Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
Хэргийн индекс | 182/2018/00047/И |
Дугаар | 182/ШШ2019/01214 |
Огноо | 2019-07-03 |
Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2019/01214
2019 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 182/ШШ2019/01214 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ЭХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Р-д холбогдох
С ХХК болон Н ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах, С ХХК болон Н ХХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг хариуцагчид даалгах, 55.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т, хариуцагч Д.Р, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Д.Р нь С ХХК болон Н ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байсан. Д.Р эдгээр компаниудын гэрчилгээ, дүрэм, тамга тэмдэг, санхүүгийн баримт бичгүүд болон компанийн бүхий л хувийн мэдээллийг агуулсан санах ойг ажлын байрнаас авч явсан бөгөөд компанийн харилцагч нар болон санхүүгийн байдал, орлогын талаар нэхэмжлэгчид ямар ч мэдээлэл өгөхгүй, танилцах боломжоор хангахгүй байгаа болно. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна”, 59.5-д “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно” гэж заасан. Гэтэл Д.Р нь Компанийн тухай хуулийн 59.4-т заасны дагуу С ХХК болон Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2014 оноос хойш зарлан хуралдуулаагүй тул түүний гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсон болно. Нэхэмжлэгчийн зүгээс компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах, компанийн хэвийн үйл ажиллагааг хангах талаар хариуцагч Д.Раас удаа дараа шаардаж, хүсэж байсан боловч үр дүнд хүрээгүй. Д.Р бүрэн эрх нь хуулийн дагуу дуусгавар болсон байхад одоог хүртэл С ХХК болон Н ХХК-ийг төлөөлөн компанийн гэрчилгээ тамга, тэмдгийг ашиглан бусад иргэн, хуулийн этгээдтэй хэлцэл, гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж хууль зөрчиж байгаа болно. Иймд хариуцагч Д.Раас компанийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулаагүй нөхцөлд тэрээр дээрх тус компаниудыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг бусдад төрүүлж байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуулийн дагуу хуралдуулж, шинээр гүйцэтгэх захирлыг томилсон нөхцөлд ч компанийн гэрчилгээ, тамга, тэмдэг байхгүй тохиолдолд уг гүйцэтгэх захирлыг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж чадахгүй, улмаар шинээр томилогдсон гүйцэтгэх захирал компанийг төлөөлж үйл ажиллагаа явуулж чадахгүй нөхцөл байдалд ороод байна. Гүйцэтгэх захирал нь дуусгавар болсон компанийн хувьцаа эзэмшигч биш этгээд компанийн тамга тэмдэг, гэрчилгээг эзэмшилдээ байлгаж байгаа нь хууль бус гэж үзэж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Компанийн тухай 95 дугаар зүйлийн 95.1-т “Компани нь хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргаж, хувьцаа эзэмшигч болон эрх бүхий бусад этгээдэд танилцуулна”, 97 дугаар зүйлийн 97.1.6-д зааснаар компани нь санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан хадгалах үүрэгтэй, 97.6-д “Компани нь энэ хуулийн 97.1-т заасан баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар буюу хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газар хадгална”, Компанийн дүрмийн 5.4-д зааснаар хувьцаа эзэмшигч нь “Компанийн үйл ажиллагааны байдал, санхүүгийн болон бусад бичиг баримт мэдээ тайлантай танилцах” эрхтэй гэж тус тус заасан. Гэтэл Д.Р нь Э ХХК-д С ХХК, Н ХХК-иудыг үйл ажиллагааны болон санхүүгийн баримт бичгийг огт танилцуулахгүй, компанийн үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа болно. Мөн хариуцагч Д.Р нь 2012 оноос албан тушаалаа хууль бусаар ашиглаж Н ХХК-ийн данснаас түрээсийн төлбөр хэлбэрээр нийт 55.000.000 төгрөгийг гарган хувьдаа завшиж, уг 55.000.000 төгрөгөөр өөрийн нэр дээр Баянзүрх дүүрэгт байрлах “амралтын газар” худалдаж авсан байдаг. Тэрээр Н ХХК-ийн компанийн данснаас 55.000.000 төгрөгийн гүйлгээг хийхдээ “газрын төлбөр” гэсэн утгатайгаар гаргасан байдаг боловч компанийн тайлан, балансад “түрээсийн төлбөр” гэсэн утгатайгаар бүртгэж, тайлагнасан байдаг, Уг асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч иргэний журмаар шийдвэрлэгдэх асуудал гэж үзэн хэрэгсэхгүй болгосон болно. Хариуцагч Д.Рыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Чингэлтэй дүүрэг, тоотод оршин суугаа болохыг эрэн сурвалжлан тогтоож, тодорхойлж өгсөн тул уг хаягийн дагуу дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч Д.Раас С ХХК болон Н ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг хариуцагчаас гаргуулах, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг хариуцагч Д.Рад даалгах, хариуцагч Д.Раас 55.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгох шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С ХХК-ийн тухайд Монгол Улсын хуулийн этгээд болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, тоот регистрийн дугаартай С ХХК 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үүсгэн байгуулагдаж 2009 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. С ХХК нь хоёр хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчтай болно. Үүнд: 1.Э ХХК нийт хувьцааны 51 хувийн хувьцааг эзэмшдэг. Д.Р нийт хувьцааны 49 хувийн хувьцааг эзэмшдэг. Израиль Улсын В компаниас С ХХК-д шилжүүлэх ёстой байсан 138,535 /нэг зуун гучин найман мянга таван зуун гучин тав/ ам.долларыг Э ХХК-ийн захирал Израиль улсын иргэн Я 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хувийн дансаараа шилжүүлэн авч хэрэглэсэн нь 2014 онд тогтоогдсон байдаг. Үүнээс үүдэн С ХХК-ийн санхүүгийн байдал хүндэрч хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон төдийгүй хувьцаа эзэмшигчдийн хооронд үл ойлголцол үүссэн. Э ХХК болон тус компанийн захирал Израиль улсын иргэн Я нь Монгол Улсад оршин суух тодорхой хаяггүй. Үүний учир Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/05096 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн байдаг. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00962 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжилж байна. Гэвч өнөөдрийн байдлаар Э ХХК-ийн захирал Израиль улсын иргэн Я оршин суугаа хаягийг тодорхойлж чадаагүй. Н ХХК-ийн тухайд Монгол Улсын хуулийн этгээд болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, тоот регистрийн дугаартай Н XXK 2005 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагдаж 2006 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн.
Н ХХК хоёр хувьцаа эзэмшигчтэй болно. С ХХК, Их Британийн Т арал улсын хуулийн дагуу байгуулагдсан Н ХХК болно. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тухайд Д.Р миний бие компанийн хувьцаа эзэмшигч хийгээд Гүйцэтгэх захирлын хувьд С ХХК, Н ХХК-иудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах талаар санаачлага гарган хуралдааны товыг Э ХХК-ийн захирал Израиль улсын иргэн Я мэдэгдэж байсан. Тухайлбал, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах тухай зарыг Э ХХК-ийн захирал Я ад цахим шуудангаар мэдэгдсэн боловч хувьцаа эзэмшигчдийн хуралдаа ирээгүй. Улмаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хийхээр товлож мэдэгдэхэд Я мөн оны 5 дугаар сарын 02-ны өдөр хийхийг хүсэхэд хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг өөрчилсөн. Гэвч Я хувьцаа эзэмшигчдийн хуралдаа ирээгүй байдаг. Э ХХК болон тус компанийн захирал Израиль улсын иргэн Яын Монгол Улсад оршин байх хаяг нь тодорхойгүй тул хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг бичгээр хүргэж өгөх боломжгүй тул ийнхүү цахим шуудангаар мэдэгдэж байсан. С ХХК болон Н ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухайд Д.Р миний бие компанийн Гүйцэтгэх захирал төдийгүй компанийн хувьцаа эзэмшигч болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э ХХК-тай нэгэн адил эрх, үүрэг, хариуцлага хүлээсэн хувьцаа эзэмшигч юм. Түүнчлэн миний бие С ХХК болон Н ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг ашиглан бусад иргэн, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулаагүй. С ХХК болон Н ХХК-иуд нь 2015 оноос хойш тогтвортой аж ахуйн үйл ажиллагаа огт явуулаагүй бөгөөд ажилтнууддаа цалин өгөх, үйл ажиллагаагаа санхүүжүүлэх ямар ч орлого, хөрөнгө мөнгөгүй болсон. С ХХК болон Н ХХК-иудын хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулагдаж Гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн тохиолдолд тухайн Гүйцэтгэх захиралд компаниудын хуулийн этгээдийн гэрчилгээ, тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй. С ХХК болон Н ХХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг хариуцагчид даалгах” шаардлагын тухайд С ХХК болон Н ХХК-иуд нь 2015 оноос хойш тогтвортой аж ахуйн үйл ажиллагаа огт явуулаагүй. С ХХК болон Н ХХК-иудын хувьцаа эзэмшигчдийн хурал дээр санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулах болно. Зургаа. 55.000.000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд Н ХХК-ийн албан тасалгааны зориулалтаар ашиглаж байсан байрыг Израиль улсын иргэн Я, Израиль улсын иргэн М болон Д.Р бид гурав хамтран өмчлөхөөр харилцан тохиролцож Хөрөнгө өмчлөгчдийн гэрээг 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан байдаг. Хөрөнгө өмчлөгчдийн гэрээний дагуу өмчилж буй талбайг бусдад түрээслэх тохиолдолд “...ашиглах талбайн түрээсийн төлбөрийг өмчлөгчдийн өмчлөх хувь хэмжээнд тэнцүүлж хуваа”-ж авахаар харилцан тохиролцсон. Энэ гэрээний дагуу Н ХХК нь Израиль улсын иргэн Я, Израиль улсын иргэн М болон Д.Р нартай түрээсийн гэрээ байгуулж түрээсийг төлж байсан байдаг. 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Д.Р миний бие Н ХХК-д хүсэлт гарган өөрт ногдох түрээсийн төлбөрийг С ХХК-иас шилжүүлж авсан газрын төлбөрт шууд шилжүүлэхийг хүссэн. Энэхүү хүсэлтийн дагуу нийт 53.770.000 төгрөгийг шилжүүлж авсан. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Н ХХК Д.Р надад 37.753.128.09-ний өглөгтэй байна. Иймд Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Д.Р д холбогдуулан С ХХК болон Н ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах, С ХХК болон Н ХХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг даалгах, 55.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь С ХХК болон Н ХХК нарын гүйцэтгэх захирал нь Д.Р би өөрөө тул Э ХХК-д тамга тэмдэг өгөх шаардлага байхгүй, бусдын эрх ашиг сонирхлыг хохироогоогүй, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Э ХХК болон хариуцагч Д.Р нар нь С ХХК-ийн хувьцааг хувааж эзэмшдэг, Н ХХК-ийн хувьцааг С ХХК болон Их Британийн Т арлын Н ХХК эзэмшдэг.
Хариуцагч Д.Р нь С ХХК, Н ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг болох нь С ХХК, Н ХХК нарын улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Д.Р нь компанийн хувьцаа эзэмшигч хийгээд гүйцэтгэх захирлын хувьд С ХХК, Н ХХК нарын хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах талаар санаачлага гарган хуралдааны товыг Э ХХК-ийн захирал Израиль улсын иргэн Я д мэдэгдсэн байна. Тодруулбал 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдар хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах тухай зарыг Э ХХК-ийн захирал Яад цахим шуудангаар мэдэгдсэн боловч хувьцаа эзэмшигчдийн хуралдаа ирээгүй байна. Улмаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хийхээр товлож мэдэгдэхэд Я мөн оны 5 дугаар сарын 02-ны өдөр хийхийг хүсэхэд хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг өөрчилсөн. Гэвч Я хувьцаа эзэмшигчдийн хуралдаа ирээгүй байна.
Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана” гэж заажээ.
Д.Р ыг компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
С ХХК, Н ХХК нарын гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа Д.Р аас Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.”, 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж тус тус заасан өдөр тутмын үйл ажиллагааны хүрээнд ашиглагддаг гэрчилгээ, тамга, тэмдгийг шаардах эрхгүй гэж үзнэ.
Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-т “Компани нь хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргаж, хувьцаа эзэмшигч болон эрх бүхий бусад этгээдэд танилцуулна” гэж заасан үүргийн хүрээнд С ХХК болон Н ХХК-иудын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлантай танилцах талаарх хүсэлтээ нэхэмжлэгч нь илэрхийлсэн баримт байхгүй, компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулаагүй буруутай үйл ажиллагааг хариуцагч явуулсан байдал тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь 55.000.000 төгрөгийг Д.Р аас авах эрхтэй болохоо бичгийн баримтаар нотлоогүй болно.
Иймд Д.Р аас С ХХК болон Н ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах, С ХХК болон Н ХХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг даалгах, 55.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН