Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 501

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг,6 дугаар хороолол 27 байр 44 тоотод оршин суух, Бэсүд овогт Баасанхүүгийн Бямбажавын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдол-ыг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалагтуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанцэцэг, М.Жадыра, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б.Бямбажав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

.... Миний бие нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р баг, 6-р хороолол 27-р байрны 44 тоотод оршин суудаг ба дээрх үл хөдлөх хөрөнгө нь миний болон манай охин Н.Өлзийсайханы өмчлөлд бүртгэлтэй байдаг юм.

Охин Н.Өлзийсайхан нь Хаан банкнаас зээл авсан ба 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шүүхийн шийдвэрээр 55,047,988 төгрөг төлөхөөр болсон ба энэ мөнгийг төлүүлэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр ирсэн байна гэж сонслоо.

Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Сэлэнгэ аймаг дах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоотоор миний өмчлөлийн 3 өрөө байрыг 39,842,600 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах шийдвэр гарсан байна.

Энэ талаар өөрийн охиноос лавлаж асуухад... Уул нь Үнэлгээний байгууллагын үнэлгээ 56,918,000 төгрөг гарсан энэ тал дээр Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад Б.Мөнхзул гэдэг шүүгч ...хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн шалтгаанаар хүлээж авахаас татгалзсан ба үүний дараагаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийн хаягаар нэхэмжлэл гаргахад ...гомдлоо мэргэжлийн салбар зөвлөлд гаргах ёстой гээд мөн хүлээн авахаас татгалзсан байна.

Уул нь охин Н.Өлзийсайханд 2019 оны 07-р сарын 19-ны өдөр ирсэн Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Алтанцэцэгийн явуулсан албан бичгээр ...үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дараа шүүхэд гаргаж болно гэсэн ба энэ хугацаанд шүүхэд улсын тэмдэгтийн хураамж холбогдох баримтуудаа удаа дараа гаргасан боловч хүлээж авахгүй байна гэсэн.

Ер нь энэ байр зөвхөн Н.Өлзийсайханы нэр дээр биш миний өмчлөлд байгаа учраас надад энэ асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдэгдэх ёстой байсан. Миний өмчлөлийн байрыг битүүмжилсэн тогтоолыг би одоо болтол мэдээгүй, дуудлага худалдаанд орох гэж байгаа талаар ч албан ёсоор мэдэгдээгүй учраас өмчлөгч хүний хувьд гомдолтой байна.

Тиймээс иргэн хүнийхээ эрхийн хүрээнд мөн өмчлөгч хүнийхээ эрхийн хүрээнд тус байгууллагын шийдвэрт гомдолтой байна.

Иймээс Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргасан миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р баг, 6-р хороолол 27-р байрны 44 тоот 3 өрөө байрыг битүүмжилсэн тогтоол, 2019 оны 09-р сарын 30-ны өдрийн дуудлага худалдаа явуулах болсон тогтоол зэргийг хүчингүй болгож битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлүүлж хуулийн дагуу ажиллагаануудыг явуулахаар даалгаж өгнө үү.

Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх зааснаар ...битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх тухай нэхэмжлэлийг эд хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хуулийн хүчин төгөлдөр болтол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү!...гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалагтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гэнэтхэн хүмүүс очсон болохоор цочирдсон мөн хуулийн мэдлэгэгүйгээс болж гомдол гаргаж өгөөгүй байх. Намайг туслаач гэж хэлсэн болохоор нь хэрэгтэй нь танилцаж шүүх хуралдаанд орж байна. Хүүхдээ тийм зүйл хийсэн болохыг мэдээгүй байсан гэдгийг л хэлэх гэж байгаад ажиллагаанд оролцоогүй гэж буруу ойлгосон юм шиг байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан юм байна. Шийдвэр гүйцэтгэлийн хүмүүсийн тайлбараас сая ойлгож мэдлээ! ... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жадыра нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Иргэний хэрэг шүүхэд Хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бямбажавын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 311 тоот шийдвэрээр Л.Бадрах /РД:МУ73110672/, Өлзийсайхан /РД:ФБ71041502/ нараас 55,047,988 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эзэмшлийн долоон газар, Дархан-Уул аймгийн Дархан сум 12 дугаар баг 6 дугаар хороолол 27 байр 44 тоот 37,8 мкв талбайтай, улсын бүртгэлийн гэрчилгээний 00168273 дугаартай, улсын бүртгэлийн У-2003005516 дугаартай 3 өрөө орон сууцаар хангуулж Хаан банкны Сэлэнгэ салбарт олгохоор шийдвэрлэгдсэн.

2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэгдэн явагдаж, төлбөр төлөгч Н.Өлзийсайханд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг өгсөн. Гүйцэтгэх хуудсанд заагдсан барьцаа үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22.1-д зааснаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар Нээлттэй хорих ангийн 37 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Энхцэцэг нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний 19180101/04 тоот тогтоолоор битүүмжилсэн ба битүүмжлэх ажиллагаа явагдахад төлбөр төлөгч Л.Бадрах, түүний хадам ээж байрны өмчлөгч Б.Бямбажав нар байсан байна. Заасан хугацаанд төлбөр төлөгдөөгүй тул битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 19180101/05 тоот тогтоолоор хураах ажиллагаа явуулж хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг иргэн Н.Билэгсайханд хууль сануулан хариуцуулсан ба хөрөнгийн үнийн саналаа өмчлөгч Б.Бямбажав 85 сая төгрөг, төлбөр төлөгч өмчлөгч Н.Өлзийсайхан 75 сая төгрөг төлбөр төлөгч Л.Бадрах 80 сая төгрөгөөр тус тус өгсөн ба төлбөр авагч ХААН банк 50 сая төгрөгийн санал ирүүлсэн тул ШШГТХуулийн 55.2-т зааснаар Шинжээч томилсон. Хөрөнгийн үнэлгээний Баян Модот' ХХК нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 56,918,000 төгрөгөөр тогтоосон ба уг үнэлгээг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төлбөр авагч болон төлбөр төлөгч Н.Өлзийсайхан, Л.Бадрах. өмчлөгч Б.Бямбажав нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн Н.Өлзийсайханы цахим хаягаар явуулсан тул энэ талаар Н.Өлзийсайхантай 94882828 дугаарын утсаар холбогдон баталгаажуулахад ... үнэлгээг ойлгосон, мэдэгдлийг бид нар Дарханы хаягаараа авсан гэж ярьсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэдгийг ойлгосон болно гэсэн. 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төлбөр төлөгч Н.Өлзийсайхан нь 94882828 дугаарын утаснаас шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч М.Жадырагийн утсанд холбогдон Үнэлгээний талаар 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гомдол гаргасан гэснийг хүлээн авч 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 2019 оны О8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллагаа явуулаагүй болно. 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд албан тоот бичгээр хандан гомдол гаргасан эсэх талаар лавлахад "нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн гэсэн хариу бичиг ирсэн тул 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Албадан дуудлага худалдаа зохион байгуулах 08/01 тоот тогтоол гарч Зууны мэдээ сонинд дуудлага худалдаа 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагт Сэлэнгэ аймгийн ШШГГ-ын Хурлын танхимд зохион байгуулагдахаар зарлагдсан ба Албадан дуудлага худалдааны тогтоолыг Бүртгэлийн байгууллага, төлбөр төлөгч, хөрөнгийн өмчлөгч, төлбөр авагч нарт хүргүүлж Иргэний хуулийн 177.1-д зааснаар үнэлгээ тогтоосон үнийн 70% болох 39,842,600 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоож анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа явагдахыг мэдэгдсэн. Тодотговол: /Төлбөр төлөгч Н.Өлзийсайханы 94882828 дугаарт 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 41 минутад холбогдон мэдэгдэхэд ойлголоо, Дарханы хаягаар болон цахим хаягаар явуулчих" гэсний дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан Н.Өлзийсайхан, Б.Бямбажав нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2003005516 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р баг, 6-р хороолол, 27-р байрны 44 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2003005516 дугаартай 37.8 м кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 56,918,000 төгрөгийн 70% болох 39,842,600 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоож 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутад Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хурлын танхимд зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа явагдахыг мэдэгдье гэсэн мэдэгдлийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р баг, 6-р хороолол, 27-р байрны 44 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн ба Olziisaikhan Naranjaw гэсэн цахим хаягт явуулаад мэдэгдэл авсан эсэх талаар тодруулахад бид нар мэдсэн, би заавал очно... гэж ярьсан.

Сэлэнгэ аймаг дахь ШШГГ-т 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа явагдахад оролцогч болон сонирхогч этгээд байсан тул дээрх хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаагаар худалдах тогтоол 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гарсан болно.

Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааны 09/02 тоот тогтоолд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р баг, 6-р хороолол, 27-р байрны 44 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2003005516 дугаартай 37,8 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 56,918,000 төгрөгийн 50% болох 28,459,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоож 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 00 минутад Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хурлын танхимд зохион байгуулагдах албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа явагдах талаар тодорхой дурдагдсан ба Зууны мэдээ сонины 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаарын 8 дахь нүүрэнд нийтэд зарлагдсан болно. Тогтоолын хувийг Улсын бүртгэлийн хэлтэс, төлбөр төлөгч нар, байрны өмчлөгч Б.Бямбажав, төлбөр авагч талд хүргүүлэн ажилласан.

2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаа явагдах ба дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан болно.

Иймээс нэхэмжлэгч Б.Бямбажавын гаргасан нэхэмжлэл болох 3 өрөө байрыг битүүмжилсэн тогтоол, дуудлага худалдааны тогтоол зэргийг хүчингүй болгож битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлүүлэхийг даалгасан шийдвэр гаргах хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Б.Бямбажавын гомдлыг тодруулбал:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 311 тоот шийдвэрээр Л.Бадрах /му73110672/ Өлзийсайхан /фб71041502/ нараас 55,047,988 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эзэмшлийн 7 газар, Дархан-Уул аймгийн Дархан сум 12 дугаар баг 6 дугаар хороолол 27 байр 44 тоот 37,8 мкв талбайтай, улсын бүртгэлийн гэрчилгээний 00168273 дугаартай, улсын бүртгэлийн У-2003005516 дугаартай 3 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэгдсэн.

2. Байрыг битүүмжлэх ажиллагааг явуулахад өмчлөгч Б.Бямбажав байсан талаар тогтоолд бичигдсэн байгаа ба байрыг хураах ажиллагааг явуулахад байсан дүү Н. Билэгсайхан нь: ээж байна, үнийн саналыг одоо бичүүлье... гэж ярьсан нь тэмдэглэлд бичигдсэн байна

3. Дуудлага худалдааны тогтоолын мэдэгдлийг баталгаат шуудангаар Дарханы хаягаар хүргүүлсэн ба Н.Өлзийсайханы цахим хаягаар явуулахад төлбөр төлөгч Н.Өлзийсайхан нь ... ээж Бямбажав, Бадрах бид нар бүгдээрээ мэдсэн..." гэж ярьсныг шийдвэр гүйцэтгэгч баталгаажуулан тэмдэглэсэн баримт байгаа ба Дуудлага худалдаанд орох гэж байгаа талаар Б.Бямбажав мэдээгүй гэсэн нь үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд зааснаар хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийгдсэн. Битүүмжлэх үед гомдол гаргагч буюу өмчлөгч Бямбажав байсан энэ талаар тэмдэглэлд тусгагдсан байгаа. Байрны үнэлгээний хувьд шинжээчийн үнэлж гаргасан үнийн 70 хувиар дуудлага худалдаа зарлагдсан. Мөн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Бямбажав гуай өөрөө үнийн санал өгсөн байдаг тул гомдол гаргасан шалтгаанууд үндэслэлгүй байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй болно. Хуулийн дагуу шийдвэрлэнэ үү! ... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдэгдээгүй гэж байгаа асуудалд гэвэл анхнаасаа барьцаа хөрөнгөөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байсан. Мөн шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч нарт л өгнө гэж заасан байдаг.

Харин өмчлөгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэрхэн оролцох вэ? гэвэл хураах, битүүмжлэх ажиллагаа болон үнийн саналыг гаргаж өгөхөд л оролцдог. Б.Бямбажавын хувьд аль, аль ажиллагааг явуулахад хамт байсан болох нь тухайн ажиллагааны тэмдэглэл дээр тусгагдсан байгаа. Анх Б.Бямбажав нь 85,000,000 гэсэн саналыг өгсөн нь төлбөр авагчийн өгсөн үнийн саналтай зөрсөн тул шинжээч томилсон. шинжээчийн дүгнэлт 55,000,000 төгрөг гэж үнэлгээ тогтоогдсон байгаа. Үнэлгээн дээр гомдол гаргах хугацааг мэдэгдэх хуудсанд тодорхой зааж өгч баталгаат шуудангаар хүргүүлсэн. Тиймээс төлбөр төлөгч болон байрны өмчлөгч нар мэдсэн болох нь ойлгомжтой асуудал юм.

Гомдол гаргах хугацаа хүртэл хангалттай хүлээсэн боловч ямар нэг гомдол, санал ирээгүй тул албан бичгээр хүртэл дахин лавласан. Тэгээд ч ямар нэг санал, гомдол ирээгүй тул бид албан дуудлага худалдааг зарласан. Тиймээс мэдэгдээгүй байсан, мэдээгүй байсан гэдэг нь үндэслэлгүй шийдвэр гүйцэтгэлийн бүх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Б.Бямбажав гуайн гомдол нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү! ... гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Бямбажав нь Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 6 дугаар хороолол 27 дугаар байр 44 тоот, 37,8 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 19180101/04 тоот тогтоол, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дуудлага худалдаа явуулах тухай 08/01 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага гаргажээ

Хариуцагч нь хуулийн дагуу ажиллагаа хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 311 дугаар захирамжаар Хаан банк-ны Сэлэнгэ салбарын нэхэмжилсэн 54.831.934 төгрөгийг хүлээн зөвшөөрч Н.Өлзийсайхан, Л.Бадрах нар 2018 оны 10 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрч, зээлийг барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 6 дугаар хороолол 27 дугаар байр 44 тоот, 37,8 м2 талбайтай 3 өрөө орон сууц, Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд байрлах үр тарианы 6.96 га, 49.08 га, 19.82 га, 101.47 га, 25.72 га, 21.19 га, 82,23 га нийт 326.47 га газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон ба барьцааны хөрөнгө болох Ү-2003005516 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг,6 дугаар хороолол 27 дугаар байр 44 тоотод байрлах 37.8 м.кв 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг мэдэгдсэн бөгөөд уг захирамжид 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж улмаар Н.Өлзийсайхан, Л.Бадрах нараас 57,831,934 /улсын тэмдэгтийн хураамжийн хамт/ төгрөг гаргуулж Хаан банк-ны Сэлэнгэ салбарт олгох, Н.Өлзийсайхан, Л.Бадрах нар үүргээ гүйцэтгээгүй бол дээрх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгон шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 494 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, Н.Өлзийсайхан, Б.Баямбажав нарын өмчлөлийн Ү-2003005516 дугаартай эрхийн улсын бүртгэлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 6 дугаар хороолол 27 дугаар байр 44 тоот, 37,8 м2 талбайтай 3 өрөө орон сууц битүүмжилж, хураан авсан энэхүү ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч тал өмчлөгч нараас үнийн санал авахад төлбөр авагч 50.000.000 төгрөг, төлбөр төлөгч Н.Өлзийсайхан 75,000,000 төгрөг Л.Бадрах 80.000.000 төгрөгөөр тус тус үнэлж үнийн саналуудаа ирүүлсэн байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно.

Харин үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зохицуулсан ба энэхүү зохицуулалтын дагуу шийдвэр гүйцэтгэх алба өмчлөгч, төлбөр төлөгч нараас эхний ээлжинд үнийн саналыг авч, төлбөр авагч талд танилцуулан тохиролцох боломжтой эсэхийг тодруулах ажиллагаа хийж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар үнийг харилцан тохиролцох боломжгүй нөхцөл байдал үүссэнээс Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шинжээчээр Баян модод ХХК-ний үнэлгээчин С.Цэвээнроломыг томилж, орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасантай нийцсэн байна.

Шинжээчээр тогтоолгосон орон сууцны зах зээлийн үнэ болох 56,918,000 төгрөгийн 70 хувиар тооцон 39,842,600 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг төлбөр төлөгч Н.Өлзийсайхан, Л.Бадрах болон өмчлөгч Б.Бямбажав нарт 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдсэн байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь анхны албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгийн дуудах доод үнийг 39.842.600 төгрөг байхаар тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх зохицуулалтад нийцсэн байх тул шүүх нэхэмжлэлд заасан үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэлгүй болно.

Мөн нэхэмжлэгч Б.Бямбажав нь нэхэмжлэлдээ ... өөрийн өмчлөлийн байрыг битүүмжилсэн тогтоолыг одоо болтол мэдээгүй, дуудлага худалдаанд ч орох гэж байгаа талаар албан ёсоор мэдээгүй... гэх боловч энэхүү тайлбараа баримтаар нотолж чадаагүй ба энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн Б.Бямбажавын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 6 дугаар хороолол 27 дугаар байр 44 тоот, 37,8 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 19180101/04 тоот тогтоол, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дуудлага худалдаа явуулах тухай 08/01 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн Б.Бямбажавын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МӨНХЗУЛ