Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 102/2019/03369/И |
Дугаар | 001/ХТ2022/00101 |
Огноо | 2022-01-20 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2022/00101
Ч.Мын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00579 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 897 дугаар магадлалтай,
Ч.Мын нэхэмжлэлтэй
Ц.Гэд холбогдох
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн, хариуцагчийн өмгөөлөгч Г.Батболд, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Ц.Гэд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 45,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, “хууль зүйн туслалцаа үзүүлэх хөлснөөс гадна шүүхийн зардалд гэж 100,000,000 төгрөг авсан боловч юунд зарцуулсан нь тодорхой бус, 55,000,000 төгрөг буцаан авсан тул үлдэх мөнгийг гаргуулна уу” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд “...Ч.М бол энэ хэргийн жинхэнэ нэхэмжлэгч биш, энэ хэргийн нэхэмжлэгч нь “Далан даваа” ХХК гэж харагддаг. Ц.Г нь иргэн Ч.Мын биш, “Далан Даваа” ХХК-ийн хүсэлтээр энэ хэрэгт төлөөлөгчөөр орсон. Баянгол дүүргийн Прокурорын газрын 2018.11.02-ны өдрийн 2216 дугаар тоот хэрэг бүртгэлтийг хаах тогтоолд “Далан даваа” ХХК-тай холбоотой газрын маргаанд Ц.Г нь хууль зүйн туслалцаа үзүүлэхээр харилцан тохиролцсон байна гэж үзэн хэргийг хаасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00579 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Ц.Гээс 45,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.Мыг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 897 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00579 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 382,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1 897 тоот магадлалын хянавал хэсэгт: “...хэргийн зохигчийн эрх зүйн байдал тодорхой бус, маргааны зүйл болж буй мөнгөн хөрөнгийг хэн шаардах эрхтэй болох нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ч.Мыг жинхэнэ нэхэмжлэгч гэж тодорхойлон нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнг солих хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2019.11.19-ний өдөр 102/ШЗ2019/14789 дүгээр захирамж гаргаснаар цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр Ч.М оролцсон. Энэ тохиолдолд гуравдагч этгээд Б.Лхагвасүрэнгийн эрх ашиг хөндөгдөх эсэхийг шүүх тодруулсан эсэх талаарх баримт хэрэгт байхгүй байна. Талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, зохигчийн эрх зүйн байдал тодорхой бус байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Түүнчлэн хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4-т зааснаар мэтгэлцсэн гэж үзэх үндэслэлгүй. Маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. ...Хэргийн 3 дугаар талд авагдсан итгэмжлэлээр Б.Лхагвасүрэн нь О.Өлзийсайханд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийг олгосон байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх нэхэмжлэгчийг жинхэнэ нэхэмжлэгчээр сольсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. ...” гэжээ.
4.2 Давж заалдах шатны шүүх нэг асуудлаар агуулгын хувьд зөрчилтэй хоёр өөр үнэлэлт дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл Б.Лхагвасүрэнгийн эрх ашиг хөндөгдөх эсэхийг шүүх тодруулсан эсэх талаарх баримт хэрэгт байхгүй байна гэж бичээд дараа нь Б.Лхагвасүрэн нь О.Өлзийсайханд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийг олгосон байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх нэхэмжлэгчийг жинхэнэ нэхэмжлэгчээр сольсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэсэн. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Б.Лхагвасүрэнгийн эрх ашиг хөндөгдөнө гэх үндэслэл бүхий эргэлзээ төрүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй.
4.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 25.2.2 шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг нь нэхэмжлэгч талд байсан.
4.4 Эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд авч үзэхэд ч гэсэн шүүх санаачилгаараа зохигчийн эрх зүйн байдал, шаардах эрхтэй эсэхийг тодруулах ажиллагаа явуулах боломжгүй. Тэр тусмаа үүнийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль бус гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...“Далан даваа” ХХК-ийн захирал Ч.М нь өмгөөлөгч Ц.Гэд тус компанийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт төлөөлөн оролцсон ажлын хөлсөнд 100,000,000 төгрөг төлсөн гэж үзэхээр ба талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...шүүхийн маргаанд манай компанийг ялуулах зорилгоор мөнгийг авсан, өмгөөлөгч нэмж авах зориулалттай байсан, уг мөнгийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй” зэрэг үндэслэл заан тайлбарлах боловч өмгөөлөгчид мөнгөний зарцуулалтыг зааж шилжүүлсэн гэх баримт тогтоогдоогүй, 55,000,000 төгрөгийг Б.Лхагвасүрэнгээр дамжуулан буцаан авснаа зөвшөөрч байх бөгөөд хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй, иймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 45,000,000 төгрөгийг шаардах эрхгүй” гэжээ.
7. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бөгөөд магадлалд, “...маргааны үйл баримт, зохигчийн эрх зүйн байдал тодорхой бус байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай” гэж үзсэн байна.
8. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Ц.Гэд холбогдуулан Б.Лхагвасүрэн анх шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, 2015.05.26-ны өдрийн 100,000,000 төгрөг шилжүүлсэн баримт болон 2018.12.18-ны өдрийн төлбөр барагдуулах тухай гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгосон ба Ц.Гийн дансанд мөнгийг Ч.М шилжүүлсэн, харин төлбөр барагдуулах гэрээ нь Б.Лхагвасүрэн Ц.Г нарын хооронд хийгджээ.
9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Лхагвасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түүнийг жинхэнэ нэхэмжлэгч Ч.Маар солих хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд Ч.М нэхэмжлэгчээр оролцохдоо дээр дурдсан мөнгө шилжүүлсэн баримт болон төлбөр барагдуулах тухай гэрээг мөн нэхэмжлэлийн үндэслэл болгосон байна.
10. Анхан шатны шүүх хариуцагч Ц.Г болон Б.Лхагвасүрэн нарын хооронд байгуулагдсан 45,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн төлбөр барагдуулах гэрээ болон уг гэрээ байгуулагдахаас өмнө Ч.Мын 100,000,000 төгрөгийг “шүүхийн зардал” утгаар Ц.Гийн дансанд шилжүүлсэн баримтын харилцан хамаарал болоод эдгээрийг хэргийн бусад баримттай харьцуулан болсон үйл баримтыг бүрэн тогтоогоогүйгээс маргааны зүйл болж буй мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй этгээд нь хэн болох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 399 дүгээр зүйлийн 399.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.
11. Учир нь “Далан даваа” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагч Ц.Г нь тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож 5,000,000 төгрөгийн хөлс авсан талаар талууд маргаагүй байхад анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийн талаар “зохигчийн хооронд /Ч.М, Ц.Г нарын/ даалгаврын гэрээ байгуулагдсан, “шүүхийн зардал” утгаар хариуцагчийн дансанд шилжүүлсэн 100,000,000 төгрөг нь даалгавар гүйцэтгэгч Ц.Гийн ажлын хөлс” гэж үзсэн нь үндэслэл муутайгаас гадна хоорондоо зөрчилтэй, тухайлбал, “...нэхэмжлэгч мөнгийг шилжүүлэхдээ зарцуулалтыг заагаагүй” гэсэн дүгнэлт хийжээ.
Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 897 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч Ц.Г /итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд/-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.22-ны өдөр төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД