Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрийн Балжинням |
Хэргийн индекс | 140/2019/00272/И |
Дугаар | 419 |
Огноо | 2019-10-24 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 419
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгч С.Га-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар С.Га-ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******-т холбогдох тус газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Га- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Га- нь Завхан аймгийн *******-т 2014 оны 09 сарын 02-ны өдрийн Б/43 дугаартай тушаал гарч *******оор ажилд орж байсан. Ажилд орсон цагаас өдийг хүртэл ажлын хариуцлага алдаж байсан удаа байхгүй бөгөөд аймгийн ******* А.******* нь намайг байнга ажлаас хална, чамтай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэх мэтээр дарамталж ирсэн бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь би уг тушаалын үндэслэх хэсэгт байгаа хуулийн заалт болон Хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчөөгүй буюу албан томилолтоор ажиллах хугацаандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 05 сарын 08-ны өдрийн 03 дугаартай үндэслэл муутай тогтоол гаргуулж ажлаас халсан.
Иймд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Га-ын гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.
Иргэн С.Га- нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын *******оор ажиллаж байгаад 2019 оны 05-р сарын 13-ны өдрийн Б/20 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул түүнийг ажлаас чөлөөлсөн.
Иргэн С.Га- нь 2019 оны төлөвлөгөөт хяналт шалгалтаар улсын байцаагчдын аюулгүй байдлыг хангаж, *******ийн албан үүргийг гүйцэтгэж явахдаа буюу урд чиглэлийн сумдаар 2019 оны 03-р сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд ******* суманд албан томилолтоор ажиллаж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй талаар мэдээлэл байсны дагуу газрын даргын зүгээс хуулийн хүрээнд байгууллагын ёс зүйн зөвлөлд хүсэлт гаргасаны дагуу уг асуудлыг шалгаж 2019 оны 05-р сарын 08-ны өдрийн 02 тоот тогтоолоор тогтоогдсон.
Иймд Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05-р сарын 13-ны өдрийн Б/20 тоот тушаал нь хуульд нийцсэн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэжээ.
Нэхэмжлэгч С.Га- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******-т 3 жил гаруй *******ийн ажил хийж байна. Аймгийн ******* ******* нь ажлаа авсан цагаасаа хойш намайг ажлаасаа гар, ажлаа өг гэж дарамталдаг байсан. Намайг чи ажлаа өг би чамд мөнгө өгье, чи мал дээр гарах уу би чамд мал авах мөнгө өгье гэдэг байсан. Тэгээд ******* сум руу томилолтоор явж ирсний дараа намайг ажлаас халсан байсан. Тухайн үед ******* сум руу томилолтоор явж байхад замдаа машин тэрэг цасанд суугаад нилээн оройтож ******* сум орсон. ******* урьд нь манай байгууллагад ажилладаг байсан. Биднийг очиход орой 21 цагаас хойш ******* та манайд очиж хоол идчихээд надтай хамт ачаа буулгалцаад өгөөч, буцаж ирэхдээ би танай байцаагч нарыг эргэж ирье гээд ирсэн. Тэгээд би *******тай хамт тэднийд очоод хоол унд идчихээд ачаа барааг нь буулгалцчихаад орой эргэж ирээд унтсан. ******* байцаагч нарыг эргэх гэж байгаа гээд нэг тортой юмтай торон дотор нь архи байсан. Ирээд торон доторх архиа задалсан. Би тухайн үед архинаас нь уугаагүй. ******* өөрөө архинаасаа ганц нэг татчихаад хаана байна та гийн // өрөөнд оруулаад өг эсвэл хоёулаа оръё гэсэн. Тэгэхээр нь би орохгүй одоо // унтчихсан байхдаа гээд өрөө рүү нь орсон чинь унтчихсан байхаар нь ширээн дээр тортой зүйлээ тавиад бид хоёр гарч ирсэн. Тэгээд би өрөөндөө орж унтсан. ******* гэрлүүгээ явсан. Ийм л зүйл болсон. Би ажилдаа эргэж орох, ажилгүй байсан хугацааныхаа цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх хүсэлттэй байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд С.Га-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүднээс өмгөөлөгчөөр оролцож байна. Га-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь гэрч нарын мэдүүлэг болон өнөөдрийн шүүх хуралдаанд оролцсон гэрч *******ын мэдүүлэг зэргээр тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Га-ыг яагаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна гэж үзэж байгаа юм бэ гэхээр Мэргэжлийн хяналтын газраас асуугдсан гэрч нарын мэдүүлэгт Га-ыг архи уусан гэдгийг харсан гэрч нэг ч байхгүй. Гэрчүүдийн зарим нь архи үнэртүүлсэн байсан, зарим нь архи бага хэрэглэсэн байх гэж мэдүүлсэн. Эх сурвалжийг зааж байгаа гэрч байхгүй байна. Дараагийн нотлох баримт болох ёс зүйн зөвлөлийн дүгнэлт дээр Га- нь төрийн үйлчилгээний болон төрийн захиргааны ажилтны ёс зүйн дүрэм журмыг зөрчсөн гэж дүгнэсэн байна. Ёс зүйн зөвлөл тухайн хүнийг ёс зүйн зөрчил гаргасан байна уу, үгүй юу гэдгийг тогтоож дүгнэлт гаргадаг болохоос биш мөрдөн шалгах байгууллага шиг Га- архи уусан нь тогтоогдсон гэж дүгнэлт гаргасан нь Га-ыг ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна. Га-ыг архи уусан, уугаагүй гэдгийг мэргэжлийн байгууллага тогтооно. Ёс зүйн зөвлөл нь тухайн мэргэжлийн байгууллагын тогтоосон дүгнэлтийг үндэслэж ёс зүйн ноцтой зөрчил гаргасан байна уу, үгүй юу энэ нь ноцтой зөрчил мөн юм уу, үгүй юм уу гэдгийг тогтоож дүгнэлт гаргадаг болохоос биш цагдаагийн байгууллага буюу эрх бүхий байгууллагын хийдэг мөрдөн шалгах ажиллагааг хийх боломжгүй. Ёс зүйн зөвлөл нь дүгнэлт гаргахдаа *******аас тайлбар аваагүй. *******аас тайлбар аваагүй нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байгаа. Мөн Га-ыг ёс зүйн зөвлөлийн хуралд оролцуулаагүй. Өөрийн байгууллагын ажилчдын хүрээнээс тайлбар аваад уг хуралд хариуцагч байгууллагын дарга нь оролцоод Га-ыг ёс зүйн зөрчил гаргасан гэдэг дээр тогтоё гэсэн нь уг ёс зүйн зөвлөлийн дүгнэлт нь хуульд нийцэж байна уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна. Уг дүгнэлт нь хууль ёсны шаардлага хангахгүй бол нотлох баримтын шаардлага хангаж байна уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна. Тийм учраас Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт үндэслэл муутай байна гэж үзэж байна. Өнөөдрийн шүүх хурал дээр ******* гэрчээр оролцож байгаа. ******* мэдүүлэгтээ Га-тай уулзахад архи уугаагүй байсан. Манайд очоод хоол идчихээд архи уугаагүй. Манайхаас гараад байрандаа очоод архи уугаагүй, маргааш нь архи уугаагүй байх гэж ярьж байгаа нь Га-ыг архи уугаагүй гэдгийг нь шууд зааж байгаа учраас Га- албан томилолтоор явахдаа архи согтууруулах ундаа хэрэглээгүй байна гэдэг нь нотлогдож байна. Шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан хөдөлмөрийн гэрээн дээр Га-ын ажлыг хэвийн ажиллах, мөн ажлын 8 цаг гэж заасан байсан. Хөдөлмөрийн тухай хуульд ажлын 8 цаг гэдэг нь өглөөнөөс орой хүртэл байдаг. Шөнийн цагаар ажиллах боломжгүй. Уг ажлын хэсгийнхэн ажлын цагтаа амжаад ******* сумд очсон байна. Га-ыг архи уусан гэх асуудал орой ажлын цагаар бус амралтын цагаар болсон асуудал байна. Мөн Га-ыг ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа архи уусан гэж үзэх боломжгүй байна. Ажлын байран дээрээ архи уусан гэх нь Засгийн газрын тогтоол дээр ажлын байран дээр буюу ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд байгаа боловч хөдөлмөрийн гэрээн дээр ажлын байран дээр архи уувал ноцтой зөрчил гэж тооцно гэж заасан байна. Томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж явсныг ажлын байр гэж үзэх үү, тухайн хүн морь нохой мэт зүтгэх ёстой юм уу, *******ийн ажил үүргээ гүйцэтгэсний дараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэдэг зүйл ярих нь боломжтой юу, гэрч нар Га-ыг жолоо барьж байхдаа буюу ажлаа хийж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй. Орой бид нарыг амарсны дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж магадгүй гэсэн. Тийм учраас Га-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны Б/20 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг баримталсан атлаа мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 гэсэн заалтыг давхар баримтласан байдаг. Энэ нь хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан байна гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гэж ойлгоно гэдэг заалтыг нь үзэхээр ажилтан зөрчил гаргасан бол дараах гэрээнд заасан сахилгын шийтгэл ногдуулна. Харин доорх ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Гэтэл сахилгын шийтгэл ногдуулаад байгаа юм уу, хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Тиймээс С.Га-ын нэхэмжлэлтэй Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Га-ыг ажилд нь эгүүлэн томилуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 05 сарын 13-наас 2019 оны 10 сарын 24-ний өдрийг хүртэлх цалинг гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 1497 дугаартай шүүгчийн захирамж 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гарч хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 30 миунтад хэлэлцэхээр товлож, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч байгууллагын төлөөлөгч нарт хуульд заасан журмын дагуу хурлын тов мэдэгдэж баримтжуулсан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 10-р сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд ирээгүй, түүнчлэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байхгүйгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч нар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.
Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгавар, Засгийн газрын 258 дугаар тогтоолын 1.7 дугаар зүйл, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам-ын 8 дугаар зүйлийн 8.2, 8.9, дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 20.б-дэх заалт, Байгууллагын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03 тоот тогтоолыг тус тус үндэслэн ******* С.Га-ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн байна.
С.Га- нь дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч С.Га- нь 2014 оноос эхлэн хариуцагч байгууллагад хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд 2019 оны 03-р сарын 19-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд албан томилолтоор урд сумуудаар томилогдон ажилласан болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Хариуцагч буюу ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг тус тус зохицуулсан ба ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэсэн байна.
Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай тушаалд ...2019 оны 03-р сарын 19-23-ны өдрүүдэд урд чиглэлийн сумдад ажиллах үедээ албан томилолтын явцад албан үүргээ гүйцэтгэж байхдаа ******* суманд согтууруулах ундаа хэрэглэн Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь ёс зүйн зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03 тоот тогтоолоор тогтоогдсон тул Мэргэжлийн хяналтын газрын үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай... гэж хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ заажээ.
Гэвч С.Га-ыг ажлаас халсан үндэслэл болсон албан томилолтын явцад албан үүргээ гүйцэтгэж байхдаа ******* суманд согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан гэх байдал тогтоогдохгүй байна.
Тухайлбал гэрч Б., Ц., Я., Н., Ж., Н., Х.*******зул, З. нар нь ******* суманд байхдаа ажлын цаг дууссан хойно шөнө 11-12 цагийн үед амнаас нь архи үнэртэж байсан гэж мэдүүлж байгаа ч тэдний мэдүүлгээр архи уусан гэх байдлыг хангалттай нотлогдсон гэж үзэх боломжгүй. Мөн хөдөлмөрийн тухай хуульд ажлын үргэлжлэх хугацаа 8 цаг байна гэж заасан ба шөнийн цагаар буюу 22 цагаас амрах хугацаандаа архи хэрэглэснийг ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэхгүй. Мөн С.Га- нь архи уусан үедээ *******ийн үүргээ гүйцэтгэсэн гэх байдал гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоогүй байна.
Хэдийгээр хариуцагч байгууллага нь С.Га-ын гаргасан зөрчил нь Байгууллагын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03 тоот тогтоолоор тогтоогдсон гэх боловч уг тогтоол нь хэргийн бодит нөхцөл байдалд тулгуурлаж гаргаагүй, үндэслэл муутай байх тул шүүх дээрх тогтоолыг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна.
Дээр дурдсанаар хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэгч С.Га-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нөгөөтэйгүүр С.Га- нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл байх тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.
С.Га-ын дээрх хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй.
Нэхэмжлэгч С.Га- нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 1,839,675 төгрөгийн цалин авсан нь түүний 1464666 тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. /2 дугаар сарын цалин 611725 + 3 дугаар сарын цалин 616225 + 4 дүгээр сарын цалин 611725 = 1,839,675 сүүлийн 3 сарын цалин, 1,839,675 : 3=613,225 /сарын дундаж цалин/, 613,225: 21,5=28522 / өдрийн дундаж цалин/
Нэхэмжлэгчийн 2019 оны 05 дугаар сарын 13-наас 2019 оны 10 дугаар сарын 24-нийг хүртэл 116 хоног хугацааны цалинг тооцоход нийт 3,308,552 төгрөг байх тул хариуцагчаас 3,308,552 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцож /ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 70200 + ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 67887 төгрөг= нийт 138,087 төгрөгийг/ хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан овогт ийн Га-ыг Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын *******ийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас С.Га-ын ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны олговор 3,308,552 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Га-ад олгожсугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд зааснаар С.Га-ын ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийхийг Завхан аймгийн *******-т даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллага болох Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас улсын тэмдэгтийн хураамжид 67887 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ