Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01177

 

 

Сошио энвайронментал сервис ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/02533 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2086 дугаар магадлалтай,

 

Сошио энвайронментал сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй,

МБҮ трейд ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 30,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 30,420,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Сошио энвайронментал сервис ХХК-ийг төлөөлөн Т.Отгонбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Талууд 2017.06.13-ны өдөр 03/2017 тоот Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Мах боловсруулах үйлдвэрийн төсөл, Баянзүрх дүүргийн 11-р хороо, Мах боловсруулах үйлдвэрийн төсөл дээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, МБҮ трейд ХХК гэрээний 3.1-д зааснаар 30,000,000 төгрөг төлөхөөр тохирч, гүйцэтгэх ажлын задаргааг тусгасан. Байгаль орчны үнэлгээний тайлан нь дотроо төлөв байдлын судалгааны ажил, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах ажил гэж тусгагддаг. Байгаль орчны судалгаа, үнэлгээний ажил нь хээрийн ажил бөгөөд тухайн баг төсөл хэрэгжих газар биечлэн ажиллаж дээж авч судалгаа хийдэг. Авсан дээжээ компьютерт оруулж тайлан боловсруулан хуулийн дагуу үнэлгээ хийхийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх ажил гэнэ. Энэ 2 ажлыг гэрээний хүснэгт хэсэгт задлаад үнийн дүнг тооцож өгсөн. Сонгинохайрхан дүүргийн мах боловсруулах үйлдвэрийн төслийн байгаль орчны төлөв байдлын судалгаа үнэлгээний ажилд 4,500,000 төгрөг, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний ажилд 8,500,000 төгрөг, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах ажилд  2,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөг, Налайх дүүрэгт байрлах мах боловсруулах төсөлд мөн адил үнэлгээтэй 15,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийн ажил байсан. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх /БНОНЕҮ-БОННҮ/ гэсэн нэрний тайлбар нь байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ гэсэн үг. Бидний зүгээс яагаад ийм нөхцөл тавьсан бэ гэхээр тайлан бол ерөнхий үнэлгээ болдог, Нийслэлийн байгаль орчны газраас тус тайланг холбогдох хууль журмын дагуу судалж үзээд энэ төсөлд нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарах тохиолдол байдаг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.1.2-т зааснаар шийдвэрлэсэн тохиолдолд энэ ажлыг хамтад нь хийгээд үнэлгээ нь 8,500,000 төгрөг гэдгийг тодорхойлж өгсөн. Ийм байдлаар гэрээний үнийг харилцан тохиролцож тогтоосон. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ юм. Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хөлсийг харилцан тохиролцож тогтоодог тул ажлын хөлсийг 30,000,000 төгрөгөөр тогтоосон. Сошио энвайронментал сервис ХХК нь салбартаа олон жил ажилласан, нэр хүндийн хувьд тодорхой байр сууриа эзэлсэн компани. МБҮ трейд ХХК нь төслийг яаралтай хийх шаардлагатай байгаа болохоор ажлыг хурдан хийж өгөх хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Ийм учраас бүх нөөц бололцоогоо дайчлаад сар гаруйн хугацаанд 2 төслийг хийж дуусгаад 2017.06.19-ний өдөр МБҮ трейд ХХК-д хүлээлгэж өгсөн. Улмаар МБҮ трейд ХХК нь тайланг холбогдох бусад баримт бичгийн хамт Нийслэлийн байгаль орчны газарт хүлээлгэж өгсөн. Нийслэлийн байгаль орчны газар 2017.07.18-ны өдрийн албан тоот бичгээр МБҮ трейд ХХК-д мэдэгдэл хүргүүлж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3-т зааснаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх журмын 3 дахь хэсгийн үндэслэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийснийг мэдэгдсэн. Уг үнэлгээнд тусгасан нөхцөлийг хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдсэн, цаашид нарийвчилсан үнэлгээ хийхийг шаардаагүй. Ингээд манайх гэрээнд заасан ажлаа гүйцэтгэсэн, харин ажлын хөлсийг МБҮ трейд ХХК төлөөгүй. Бид удаа дараа шаардахад ...төлнө, төсөлтэй холбоотой Хөгжлийн банкнаас зээл хөөцөлдөж байгаа, зээлийн бүтэхээр төлнө... гэж явсаар 6 сар гаруй хугацаа өнгөрсөн. Бид уг төслийг хийхийн тулд банкнаас зээл авсан, зээлийн хүүнээс болоод санхүүгийн маш их хүндрэлд орсон учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд ажлын хөлс 30,000,000 төгрөгийг МБҮ трейд ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч МБҮ трейд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сошио энвайронментал сервис ХХК-ийн 30,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 9,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ нь байгаль орчны төлөв байдлын үнэлгээний хөлс 4,500,000 төгрөг, 2 төсөлд 9,000,000 төгрөг болсныг зөвшөөрч байна. Харин байгаль орчны нөлөөллийн үнэлгээний 17,000,000 төгрөг, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын 4,000,000 төгрөг нийт 21,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар үнэлгээг нөлөөллийн ерөнхий, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ гэж ойлгодог. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг 2017.06.13-ны өдөр Сошио энвайронментал сервис ХХК-тай байгуулахдаа байгаль орчны цогц үйлчилгээ авах, тэр дундаа төлөв байдлын судалгаа хийлгэх, байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэх, байгаль орчны менежментийн төлөвлөгөө хийлгэх асуудал дээр тохиролцсон гэж ойлгосон. Гэрээний 3 дугаар зүйлд хаалтанд бичсэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний талаар тодруулахад хуулиараа ерөнхий үнэлгээ нь нөлөөллийн үнэлгээнд ордог гэсэн хариу өгсөн. Нөлөөллийн үнэлгээ хийх ажлын тухайд хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь байгаль орчны ерөнхий үнэлгээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эсхүл байгаль орчны алба нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгэнэ гэж хуулийн 7.3-т заасан байдаг. Ерөнхий үнэлгээг хэн нэгэн хувь компани хийхгүй, Төрийн захиргааны байгууллага хийж гүйцэтгэх ажил юм. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4.2-т байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэхэд тодорхой нөхцөл бололцоотойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж заасан. Үүний дагуу 2017.07.08-ны өдөр Нийслэлийн байгаль орчны газраас тодорхой нөхцөлтэйгөөр төсөл хэрэгжүүлэхийг албан бичгээр манайд мэдэгдсэн. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэсэн хариуг өгсөн. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг нэхэмжлэгч хийж гүйцэтгээгүй. Нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд менежментийн төлөвлөгөө боловсруулагдаад цаашид жил бүр төлөвлөгөөгөө байгаль орчны газарт танилцуулдаг. Нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй учраас менежментийн төлөвлөгөө хийгдээгүй. Ийм учраас нөлөөллийн үнэлгээ хийх хууль зүйн нөхцөл бүрдээгүй учраас 21,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч МБҮ трейд ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.04-ний өдрийн 03266 дугаартай шийдвэр, давж заалдах шатны магадлалыг Дээд шүүх хүчингүй болгосон. Анхан шатны шүүх хуралд манай захирал Бямбасүрэн оролцож чадаагүй, шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй байсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд манай данснаас 30,420,000 төгрөгийг татаад авчихсан. 2018.04.13-нд шийдвэр гүйцэтгэл дээр очиход ...мөнгө тань манай дансанд байгаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гараагүй тохиолдолд ажиллагааг зогсоох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Тэгээд уг мөнгийг шилжүүлчихсэн. Улмаар миний бие хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж давж заалдах гомдол гаргаж хэргийг хянуулсан. Гэтэл биелэгдсэн шийдвэр хүчингүй болсон асуудал үүссэн. Нэхэмжлэгч 30,000,000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар авснаа хүлээн зөвшөөрдөг. Үүнээс 310,000 төгрөг нь тэмдэгтийн хураамж, 110,000 төгрөг нь шийдвэр гүйцэтгэлийн зардал юм. Ийм учраас манайхаас үндэслэлгүйгээр авсан 30,420,000 төгрөгийг Сошио энвайронментал сервис ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд сөрөг нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болох үндэслэлтэй гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/02533 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан МБҮ трейд ХХК-иас 30,000,000 /гучин сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Сошио энвайронментал сервис ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сошио энвайронментал сервис ХХК-иас 12,950,000 /арван хоёр сая есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж МБҮ трейд ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 17,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 310,050 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Сошио энвайронментал сервис ХХК-иас 310,050 төгрөг гаргуулж МБҮ трейд ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2086 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/02533 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч МБҮ трейд ХХК-аас 9,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сошио энвайронментал сервис ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Сошио энвайронментал сервис ХХК-аас 21,000,000 төгрөг гаргуулан хариуцагч МБҮ трейд ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 9,420,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй гэж тус тус нэмж өөрчлөн2, 3 гэж дугаарласныг 3, 4 гэж өөрчлөн дугаарлаж, 3 дахь заалтын үлдээж гэсний дараа хариуцагч МБҮ трейд ХХК-иас 158,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Сошиа энвайронтентал сервис ХХК-аас 262,950 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус буцаан олгосугай гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 372,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар хяналын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.13-ны өдрийн 2086 тоот магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.26-ны өдрийн 02533 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчлөн МБҮ трейд ХХК-иас 9,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Сошио энвайронментал сервис ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Сошио энвайронментал сервис ХХК-иас 21,000,000 төгрөгийг гаргуулан МБҮ трейд ХХК-д олгож, үлдэх 9,420,000 төгрөг холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Сошио энвайронментал сервис ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар би Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 172-р зүйлийн 172.2.1-д шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч МБҮ трейд ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн заалтыг хууль зүйн үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс МБҮ трейд ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 12,950,000 төгрөгийг хангаж, үлдэх 17,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. МБҮ трейд ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй бөгөөд Сошио энвайронментал сервис ХХК нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр давж заалдах шатны шүүхээс МБҮ трейд ХХК-ийн хүлээн зөвшөөрсөн дүн гэж үзэж болохоор 12,950,000 төгрөгийг шүүх өөрийн санаачилгаар 8,050,000 төгрөгөөр нэмэгдүүлэн 21,000,000 төгрөгийг Сошио энвайронментал сервис ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй магадлал болсон гэдгийг илтгэж байна.

Давж заалдах шатны шүүхээс байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээ хийх, хариуцагч тал төрийн захиргааны төрийн байгууллагаар ерөнхий үнэлгээ хийлгэсний дараа шаардлагатай бол нарийвчилсан үнэлгээг, уг үнэлгээг үндэслэн менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг нэхэмжпэгч хийхээр байсан гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлт буруу. Учир нь тус 2 төсөлд Нийслэлийн байгаль орчны газраас Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7-р зүйлийн 7.4-т заасныг баримтлан байгаль орчны ерөнхий үнэлгээ хийсэн. Ийнхүү ерөнхий үнэлгээ хийгдсэнээр нэхэмжлэгч гэрээний 3-р зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдэх шаардлагагүй гэж үзнэ. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг хийх шаардлагагүй болсон тул уг ажлыг хүлээн авахаас татгалзах эрх хуулийн дагуу үүссэн тул гэрээний 2, 3 дахь ажлын хөлсийг шаардах эрхгүй байна гэж дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй, гэрээний нөхцөлийг ойлгоогүй гэж үзэхээр байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3-р зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан Сошио энвайронментал сервис ХХК нь байгаль орчны еренхий үнэлгээ хийлгэсэн нөхцөлд нэг төсөлд 8,500,000 төгрөг 2 төсөлд нийлээд 17,000,000 төгрөгийг төлөхөөр талууд анхнаасаа гэрээгээр тохирсон. Гэрээнд заасан БОНЕҮ (байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээ), БОННҮ (байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ) БОНЕҮ/БОННҮ гэсэн нөхцөл нь хэрвээ холбогдох төрийн захиргааны байгууллагаас Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3.4-т зааснаар нарийвчилсан үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн тохиолдолд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх ажлын хөлс гэрээнд зааснаар БОНЕҮ/БОННҮ нэг төсөлд 8,500,000 төгрөг нийт 17,000,000 төгрөгийн үнийн дүнд орсон дүн /дахин нэмж ажлын хөлс шаардахгүй/ гэдгийг тодорхойлсон нөхцөл юм. Өөрөөр хэлбэл холбогдох төрийн захиргааны байгууллагаас БОНЕҮ/БОННҮ аль ч тохиолдолд ажлын хөлс нэг төслийн хувьд байгаль орчны төлөв байдлын судалгаа үнэлгээ 4,500,000 төгрөг БОНЕҮ/БОННҮ 8,500,000 төгрөг, менежментийн төлөвлөгөөний тайлан 2,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг юм. Энэхүү хөлс тус салбарын зах зээлийн бодит хөлс юм. Иймээс Сошио энвайронментал сервис ХХК нь ажлын хөлсөнд 2 төсөл дээр нийт 30,000,000 төгрөгийг Монгол Улсын Иргэний хуулийн 343-р зүйлд зааснаар хуулийн дагуу шаардах эрхтэй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс харилцан тохиролцсон ажлын хөлс шаардах эрхийг хууль бусаар хязгаарласан шийдвэрийг удаа дараа гаргаж байгаа болно. Өмнөх давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийсэн гэдгийг Монгол Улсын дээд шүүхээс дүгнэсэн. Гэтэл 2 дахь удаагийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэлгүйгээр буруу дүгнэлтийг хийсэн байна.

Байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээ, байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээний аль ч тохиолдолд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж төрийн захиргааны байгууллагаар батлуулдаг. Сошио энвайронментал сервис ХХК нь төсөл тус бүр дээр менежментийн төлөвлөгөөний тайланг боловсруулах ажлыг гүйцэтгэсэн боловч захиалагч талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж тайланг өнөөдрийг хүртэл МБҮ трейд ХХК-д хүлээлгэн өгч чадаагүй болно. Иймээс гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардаж байгаа болно. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.13-ны өдрийн 2086 тоот хууль бус магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Сошио энвайронментал сервис ХХК нь МБҮ трейд ХХК-д холбогдуулан ...гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэсэн боловч захиалагч ажлын хөлсөө төлөөгүй гэж марган, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...гэрээний дагуу байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээ хийсэн буюу 9,000,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн, бусад 21,000,000 төгрөгийн ажлыг хийгээгүй. ...нэхэмжлэгч нь хүчингүй болсон шийдвэрийн дагуу, шийдвэр гүйцэтгэлийн журмаар манай компаниас үндэслэлгүйгээр 30,420,000 төгрөг шилжүүлж авсан гэж марган, нэхэмжлэгчээс 30,420,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжилжээ.

 

Сошио энвайронментал сервис ХХК /зөвлөх компани/ нь МБҮ трейд ХХК /захиалагч/-тай 2017.06.13-ны өдөр Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай 03/2017 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээгээр захиалагчийн хэрэгжүүлэх Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт байрлах Мах боловсруулах үйлдвэрийн 2 төслийн байгаль орчны төлөв байдал, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон байх ба гэрээний үнийг, байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээ хийхэд төсөл тус бүр 4,500,000 төгрөг, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ /БОНЕҮ буюу ерөнхий, БОННҮ буюу нарийвчилсан/ хийхэд тус бүр 8,500,000 төгрөг, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах ажилд тус бүр 2,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр, гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар хуульчилсан. Хуулийн энэ зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Сошио энвайронментал сервис ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, хариуцагч МБҮ трейд ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, ажил гүйцэтгэгч Сошио энвайронментал сервис ХХК нь гэрээний дагуу Байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт ба байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг хийж гүйцэтгэн 2017 оны 6 дугаар сард захиалагч МБҮ трейд ХХК-д хүлээлгэж өгсөн байх ба Нийслэлийн байгаль орчны газар нь уг тайланд шинжилгээ хийж 2017.07.18-ны өдрийн 806, 809 тоот албан бичгүүдээр ...Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх журмын 3 дахь хэсгийг үндэслэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн талаар дурдаж, уг үнэлгээнд тусгагдсан нөхцөл болзлыг хэрэгжүүлж ажиллахыг МБҮ трейд ХХК-д мэдэгджээ.  

 

Нэхэмжлэгч Сошио энвайронментал сервис нь тайлангийн 1, 2 дахь бүлэгт байгаль орчны төлөв байдлын судалгаа, 3, 4 дэх бүлэгт байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний тайланг хийж гүйцэтгэсэн байх ба эрх бүхий байгууллагаас Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3, 8 дугаар зүйлд заасан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай талаар дүгнэлт гаргаагүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний дагуу Мах боловсруулах үйлдвэрийн 2 төслийн байгаль орчны төлөв байдлын судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний тайланг хийж гүйцэтгэсэн байх боловч эрх бүхий байгууллага нь төслийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэхгүйгээр тодорхой нөхцөл, болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн байна.

 

Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч Сошио энвайронментал сервис ХХК нь гэрээний дагуу 2 төслийн байгаль орчны төлөв байдлын судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний тайланг хийж гүйцэтгэсэн буюу гэрээнд зааснаар байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээ хийж, ажлын хөлс тус бүр 4,500,000 төгрөг нийт 9,000,000 төгрөгийн, мөн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний ажлаас ерөнхий үнэлгээг хийж, тохирсон ажлын хөлсний тал хувь болох 8,500,000 төгрөгийн, нийт 17,500,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэж хэргийн баримтыг зөв үнэлжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгч нь МБҮ трейд ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн энэхүү нэхэмжлэлийг 2017.10.27-ны өдөр анх шүүхэд гаргасан, шүүх 2017.12.04-ний өдрийн 3266 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх ба улмаар уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн 2018.01.17-ны өдрийн 102/ШЗ2018/01138 дугаартай захирамж гарсныг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, 2018.04.27-ны өдөр МБҮ трейд ХХК-ийн данснаас 30,420,000 төгрөгийг шилжүүлж, нэхэмжлэгчид олгосон байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссанаас хойш, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.29-ний өдрийн 1510 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн дээрх, 3266 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдсан бөгөөд хариуцагч МБҮ трейд ХХК нь нэхэмжлэгч Сошио энвайронментал сервис ХХК-иас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд шилжүүлсэн 30,420,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Дээр дүгнэснээр анхан шатны шүүх нэхэмжлэгч Сошио энвайронментал сервис ХХК нь талуудын хооронд байгуулагдсан Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ-ний дагуу 17,500,000 төгрөгийн ажил буюу 2 төслийн байгаль орчны төлөв байдлын судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний тайланг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шилжсэн 30,420,000 төгрөгөөс буцааж буюу нэхэмжлэгчээс 12,920,000 төгрөгийг гаргуулж хариуцагч МБҮ трейд ХХК-д олгон, сөрөг нэхэмжлэлийн үлдэх 17,500,000 төгрөгийн шаардлага болон үндсэн 30,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрт хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргаагүй буюу шүүхийн шийдвэрийг зөвшөөрсөн, харин нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрч, ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах-аар гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх гомдол гаргагч /нэхэмжлэгч/-ийн эрх зүйн байдлыг дордуулж, гомдол гаргаагүй буюу мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт ...сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс 21,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгон, үлдэх 9,420,000 төгрөгийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгон, үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаас 9,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцээгүй байна.

 

Харин, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ-ний дагуу 17,500,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч МБҮ трейд ХХК-иас 17,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс үлдэх 12,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Гэвч хариуцагч байгууллагын данснаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар нэхэмжлэгчид гэрээний төлбөр болох 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул шүүх уг төлбөрөөс 17,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид үлдээн, нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж, үлдэх 12,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрт тодорхой заагаагүй үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хууль баримтлаагүй алдаа гаргасныг залруулах нь зүйтэй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон агуулгын өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2086 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/02533 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч МБҮ трейд ХХК-иас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шилжүүлсэн 30,000,000 төгрөгөөс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 17,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Сошио энвайронментал сервис ХХК-д үлдээн, нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж, үлдэх 12,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Сошио энвайронментал сервис ХХК-иас үндэслэлгүйгээр авсан төлбөрийн 12,500,000 төгрөгийг гаргуулан МБҮ трейд ХХК-д олгож, 17,500,000 төгрөгийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, 2 дахь заалтын үлдээж гэсний дараа нэхэмжлэгч Сошио энвайронментал сервис ХХК-иас 214,950 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагч МБҮ трейд ХХК-иас 245,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус буцаан олгосугай гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Б.УНДРАХ