Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 1152

 

 

 

 

 

 

 

2019          11           14                                                2019/ДШМ/1152                                                                                           

Э.Аад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч Э.А,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулж,

                      

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/811 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Хатанцэцэгийн бичсэн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 41 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Э.Аад холбогдох 1705006810147 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот, оршин суух бүртгэлтэй,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 302 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 427 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 23 хоногийн хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн нийт 3 жил хорих ялаар тогтоож, 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 8 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд багтаан, хорих ялыг 4 жил 2 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 93/ө дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай захирамжаар 95 цагийн албадан ажил хийлгэх ялаас чөлөөлөгдсөн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 571 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 4 дугаартай тогтоолоор Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 3 сараар түдгэлзүүлж, уг ялаа биечлэн эдлээгүй, /РД: /,

           

Э.А нь:

согтуугаар 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Galaxy town” баарны үүдэнд нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг М.Отгонбаатартай бүлэглэн зөрчиж, иргэн М.Баян-Эрдэнийг хүч хэрэглэн зодож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч, халив зэргийг хэрэглэн үйлдэж, мөн дээрх үйлдлийн улмаас иргэн М.Баян-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “СЭБОЦЭ” ХХК-ийн хашаан дахь Вьетнам засварын газарт Ж.Түвшинтөр, Ө.Тулга нарын Вьетнам улсын иргэн Nguyen Huan Ha /Нгүюүн Суан Ха/, Nguyen Phu Hung /Нг юүн Пү Хүн/ нараас дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж олсон 2 ширхэг Iphone 6 загварын гар утсыг мэдсээр байж өөртөө авч эзэмшин мөнгө угаасан,

2017 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж ретро” бааранд иргэн Н.Гоц-Олдохыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж ретро” бааранд иргэн Л.Түвшинтөгсийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө, 24-нөөс 25-нд шилжих шөнө, 2018 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө, 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж ретро” бааранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Шүрийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Э.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Аыг “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн” үйлдсэн, “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн, “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн, “хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр, түүнээс олон хүнд учруулж, бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял /90 хоног/ нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 9 сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулий ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аад энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 18.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 2 жил 9 сарын хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5741 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлж, нийт 62 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 11 сар 2 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аад шүүхээс оногдуулсан 2 жил 11 сар 2 хоногийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Э.Аын урьд цагдан хоригдсон 453 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, ногоон иштэй халив, хар өнгийн бариултай хайч зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгах, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, 1805002090068, 1805014680681, 1811000000746, 190500073210, 1905016800476 тоот хэргүүдийг нэгтгэсэн, М.Отгонбаатарт холбогдох хэргийг тусгаарласан, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Хатанцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулахдаа тус зүйл, хэсэг,  заалтад оногдуулбал зохих “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял”-аас доогуур буюу “1 жил 6 сар хорих” ял оногдуулсан бөгөөд тус шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 811 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна. ...” гэжээ.

 

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв. 

 

Шүүгдэгч Э.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргээ хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэв. 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хорих ялын хэмжээг заасан бөгөөд анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...1 жил 6 сарын хугацаагаар хорих ял...” шийтгэж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Шийтгэх тогтоолд бичсэн прокурорын  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулахдаа тус зүйл, хэсэг, заалтад оногдуулбал зохих “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял”-аас доогуур буюу “1 жил 6 сар хорих” ял оногдуулсан бөгөөд тус шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй...” гэсэн улсын яллагчийн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...” шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Аад холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

 

Анхан шатны шүүх энэ 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 811 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн ба Э.А нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, уг ялаа эдлээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх Э.Аад хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй...” гэж заасныг хэрхэн хэрэглэхээр шийдвэрлэж буй үндэслэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “...эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл;...” гэж зааснаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэж, үндэслэл бүхий хянан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Э.Аад оногдуулсан ялыг эдлүүлэх дэглэмийг заасан үндэслэлээ шийтгэх тогтоолд дүгнэж шийдвэрлэх шаардлагатай байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой ...бичигдсэн байна.” гэсэн шаардлагад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/811 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Аад холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай. 

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Э.Аад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                       Д.ОЧМАНДАХ