Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2020/0395/З |
Дугаар | 128/ШШ2022/0133 |
Огноо | 2022-02-28 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2022/0133
2022 02 28 128/ШШ2022/0133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Б
Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Э, Я.А нарын хоорондын Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай А/37 дугаар тушаалаар татварын улсын байцаагчаар томилсныг эс зөвшөөрч, өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар,
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилох албан хаагчийн шалгаруулалтын үнэлгээг үндэслэн татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд албан хаагч томилогдсон гэсэн үндэслэлээр Ч.Бийг албан тушаалаас нь чөлөөлж, Х дүүргийн татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар томилсон байх бөгөөд нэхэмжлэгчээс уг тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор,
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалаар Ч.Б нь зургаан сараас дээш хугацааны сургалтад хамрагдах үндэслэлээр түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс уг тушаалыг хүчингүй болгуулахаар,
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийн шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэснийг болон, тус тушаалаар байгуулагдсан Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах ажлын хэсгийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах шалгаруулалт болон дүгнэлтийг хүчингүй болгуулахаар,
Мөн 2020 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал олгоогүй тул олгуулах, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Б, Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, иргэдийн төлөөлөгч Е.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Б нь Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай А/37 дугаар тушаалаар татварын улсын байцаагчаар томилсныг эс зөвшөөрч, өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилох албан хаагчийн шалгаруулалтын үнэлгээг үндэслэн татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд албан хаагч томилогдсон гэсэн үндэслэлээр Ч.Бийг албан тушаалаас нь чөлөөлж, Х дүүргийн татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар томилсон байх бөгөөд нэхэмжлэгчээс уг тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалаар Ч.Б нь зургаан сараас дээш хугацааны сургалтад хамрагдах үндэслэлээр түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс уг тушаалыг хүчингүй болгуулахаар, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийн шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэснийг болон, тус тушаалаар байгуулагдсан Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах ажлын хэсгийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах шалгаруулалт болон дүгнэлтийг хүчингүй болгуулахаар, мөн 2020 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал олгоогүй тул олгуулах, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
2. Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор гомдлыг хангаагүй тул 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Татварын ерөнхий газрын дарга нь төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалын зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг үндэслэлгүйгээр бууруулж шийдвэр гаргасныг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:
1) Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмын 2.9 дэх хэсэгт Төрийн захиргааны албан хаагчаас өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаал буурсан тохиолдолд тухайн төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын зэрэг дэвийг бууруулах гэснийг зөрчсөн гэж,
2) Шалгаруулалтыг албан тушаалаас чөлөөлөхөөс өмнө хийх байсан атал чөлөөлсний дараа, маргаан үүсгэсний дараа хийх шийдвэр гаргасан нь хуулийн процесс ажиллагааг зөрчсөн гэж,
3) Төрийн албаны шатлан дэвших боломжийг хаасан, зэрэг дэвийн нэмэгдлийн тогтоосон хувиар олгоогүй гэжээ.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Ч.Б нь 2018 оны 4 дүгээр сард Татварын ерөнхий газрын татвар төлөгчтэй харьцах газрын татварын улсын ахлах байцаагчаар томилогдон ажиллаж ажил үүргээ гүйцэтгэж байсан. 2018 онд Татварын ерөнхий газрын татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчаар томилогдох үед тухайн газарт татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалын орон тоо нэг ширхэг байсан гэж тайлбарладаг. Тухайн үед батлагдсан тушаалаар татварын улсын байцаагч нар ажилладаг, нэг ахлах байцаагчтай уг ахлах байцаагч нь ТЗ-8 зэрэглэлийн шатлалаар цалин авч ажилладаг байсан. Ажиллаж байх явцад, 2019 оны 7 дугаар сард н.Б*******, 2019 оны 4 дүгээр сард н.Б улсын ахлах байцаагчаар томилогдон ажиллахаар ирсэн байдаг. Сая шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн нотлох баримтын учир нь ганц ахлах байцаагчийн орон тоотой газар дээр гаднаас өөр байгууллагад ажиллаж байсан хоёр ахлах байцаагчийг авч ирж, байхгүй орон тоон дээр хоёр ахлах байцаагчийг томилсон учир удирдлагууд нь зөвшилцөж байгаад 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр н.Б, н.Б нь шинээр томилогдож ирсэнтэй холбоотойгоор ямар нэгэн батлагдсан ажлын байрь байхгүй, албан тушаалын тодорхойлолт байхгүй, гүйцэтгэх чиг үүрэг тодорхойгүй байсан учир Ч.Б тухайн үед татварын улсын ахлах байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлаасаа сүүлд томилогдож ирсэн дээрх хоёр улсын алах байцаагчдаа гүйцэтгэх чиг үүргээ хуваарилах байдлаар татвар төлөгчтэй харилцах газрын үйл ажиллагаа явагдаж байсан.
2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А/37 дугаар маргаан бүхий тушаал гарсан байдаг. Энэ тушаал гарахаас өмнө 2020 оны 02 дугаар сарын Татварын ерөнхий газрын даргын Б/64 дүгээр тушаалаар татвар төлөгчтэй харилцах газар, татвар төлөгчид үйлчлэх газрын нэрийг нь өөрчилсөн байдаг. Б/64 дүгээр тушаалаар н.Т, н.Д, н.Ж гэдэг сургалтын төвд ажиллаж байсан гурван албан хаагчийг Татвар төлөгчтэй харилцах газрыг Татвар төлөгчид үйлчлэх газар болгож өөрчилж н.Төгсөө, н.Даваадэмбэрэл, н.Жавзансүрэн татварын улсын ахлах байцаагчаар томилсон байдаг. Ингээд татварын ерөнхий газрын татвар төлөгчтэй харилцах газар нь татвар төлөгчид үйлчлэх газар гэдэг нэртэй болж нэр нь өөрчлөгдөж нэг ахлах байцаагчийн орон тоон дээр Ч.Б, н.Б, н.Б, н.Т, н.Д, н.Ж гээд нийт 6 ахлах байцаагчийн орон тоотой болсон харагддаг. Үүнийг Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан албан тушаалын орон тоо цөөрөх гэдэг үндэслэлд хамаарахгүй гэж нэхэмжлэгч маргасан. Татварын ерөнхий газраас маргаан бүхий А/37 дугаар тушаалыг гаргахдаа нэгдүгээр хавсралтаар нь нэмэгдсэн 6 ахлах байцаагчийг албан тушаалаас нь чөлөөлж, хоёрдугаар хавсралтаар нь буцааж томилохдоо 6 ахлах байцаагчийг 1 болгож цөөрүүлсэн гэж ахлах байцаагчаас нь чөлөөлж, улсын байцаагчаар томилж, сонгон шалгаруулалт зарласан. Тухайн үед энэ хүмүүс Төрийн албаны зөвлөлд албан тушаал буурч байгаа нь хууль бус гэж гомдол гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байх үед ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсэг нь сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалт явуулж н.Б гэх хүнийг сонгон шалгаруулалтын дүнгээр томилогдсон гээд 6 ахлахаас нэгийг нь томилсон. Энэ хугацаанд уг сонгон шалгаруулалтыг нэхэмжлэгч Ч.Бийн зүгээс шүүх дээр маргаантай, албан тушаал цөөрөөгүй, би албан тушаал хэвээр хадгалагдан үлдсэн учир уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах эрхтэй гэж маргаж байгаа учир сонгон шалгаруулалтыг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг бичгээр гаргасан боловч үүнийг нь шийдвэрлэхгүйгээр шууд сонгон шалгаруулалт явуулж н.Б*******ыг томилсон.
Энэ явцад 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаал гарсан. Ч.Б тухайн үед Татварын ерөнхий газрын татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагчийн албан тушаалд ахлах албан тушаалаасаа бууж ажиллаж байгаад Б/336 дугаар тушаалаар Х дүүргийн бичил татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч гэх албан тушаалд шилжүүлсэн байдаг. Энэ тушаалыг хууль бус гэж маргасан. Гол маргааны үндэслэл нь хариуцагчийн маргаан бүхий актад баримталж байгаа гол зүйл болох Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд төрийн албан хаагчийн ажлын байрны орон тоо цөөрсөн бол уг орон тоон дээр ажлын байрны сонгон шалгаруулалтыг үндэслэн шалгарсан албан хаагчийг томилно гэж заасан зохицуулалтын дагуу 6 байсан ахлах байцаагчаа нэг болгож цөөрүүлсэн гэж маргадаг.
Үзлэг хийлгэх хүсэлтийг сүүлд гаргаж байгаагийн гол агуулга нь Сангийн сайдын тушаал гарч Татварын ерөнхий газрын бүтэц орон тоог баталдаг. Үүний дараа Татварын ерөнхий газрын бүтэц орон тооны дээд хязгаарыг сайд баталсан. Агентлагийн дарга батлагдсан орон тооны бүтэц орон тоон дотор нэг ч улсын байцаагч ямар ямар ангилал зэрэглэлтэй ажиллах, татварын газар нь дотроо хэдэн газар, хэдэн хэлтэстэй, хэлтэс газар тус бүр газрын дарга, хэлтсийн дарга, орлогч дарга, ахлах байцаагч улсын байцаагч мэргэжилтэн гэх мэт орон тоо нэг бүрийн хуваарийг баталдаг. Ингэсний дараа тухайн батлагдсан орон тоон дээр бусдыг авч ажиллуулдаг. Маргаан бүхий Сангийн сайдын 301, 209 дүгээр тушаал батлагдсан Татварын ерөнхий газрын орон тооны дээд хязгаар буюу 110 хүний хязгаар дотроо хэрхэн яаж тушаалаар хуваарилж, чиг үүрэг, орон тооны бүтэц зохион байгуулалтыг баталсан талаар тодорхойлоогүй тушаалгүй ажиллаж байсан гэсэн. Батлагдсан тушаалаараа 3 байсан орон тоо дараачийн орон тоо батлагдсан тушаалаар хоёр болбол цөөрөх гэдэг ойлголт буюу Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д хамаарна.
Анхнаасаа татвар төлөгчтэй харилцах газар 6 орон тоотой байна гэж батлаагүй нэг ахлах байцаагчтай байна гэж батлагдсан гэж үзвэл 6 ахлах байцаагчаас хамгийн анх уг албан тушаалд томилогдсон гэж үзвэл энэ албан тушаал нэхэмжлэгчээс өөр ямар ч албан тушаалтан байгаагүй. Б/64 дүгээр тушаалаар томилогдсон 3 албан хаагчийн хувьд нэг ч өдөр татварын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллаагүй. Учир Б/64 дүгээр тушаал гарсны дараа удалгүй А/37, А/38 дугаар тушаал гарсан. Иймд Ч.Бийн ажлын байр албан тушаал цөөрөх гэдэг үндэслэлд хамаараагүй, нэг орон тоотой байсан, нэг орон тоо нь А/38 дугаар тушаалаар хэвээр хадгалагдаж үлдсэн гэж маргаж байгаа. Маргаан бүхий А/37 дугаар тушаалын хувьд эхлээд Татварын ерөнхий газрын дарга тушаалаа гаргаж, бүтэц орон тоог баталж, батлагдсан бүтэц орон тоон дээрээ хүмүүсийнхээ нэрийг зоож томилгоо хийх ёстой. Эдгээр үйл баримтуудаас харахад цөөрсөн гэх үндэслэлд хамаарахгүй, ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа албан тушаалтан дээр сонгон шалгаруулалт явуулсан нь хууль бус болсон. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д заасны дагуу томилгоотой холбоотой шүүхийн маргаантай байгаа бол томилгоо хийхийг хориглохоор тухайлан хуульд оруулсан байхад хуулийг зөрчиж томилгоо хийсэн гэж үзэж маргаж байна.
Дүүрэг рүү шилжүүлж томилсон гэх тушаалын тухайд үндсэн маргааны агуулгатай адил албан ажлын ямар нэгэн зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаагүй байхад хэвээр хадгалагдаж байсан албан тушаал дээрээ нэхэмжлэл гаргасан байсан албан хаагчийг дүүрэг рүү хүчээр шилжүүлэх тушаал гаргасан. Үүн дээр маргаж байгаад нэхэмжлэгч нь докторын сургалтад хамрагдах зайлшгүй шаардлага байгаа гэж үзэж 2021 оны 11 дүгээр сард ажлаасаа түр чөлөөлөгдөх өргөдөл гаргахад нь Төрийн албанаас түр чөлөөлсүгэй гэх тушаал гаргасан. Үүнийг дүүргийн хүний нөөцөд гаргасан өргөдөл, ерөнхий газраас гарсан тушаал хоёрын агуулга зөрүүтэй байна миний хүсэл зориг төрийн албанаас гарах хүсэл зориг байгаагүй гэсэн байдаг. Иймд дээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
5. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ахлах байцаагч ТЗ-8 гэсэн ангилалд хамаардаг, байцаагч ТЗ-7, дүүрэг дээр ажиллавал ТЗ-6 зэрэглэлийн албан тушаалд тус тус ажилладаг. Энэ нь албан тушаал бууруулж байгаа үндэслэл юм. Үүнийг тайлбарлахдаа чиний цалин өөрчлөгдөөгүй зөвхөн албан тушаалын зэрэглэл өөрчлөгдөнө гэсэн. Өөрөөр хэлбэл би дүүрэгт очоод хэлтсийн даргын албан тушаалын цалингаар байцаагчийн ажил хийж байдаг. Хүмүүс цалин буураагүй учир хохирол байхгүй байна гэдэг боловч орон тооны хязгаарт батлагдсан албан тушаалын зэрэглэл өөрчлөгдсөн. Хэн ч байцаагчийн ажил хийж байж хэлтсийн даргатай ижил цалин авч болохгүй гэж үзэж байна гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э хариу тайлбартаа: Татварын ерөнхий газар 2020 онд бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, Сангийн сайдын 2020 оны 04 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, өмнө нь Сангийн сайдын тушаалтай байсан сургалтын төв, татварын үйлчилгээний төвийг татан буулгасан. Эдгээр төвүүд дээр 27, 28 албан хаагч ажиллаж байсан. 04 дүгээр тушаал гарч хоёр бүтэц байхгүй болж Татварын ерөнхий газар харьяанд байдаг 27, 28 албан хаагчаа өөрсдийн харьяа нэгжүүдэд шилжүүлж томилсон. Ингэж шилжүүлэх ажлыг Б/64 дүгээр тушаалаар хэрэгжүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн дагуу 27, 28 байцаагч нарыг харьяа нэгж нь татан буугдаж байгаа учир өөрсдийн саналыг нь үндэслэж, сонсох ажиллагаа хийж, таны ажиллаж байгаа харьяа нэгж татан буугдаж байгаа учир өөрсдийн боломжоороо бусад нэгжүүдэд шилжүүлэн ажиллуулах болно гэх ажиллах саналыг тавьсан.
Ингээд хүлээн зөвшөөрөхгүй бол мэдэгдлийг нь өгч чөлөөлсөн. Зарим албан хаагчид нь шалгалтын тасагт орж ажиллах саналыг тавьсан учир Б/64 дүгээр тушаалын дагуу тухайн албан хаагчдын саналыг үндэслэж хуучин бүтэц дээр нь шилжүүлж томилсон. Томилогдоод явахаар татвар төлөгчид үйлчлэх газар дээр хуучин 10 хүн байснаас татан буугдсан 27 хүнээс 6 хүн нэмэгдэж ирэхээр 16 хүн болж хүнийхээ хувьд 14 болсон. 27 хүнийг шилжүүлж томилж дуусгаад Татварын ерөнхий газрын даргын А/28 дугаар тушаалаар Сангийн сайдын 04 дүгээр тушаалын дагуу шинэ төсөв, орон тоо өөрчлөгдөж, татвар төлөгчид үйлчлэх газар, татвар төлөгчтэй харилцах газар болж уг газарт нь хэдэн байцаагч хэдэн ахлах байцаагч байхыг баталсан тушаал гарсан.
А/28 дугаар тушаалаар бүтэц зохион байгуулалт баталсны дагуу бүх албан хаагчдыг А/37 дугаар тушаалаар томилж чөлөөлсөн. Үүн дотор Татварын улсын ахлах байцаагч гэдэг нэр томьёоны асуудал яригдана. Энэ 6 хүн бүгд татварын улсын ахлах байцаагч гэх цолтой. Байцаагчид Татварын ерөнхий газрын даргын тушаалаар татварын улсын ахлах байцаагч гэх тушаалыг нь өгсөн. Энэ хүн аль ч нэгж рүү очсон тухайн цол, эрх нь дагаж явдаг. Нэхэмжлэгчийн ярьж байгаа татвар төлөгчтэй харилцах газар нь нэг л байсан нэг л байх ёстой. Өөрсдийнх нь саналыг үндэслэж шилжүүлсэн ахлах цолтой хүмүүс нэг газраа 4-өөс дээш ахлах байцаагчтай болдог. Ахлах байцаагч нар нь шатлалын хувьд ТЗ-8 зэрэглэл рүү ороод хийж буй ажлын хувьд байцаагч нартай ижил ажил хийдэг. Маргаан бүхий А/37 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан байна. Учир нь Татварын ерөнхий хуулийн нэр томьёо өөрчлөгдсөн учир бүгдийг чөлөөлж томилох нь зайлшгүй нөхцөл байдал үүссэн учир А/37 дугаар тушаалаар бүгдийг нь чөлөөлж буцаан томилсон. Ингээд буцаан томилохдоо бүгдийг нь татварын улсын байцаагч гэсэн. Нэг газар олон ахлах байсан учир би ахлах, би ахлах байх ёстой гэх хэл ам их гардаг.
Иймд ахлах гэх нэр томьёо Татварын тухай хуульд байхгүй, мөн Татварын ерөнхий газрын даргын тушаалаар уг цолыг өгдөг байсан. Тухайн үед ажиллаж байсан хүмүүс ахлах гэх цолыг нь авчихсан эрхтэй байсан бөгөөд ахлахаас нь буулгах гэхээр би ахлах байцаагч гэх маргаан гарч буулгаж болдоггүй. Татварын улсын ахлах байцаагч гэх албан тушаал байхгүй учир бүгдгийг нь жигдэлсэн. Энэ хооронд Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалын тодорхойлолт батлагдаж, нэг газар нэг л ахлахтай байхаар болсон. Татварын ерөнхий газар 8 газартай байна, 8 газар дотроо нэг л ахлахтай, нэг хэлтэстэй байхаар зохион байгуулалт хийгдсэн. Ингээд А/37 дугаар захирамжаар бүгдгийг нь татварын улсын байцаагч болгож сонгон шалгаруулалт явуулахаар тушаалын 3, 4 дэх хэсэгт дурдсан. Энэ үед ковид-19 цар тахлын улмаас шалгалт авах боломжгүй нөхцөл байдал байсан учир Татварын ерөнхий газрын даргын зүгээс эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр байлгаж, шалгаруулалт явуулж шалгуулж нэг нь шалгарсан тохиолдолд тухайн албан тушаалынх нь цалин зэрэг дэвээр явахаар болсон. Иймд А/64 дүгээр тушаалаар татварын ахлах байцаагчаас байцаагч болгосон цалингийн зөрүүг шалгаруулалт явуулж дуусах хүртэлх хугацаанд ахлах байцаагчийн эрхтэй байхдаа авч байснаар нь олгож байсан.
А/27 дугаар тушаалын дагуу шалгаруулалт явуулах боломжгүй нөхцөл байдал дуусахтай зэрэгцээд нэхэмжлэгч нар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг нь Төрийн албаны зөвлөл хэлэлцээд уг асуудлыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна гэхдээ хуулийн хувьд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх үндэслэлгүй байна гэх тогтоол гаргаж, шалгаруулалтаа 6 дугаар сарын 02-ны өдрийн дотор явуулж дуусгаад хариуг ирүүл гэх албан бичгийг тогтоолын хамт Татварын ерөнхий газар руу ирүүлсэн. Үүний дагуу Татварын ерөнхий газрын дарга А/91 дүгээр тушаалаар шалгаруулалт явуулах ажлын хэсгийг байгуулсан. Дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх үүргийнхээ хүрээнд удирдамж, ажлын хэсгийг байгуулсан. А/91 дүгээр тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсэг шалгаруулалтын зарыг бүх албан хаагчдад хүргэсэн.
Татварын улсын ахлах байцаагчийн албан тоон дээр 8 газрын нэг нэг ахлах байцаагчийг шалгаруулах шалгаруулалт явагдана, оролцох албан хаагчид нь удирдамжид заасны дагуу материалаа ирүүлнэ үү гэх нийтэд мэдэгдсэн илгээмжийг хүргүүлсэн байдаг. Үүний дагуу хүмүүс материалаа ирүүлсэн. Нэхэмжлэгч Ч.Бийн хувьд уг шалгаруулалтад ямар нэгэн материал ирүүлээгүй бөгөөд уг шалгаруулалтыг хойшлуулна уу би шүүх дээр маргаж байгаа гэх хүсэлт тавьсан. Ажлын хэсгийн ахлагч хуулийн газартай хамтран судлаад шүүхэд маргаан явж байгаа эсэх, шүүхэд үүссэн маргаан нь уг шалгаруулалтыг хийхэд нөлөөлөх эсэх тодруулга авсан. 5 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан зүйл одоогоор байхгүй байна, хуулийн газарт төлөөлсөн зүйл байхгүй байна гэсэн мэдээлэл өгсөн. Үүний дагуу 5 дугаар сарын 27-ны өдөр шалгаруулалт хийгдэж материал өгсөн хүний материалыг нэг бүрчлэн хянаж шалгаруулалтыг хийсэн. Энэ шалгаруулалтад Ч.Б нь материал ирүүлээгүй учир үнэлгээ нь бусад оролцогчдоос бага гарсан учир шалгарч чадаагүй. Шалгаруулалт 5 дугаар сарын 27-ны өдөр болсон. Нэхэмжлэгч нар энэ шалгаруулалттай холбоотой маргааны үндэслэлээ шүүх дээр маргаж байгаа учир энэ асуудал түдгэлзэх, зогсох ёстой байсан гэдэг.
Гэтэл шүүхээс 6 дугаар сарын 03-ны өдөр Татварын ерөнхий газарт хандан дуудан ирүүлэх, мэдэгдэх хуудас ирүүлсэн байдаг. 6 дугаар сарын 03-ны өдөр хэрэг үүсгэсэн гэж ойлгосон. Иймд шүүхэд нэгэнт маргаж байгаа учир шалгаруулалт түдгэлзэх ёстой байсан гэж нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл нь үндэслэлгүй гэж үзэж байна. А/91 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тушаалын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд захиргааны актын шинжийг заасан байдаг. А/91 дүгээр тушаал нь хэн нэгэн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тушаал биш бөгөөд дотогш чиглэсэн, ажлын хэсэг байгуулсан удирдамж бөгөөд хариуцагчийн зүгээс үүнийг захиргааны акт гэж үзэхгүй байна. Иймд эдгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуульд заасан актын шинжийг агуулаагүй байх тул шүүхийн харьяаллын биш гэж хариу тайлбартаа бичиж тайлбарласан байгаа. Мөн ажлын хэсгийн шалгаруулалт, дүгнэлт гэх хоёр тустай шаардлага гаргаж байгаа эрх зүйн үндэслэлээ нэхэмжлэгч тодорхойлж чадахгүй байна. Учир нь шалгаруулалт нь яагаад хууль бус, дүгнэлт нь яагаад хууль бус болох үндэслэлээ тайлбарлах ёстой. Учир нь дээрх хоёр зүйл нь нэг л зүйлийг үндэслэн гарч байгаа зүйл юм. Нэхэмжлэгч нь шалгаруулалтад оролцоогүй дүгнэлтэд хамааралгүй атлаа хууль бус болгож хүчингүй болгуулах гэж байгаа хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй гэж үзэж байна.
Дүүрэг рүү томилсон 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалыг илт хууль бус гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь маргаж байгаа. Захиргааны ерөнхий хуульд илэрхий, тодорхой, хэн ч уг үндэслэлтэй маргахгүй тушаалыг илт хууль бус акт гэж үздэг. Илт хууль бус, хууль бус хоёр нь тусдаа эрх зүйн үндэслэлтэй байдаг. А/336 дугаар тушаалын хувьд илт хууль бус гэх үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байгаа бөгөөд өмнөх анхан шатны шүүх үүнийг шийдвэртээ тодорхой дүгнэсэн учир хариуцагчийн зүгээс илт хууль бус үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна. 11 дүгээр сарын 03-ны өдрийн 737 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа үндэслэлээ тодорхойлохдоо би ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан атал бүр чөлөөлсөн татварын улсын байцаагчийн эрхийн хүчингүй болгосон гэсэн. Маргаан бүхий 737 дугаар тушаал нь гарах болсон шалтгаан нь 10 дугаар сарын 23-ны өдөр Х дүүргийн татварын хэлтсийн даргадаа Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2-т заасны дагуу түр чөлөөлж өгнө үү гэх хүсэлт гаргасан байдаг. Х дүүргийн татварын хэлтсийн даргад албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу Татварын ерөнхий газрын дарга 11 дүгээр сарын 03-ны өдрийн 737 дугаар тушаалыг гаргасан.
Тушаалын хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасныг үндэслэсэн. Татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгох байсан гэх үндэслэлийн тухайд, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/98 дугаар тушаалаар ямар тохиолдолд татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгох талаар тодорхой заасан байдаг. А/98-ийн 4.1.2-т түр болон бүр чөлөөлөгдөж байгаа бол татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгохоор заасан байдаг. Энэ үндэслэлийг барьж 737 дугаар тушаал гарсан. Түр чөлөөлөгдөнө гэдэг нь буцаад албан тушаалдаа томилогдоно гэдэг үндэслэл биш учир 737 дугаар тушаал гарсан болон өмнөх шаардлага нь биелэгдсэнээр нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх нөхцөл байхгүй. Ажилгүй байсан хугацааны цалинг А/737 дугаар захирамж гарснаас хойших хугацааны цалинг нэхэмжилж байгаа гэж үзэж байна. А/737 дугаар захирамж хууль зүйн үндэслэлтэй эсэхээс хамаарч шүүх цалингийн асуудлыг шийдвэрлэх болно. Зэрэг дэв үр дүнгийн урамшуулалтай холбоотой үндэслэлээ сая тайлбарласангүй, нэхэмжлэлийн үндэслэлд тодорхой бус байгаа. Татварын ерөнхий газрын маргаан бүхий бүх тушаалд зэрэг дэвийг нь хөндөөгүй. Зэрэг дэвийг Төрийн албаны салбар зөвлөлийн дотоод шийдвэрийн дагуу олгодог. Нэхэмжлэгч нь яагаад зэрэг дэв яриад байгааг мэдэхгүй байна.
Давж заалдах шатны магадлалд дурдсан учир энэ асуудлыг тодруулахгүй бол болохгүй. Урамшууллын хувьд Татварын ерөнхий газрын даргын тушаалаар 1 дүгээр улирлыг 20%-иар тооцож олгосон байгаа. Яагаад үр дүнгийн урамшууллын зөрүү гэж нэхэмжилж байгаа юм бэ? 40% байх зүйлийг 20% болгож олгосон гэж маргаж байгаа эсэх үндэслэлээ тодорхой дурдаагүй байна. Хэрэгт байгаа баримтаас харахад 40%-иар үнэлэх ёстой би 40%-иар авах ёстой гэж маргаж байх шиг байна. Хэдээр үнэлэх нь захиргааны эрх хэмжээний асуудал юм. Нэгдүгээр улиралд 20%-иар үнэлэгдэж үр дүнгээ авсан. Хоёрдугаар улирлын тухайд шалгаруулалт явагдаж, 6 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар дүүрэг дээр томилогдсон байгаа. Тэгэхээр улирлын үр дүнгийн урамшууллыг Төрийн албаны зөвлөлийн тогтоол, Засгийн газрын шийдвэр, ажлын гүйцэтгэлийн үр дүн, тайланг үндэслэж олгодог. Гуравдугаар улиралд ямар нэгэн тайлан баримт ирүүлээгүй учир Ч.Бийн үр дүнг үнэлэх боломжгүй нөхцөл байдал байгаа. Ингээд дүүрэгт томилогдсоноос хойш ээлжийн амралтаа шууд аваад ажилдаа очоогүй нөхцөл байдал байгаа. Татварын ерөнхий газрын даргын тухайд хоёрдугаар улиралд тайлан ирүүлээгүй учир хоёрдугаар улирлын үр дүнгийн асуудал яригдахгүй. Нэхэмжлэгч 737 дугаар тушаал гарч төрийн албанаас чөлөөлөгдөж энэ тушаал гарснаар нэхэмжлэгч хариуцагч нарын харилцаа дууссан, өөрийнх нь хүсэлтийг үндэслэж чөлөөлсөн учир энэ тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7.Иргэдийн төлөөлөгч Е.Айгерим гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага хуулийн дагуу тодорхой байсан учир нэхэмжлэгчийн талд шийдвэрлэгдэх нь зөв гэж үзэж байна гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалын Ч.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ч.Б нь 1999 онд төрийн албаны шалгалт өгч тэнцэн, 2000 онд Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, 2008 оноос Татварын албан ажиллаж байгаад Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 дүгээр тушаалаар Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчаар томилогджээ.
Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг баталсны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/28 дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын орон тоо, харьяа татварын албадын орон тооны дээд хязгаарыг баталсан гэх үндэслэлээр Татварын ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалаар Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Ч.Бийг Татвар төлөгчид үйлчилэх газрын татварын улсын байцаагчаар албан тушаалыг бууруулан томилжээ.
Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь хэсэгт заасан татварын улсын ахлах байцаагчийн орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлээр шалгалт зохион байгуулж томилгоо хийсэн нь мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно 39.1.15-д төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийх гэж заасныг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч нэгэнт албан тушаал бууруулсан тушаалыг эс зөвшөөрч эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад цөөрсөн орон тоонд хамгийн илүү тохирч байгаа албан хаагчийг сонгох бус Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараах тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно 42.1.7-д албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсантай холбоотой асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй гэж зааснаар албан үүргийн түр орлон гүйцэтгүүлэх боломжтой байжээ.
Дээрх үйл баримтыг хариуцагчаас ...Сангийн сайдын 2020 оны 4 дүгээр тушаалаар батлагдсан Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийн хүрээнд төрийн жинхэнэ албан тушаалын удирдах болон гүйцэтгэх 138 албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж, батлуулсан. Батлагдсан албан тушаалын тодорхойлолтоор тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжид нэг татварын улсын ахлах байцаагч ажиллахаар болсон гэж тайлбарлаж, харин Татварын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжид татварын улсын ахлах байцаагч нэг байхаар тогтоосон Татварын ерөнхий газрын даргын шийдвэрийг буруутгах боломжгүй хэдий ч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах... гэж заасныг хариуцагч зөрчсөн байна.
Төрийн албаны зөвлөлөөс гомдлыг хянан шийдвэрлэхдээ татварын улсын ахлах байцаагчийн орон тоо цөөрсөн нөхцөлд уг орон тоог төрийн сул орон тоо гэж үзэх үндэслэлгүй гэсэн байх тул төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулан сул орон тоог нөхөх нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч Ч.Б нь Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 дүгээр тушаалаар Татвар төлөгчтэй харилцах газарт улсын ахлах байцаагчаар томилж, ахлах түшмэлийн тэргүүн зэрэг олгосон байхад Татварын улсын ахлах байцаагч төрийн тусгай шалгалт өгсний үндсэн дээр татварын улсын ахлах байцаагчаар томилогдох боломжтой гэж байгаа нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчсөн байна.
Төрийн албаны зөвлөлөөс татварын байгууллагын төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг хэлэлцэн батлах зөвшөөрөл олгохдоо төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүрэг чиглэлийг Татварын ерөнхий газрын удирдлагад өгсөн байна.
Мөн хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж, 27 дугаар зүйлийн 27.1-т Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байгаа этгээдийг тодорхойлно, 27.2-д сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлэн гэж заасныг зөрчжээ.
Ч.Бийг Татвар төлөгчтэй харилцах газраас чөлөөлж, Татвар төлөгчид үйлчлэх газарт томилсон, нэхэмжлэгчийг татварын улсын ахлах байцаагчаас татварын улсын байцаагч болгон албан тушаалын ангилал, цалингийн зэрэглэл бууруулан томилсон энэхүү захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг буруу хэрэглэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалт нь төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн ч төрийн жинхэнэ албан хаагчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр байвал тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны зохицуулалт бөгөөд нэхэмжлэгчийн эрхэлж байсан татварын улсын ахлах байцаагчийн үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой байсан гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь ... орон тоо, бүтэц өөрчлөгдөөгүй, харин анх ахлах байцаагчийн орон тоо 1 байхад би томилогдон ажиллаж байсан, дараа нь орон тоо байхгүй байхад манай хэлтэст дахин ахлах байцаагчаар хүмүүсийг томилсон, 2020 оны А/37 дугаар тушаалаар орон тоо, бүтэц батлахад манай хэлтэс 1 ахлах байцаагчийн орон тоотой болсон нь өөрчлөлт биш, тийм учраас миний орон тоо хэвээр байгаа тул үргэлжлүүлэн ажиллах ёстой ... гэж маргаж, уг тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг үндэслэсэн боловч урьд нь батлагдсан Татварын ерөнхий газрын бүтэц, орон тоо баталсан тушаалыг хүчингүй болгоогүй Татварын ерөнхий газрын хэлтэс тус бүр ямар албан тушаалын хэдэн орон тоотой байх талаар холбогдох шийдвэр тушаал шүүхийн үзлэгээр байхгүй болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч талаас ч ийм тушаал шийдвэр гараагүй гэж тайлбарлаж байгаа тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлтэй байна.
Иймээс хариуцагч захиргааны байгууллагын орон тоо цөөрсөн гэх шалтгаанаар шалгаруулалт явуулж дүгнэлт гаргаж, өөр этгээдийг тухайн албан тушаалд томилсон тушаалуудыг зөвтгөх боломжгүй байна.
Хэрэгт авагдсан маргаан бүхий А/37 дугаар тушаалд үндэслэсэн Сангийн сайдын 4 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг болон татварын албаны нийт орон тоо 1884 байхаар шийдвэрлэж, уг тушаал гарсантай холбогдуулан 2016 оны 301, 2017 оны 290 /301 дүгээр тушаалд өөрчлөлт оруулсан/ дүгээр тушаалуудаа хүчингүй болсонд тооцсон, 2016 оны 301 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг баталж, нийт орон тоог 1823, түүнээс Татварын ерөнхий газрын орон тооны хязгаар 110 байхаар тогтоосон хэдий ч хэлтэс тус бүрт ямар албан тушаалын орон тоо хичнээн байх талаар заагаагүй, нэхэмжлэгч Ч.Бийг татварын улсын ахлах байцаагчийн орон тоонд томилогдох үед үйлчилж байсан орон тоо баталсан тушаалыг шаардсан боловч гаргаж өгөөгүй шүүхийн үзлэгээр тийм тушаал байхгүй болох нь тогтоогдсон тул маргаан бүхий акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн үзэж маргаан бүхий актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаал, тус тушаалаар байгуулагдсан Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах ажлын хэсгийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах шалгаруулалт болон дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагын тухайд:
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/91 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн зохион байгуулж явуулсан шалгаруулалтаар 17 татварын улсын ахлах байцаагчийг сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны үр дүнгийн гүйцэтгэлийн үнэлгээ, мэргэжил, мэргэшил, боловсрол, ажлын туршлага, ажлын танилцуулга болон дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах чадварын талаарх хамт олны саналыг үзүүлэлт болгон 8 нэгж тус бүрт 1 ахлах байцаагчийн орон тоонд явуулсан бөгөөд нэхэмжлэгч Ч.Б нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, шүүхээр маргаж байгаа гэсэн үндэслэлээр шалгаруулалтад оролцоогүй байхад түүнд үнэлгээ хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын байрны орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах бөгөөд татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд сонгон шалгаруулж томилох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар байгуулсны дагуу уг ажлын хэсэг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр сонгон шалгаруулалт явуулж дүгнэлтээ гаргажээ.
Уг шалгаруулалтын дүнгээр Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд албан хаагч томилогдсон үндэслэлээр 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалаар Ч.Бийг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг үндэслэн Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, Х дүүргийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар томилон ажиллуулсан нь өмнөх хууль бус захиргааны актын үр дүнд үүссэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх бөгөөд энэхүү хууль бус захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг бүрэн сэргээгдэхээр байна.
4. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Энэхүү тушаалаар Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг буюу ерөнхий газарт ажиллаж байсан татварын улсын ахлах байцаагчдын дунд явуулсан шалгаруулалтын дүнг үндэслэж Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг баримтлан Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчаар албан хаагч томилогдсон гэж нэхэмжлэгчийг Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, Х дүүргийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар томилжээ.
Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт нь зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр албан тушаал хасагдсан буюу тухайн албан тушаалын чиг үүрэг үгүй болсон тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг ажлын байраар хангах зохицуулалт бөгөөд дээр дүгнэгдсэнээр нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан чиг үүрэг өөрчлөгдөөгүй байхад энэ заалтыг буруу хэрэглэсэн байна.
Мөн дээр дүгнэгдсэн А/37 дугаар тушаалаар Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, Татвар төлөгчид үйлчлэх газарт татварын улсын байцаагчаар томилсон нь ийнхүү хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд эдлэх нэмэгдэл баталгааг зөрчиж дүүргийн Татварын хэлтэст томилсон нь төрийн жинхэнэ албаны мерит зарчимд нийцээгүй бөгөөд 2020 оны А/37 дугаар хууль бус тушаалыг үр дүнд үүссэн нөхцөл байдал тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.
5. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ч.Б 2020-2023 оны хичээлийн жилд Удирдлагын академийн докторын сургалтад элсэн орж, төрийн удирдлагын чиглэлээр судалгааны ажил хийж эхлүүлээд байна. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 46.1.2-т заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас суралцах хугацаанд түр чөлөө олгож өгнө үү гэх хүсэлт гаргасныг үндэслэн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.2, 46.5, 46.7 дахь хэсгийг үндэслэн Ч.Бийн төрийн албанаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө: 46.1.2.зургаан сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй бөгөөд нэхэмжлэлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй хэдий ч сургалтын зорилгоор түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр түүнийг төрийн албанаас чөлөөлж, улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгосон өмнөх хууль бус захиргааны актуудын нөлөөлөл бөгөөд Б/737 дугаар тушаал гарах хүртэлх хугацааны захиргааны актууд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байгаа тул түүний зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд уг маргаан бүхий актыг ч хүчингүй болгох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
6. Нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ч.Бийг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газрын Татварын улсын ахлах байцаагчийн, эгүүлэн тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Шүүхээс Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай А/37 дугаар тушаал, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаал, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаал, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийн шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэснийг болон, тус тушаалаар байгуулагдсан Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах ажлын хэсгийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах шалгаруулалт болон дүгнэлтийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах тул нэхэмжлэгчийг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
7. Ажилгүй байсан 2020 оны 11, 12, 2021 оны 01, 02 дугаар сарын цалин 4,010,592 төгрөг, зэрэг дэв, үр дүнгийн урамшуулал 1,560,558.45 төгрөг, нийт 5,571,180.45 төгрөгийг нөхөн олгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Төрийн жинхэнэ албан хаагч албан тушаал хэрэгжүүлснийхээ төлөө Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-т заасан албан тушаалын цалин хөлс авах баталгаагаар хангагдах бөгөөд нэхэмжлэгчийн тухайд Төрийн албаны тухай хуулийн 46.1.2-т заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас суралцах хугацаанд түр чөлөө олгож өгнө үү гэх хүсэлт гаргаж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх тул түүнд ажил албан тушаал эрхлээгүй хугацааны цалин хөлсийг гаргуулах боломжгүй юм.
Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1.1-д зааснаар улирлын ажлын гүйцэтгэлийн дүнгээр үр дүнгийн урамшуулал авах нийтлэг баталгаа эдэлнэ.
Нэхэмжлэгч Ч.Бт 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар 20 хувийн урамшуулал олгосон байх бөгөөд ажлын гүйцэтгэлийн үр дүнг үнэлсэн захиргааны байгууллагын үнэлгээ, түүнийг үндэслэн олгосон үр дүнгийн урамшууллын хэмжээний тухайд шүүх дүгнэх боломжгүй, захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал юм.
Иймд ажилгүй байсан 2020 оны 11, 12, 2021 оны 01, 02 дугаар сарын цалин 4,010,592 төгрөг, зэрэг дэв, үр дүнгийн урамшуулал 1,560,558.45 төгрөг, нийт 5,571,180.45 төгрөгийг нөхөн олгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
8. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд:
Иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлага хуулийн дагуу тодорхой байсан учир нэхэмжлэгчийн талд асуудал шийдэгдэх нь зөв гэж дүгнэсэн байна. Үүнээс үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй ижил дүгнэлт өгчээ. Иймд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15 дахь заалт, 51 дүгээр зүйлийн 51.1, 51.1.4 дэх заалт, 61 дүгээр знилүйлийн 61.1.1 дэх заалт, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.3, 62.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаал, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаал, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, үлдэх 2020 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал олгоогүй тул олгуулах, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА