Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
Хэргийн индекс | 181/2017/03612/и |
Дугаар | 75 |
Огноо | 2019-01-02 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 75
2019 оны 01 сарын 02 өдөр | Дугаар 181/ШШ2019/00075 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш З Б ХХК -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:, Г Г С К ХХК ,
Хариуцагч: М П Д ХХК нарт тус тус холбогдох,
2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/-ийг хариуцагч “Г Г С К ” ХХК-иас, ус зайлуулах насос 10 ширхэг, хамгаалалтын төмөр труба 696 метр, хомучик, Б цахилгааны хайрцаг 13 ширхэг зэргийг хоёр хариуцагчаас, 11 ширхэг ус зайлуулах насосны үнэ 6,516,928 төгрөг, 21 ширхэг насосны дагалдах хэрэгсэл материалын үнэ 398,378.44 төгрөг, аюулгүйн торны үнэ 978,852 төгрөг, Б цахилгааны хайрцаг 1 ширхэг, цахилгааны тоолуурын хамт үнэ 79,674 төгрөг, DN300*7 ган хоолой 230 метрийн үнэ 10,219,728 төгрөг нийт 18,193,560 төгрөгийг тус тус хариуцагч нараас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, өмгөөлөгч М.Мөнхжаргал, хариуцагч “Грийт гоулд стар констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан, хариуцагч “М П Д ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл тайлбартаа:
“Ш З Б ” ХХК нь “М П Д ” ХХК-ийн захиалгаар Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-12 хаягт байрлах газар дээр баригдах Олон Улсын Санхүүгийн төвийн барилгын ажлыг 2012 оноос гүйцэтгэж эхэлсэн байдаг. Энэхүү хугацаанд гүйцэтгэгч “Ш З Б ” ХХК нь нэгдүгээр шатны ажил буюу газрын гүнд бэхэлгээ хийх зориулалттай бетон шон суурийн ажил болон 2 дугаар шатны ажил болох хавтан суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний дараа “Ш З Б ” ХХК нь дараагийн шатны ажлыг хийж эхэлсэн бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 2015 оны өвөл барилгын салбарт мөрдөгдөж буй норм, дүрмийн дагуу барилгын ажлаа зогсоосон байдаг. Ийнхүү ажил зогсох үед гүйцэтгэсэн ажлыг хөлдөлтөөс хамгаалах болон бусад шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хийж захиалагч талд мэдэгдэж, барилгын талбайг түр хугацаанд хүлээлгэж өгсөн. Улмаар 2016.01.16-ны өдөр захиалагч “М П Д ” ХХК-ийн талаас манай компани болон “Грийт гоулд стар констракшн” ХХК-ийн төлөөлөгч нарыг байлцуулан Олон Улсын Санхүүгийн Төвийн барилгын талбайд байсан манай компанийн өмчлөлийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжүүдийг “Грийт гоулд стар констракшн” ХХК болон “М П Д ” ХХК-д түр хугацаагаар хүлээлгэн өгч, эд хөрөнгийг гэмтээж, үрэгдүүлсэн тохиолдолд учирсан хохирлыг зах зээлийн үнээр тооцон төлөхөөр тохиролцож, “Барилгын талбайд байгаа тоног төхөөрөмж болон эд зүйл хүлээлцсэн акт”-ыг “Грийт гоулд стар констракшн” ХХК-тай, “Барилгын талбай хүлээлцэх бичиг”-ийг “М П Д ” ХХК-тай тус тус үйлдсэн. Эдгээр актаар дараах үнэлгээ бүхий тоног төхөөрөмж, эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн.
№ | Тоног төхөөрөмж, эд зүйл, тэдгээрийн дагалдах хэрэгслийн нэр | Нэгж | Тоо ширхэг | Нэгжийн үнэ /юань/ | Нийт үнэ /юань/ | Нийт үнэ /төгрөг/ |
1 | Усны насос | Ком | 21 | 1600 | 33 600 | 12,441,408.00 |
Насосны дагалдах хэрэгсэл, материал | Ком |
|
|
| 398,378.44 | |
2 | Хамгаалалтын төмөр, труба | Метр | 696 | 16 | 11 136 | 4,123,438.08 |
Трубаны дагалдах хэрэгсэл: Хомучик | Ширхэг | 310 | 6 | 1 860 | 688,720.80 | |
Трубаны дагалдах хэрэгсэл: Аюулгүйн тор | Метр/кв | 258 | 10 | 2 580 | 955,322.40 | |
3 | Генератор | Ширхэг | 2 | 150 000 | 300 000 | 111,084,000.00 |
4 | А цахилгааны хайрцаг, цахилгааны тоолуурын хамт | Ком | 1 | 4800 | 4 800 | 1,777,344.00 |
5 | Б цахилгааны хайрцаг, цахилгааны тоолуурын хамт | Ком | 14 | 210 | 2 940 | 1,088,623.20 |
6 | DN300*7 ган хоолой | Метр | 230 | 120 | 27 600 | 10,219,728.00 |
Нийт дүн | 384 516 | 142,776,962.92 |
Дээрх тоног төхөөрөмж, эд хөрөнгийг манай компани нь БНХАУ-аас худалдан авсан бөгөөд эдгээрийн нийт үнэлгээг юаниар тооцож, нэхэмжлэл гаргасан өдөр зарласан Монгол банкны албан ханшаар үнэлгээг төгрөгөөр тооцож гаргасан болно.
Манай компани нь захиалагч талтай тохиролцсон ёсоор 2016 оны 4 дүгээр сараас эхлэн барилгын ажлаа үргэлжлүүлэн хийж эхлэх байсан боловч “М П Д ” ХХК нь өнөөдрийг хүртэл биднийг ямар ч шалтгаангүйгээр ажиллуулахгүй байгаа бөгөөд “М П Д ” ХХК болон “Грийт гоулд стар констракшн” ХХК-ууд нь өдийг хүртэл манай компанийн өмчлөлийн дээрх эд хөрөнгийг буцааж өгөхгүй, барилгын талбайд байлгаж, барилгын ажилдаа ашиглаж, өөрсдөө ашиг шимийг нь хүртэж, бидэнд хохирол учруулсаар байна.
Олон улсын санхүүгийн төвийн барилгын талбайд шүүхээр үзлэг хийлгэхэд хариуцагч нараас гаргуулахаар шаардаж буй эд хөрөнгийн хэсэг болох цахилгаан үүсгүүр буюу 2 ширхэг генератор нь тус талбайд байгаагүй тул үнийг нь гаргуулахаар нэхэмжилж байсан боловч өөрсдөө очиж үзэхэд тухайн 2 ширхэг генератор нь бүрэн бүтэн байсан. Уг 2 ширхэг цахилгаан үүсгүүр нь БНХАУ-д 2013 онд үйлдвэрлэсэн, TFW2-200 маркийн 200 KW, мотор эргэлт/мин: 1500, 400V, 50Hz, тог гаргах зориулалттай. Ус зайлуулах насос нь БНХАУ-д 2013 онд үйлдвэрлэсэн, QJ175/5.5kW маркийн, цагт 30м3 ус шахах, 4кв хүчин чадалтай, мотор эргэлт/мин 2850, ус шахах зориулалттай тоног төхөөрөмжүүд юм. Хамгаалалтын төмөр турба, хомучик зэрэг эд зүйлийн фото зургийг хэргийн 23-р талд, Б цахилгааны хайрцаг 13 ширхэгийн фото зургийг хэргийн 15-19 дүгээр талд авч хавсаргасан.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу “Ш З Б ” ХХК-ийн өмчлөлийн эд зүйл тоног төхөөрөмж болох БНХАУ-д 2013 онд үйлдвэрлэсэн, TFW2-200 маркийн 200 KW, мотор эргэлт/мин: 1500, 400V, 50Hz, тог гаргах зориулалттай 2 ширхэг цахилгаан үүсгүүр буюу генераторыг хариуцагч “Грийт гоулд стар констракшн” ХХК-ийн хууль бус эзэмшлээс, Олон улсын санхүүгийн төвийн барилгын талбайд байгаа БНХАУ-д 2013 онд үйлдвэрлэсэн, QJ175/5.5kW маркийн, цагт 30м3 ус шахах, 4кв хүчин чадалтай, мотор эргэлт/мин 2850, ус шахах зориулалттай ус зайлуулах насос 10 ширхэг, хамгаалалтын төмөр труба 696 метр, хомучик, Б цахилгааны хайрцаг 13 ширхэг зэрэг эд хөрөнгийг Грийт гоулд стар констракшн ХХК болон М П Д ”ХХК-уудын хууль бус эзэмшлээс тус тус гаргуулах,
Шүүхийн үзлэгийн үеэр барилгын талбайд байгаагүй, эвдэрч гэмтсэн, дутсан эд хөрөнгүүд болох 11 ком ус зайлуулах насосны үнэ 6 516 928 төгрөг /1 ширхэгийн үнэ 592 448 төгрөг/, 21 ширхэг насосны дагалдах хэрэгсэл, материалын үнэ 398 378,44 төгрөг, аюулгүйн торны үнэ 978 852 төгрөг /1 ширхэгийн үнэ 3 702,8 төгрөг/, Б цахилгааны хайрцаг 1 ширхэг цахилгаан тоолуурын хамт үнэ 79 674 төгрөг /1 ширхэгийн үнэ/, DN300*7 ган хоолой 230 метрийн үнэ 10 219 728 төгрөг /1 метрийн үнэ 44 433,6 төгрөг/ нийт 18 193 560 төгрөгийг М П Д ХХК, Грийт гоулд стар констракшн ХХК нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Грийт гоулд стар констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэхүү маргаан нь “Ш З Б ” ХХК болон “М П Д ” ХХК-ийн хооронд байгуулсан “Газар шорооны ажлын гэрээний” үндсэн дээр үүссэн бөгөөд тус гэрээний сонгон шалгаруулалтын баримт бичгийн L хэсэгт зааснаар БНХАУ-ын Хонг Конг дахь олон улсын Арбитрын харьяалалын маргаан байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Эдгээр тоног төхөөрөмж нь талбайд маш их зай газар эзэлж байгаа бөгөөд барилгын ажилд саад болж байгаа. Мөн тухайн тоног төхөөрөмжүүдийг хадгалах, хамгаалахын тулд ихээхэн зардал гаргаж хамгаалалтын ажлын хүмүүс нэмж ажиллуулсан. Тиймээс манай компани нь эдгээр тоног төхөөрөмжүүдийн өмчлөгчөөс хамгаалалтын албаны зардал болон талбай ашигласны зардлыг төлж барагдуулахыг шаардах болно. Иймд “Ш З Б ” ХХК-ийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү нэхэмжлэл нь манай компанитай ямар ч холбоогүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч “М П Д ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хамтран хариуцагчийн хэрэгжүүлж буй Монгол улс, Улаанбаатар хот 14251, Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороолол, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-12 хаягт барихаар төлөвлөгдсөн Олон Улсын Санхүүгийн Төв барилгын төслийн Газар Шорооны болон Хамгаалах шон суурь, Хавтан, Хөрсний ус зайлуулах ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтанд Нэхэмжлэгч тал оролцон шалгарсан. Нэхэмжлэгч болон хамтран хариуцагч нар гүйцэтгэх ажил, хугацаа, ажлын хөлс зэрэг үндсэн нөхцөлийг харилцан тохиролцож тодорхойлон 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Барилгын төслийн Газар шорооны болон Хамгаалах шон суурь, Хавтан, Хөрсний ус зайлуулах ажлын гэрээг байгуулсан. Хариуцагч нэхэмжлэгч нарын хоорондын актанд дурдсан аливаа эд хөрөнгө нь Газар шорооны ажлын гэрээний дагуу үнэ нь төлөгдөж хамтран хариуцагчийн өмчлөлд шилжсэн гэрээний зүйл, хамтран хариуцагчийн шударга эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд хамтран хариуцагчийн даалгасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн. Төслийн талбай дээр одоо байгаа тэдгээр эд хөрөнгө нь хамтран хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө юм. Газар шорооны ажлын гэрээний нарийвчилсан зохицуулалт бүхий салшгүй хэсэг болох хавсралтын L хэсэгт нэхэмжлэгч болон хамтран хариуцагч нарын хооронд аливаа маргаан гарсан тохиолдолд талууд маргаанаа Монгол Улсын хуулийг баримтлан БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс болох Хонг Конг дахь арбитраар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож арбитрын хэлцэл хийсэн байна. Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9 дэх хэсэгт Арбитрын тухай заалт бүхий ямар нэг баримт бичгийг талуудын хооронд байгуулсан гэрээнд эш татсан бөгөөд энэ нь тухайн гэрээний хэсэг болохыг гэрээнд тусгайлан заасан бол үүнийг арбитрын хэлэлцээр гэж үзнэ гэж заасны дагуу талууд арбитрын хүчин төгөлдөр хэлцэлтэй. Нэгэнт талууд аливаа маргаанаа арбитраар харьяалуулан шийдвэрлүүлэхээр хэлэлцэн тохиролцож арбитрын хэлцэл хийсэн тул нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.3 дахь заалтууд буюу хэргийн харьяаллыг зөрчин нэхэмжлэл гаргасан байна.
Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол шүүх аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус, эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоно” гэж заасны дагуу Хамтран хариуцагч тал энэхүү нэхэмжлэлд холбогдох маргааныг арбитраар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд дээрх тайлбар, хүсэлтийг харгалзан үзсэний үндсэн дээр, нэхэмжлэгч нь ИХШХШТХ-ийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяаллыг зөрчиж нэхэмжлэл гаргасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байх тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш З Б ХХК нь хариуцагч М П Д ХХК болон Грийт гоулд стар констракшн ХХК нарт холбогдуулан 2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/-ийг хариуцагч Г Г С К ХХК-иас, ус зайлуулах насос 10 ширхэг, хамгаалалтын төмөр труба 696 метр, хомучик, Б цахилгааны хайрцаг 13 ширхэг зэргийг 2 хариуцагчаас, 11 ширхэг ус зайлуулах насосны үнэ 6,516,928 төгрөг, 21 ширхэг насосны дагалдах хэрэгсэл материалын үнэ 398,378.44 төгрөг, аюулгүйн торны үнэ 978,852 төгрөг, Б цахилгааны хайрцаг 1 ширхэг, цахилгааны тоолуурын хамт үнэ 79,674 төгрөг, DN300*7 ган хоолой 230 метрийн үнэ 10,219,728 төгрөг, нийт 18,193,560 төгрөгийг хариуцагч компануудын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 сарын 08-ны өдөр тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч нар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрдөг ба талууд тухайн шаардлагатай холбоотой ажил гүйцэтгэх гэрээний маргаанаа арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон гэж маргадаг.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэснийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч Ш З Б ХХК нь хариуцагч М П Д ХХК-ийн захиалгаар, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-12 хаягт байрлах газар дээр баригдах Олон Улсын санхүүгийн төвийн барилгын ажлыг гүйцэтгэхээр 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Шон суурийн ажлын гэрээг байгуулсан, мөн 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1154/F20120531R дугаартай Тендерийн асуулгын хариу нэртэй баримт бичгийг тус тус үйлдэж, талууд харилцан тохиролцож, эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зуран тамга дарж баталгаажуулсаны дагуу гэрээнд заасан ажлыг хийсэн ба тус барилгын талбайг 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр М П Д ХХК-ийн итгэмжлэлээр Грийт гоулд стар констракшн ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, хэргийн 13-р талд авагдсан Талбай хүлээлцсэн баримт /Голден фейм ХХК-ийн орчуулга/ /мөн хэргийн 123-т Хүлээлгэн өгсөн акт гэсэн нэртэй Хөглөг хангай орчуулгын товчооны/, хэргийн 11-р талд IFC-ын талбай дээрх тоног төхөөрөмж болон эд зүйл хүлээлцсэн жагсаалт /мөн хх-ийн 124-т Олон улсын худалдааны төв барилгын талбайд байгаа тоног төхөөрөмж хүлээлцэх акт гэсэн нэртэй/ зэрэг баримтууд тус тус хэрэгт авагдсан байна.
Талуудын хооронд байгуулагдсан дээр дурдсан гэрээ /хх-ийн 148-153 дугаар хуудас/, 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1154 F20120531R дугаартай тендерийн асуулгын хариу №17R нэртэй баримт бичгийн J-д арбитрын ажиллагаа явуулах газар нь Хонг Конг байхыг үүгээр баталгаажуулах шаардлагатай гэж /хх-ийн 154-161 дүгээр хуудас/ тус тус заасан байх боловч нэхэмжлэгчийн хариуцагч нараас нэхэмжлэлээр шаардаж буй тоног төхөөрөмж эд зүйл гаргуулах маргаан нь тухайн заалтад хамааралгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь Олон Улсын санхүүгийн төвийн барилгын талбайд тухайн гэрээний ажлыг хийхэд зориулж өөрийн хөрөнгөөр худалдан авсан гэх хэрэгт баримтаар авагдсан тоног төхөөрөмжийг хариуцагч М П Д ХХК-ийн даалгаснаар хариуцагч Грийт гоулд стар констракшн ХХК-д хүлээлгэн өгсөн талаар талууд маргаагүй, харилцан хүлээн зөвшөөрдөг бөгөөд тус талбайд байсан тоног, төхөөрөмжүүдийг 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баримт үйлдэн хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан орчуулгын баримтаар тогтоогдож байна.
Иймд, зохигч талууд нь 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Талбай хүлээлцсэн баримт болон IFC-ын талбай дээрх тоног төхөөрөмж, эд зүйл хүлээлцсэн жагсаалт /хавсралт/-ыг тус тус үйлдэн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж зааснаар хэлцэл хийсэн гэж үзнэ. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэснээр тухайн хэлцэл нь хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч нь ийнхүү хүлээлгэн өгсөн актад: Грийт гоулд стар ХХК нь Монголиа проперти деволопмент ХХК-ийн итгэмжлэлээр “....Олон улсын банк санхүүгийн барилгын ажлын талбайг хүлээн авч, талуудын талбайд байгаа эд зүйлийг тоолон Грийт гоулд стар ХХК-д хүлээлгэн өгч цаашид хариуцсан эд хогшлийг үрэгдүүлж гээхгүй байх, хэрэв гэмтээсэн, үрэгдүүлж гээсэн бол зах зээлийн үнээр төлнө...” гэж бичин тохиролцож тус талбайд байгаа эд зүйлийн хавсралтад:
№ | Эд зүйлийн нэр | Нэгж | Тоо ширхэг | Тайлбар |
1 | Ус зайлуулах насос | К | 21 | Кабель хэмжигч, хөдөлгүүрийн таваг, хаалт |
2 | Хамгаалалтын төмөр | М |
| Фото зургийн дагуу зүүнээс баруун |
3 | Генератор | Ш | 2 |
|
4 | А цахилгаан хайрцаг | К | 1 | Дотор байдлын фото зургийн дагуу |
5 | Б цахилгаан хайрцаг | К | 14 | Дотор байдлын фото зургийн дагуу |
6 | DN300*7 ган хоолой | М |
| Дотор байдлын фото зургийн дагуу, хаалт багтана |
7 | Цахилгаан тоолуур болон тоо |
|
|
|
жагсаан бичиж хүлээлгэн өгсөн ба эдгээр тоног төхөөрөмжүүдээ болон заримын үнийг гаргуулахаар тус тус шаардах эрхтэй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхээр Ш З Б ХХК нь өөрийн хөрөнгө, мөнгөөр худалдан авсан ус зайлуулах насос 21 ширхэг, нэг бүрийн үнэ 1 600 юань буюу 12 441 408 төгрөг, насосны дагалдах хэрэгсэл, материалын үнэ 398 378.44 төгрөг, хамгаалалтын төмөр труба 969 метр, нэгжийн үнэ 16 юань буюу 4 123 438.08 төгрөг, трубаны дагалдах хэрэгсэл хомучик 310 ширхэг, нэгжийн үнэ 6 юань буюу 688 720.80 төгрөг, аюулгүйн тор 258 метр, нэгжийн үнэ 10 юань буюу 955 322.40 төгрөг, генератор 2 ширхэг, А цахилгааны хайрцаг 1 ширхэг, Б цахилгааны хайрцаг 14 ширхэг, DN300*7 ган хоолой 230 метр, нэгжийн үнэ 120 юань буюу 10 219 728 төгрөг, нийт үнийн дүн 142 776 962,92 төгрөгийн тоног төхөөрөмжүүд болон тэдгээрийн үнийг хариуцагч компаниудын хууль бус эзэмшлээс гаргуулахаар тодорхойлсон байдаг.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардаж буй дээрх тоног төхөөрөмжөөс 2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/-ийг 2013 оны 06 сарын 20-ны өдөр БНХАУ-аас худалдан авч гаалийн хилээр оруулж ирсэн, 59 837 592,82 төгрөгийн үнэтэй болох нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/-ийн баримтаар нотлогдож байгаа боловч бусад тоног төхөөрөмжүүдийг хэдийд, ямар үнээр худалдан авсан талаар холбогдох бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй, зөвхөн нэхэмжлэгч байгууллагын ерөнхий ня-богийн хүснэгтлэн гаргаж, гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарсан Бараа материалын тайлан 2018.06.30 гэсэн огноотой /хх-ийн 193-197 талд/ жагсаалтын баримтыг гаргаж өгснийг нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлэх боломжгүй бөгөөд бусад баримтаар давхар нотлогдохгүй байна гэж дүгнэлээ.
Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа усны насос 21 ком, хамгаалалтын төмөр турба 696 метр, турбаны дагалдах хэрэгсэл хомучик 310 ширхэг, аюулгүй тор 258 метр, DN300*7 ган хоолой 230 метр гэж тодорхойлсон боловч хариуцагч талд хүлээлгэн өгсөн талаархи баримтанд эдгээрийг тодорхой тусгаагүй байдаг бөгөөд хэрэгт авагдсан тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн гэх орчуулгын 2 ширхэг баримтанд усны насосыг нэгэнд нь 21 ширхэг, нөгөөд нь 20 ширхэг гэж зөрүүтэй бичигдсэн байгаа зэрэг нь үнэн зөв эргэлзээгүй хуульд заасан шаардлага хангасан нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байна.
Иймээс, БНХАУ-д 2013 онд JING YIN DIAN ZHAN-ийн үйлдвэрлэсэн, TFW2-200 маркийн 200 KW, мотор эргэлт/мин: 1500, 400V, 50Hz, тог гаргах зориулалттай 2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/, мөн БНХАУ-д 2013 онд үйлдвэрлэсэн QJ175/5.5kW маркийн, цагт 30м3 ус шахах, 4кв хүчин чадалтай, мотор эргэлт/мин 2850, ус шахах зориулалттай ус зайлуулах насос 10 ширхэг, хамгаалалтын төмөр труба 696 метр, хомучик, Б цахилгааны хайрцаг 13 ширхэг зэрэг эд хөрөнгүүд нь одоо хариуцагч М П Д ХХК болон Грийт гоулд стар констракшн ХХК-ийн эзэмшилд байгаа болох нь талуудын тайлбар, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож байх тул эдгээр тоног, төхөөрөмжийг хариуцагч Грийт гоулд стар констракшн ХХК болон М П Д ХХК-уудаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 11 ширхэг ус зайлуулах насосны үнэ 6,516,928 төгрөг, 21 ширхэг насосны дагалдах хэрэгсэл материалын үнэ 398,378.44 төгрөг, аюулгүйн торны үнэ 978,852 төгрөг, Б цахилгааны хайрцаг 1 ширхэг, цахилгааны тоолуурын хамт үнэ 79,674 төгрөг, DN300*7 ган хоолой 230 метрийн үнэ 10,219,728 төгрөг, нийт 18,193,560 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч нар тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн актад дурдсан эд юмс нь гэрээний үнийн дүнд орсон, өөрсдийгөө өмчлөгч гэж тайлбарлан маргаж байх боловч тухайн тайлбар нь баримтаар нотлогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг гаргуулахаар шаардлага гаргасныг талуудын хооронд байгуулагдсан газар шорооны ажлын гэрээтэй холбоотой гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар энэхүү нэхэмжлэлийг тус шүүх харьяалан шийдвэрлэх хууль зүйн үндэстэй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээр шаардсан тоног төхөөрөмжийг нэг бүрийн үнээр тодорхойлж, нийт үнийн дүнг 142 776 962,92 төгрөг гэж үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 871 835 төгрөгийг урьдчилан төлсөн байх тул хариуцагч нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр тодорхойлсон үнээр нь тооцож шүүхээс хангаж шийдвэрлэсэн хэмжээнд нь оногдох улсын тэмдэгтийн хураамжийг тооцсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар 2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/-ийг хариуцагч Г Г С К ”ХХК-иас, ус зайлуулах насос 10 ширхэг, хамгаалалтын төмөр труба 696 метр, хомучик, Б цахилгааны хайрцаг 13 ширхэг зэргийг хариуцагч М П Д ХХК болон Грийт гоулд стар констракшн ХХК-уудаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш З Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 11 ширхэг ус зайлуулах насосны үнэ 6,516,928 төгрөг, 21 ширхэг насосны дагалдах хэрэгсэл материалын үнэ 398,378.44 төгрөг, аюулгүйн торны үнэ 978,852 төгрөг, Б цахилгааны хайрцаг 1 ширхэг, цахилгааны тоолуурын хамт үнэ 79,674 төгрөг, DN300*7 ган хоолой 230 метрийн үнэ 10,219,728 төгрөг, нийт 18,193,560 төгрөгийг хариуцагч М П Д ХХК болон Грийт гоулд стар констракшн ХХК-уудаас гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 871 835 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, М П Д ХХК болон Грийт гоулд стар констракшн ХХК-уудаас улсын тэмдэгтийн хураамжид 772 108 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш З Б ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ