгүүдийн өмчлөх эрх нь “Т ” ХХК-д үлдэхээр тохиролцож, хариуцагч компаниуд нь хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн.

Ингээд хариуцагч нар нь зээлийн болон нэмэлт гэрээний хугацаанд төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02/2016 тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” болон 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ”-нүүдийн дагуу Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар барьцааны хөрөнгүүдийн захиран зарцуулах эрх “Т ” ХХК-д нээгдэж, өмчлөх эрх нь шилжсэн.

Иймд “Т ” ХХК нь БНХАУлсын иргэн В тай 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Т ” ХХК-ийн захиран зарцуулах эрх бүхий Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, МТ ШТС-ийн зүүн талд байрлах 10,000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Тахилт /18240/, товчооны зам, 000 тоот хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 977,96 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг худалдсан.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ”-г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасны дагуу уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тул дээрх газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь БНХАУлсын иргэн В гийн өмчлөлд шилжсэн.

Дээрх зүйлээс үндэслэн хууль ёсны дагуу гэрээний үндсэн дээр өмчлөх эрхтэй болсон БНХАУлсын иргэн В  нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоолгож, уг зөрчлийг арилгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна, бид нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж гуравдагч этгээдээр оролцож байгаа болно гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В  нь хариуцагч “БХ” ХХК болон “БГ” ХХК нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 977 м.кв талбай бүхий, Ү-000 улсын бүртгэлийн дугаартай барилга, мөн хаягт байрлах 111 дугаар бүхий 10,000 м.кв талбайтай 000 тоот гэрчилгээтэй газрыг тус тус хариуцагч нарын хууль бус эзэмшлээс  чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагын үндэслэлээ, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийг дэмжсэн тайлбарынхаа үндэслэлийг “Иргэний хуулийн 110 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх, шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх, дуусгавар болно. 2 хариуцагч нь гуравдагч этгээд болох “Т” ХХК-тай  гэрээ байгуулж, өмчлөх эрх болон газар эзэмших, ашиглах эрхээ шилжүүлсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдоно, тэдний хууль ёсны дагуу эзэмшил нь “Т” ХХК-ийн эзэмшилд шилжих хүртэл байсан. Үүнээс хойш хариуцагч нар нь хууль бусаар эзэмшиж, ямар нэг гэрээгүйгээр, дур зоргоороо эзэмшсэнээр өмчлөгчийг өмчлөх эрхийг нь хязгаарласан” гэж тус тус мэдүүлж, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 000 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ, газар ашиглуулах гэрээ, 000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар нотолно гэдэг.

 

Шүүхээс хариуцагч “БГ” ХХК, “БХ” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтанд, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийн оролцогчийн эрх, үүрэг, үр дагавар, хариуцлагыг тайлбарлан өгсөн бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн хувийг гардан аваад шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэлх хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах эсэх талаарх тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.

 

Гэвч хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т” ХХК-тай байгуулсан газар болон үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр бус, улмаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хоорондох хэлцэл хүчингүй гэх хүсэл зоригийг арбитрт хандсан үндэслэлээр хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлт болон хүлээн авахаас татгалзсан сөрөг шаардлагадаа илэрхийлдэг хэдий ч тухайн асуудлыг болон маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн, шүүгчийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа болно.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “БХ” ХХК-иас “Т” ХХК, В нарт холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, өмчлөх эрхээ сэргээлгэх нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч “...арбитрын журмаар шийдвэрлүүлэх маргаан, хэргийн харьяалал зөрчсөн” гэсэн үндэслэлээр 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШЗ2018/08700 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Улмаар “БГ” ХХК, “БХ” ХХК нараас Монголын олон улсын ба үндэсний арбитрт “Т” ХХК-тай байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасныг 2019 оны 1 сарын 16-ны өдөр хүлээн авч, “арбитрын зардлыг төлөх боломжгүй болсон тул нэхэмжлэлээ татан авч дараа дахин нэхэмжлэл гаргах хүсэлт ирүүлсэн” гэсэн үндэслэлээр 2019 оны 4 сарын 24-ний өдрийн 105 дугаар шийдвэрээр арбитрын ажиллагааг дуусгавар болгосон байна.

 

Түүнчлэн 2017 оны 10 сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “БГ” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн ИТХТ-ийн газар ашиглах эрх олгох тухай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Засаг даргын газар ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах гэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. 

 

Дээрх шүүх, арбитрын хүчин төгөлдөр шийдвэрүүд, түүний маргааны зүйл нь нэхэмжлэгч буюу өмчлөгч В гийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах шаардлагад хамааралгүй гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

Тодруулбал ...нэгж талбарын 111 дугаар бүхий 10,000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулахаар 2017 оны 4 сарын 10-ны өдөр олгосон 000 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Газрын алба, В  нарын хооронд байгуулагдсан газар ашиглуулах тухай 2017 оны 4 сарын 10-ны өдрийн гэрээ, В  нь Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Тахилт 18240 товчооны зам гудамж, 000 тоот хаягт байршилтай 977,96 м2 талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэж олгосон 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2017 оны 3 сарын 30-ны өдөр “Т” ХХК, В  нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтуудаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 111 дугаар бүхий 10,000 м.кв талбайтай 000 тоот гэрчилгээтэй газар болон 977 м.кв талбай бүхий, Ү-000 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нэхэмжлэгч В  болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан байх бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэгч В гийн нэр дээр олгогдсон үл хөдлөх  хөрөнгө өмчлөх эрхийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээний талаар буруу ташаа тухай гомдлыг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хэдий ч анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй болно.

 

Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч нарын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хүсэлтийг үндэслэн хариуцагч нарын эзгүйд хэргийг хэлэлцсэн бөгөөд маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль болон гэрээний дагуу эзэмшиж байгаа, эсхүл хууль бус эзэмшил биш болох талаарх тайлбар ирүүлээгүй, Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэх нөхцөл байдлыг нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч В гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 111 дугаар бүхий 10,000 м.кв талбайтай 000 тоот гэрчилгээтэй газар болон 977 м.кв талбай бүхий, Ү-000 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч “БХ” ХХК, “БГ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч нар нь тухайн үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус талаар болон улмаар түүний үр дагаврыг зохих этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “БХ” ХХК, “БГ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч В-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Тахилт 18240 товчооны зам гудамж, 000 тоот хаягт байршилтай, 977,96 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 10,000 м.кв талбайтай, нэгж талбарын 111 дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай газрыг чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “БГ” ХХК, “БХ” ХХК нараас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.АМИН-ЭРДЭНЭ