| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 167/2018/0099/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 24.3.1., |
| Улсын яллагч | О.Гэрэл |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 81
Б.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Хяналтын прокурор: С.Энхням,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЗ/337 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Б.Бд холбогдох, эрүүгийн 1920000090136 дугаартай, 1 хавтас, 233 хуудас бүхий хэргийг Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч: Монгол Улсын иргэн, ... тоотод оршин суух, урьд Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилээр тэнсэж хянан харгалзсан, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 3 сарын баривчлах ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 3 сар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 03 сар 08 хоногийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.4-т зааснаар 3 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 08 сар 01 хоногийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 27 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө суллагдсан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.3-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.3-т зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялд багтаан, биечлэн 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1 жил 4 сар 5 хоногийн хорих ялыг өршөөн сулласан, Б.Б-д холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор О.Гэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Яллагдагч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын хил болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 98-46 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслээр 9 шуудай бүхий нийт 450 кг жинтэй натрийн нитрит нэртэй химийн хорт, аюултай бодисыг тээвэрлэн зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар нэвтрүүлсэн, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Яллагдагч Б.Бд холбогдох эрүүгийн 1920000090136 тоот хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж,
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гаалийн газрын агуулахад хадгалаатай байгаа 450 кг жинтэй натрийн нитрит нэртэй химийн хорт, аюултай бодисыг хэргийн хамт Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж,
Хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад Замын-Үүд дэх гаалийн газрын салбар лабораторийн шинжээчийн 3505 дугаартай дүгнэлт, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гаалийн газарт шинжээч, гаалийн улсын байцаагч ажилтай Б.Ганбаатарын 2019 оны 04 сарын 17-ны өдөр гэрчээр өгсөн гэрчийн мэдүүлэг, Байгаль орчин аялал, жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ц.Батжаргалаас тухайн бодисын талаар тодруулж гэрчээр мэдүүлэг авсан гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт байгаа болно. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч Б.Бын Монгол Улсын хилээр тээвэрлэн нэвтрүүлсэн бодис нь натрийн нитрит хэмээх химийн хорт, аюултай бодис болох нь нотлогдсон, тэрээр уг бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримт хангалттай нотлогдсон байна. Гэтэл шүүхээс уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бодист шинжилгээ хийгдэж “натрийн нитрит” хэмээх химийн хорт, аюултай бодис болохыг тогтоосон гэдэгт эргэлзээгүй атлаа тухайн бодист шинжээчийн дүгнэлт огт гараагүй гэснийг 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хууль зүйн шаардлагад нийцээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзнэ. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийнэ” гэж заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүх нэмэлт шинжилгээ хийлгэх хууль зүйн боломж байсаар атал тухайн асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд алдаатай байна. Иймд “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.
Хяналтын прокурор С.Энхням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Нийслэлийн прокурорын газраас Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэсэн. Энэ захирамжид дээд шатны прокуророос 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн эсэргүүцэлдээ урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай хэмээн эд мөрийн баримтаар хураагдсан 450 килограмм жинтэй натрийн нитрит нэртэй химийн хорт аюултай бодис нь Монгол улсын стандартад нийцэж байгаа эсэх цаашид уг бодисыг зориулалтын дагуу ашиглаж болох эсэх дээр шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь зүйтэй. Иймд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана гэж заасан. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан натрийн нитрит аюултай бодисыг шинжээчийн дүгнэлт огт гараагүй тул шүүх өөрт огт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна гэж эсэргүүцэлдээ дурдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Замын-үүд сум дахь Гаалийн газрын салбар лабораторийн шинжээчийн 3505 дугаартай дүгнэлтэд тус химийн бодис нь натрийн нитрит бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас химийн бодис импортлох тусгай зөвшөөрөл авах шаардлагатай гэсэн. Мөн дүгнэлт гаргасан гаалийн улсын байцаагч Ганбаатар нь уг ажил үүргийн дагуу гүйцэтгэж байхад гаалийн улсын байцаагч Цэцэгчулуун шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын хамтаар цагаан өнгийн нунтаг дээжийг шинжилгээнд өгсөн. Ингээд энэ дээжийг шинжлэхэд натрийн нитрит гээд химийн бодис байсан тул сорилын дүнгээр хариуг хүргүүлсэн. Тухайн химийн бодис нь олон төрлөөр хэрэглэж болдог. Уул уурхайн тэсэлгээний бодисын найрлагад ордог, амьтныг хордуулахад ашиглана, мөн цемент бетон зуурмагийн нэмэлтээр хэрэглэдэг, хүнсний бүтээгдэхүүнд хүнсний нэмэлтээр хэрэглэдэг. Тухайн химийн бодис нь олон сар зориулалтын бус газар хадгалагдсан. Мөн энэ бодис нь өөрөө урвалын идэвхтэй учраас чанар нь муудсан байгаа гэж мэдүүлэг өгсөн. Мөн Байгаль орчин аялал жуулчиллын яамны хүрээлэн буй орчин байгаль нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Батжаргалаас тухайн бодисын талаар тодруулж гэрчээр мэдүүлэг авахад энэ бодис нь мэргэжлийн үүднээс хэлэхэд судалгаа шинжилгээний байгууллагад химийн урвалд ашигладаг. Мөн уул уурхай, тэсэрч дэлбэрэх бодис үйлдвэрлэх чиглэлд ашигладаг. Жишээ нь хүнсний чиглэлээр хиам үйлдвэрлэхэд ашигладаг. Натрийн нитрит нь химийн хортой бодис мөн. Байгаль орчны яамнаас энэ төрлийн бодисыг оруулж ирэхэд тусгай зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Дээрх натрийн нитрит гэх бодис нь химийн хортой бодис учир байгаль орчин болон хүний биед хортой бодисын жагсаалтад 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуучлалын яамны сайд Эрүүл мэнд спортын сайдын хамтарсан А356/396 дугаартай тушаалын жагсаалтад оруулсан. Одоо хүчинтэй мөрдөгдөж байгаа гэж тус тус мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар авагдсан. Хэрэгт хавсаргагдсан байгаа. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч Б.Бын Монгол улсын хилээр тээвэрлэн нэвтрүүлсэн бодис нь натрийн нитрит хэмээх химийн хорт аюултай бодис болох нь нотлогдсон. Тэрээр уг бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримт хангалттай нотлогдсон байна. Гэтэл шүүхээс уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бодисонд шинжилгээ хийгдэж натрийн нитрит хэмээх химийн хорт аюултай бодис болохыг тогтоосон гэдэгт эргэлзээгүй атлаа тухайн бодис шинжээчийн дүгнэлт огт гараагүй гэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байх ёстой гэсэн хууль зүйн шаардлагад нийцээгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзнэ. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол захирамж хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийлгэнэ гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүх нэмэлт шинжилгээ хийлгэх хууль зүйн боломж байсаар байтал энэ асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд алдаатай дүгнэлт гэж үзэж энэ шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд уг эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа учраас яллагдагчийг шүүхэд шилжүүлж гэм буруутай асуудлыг хянан хэлэлцэх боломжтой гэж үзэж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЗ/337 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэлээ.
Учир нь: Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатаас гаргасан эсэргүүцэлд үндэслэн түүнд бичигдсэн асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хянан хэлэлцвэл анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзлээ.
Яллагдагч Б.Б нь прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 98-46 ДГО улсын дугаартай УАЭ-31512 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон нэвтрэхдээ машиндаа 9 шуудай буюу 450 кг “натрийн нитрит” нэртэй химийн хорт, аюултай бодисыг тээвэрлэн зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх уг эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “натрийн нитрит” нэртэй химийн хорт, аюултай бодис нь Монгол Улсын стандартад нийцэж байгаа эсэх, цаашид уг бодисыг зориулалтын дагуу ашиглаж болох эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1-т заасан хэргийг прокурорт буцаах журамд нийцээгүй байна.
Хэрэгт анх Б.Баас улсын хилээр 450 кг натрийн нитрит гэх химийн бодис оруулж ирсэн үйлдэлд нь гаалийн байцаагч С.Цэцэгчулуунаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба энэ дагуу шинжилгээ хийлгэн Замын-Үүд дэх гаалийн газар салбар лабораторийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 003505 дугаартай лабораторийн сорилтын дүнгээр Б.Бын улсын хилээр оруулж ирсэн 9 шуудай буюу 450 кг бодис нь натрийн нитрит гэх химийн бодис байна гэсэн дүгнэлт гарсны /хх-ийн 10/ дараа хэргийг Цагдаагийн байгууллагад харъяаллын дагуу шилжүүлж мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн ба эдгээр ажиллагаанууд нь Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал хавтаст хэргээс тогтоогдсонгүй.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед гарсан 003505 дугаартай гаалийн лабораторийн сорилтын дүнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар нотлох баримтад тооцож болох ба уг дүгнэлтээр тухайн эд мөрийн баримтыг натрийн нитрит /Sodium nitrite/ химийн бодис болохыг тогтоосон, улмаар яллагдагч Б.Б болон хэргийн бусад оролцогч нарын зүгээс уг лабораторийн сорилтын дүнг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа зүйлгүй нь шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 11/, хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 194/ зэргээр тогтоогдсон, мөн гэрч Ц.Батжаргал /хх-ийн 39/ болон шинжээч Б.Ганбаатар /хх-ийн 189-190/ нар нь уг бодисыг ямар зориулалтаар ашигладаг талаар тодорхой мэдүүлсэн байх тул энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 450 кг натрийн нитрит химийн бодист дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй.
Түүнчлэн эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаас гадна мөн хуулийн 35.19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны үед эд мөрийн баримтыг шинжлэн судлахад шинжээч болон бусад мэргэжилтэн, гэрчийг оролцуулж болохоор заасан зэргээс үзэхэд энэхүү эд мөрийн баримтыг хэрхэхийг шийдвэрлэхийн тулд зайлшгүй шинжээч томилж шинжилгээ хийлгэх үндэслэлгүй байна.
Гэхдээ анхан шатны шүүх уг бодисыг цаашид ашиглах боломжтой эсэх талаар буюу энэ асуудлыг зайлшгүй шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах боломжтой ба энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэхгүй болно.
Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1, 1.2-т заасан хэргийг прокурорт буцаах журамд нийцээгүй тул прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЗ/337 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд буцааж, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд яллагдагч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
А.САЙНТӨГС