Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 01163

 

 

 

 

 

    2019 оны 06 сарын 24 өдөр

      Дугаар 182/ШШ2019/01163

 

        Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 12 дугаар байр, 12 тоотод оршин суух, 46 настай, эрэгтэй, Гэлэн овогт Гүнжидийн Энхтөр /РД:АМ7309251/

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Их наран, 8 дугаар гудамж, 48 тоотод оршин суух 67 настай, эрэгтэй регистрийн дугаартай, Ончууд овогт Түнжингийн Өлзий /РД:УС52011011/,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баян сум, 3 дугаар баг, Цавчир дашгай 12 дугаар гудамж, 4 тоотод оршин суух 25 настай, эрэгтэй, Боржигон овогт Чулуунбаатарын Ойдов /РД:НЫ94031116/,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 2 дугаар баг, Гавшгай овоот 8 дугаар гудамж, 5 тоотод оршин суух 27 настай, эрэгтэй, Боржигон овогт Адилбишийн Золбоо /РД:ТА92091617/,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 69 дүгээр байр, 42 тоотод оршин суух, 33 настай, эмэгтэй, Боржигон овогт Сүхбаатарын Одонтунгалаг /РД:ЧЙ86060729/,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлэг 16 дугаар гудамж, 465 тоотод оршин суух, 34 настай, эмэгтэй Боржигон овогт Хүдэрбаатарын Солонго /РД:ЦЕ85051562/,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Мал тууврын зам 7 дугаар гудамж, 11А тоотод оршин суух, 30 настай, эрэгтэй Хорчин овогт Баярсайханы Номунбаяр /РД:УЗ89060137/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19 дүгээр байр, 32 тоотод байрлах, “Түмэн тал” ХХК /РД: 5547938/-д холбогдох

2016 оны 10 дугаар сараас хойшхи  хугацааны олгогдоогүй цалин хөлс болох 18 706 609 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 44700 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Энхтөр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн  төлөөлөгч Г.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Энхтөр, Т.Өлзий, Ч.Ойдов, А.Золбоо, С.Одонтунгалаг, Х.Солонго, Б.Номунбаяр нар нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Энхтөр,  нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтөр тайлбарлахдаа:

 Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцож байна. Нэхэмжлэгч Т.Өлзий, А.Золбоо, Б.Номунбаяр, С.Одонтунгалаг, Ч.Ойдов, Х.Солонго нараас тус тус надад /Г.Энхтөрд/ олгосон  итгэмжлэлийн дагуу тэдний итгэмжлэгдсэн  төлөөлөгчөөр оролцож байгаа болно.

“Монгол-Хятадын хамтарсан “Түмэн тал” ХХК нь гадаад худалдаа, ашигт малтмалын ашиглалтын чиглэлээр ашигт малтмалын ашиглалтын 5356А, МУ-017423 тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмшин 5 хүний бүрэлдэхүүнтэй Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-тэй үйл ажиллагаа явуулж байгаа. 2015 оноос тус компани үйл ажиллагаагаа эхлэн явуулж, ажилчид ажиллуулсан боловч 2016 оны 10 дугаар сараас хойш ажилчдын ажилласан хугацааны болон сул зогсолтын үеийн цалин хөлсийг олгоогүй, компани санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд орж, үйл ажиллагаа нь доголдох болсон.  Бид цалин хөлс олгох тухай хүсэлт, шаардлагыг 2016 оны 10 сараас хойш удаа дараа тавьж байсан. Компанийн гүйцэтгэх захирал Ши Жүн Ган нь  “компанидаа мөнгө олж ирнэ” гээд 2016 оны 11 дүгээр сарын эхээр  хятад улс руу яваад ирж ирээгүй. ... Улмаар ажилчид компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, дэд захирал нарт  хүсэлт гаргаж байсны дагуу тус компанийн захирал Н.Нансал 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 24 тоот тушаал гаргаж, уг тушаалаар 2016 оны 12 дугаар сарын цалинг 60 хувиар тооцон олгох, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

Үүнд: Уурхайн дарга Т.Өлзий, нярав тоо бүртгэгч Ч.Ойдов, борлуулалтын менежер орчуулагч Х.Солонго, жолооч Б.Номунбаяртай тус тус байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгосон.  Харин орчуулагч бичиг хэргийн эрхлэгч С.Одонтунгалагийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон, үүрэгт  ажлаас нь чөлөөлж, ерөнхий нягтлан бодогч Г.Энхтөр намайг болон ашиглалтын инженер А.Золбоо нарын цалинг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний хооронд үндсэн цалингийн 60 хувиар тооцон олгохоор болсон. Үүнээс хойш бид цалин хөлсөө олгох хүсэлтийг компанийн удирдлагад амаар болон биечлэн уулзаж байсан боловч, “захирал Ши Жүн Ган ирэхдээ шийднэ мөнгө орж ирэхээр өгнө” гэх хариуг өгдөг байсан ба сүүлдээ албан ёсны шаардлагаа 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус компанийн ТУЗ-д бичгээр хүргүүлсэн боловч, ямар нэг албан ёсны хариу өгөөгүй учраас шүүхэд хандсан юм. 2016 оны 10 дугаар сараас хойш олгоогүй байгаа 7 хүний ажилласан хугацааны цалин хөлс буюу Т.Өлзийгийн 2 203 140 төгрөг, А.Золбоогийн 3 446 800 төгрөг, Б.Номунбаярын 1 117 900 төгрөг, С.Одонтунгалагийн 3 520 000 төгрөг, Ч.Ойдовын 1 600 500 төгрөг, Х.Солонгын 1 470 829 төгрөг, Г.Энхтөрийн 5 647 440 төгрөг болох нийт 18 706 609 төгрөгийн цалин хөлс, 44 700 төгрөгийн нотариатын үйлчилгээний хөлсний хамт гаргуулж өгнө үү...

“Түмэн тал” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан  /дэд захирал/ Н.Нансал  2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 24 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд уг тушаалд бид гомдол гаргаагүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжийг “Түмэн тал” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

            Хариуцагч “Түмэн Тал” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ө.Гүржав шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

 ...  “Монгол-Хятадын хамтарсан "Түмэн тал ХХК-иас Г.Энхтөр нарын 7 ажилтан 2016 оны 10 дугаар сараас хойш 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх, Г.Энхтөр, А.Золбоо нарын 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс болох болох нийт 18 751 309 төгрөг нэхэмжилсэн байна. Хувьцаа эзэмшигч бид тус хамтарсан компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд, тэр тусмаа мөнгө, санхүүгийн ажилд оролцдоггүй. Хамтарсан компанийн хөрөнгийг захиран зарцуулах, түүндээ хяналт тавьж ажиллах эрх, үүрэг бүхий албан тушаалтан болох 1 дүгээр гарын үсгийг зурдаг Гүйцэтгэх захирал Ши Жун Ган, 2 дугаар гарын үсгийг зурдаг ерөнхий нягтлан бодогч-эдийн засагч Г.Энхтөр нар компанийн хөрөнгө санхүүтэй холбоотой бүх асуудлыг хариуцдаг.

Хамтарсан компанийн Гүйцэтгэх захирал Ши Жун Ган, ерөнхий нягтлан бодогч-эдийн засагч Г.Энхтөр нар ажиллагсдын хөдөлмөрийн хөлсийг 2016 оны 09 дүгээр сарыг дуустал бүрэн олгож байсан гэх боловч 2016 оны 10 дугаар сараас эхлэн ажиллагсдын ажлын хөлсийг яагаад олгохоо зогсоосныг ерөнхий нягтлан бодогч-эдийн засагч Г.Энхтөр өөрөө хариуцах ёстой. Ер нь 2016, 2017 онд ажиллагсадтай компаниас албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй юм байна. Гүйцэтгэх захирал Ши Жун Ган, ерөнхий нягтлан бодогч-эдийн засагч Г.Энхтөр нар хамтарсан компанийн өр авлагын асуудлыг 1,2 дугаар гарын үсэг зурдаг учир хариуцна.

Хамтарсан “Түмэн тал” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ши Жун Ган мөрдөн байцаах газарт шалгагдаж байх үедээ компанид мөнгө олж ирнэ гэж Нийслэлийн прокурорын газраас 15 хоногийн хугацаатай чөлөө авч 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр БНХАУ-руу яваад эргэж ирээгүй байгаа тул тус компанийн хувьцааны 40 хувийг эзэмшигч бид түүний өмнөөс ямар ч хариуцлага хүлээхгүй. Монгол-Хятадын хамтарсан “Түмэн тал" ХХК-ийн хувьцааны 60,0 хувийг эзэмшигч гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн Ши Жун Ган, ерөнхий нягтлан бодогч, эдийн засагч Г.Энхтөр нар хэвээрээ ажиллаж байгаа. Иймээс компанийн ажилчдад цалин хөлс олгоогүй асуудлыг хөрөнгийг захиран зарцуулж байдгийн хувьд хамтарсан компанийн гүйцэтгэх захирал Ши Жун Ган, ерөнхий нягтлан, бодогч эдийн засагч Г.Энхтөр нар шууд хариуцах ёстой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу 2015, 2016 онд хамтарсан компаниас ажиллагсадтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна. Монгол-Хятадын хамтарсан “Түмэн тал” ХХК-ийн нийт хувьцааны 60,0 хувийг эзэмшигч БНХАУ-ын иргэн Ши Жун Ган нь тус компанийн гүйцэтгэх захирал хэвээрээ байгаа болно. Тэрээр компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, гэрээ хэлэлцээр байгуулах, хөрөнгө мөнгийг захиран зарцуулах эрхтэй. Харин хувьцаа эзэмшигчдэд дээр дурдсан эрх байхгүй учраас Монголын талын хувьцаа эзэмшигчид компанийн өр авлага, хөрөнгө мөнгөний асуудлаар компанийг төлөөлөх ямар ч эрхгүй болно. Иймд Г.Энхтөр нарын 7 иргэний нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагч “Түмэн Тал” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баярмаа хариу тайлбартаа:

... Г.Энхтөр нарын нэхэмжлэлтэй, “Түмэн тал” ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийг гардаж авлаа. Миний бие тус компанийн гүйцэтгэх захирал биш бөгөөд гүйцэтгэх захирлаар томилсон ТУЗ-ын тогтоол хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй, мөн тус тогтоолыг хүлээлцээгүй болно. Иймд миний бие хариуцагч биш. Шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбар хийнэ ... гэжээ.

            Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Энхтөр, Т.Өлзий, Ч.Ойдов, А.Золбоо, С.Одонтунгалаг, Х.Солонго, Б.Номунбаяр нар нь хариуцагч “Түмэн тал” ХХК-иас 2016 оны 10 дугаар сараас хойш олгоогүй гэх нийт цалин хөлс болох 18 706 609 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.Өлзийгийн 2 203 140 төгрөг, А.Золбоогийн 3 146 800 төгрөг, Б.Номунбаярын 1 117 900 төгрөг, С.Одонтунгалагийн 3 520 000 төгрөг, Ч.Ойдовын 1 600 500 төгрөг, Х.Солонгын 1 470 829 төгрөг, Г.Энхтөрийн 5 647 440 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс, ажлаас халагдсаны тэтгэмж олгуулахыг хүсчээ. /1 дүгээр хавтас хэргийн 1-3 тал/

Нэхэмжлэгч Г.Энхтөр, Т.Өлзий, Ч.Ойдов, А.Золбоо, С.Одонтунгалаг, Х.Солонго, Б.Номунбаяр, хариуцагч “Түмэн Тал” ХХК /хуулийн этгээд/ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр буюу төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй.

Нэхэмжлэгч Т.Өлзий Ч.Ойдов, А.Золбоо, С.Одонтунгалаг, Х.Солонго, Б.Номунбаяр нар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Энхтөрийг, хариуцагч “Түмэн Тал” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ө.Гүржав нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.Цэрэндагвыг тус тус томилж итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэл хүчин төгөлдөр байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв

Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгч Т.Өлзий Ч.Ойдов,  С.Одонтунгалаг, Х.Солонго, Б.Номунбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтөр  нь “Түмэн Тал” ХХК-д холбогдох ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэх тайлбарыг гаргасан болно. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “Түмэн Тал” ХХК-д холбогдох “ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч нарын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нар хариуцагч “Түмэн Тал” ХХК-иас цалин хөлс шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа “Түмэн Тал” ХХК-ийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 24 тоот “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай” тушаал, 2016 оны 10, 11, 12 дугаар саруудын болон 2017 оны 01 дүгээр сараас 04 сар хүртэлх хугацааны цалингийн тооцоолол, Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа, “Түмэн Тал” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02 тоот” Монгол, Хятадын хамтарсан “Түмэн Тал” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг сонгох, Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг томилох тухай” тогтоол зэрэг бусад нотлох баримтуудыг үндэслэжээ. /1 дүгээр хавтас хэргийн 39-44, 47 тал, 2 дугаар хавтас хэргийн 1-26, 90 тал/

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2016 оны 10 дугаар сараас хойш олгогдоогүй хугацааны цалин хөлс, сул зогсолтын олговрыг шаардаж, тус компанийн эрх бүхий албан тушаалтанд 2016 оны 10 дугаар сараас хойш 2017 оны 05 дугаар сарын 22-ныг хүртэл хугацаанд амаар болон бичгээр хүсэлт гарган, биечлэн уулзаж байсан бөгөөд гүйцэтгэх захирал Ши Жүн Ган “цалин хөлсийг олгоно”,  “компанид мөнгө олж ирэхээр явсан”, “ирэхээр нь шийднэ” 2017 оны 04 сар хүртэл хүлээж бай” гэх хариуг амаар өгдөг байсан ба сүүлд албан ёсны шаардлагаа 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус компанийн ТУЗ-д бичгээр хүргүүлсэн боловч, ямар нэгэн хариу өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна ...” гэжээ.

Хариуцагч “Түмэн Тал” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ө.Гүржав, гүйцэтгэх захирал  С.Баярмаа нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ  ... “хариуцагч биш, тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш ...” гэх хариу тайлбар гарган мэтгэлцэж байгаа ба харин нэхэмжлэлийн шаардлага болох нэхэмжлэгч нарын ажилласан хугацааны цалин хөлсийг олгоогүй тухайд маргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Зохигч талын гаргасан тайлбар нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно” гэж зохицуулсан байх тул хариуцагч өөрийн татгалзлаа нотлох холбогдох нотлох баримтуудыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нар анх нэхэмжлэлээ 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргажээ. /1 дүгээр хавтас хэргийн 13-23, 51-64 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” ба нэхэмжлэгч нар 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэхээр байна

Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 128 дугаар зүйлийн агуулгаас үзэхэд ажилласан үеийн цалин гаргуулах маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутам хянан шийдвэрлэхээр байх боловч тухайн байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй бол шүүх маргааныг хянан шийдвэрлэнэ.

Нэхэмжлэгч нар нь цалин гаргуулах нэхэмжлэлээ шүүхэд гаргасныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж үзэхгүй болно.

            Шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч Н.Нансал нарын мэдүүлэг зэргээс үзэхэд Монгол-Хятадын хамтарсан “Түмэн Тал” ХХК-д Г.Энхтөр 2016 оны 01 дүгээр сараас эхлэн ерөнхий нягтлан бодогчоор, Т.Өлзий 2016 оны 01 дүгээр сараас уурхайн даргаар, С.Одонтунгалаг 2016 оны 01 дүгээр сараас орчуулагч, бичиг хэргийн эрхлэгчээр, Х.Солонго 2016 оны 01 дүгээр сараас борлуулалтын менежер, орчуулагчаар, А.Золбоо 2015 оны 12 дугаар сараас ашиглалтын инженерээр, Б.Номунбаяр 2016 оны 01 дүгээр сараас  жолоочоор, Ч.Ойдов 2016 оны 06 дугаар сараас нярав-тоо бүртгэгчээр тус тус  ажиллаж байсан байх бөгөөд тус компани нь 2016 оны 10 дугаар сараас хойш ажилчдынхаа цалин хөлсийг олгоогүй тул нэхэмжлэгч нар удаа дараа хүсэлт гаргаж цалин хөлсөө нэхэмжилж байсан байх ба компанийн удирдлагууд тухай бүрд “цалин хөлсийг олгоно”,  “гүйцэтгэх захирал Ши Жүн Ган компанид мөнгө олж ирэхээр явсан”, “ирэхээр нь шийднэ”, 2017 оны 04 сар хүртэл хүлээж байх” гэх зэрэг компанид үүссэн санхүүгийн хүндрэлтэй байдлыг тайлбарлан, амаар хариу өгч, хугацааг хойшлуулж байсан болох нь тогтоогдож байна.

Хариуцагч “Түмэн Тал” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан компани байх бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн Ши Жун Ган нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсын хилээр гараад буцаж ирээгүй болох нь зохигчдын тайлбар, Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа, Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 185 тал/

“Түмэн Тал” ХХК-ийн захирал Н.Нансал нь /дэд захирал гэх/ ажилчидтай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 24 тоот “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай” тушаал гарган, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, “Түмэн Тал” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоол, ажилчдын санал хүсэлтийг үндэслэсэн байна. /1 дүгээр хавтас хэргийн 47 тал/

Уг тушаалд уурхайн дарга Т.Өлзий, нярав тоо бүртгэгч Ч.Ойдов, борлуулалтын менежер-орчуулагч Х.Солонго, жолооч, Б.Номунбаярын хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгож, 2016 оны 12 дугаар сарын цалин хөлсийг 60 хувиар тооцон олгох, орчуулагч-бичиг хэргийн эрхлэгч С.Одонтунгалагийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөх, ерөнхий нягтлан бодогч-эдийн засагч Г.Энхтөр, ашиглалтын инженер А.Золбоо нарын цалинг 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд үндсэн цалингийн 60 хувиар бодон олгож байхаар тусгажээ.

Хариуцагч “Түмэн Тал” ХХК нь нэхэмжлэгч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч ажил үүрэг гүйцэтгүүлж байсан болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар   ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах нь ажил олгогчийн хуулиар ногдсон үүрэг бөгөөд ажил олгогч энэ үүргээ хэрэгжүүлээгүй явдалд ажилтныг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч нар ажиллаж байх үеийн буюу 2016 оны 10, 11, 12, 2017 оны 1, 2, 3, 4 дүгээр сар хүртэл хугацааны цалин хөлс олгогдоогүй, компанийн удирдлагатай уулзаж, цалингаа шаардаж байсныг хариуцагч ямар нэгэн баримтаар няцааж, үгүйсгээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.1-д “ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж заажээ.

Зохигчдын хооронд дээрх хугацаанд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэгдэж, хөдөлмөрийн эрх зүйн харилцааны оролцогч байсан тул ажилтан ажилласан хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх эрхтэй.

“Түмэн Тал” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ө.Гүржав, болон тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон С.Баярмаа нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... хариуцагч биш, “Түмэн Тал” ХХК-ийг  төлөөлөх бүрэн эрхгүй этгээд” гэх тайлбар гаргаж байгааг зөвтгөх боломжгүй байна.  

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно” гэж, мөн хуулийн 26.4-д “Хуулийн этгээд удирдах байгууллагаар дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно” гэж, 26.5-д “Хуулийн этгээд удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно” гэж тус тус заажээ.

Мөн компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөө цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна” гэж, мөн хуулийн 76.1.8-д “компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох” гэж, 76.1.13-д “төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны болон компанийн засаглалын дотоод журмыг батлах” гэж тус тус заажээ.

Хариуцагч “Түмэн Тал” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан компани байх бөгөөд тус компанийн дүрэмд заасан эрх барих байгууллага болох Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ө.Гүржавын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02 тоот тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлаар С.Баярмааг сонгож, “Түмэн Тал” ХХК-ийн дүрмэнд оруулсан өөрчлөлтийг нотариатаар баталгаажуулж, дүрмийг Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандаж бүртгүүлэхээр шийдвэрлэжээ. /2 дугаар хавтас хэргийн 43-74 тал/

 Иймд “Түмэн Тал” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь тус компанийн гүйцэтгэх захирал С.Баярмаа, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ө.Гүржав нарыг гэж үзнэ. /2 дугаар хавтас хэргийн 90 тал/

Ажил олгогч “Түмэн Тал” ХХК нь ажилтны ажилласан дээрх хугацааны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн үнийн дүнгийн хүрээнд олгогдоогүй цалин хөлс болох 18 706 609 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Т.Өлзийд 2 203 140 төгрөг, А.Золбоод 3 146 800 төгрөг, Б.Номунбаярт 1 117 900 төгрөг, С.Одонтунгалагт 3 520 000 төгрөг, Ч.Ойдовт 1 600 500 төгрөг, Х.Солонгод 1 470 829 төгрөг, Г.Энхтөрд 5 647 440 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй.  

            Шүүх нэхэмжлэгч тус бүрд олгогдоогүй цалин хөлсийг тооцохдоо тэдний  ажилласан хугацааны нэг сарын дундаж цалин хөлсний тооцооллын баримт, тус компанийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 24 тоот тушаал зэрэг бусад нотлох баримтад үндэслэсэн болно. /1 дугаар хавтас хэргийн 39-44, 47, 237-250, 2 дугаар хавтас хэргийн 1-26 тал/

Тус шүүх дээрх иргэний хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ба хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүхэд хүрэлцэн ирэх, хавтас хэрэгтэй танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, эрх үүргээ /мэтгэлцэх эрхээ /хэрэгжүүлэхийг шүүхээс удаа дараа мэдэгдэж байсан боловч хуулиар олгогдсон эрхээ эдлэх, үүргээ биелүүлээгүй нь шүүхийн үйл ажиллагаатай холбоогүй юм. /2 дугаар хавтас хэргийн 27-141 тал/

Мөн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагт товлогдсон шүүх хуралдаанд нь хариуцагч “Түмэн Тал” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баярмаа хүрэлцэн ирээгүй, тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ө.Гүржавын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагвын хүсэлтээр 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1500 цаг хүртэл хугацаагаар хойшлогдож байсан. /2 дугаар хавтас хэргийн 152-158 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1500 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хариуцагч “Түмэн Тал” ХХК-ийн захирал С.Баярмаа, “Түмэн Тал” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Гүржавын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва нарт хүргүүлсэн боловч тэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /2 дугаар хавтас хэргийн 158, 165-166 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Өлзий Ч.Ойдов, С.Одонтунгалаг, Х.Солонго, Б.Номунбаяр нар “Түмэн Тал” ХХК-д холбогдох ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хариуцагч “Түмэн Тал” ХХК-иас нийт 18 706 609 /арван найман сая долоон зуун зургаан мянга зургаан зуун есөн мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Өлзийд 2 203 140 төгрөг, А.Золбоод 3 146 800 төгрөг, Б.Номунбаярт 1 117 900 төгрөг, С.Одонтунгалагт 3 520 000 төгрөг, Ч.Ойдовт 1 600 500 төгрөг, Х.Солонгод 1 470 829 төгрөг, Г.Энхтөрд 5 647 440 төгрөг гаргуулж тус тус олгож, нэхэмжлэлээс 44 700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.18 46.2-д зааснаар хариуцагч “Түмэн Тал” ХХК нь Т.Өлзий Ч.Ойдов, А.Золбоо, С.Одонтунгалаг, Х.Солонго, Б.Номунбаяр, Г.Энхтөр нарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1517 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох, хариуцагч “Түмэн тал” ХХК-иас 251 483 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ                             Ж.ЦЭНГЭЛ