Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 1209

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

 

 

 

 

2019            12            3                                                2019/ДШМ/1209     

 

 

Д.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/1519 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Арвинбуудайгийн бичсэн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн 1803010200043 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хотгойд овгийн Д Б, 1976 оны 3 дугаар сарын 6-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол ХД 18/а байрны 60 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ЦД76030612/;

Д.Б нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Улиастайн хуучин эцсийн замд 2018 оны 12 дугаар сарын 7-ны орой 22 цаг 20 минутын үед өөрийн эзэмшлийн Toyota Corolla маркийн 76-92 УНЧ дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Э.Байгалийн жолоодон явсан Honda HR-V маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд сууж явсан явган зорчигч /14 настай эмэгтэй/ Б.Солонгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хотгойд овогт Д Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Бд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Б нь бусдад баримтаар төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тушаасан хохирлын 440.000 /дөрвөн зуун дөчин мянган/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Батхоролын Наранд /РД:Ц063092801/олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжпэгч нар нь энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн Д.Бын 326651 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.    

            Дээд шатны прокурор Ц.Арвинбуудай бичсэн эсэргүүцэлдээ:

            “...Тээврийн прокурорын газраас Д.Бд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заааснаар 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 92 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

   Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэртээ: Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хохирогч, иргэний нэхэмжлэгч эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.

2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ДШМ/588 дугаартай Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шудрага ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 заалтад зааснаар Эрүүгийн хуулийн зүйл ,заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж тус тус үзэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Байгал, иргэний нэхэмжпэгч Б.Наран нарын хамтран гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаажээ.

2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг дахин хянан хэлэлцэгдэж шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар мөн тэнсэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2.35 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа эсрэг урсгалд зорчиж байсан тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч /14 настай, эмэгтэй/ Б.Солонгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, “Ноnda НР-V” маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Наранд нийт 939.100 төгрөгийн хохирол тус тус учруулсан байх ба хор уршиг арилаагүй байхад түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шудрага ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, ...хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцэхгүй байна.

 Согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний согтуугаар үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/1519 дугаартай шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож, Д.Бд холбогдох хэргийг буцааж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б нь тухайн үед хүнд зэргийн согтолттой байсан. Согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний согтуугаар үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны  төлөөөлөгч Э.Байгаль “маш их гомдолтой байна, охин маань төгөлдөр хуур дардаг байсан. Одоо мөрөөдөл нь биелэхгүй болчихлоо” гэдэг. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал маш их гарч байгаа. Иймд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүсийг аль болох тэнсэхгүйгээр хорих ялыг нь биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Б нилээн хүнд зэргийн согтолттой байсан. Эсрэг урсгалд орж зүгээр явж байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн нь маш хор уршигтай. Мөн машинд зорчиж явсан хүүхдийн гар гэмтсэн. Одоо хүртэл гар нь эдгэрээгүй. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1519 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү. ...” гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал;

Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Э.Байгалийн жолоодон явсан Honda HR-V маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд сууж явсан явган зорчигч /14 настай эмэгтэй/ Б.Солонгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам үйлдэл нь анхан шатны шүүгдэгч “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч болон иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол төлбөрийг төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн, анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон...” гэх  хөнгөрүүлэх үндэслэлүүдийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг тусгахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийх нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг хэрэглэхэд хохирлоо нөхөн төлсөн эсэх нь зайлшгүй байх үндсэн нөхцөлийн нэг бөгөөд дээрх нөхцөлийг бүрдүүлэх боломжоор давж заалдах шатны шүүх хангаж ажилласан болно.

Гэхдээ шүүх шүүгдэгч Д.Б нь хэрэг үйлдэх үедээ 2.35 хувийн согтолттой, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, түүний мөргөсөн Э.Байгалийн жолоодон явсан Хонда маркийн 21-86 УНО улсын дугаартай машинд 1-14 насны 3 хүүхэд сууж явсанаас насанд хүрээгүй хохирогч Б.Солонгийн биед хүндэвтэр хохирол учирсан зэрэг нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг ял оногдуулахдаа анхаарах шаардлагатай.

Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг төлбөрийг бүрэн төлж, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хэдий ч энэ талаар бодитой нотлох баримт байхгүй, шүүгдэгч Д.Быг “цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх үндэслэлээр түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Цаашид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан бүх шалгуур нөхцөл хангагдсан байхыг, мөн “хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх үндэслэлээр шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд түүний “хохирол төлж барагдуулна” гэсэн тайлбар дангаараа хангалтгүй, өөрөөр хэлбэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ойлголтоор тэнсэх зохицуулалтыг хэрэглэхдээ хэлбэрийн хувьд авч үзэхгүйгээр шүүгдэгч бодитой байдлаар илэрхийлж байгаа, тодорхой хугацаанд хохирлыг төлөх санхүүгийн чадвартайгаа нотолсон байдал, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг баримтын хэмжээнд төлж барагдуулсан, эсхүл хохирол төлөхөд хүрэлцэхүйц мөнгийг тусгай дансанд байршуулсан, тодорхой эд хөрөнгийг хохиролд тооцон шилжүүлэхээр санал гаргасан зэрэг объектив шалгуурыг хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал зэрэгтэй харьцуулан үнэлэх замаар авч үзэх нь тухайн асуудлыг зохицуулсан хэм хэмжээний мөн чанарт нийцнэ.

Анхан шатны шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө шүүгдэгч илэрхийлсэн гэж дүгнэхдээ тухайн илэрхийлэл нь үнэхээр бодитой хэрэгжих эсэх, шүүгдэгчийн уг хүсэл зориг, хандлага хэрхэн нотлогдож буйг хангалттай тодорхойлж, дүгнээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Мөн энэ төрлийн гэмт хэргийн гаралт, гэмт хэргийн улмаас нийгэмд учирч буй хохирол, хор уршиг зэрэгт анхаарч, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ялын бодлогын хувьд анхааран авч үзэх нь Эрүүгийн хууль болон эрүүгийн хариуцлагын зорилтод нийцэх юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр дээд шатны прокурор Ц.Арвинбуудайгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Бд холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/1519 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Бд холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

 

                            ШҮҮГЧ                                                        Б.ЗОРИГ

 

                ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ