Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 109/2016/0031/З |
Дугаар | 264 |
Огноо | 2017-06-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 264
Д.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Д.Мөнхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяа нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 09 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0279 дүгээр магадлалтай, Д.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.7, 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Мөнхжаргалын “Архангай аймгийн Засаг даргаас Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Мөнхжаргалд өгсөн мэдэгдэл болон тус сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах захиалгыг хүчингүй болгохыг Архангай аймгийн Засаг даргад даалгуулах, мөн аймгийн боловсрол, соёл урлагийн газраас зарласан Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тоон дээр явагдах сонгон шалгаруулалтыг хүчингүй болгохыг Боловсрол, соёл урлагийн газрын даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0279 дүгээр магадлалаар Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасан байна.
Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, холбогдох нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нотлох баримт буруу үнэлсэн зэрэг ... хуульд заасан журмыг зөрчсөн” гэжээ.
1. Нэхэмжлэгч Д.Мөнхжаргалын анхан шатны шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэлд “2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Засаг дарга Ц.Мөнхнасангийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Мөнхжаргалд өгсөн үндэслэлгүй мэдэгдэл болон аймгийн Засаг даргын Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах захиалгыг хүчингүй болгохыг аймгийн Засаг даргад даалгах, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болох Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тоон дээр зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгохыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой тусгасан байдаг.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан “...эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...” Д.Мөнхжаргал шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдэг нь харагдаж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 279 дүгээр магадлалд дээрх хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг зөрчөөгүй байна.
2. Аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ нь Д.Мөнхжаргалыг 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 дугаар захирамжийн 1 дэх хэсгээр Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан. Мөн захирамжийн 3 дахь хэсгээр Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж, дүнг танилцуулахыг аймгийн Боловсрол, соёлын газрын даргад үүрэг болгосон.
Гэтэл дээрх захирамжаар өгсөн үүрэг биелэгдээгүй буюу Боловсрол соёлын газраас Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаагүй байхад буюу Боловсролын газрын дарга А.Амгаланбаатараас 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 180 дугаар албан бичгийг аймгийн тухайн үеийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэд ирүүлдэг. Дээрх албан бичгийн дагуу Д.Мөнхжаргалыг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/56 дугаар захирамжийн 1 дэх хэсгээр Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлаар жинхлэн томилон ажиллуулсан нь дээр сургуулийн захирланы ажлын байранд сонгон шалгаруулалт зарлагдаагүй гэдэг нь хэргийн материалт байгаа нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна.
Мөн хэргийн материалт байгаа нотлох баримтаар Д.Мөнхжаргал нь 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн Боловсролын газраас зохион байгуулсан Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад орж 62.6 оноо авч нийт оноогоор V дугаар байр эзэлсэн нь тогтоогддог. Захиргааны хэргийн анхан шатны шүүх холбогдох нотлох баримтыг хуулийн дагуу бүрэн бүрдүүлсэн, нотлох баримтыг хуулийн хүрээнд үнэлсэн байна.
3. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.5-д “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул олон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна”, 8 дугаар зүйлийн 8.1.3-т “Сонгон шалгаруулалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан нэг иргэний нэрийг дэвшүүлж, дүгнэлтийн хамт томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэх” гэж тус тус заасныг зөрчиж Д.Мөнхжаргалыг Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлаар Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.7, 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж жинхлэн томилж, ажиллуулсан.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Хяналтын шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын магадлалд хамаарах хэсэгт дүгнэлт өгч, дараах үндэслэлээр хангалгүй орхив.
Давж заалдах шатны шүүхээс “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар захиргааны байгууллагын ямар үйл ажиллагааг хууль бус гэж үзсэн, түүний улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, шүүхээр эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж байгаа нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 53 дугаар зүйлийн 53.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу” гэж дүгнэсэн нь зөв байна.
Учир нь, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд өгсөн мэдэгдэл болон спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах захиалга, мөн хариуцагч аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас зарласан сургуулийн захирлын орон тоон дээр явагдах сонгон шалгаруулалт нь захиргааны үйл ажиллагааны ямар хэлбэр болох, тухайлбал захиргааны акт мөн эсэх, хэрэв мөн бол түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн, нэхэмжлэлийн шаардлага нь хүчингүй болгуулах, эсхүл даалгахын аль нь болох зэргийг тодруулж шалгалгүйгээр шийдвэрлэсэн нь буруу байна.
Иймээс “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой тусгасан буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг зөрчөөгүй байхад давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу” гэх утгатай хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
Мөн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбартай холбогдуулан “сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг урьд нь Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу орон тоо гарах бүрт нь зохион байгуулж байсан эсэх, ерөнхий боловсролын сургуулийн болон төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, албан тушаалд тавигдах шаардлага адил эсэх”-ийг тодруулахад шаардлагатай нэмэлт нотлох баримт цуглуулах нь зүйтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.
Иймд, “...Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлагдаагүй гэдэг нь хэргийн материалд байгаа нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байгаа, мөн нэхэмжлэгч нь 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн Боловсролын газраас зохион байгуулсан Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад орж 62.6 оноо авч нийт оноогоор V дугаар байр эзэлсэн нь тогтоогддог, Захиргааны хэргийн анхан шатны шүүх холбогдох нотлох баримтыг хуулийн дагуу бүрэн бүрдүүлсэн...” гэх гомдлоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Гомдлын бусад үндэслэлийн тухайд магадлалд шууд хамааралгүй, түүнчлэн нэмэлт нотлох баримт цуглуулснаар дүгнэлт өгч эцэслэн шийдвэрлэх боломжтой болохыг дурдаад, мөн нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй хэмээн шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0279 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ