Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/01443

 

 

 

 

 

 

 

 

 

2021 11 25 001/ХТ2021/01443

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02769 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 445 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

******* ХХК, *******, *******, ******* нарт холбогдох

 

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч *******гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хүчит Чулуут ХХК нь 6 жилийн өмнө буюу 2012.06 сард манай байгууллагаас бизнесийн зориулалтаар, эргэлтийн хөрөнгийн зээл олгохыг хүссэн, энэ дагуу 2012.06.25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Хүчит Чулуут ХХК нь зээлийн барьцаанд, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 51 дүгээр байр, Мансардны 99В-1 тоот байршил бүхий 37.50 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, мөн уг 51 дүгээр байрны Мансардны 99В-4 тоотод байршил бүхий 40.70 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, мөн уг 51 дүгээр байрны 99В-5 тоотод байршил бүхий 40.90 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, 51 дүгээр байрны Мансардны 99В-6 тоотод байршил бүхий 42.80 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц гэсэн нийт 4 орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Үүнээс хойш зээлдэгч байгууллага нь үндсэн зээлээ огт төлөхгүйгээр зөвхөн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд тодорхой хэмжээний мөнгө төлж, 3 жил орчим хугацаа өнгөрсөн тул 2015 онд уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлсэн боловч Дээд шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байсан. Энэ хугацаанд хариуцагч байгууллага нь манай байгууллагад эвлэрэн хэлэлцэх санал тавьж, шүүгчийн захирамж гаргуулсан. Шүүгчийн захирамжийн дагуу гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, Хүчит Чулуут ХХК нь шүүхийн шийдвэрт заагдсан мөнгөний оронд анх зээлийнхээ барьцаанд барьцаалж байсан, дээрх 4 үл хөдлөх хөрөнгөө манай компанид шилжүүлэхээр болсноор шийдвэр биелэгдсэнд тооцсон. Ийнхүү 2018.03.28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 8 сар гаруйн хугацаа өнгөрөхөд Хүчит Чулуут ХХК-ийн захирал *******тай маш олон удаа уулзаж, дээрх 4 ширхэг орон байрыг манай компанид суллаж, чөлөөлөх шаардлагыг тухайн компани болон дөрвөн байранд амьдраад байгаа Хүчит Чулуут ХХК-ийн ажилчид гэх хүмүүст мэдэгдсэн бөгөөд компанийн захирал ******* нь хамгийн сүүлд буюу 2018.10.31-ний өдөр дээрх 4 орон байрыг суллаж өгнө гэсэн протокол дээр өөрөө гарын үсгээ зурж өгч байсан. Иймд *******, *******, ******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзаж, хариуцагч ******* ХХК нь дээрх 4 орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа тул хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02769 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 51 дүгээр байр, мансардны 99В-1 тоотод байршилтай 37.50 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг, мансардны 99В-4 тоотод байршилтай 40.70 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, мансардны 99В-5 тоотод байршилтай 40.90 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, мансардны 99В-6 тоот хаягт байршилтай, 42.80 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч ******* ХХК-ийн эзэмшлээс тус тус албадан чөлөөлж, Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 445 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02769 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Иргэний хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.21-ний өдрийн 445 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсныг хариуцагч Хүчит Чулуут ХХК хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулиудыг ноцтойгоор зөрчиж байна. Иймд уг магадлалыг дахин хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

******* ХХК нь ******* ХХК, *******, *******, ******* нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох нэхэмжлэлээс татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн маргааны талаар хэргийн баримтад үндэслэсэн дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзвэл, өмнө нь ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2012.06.25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлээс үүссэн маргааныг шүүх шийдвэрлэж, уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан, уг ажиллагааны үед хариуцагч шийдвэрт заасан мөнгөн төлбөрт барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, орон сууц, Нарны зам гудамж, 51 дүгээр байрны мансардны 99В-1, 99В-4, 99В-5, 99В-6 тоот тус бүр нэг өрөө 4 орон сууцыг шилжүүлэхээр тохирсны дагуу нэхэмжлэгч компанийн нэр дээр 2018.03.28-ны өдөр өмчлөх эрхийг бүртгэж гэрчилгээ олгогдож, энэ үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь тогтоогдсон байна.

 

Дээрх байдлаар хариуцагч зээлийн гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгчид төлбөр төлөх үүргийг шүүхийн шийдвэрийн дагуу хүлээж, улмаар уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрийг барьцаа хөрөнгөөр төлөхөөр тохиролцсоноор нэхэмжлэгчид эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжжээ.

 

Харин өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн хэдий ч орон сууцыг чөлөөлөх шаардлагыг хариуцагч биелүүлээгүй байх тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн зохицуулалттай нийцсэн байна.

 

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон нэмэлт тодруулга тайлбартаа компанийн эзэмшилд байсан 4 орон сууцыг 40,000,000 төгрөгөөр хэтэрхий бага үнээр үнэлсэн, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 99В-1 тоотод оршин суугч Б.Амина нь өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан, энэ хэрэгт гуравдагч этгээдээр ******* ХХК оролцож байгаа шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.

 

Мөн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ эзэмшигчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохыг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заажээ.

 

Нэхэмжлэгч ******* ХХК-д орон сууцуудыг шилжүүлэх үед эдгээр орон сууцны өмчлөх эрх хариуцагч ******* ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй, түүнчлэн нэхэмжлэгчийн барьцааны эрх нь мөн улсын бүртгэлд бүртгэгдсэн байсныг зохигч маргаагүй тул нэхэмжлэгч өмчлөх эрх олж авахдаа улсын бүртгэлийн үнэн зөвд үндэслэсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх тухайн орон сууцнуудад амьдарч байгаа гэх хариуцагч ******* ХХК-ийн ажилчид ямар гэрээний үндсэн дээр эзэмшиж байгааг шүүх тодруулахаар *******, *******, ******* нарыг хамтран хариуцагчаар татсан хэдий ч эдгээр хүмүүс нь хариуцагч компанийн зөвшөөрлөөр амьдарч байсан нь тогтоогджээ. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхэд өөр этгээдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэхгүй.

 

99В-1 тоотод ******* амьдарч байсан баримт хэрэгт авагдсан бөгөөд хариуцагчийн гомдолд дурдсан 99В-1 тоотод оршин суугч Б.Амина нь өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан, энэ хэрэгт гуравдагч этгээдээр ******* ХХК оролцож байгаа гэх үндэслэл, үйл баримт энэ хэргийн маргаан болоогүй байх тул хяналтын шатны шүүхээс гомдлын энэ хэсэгт дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02769 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 445 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгч *******гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.01-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

П.ЗОЛЗАЯА

 

Х.СОНИНБАЯР