| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 105/2019/1234/Э |
| Дугаар | 1206 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 23.5.2., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 1206
Б-, М.Т- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Сайнбаяр,
шүүгдэгч М.Т-, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр,
шүүгдэгч Б-, түүний өмгөөлөгч Я.Батханд, А.Ундрах, Б.Сүрэнхүү,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэг, түүний өмгөөлөгч А.Энхбуйр,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдаан 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/1377 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Т-, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, шүүгдэгч Б-, түүний өмгөөлөгч Я.Батханд, А.Ундрах нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б-, М.Т- нарт холбогдох эрүүгийн 1806080970419 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Мандал овгийн М.Т, 19.. оны .. дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, .................... ажилтай, ам бүл .., .............. хамт ....... дүүргийн ....... дугаар хороо, 3 дугаар хэсэг, Сургуулийн г............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............/;
2. Улаан ямаат овгийн Б.С, 19.. оны 6 дугаар сарын 8-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баянзүрх ...................... ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт .................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;
М.Т-, Б- нар нь 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамтран эргүүлийн офицерын үүрэг гүйцэтгэх хугацаандаа “Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны 629 дугаартай “Албадан эрүүлжүүлэх” код журамд заасан үүргээ биелүүлээгүй буюу согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн Н.У-ыг эрүүлжүүлэх байр эсхүл хамгаалах хүнд хариуцуулж өгөөгүйн улмаас 2018 оны 10 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 11 дүгээр гудамжинд Н.У- нь осгож нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Т-, Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мандал овгийн Мөнх-Өнөрийн Т-, Улаан ямаат овгийн Бат-Өлзийгийн С- нарыг хууль сахиулагч албаны үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2-т зааснаар М.Т-, Б- нарын төрийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Т-, Б- нарт оногдуулсан эрх хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Т-, Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, хар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн ноосон цахилгаантай цамц 1 ширхэг, бүдэг ногоон өнгийн сорочкан цамц 1 ширхэг, саарал өнгийн пудволк 1 ширхэг, хар өнгийн турсик 1 ширхэг, цэнхэр өнгийн оймс 1 хос, түлхүүрийн оосор 2 ширхэг түлхүүртэй, цагаан өнгийн пүүз 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, М.Т-, Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар М.Т-, Б- нараас тус бүр 5.073.505 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэгт олгуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэг нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, М.Т-, Б- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Т- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэхдээ намайг эргүүлийн офицер, эрх бүхий этгээд гэж ялласан байна. Миний бие тухайн хэрэг гарах үед Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст ахлах ахлагч цолтой, эргүүлийн цагдаа, жолооч албан тушаалд ажиллаж, эргүүлийн офицер, дэслэгч Б-ын удирдлага дор авто эргүүлийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр дэслэгч С- бид хоёрыг талийгаач Н.У-ыг авч явсан гэх нотлох баримт байхгүй, дуудлага өгсөн Гантуяа, Одбаяр болон дуудлагад анх очсон ахлагч Одхүү нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан таньж олуулах ажиллагаа хийгээгүй, талийгаач Н.У-ын маршрут, чиглэлийг бүрэн тогтоогоогүй, “С- бид хоёрын авч явсан хүн болох Жаргалсайхан гэх хүн одоо амьд сэрүүн явж байна, шалгуулмаар байна” гэж мөрдөн байцаагч, комиссар Золзаяад хүсэлт бичиж өгөхөд хүлээж аваагүй. “Та хоёрын хэрэг хаагдах гэж байхад тийм зүйл шалгуулаад яахав” гэж хэлэн бид хоёрыг хууран мэхэлж хүсэлтийг хүлээн авалгүй, зөвхөн Н.Уранчимэгийн хүсэлтийг хүлээн авч нэг талд хэргийг шийдсэн. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.Т-ын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс тэдгээрт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд: М.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнээс 5.073.505 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэгт олгохоор шийдвэрлэжээ.
Нэг. Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн 2019 оны 2019/ШЦТ/1377 дугаар шийтгэх тогтоолд: М.Т-ыг “Б-тай хамтран ... дүүргийн нутаг дэвсгэрт эргүүлийн офицерийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа ... “ гэж яллаж, шийтгэснийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэгт авагдсанаар Т- хэрэгт холбогдох үедээ офицер болоогүй, цагдаагийн ахлах ахлагч цолтойгоор эргүүлийн цагдаа, жолоочийн үүрэг гүйцэтгэж байжээ. Энэ талаарх ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүй. Тодруулбал тэрээр ямар ажил үүрэг гүйцэтгэж байсан, ямар үүрэгтэй оролцсон талаар хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед тодруулалгүй орхигдуулжээ.
А. М.Т-, Б- нар ажил үүрэг гүйцэтгэх үедээ адил эрхтэй байсан уу, эсвэл С- нь ахалж удирдаж явсан уу, М.Т- нь Б-т захирагдаж, түүний удирдлагад ажил үүрэг гүйцэтгэсэн үү гэдгийг зайлшгүй тодотгомоор байна. Энэ тухай Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д: “Цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа ... нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримтална” мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 5.2.1-д: “дээд шатны цагдаагийн ... албан тушаалтны шийдвэрийг доод шатны цагдаагийн ... албан хаагч биелүүлнэ” гэж заасны дагуу М.Т-ын ямар цол албан тушаалтай, ямар ажил үүрэг гүйцэтгэж явсан байдлыг тогтоож өгнө үү.
М.Т- “Миний бие 2015 онд Цагдаагийн 3 дугаар хэлтэст цагдаа, жолоочоор томилогдсон. Ажил үүргийн хувьд эргүүлийн офицерын шууд удирдлагад, түүний өгсөн тушаал, шийдвэрийг биелүүлж ажилладаг” /хэргийн 2 дугаар хавтас, 6 дугаар хуудас/.
Хэрэг учрал болсноос хойш 4 сарын дараа буюу 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Т- нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/113 дугаар тушаалаар офицер болж дэслэгч цол шагнагдаж, цагдаа, жолоочоос чөлөөлөгджээ /хэргийн 2 дугаар хавтас, 200 дугаар хуудас/.
М.Т-ыг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “офицер, дэслэгч цолтой” гэж яллагдагчаар байцааж ял сонсгожээ /хэргийн 3 дугаар хавтас, 45 дугаар хуудас/.
Дээрхээс дүгнэвэл “Эргүүлийн офицерийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа Т-, Б- нар хамтарсан” гэж прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор яллаж, шийтгэсэн” нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Б. Цагдаагийн албаны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д: “Цагдаагийн алба хаагчийн гүйцэтгэх чиг үүргийг ажлын байр /албан тушаал/- ын тодорхойлолтоор тогтоох бөгөөд уг тодорхойлолтыг цагдаагийн төв байгууллагын дарга батална” мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д: “Эрхэлж байгаа албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан цагдаагийн алба хаагчид ... цол олгоно” гэж тус тус заажээ.
Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт авагджээ /хэргийн 2 дугаар хавтас, 205, 206 дугаар хуудас/. Түүнд ажлын байрны нэр-хэв журмын офицер ... гэж бичигджээ. Дээрх тодорхойлолтод М.Т-д холбогдох ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтыг, тухайлбал цагдаа, жолооч ямар ажил, үүрэг гүйцэтгэх тухай заагаагүй байна. Үүнийг тодотгох шаардлагатай гэж үзэж байна.
Хоёр. Шүүгдэгч М.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлж байсан. Д.Одхүү нь цагдаагийн дэслэгч С- бид хоёрт нэг согтуу хүнийг аваад яв гэсэн. Эрүүлжүүлэх хүнээр дүүрсэн, нэмж хүн авахгүй гэхээр өгөөгүй. Тэр хүн “би өөрөө явъя” гэхээр Улаанхуарангийн эцсийн уулзвар дээр буулгасан. Тэр автомашинаас буугаад хоёр тийшээ хазайгаад гишгэж байсан. Мөн энэ талаар өгсөн Б-ын мэдүүлэг хэрэгт авагджээ /хэргийн 1 дүгээр хавтас, 38, 39, 97, хэргийн 2 дугаар хавтас, 3-6, хэргийн 3 дугаар хавтас, 45 дугаар хуудас/. Энэ хүнийг Жаргалсайхан гэдэг. Одоо амьд байна. Анхан шатны шүүх хуралдаан болох үед ирж, хуралд оролцох гэхээр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгөөгүй гэсэн үндэслэлээр түүнийг шүүх хуралдаанд оролцуулаагүй. Би хэргийн үнэн зөвийг олж, шалгуулах хүсэлтэй. Гэтэл нас барсан гэх хүнийг хэн авч явсныг бүрэн гүйцэд шалгаагүй, биднийг хилс хэрэгт гүтгэлээ гэж мэдүүлдэг.
Ийнхүү эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан: “Хэргийн бодит байдлыг тогтоох”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан: “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн” зэргийг бүрэн гүйцэд нотлоогүй.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “ ... гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг зөрчсөн гэж үзэж байна.
Гурав. М.Т-д яллах дүгнэлт гардуулахдаа “өсвөр насны яллагдагч М.Т-” гэж бичсэн нь буруу болжээ /хэргийн 3 дугаар хавтас, 59 дүгээр хуудас/.
Иймд М.Т-д холбогдох хэргийн үнэн зөвийг олуулах хүсэлтэй тул дээрх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ... “ гэв.
Шүүгдэгч Б- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие шүүхээс тогтоосон тус бүр 5.073.505 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэгт төлж барагдуулсан. Би эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 75-2-47 тоотод оршин суудаг байсан бөгөөд миний эхнэр Ичинхорол нь 8 сартай жирэмсэн. Удахгүй төрөх бөгөөд ар гэрийн минь байдлыг харгалзан үзэж надад итгэл үзүүлвэл та бүхний итгэлийг алдахгүй, зөв шударгаар гэр бүлийнхээ төлөө амьдрах болно. Өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Анх удаа албан үүрэгтээ хайнга хандсан гэх зүйл ангиар надад ял оногдуулсан. Миний бие 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 болон 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Гачуурт 115 чиглэлд автомашинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа, жолооч Одхүү нь Т- руу 99226534 дугаарын утсаар залгаж албаны машин байхгүй, хувийн машинтай үүрэг гүйцэтгэж байна. Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооноос хүн ирээд аваадах гээд утасдаад байсан болохоор нь тус хорооноос 1 хүн аваад 2-3 цаг дуудлага, мэдээллээ шийдэж байгаад эрүүлжүүлэх байран дээр очоод хүн авахгүй байсан болохоор нь хэлтсийн жижүүртэй утсаар холбогдож мэдэгдэхэд “эрүүлжүүлэх байр дүүрсэн тул хүн авахгүй” гэж хэлтсийн жижүүрийн ахлах офицертоо энэ талаар мэдэгдсэн. Тэгээд эрүүлжүүлэх байрны орчим согтуу хүнээ байлгаж эрүүлжүүлэх гэтэл манай Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст үүрэг гүйцэтгэж байсан Ганбаатар нь эрүүлжүүлэх хүн авахгүй гэхээр нь архи уусан согтуу хүний архи нь гараад эрүүл шахуу болсон байхаар нь Баянзүрх дүүргийн Батлан хамгаалах их сургуулийн урд талын “Тамир” зочид буудлын гадна буулгаж явуулсан. Тэр хүнийг Жаргалсайхан гэдэг бөгөөд бидний буулгаж явуулсан хүн одоо амьд сэрүүн явж байгаа. Уламбаяр гэх хүнийг танихгүй, өөр хүний асуудалтай холбогдон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллагдагчаар татаж байгааг ойлгохгүй байна. Энэ хэрэгт бид хамааралгүй учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, нэмэлт ажиллагаа дахин хийлгэх хүсэлтэй байна. Үүнд: Гэрч Одхүү болон Жаргалсайхан нараас тайлбар, мэдүүлэг авахуулах. Шинжээч эмч С.Одончимэгийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа учраас дахин шинжээч томилж, шинжилгээ хийлгүүлэх. Талийгаач Уламбаярын хувцасны урагдалд шинжилгээ хийлгүүлэх, цагдаагийн алаг тэргэнд суулгаж явахыг харсан гэрч Баяргаасаа тайлбар, мэдүүлэг авах, гэрч Гантуяагийн нөхөр Галбадрахаас гэрчээр мэдүүлэг авах, талийгаач Уламбаярын замын маршрутыг тогтоох зэрэг дутуу ажиллагааг хийлгэх хүсэлтэй байна. Төрийн албан хаагч миний хувьд албан үүргээ гүйцэтгэж яваад хилсээр гүтгэгдэж, ял шийтгэгдсэндээ өөрөө ч итгэхгүй, маш их харамсаж байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ... “ гэв.
Шүүгдэгч Б-ын өмгөөлөгч Я.Батханд, А.Ундрах нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...
НЭГ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчлийн талаар:
2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр мөрдөгчөөс талийгаачийн биед үзлэг хийлгэхээр 10 хоногийн хугацаатай шинжээч томилсон. Шинжээч дүгнэлт 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2185 дугаартай дүгнэлтэд гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1-р зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар “...шинжээч нь шинжилгээний цар хүрээ, онцлогоос хамаарч тогтоосон хугацаанд дүгнэлт гаргах боломжгүй бол шинжилгээ хийлгэх хугацааг сунгуулах хүсэлтийг шинжээч томилсон шүүх, прокурор, мөрдөгч гаргаж шийдвэрлүүлнэ.” гэх заалтыг зөрчиж 3 хоног хэтрүүлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр прокуророос шинжээч эмч С.Одончимэгийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2185 дугаартай дүгнэлт нь эргэлзээтэй байх тул “дахин шинжилгээ хийлгэх тухай” 25 дугаартай тогтоол гаргасан. Тогтоолдоо ажлын 10 хоногийн дотор шинжилгээний дүгнэлтийг гаргахаар даалгасан. Гэтэл шинжээчид 2019 оны 4 дүгээр сарын 30-нд буюу тогтоол гарснаас хойш ажлын 21 хоногт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 -р зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар “...шинжээч нь шинжилгээний цар хүрээ, онцлогоос хамаарч тогтоосон хугацаанд дүгнэлт гаргах боломжгүй бол шинжилгээ хийлгэх хугацааг сунгуулах хүсэлтийг шинжээч томилсон шүүх, прокурор, мөрдөгчид гаргаж шийдвэрлүүлнэ” гэх заалтыг зөрчсөн /3-р хх-194-198/.
1-р хавтас хэргийн 168-178, 187-196, 193-210, 3-р хавтас хэргийн 201-207-р талд төрийн байгууллагаас баримт бичгүүд ирсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6-р зүйлийн 1 дэх хэсэгт “...хуулийн этгээд албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно гэх заалт зөрчиж хуулбар ирүүлсэн байх тул зөрчлийг арилгах, 2018.\ оны 10 дугаар сарын 04-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.12-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...хэрэг хуульчилсан. Гэтэл /1-р хх-155 тал/ 2018.12.06-2019.01.08 хүртэл 1 сараар /хх-156 тал/, 2019.01.08-2019.02.08 хүртэл 1 сар хугацаагаар сунгасан байна. Иймд 2018.11.04-2018.12.08 хүртэлх, 2019.02.08, 2019.02.25-н хүртэлх хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан тогтоол байхгүй.
2019.02.25-нд М.Т-, Б- нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, үүний дараагаар 2019.03.25-2019.04.25 хүртэл мөрдөн байцаалтын 1-р хугацаа, 2019.04.25-20119.05.25 хүртэл мөрдөн байцаалтын 2-р хугацаа сунгасан. М.Түвшинжарал, Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтана. Гэтэл 2019 оны 2 дугаар сарын 25-наас Мөрдөн байцаалтын хугацаа эхэлсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын хугацаа 14 хоног байх ёстой гэтэл 2019.03.04-ны өдөр мөрдөн байцаалтын хугацаа дуусч уг өдрөөс мөрдөн байцаалтын хугацааг тоолох ёстой.
ХОЁР. Мердөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх талаар:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: Уг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээр амь хохирогчийн биеийн ил хэсэгт гэмтлүүд үүссэн байдаг. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүссэн хөнгөн гэмтэл болохыг шинжээчийн 2185 дугаартай дүгнэлтээр тогтоосон байхад уг гэмтлийг хэн учруулсан гэдгийг олж тогтооход огт ажиллагаа хийгээгүй.
Шинжээчийн 5945 дугаартай шинжээчийн дүгнэлтэд амь хохирогчийн өмсөж явсан ногоон цамц, хар цамцанд ханзралт, гогдолт, урагдалт шинээр гарсан байдаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар уг урагдал юунаас болж үүссэн эсэхийг мөн шалгаж огт тогтоогоогүй байдаг.
|
|
Хохирогч Н.Уранчимэгийн мэдүүлэгт Баяраагийн эгч гэх хүнээс амь хохирогчийг цагдаа аваад явсан талаар сонссон боловч хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байх Баяраагаас огт гэрчээр мэдүүлэг аваагүй мөн 2019 оны 09-р сарын 04 дүгээр сарын 4-ний өдрийн дугаар 2019/ШЦТ/1377 тоот шийтгэх тогтоолд Баяраагийн талаар дурьдсан нь ойлгомжгүй. Ажлын байрны тодорхойлолт ойлгомжгүй, М.Т-, Б- нарт ажил үүргийн хуваарь танилцуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй байна.
2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр /1-р хх-29/ гэрч Т.Түмэнбаярыг байцаасан мэдүүлэгтээ “...Түмэнжаргалын гэрт ороход Уламбаярыг цагдаа авч явсан гэх мэдүүлэг өгсөн” байна. Иймд Түмэнжаргал гэх хүнээс талийгаач Н.У-ыг хэдийд, хэдэн цагдаа авч явсан, талийгаач ямархуу байдалтай байсан талаар ажиллагаа огт хийгдээгүй.
Гэрч Одхүү, Үнэнгэрэл нарын мэдүүлэг зөрүүтэй. Гэрчүүдийн мэдүүлэгээс үзэхэд Цагдаагийн байгууллагад 3 удаагийн дуудлага ирсэн байх магадлалтай байх тул дуудлагыг хаанаас өгснийг шалгаж тогтоогоогүй. Мөн гэрч Ч.Үнэнгэрэлийн мэдүүлэг зөрүүтэй. Уг зөрүүг арилгаагүй.
Амь хохирогчийг гэрчүүд болон яллагдагч нарт таньж олуулах ажиллагаа огт хийгдээгүй. Гэрчүүдийн дуудлага дуудаад өгч явуулаад байгаа хүн нь амь хохирогч болохыг тогтоосон нотолсон ажиллагаа хийгдээгүй байна.
Баянзүрх дүүргийн 8-р хороо, Улаанхуарангийн 5-164 тоотод оршин суух хаягтай Тогоогийн Жаргалсайханаас гэрчээр мэдүүлэг авах үндэслэлтэй байна. Учир нь хэрэг учрал гарсан цаг хугацаанд М.Т-, Б- нартай Т.Жаргалсайхан хамт явж байсан эсэх нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.
Иймд М.Т-, Б- нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зөрчлийг арилгуулах хүсэлтэй байх тул дээрхи үндэслэлээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ... “ гэв.
Шүүгдэгч Б-ын өмгөөлөгч Б.Сүрэнхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн материалтай танилцахад шүүгдэгч М.Т-, Б- нар нь анхнаасаа мэдүүлэхдээ “бид анхнаасаа уг амь нас нь хохирсон хүний авч яваагүй. Жаргалсайхан гэх өөр хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэхээр авч явсан” гэсэн байдаг. Яагаад ингэж мэдүүлсэн болохоо холбогдогч нар өөрсдөө давж заалдах гомдолдоо дурдсан байсан. Гэрч Одхүү мэдүүлэхдээ “хэд хэдэн дуудлага ирсэн байсан. Дуудлага давхацсан гэх үндэслэлээр дуудлагыг хаасан” гэх асуудлууд яригддаг. Эргэлзээ төрүүлээд байгаа хэд хэдэн нөхцөл байдлууд байдаг. Үүнийг бүрэн дүүрэн шалгаж тодруулаагүй. Шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотлогдвол зохих байдал гээд заасан байдаг. Нотлогдвол зохих байдлууд тодорхой хэмжээгээр бүрэн дүүрэн шийдвэрлэгдсэн үү, үгүй юу гэдэг асуудлыг эргэж харах ёстой. Амь хохирогч хэзээ нас барсан, яагаад амь нас нь хохирох болов гэдэг дээр шалтгаант холбоо байна уу, шүүгдэгч нар хамааралтай юу гэдэг дээр хэлэхэд. Шүүгдэгч М.Т-ын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газарт гаргасан гомдол байдаг. Үүнд: “Хэлтсийн жижүүрийн ахлагч, Данзантай яриад эрүүлжүүлэх байр хүн авахгүй байна. Энэ асуудлыг ярьж, хэлж өгөөч” гэж утсаар ярьсан гэдэг. Хэрэгт шүүгдэгч нарын гаргасан хүсэлт, гомдлууд бүрэн дүүрэн шийдвэрлэгдээгүй байна. Шүүгдэгч нарын үйлдэл нь үр дагавар, хор уршигтай хэрхэн холбогдож байна вэ гэдгийг анхаарч үзэх ёстой. Шүүгдэгч М.Т-, Б- нар нь төрийн албан хаагч, төрөөс даалгасан чиг, үүргийг гүйцэтгэж явахдаа уг хэрэгт холбогдсон. Шүүгдэгч нар хохирлыг шууд төлөх нь зөв үү, төр иргэний хариуцагчаар оролцох ёстой юу, үгүй юу гэдгийг нягталж шалгаагүй. Шүүгдэгч Б- гомдолдоо нотлогдвол зохих байдал бүрэн дүүрэн нотлогдсон тохиолдолд хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй гэдэг агуулгаар гомдлоо гаргасан. Шүүгдэгч нарын гаргасан гомдол болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлууд дээр үндэслээд хэлэхэд хэргийг дахин нягталж шалгаж байж шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах саналтай байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоол болон яллах дүгнэлтэд хэрэг гарсан цаг хугацааг буруу бичсэн байсан. Талийгаач 2018 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө амь насаа алдсан байдаг. Гэтэл хэрэгт авагдсан бүх баримтууд дээр 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө амь насаа алдсан гэж бичсэн. Мөрдөн байцаах ажиллагаа бүрэн дүүрэн хийгдээгүй гэж үзэж байна. Цагдаагийн байгууллага уг хэрэг гарснаас хойших хугацаанд талийгаачийн ар гэрээс уучлалт гуйгаагүй. Тэр битгий хэл бид нарыг доромжилсон. Шүүгдэгч нарын ар гэрийнхэн хүртэл биднийг доромжилдог. Уг хэргийг шүүх үнэн зөвөөр шийдвэрлэж өгөх байхаа. Цагдаагийн байгууллага иргэнийхээ амь насыг алдчихаад ар гэрийнхэнээс нь уучлалт гуйгаагүйд маш их гомдож байна. ... “ гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэгийн өмгөөлөгч А.Энхбуйр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хүний амь насыг хохироосон болон албан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэх хоёр зүйлийг хольж ойлгож яваад байна. Бид хүний амь насыг санаатайгаар хохироосон гэж үзээгүй зөвхөн албан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэж үзээд гомдолтой байдаг. Жаргалсайхан гэх хүнийг авч явсан гээд хавтас хэрэгт байхгүй зүйлийг ярьж байна. Жаргалсайхан гэх хүнийг авч явсан бол бүртгэлдээ оруулж, журмын дагуу эрүүлжүүлэх ёстой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээгээгүй, хохирол бүрэн төлөгдөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. ...” гэв.
Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...: Өмгөөлөгч нар хэрэг бүртгэлтийн ажиллагааны хугацаа сунгаагүй, хугацаа сунгаагүй байхад цуглуулсан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд тодорхой заасан байдаг. Хэрэг бүртгэлт нь мөрдөгчид хамааралтай. Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэл гэмт хэрэг гарсан, үгүйг тогтоож буй үйл ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ. Уг хэрэгтэй холбоотойгоор өмгөөлөгч нар бүх л дээд шатны байгууллагад гомдол гаргасан. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэнээс хойш дээд шатны байгууллагуудад хянагдаж байх үеийн хугацааг сунгаагүй гэсэн агуулгаар ярьж байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэрэг бүртгэлтийн ажиллагааг сунгасан үед авагдсан нотлох баримтууд юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй. Цагдаагийн албаны тухай хуулиар шүүгдэгч нар бүгд цагдаагийн алба хаагч, хууль сахиулагч нар байгаа. Хууль сахиулагчид гэх үүднээс нь буруутгасан. Түүнээс биш эргүүлийн офицер гэж бичигдсэн үү, ахлах ахлагч гэж бичигдсэн үү гэдгээр нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байхгүй. Хууль сахиулагч албан үүргээ биелүүлээгүйн улмаас хүн нас барсан болох нь тодорхой болсон. Жаргалсайхан гэх хүний нэрийг сүүлд гаргаж ирсэн. Анхан шатны шүүх хуралд уг хүн ажиглагчаар оролцсон. Хэрэгт авагдсан баримтаар амь хохирогчийг тухайн үед авч яваад, согтуу байхад нь явуулсан болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээний үед өөр хүн авч явсан болох нь тогтоогдоогүй. Шүүгдэгч нарыг хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэж яриад байна. Прокурорын шатанд хэрэг ирэхэд ийм асуудал яригдаагүй. Прокурорын шатанд хэрэг ирэхэд “та хоёр өмгөөлөгч нэмж авах уу, хоорондоо ашиг сонирхлын зөрчил байна уу” гэж асуусан. Энэ асуудал яригдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд иргэний хариуцагчийг татан оруулж болно гэж заасан байгаа болохоос биш яг оруулна гэсэн зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд гэмт хорыг арилгах шаардлагатай гэж үзсэн учраас тухайн үед прокурорын зүгээс ямар нэгэн байдлаар тогтоол гаргаж иргэний хариуцагчийг татаагүй. Үндсэндээ мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Б-, М.Т- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзсэн болно.
Шүүгдэгч Б-, М.Т- нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна.
Учир нь, шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч нараас гаргуулсан нь ойлгомжгүйн дээр шүүгдэгч нарт нэмэгдэл ял хэрэглэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасныг зөрчиж, цагдаагийн алба хаагч Б-, М.Т- нарын албан үүргээ гүйцэтгэж яваад холбогдсон хэрэгт зохих хуулийн этгээдийг татан оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй бөгөөд энэ ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх шийдвэрлэх боломжтой.
Мөн анхан шатны шүүх уг гэмт хэргийн улмаас учирсан зохих хохирол /10.547.010 төгрөг/-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргуулан олгохоор шийдвэрлэж, цаашид гарах зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг зааж, ийнхүү энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн төлөгдөөгүй талаар дүгнэж, Иргэний хууль хэрэглэсэн атлаа гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан иргэний нэхэмжлэгч /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч/-ийн хариуцагчийг өөрөө сонгох эрхийг хөндсөн байна.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль сахиулагч, эмнэлгийн ажилтан шуурхай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх албаны ажилтан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон, бусдад их хэмжээний хохирол учирсан бол хоёр жил хүртэл хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж, зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрх хасах нэмэгдэл ял оногдуулахдаа “төрийн албанд ажиллах эрх”-ийг 1 жилийн хугацаагаар хассан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болж байна.
Учир нь, тухайн зүйл хэсэгт “...мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах”-аар хуульчилсан байхад шүүх хуульд заагдаагүй “төрийн албанд ажиллах эрх”-ийг хасаж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дахь зүйлийн 1 дэх хэсгийн “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэснийг зөрчжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б-, М.Т- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Хэргийг дээрх үндэслэлээр хүчингүй болгосон тул шүүгдэгч М.Т-, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, шүүгдэгч Б-, түүний өмгөөлөгч Я.Батханд, А.Ундрах нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/1377 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Т-, Б- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч М.Т-, Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ