Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2017/00503/И |
Дугаар | 00209 |
Огноо | 2019-05-14 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 00209
2019 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 153/ШШ2019/00209 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багт оршин суух, Ширээт овогт Г-ийн Н /......./-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт байрлах, Ховд Их сургууль /..../-д холбогдох,
Ховд их сургуулийн захирлын 2017 оны 8 сарын 15-ны өдрийн Б/195 тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан багшийн ажилд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай 153/2017/00503/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, Д.Эрдэнэчимэг, гэрч Д.Энхжаргал, Х.Цэцэгханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Би 2016 оны 06 дугаар сард Ховд их сургуулийн Түүх нийгмийн ухааны тэнхимийн Төрийн захиргааны менежментийн ангийг төгсөөд. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд их сургуулийн Түүх нийгмийн ухааны тэнхимд Төрийн захиргааны менежментийн ангид гэрээт багшаар ажилд орсон. Гэрээт гэдэг нь гэрээнийхээ хугацаанд магистрын зэрэг хамгаалсан тохиолдолд дэвшүүлэн дадлагажигч багшаар томилогдох эрхтэй байдаг. Би гэрээнийхээ хугацаанд дадлагажигч багш болоод Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай тушаалаар дадлагажигч багшийн ажилд томилогдсон. Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаал гарснаар намайг Ховд их сургуулийн дадлагажигч багшийн ажил албан тушаалаас чөлөөлсөн. Намайг амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн. Би Ховд их сургуульд багшилж байхдаа ямар нэгэн сахилгын зөрчил, шийтгэл хүлээж байгаагүй.Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалын Г.Н надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ....Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх нийгмийн ухааны тэнхимийн дадлагажигч багшийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох...., 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 17,526,733 төгрөгийг гаргуулах, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх. Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалын Г.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү....Би 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан....Би 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрээт багшаар ажилд орсон. Ховд их сургуулийн захирал хэлэхдээ намайг магистрын зэргээ хамгаалчих дадлагажигч багшаар ажиллуулна гэж хэлсэн. Би 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр магистрын зэргээ хамгаалсан. Магистрын диплом 2017 оны 06 дугаар сард хэвлэгдэн гарсан.... Би магистр болон багшлах эрхийнхээ сургалтад бүртгүүлээд хамт сурсан. Яамнаас нэг хүн нэг жил хоёр юм төгсөж болохгүй нэр давхацдаг учраас чи эхлээд магистраа хамгаалчих дараа жил нь багшлах эрхээ хамгаалчих гэсэн. Би багшлах эрхэд байх бүх кредит цагаа гүйцээгээд багшлах эрхийнхээ үнэмлэхийг авахад бэлэн байсан..... Багшлах эрхийн үнэмлэхийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр авсан....Бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан Нийгэм ухааны тэнхим Түүх эрх зүйн тэнхимтэй нэгдээд Түүх нийгмийн ухааны тэнхим болсон байгаа....гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:Г.Н нь Ховд их сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/145 дугаартай тушаалаар гэрээт багшаар томилогдсон байгаа. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дууссан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц талууд хүсэлт гаргаагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол гэрээний хугацаа сунгагдсанд тооцно гэж заасан байгаа. Г.Н ажлаа үргэлжлүүлж гүйцэтгээгүй учраас гэрээт багшаар ажиллах хугацаа дууссан. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дадлагажигч багшаар томилсон тушаал гаргасан. Ховд их сургуулийн гэрээт багш нь үндсэн ажилтан биш хөлсөөр ажиллах гэрээгээр ажилладаг. Дадлагажигч багш үндсэн ажилтан. Дадлагажигч багш болохын тулд Монгол улсын хууль, сайдын тушаал, Ховд их сургуулийн дүрэм журамд заасан тодорхой шаардлага шалгуурыг хангасан хүн ажиллах боломжтой байдаг. Г.Н дээрх шаардлага шалгуурыг хангаагүй. Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Их сургууль, дээд сургууль, коллежид мэргэжлийн хичээлийг магистр, түүнээс дээш зэрэгтэй багш заах бөгөөд магистр, докторын хөтөлбөрийн хичээлийг докторын зэрэгтэй багш заана гэсэн байгаа. Г.Н манай сургуульд дадлагажигч багшаар томилогдохдоо магистрын зэрэгтэй, их дээд сургуульд багшлах эрхтэй байх ёстой байсан. Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна гэсэн байгаа. Дадлагажигч багш болохын тулд энэ шаардлага шалгуурыг хангах ёстой байсан. Монгол улсын Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 401 дүгээр тушаалын хавсралтын 5.1-д сургуулийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна. Сургуулийн багшийн нийтлэг шаардлага шалгуур үзүүлэлтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно гэж заасан байгаа. 5.3-д багшийн ажлын сул байрыг нийтэд зарлаж сонгон шалгаруулалтын үндсэн дээр багш сонгож авна гээд сайдын тушаалд тодорхой заагаад өгсөн байгаа. Энэ ажлын байранд сонгон шалгаруулалт явагдахгүйгээр Г.Н томилогдсон байгаа. Ховд их сургуулийн дүрмийн 6.1-д Ховд их сургуулийн үндсэн багш нь эрдэм шинжилгээний ажилтан нар нь тухайн салбараар мэргэшсэн магистраас доошгүй зэрэгтэй байна гэж зааж өгсөн байгаа. Дүрмийн 6.5-д шинээр багш ажилтан ажилчин авахдаа нийтэд зарлаж, сонгон шалгаруулалтын дүнг тухайн салбар нэгжийн саналыг үндэслэн хуулийн шаардлага хангасан ёс суртахууны өндөр төлөвшилттэй ажлын зохих дадлага туршлагатай бусадтай хамтран ажиллах чадвартай хүнийг түр хугацаагаар ажиллуулж тодорхой хугацааны дараа жинхлэх эсэхийг шийдвэрлэнэ гэж зааж өгсөн байгаа. Ховд их сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын ажилд авах заалтын 5.1-д шинээр бий болсон сул орон тоо гарсан ажлын байранд багш ажилтан сонгон шалгаруулж авахдаа Хөдөлмөрийн тухай хууль төсвийн тухай хууль холбогдох бусад хууль тогтоомжуудыг Ховд их сургуулийн дүрэм журмыг мөрдөнө. 5.1.2-д багшийг ажилд авахдаа багшийн ажлын журмыг удирдлага болгон, 5.1.3-д багшид тавих шаардлага хангасан хүнийг сонгон шалгаруулалтаар эсвэл өндөр мэргэжлийн эрдэмтэдийг урьж ажиллуулна гэж заасан байгаа. Г.Номин-Эрдэнийн тухайд өндөр мэргэжлийн эрдэмтэн, урьж ажиллуулах хүн биш байгаа. Ховд их сургуулийн багшийн ажлын журмыг удирдлага болгож багшийг ажилд авна гэж заасан байгаа.
.....Г.Н 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр магистрын зэрэггүй багшлах эрхийн үнэмлэхээ аваагүй байсан.2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/66 тоот тушаалаар Төрийн захиргааны удирдлагын магистрын зэрэг авсан байгаа. 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/11 тоот тушаалаар боловсрол судлалын ухааны бакалавр зэрэг авсан. Эдгээр баримтуудаас үзэхэд Г.Н нь дадлагажигч багшаар томилогдох шаардлага шалгуурыг хангаагүй хүн байсан. Багшийн ажлын журмын дадлагажигч багшийн зэрэглэлд ажиллуулахыг тодорхой заагаад өгсөн байгаа. Багшийн ажлын журмын 3.3.7-д дадлагажигч багшийн зэрэглэлд ажиллах багштай 1,5-2 жилийн гэрээг байгуулах ба уг гэрээг хоёр улирал хүртэл сунгаж болно. 3.3.8-д дадлагажигч багш нь мэргэжлээрээ магистр болон түүнээс дээш зэрэгтэй багшлах эрхтэй байна гээд заагаад өгсөн.Г.Н нь зэргээ ахиулаагүй. Хугацаатай хөдөлмөрийн гэрээний 34 дүгээр зүйлд гэрээний хугацаанд боловсролын зэргээ ахиулах, хүлээсэн үүргээ биелүүлээгүй, сахилгын болон багшийн мэргэжлийн алдаа гаргасан мэдлэг мэргэжил заах аргын хувьд цаашид дээд сургуульд шаардлага хангахгүй гэсэн бүрэлдэхүүний сургуулийн захиргааны зөвлөлийн дүгнэлт гарсан ажлын тайлан хэлэлцээд хангалтгүй үнэлгээ өгсөн бол сунгагдахгүй гэдгийг зааж өгсөн.Ховд их сургуулийн захирлын тушаал нь Монгол улсын хууль, сайдын тушаал, Ховд их сургуулийн дүрэм журмыг ноцтой зөрчсөн хууль бус томилгоо байсан. Энэ тушаал нь Ховд их сургуулийн захирал солигдох зааг дээр гарсан тушаал байгаа.Ажилтан, ажил олгогч аль аль нь хөдөлмөрийн гэрээ байгуулах замаар хөдөлмөрийн гэрээнд оролцдог. Ийм тохиолдолд хөдөлмөрийн харилцаа үүсэж байгаа.Г.Н дадлагажигч багшийн албан тушаалд ямар ч үүрэг гүйцэтгээгүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа.
....2017 оны 06 дугаар сард ээлжийн амралтаа авч ээлжийн амралтын хугацаа 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дууссан. Хавтаст хэргийн 74 дүгээр хуудсанд Ховд их сургуулийн тушаал авагдсан байгаа. Үүнээс харахад Г.Номин-Эрдэнийг амралттай байх хугацаанд чөлөөлөөгүй. Монгол улсын хэмжээнд боловсролын байгууллага 8 сард оюутан, сурагчид амарч байдаг болохоор сул зогсолттой байдаг. Ажилд орох хугацаа 2017 оны 08 дугаар сарын 28 өдөр, амралтын хугацаа 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дууссан нь тушаалаар байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино. Аль нэг талд давуу байдал олгох зүйл байхгүй. Г.Номин-Эрдэнийн зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулах санал гаргаагүй. Дадлагажигч багшаар томилсон гэдгийг хүмүүс мэдэхгүй өнгөрсөн. Хоёр захирал солигдох явцад ийм тушаал гарсан. Үүнийг хүний нөөцийн мэргэжилтэн болон хуулийн зөвлөх бусад хүмүүс энэ талаар мэдээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д талуудын хоорондын хөдөлмөрийн гэрээний болон түүнээс уламжилсан хөдөлмөрийн бусад харилцааг зохицуулна гэж заасан байгаа. Ээлжийн амралтын тушаал дээр Г.Номин-Эрдэнийг гэрээт багш гэж заагаад өгсөн байгаа. Үндсэн багш 100 хувийн гүйцэтгэлтэй байлаа гэхэд гэрээт багш магистрын зэрэгтэй бол 85 хувь, магистрын зэрэггүй бол дадлагажигч багшийнхаа 80 хувийнхаа цалин авдаг. Үндсэн багш 48 хоног амардаг. Гэрээт багш нар 38 хоногийн амралттай байгаа. Г.Номин-Эрдэнийн тушаалаас харахад гэрээт багшийн амралтын хугацаа байгаа. Хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд байгаа нийгмийн даатгалын дэвтрийг харахад 8 сард ажилласан бичилт хийгдсэн байдал харагддаг. 8 дугаар сард ажилласан гэж мөнгө олгоогүй амралтын мөнгийг нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүйн үүднээс амралтын мөнгийг нь 8 сард хувааж бичсэн. Энэ байдлуудаас үзэхэд Г.Номин-Эрдэнийн томилгоо хууль бус хууль дүрмээ зөрчсөн, хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв....гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Н нь Ховд их сургуульд холбогдуулан Ховд их сургуулийн захирлын 2017 оны 8 сарын 15-ны өдрийн Б/195 тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан багшийн ажилд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Ховд их сургуулийн захирлын 2017 оны 8 сарын 15-ны өдрийн Б/195 тушаалыг хүчингүй болгох тухай шаардлагаа Ховд их сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тушаалын Г.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан багшийн ажилд эргүүлэн тогтоох тухай шаардлагаа Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн дадлагжигч багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлагаа 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17,526,733 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлагаа ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэж тус тус тодруулав.
Нэхэмжлэгч нь Тушаал хүчингүй болгох тухай Ховд их сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг эс зөвшөөрч 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчөөгүй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ....Ээжлийн амралттай байсан, 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр магистрын зэргээ хамгаалсан. Магистрын диплом 2017 оны 06 дугаар сард хэвлэгдэн гарсан. Магистрын дипломтой тул шаардлагын хангасан учир дадлагажигч багшаар томилогдсон.... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгч нь дадлагажигч багшаар нэг ч цагийн хичээл заагаагүй, дадлагажигч багшид тавигдах шаардлага хангаагүй буюу боловсролын магистрын зэрэггүй, багшлах эрхийн үнэмлэхгүй, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр дадлагажигч багшаар авсан тушаал гаргасан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил үүрэг гүйцэтгүүлээгүй тул хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй гэж тус тус мэтгэлцсэн болно.
Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны тэнхим нь одоо Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхим нэршилтэй байгаа болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдох ба энэ талаар талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч Г.Н нь Ховд их сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/140 дугаартай тушаалаар 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны тэнхимд гэрээт багшаар ажиллаж байсан болох нь Ховд их сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/140 дугаартай Гэрээт багшаар ажиллуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хугацаатай хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 6, 54, 55-56 дугаар тал/
Улмаар нэхэмжлэгч нь Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай тушаалаар 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны тэнхимд дадлагажигч багшаар томилогдсон болох нь Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай Дадлагажигч багшаар ажиллуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдлоо. /1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар тал/
Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тушаалаар нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнийг Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны тэнхимд дадлагажигч багшаар томилсон 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай Дадлагажигч багшаар ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгосон болох нь Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбараар нотлогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар тал/
Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тушаалаар нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнийг дадлагажигч багшийн ажилд томилсон 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай тушаалыг хүчингүй болгохдоо Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, БСШУ-ын сайдын 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 139 дугаартай Нийтлэг шаардлага батлах тухай тушаал, Ховд их сургуулийн дүрмийн 3.15, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.2, 5.1.3-ын а, Ховд их сургуулийн багшийн ажлын журмын 3.1.1, 3.5.8, 8.2 дахь заалтыг тус тус баримтлан их сургуулийн багшид тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй гэсэн үндэслэлийг зааж хариуцагчийн төлөөлөгч нь өмнө нь гарсан тушаалыг хүчингүй болгосон байна.
Дээрх тушаалын үндэслэл болсон Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д боловсролын байгууллагын багш, ажилтны цалин хөлсний хэмжээг тогтоох, байгууллагын дотоод журам боловсруулж, мөрдүүлэх гэж, Ховд их сургуулийн дүрмийн 3.15-д захирал сургуулийн дүрэм журамд нийцүүлэн эрх мэдлийн хүрээний асуудлаар шийдвэр гаргаж тушаалаар баталгаажуулна.... гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.2-д багшийг ажилд авахдаа Ховд их сургуулийн багшийн ажлын журмыг удирдлага болгоно гэж, 5.1.3-ын а-д багшид тавих шаардлага хангасан хүнийг сонгон шалгаруулалтаар авч ажиллуулна гэж, Ховд их сургуулийн багшийн ажлын журмын 3.1.1-д Ховд их сургуульд мэргэжлийн болон тусгай шаардлага хангасан багшийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж ажилд авна гэж, 3.5.8-д багшийг шинээр ажилд авах шийдвэрийг Ховд их сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна гэж тус тус заажээ. /1 дүгээр хавтаст хэргийн 77-82, 83-93, 117-124 дүгээр тал/
Харин нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнийг дадлагажигч багшаар томилсон Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай Дадлагажигч багшаар ажиллуулах тухай тушаалын үндэслэл болгосон Ховд их сургуулийн дүрмийн 6.5-д шинээр багш, ажилтан авахдаа нийтэд зарлаж, сонгон шалгаруулалтын дүн, тухайн салбар, нэгжийн саналыг үндэслэн хуулийн шаардлага хангасан, ёс суртахууны өндөр төлөвшилттэй, ажлын зохих дадлага туршлагатай, бусадтай хамтран ажиллах чадвартай хүнийг түр хугацаагаар ажиллуулж тодорхой хугацааны дараа жинхлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ, Ховд их сургуулийн багшийн ажлын журмын 3.5.1-д Шинэ багш авах захиалгыг тэнхим үндэслэл, цагийн ноогдлын хамт гаргаж, бүрэлдэхүүний сургуулийн захиргааны зөвлөлөөр хэлэлцэж, захирлаар баталгаажуулан Сургалтын бодлого, төлөвлөлтийн албанд хүргүүлнэ гэж заасан байна.
Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.З-т Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна. гэж заасан ба Ховд их сургуулийн дадлагажигч багшийн ажил үүрэг нь байнгын ажлын байр бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Мөн Ховд их сургуулийн багшийн ажлын журмын 3.3.8-д дадлагажигч багш нь мэргэжлээрээ магистр болон түүнээс дээш зэрэгтэй, багшлах эрхтэй байх шаардлагыг тавьсан байна.
Дээрх эрх зүйн актуудаас үзэхэд Ховд их сургуульд дадлагажигч багшаар ажилд авахдаа мэргэжлийн болон тусгай шаардлага хангасан хүнийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж ажилд авахаар зохицуулжээ.
Г.Н нь Ховд их сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/66 тоот тушаалаар Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэг, Ховд их сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/111 тоот тушаалаар Боловсрол судлалын ухааны Бакалавр зэрэгтэй болсон болох нь E20173570 дугаартай Ховд их сургуулийн Магистрын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, D201811308 дугаартай Ховд их сургуулийн Бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 9-10, 2 дугаар хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/
Монгол улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 480 дугаартай Журам шинэчлэн батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Дээд боловсролын диплом олгох журам-ын 1.2-т Дээд боловсролын диплом нь дээд боловсролын тухайн шатны хөтөлбөрийн шаардлагыг хангасан болохыг нотлох баримт бичиг мөн. гэж, 4.1-д дээд боловсролын диплом, түүний хавсралтыг диплом олгох тухай захирлын тушаалыг үндэслэн бичихээр тус тус заасан байна.
Үүнээс үзэхэд Г.Нд Ховд их сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/66 тоот тушаалаар магистрын диплом олгожээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд Ховд их сургууль болон Г.Н нарын хооронд байгуулсан гэрээт багшийн ажилд байгуулсан Хугацаатай хөдөлмөрийн гэрээний 35-д Магистрын зэрэггүй багш нь гэрээний хугацаанд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд, мэргэжлийн шаардлага хангасан чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бол гэрээний биелэлт, ажлын тайлан, оюутнуудын сэтгэл ханамжийн судалгаа, СБТА-аас хийсэн мониторингийн дүн, саналыг үндэслэн сонгон шалгаруулалтгүйгээр дадлагажигч багшаар үргэлжлүүлэн ажиллуулна гэж заасны дагуу Г.Номин-Эрдэнийг дадлагажигч багшаар томилсон гэж тайлбарлав.
Гэтэл Г.Н нь Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай тушаалаар 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны тэнхимд дадлагажигч багшаар томилогдоход тэрээр боловсролын магистрын зэрэггүй, багшлах эрхгүй байсан болох нь E20173570 дугаартай Ховд их сургуулийн Магистрын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, D201811308 дугаартай Ховд их сургуулийн Бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас гэрээний биелэлт, ажлын тайлан, оюутнуудын сэтгэл ханамжийн судалгаа, СБТА-аас хийсэн мониторингийн дүн, санал зэрэг баримтуудыг болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ....намайг зөвлөлийн хурлаар оруулж, дадлагажигч багшаар томилсон.... гэх тайлбарыг гаргасан боловч тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх бөгөөд энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтад ороогүй болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй болно.
Нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнийг дадлагажигч багшаар томилсон Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай Дадлагажигч багшаар ажиллуулах тухай тушаал нь Ховд их сургуулийн багшийн ажлын журмын 3.1.1-д Ховд их сургуульд мэргэжлийн болон тусгай шаардлага хангасан багшийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж ажилд авна гэх заалтыг зөрчсөн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн... бол хүчингүй болгоно гэж тус тус заажээ.
Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д зааснаар хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгохоор заасан бөгөөд захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар энэхүү хууль бус захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгох эрхтэй байна.
Ховд их сургуулийн захирал нь Ховд их сургуулийн дүрэм, Ховд их сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, Ховд их сургуулийн багшийн ажлын журмыг зөрчиж гаргасан тушаалыг гарсан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгох эрхтэй байх тул Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тушаалын Г.Нд холбогдох хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17,526,733 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлагыг гаргажээ.
Г.Н нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ээлжийн амралттай, ажилдаа 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр орох байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан Би 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан гэх тайлбар, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Ховд их сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/78 дугаартай Профессор багш, ажилтан, ажилчдын 2017 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалыг 1 дүгээр хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо. /1 дүгээр хавтаст хэргийн 74-76, 106-109 дүгээр тал/
Түүнчлэн нэхэмжлэгч нь дадлагажигч багшаар огт хичээл заагаагүй, мөн Г.Н нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хооронд өвчтэй байсан нь №0656040 дугаартай эмнэлгийн хуудсаар /1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр тал/ тогтоогдож байх бөгөөд тэрээр 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хойш Ховд их сургуульд хөдөлмөр эрхлээгүй байна.
Мөн нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнийг Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны тэнхимд дадлагажигч багшаар томилсон 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай Дадлагажигч багшаар ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгосон Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тушаалын Г.Нд холбогдох хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд их сургуульд холбогдох, Ховд их сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тушаалын Г.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн дадлагжигч багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17,526,733 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь гэрээт багшийн ажлын талаар шаардлага гаргаагүй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Нэхэмжлэгчээс гаргасан 1 дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан баримт нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, хариуцагчаас гаргасан 2 дугаар хавтаст хэргийн 32-39, 55-64 дүгээр хуудсанд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэж заасныг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд их сургуульд холбогдох, Ховд их сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тушаалын Г.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн дадлагжигч багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17,526,733 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ