Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/01345

 

 

Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/02090 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 249 дүгээр магадлалтай,

 

Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Монголын Урлагийн зөвлөл ТББ, Юнайтед финанс ББСБ ХХК, Г.Анхбаяр, Ц.Сүхбаатар, Д.Эрдэнэцэцэг нарт холбогдох,

 

Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсний улмаас гарсан зардалд Г.Анхбаяраас 15,919,025 төгрөг, Монголын Урлагийн зөвлөлөөс 7,076,183 төгрөг, Д.Эрдэнэцэцэгээс 7,954,738 төгрөг, Ц.Сүхбаатараас 888,103 төгрөг, Юнайтед Финанс ББСБ ХХК-иас 15,919,025 төгрөг, нийт 47,757,075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг, П.Батбаатар нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа, хариуцагч Д.Эрдэнэцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаатар, хариуцагч Монголын Урлагийн зөвлөл ТББ, Юнайтед финанс ББСБ ХХК, Г.Анхбаяр, Ц.Сүхбаатар нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг, хариуцагч нарын өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Тээвэр хөгжлийн банк ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тээвэр хөгжлийн банк нь иргэн Д.Энхтайвантай байгуулсан Түрээсийн гэрээний үндсэн дээр Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Жуулчны гудамж-35 хаягт байрлах Дельта төвийн барилгын В1, 1, 2 дугаар давхрын нийт 972 м.кв түрээсийн талбайд банкны Урт цагаан салбарын үйл ажиллагааг явуулж байна. Тус барилга нь 5 давхар оффисын зориулалттай барилга бөгөөд барилгыг дараах иргэд, аж ахуйн нэгжүүд хэсэгчлэн өмчилдөг.

1. Иргэн Д.Энхтайван /В1, 1, 2 давхар/

2. Иргэн Г.Анхбаяр /3 дугаар давхар, 324 м.кв/

3. Монголын урлагийн зөвлөл /4 дүгээр давхар, 144 м.кв/

4. Иргэн Д.Эрдэнэцэцэг /4 дүгээр давхар, 162 м.кв/

5. Иргэн Ц.Сүхбаатар /4 дүгээр давхар, 18 м.кв/

6. Юнайтед финанс ББСБ /5 дугаар давхар, 324 м.кв/

Дельта төвийн барилга нь анх 2003 онд ашиглалтанд орсон бөгөөд сүүлийн жилүүдэд гадна фасадыг зориулалтын бус материалаар хийсний улмаас аюулгүй байдлын шаардлага хангахгүй болж, улмаар явган хүний зам дээр унах, хүний амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөнд хохирол учруулах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Улмаар 2017 оны 3 дугаар сард уг барилгад Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч шалгалт хийж дараах зөрчлийг илрүүлж, уг зөрчлийг арилгах арга хэмжээ авах тухай 2017.03.28-ны өдрийн албан тоотыг Дельта төв хоршоонд, хувийг Тээвэр хөгжлийн банкинд хүргүүлсэн байдаг. Үүнд:

1.  Зост Трейд ХХК-ийн зураг төслийн товчоонд боловсруулсан 01/02 шифртэй зураг төсөлд гадна фасадыг чулуун өнгөлгөөтэй хийхээр төлөвлөсөн боловч 240x120мм хэмжээтэй азбестан өнгөлгөөтэй гипсэн хавтангаар хийсэн байгаа нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д механик аюулгүй байдлыг хангах барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх гэсэн заалтыг,

2.  Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, батлагдсан зураг төсөлгүй барилгын дээвэр дээр реклам сурталчилгааны байгууламж хийсэн нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.10-т барилга байгууламжид мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, сурталчилгааны болон гэрлэн чимэглэл байрлуулах ажлын зураг төсөл, түүний угсралт, бэхэлгээг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж, барилгын хийц, бүтээцэд эвдрэл, гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

Тээвэр хөгжлийн банк нь түрээслэн үйл ажиллагаа явуулж буй барилгын аюулгүй байдалд анхаарал хандуулан 2017 оны 2 дугаар сараас эхлэн Дельта төвийн барилгын өмчлөгч нарын үүсгэн байгуулсан Дельта төв хоршоонд болон өмчлөгч нарт удаа дараа хандаж байсан. Тухайлбал: ...барилгын дээврийн хэсэгт байрлуулсан реклам сурталчилгааны самбар унах магадлалтай, бэхэлгээ суларч муудсан, шаардлага хангахгүй байх тул зохих арга хэмжээ авах тухай 01/2-45 тоот мэдэгдэл, барилгын гадна фасад шаардлага хангахгүй материалаар хийгдэж бэхэлсэн, салхи бороонд унаж бусдын эрүүл мэнд, амь нас, эд материалд хохирол учруулах эрсдэлтэй байх тул гадна фасадыг засаж шинэчлэх талаар арга хэмжээ авах тухай 01/2-46 тоот хүсэлт, гадна фасадны засварыг банкны зардлаар бага өртгөөр, зориулалтын шаардлага хангахуйц материалаар эхлүүлэх тухай 01/2-53а тоот саналыг тус тус хүргүүлж хандаж байсан.

Дээрх албан тоотуудыг хүлээн аваад Дельта төв хоршооноос 2017.03.10-ны өдөр 03/01 дугаартай засварын ажлын төсөв, эдийн засгийн тооцоог гарган өгөх тухай албан тоот, Монголын Урлагийн зөвлөлөөс 2017.03.09-ний өдөр ижил агуулга бүхий 19/17 дугаар албан тоотыг тус тус ирүүлсэн бөгөөд тус банкнаас 2017.03.13-ны өдөр 01/2-59 тоот албан бичгийг нарийвчилсан тооцооны хамт хүргүүлсэн. Үүний дараа Дельта төв хоршооноос 2017.03.15-ны өдөр банкинд өгсөн 03/03 тоот хариундаа ... танай 01/2-59 тоот албан бичгийг Дельта төв байрны өмчлөгч нарт хүргүүлж танилцуулав. Энд дурдагдсан засварын ажлын тооцоо болон засварыг хийхийг тус байрны 3 болон 5 давхрын өмчлөгч нар зөвшөөрсөн ба 4 дүгээр давхрын өмчлөгчид одоогоор албан ёсоор хариу өгөөгүй ч тэднийг зөвшөөрнө гэдэгт итгэж байна гэсэн хариуг өгсөн байдаг.

Ийнхүү олгосон зөвшөөрлийн дагуу банк Шинэсүнжий ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2017 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд Дельта төвийн барилгын 2, 3, 4, 5 давхрын гадна фасадны засварыг материалын зардал 17,832,400 төгрөг, ажлын хөлсний зардал 38,064,400 төгрөг, барилгын зүүн талын гадна хаалганы тамбурын засварын төлбөр 7,779,300 төгрөг, нийт 63,676,100 төгрөгийн зардлыг Шинэсүнжий ХХК-д төлж доорх засварын ажлыг бүрэн гүйцэтгүүлсэн. Үүнд: Барилгын хуучин гадна фасадны төмөр рамыг бүрэн хуулсан, орон сууц болон оффисын зориулалттай байгууллагад ашиглагдаж буй дулаалгын, галд тэсвэртэй хөөсөнцөр хавтангаар барилгын гадна фасадыг бүрэн бүрсэн, шаардлага хангасан гадна эмүлсээр будсан, барилгын зүүн талын гадна хаалганы үүдний өргөтгөлийг шинэчлэн засварлах зэрэг ажлуудыг шат дараатай барилгын норм стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэсэн.

Банк барилгын ажлыг дээр дурдсан зөвшөөрөл дээр үндэслэн эхлүүлсэн бөгөөд бусад өмчлөгч нартай харилцан тохиролцсоны дагуу засварын зардлыг урьдчилан тодорхойлж, уг дүнг хуваан төлөх нөхцөлтэйгээр засвар хийлгэх, засварын зардлыг эхний ээлжинд банк гаргаж, бусад өмчлөгч нараас нэхэмжлэн төлүүлэхээр тохирсны дагуу засварын ажлыг хийлгэсэн, мөн барилгын ажил явагдаж байх хугацаанд Дельта төв хоршоо болон өмчлөгч нараас аливаа байдлаар эсэргүүцсэн, барилгын ажлыг зогсоохыг шаардсан ямар ч үйлдэл гаргаагүйг дурдах шаардлагатай.

Барилгын засварын ажил бүрэн дуусмагц банкнаас 2017.09.07-ны өдөр 01/2-241-ээс 01/2-244 тоот албан бичгүүдээр өмчлөгч тус бүрт ногдох барилгын засварын зардлын төлбөрийг нэхэмжилсэн нэхэмжлэхийг хүргүүлсэн. Үүнд:

1.  Г.Анхбаяраас 15,919,025 төгрөг,

2.  Монголын урлагийн зөвлөл ТББ-аас 7,076,183 төгрөг,

3.  Д.Эрдэнэцэцэгээс 7,954,738 төгрөг,

4. Ц.Сүхбаатараас 888,103 төгрөг,

5. Юнайтед Финанс ББСБ-аас 15,919,025 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Харин Тээвэр хөгжлийн банк 2 дугаар давхрын 324 м.кв талбайг өмчлөгч, түрээслүүлэгч Д.Энхтайванд ногдох хэсгийн засварыг зардал болох 15,919,025 төгрөгийг түүнтэй харилцан тохиролцсоны дагуу түрээсийн төлбөрөөс суутгасан.

Банк уг барилгад өөрийн үйл ажиллагаагаа явуулж байгаагийн хувьд, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд аливаа эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс, өмчлөгч нарын дунд олон жил яригдсан боловч шийдэлд хүрч чадаагүй барилгын гадна фасадны засварын ажлыг Тээвэр хөгжлийн банк маш хямд төсвөөр, өмчлөгч нарт санхүүгийн дарамт багатай байдлаар буюу урьдчилан төлбөрийг төлж, богино хугацаанд, чанар стандартын шаардлага хангасан байдлаар засварыг гүйцэтгүүлэн, Дельта төвийн барилгын зах зээлийн үнэ цэнэ, өнгө үзэмжийг хэд дахин өсгөн, өмчлөгч нарт эдийн засгийн ашигтай нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Мөн банк өөрийн зардлаар барилгын цахилгааны ерөнхий оруулгын самбарт байрлах шаардлага хангахгүй гал хамгаалагчийг сольж, хүчний таслуур, клем шинээр суурилуулах холболтыг шинэчлэх ажлыг хийж Дельта төвийн барилгын бүх цахилгаан хангамжийн үүсгүүрийг шинэчилсэн.

Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд өмчлөгч Монголын Урлагийн зөвлөл ТББ, Юнайтед Финанс ББСБ ХХК, иргэн Г.Анхбаяр, Д.Эрдэнэцэцэг, Ц.Сүхбаатар нар банктай уулзахгүй, холбогдохгүй, хариу өгөхгүй, Дельта төв хоршооноос зарласан хуралдаа хүрэлцэн ирж төлбөрийн асуудлаар ярилцахгүй, банкнаас урьдчилан төлсөн барилгын засварын зардлыг тус бүрт ногдох хэмжээгээр төлж барагдуулахгүй байх тул шүүхэд шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн болно.

Иймд Тээвэр хөгжлийн банкнаас гаргасан Дельта төвийн барилгын засварын ажлын зардлаас иргэн Г.Анхбаяраас 15,919,025 төгрөг, Монголын Урлагийн зөвлөл ТББ-аас 7,076,183 төгрөг, иргэн Д.Эрдэнэцэцэгээс 7,954,738 төгрөг, иргэн Ц.Сүхбаатараас 888,103 төгрөг, Юнайтед финанс ББСБ-аас 15,919,025 төгрөгийг тус тус гаргуулж Тээвэр хөгжлийн банкийг хохиролгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шарадлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 хэмээн анх нэхэмжлэл гаргахдаа тодорхойлж байсан боловч өөрчилж 491 дүгээр зүйлийн 491.6-д заасныг үндэслэн нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тээвэр хөгжлийн банкнаас танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй хариуцагч бид танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч бидэнд ийм засвар үйлчилгээ хийх гэж байгаа гэдэг талаар албан ёсоор мэдэгдэж, төлбөр зардлыг хэрхэн хуваарилах, төлбөр зардлыг хэдий хугацаанд хэрхэн хийж гүйцэтгэх талаар мэдэгдэж хамтран ярилцаж гэрээ баримт бичиг үйлдээгүй болно. Шүүхэд өгсөн гэх баримттай танилцаагүй. Дельта хоршоо нь өмчлөгч нарын эрх хэмжээнд халдаж засвар хийх талаар хариу өгсөнд гайхаж байна.

2. Бид В1, 1, 2 дугаар давхрыг эзэмшигч Энхтайван түрээсээр ашиглагч Тээвэр хөгжлийн банк 972 м.кв талбай буюу нийт барилгын талбайн 50 хувийг дээр нь 6 дугаар давхарт 324 м.кв талбайг эзэмшиж байгаа нь нийт барилгын 70 хувийг эзэмшдэг гэсэн тооцоо гарч байна. Гэсэн атлаа гадна фасадны нийт зардлаас ганцхан давхарт оногдох төлбөр гэх 15,919,025 төгрөгийг төлсөн гэдэг.

3. Энхтайван буюу Тээвэр хөгжлийн банкинд байраа түрээслэгч, эс бөгөөс хувь эзэмшигч, хөрөнгө оруулагч нь өөрсдийн үйл ажиллагаандаа нийцүүлж өнгө үзэмжээ сайжруулж, үйлчлүүлэгчээ татах, фасад солих нэрээр 6-р давхарт нэмэлт барилга барьсан байна гэж ойлгож харж байсан.

4. Өмнөх онуудад дээврээс борооны дусаал гоожоод өмчлөгч нар засвар хийхэд манайх В1, 1, 2 давхрыг эзэмшдэг тул танай асуудал надад хамаагүй гээд засварын зардлаас хуваалцаж байгаагүй этгээд, үйлчлүүлэгчдээ татахын тулд өнгө үзэмжээ сайжруулах засвар хийчихээд биднээр төлбөр төлүүлэх гэж байгаа нь ойлгомжгүй.

5. Рекламны самбарыг мэргэжлийн хяналтынхны шаардлагаар буулгуулсан гэсэн утгатай зүйлийг нэхэмжлэлдээ бичжээ. Гэтэл Энхтайван гэгч 6 давхар болгож барилгад давхар нэмэх зорилгоор хийгдсэн булхай болохоос үнэхээр аюултай нөхцөл үүсээгүй байсан юм. Давхар нэмсэн явдал хууль дүрэм журамд нийцэхгүй байгаа гэж бид үзэж байгаа тул жич сөрөг нэхэмжпэл гаргах болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/02090 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Анхбаяраас 15,919,025 төгрөг, Монголын урлагийн зөвлөлөөс 7,076,183 төгрөг, Д.Эрдэнэцэцэгээс 7,954,738 төгрөг, Ц.Сүхбаатараас 888,103 төгрөг, Юнайтед Финанс ББСБ-аас 15,919,025 төгрөг, нийт 47,757,075 төгрөг гаргуулах тухай Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396,735.38 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 249 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/02090 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 396,735 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг, П.Батбаатар нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.31-ний өдрийн 249 дүгээр магадлалд дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Үүнд: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзнэ. Учир нь Тээвэр хөгжлийн банк уг барилгад засвар хийх хөрөнгө гаргах түүнээс үүссэн үр дагаврыг нэхэмжлэх эрхтэй субьект мөн эсэх дээр үнэлэлт дүгнэлт өгсөн нь зөв байсан. Мэргэжлийн хяналтын газарт Тээвэр хөгжлийн банк хүсэлт гаргасан байдаг. Тээвэр хөгжлийн банк Энхтайвантай байгуулсан түрээсийн гэрээ дээр уг барилгын ашиглалт засвар үйлчилгээтэй холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулахыг хязгаарласан заалт байсаар байтал зөрчин Шинэсүнжий ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. Барилгын тухай хуулийн Барилга байгууламжийн өмчлөгч эзэмшигчийн эрх, үүрэг гэсэн хэсгийн 46.1.10-д барилга байгууламжид мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, сурталчилгааны болон гэрлэн чимэглэл байрлуулах ажлын зураг төсөл, түүний угсралт, бэхэлгээг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж, барилгын хийц, бүтээцэд эвдрэл, гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх гэсэн зохиуулалтыг мэргэжлийн хяналтын дүгнэлтэнд зааж өгсөн нь хөндлөнгийн этгээд Тээвэр хөгжлийн банкинд хамааралгүй юм. Тээвэр хөгжлийн банкны хүсэлтээр МХГ-аас шалгалт хийгээд дүгнэлт гаргасан байдаг. Үүнээс үзэхэд Тээвэр хөгжлийн банк үнэхээр орчин тойронд учирч болзошгүй эрсдэлд санаа зовоод байна уу эсвэл өөр зорилго агуулаад байна уу гэдэг нь Энхтайван гэгч тухайн засварын үед /одоогоор ямар зөвшөөрөлтэй нь тодорхой бус/ 6 давхрыг бариад орон сууцны зориулалтаар Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан нь анхаарал татдаг. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хурал дээр эвлэрэх санал шүүгч асуухад Энхтайвантай тохирсон тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзаж болох саналыг тавьж хариуцагч талаас Энхтайвантай тохирох асуудал ярьсан тохиолдолд бид эвлэрлийг хүлээн авах боломжгүй шүүх хурлаа хийлгэнэ гэдэг саналыг тавьж байсан зэргээр тайлбарлагдана. Үүнийг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн. Хоршооны тухай хуульд Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан хамтын, удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ. гэжээ. Дельта төв хоршоо нь дээрх тодорхойлолтоор хурлаа хийж хамтын шийдвэр гаргаж байж засвар хийлгэх эсэхийг шийдвэрлэх ёстой байна. Гүйцэтгэх захиралд мэдэгдсэнээр Тээвэр хөгжлийн банк засвар хийсэн нь Хоршооны тухай хууль зөрчжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт Хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байх зохицуулалтай. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.31-ний өдрийн 249 дүгээр магдлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Тээвэр хөгжлийн банк ХХК нь бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсний улмаас гарсан зардалд хариуцагч Г.Анхбаяраас 15,919,025 төгрөг, Монголын урлагийн зөвлөл ТББ-аас 7,076,183 төгрөг, Д.Эрдэнэцэцэгээс 7,954,738 төгрөг, Ц.Сүхбаатараас 888,103 төгрөг, Юнайтед Финанс ББСБ ХХК-иас 15,919,025 төгрөг, нийт 47,757,075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Дельта төвийн барилгын гадна фасад Барилгын тухай хуулийг зөрчиж хийгдсэн, орчин тойрондоо аюул учруулахуйц байгаа талаар эрх бүхий этгээдээс гаргасан дүгнэлтийг үндэслэн засвар хийсэн. ...нэхэмжлэгчээс гарсан зайлшгүй зардлыг ...барилгын бусад давхрын өмчлөгчдөөс өмчилж буй талбайн хэмжээнд тохирсон байдлаар нэхэмжилсэн... гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч нараас нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч бусад өмчлөгч нарын зөвшөөрөлгүй барилгад 6 дугаар давхар нэмсэн бөгөөд ийнхүү нэмэх явцдаа барилгын гадна фасадыг сольсон. ...фасад солих шаардлага байгаагүй тул энэ нь зайлшгүй зардал биш. ...бидний үүргийг даалгаваргүй гүйцэтгэсэн гэх аливаа үндэслэл байхгүй. ...нэхэмжлэгч нь 972 м.кв талбай буюу барилгын нийт талбайн 70 хувийг эзэмшдэг байхад ганцхан давхарт ногдох 15,919,025 төгрөгийг төлсөн... гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, ямар баримтад үндэслэж нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д зааснаар бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлүүлэхээр шаардсан байтал анхан шатны шүүх хуульд зааснаар, бусдын эд хөрөнгө болон эрх ашигт учирч болзошгүй ямар эрсдэл /аюул/ бий болсон, өөрөөр хэлбэл барилгын фасадыг зориулалтын бус материалаар хийсний улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах ямар эрсдэл бий болсон, нэхэмжлэгч бусад өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр барилгын фасадыг засах боломжтой эсэх, хуульд заасан мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн эсэх, мөн нэхэмжилж буй зардал нь үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардал мөн эсэхэд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй талаар зөв дүгнэсэн байна.

Магадлалд заасанчлан анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулан, талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, нотлох баримт бүрдүүлэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан алдааг залруулж, зохигчийн бүрдүүлсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлэн, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 249 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396,737 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

Д.ЦОЛМОН