Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 562

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймаг, ... гэх газарт оршин суух, Х овогт Г ын Э  -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн ... оршин суух, Б  овогт З.Б  -д холбогдох,

Гэм хорын хохирол 31966251 төгрөг гаргуулах, Б.А ыг 16 насанд хүртэл сар бүр 680133 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг З.Б өд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00174/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Б.Л , нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б  нь 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нас барж эхнэр Г.Э, түүний үр хүүхдэд нөхөж баршгүй гарз тохиолдсон. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 19 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн танхимын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 400 дугаар тогтоолоор З.Б  нь Д.Б ыг болгоомжгүй буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаа буюу 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр талийгаач Б.Б ын охин Б.А  нь /2008 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн/ 7 нас, 2 сар, 11 хоногтой байсан ба Б.А  охины хувьд эцэг, эхийн асрамжид байсан ч эцэг нь цаг бусаар гэмт хэргийн улмаас нас барсантай хамааралтайгаар 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 195000 төгрөгийн тэтгэмж тогтоолгосон юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д "...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т ...Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж заасны дагуу Булган аймгийн ... оршин суух Д.Б  нь ам бүл дөрвүүлээ амьдарч байсан ба холбогдох төрийн байгууллагын тодорхойлсноор өрхийн хөдөлмөрийн насны 1 хүнд ноогдох сарын дундаж орлого 875133 төгрөг гэж тооцсоны дагуу охин Б.А ыг 16 нас хүртэл буюу 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сард 680133 төгрөг болж байгаа тул 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 03 дугаар 12-ны өдрийг хүртэлх хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэмжийн 31.966.251 /гучин нэгэн сая есөн зуун жаран зургаа мянга хоёр зуун тавин нэг/ төгрөг, энэ хугацаанаас хойш буюу 2024 он хүртэл Б.А ыг 16 нас хүртэлх хугацаанд дээрх тэтгэмжийн зөруүг сар болгон тогтмол гаргуулахаар нэхэмжилж байна.

Иймд Иргэний хуульд заасны дагуу З.Б өөс 31.966.251 /гучин нэгэн сая есөн зуун жаран зургаа мянга хоёр зуун тавин нэг/  төгрөг гаргуулах, энэ хугацаанаас хойш Б.А ыг 16 нас хүртэлх хугацаанд дээрх тэтгэмжийн зөрүү болох 680113 /зургаан зуун наян мянга нэг зуун арван гурав/ төгрөгийг сар бүр тогтмол гаргаж нэхэмжлэгчид олгохыг З.Б өд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: З.Б өөс 31.966.251 /гучин нэгэн сая есөн зуун жаран зургаа мянга хоёр зуун тавин нэг/  төгрөгийг тэжээгчээ алдсаны тэтгэмж, талийгаач Д.Б ын олж байсан орлогын зөрүү гэж нэхэмжилсэн байдаг. З.Б  нь  Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор З.Б ийг бусдын амь насыг болгоомжгүй хохироосон гэм буруутайд тооцсон. ... Э ийн нэхэмжлэл нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлохгүй байна гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Э  нь З.Б өөс гэм хорын хохирол 31.96.6251 /гучин нэгэн сая есөн зуун жаран зургаа мянга хоёр зуун тавин нэг/ төгрөг гаргуулах, Б.А ыг 16 насанд хүртэл сар бүр 680113 /зургаан зуун наян мянга нэг зуун арван гурав/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг З.Б өд даалгуулахаар нэхэмжлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч хариуцагч З.Б өөс тэжээгчээ алдсаны тэтгэмж, түүний олох байсан орлого зэргийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.

Хариуцагч З.Б  нь 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр талийгаач Д.Б ын амь насыг болгоомжгүй хохироосон болох нь хэргийн 7-16-р хуудсанд авагдсан Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018  оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. Тус шийтгэх тогтоолоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар З.Б өөс 9158838 төгрөг гаргуулж хохирогч Б.М , Г.Э  нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 1000000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 24122050 төгрөг, нийт 25122050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, олох байсан орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 7-16/

Нэхэмжлэгч нь талийгаач нөхрийн хамт мал маллаж ашиг шимээр нь орлого олдог байсан. Гэр бүлийн гишүүдийн 1 хүнд ногдох сарын дундаж орлого 875133 төгрөг бөгөөд охин Б.А ын тэжээгчээ алдсаны тэтгэмж 195000 төгрөгийг хасч зөрүү 680133 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 03 дугаар 12-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 31.966.251 төгрөг, Б.А ыг 16 нас хүртэлх хугацаанд 680.133 төгрөгийг сар бүр хариуцагч З.Б өөс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж заасан бөгөөд нас барагч Д.Б  нь тодорхой ажил хөдөлмөр эрхлэдэггүй байсан талаар Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурджээ /хх-ийн 15-р хуудас 29 дүгээр мөр/.

Гэр бүлийн гишүүдийн нас, хүйс, боловсрол, эрхэлж буй ажил, мэргэжил зэргээс хамаараад өрхийн орлого харилцан адилгүй эх үүсвэрээс бүрддэг. Зарим өрхийн орлого зөвхөн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогоос бүрддэг бол заримынх нь бизнесийн, түрээсийн гэх мэт олон төрлийн орлогоос бүрддэг байна.

Нэхэмжлэгч нь өрхийн нэг гишүүнд ногдох сарын дундаж орлогыг  875133 төгрөг гэж тодорхойлсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т ...тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй болно.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т малчин өрх гэж хувийнхаа өмчийн малыг байнга маллаж, ашиг шимээр нь үндсэн орлогоо олдог гэр бүлийг ойлгоно гэж заасан.

 Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 64 тоот тодорхойлолтод Д.Б  нь 2014 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 43, үхэр 28, хонь 478, ямаа 145, бүгд 694 толгой мал тоолуулсан. 2013-2014 онд 30 бод, 250 бог, арьс шир, түүхий эд борлуулсан талаар тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх эд зүйл, хөрөнгийг борлуулсан орлогоосоо хуульд заасан хувь хэмжээгээр албан татвар төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, орлогоо баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл Засаг даргын тодорхойлолтоор нэхэмжлэгчийн орлого тодорхойлогдсон гэж үзэх боломжгүй юм. Монгол улсын Үндэсний статистикийн хорооноос өрхийн сарын дундаж орлогын бүтцийг тодорхойлон гаргадаг тул Багийн засаг дарга нь 1 хүнд ногдох сарын дундаж орлогыг тодорхойлох эрх бүхий албан тушаалтан биш юм.

Иймд нэхэмжлэгч Г.Э ийн хариуцагч З.Б өөс гэм хорын хохирол 31966251 төгрөг гаргуулах, Б.А ыг 16 насанд хүртэл сар бүр 680133 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг З.Б өд даалгуулах тухай Г.Э ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдвал зохино.

Зохигч, тэдгээрийн өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд зааснаар мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурлыг эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд ямар хүндэтгэх үзэх шалтгааны улмаас ирээгүй тухай шүүхэд мэдэгдээгүй тул хэргийг зохигчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар хариуцагч З.Б өөс гэм хорын хохирол 31.966.251 /гучин нэгэн сая есөн зуун жаран зургаан мянга хоёр зуун тавин нэг/ төгрөг гаргуулах, Б.А ыг 16 насанд хүртэл сар бүр 680133 /зургаан зуун наян мянга нэг зуун гучин гурав/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг З.Б өд даалгуулах тухай нэхэмжлэгч Г.Э ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Э  нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР 

             ШҮҮГЧИД                             Г.МЯГМАРСҮРЭН 

                                                    О.ОДОНЧИМЭГ