Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1257

 

  Ц.Б-д холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

   прокурор Т.Отгонтөгс,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н, түүний өмгөөлөгч Д.Ганчимэг,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Х.Батбаатар, К.Бауиржан, Б.Цолмон-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 2019/ШЦТ/1044 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-н өмгөөлөгч Д.Ганчимэг болон шүүгдэгч Ц.Б-н өмгөөлөгч К.Бауиржан, Б.Цолмон-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Б-д холбогдох эрүүгийн 1808 00000 1369 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ц-н Б, 19.. оны .. дугаар сарын ...-ний өдөр ........ аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “А” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../;

Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ........ 61 дүгээр гудамжинд байрлах “NG” март дэлгүүрийн үүдний довжоон дээрээс иргэн И.О, Л.Б нарыг түлхэх үйлдэл хийж, иргэн И.О-г унагаан амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ц-н Б-г бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-н өмгөөлөгч Д.Ганчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “...дээрх гэмтэл нь гараар цохих үед үүсэх боломжгүй, харин хөлөөр толгойн хэсэг рүү хүчтэй өшиглөх, дэвсэх, хатуу гадаргуутай биет зүйл дээр хүчтэй унах үед дээрх гэмтэл үүсэх боломжтой” гэж мэдүүлсэн. Мөн 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанд “... дээр нь суучихаад толгойг нь газартай хавсарч савуулахад тархины битүү гэмтэл буюу хугарал үүсэх боломжтой, ... гараар цохиход болон өшиглөхөд үүсэх боломжтой, шулуун цохиход үүсэхгүй. Доороос дээш чиглэсэн өшиглөлт болон цохилтод үүсэх боломжтой, талийгаачийн толгойн баруун талын чамархайн хэсэгт хүч үйлчилсэн байна” гэж мэдүүлдэг. Эдгээр мэдүүлгүүдээс дүгнэж үзэхэд,

1. Амь хохирогч И.О-н эрүүний доор буюу оочны хэсэг хөхөрсөн, зүүн шанаа хавдсан байдаг.

2. Гэрч Гантулгын мэдүүлэг И.О-г газар унасан байх үед нь гараараа нүүрэн тус газар нь нилээд хэдэн удаа цохисон.

3. Гэрч Ц.Б И.О-г унагаж, цохиж байсан. И.О-н дээр нь дарсан орилоод байж байсан.

4. Саm4 2018/11/09 22:11:25 FRI 1.59-2.03 секунтын бичлэгт Л.Б амь хохирогч И.О-г гараараа зууран толгойн баруун талаар нь машины урд талын хамар луу мөргүүлж унагаж байгаа бичлэг шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан болно.

5. 22-06-28 секундэд сэжигтэн амь хохирогчийг татан камерын зүүн доод буланд орж ирэн газар унаган баруун гараар цохиж байгаа үйлдэл хийв. Амь хохирогчийн бие камерт бүрэн харагдахгүй байв. 22-06-31 секундэд сэжигтэн амь хохирогчийг уг газарт баруун хөлөөрөө өшиглөж байгаа үйлдэл хийв, амь хохирогч энэ үед баруун талаараа газраас хагас өндийж хойш унаж байгаа харагдав. 22-06-34 секундэд амь хохирогч болон сэжигтний дүрс камераас гарав. 22-06-47 секундэд сэжигтний толгойн хэсэг камерт орж ирээд 22-06-53 секундэд сэжигтэн мөн тонгойж амь хохирогчийн хойш унасан газраас ямар нэгэн зүйлийг аваад 22-06-58 секундэд камерын зүүн доод буланд орж камераас гарав. 22-07-18 секундэд дэлгүүрийн шилэн хаалганы гадаа үүдэнд 2 эмэгтэй гарч ирж амь хохирогч болон сэжигтэн нарын байгаа газар луу харж зогсов. Мөн дэлгүүрээс 1 эрэгтэй, 1 эмэгтэй гарч ирж, 1 эрэгтэй амь хохирогч, сэжигтэн нарын зүг явав. 22-06-28 секундээс 22-07-18 хүртэл гэрч Г-г дэлгүүрээс гарч ирж салгах хүртэл камерын зүүн доод буланд цохиж, өшиглөж унасан байгаа харагдаж байна.

Дээрх нотлох баримтуудаас харахад И.О-г үхэлд хүргэсэн гэмтлийг хэн, яаж, хаана учруулсан нь эргэлзээтэй байх бөгөөд бүрэн нотлогдоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг хэн, хаана, яаж үйлдсэн нь бодит байдалтай нийцээгүй нотлогдвол зохих байдлууд нотлогдоогүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эргэлзээгүйгээр, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэж байна.

Анхан шатны шүүхийн үндэслэл болгож буй нотлох баримтууд нь амь хохирогч И.О-г дагзаараа унаж, гэмтэл авч нас барсан гэж дүгнэхдээ онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Б-н өмгөөлөгч К.Бауиржан, Б.Цолмон-Эрдэнэ нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх Ц.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлээд түүнийг бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэж үзэн, 2 жилийн хорих ялаар шийтгэсэн. Ийнхүү шүүх Ц.Б-г дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхдээ хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шинжээчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байна.

Ялангуяа хохирогчийг үхэлд хүргэсэн гэх баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зуун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл ямар хүчин зүйлийн үйлчлэлээс болж учирсан гэдгийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй атлаа “... түлхсэний улмаас И.О нь дагзаараа цементэн гадаргуутай газар унаснаас дээрх гэмтлийг авсан” гэж дүгнэхдээ шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, камерын бичлэгээр нотлогдсон гэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, хожим нь үйлдэл холбогдол нь хэрэгсэхгүй болж, 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өгсөн Л.Б гэгч нь “... дэлгүүрийн дотор хаалгаар гараад гадна хаалгаар гарахад дөнгөж өнгөрөөд давхралдаж ойчсон. Талийгаач хойд дагзаараа саваад ойчсон” тухай мэдүүлж, улмаар “Эн Жи март” дэлгүүрийн гадна камерын бичлэгт талийгаач нь Л.Б-тэй зууралдсан байдалтай ар талаараа унаж байгаа бичлэг байдаг хэдий боловч талийгаачид учирсан гэмтэл нь ар дагзанд (дагз хэсгийн дотор гадна шарх, гэмтэлгүй) биш харин баруун чамархай, баруун тал бөмбөлөг, зүүн тал бөмбөлөг зэрэгт учирсан байдаг тухай шинжээчийн дүгнэлтэд дурдсан байна.

Улмаар шинжээч эмч Ц.Нандинцэцэг энэ талаар “... талийгаачийн толгойны баруун талын чамархай хэсэгт хүч үйлчилсэн байна. Мөн энэ талдаа судас хагарсан байна, ... баруун чихний хойд талын хэсгээс зүүн дээд талдаа хүч үйлчилж гэмтэл авсан байна” гэж тайлбарласан. Мөн шинжээчийн 2509 дугаартай дүгнэлтэд “... баруун чамархай ясны дунд доод хэсгээс ар хэсэг рүү үргэлжилсэн 4.5 см урт хөндлөн хугаралтай, хугарал орчмын эдэд цус хуралтай, суурь яс бүтэн хугаралгүй” гэж дүгнэсэн, өөрөөр хэлбэл, баруун чамархай хэсэгт авсан гэмтэл нь ар хэсэг рүүгээ чиглэж, үргэлжилсэн 4.5 см урт хөндлөн хугаралтай байсан талаар дүгнэсэн байдаг. Эндээс талийгаачийг үхэлд хүргэсэн гэх гэмтлийг баруун чамархай хэсэг буюу баруун талаас авсан байх боломжтой нь тодорхойлогдож байна.

Мөн шинжээч эмчийн хувьд талийгаачийн биед учирсан гэмтлийг ямар нөхцөлд, ямар хүчний үйлчлэлээр авсан байх боломжтой талаар хэд хэдэн янзаар тайлбарладаг бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “ ... хүний гараар цохиход үүсэх боломж бага, харин унах өшиглөхөд үүсэх боломж илүүтэй” гэсэн бол 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр " ... камерын бичлэгээс үзэхэд тухайн тохиолдолд дээрх гэмтэл нь гараар цохих үед үүсэх боломжгүй, харин хөлөөр толгой хэсэг рүү хүчтэй өшиглөх, дэвсэх, хатуу гадаргуутай биет зүйл дээр хүчтэй унах үед дээрх гэмтэл үүсэх боломжтой" гэж мэдүүлж, 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр “... бичлэгээс харахад хаалганаас түлхээд гадаа унаж байх үед дээрх гэмтэл үүсэх боломжтой” гэж мэдүүлж байсан байна.

Тэгвэл тэрээр 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанд “... хавтгай том талбайтай газар унаснаас үүсэх боломжтой гэж дүгнэлт гаргасан, ... согтууруулах ундаа хэрэглэсэн хүн орон зайн баримжаа тэнцвэр алдагдана, ... дээр нь суучихаад толгойг нь газартай хавсарч савуулахад тархины битүү гэмтэл буюу хугарал үүсэх боломжтой, ... гараар цохиход болон өшиглөхөд үүсэх боломжтой, ... шулуун цохиход үүсэхгүй. Доороос дээш чиглэсэн өшиглөлт болон цохилтод үүсэх боломжтой" гэж мэдүүлсэн.

Ийнхүү тусгай мэдлэг бүхий шинжээч эмч талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлийг ямар хүчин зүйлийн үйлчлэлээр ямар нөхцөлд авсан талаар өөр өөр байдлаар тайлбарласан байхад шүүх “дагзаараа унасан”-аас болж гэмтэл авч нас барсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Үүнээс гадна шинжээч эмч Ц.Нандинцэцэг нь өөрийн гаргасан дүгнэлттэй холбоотойгоор 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өгсөн тайлбартаа  “... ер нь гавал тархины битүү гэмтлийн үед чихний сувгаас цус гардаг” гэсэн бол 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралд оролцохдоо “... гавал тархины битүү гэмтлийн үед чихнээс цус гарахгүй, судас хагарснаас цус гардаг” гэж тайлбарласан. Хэргийн газрын үзлэгт “... амь хохирогчийн унасан гэх газрыг шинжээч 3 гэсэн дугаар тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан ба уг газраас зүүн урьд зүгт 4-5 метрийн зайд “Эн Жи март” гэсэн бичиглэлтэй үйлчилгээний төвийн баруун зүгт харж байрласан хаалганаас 2 метрийн зайд байрлах газар дээрх хүрэн улаан өнгийн олон тооны толбонууд байх ба уг толбоноос шинжээч шинжилгээнд зориулж дээж авсан ба 1 гэсэн дугаар тавьж гэрэл зургаар бэхжүүлж авав. Тухайн 1 гэсэн дугаартай газраас зүүн урьд зүгт 8 метрийн зайд хүрэн улаан өнгийн 5х0.2 см хэмжээтэй толбо мэт хатсан зүйл байснаас шинжээч дээж авч 5 гэсэн дугаар тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав” гэж тэмдэглэгдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, хэргийн газрын үзлэгээр талийгаач болон Л.Б нарын зууралдаж унасан гэх газраас ямар нэг зүйл буюу цус илрээгүй болохыг нотолж байна. Энэ нь тухайн дэлгүүрийн үүдэнд хаалгаар түлхэгдэн гарч унах үедээ шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг аваагүй (гавал тархины битүү гэмтэл аваагүй, судас хагараагүй) гэдгийг нотолж буй хэрэг юм. Хохирогчийн хуүль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч Ц.Б нарын хувьд тухайн хэрэг гарсан нөхцөл байдал, хохирогчийн биед учруулсан гэмтлийг Л.Б-н үйлдэлтэй шууд холбон тайлбарлаж ирсэн байдаг ба ялангуяа хохирогчийн талаас Л.Батцэнгэлийг шууд буруутгадаг. Харин шүүх хохирогч болон Ц.Б нарын шүүхэд гаргасан дээрх үндэслэл тайлбарыг шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мэдүүлэг, И.О болон Л.Б нарыг давхралдаж унасны дараа харсан хүн болох гэрч Д.Оюунчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н, Б.Г нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн.

Гэвч эрүүгийн хэргийн материалд камерын бичлэгтэй сидинд үзлэг хийсэн тэмдэглэл (2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр) нотлох баримтаар авагдсан бөгөөд уг тэмдэглэлийн 5 дахь талд “... 22-04-45 секундэд уг дэлгүүрийн шилэн хаалганаас амь хохирогч И.О урд нь сэжигтэн Л.Б араас нь хоёулаа зууралдсан байдалтай гарч ирж чигээрээ үүдний довжоон дээрээс газарт давхараараа унав, ... босоод камерын зүүн доод хэсэгт орж амь хохирогчийн дүрс харагдахгүй болж сэжигтний цагаан малгайтай толгойн хэсгийн дүрс харагдаж, 22-06-28 секундэд сэжигтэн амь хохирогчийг татан камерын зүүн доод буланд орж ирэн газар унаган баруун гараар цохиж байгаа үйлдэл хийв, амь хохирогчийн бие камерт бүрэн харагдахгүй байв. 22-06-31 секундэд сэжигтэн амь хохирогчийг уг газарт хөлөөрөө өшиглөж байгаа үйлдэл хийв, амь хохирогч энэ үед баруун талаараа газраас хагас өндийж хойш унаж харагдав” гэж тэмдэглэсэн бол уг тэмдэглэлийн 6 дахь талд “... 22-06-34 секундэд амь хохирогч болон сэжигтний дүрс камераас гарав, ... 22-07-18 секундэд дэлгүүрийн шилэн хаалганы үүдэнд 2 эмэгтэй гарч ирж амь хохирогч болон сэжигтэн нарын байгаа газар луу харж зогсов. Мөн дэлгүүрээс 1 эрэгтэй, 1 эмэгтэй гарч ирж, 1 эрэгтэй амь хохирогч, сэжигтэн нарын байсан чигт явав” гэж тэмдэглэгдсэн.

Эндээс дэлгүүрийн үүдэнд (22-04-45 секунд) талийгаач болон Л.Б нар давхралдаж унаснаас хойш босч Л.Б нь талийгаачийг дахин унасан үед нь цохиж, өшиглөснөөс хойш (22-06-28-31 секундын хооронд) дэлгүүрийн хаалгаар 3 эмэгтэй, 1 эрэгтэй хүн гарч ирсэн гэдгийг харж болох бөгөөд тэдгээрийн нэг нь гэрч Б.Г байсан болохыг түүний өгсөн “ ... намайг гадаа гарч харах үед И.О доор нь орсон, нөгөө үл таних эрэгтэй хүн газар унагасан байдалтай дээрээс нь гараараа цохиж байсан, ... би үл таних эрэгтэй хүнийг араас нь татаж салгасан” гэсэн мэдүүлгээс, мөн хохирогч нь дэлгүүрийн үүдэнд анх унаснаас хойш дахин газар унасан байсан гэдгийг тус тус харж болно.

Өөрөөр хэлбэл, гэрч Д.О, Б.Г нарыг дэлгүүрийн үүдэнд гарч ирж харахаас өмнө Л.Б нь талийгаачийг дахин газар унагаж цохисон, өшиглөсөн гэх асуудал болоод өнгөрсөн байсан, уг болсон асуудлыг гэрч Д.О огт хараагүй, дахин үргэлжлүүлж зодож байсныг гэрч Б.Г харсан гэдэг нь бичлэг болон мэдүүлгээр нотлогдож байна.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд “... намайг очсоноос хойш цохиогүй” гэж мэдүүлсэн байдаг боловч түүний хувьд талийгаачийг 2 дахь удаагаа унасан байх үед ирсэн гэдэг нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдохын зэрэгцээ тэрээр хэрэг гарсан өдрийн маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “... намайг очиход хүмүүс зодолдоод байсан, би очоод харахад нөхөр И.О-г танихгүй хүн газар унагаагаад байж байсан, ... тэр залуу өөрийгөө Цэнгэл гэдэг, өмнө шоронд 5 жил болсон, чамайг ална шүү гэж И.О-н толгой руу өшиглөөд байсан” гэж гэрчээр мэдүүлсэн байдаг. 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр СХД-ийн прокурорын газарт “... Л.Б гэдэг этгээд тэр үед ажлын шар бакалнаас ч илүү, хүн өшиглөхөд амьд үлдэхээргүй гутал өмсөж явсан. Энэ хүн миний хань И.О-г зодож, тархины хүнд гэмтэл учруулсан, надад эргэлзэх юм байхгүй, энэ хүний 100 хувь буруутай үйлдлээс эрүүл саруул хүн зэрлэг хүний гарт өнгөрсөн” талаар дурдаж гомдол гаргасан байдгийг шүүх анхаарч үзээгүй байна.

Энэ мэтчилэн шүүх хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн өгсөн тайлбар, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг хооронд нь харьцуулан үзэж, хэрэг гарсан нөхцөл байдлыг бодитой тогтоогоогүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна.

Мөн үүнээс гадна И.О-н амь нас хохирсон асуудлыг шалгахдаа цагдаа, прокурорын байгууллага нь анхнаасаа Л.Б гэгчийг буруутган, түүнийг цагдан хорих замаар санаатай хүний амийг хохироосон гэж яллаж байсан ба ингэхдээ одоо Ц.Б-г буруутгаж буй нотлох баримтуудыг үндэслэн яллаж байсан байдаг.

Гэтэл Л.Б-д холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд хэргийг буцааснаас хойш өмнө Л.Б-г буруутгаж байсан нотлох баримтууд дээр нэмэгдсэн нэг л баримт байдаг нь шинжээч Ц.Нандинцэцэгийг дахин асуусан 2 удаагийн тэмдэглэл бөгөөд түүний өгсөн тайлбар, мэдүүлгээр яллагдагчаар татагдсан этгээдийг нөгөөгөөр сольж байгаа явдал нь хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох, гэм бурууг эргэлзээгүй тогтоох гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн хэрэг юм. Эргэлзээтэй, зөрүүтэй нотлох баримт, тайлбар, мэдүүлгийг үндэслэн бусдыг яллаж, улмаар ял шийтгэл оногдуулж байгаа явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь судлан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ц.Б-н өмгөөлөгч К.Бауиржан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь судлан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Б-н өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Талийгаачид учирсан гэмтэл нь баруун чамархайд учирсан гэмтлээс хойшоо чиглэсэн хугаралтай гэж байгаа. Шинжээч эмч зөрүүтэй тайлбар хэлж байгаа. Дагзаараа маш хүчтэй унаж байж амь насанд хүрэх хэмжээний хүнд гэмтэл учирна. Гэтэл дагзанд ямар ч өөрчлөлт байхгүй. Хөнгөн гэмтэл авсан ч дагзанд өөрчлөлт гардаг. Үүнээс харахад анхан шатны шүүхээс хохирогчийг дагзаараа унасан гэж дүгнэсэн нь тогтоогдохгүй байна. Хохирогчийн тархины баруун чамархайд хүч үйлчлээд хойш чиглэсэн гэмтэл үүссэн гэдгийг анхаарч үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Б-н өмгөөлөгч Х.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч нарын гаргасан гомдлын шаардлагыг дэмжиж байна. Хэргийг эргэлзээгүй талаас нь шийдвэрлүүлэхийн тулд дараах нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай. Үүнд: Шинжээчийн дүгнэлтэд үхлийн шалтгааныг “баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зуун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэх гэмтлүүд үхэлд хүргэжээ” гэсэн. Үүнийг яг нарийвчлан тогтоогоогүй. Түүний улмаас хүн нас барахгүй байх боломжтой. Үхлийн шалтгааныг тогтоогоогүй байгаа үед гэм буруугийн болон ял шийтгэлийн асуудал яригдахгүй. Тархины аалзан хальсан доорх цус харвалт нь хүнд гэмтэл юм. Гэхдээ энэ гэмтэл нь үхэлд хүргэхгүй байх боломжтой. Шинжээч эмч нь дүгнэлтийн 9 дэх заалтдаа “эдгээр гэмтлүүд бүгдээрээ үхэлд хүргэсэн байна” гэсэн. ... Ухамсарт үйл ажиллагаа явуулах боломжтой эсэхийг тал бүрээс нь тодорхойлох ёстой байсан. Тэр нь тодорхой хугацаанд идэвхитэй үйл хөдлөл хийх боломжтой гэж байгаа. Тэгсэн атлаа дүгнэлтийн 9 дүгээр заалтад “эдгээр гэмтлүүд үхэлд хүргэжээ” гэж дүгнэсэн. Үхэлд хүргэсэн бол энэ хүн идэвхитэй хөдөлгөөн хийх боломж байхгүй. Тэгэхээр энэ гэмтэл нь дэс дараалалтай бий болсон. ... Үхэлд хүргэсэн шалтгаан нь цусан хураа юм. Цусан хураа ямар хугацаанд бий болдог вэ гэвэл хамгийн багадаа 6-12 цаг, дээд тал нь 12-18 цагийн хооронд үүснэ гэж хариулсан. Тэгэхэд шинжээч эмч Нандинцэцэг шүүх хуралдаанд энэ шинжээч эмчийн дүгнэлтийг үгүйсгээд, шууд 12 цагийн дотор бий болно гэж зааж өгсөн. Талийгаач өглөө 7 цагт Гэмтэл судлалын үндэсний төвд очоод нас барсан. Шөнийн 22 цаг 4 минут 46 секунтэд энэ хугарал үүссэн байж болно. Энэ цусан хураа нь өглөөний 7 цаг хүртэл хугацаанд бий болж байна. ... Үхлийн шалтгаан нь цусан хураа 7 цагийн турш хуримтлагдаад бий болсны дараа энэ хүн нас барсан. Энэ цусан хураа ямар тохиолдолд хурдан явагдаад, ямар тохиолдолд удаан явагддаг талаар тодруулахын тулд амь хохирогчийн зан авирын өөрчлөлт тухайн гэмт хэрэг харахад нөлөөлсөн эсэхийг тогтоогоогүй. Энэ зодоон болсны дараа гэртээ очоод архи уусан. Архи нь хүний цусыг шингэрүүлж, даралт нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл, цусан хурааг бий болгох процессийг илүү хурдасгадаг. Хохирогч архи уусан нь үхлийг түргэсгэж өгсөн. ... Хэрэв тэр орой архи уугаагүй бол энэ хүн өвдөлтийг мэдрэх ёстой байсан. Тэгэхээр гэмтлийн эмнэлэгт энэ цусан хурааг авах боломжтой. Талийгаач нь тархины шугаман хугарлаас болоод нас барсан юм уу, аалзан хальсан доорх харвалт нь үхэлд хүргэсэн юм уу гэх мэт зүйлүүдийг тодорхойлоогүй улмаас яллахад эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна. Шинжээчийн дүгнэлт ерөнхий байдлаар гарсан учраас шинжээч эмч Нандинцэцэг шүүх хуралдааны явцад болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдээ дандаа эргэлзээтэй өгдөг. Энэ бүгдээс дүгнэвэл үхлийн шалтгаан, шалтгаанд нөлөөлсөн байдлуудыг тодорхой болгосны үндсэн дээр хэний үйлдлийн улмаас уг гэмтэл үүсэж, үхлийн шалтгаан бий болсныг тодорхой болгосны эцэст гэм буруугийн болон зүйлчлэлийн асуудал яригдах ёстой гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мөрдөн байцаалтын явц удаашраад байсан учир нь Батцэнгэлийг цагаатгасан явдал байсан. Намайг 6 сард цагдаа дээр дуудаад Батцэнгэл цагаатсан гэж хэлсэн. Би гайхаж, маш их цочирдсон. Тэгээд прокурорт гомдол гаргаж, яагаад Батцэнгэлийг цагаатгасан талаар асуухад танд хамаагүй гэж хэлсэн. Гэтэл Ц.Б гэдэг хүнийг холбогдогчоор татсан байсан. Камерын бичлэгээс харахад Ц.Б нь тухайн хэрэг учралын газар байсан. Би шат шатны хуулийн байгууллагуудад маш их гомдолтой байна. Энэ эмэгтэй санамсаргүй түлхсэн байх. Гэхдээ эмэгтэй хүний нинжин сэтгэл байхгүй юм шиг харагдсан. Тэр 2 хүнийг салгаад, дэлгүүрээс гаргаад, цагдаа дуудах боломжтой байхад хараад зогсож байсан. ... Томилолтын прокуророос Ц.Б-т 2 жилийн ял сонсгосон байсан. Хүний амь насны асуудал яригдаж байхад 2 жилийн ял бага юм болов уу гэж харуусах сэтгэлтэй явж байна. ...” гэв.  

Шүүгдэгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч нартай санал нэг байгаа. Би 0-13 насны насанд хүрээгүй хүүхэдтэй, өвчтэй, өндөр настай ээжтэйгээ амьдардаг. Энэ хэргийн үнэнийг олж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ц.Б нь бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч нь өөрийн эд зүйлийг хамгаалах үүднээс амь хохирогч болон Л.Б нарыг түлхэн гаргасан. Тухайн үйлдлийн улмаас хүний амь нас хохирно гэдгийг мэдэлгүй энэ гэмт хэргийг үйлдсэн. Ц.Б нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, мөн гэрч Э, Л.Б нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон. Амь хохирогч энэ гэмтлийг аваад 12 цагийн хугацаанд идэвхитэй үйлдэл хийх боломжтой гэж дүгнэсэн. ... Хяналтын камерын бичлэгт талийгаач дэлгүүрээс түлхэгдэж гараад маш хүчтэй хатуу гадаргуутай зүйл дээр унаад хэсэг хугацаанд хөдөлгөөнгүй, идэвхгүй болсон нь харагдаж байгаа. Мөн талийгаач И.О нь баруун гараараа чихээ үзээд, баруун гараа харж, дахин чихээ үзээд гараа хараад дахин маргалдсан бичлэг хэрэгт авагдсан. Хэргийн бодит байдал хяналтын камерын бичлэгт тодорхой тусгагдсан. Түлхэж гаргасан үйлдлийн улмаас талийгаач хатуу гадаргуутай зүйл дээр хүчтэй унасан нь гэрч Энхбаатарын мэдүүлгээр нотлогддог. Тийм ч учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас уг гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзсэн. Хохиролд 2.435.000 төгрөг төлснийг харгалзан үзэж, шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргаж байсан. Одоо шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэж гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ хэрэгт нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, шүүгчийн захирамжийн заалтын дагуу холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Шүүх нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэл бүхий шийтгэх тогтоол гаргасан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр ......... дүүргийн 2 дугаар хороо, ....... 61 дүгээр гудамжинд байрлах “NG” март дэлгүүрийн үүдний довжоон дээрээс иргэн И.О, Л.Б нарыг түлхэх үйлдэл хийж, иргэн И.О-г унагаан амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Л.Н-н: “... Намайг очоод хартал манай нөхөр И.О дээшээ харсан хашгираад хэвтэж байсан. Хажууд нь нэг залуу зогсоод “чамайг ална” гээд занаад байсан. Би гар утсан дээрээ зургийг нь авсан. Тухайн үед би сандарсан байсан учир гар утсаа гүйцэд ажиллуулж чадаагүй. ... Манай нөхөр босоод ирэхэд өмссөн хувцас нь шороо болчихсон, нэг чихнээс нь цус гарч байсан. ...” /1 хх 63-64/,

Гэрч Л.Г-н “... Талийгаач И.О-н нэг чихнээс нь бага зэрэг цус гоожсон байсан. ...” /1 хх 84/,

Гэрч Д.О-н “... Тэр залууг сөхрөөд суусан үед нь цаана нь шөвөг Отгоо гэх залуу тэр залууг “чиний нуруу өвддөг гэж юу байдаг юм, би халхын шоронд 13 жил болсон” гээд байсан. Тэгтэл сөхрөөд суусан байсан залуу “чиний шорон орон чинь яадаг юм” гээд байсан. ... Тэр залууг босоод иртэл шөвөг Отгоо цохиж авах гээд зууралдаад авсан. Тэднийг манай худалдагч Ц.Б, Нарангарав нар түлхээд гаргасан. ...” /1 хх 85-86/,

Шинжээч Ц.Нандинцэцэгийн “... Духны дэлбэнгийн гэмтэл, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтлийн үед удаан хугацаанд хөдөлгөөн хийх боломжтой байдаг. Гэхдээ тухайн хүний нас, хүйс, архаг хууч өвчин зэргээс шалтгаалж хөдөлгөөн хийх хугацаа янз бүр байж болдог. Тархины гэмтэл буюу цусан хураа гэмтэл нь саруул үе гэж байдаг. Энэ нь судас хагараад хагарсан судаснаас цус бага багаар цус алдаад тархийг дарах хүртэл ухамсарт хөдөлгөөн хийх боломжтой байдаг. ... Талийгаач И.О-н биед учирсан гавал тархины гэмтэл нь том талбайг хамарсан хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хүний гараар цохиход үүсэх боломж бага, харин унах болон өшиглөхөд үүсэх боломж илүүтэй. ... Ер нь гавал тархины битүү гэмтлийн үед чихний сувгаас цус гардаг. ...” /1 хх 95-96/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Талийгаач И.О-н биед баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх харвалт, оочинд цус хуралт, өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, оочинд цус хуралт, өвдөгт зулгаралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гавал тархины гэмтэл баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, бусад нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гавал тархины битүү гэмтэлтэй хүн тодорхой хугацаанд идэвхитэй үйл хөдлөл хийх боломжтой. Дээрх гавал тархины битүү гэмтэл баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь үхэлд хүргэжээ. ...” /1 хх 99-101/ гэсэн 2509 дугаартай дүгнэлт,

Камерын бичлэгтэй сидинд үзлэг хийсэн тэмдэглэл “... 22:04:24 секунтэд И.О Л.Б-н нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохиж, зөрүүлэн Л.Б баруун гараараа И.О-н толгойн дээгүүр цохиж хоорондоо барилцаж хувцаснаас зууралдах үед уг дэлгүүрийн худалдагч бололтой цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй мөн цэнхэр хормогчтой саарал өнгийн цамцтай эмэгтэй нар И.О, Л.Б нарыг хувцаснаас нь татаж, нүдний шилтэй эмэгтэй эхэлж дэлгүүрийн шилэн хаалгаар гарч ирж араас нь И.О, Л.Б нар зууралдсан байдалтай зэрэг шилэн хаалгаар гарч ирэв. Тэд нарын араас цэнхэр хормогчтой, саарал цамцтай эмэгтэй түлхэн 22:04:49 секунтэд дэлгүүрийн гадна хаалгаар гаргаж, 22:04:51 секунтэд цэнхэр хормогчтой, нүдний шилтэй эмэгтэй эргэж хаалгаар орж ирж шатны наана байх төмөр хаалгыг хаав. ...   /1 хх 21-30/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл “... Л.Б-н хэлснээр уг шилэн хаалганаас гараад уг довжоон дээрээс амь хохирогчийн хамт газарт унасан гэж заав. ...”, уг тэмдэглэлийг гэрэл зургаар бэхжүүлсэн үзүүлэлтүүд /1 хх 229-231/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 6-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 11-14/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан тул Ц.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна.

Прокуророос Ц.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Ц.Б-г бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн нөхцөлийг тодорхойлжээ.

Аливаа үйлдэл, эс үйлдэхүй нь эхлээд оюун ухаандаа төсөөлсний үр дүнд үйл ажиллагааны илрэл болж, улмаар өөрийн хүсэл зоригийн чиглэлтэй буюу тодорхой зорилго, сэдэлттэй байдаг.

Шүүгдэгч Ц.Б нь амь хохирогчийг дэлгүүрээс гаргах зорилгоор түүнтэй зууралдаж байсан Л.Батцэнгэл нарыг түлхэж гаргасан үйлдлийн улмаас довжоон дээрээс Л.Б, И.О нар нь давхралдан унаж, амь хохирогч И.О-н биед гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт бүхий тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан хэргийн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан гэрч Л.Н-н “... Намайг очих үед манай нөхөр газар хэвтэж байсан. Л.Б дээрээс  нь хараад зогсчихсон, “шөвгийг ална аа” гээд орилоод байсан. Намайг харж байхад толгойн хэсэгт хүчтэй цохиж, өшиглөж, дэвссэн үйлдэл гаргаагүй. ...” /2 хх 51/, шинжээч Ц.Нандинцэцэгийг дахин байцаасан “... Гараар цохих үед үүсэх боломжгүй, харин хөлөөр толгой хэсэг рүү хүчтэй өшиглөх, дэвсэх, хатуу гадаргуутай биет зүйл дээр хүчтэй унах үед дээрх гэмтэл үүсэх боломжтой. Камерын бичлэгээс үзэхэд толгойн хэсэг рүү өвдгөөрөө өшиглөж, цохиж байгаа байдал харагдахгүй байна. Нүүрэн хэсэг рүү өвдөглөхөд шугаман хугарал гэмтэл үүсэх боломжгүй. ... Дээрх гавал тархины гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Бичлэгээс харахад хаалганаас түлхээд гадаа унаж байх үед дээрх гэмтэл үүсэх боломжтой. ...” /2 хх 53, 56/ гэх мэдүүлгүүд, камерын бичлэгтэй сидинд үзлэг хийсэн тэмдэглэл “... И.О, Л.Б нар зууралдсан байдалтай зэрэг шилэн хаалгаар гарч ирэв. Тэд нарын араас цэнхэр хормогчтой, саарал цамцтай эмэгтэй түлхэн 22:04:49 секунтэд дэлгүүрийн гадна хаалгаар гаргаж, 22:04:51 секунтэд цэнхэр хормогчтой, нүдний шилтэй эмэгтэй эргэж хаалгаар орж ирж, шатны наана байх төмөр хаалгыг хаав. ...” /1 хх 21-30/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгч Ц.Б-н зүгээс хохирогчийн амь насыг хохироохыг хүсч, түлхэж унагаасан үйлдлийн улмаас хохирогч газарт унаж, үхэлд хүргэсэн гэмтлийг авах болно гэдгийг урьдаас сайтар мэдэж, тэрхүү үр дүнд ухамсартайгаар зориуд хүргэсэн гэж буруутган дүгнэх ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Энэ үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн гэх хууль зүйн ойлголтод хамаарахаар байх тул шүүгдэгчийг зориуд хохирол, хор уршигт хүргэх зорилгоор хүсэж хийсэн санаатай үйлдэл гэж дүгнэх боломжгүйн зэрэгцээ, түүний үйлдэл нь бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэлээ. 

Нөгөөтэйгүүр, өмгөөлөгч нарын гомдолд дурдсанчлан шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэсэн гэх гэрч Б.Г, шинжээч эмч Ц.Нандинцэцэг нарын тайлбар, дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч Ц.Б-н үйлдлийг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдол нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан байхаас гадна тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээдээс гаргуулсан эсэх нь хамааралтай боловч тэдгээрийн үнэн зөвийг бүрэн үгүйсгэхгүй.

Гагцхүү эх сурвалжийн баталгаа, агуулгын үнэн зөв байдлыг бодитойгоор шалган тооцож үзэхээс гадна энэхүү баталгааг гэрчид хууль сануулснаар бүрэн бий болно гэж үзэж бусад нөхцөл байдлыг эс харгалзан үзвээс мөрдөн шалгах болон шүүн таслах ажиллагаа төөрөгдөж болох ба саад учруулах сонирхол бүхий этгээдүүдэд хөтлөгдөх аюултай юм.

Гэрч Б.Г-н хувьд “Эн Жи март” дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулдаг байсан нь шүүгдэгч Ц.Б, түүний нөхөр Б.Энхбаатар нартай /уг дэлгүүрт ажилладаг/ харилцан хувийн сонирхолтой, ашиг сонирхол нэгдмэл гэж үзэх үндэслэлтэй бөгөөд түүний “...Тухайн үл таних эрэгтэй И.О-г газар унасан байх үед нь гараараа нүүрэн тус газар нь нилээд хэдэн удаа цохисон. ... “ /1 хх 74/ гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан камерын бичлэг болон уг бичлэгт үзлэг хийсэн “... амь хохирогч доор нь, сэжигтэн дээр нь байдалтай унав. Амь хохирогч унаад хэсэг зуур хөдөлгөөнгүй байж, сэжигтэн дээр нь хэвлий хэсэгт суусан байдалтай байснаа амь хохирогчийн зүүн гараас сэжигтэн татаж босгов. ...” /1 хх 25/ гэх тэмдэглэлээр Л.Б нь амь хохирогчийг газар унасан байхад нь нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон үйл баримт тогтоогдохгүй, дээрх байдлаар гэрч Б.Г-н мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

Мөн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн “... гараар цохих үед үүсэх боломжгүй, ... хатуу гадаргуутай биет зүйл дээр хүчтэй унах үед дээрх гэмтэл үүсэх боломжтой. ... бичлэгээс харахад уг гэмтэл үүсэх боломжтой. ...” гэсэн мэдүүлэг болон түүний удаа дараагийн тайлбарууд зэргийг амь хохирогчийн биед учирсан гэмтлийг тодорхойлсон шинжээчийн 2509 дугаартай дүгнэлттэй илтэд зөрүүтэй, эргэлзээтэй гэж дүгнэх боломжгүй юм.

Түүнчлэн, энэ хэрэгт холбогдон шалгагдаж байсан Л.Б нь дэлгүүр дотор болон гадаа амь хохирогч И.О-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний хэвлий хэсэгт өшиглөх, заамдаж унагасан зэрэг үйл баримт тогтоогдож байх боловч түүний үйлдлийн улмаас амь хохирогчийн биед гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн прокуророос Л.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд дээрх үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганчимэг болон шүүгдэгч Ц.Б-н өмгөөлөгч К.Бауиржан, Б.Цолмон-Эрдэнэ нар хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.