Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 141/ШШ2019/00258

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, нэхэмжлэгч “МД” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш /онлайнаар/, хариуцагч Г.Ц нарыг оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэлээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар “МД” ХХК-ний нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн иргэн Б овогт Г.Ц-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч “МД” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г.Ц-аас 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 10,000,000 төгрөг, дутуу төлөгдсөн төлбөр 84,158 төгрөг, зээлийн хүү болон алдангид 200,000 төгрөг, нийт 10,284,158 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Мөн нэхэмжлэгч “МД” ХХК нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “... Зээлдэгч Г.Ц нь зээл эргэн төлөх хугацааг 235 хоногоор хэтрүүлсэн бөгөөд гэрээнд заасны дагуу алдангийг хоног тутамд тооцогдох 50,000 төгрөгөөр үржүүлэн тооцоход 11,750,000 төгрөг болж байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг баримтлан нэхэмжлэх алдангийн хэмжээг 10,000,000 төгрөгийн 50 хувиар тасалбар болгож хасан, 5,000,000 төгрөгийн алдангийг Г.Ц-аас гаргуулахаар үндсэн нэхэмжлэл дээрээ нэмж нэхэмжилж байна...” гэжээ.

Харин нэхэмжлэгч “МД” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Ц нь “МД” ХХК-тай гэрээ байгуулан Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт баригдсан 24 айлын орон сууцны 5 давхрын 24 тоотод байрлах 74,32 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,350,000 төгрөгөөр тооцож худалдан авсан. Уг орон сууцны нийт үнэ 100,332,000 төгрөг болсон бөгөөд 90,332,000 төгрөгийг Г.Ц нь төлж барагдуулсан. Харин 10,000,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “МД” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч тохиролцсон хугацаандаа мөнгөө төлж чадаагүй тул түүний хүсэлтээр гэрээний хугацааг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Гэвч өнөөдрийг хүртэл уг 10,000,000 төгрөгөө төлөөгүй учир нэхэмжилж байна. Мөн 10,000,000 төгрөгийг төлөх хугацааг 235 хоногоор хэтрүүлсэн бөгөөд зээлийн гэрээнд хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувиар алданги тооцохоор заасан, мөн хуульд алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн зохицуулалттай тул 10,000,000 төгрөгийн 50 хувиар тооцон, алданги 5,000,000 төгрөгийг нэхэмжилж  байна. Харин анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилсэн “дутуу төлсөн төлбөр 84,158 төгрөг, зээлийн хүү, алданги 200,000 төгрөг, нийт 284,158 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд Г.Ц-аас зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

Хариуцагч Г.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Ц миний бие “МД” ХХК-ний Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт баригдах 24 айлын орон сууцны 5 давхрын 24 тоотод 78,68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,150,000 төгрөгөөр авахаар тохиролцож, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулсан.  “МД” ХХК-ний гэрээ байгуулсан төлөөлөгч нар байрыг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу улс тунхагласны баяр гэхэд ашиглалтанд өгнө гэж ярьж байсан. Гэвч байр ашиглалтанд орохгүй удааширсаар 2017 оны 02 дугаар сард ашиглалтанд орсон. Гэтэл надтай гэрээ байгуулсан хүмүүсээс өөр хүмүүс ирээд барилгын материалын үнэ өссөн учир 1 м.кв-ын хэмжээг 1,350,000 төгрөг болгосон гэсэн ба тухайн үед миний бие хүлээн зөвшөөрөхгүй, урьдчилж өгсөн мөнгөө буцааж авъя гэхэд байраа 1 м.кв-ыг нь 1,350,000 төгрөгөөр бодож авбал ав, авахгүй бол манай компани дампуурч байгаа учир урьдчилж өгсөн мөнгө чинь ч олдохгүй гэсэн. Мөн Хаан банк 1м.кв нь 1,350,000 төгрөгөөс доош үнэтэй байрнуудад зээл гаргахгүй байгаа учир 1 м.кв нь 1,350,000 төгрөг гэж гэрээ хийгээд, банкинд материал бүрдүүлж өгөх шаардлагатай гээд 1 м.кв-ын үнийг 1,350,000 төгрөгөөр тооцсон гэрээнд гарын үсэг зуруулж, намайг “МД” ХХК-иас 10,000,000 төгрөг зээлсэн гэх зээлийн гэрээнд мөн гарын үсэг зуруулсан. Би “МД” ХХК-иас бэлнээр болон дансаар 10,000,000 төгрөг огт зээлээгүй бөгөөд банкинд зээл гаргуулахын тулд бүрдүүлж өгсөн материал гэж ойлгоод гарын үсэг зурсан. Иймд зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч МД” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн иргэн Б овогт Г.Ц-д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг, дутуу төлсөн төлбөрт 84,158 төгрөг, зээлийн хүү болон алдангид 200,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг   шүүхэд гаргасан байх бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Зээлийн алдангид 5,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг нэмж гаргажээ.

Гэвч шүүх хуралдаанд “МД” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш нь анх нэхэмжилсэн “дутуу төлсөн төлбөр 84,158 төгрөг, зээлийн хүү болон алдангид 200,000 төгрөг, нийт 284,158 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

“МД” ХХК-ний гүйцэтгэх захирал С.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б.Ш-т “МД” ХХК-ний нэхэмжлэлтэй, Г.Ц-д холбогдох иргэний хэрэгт шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх, нэхэмжлэлээ татан авах, гомдол, хүсэлт гаргах, хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргаж өгөх, танилцах, шүүх хуралдаанд оролцох, шүүхийн шийдвэрийг гардаж авах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах зэрэг нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг эдлүүлэхээр 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно...” гэж тус тус хуульчилсан ба “МД” ХХК нь Б.Ш-т итгэмжлэл олгож, нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхийг олгосон байх тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг багасгах бүрэн эрхтэй этгээд мөн гэж шүүх үзэв.

Иймд шүүх “МД” ХХК-ний нэхэмжлэлтэй, Г.Ц-д холбогдох иргэний хэргийг “Зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг гаргуулах тухай” шаардлагын хүрээнд хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

“МД” ХХК нь Г.Ц-тай 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр орон сууцны барилгыг захиалгаар гүйцэтгэж, худалдах гэрээ байгуулж, Завхан аймгийн Улиастай суманд баригдах 24 айлын орон сууцны барилгыг барьж гүйцэтгэн, 5 давхрын 78,68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,150,000 төгрөгөөр тооцож, нийт 90,482,000 төгрөгийн үнээр Г.Ц-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон болох нь “МД” ХХК, Г.Ц нарын хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн орон сууцны барилгыг захиалгаар гүйцэтгэн, худалдах гэрээний хуулбар, хариуцагч Г.Ц-ийн: “...Миний бие МД ХХК-ний Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт баригдах 24 айлын орон сууцны 5 давхрын 24 тоотод 78,68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,150,000 төгрөгөөр авахаар тохиролцож, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулсан...” гэсэн тайлбар,  гэрч С.Т-ын: “...Манайх захиалга өгсөн. Манайхыг захиалга өгч байхад гэрээ байгуулаагүй. Зуны цаг болсон байсан учраас би амраад явсан байсан. Сүүлд гэрээгээ байгуулсан. Тэр гэрээнд 1 м.кв-ыг 1,350,000 төгрөгөөр бодож байгуулсан байгаа. Урьдчилгааны 10 хувийг данс руу шилжүүлсэн. Надад хэлэхдээ 1 м.кв-ын үнэ 1,150,000 төгрөг гэж хэлж байсан...” гэсэн, гэрч Т.Ц-ын: “...Манайх захиалга өгсөн. Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 1 м.кв талбайн үнийг тооцохдоо 1,150,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан...” гэсэн, гэрч Б.Э-ын: “...Атмор 24 төсөл нь МД ХХК-ний хэрэгжүүлж байгаа төсөл юм. Төсөл маань анх хэрэгжиж эхлэхдээ 1 м.кв-ыг 1,150,000 төгрөгөөр борлуулна гэж хэрэгжүүлсэн. Тэгээд захиалагч нартай орон нутгийн менежер Б гэдэг хүн гэрээ хийсэн. Компанийг төлөөлж захирал Б гэдэг хүн гарын үсэг зурсан. Бүх захиалагч нартай 1 м.кв-ыг 1,150,000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсан...” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

“МД” ХХК, Г.Ц нарын хооронд байгуулагдсан гэрээ нь  орон сууцны барилгыг захиалгаар гүйцэтгэж, худалдах гэрээ нэртэйгээр байгуулагдсан боловч гүйцэтгэгч өөрийн материалаар 24 айлын орон сууцыг барьж, ашиглалтанд оруулан, уг сууцны 5 давхрын 78,68 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,150,000 төгрөгөөр тооцож захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч ажлын гүйцэтгэлийн үр дүнг буюу 5 давхрын 78,68 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг хүлээн авч, хөлс төлөх үүрэг хүлээснээс үзвэл тэдний хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 “МД” ХХК нь Г.Ц-тай анх байгуулсан гэрээний үнэд өөрчлөлт оруулах зорилгоор 1.мкв талбайн үнийг 1,350,000 төгрөгөөр тооцож, орон сууцны барилгыг захиалгаар гүйцэтгэх гэсэн гэрээг 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэн болох нь 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн орон сууцны барилгыг захиалгаар гүйцэтгэх гэрээний хуулбар, хариуцагч Г.Ц-ийн: “...МД ХХК-ний гэрээ байгуулсан төлөөлөгч нар байрыг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу улс тунхагласны баяр гэхэд ашиглалтанд өгнө гэж ярьж байсан. Гэвч байр ашиглалтанд орохгүй удааширсаар 2017 оны 02 дугаар сард ашиглалтанд орсон. Гэтэл надтай гэрээ байгуулсан хүмүүсээс өөр хүмүүс ирээд барилгын материалын үнэ өссөн учир 1 м.кв-ын хэмжээг 1,350,000 төгрөг болгосон гэсэн ба тухайн үед миний бие хүлээн зөвшөөрөхгүй, урьдчилж өгсөн мөнгөө буцааж авъя гэхэд байраа 1 м.кв-ыг нь 1,350,000 төгрөгөөр бодож авбал ав, авахгүй бол манай компани дампуурч байгаа учир урьдчилж өгсөн мөнгө чинь ч олдохгүй гэсэн. Мөн Хаан банк 1 м.кв нь 1,350,000 төгрөгөөс доош үнэтэй байрнуудад зээл гаргахгүй байгаа учир 1 м.кв нь 1,350,000 төгрөг гэж гэрээ хийгээд, банкинд материал бүрдүүлж өгөх шаардлагатай гээд 1 м.кв-ын үнийг 1,350,000 төгрөгөөр тооцсон гэрээнд гарын үсэг зуруулсан...” гэсэн тайлбар, гэрч С.Т-ын: “...Барилга хугацаандаа баригдаагүй, зөндөө удсан. Хэд хэдэн удаа хойшлогдож байж байрандаа орсон. Байшин баригдаад дууссаны дараа үнээ нэмсэн. Тэгээд шинэчилсэн гэрээ хийж  байрандаа орсон. Гэрээгээ хийж, зөвшөөрснийг нь байранд нь оруулсан. Гэрээгээ зөвшөөрөхгүй хүмүүсийг байранд оруулахгүй гэж байсан. Материалын үнэ нэмэгдсэн гэж тайлбарлаж байсан...” гэсэн, гэрч Т.Ц-ын: “...2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дахин гэрээ байгуулсан. Өмнөх гэрээгээ буцаагаад авсан. Тус компани түлхүүр өгөхдөө бэлэн мөнгөөр бол 1,150,000 төгрөгөөр ав, бэлэн бус банкны зээлээр авч байгаа хүмүүс 1,350,000 төгрөгөөр ав гэж хэлж байсан. Гэрээний нэмэлт өөрчлөлт хийхдээ тохиролцоогүй, харин дарамталсан. Шинэ гэрээгээр явахгүй бол байрнаасаа татгалзаж болно гээд байсан...” гэсэн, гэрч Б.Э-ын: “...2017 оны намар ажлаасаа гарсан. Миний хийж байсан ажлыг А, Б гэдэг хүмүүс хариуцан ажиллах болсон. Намайг ажлаас гарах үед м.кв-ын үнэ өөрчлөгдсөн талаар захиалагч нарт компаний зүгээс мэдэгдэж байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Мөн Г.Ц нь ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд “МД” ХХК-иас Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт баригдсан 24 айлын орон сууцны 5 давхрын 24 тоотод байрлах 74,32 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хүлээн авч үнэд нь 85,470,850 төгрөг төлсөн болох нь 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 8,830,850 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 18,000,000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 637,000 төгрөгийг, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 58,003,000 төгрөгийг Г.Ц-аас “МД” ХХК-ний данс руу шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтуудын хуулбар, хариуцагчийн: “...МД” ХХК-д дээрх мөнгөнүүдийг төлсөн...” гэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн: “...Дээрх мөнгөнүүдийг төлсөн баримт манайд байгаа...” гэсэн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч тал нь орон сууцны талбайн 1.мв-ыг 1,350,000 төгрөгөөр тооцсон гэрээг хуулийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ гэж тайлбарлаж байх боловч хариуцагч тал нь уг гэрээнд өөрийн хүсэл зориг илэрхийлэгдээгүй, банкнаас зээл авах зорилгоор дүр үзүүлэн хийсэн гэрээ /хэлцэл/ гэж маргаж байв.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлд хуульчилснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үед ажил гүйцэтгэгч болон захиалагчийн хэн алиных нь төсөөлөлд ороогүй, урьдчилан таамаглах, төлөвлөх боломжгүй байдал үүссэнээр гүйцэтгэх ажлын төсөв нэмэгдсэн тохиолдолд захиалагчийг ажлын үнийг нэмэгдсэн хэмжээгээр хариуцах үүрэгтэй гэж үзэх боломжгүй бөгөөд гагцхүү ийнхүү нэмэгдсэнийг захиалагч хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л хариуцах үүрэг үүснэ.

Өөрөөр хэлбэл захиалагч тал буюу Г.Ц нь ажил гүйцэтгэх гэрээний үнийг нэмэгдүүлэн төлөхийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд  гүйцэтгэгч тал түүнээс нэмэгдүүлсэн төлбөр шаардах боломжгүй бөгөөд аль нэг талын хүсэл зориг илэрхийлэгдээгүй тохиолдолд гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Гэвч талууд ажил гүйцэтгэх гэрээний үүргийн талаар бус зээлийн гэрээний үүргийн талаар маргаж буй учир шүүх шүүх ажил гүйцэтгэх гэрээний агуулга руу орж үнэлэлт дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “МД” ХХК нь барилгын материалын үнэ өссөн үндэслэлээр анх байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үнээ нэмэгдүүлж, 10,000,000 төгрөгийг Г.Ц-аас нэмж гаргуулах зорилгоор  2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ гэсэн нэртэй гэрээг үйлдсэн болох нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн: ”...Г.Ц нь “МД” ХХК-тай гэрээ байгуулан Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт баригдсан 24 айлын орон сууцны 5 давхрын 24 тоотод байрлах 74,32 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,350,000 төгрөгөөр тооцож худалдан авсан. Уг орон сууцны нийт үнэ 100,332,000 төгрөг болсон бөгөөд 90,332,000 төгрөгийг Г.Ц нь төлж барагдуулсан. Харин 10,000,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “МД” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч тохиролцсон хугацаандаа мөнгөө төлж чадаагүй тул түүний хүсэлтээр гэрээний хугацааг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Гэвч өнөөдрийг хүртэл уг 10,000,000 төгрөгөө төлөөгүй учир нэхэмжилж байна...” гэсэн, хариуцагчийн: “...Хаан банк 1м.кв нь 1,350,000 төгрөгөөс доош үнэтэй байрнуудад зээл гаргахгүй байгаа учир 1 м.кв нь 1,350,000 төгрөг гэж гэрээ хийгээд, банкинд материал бүрдүүлж өгөх шаардлагатай гээд 1 м.кв-ын үнийг 1,350,000 төгрөгөөр тооцсон гэрээнд гарын үсэг зуруулж, намайг “МД” ХХК-иас 10,000,000 төгрөг зээлсэн гэх зээлийн гэрээнд мөн гарын үсэг зуруулсан. Би “МД” ХХК-иас бэлнээр болон дансаар 10,000,000 төгрөг огт зээлээгүй бөгөөд банкинд зээл гаргуулахын тулд бүрдүүлж өгсөн материал гэж ойлгоод гарын үсэг зурсан...” гэсэн тайлбаруудаар нотлогдож байна.

Түүнчлэн “МД” ХХК-иас Г.Ц-ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн 74,32 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнийг 1 м.квыг нь 1,350,000 төгрөгөөр тооцож, Г.Ц-аас 10,000,000 төгрөгийг нэмж гаргуулах зорилгоор уг гэрээ үйлдэгдсэн талаар зохигчид маргахгүй байна.

Иргэний  хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг.

“МД” ХХК, Г.Ц нарын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээгээр “МД” ХХК нь Г.Цгийн өмчлөлд 10,000,000 төгрөгийг шилжүүлэх бус, харин Г.Ц-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт дутуу төлсөн гэх 10,000,000 төгрөгийг авах хугацаа тогтоосон байх тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр талуудын тэгш эрхийн үндсэн дээр, харилцан хүсэл зоригийн илэрхийллээр гэрээ байгуулагддаг атал дээрх гэрээнд “МД” ХХК-иас Г.Ц-ийн өмчлөлд 10,000,000 төгрөгийг шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, Г.Ц нь ажил гүйцэтгэх гэрээний үнийг нэмэгдүүлснийг эс зөвшөөрсөн учир зөрүү үнийг төлөх хүсэл зориг байгаагүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх гэрээ нь зээлийн гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч зээлийн гэрээний агуулгагүй байх тул “МД” ХХК, Г.Ц нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд “МД” ХХК нь Г.Ц-аас зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг, зээлийн хугацаа хэтэрсэн алдангид 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

7.1.1.эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх:  

Нэхэмжлэлийн үнийн дүн /төгрөгөөр/

Хураамжийн хувь, хэмжээ /төгрөгөөр/

0-130 000

4550 төгрөг.

130 001-650 000

4550 төгрөг дээр 130 000 төгрөгөөс давсан дүнгийн 3 хувийг нэмнэ.

650 001-1 300 000

20150 төгрөг дээр 650 000 төгрөгөөс давсан дүнгийн 2.4 хувийг нэмнэ.

1 300 001-13 000 000

35750 төгрөг дээр 1 300 000 төгрөгөөс давсан дүнгийн 1.6 хувийг нэмнэ.

13 000 001-ээс дээш

222950 төгрөг дээр 13 000 000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувийг нэмнэ.

 

гэж” тус тус  хуульчилсан.

Нэхэмжлэгч “МД” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 10,284,158 төгрөгийн шаардлагад 200,996 төгрөгийн, 5,000,000 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа 94,950 төгрөгийн, нийт 295,946 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх бөгөөд 15,284,158 төгрөгийн шаардлагын хураамжид 234,371 төгрөг төлбөл зохих  буюу 61,575 төгрөгийн хураамж илүү төлсөн байна.

Нэхэмжлэгч “МД” ХХК нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 284,158 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд, шүүхээс 15,000,000 төгрөгийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж буй учир 15,284,158 төгрөгийн шаардлагад бодогдох улсын тэмдэгтийн хураамж 234,371 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 61,575 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “МД” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. “МД” ХХК-ний нэхэмжлэлтэй, Б овогт Г.Ц-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг, зээлийн алдангид 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “МД” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,371 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 61,575 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “МД” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн доторЗавхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН