Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 101/2020/02070/И |
Дугаар | 001/ХТ2021/01445 |
Огноо | 2021-11-29 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2021/01445
2021 11 29 001/ХТ2021/01445
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/01131 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 949 дүгээр магадлалтай,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
*******, ******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 139,200,000 төгрөг гаргуулах, 2018.09.17-ны өдрийн хувийн сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
1. ******* ХХК нь *******, ******* нарт холбогдуулан үндсэн зээл 80,000,000 төгрөг, зээлийн хүү 19,200,000 төгрөг, алданги 40,000,000 төгрөг, нийт 139,200,000 төгрөг гаргуулах, *******, Ч.Анхбаяр нарын хооронд 2018.09.17-ны өдөр байгуулагдсан хувийн сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* ...зээлийн төлбөрт 2018.09.14-ний өдрийн БГ/037 тоот барьцааны гэрээний зүйл болох хувийн сууцыг тооцуулан ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр заасан этгээд болох Ч.Анхбаярын нэр дээр бүртгүүлж зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,
Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэтуяа ...хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр. Зээлийн төлбөрт тооцон орон сууцыг өгсөн гэж тус тус маргасан байна.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/01131 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 57 дугаар зүйлийн 57.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******өөс 114,432,000 /нэг зуун арван дөрвөн сая дөрвөн зуун гучин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 24,768,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, *******, Ч.Анхбаяр нарын хооронд 2018.09.17-ны өдөр байгуулагдсан хувийн сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,186,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 730,110 төгрөгийг, хариуцагч *******гээс 174,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 949 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/01131 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******өөс 114,432,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 24,768,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч *******д холбогдуулан гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хувийн сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын ..., хариуцагч *******гээс 174,950 төгрөгийг тус тус ... гэснийг хасаж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******өөс төлсөн 730,110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс төлсөн 174,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хяналтын гомдлыг гаргаж байна.
4.1. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн:
Үүнд: Хариуцагчийн зүгээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс ирүүлсэн албан бичгээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа талаар дурдсан байх тул уг хэрэг маргааныг барьцаа хөрөнгийн асуудал эрүүгийн журмаар шийдвэрлэж дуусахаас өмнө иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд уг эрүүгийн хэрэг нээсэн асуудлыг эцэслэн шийдвэрлэж, уг маргааныг шийдвэрлэх байсан болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг зөрчсөн.
2021.04.08-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхийн өмнө Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн 2020.11.11-ний өдрийн 27м-1б\7796 дугаар албан бичиг ирүүлээд 5 сарын хугацаа өнгөрсөн тул уг эрүүгийн хэрэг нээж шалгаж байгаа ажиллагаа ямар шатанд явагдаж байгаа, мөн уг эрүүгийн хэрэгтэй холбоотой 1 шалгагдаж байгаа этгээд, гомдол гаргагч нарын талаар нэмэлт тодруулга авах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасныг зөрчсөн.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.04.01 -ны өдрийн 05491 дүгээр шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т заасны дагуу уг маргаан бүхий хаусны Улсын бүртгэлтэй холбоотой гэрчилгээ давхардуулан гаргуулсан гэх дүгнэлт Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн акт гарч, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг нээж, шалгаж байгаа тул уг хэрэг маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу эрүүгийн журмаар шалгаж шийдвэрлэж дууссаны дараа иргэний маргааны хянан хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасныг хүлээн аваагүй нь үндэслэлгүй тул гомдол гаргаж байна. Мөн уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т заасны дагуу гомдол гаргахаар хуульчилсан байхад шүүхээс гомдол гаргах эрхийг хязгаарласан нь хууль бус болжээ.
Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.04.01-ний өдрийн 05941 дүгээр шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах гомдлыг шүүгчийн захирамж гаргасан өдөр болох 2021.04.08-ны өдөр шүүгчийн туслахаас авч, шүүхийн мэдээлэл лавлагаанд гаргасан байхад шүүхээс уг гомдлыг хянан шийдвэрлэх хугацаа олгохгүйгээр шүүх хуралдаан хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 171.1-т заасныг зөрчжээ.
2021.04.08-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхэд, мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас хариуцагчийг оролцуулах, нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хүлээн авахгүйгээр шүүх хуралдааныг хийжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 28.9, 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчсөн.
Мөн 2021.04.08-ны өдрийн шүүх хуралдааны дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасны дагуу шүүх хуралдааны явцад татгалзах гаргах үндэслэл тогтоогдож, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасны дагуу шүүгчээс татгалзсан ч, шүүх хуралдааныг хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д заасныг зөрчиж, Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлээгүй нь ноцтой зөрчил юм. Маргаан бүхий зүйлийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага хүлээн авсан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******г хариуцагчаар татсан боловч, худалдан авагч Ч.Анхбаярыг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй.
4.2. Шүүхээс нотлох баримтыг үнэлэх талаар:
Нэхэмжлэгчийн зүгээс барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг Баянгол дүүргээс 2019.09.17-ны өдрөөс 2020.09.17-ны өдрийн хооронд хүчинтэй байхаар авсан бөгөөд Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр байх бүртгэл нь уг зөвшөөрлийн хугацаанд үйлчлэх болохоос бүртгэл хийгдээд л хугацаагүй үйлчлэх ойлголт биш юм.
Нэхэмжлэгч хариуцагч нар 2018.09.14-ний өдөр Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулахад барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх эрхтэй гэсэн нотлох баримтгүй байхад шүүхээс зөвшөөрөлтэй гэж дүгнэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1-т заасан зохицуулалтад хамаарна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Зээлийн гэрээг байгуулах эрхгүй этгээд болох нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр бус гэрээ байгуулжээ.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн 2020.11.11-ний өдрийн 27м-1б/7796 дугаар албан бичигт маргаан бүхий хаусны Улсын бүртгэлтэй холбоотой гэрчилгээ давхардуулан гаргуулсан гэх дүгнэлт Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн акт гарч, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг нээж, шалгаж байгаа талаар дурдсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс барьцааны хөрөнгийг авахаас татгалзах болсон үндэслэл нь эрүүгийн хэрэг нээсэн, барьцаа хөрөнгө болох төлбөрт шилжүүлэн авсан хөрөнгө нь давхар гэрчилгээ олгогдсон гэж тайлбарлаж байгаа үндэслэл нь эрүүгийн журмаар шалгагдаж дуусаагүй, давхар гэрчилгээ олгогдсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад шүүхээс гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй юм.
Талуудын хооронд байгуулсан 2018.09.14-ний өдөр Зээлийн гэрээнд алданги хоногийн 0.5 хувь гэсэн боловч, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох эсэх талаар тодорхойлоогүй байхад шүүхээс Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.4-т заасны дагуу тооцсон нь ойлгомжгүй болжээ.
Шүүхээс гомдлын дагуу Цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар лавлагаа авснаас биш уг хаусууд давхардаж бүртгэл хийгдсэн эсэх талаар үзлэг хийгээгүй, бодит байдлыг тогтоогоогүй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гаргасан гэдэгт эргэлзээ төрүүлж байна.
4.3. Шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн талаар:
Нэхэмжлэгч талаас барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлгүй байхад шүүхээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1-т заасан зохицуулалтад хамаарна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Зээлийн гэрээг байгуулах эрхгүй этгээд болох нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан байхад шүүхээс гэрээг хуулийн шаардлага хангасан гэж тайлбарлан зээлийн төлбөр, хүү, алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгчийн зүгээс 80,000,000 төгрөгийг хүлээн бүхэлд нь хүлээн аваагүй, өөр төлбөр тооцоонд тооцсон талаар шүүхэд тайлбарласан боловч шүүхээс хуралдаан дээр нэхэмжлэгчээс гаргасан тооцоололд үндэслэж шийдвэрлэсэн нь буруу бөгөөд хариуцагчид хүлээлгэж өгсөн баримтгүй байхад тэдний хүсэлтийг хүлээн авахгүйгээр, шүүгчийн захирамжаар шийдвэрлээгүй, шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч хариуцагч нар барьцааны гэрээ байгуулан, зээл олгож, харилцан тохиролцон 2018.09.17-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө барьцаа хөрөнгийг төлбөртөө авч, Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байхад шүүхээс гэрээний төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч болон түүний өмгөөлөгч гомдолдоо анхан болон давж заалдах шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэсэн байх ба гомдлоос анхан болон давж заалдах шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт хамаарч байна гэж үзэж 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2021/00522 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
ХЯНАВАЛ:
6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн талаар ...нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах эрхтэй, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281,1, 286 дугаар зүйлийн 286.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тус гэрээ хүчин төгөлдөр тул үндсэн зээл, гэрээнд заасан хүү, алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй, алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар ...цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 3-4 удаа хөл хорио тогтоосон нийтэд илэрхий үйл баримтыг харгалзан 50 хувиар багасгаж шийдвэрлэх, ...Алтан зоос кредит ХХК болон ******* нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь бүртгэлд бүртгүүлээгүйгээс хүчин төгөлдөр бус, ...*******, Б.Анхбаяр нар худалдах-худалдан авах гэрээг бодитоор байгуулах хүсэл зориггүй байсан нь тогтоогдсон тул дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, харин барьцааны гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн гэж үзэхгүй, ...зээлийн үүрэгт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж үүргийг дуусгавар болгосон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй... гэж дүгнэсэн.
7. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа ...анхан шатны шүүх зээлийн ба барьцааны гэрээний талаар хуульд нийцсэн дүгнэлт хийсэн, ...харин *******, Б.Анхбаяр нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч үр дагавар шаардаагүйгээс гадна түүнийг шаардлага гаргах эрх бүхий сонирхогч этгээд гэж үзэхгүй, ...гэрээг Ч.Анхбаяр нь ******* ХХК-ийн нэрийн өмнөөс байгуулсан, *******ийн зээлийн гэрээний үүргийг биелүүлэх зорилготой шилжүүлсэн агуулга тусгагдаагүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй... гэжээ.
8. Анхан болон давж заалдах шатны шүүх ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа адил дүгнэлт хийсэн боловч уг гэрээний онцлогийг харгалзаагүйгээс алданги гаргуулах шаардлагад болон тэдний хооронд байгуулагдсан барьцааны гэрээний талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг агуулгаас зөрүүтэй хэрэглэсэн, ******* болон Ч.Анхбаяр нарын хооронд хийгдсэн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг шийдвэрлэхдээ өөр өөр дүгнэлт өгсөн байх тул хяналтын шатны шүүхээс хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
9. Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч *******ийн хооронд 2018.09.14-ний өдөр 80,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэх, хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон зээлийн гэрээ, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой гудамж, /13221/ 113/9 тоотод байрлах хувийн сууцыг барьцаалсан барьцааны гэрээ, 2018.09.17-ны өдөр ******* /*******гийн итгэмжлэлийн дагуу/, Ч.Анхбаяр /******* ХХК-ийн ажилтан/ нарын хооронд дээрх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ байгуулсан талаар зохигч маргаагүй байна.
Барьцааны болон худалдах-худалдан авах гэрээний зүйл болсон хувийн сууц нь хариуцагч *******гийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан, түүний олгосон итгэмжлэлийн дагуу ******* нь худалдах-худалдан авах гэрээг байгуулснаар өмчлөх эрх Ч.Анхбаярт шилжсэн нь тогтоогджээ.
10. ******* ХХК болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан ...зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх, зээлдэгч нь тохирсон хугацаанд мөнгийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн зээлийн гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан зээлийн үүргийг гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээ, хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдсан эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авч байгаа хөрөнгийн үнэ төлөх худалдах-худалдан авах гэрээ тус тус байгуулагдсан талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
Эдгээр гэрээ хүчин төгөлдөр бол талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг харилцан шаардах эрхтэй болно.
11. Зээлийн гэрээний тухайд уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Тухайлбал, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зээлийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр гэж заасан, Баянгол дүүргээс 2019.09.17-2020.09.17-ны өдөр хүртэл барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг олгосон тухай баримт хэрэгт авагдсанаас гадна анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын талаар маргаагүй тул тус компанийг барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг явуулах эрхтэй этгээд гэж үзнэ.
Нөгөө талаар, зээлийн гэрээг хэлбэр болон агуулгын хувьд хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан нөхцөл тогтоогдоогүй, гэрээний субъектив шинж болох талуудын зорилго, хүсэл зоригийн нийцлийн хувьд зохигч маргаж Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд зааснаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргаагүй учир гэрээ хүчин төгөлдөр байна.
12. Нэхэмжлэгч нь зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү шаардах эрхтэй гэж шүүх үзсэн нь зөв болжээ.
Харин зээлийн гэрээнд нэхэмжлэгч ******* ХХК нь 80,000,000 төгрөг зээлдүүлэх үүрэг хүлээсэн боловч 76,800,000 төгрөгийг хариуцагч *******т шилжүүлсэн байх тул энэхүү үнийн дүнгийн хэмжээгээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэнтэй нийцсэн байна.
Зээлийн гэрээний зээлийг буцаан төлөх хуваарьт заасан хүүг сар тутамд, үндсэн зээлийн мөнгийг гэрээний хугацаа дуусах 2019.03.17-ны өдөр төлөх үүргээ хариуцагч ******* биелүүлээгүй үүрэг зөрчигдсөн үйл баримтыг шүүх тогтоож, үндсэн зээл 76,800,000 төгрөг, хүүд 18,432,000 төгрөг, нийт 95,232,000 төгрөг түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх..., 286 дугаар зүйлийн 286.2-т заасан ...барьцаалан зээлдүүлэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно гэснийг тус тус зөрчөөгүй гэж үзэв.
13. Гагцхүү барьцаалан зээлдүүлэх газрын буюу тухайн этгээдийн зээл олгох, буцаан төлүүлэх үйл ажиллагааны онцлогийг анхаарч дүгнэлт хийгээгүйгээс алданги гаргуулах шаардлагын талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуулийн агуулгад нийцээгүй байх тул дараах үндэслэлээр энэ алдааг засч шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.
13.1 Иргэний хууль, бусад зээл олгох үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан хуулиудаас үзэхэд зээлийн гэрээний талууд зээлийг буцаан төлөх нөхцөлийг хүүтэй болон хүүгүй, тодорхой хугацаатай болон хугацаагүй, гэрээний зүйл нь мөнгө эсхүл төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байхаар, мөн зээл нь зориулалттай, баталгаатай байх зэрэг зээлийн харилцааны үндсэн зарчмуудыг тусгаж өгчээ.
Харин барьцаалан зээлдүүлэх газрын эрх зүйн байдал болон зээл олгох, буцаан төлүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг зохицуулах тусгайлсан хууль байхгүй учир тухайн төрлийн зээлийн харилцааг зохицуулах хэм хэмжээ нь Иргэний хууль байна.
Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар тус газар нь зээл олгохдоо зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, зээлдэгч нь зээлсэн мөнгө, түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулдаг зээлийн гэрээний онцлог төрөл ба дээрхээс үзвэл, барьцаалан зээлдүүлэх газар нь бусад зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс тухайлбал банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос олгох зээлээс ялгаатай зөвхөн хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байна.
Барьцаалан зээлдүүлэх газрын үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах арга, журмыг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж барьцааны зүйлээр зээлийн төлбөрийг хангуулахдаа хялбар нөхцөл, худалдааны аргыг сонгохыг тодорхойлон заажээ.
Гэтэл нэхэмжлэгч ******* ХХК нь хөдлөх эд хөрөнгө бус үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж барьцааны гэрээ байгуулсан нь тус газрын үйл ажиллагааны чиглэлд нийцэхгүй, тиймээс зохигчийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь анхнаасаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус байжээ.
13.2 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д алдангийг хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анз гэж тодорхойлжээ. Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга мөн, талууд гэрээндээ үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол алданги төлүүлэхээр тохиролцож болох хэдий ч дараах нөхцөлийг харгалзах нь хуульд нийцнэ.
Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг бөгөөд мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз авах эрхээ алддаг байна. Нэхэмжлэгч ******* ХХК нь хөдлөх хөрөнгө бус үл хөдлөх эд хөрөнгө барьцаалснаараа барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг хэрэглэх боломжгүй болж, хугацаа сунжирсан нь өөрийнх нь үйлдлээс шалтгаалсан гэж үзэх үндэслэлтэй, өөрөөр хэлбэл, гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар алданги шаардах боломжгүй юм. Иймд хэрэв хуульд заасан журмын дагуу хөдлөх хөрөнгө барьцаалсан бол тухайн зүйлийг худалдан борлуулах эрх үүсэх хүртэл хугацаа буюу 10 хоногоор алдангийг тооцох нь зөв гэж үзнэ.
Дээрх байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй байх тул дурдсан үндэслэлээр хариуцагчаас алдангид 4,761,600 төгрөг /95,232,000х0.5хувь=476,160 төгрөг х10 хоног = 4,761,600 төгрөг/ болон үндсэн зээл, хүүгийн хамт нийт 99,993,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
14. Талууд барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэгдээгүйгээс тухайн гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутайгаас /анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхгүй байсан/ гадна уг хувийн сууцыг худалдаж шинэ гэрээ байгуулснаар барьцааны гэрээнээс аливаа эрх зүйн үр дагавар үүсэхээргүй болсныг дурдах нь зүйтэй байна.
15. Хариуцагч ******* /*******гийн итгэмжлэлийн дагуу/ Ч.Анхбаяр /******* ХХК-ийн ажилтан/ нарын хооронд 2018.09.17-ны өдөр барьцааны гэрээнд заасан Баянзүрх дүүргийн, 20 дугаар хороо, Хар усан тохой гудамж, /13221/ 113/9 тоотод байрлах хувийн сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсаныг дээр дурдсан.
15.1 Нэхэмжлэгч нь энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх ...*******, Б.Анхбаяр нар худалдах-худалдан авах гэрээг бодитоор байгуулах хүсэл зориггүй байсан нь тогтоогдсон тул дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж шийдвэрлэсэн бол, давж заалдах шатны шүүх ...*******, Б.Анхбаяр нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч үр дагавар шаардаагүйгээс гадна түүнийг шаардлага гаргах эрх бүхий сонирхогч этгээд гэж үзэхгүй, ...гэрээг Ч.Анхбаяр нь ******* ХХК-ийн нэрийн өмнөөс байгуулсан, *******ийн зээлийн гэрээний үүргийг биелүүлэх зорилготой шилжүүлсэн агуулга тусгагдаагүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй... гэж дүгнэжээ.
15.2 ******* ХХК болон *******ийн хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсаны 3 хоногийн дараа буюу 2018.09.17-ны өдөр барьцааны гэрээнд заасан хувийн сууцыг өмчлөгч ******* нь Ч.Анхбаярт худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн, уг гэрээ байгуулах болсон шалтгаан нь *******ийн зээл авсантай холбоотой, Ч.Анхбаяр нь ******* ХХК-ийн ажилтан болохыг талууд маргаагүй байна. Талууд худалдах-худалдан авах гэрээг бодит хүсэл зоригоор байгуулж, нэг талаас гэрээний дагуу хувийн сууцны өмчлөл болон эзэмшлийг шилжүүлэх, нөгөө талаас үнэ төлөх хүсэл зоригтой байсан нь тогтоогдоогүй, гагцхүү зээлийн төлбөрийг төлүүлэх баталгаа болгох зорилготой байсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй, тухайн гэрээ байгуулах үеийн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг /анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах боломжгүй байсан ч/ шүүх дүгнэж, гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь хуульд нийцсэн. Иймд давж заалдах шатны шүүх худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай гэж дүгнэв.
16. Худалдах-худалдан авах гэрээний дагуу Б.Анхбаярт шилжүүлсэн хувийн сууцыг ******* ХХК-ийн төлбөрт тооцож өгснөөр зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж хариуцагч нар маргасан байх бөгөөд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасан үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авснаар үүрэг дуусгавар болсон буюу ******* өөрийн өмчлөлийн хувийн сууц өгснөөр *******ийн зээлийн гэрээний гүйцэтгэвэл зохих үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Тодруулбал, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болж, зээлдэгчийн гүйцэтгэх үүргийг /үндсэн зээл, хүү, алданги/ зохигч харилцан тодорхойлж, уг үүргийн оронд орон сууцыг шилжүүлж өгөхөөр тохиролцсон гэх нөхцөл нотлогдоогүй байна.
17. Зохигчийн хооронд зээлийн гэрээнээс үүссэн маргааны явцад дээр дурдсан худалдах-худалдан авах гэрээний зүйл болсон хувийн сууцны өмчлөх эрхийг *******д шилжүүлсэн Ч.Өнөртүвшин нь өмнөх өмчлөгч З.Батзоригтой улсын бүртгэлд давхар бүртгэгдсэнээс тухайн хувийн сууцны бүртгэлийг улсын байцаагчийн 2020.06.26-ны өдрийн 3362 тоот дүгнэлтээр түдгэлзүүлсэн, Ч.Өнөртүвшин бусадтай бүлэглэж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020.11.11-ний өдрийн 3839 тоот албан бичиг хэрэгт тус тус авагдсан хэдий ч эдгээр нөхцөл нь энэхүү хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй гэж шүүх үзсэнийг буруутгах боломжгүй.
18. Дурдсан үндэслэлээр хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 949 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/01131 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******өөс 99,993,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 39,206,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, *******, Ч.Анхбаяр нарын хооронд 2018.09.17-ны өдөр байгуулагдсан хувийн сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай гэж, 2 дахь заалтад 730,110 төгрөг гэснийг 657,918 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.07.19-ний өдөр төлсөн 730,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ