Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 114/2017/0026/З |
Дугаар | 203 |
Огноо | 2017-05-31 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 203
Иргэн Г.Сүхбаатарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Г.Сүхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, гуравдагч этгээд Д.Ганбаярын өмгөөлөгч Б.Содболд нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0174 дүгээр магадлалтай, иргэн Г.Сүхбаатарын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Сүхбаатарын “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/78 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0174 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Сүхбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/78 дугаар захирамжийг хүчингүй болгож, Г.Сүхбаатарыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Сүхбаатарт 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4558211 төгрөгийг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан олгож, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгасан байна.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалт, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтыг зөрчин 68 иргэн, 12 аж ахуйн нэгжид сонгон шалгаруулалтгүйгээр 149.158 га газар эзэмшүүлсэн” гэх зөрчлийн тухайд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаар шийдвэрт Г.Сүхбаатарт холбогдолгүй болохыг дурдсан ба нэхэмжлэгч энэ зөрчил дээр гомдол гаргаагүй байхад давж заалдах шатны шүүхийн Магадлалын хянавал хэсгийн 1-д дахин оруулж өгсөн байна. 2. Хариуцагч, гуравдагч этгээдийн давж заалдах шатны шүүх хуралд тайлбарласан тайлбарыг магадлалд тусгаагүй. 3. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Г.Сүхбаатарыг дээрх 3 үндэслэлээр буруутгасныг холбогдох хууль болон нотлох баримтыг шинжлэн судалж үндэслэлтэй дүгнэлт гаргасныг давж заалдах шатны шүүх “буруутгах үндэслэлгүй байна” гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлийг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна" гэж заасны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан Г.Сүхбаатарын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэгт ажлаас нь халсан болно.
Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн тухай:
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д “аймаг, нийслэлийн газрын албаны даргыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн газрын албаны даргыг нийслэлийн газрын албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилох, чөлөөлөх” заалтыг зөрчин Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөөгүй, 20.3 дахь хэсэгт “аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны даргыг газрын харилцааны зохих мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно" гэсэн заалтыг зөрчин Г.Сүхбаатарыг томилсон. Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр батлан гаргасан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын “Ажлын байрны тодорхойлолт”-ын тавигдах шаардлагын 1.1-д заасан ерөнхий шаардлагын мэргэжил гэдэг хүснэгтийн чухал шаардлагатай хэсэгт Газар зохион байгуулагч, инженер, барилгын инженер, шаардлагатай гэсэн хэсэгт Гөодези, кадастр мэргэжилтэй байна гэж тодорхойлсныг “Эрх зүйч” гэж засварласан байсан. Г.Сүхбаатар би засварлаагүй гэж байгаа боловч хавтаст хэрэгт Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр батлан гаргасан аймгийн “Ажлын байрны тодорхойлолт" нотлох баримтаар өгсөн байгаа болно. Энэ ажлын байрны тодорхойлолт нь аймгийн Засаг даргад биш аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хадгалагдаж байсан тул Г.Сүхбаатар өөрөө засварлан аймгийн Засаг даргад өгсөн байх үндэслэлтэй байна. Учир нь, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт мэргэжлээрээ 5-29 жил ажилласан төрийн албан хаагч нар байсаар байтал эрх зүйч мэргэжилтэй хүнийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтыг зөрчиж байгаа болно. Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор ”Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолт”-ын загвар, ”Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолт боловсруулах заавар”-ыг тус тус баталсан. Ажлын байрны тодорхойлолт нь ямар хүнийг ажилд шилж сонгон авахыг, Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт нь мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшлийн бэлтгэл, ур чадвар, туршлагын хувьд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйл, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадавхтай ажилтныг шилж сонгоход оршдог ба ажлын байрны тодорхойлолтыг ажил эрхлэгчид тохируулах бус, тухайн байгууллагын зорилт, чиг үүргийг үр ашиг, үр нөлөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай нийцүүлэн ажлын байрны шинжилгээ, үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсруулдаг. Г.Сүхбаатар нь өөрөө эрх зүйч мэргэжилтэй, төрийн албанд удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан хүний хувьд дээрх хууль зөрчсөн үйлдлийг аймгийн Засаг даргад ойлгуулан Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 13.1.9-д “албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэсэн заалтыг биелүүлээгүй байна. Гэтэл үүнийг давж заалдах шатны шүүх Г.Сүхбаатарыг буруутгах үндэслэлгүй байна гэж тогтоосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тухай:
Г.Сүхбаатар нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр томилогдон ажиллаж байгаад, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Дархан-Уул аймгийн Засаг даргын Б/33 дугаар захирамжаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албаны даргаар томилогдсон. Энэ хугацаанд аймгийн Засаг даргаас 2016.03.31-нд А/76, 2016.04.11-нд А/81, 2016.04.12-нд А/85, 2016.07.18-нд А/287, 2016.07.05-аас 2016.07.07-ны өдрүүдэд А/175, А/237, А/246 дугаар захирамжууд гарч Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албаны даргын ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтод хариуцсан ажлаараа Засаг даргад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, мэдээллээр хангах, 2 дугаар үндсэн зорилтод Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан ажлын байрны гол үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй нь тогтоогдож байна. Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх талаар гаргасан зөвлөмжийн 4-ийн “В”-д “Мөн хуулийн 26 дугаар зүйлийн “албан үүргээ биелүүлээгүй” гэдэгт төрийн албан хаагч албаны үүргийнхээ заримыг болон бүгдийг гүйцэтгээгүй, хангалтгүй биелүүлсэн аль алийг нь хамааруулна” гэж зөвлөсөн байдаг. Иймд, аймгийн Засаг дарга газартай холбоотой хуульд нийцээгүй шийдвэр гаргасан нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга мэргэжил, арга зүйн зөвлөгөөг өгч чадаагүй нь нотлогдож байна. Учир нь, Г.Сүхбаатар нь Газар зохион байгуулагчийн мэргэжилгүй, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасан аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны дарга газрын харилцааны зохих мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй тул ажлын байрны зорилтод заасан заалтыг биелүүлж чадахгүй байгаа болно. Үүнийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тодорхой дүгнэсэн болно.
Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албаны 2 төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийг зөрчин хууль бусаар, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөн төсөвт 5.8 сая төгрөгийн зардал гарган төсөвт хохирол учруулсан тухай:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж...”, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албаны даргын ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтод холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргах гэж тодорхойлсон байгаа. Г.Сүхбаатар нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албаны 2 төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийг зөрчин хууль бусаар, үндэслэлгүйгээр ажлаас халсныг Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсон, нотлох баримтаар хавтаст хэрэгт өгсөн ба шүүхийн шийдвэрийг гүйцэтгэн 2 албан хаагчид 5.8 сая төгрөгийг төсвөөс гаргасны улмаас төсөвт тусгагдаагүй 5.8 сая төгрөгийн зардал гарган байгууллагад хохирол учруулсан нь тогтоогдсон болно. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалт, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох” журмын агуулгаас үзэхэд эдгээр албан хаагчдын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг шүүх гаргуулахаар шийдвэрлэснийг Г.Сүхбаатар хууль бусаар тушаал гаргасны улмаас байгууллагад хохирол учруулсан зөрчил гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрхи гаргасан зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулж байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлын дагуу хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заавал нийцүүлэх зорилгыг агуулсан байна.
Иймд, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0174 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/78 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг үндэслэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Г.Сүхбаатарыг “иргэн, аж ахуйн нэгжид нийт 149,158 га газрыг сонгон шалгаруулалтгүй эзэмшүүлсэн, “Ажлын байрны тодорхойлолт”-ыг өөрт тохируулан өөрчлөж, хууль бусаар албан тушаалд томилогдсон, Засаг даргад хариуцсан ажлаараа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэдээллээр хангаж ажиллаагүй, 2 албан хаагчийг хууль бусаар халж төсөвт 5,8 сая төгрөгийн хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж, уг албан тушаалын “Ажлын байрны тодорхойлолт”-оор “дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Удирдахуйн ухаанаар мэргэшсэн байх” ерөнхий шаардлагыг тавьжээ.
Г.Сүхбаатар тус сонгон шалгаруулалтад тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор түүнийг төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэн, албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлснийг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/33 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар томилсон байна.
Дээрх төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх, албан тушаалд томилох зэрэг захиргааны байгууллагын үйл ажиллагаанд нэхэмжлэгч хамааралгүй байхад “хууль бусаар томилогдсон” гэж Г.Сүхбаатарыг буруутгах боломжгүй бөгөөд хариуцагчийн “Ажлын байрны тодорхойлолт аймгийн Газрын албанд хадгалагдаж байгаа тул Г.Сүхбаатар өөрөө засварлан Аймгийн Засаг даргад өгсөн байх” гэж баримтаар нотлогдоогүй үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг халсан нь хууль бус байна.
Давж заалдах шатны шүүх “Г.Сүхбаатар өөртөө тохируулан ажлын байрны тодорхойлолтыг өөрчлөн засварласан” гэсэн маргаан бүхий захиргааны актад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэсэн байх бөгөөд актын үндэслэл болоогүй “газрын харилцааны зохих мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажилласан байх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасан шаардлагыг нэхэмжлэгч хангаж байгаа эсэх” асуудалд дүгнэлт хийх шаардлагагүй.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.1-д зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэх бүрэн эрхтэй.
Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн б/57 дугаар захирамжаар Г.Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байх хугацаанд гарсан аймгийн Засаг даргын газрын асуудлаарх зарим шийдвэрүүд хууль бус байсанд нэхэмжлэгчийг шууд буруутгах боломжгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Нөгөөтэйгүүр, Г.Сүхбаатарыг албан үүргээ хэрхэн, яаж, биелүүлээгүй, хууль тогтоомж, албаны чиг үүргээ гүйцэтгээгүй нөхцөл байдлыг хариуцагч шалган тогтоогоогүй, зөвхөн хариуцсан асуудлаараа Засаг даргад мэргэжлийн зөвлөгөө өгч, мэдээллээр хангах “Ажлын байрны тодорхойлолт”-д заасан чиг үүрэгтэй нь холбогдуулан буруутгасан нь үндэслэлгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Иймд, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0174 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН