| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 140/2021/00484/И |
| Дугаар | 001/ХТ2022/00545 |
| Огноо | 2022-04-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2022/00545
****, **** нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дугаар шийдвэр,
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 205/МА2020/00007 дугаар магадлалтай,
****, **** нарын нэхэмжлэлтэй,
“ ****- ****” ХХК-д холбогдох
Орон сууцыг үл хөдлөх улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардагдах улсын комисс хүлээн авсан акт, байгууллагын албан тоот, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг зэрэг бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, хариуцагчийн төлөөлөгч Ш.Алтансүх, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. ****, **** нар нь “ ****- ****” ХХК-д холбогдуулан орон сууцыг үл хөдлөх улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардагдах улсын комисс хүлээн авсан акт, байгууллагын албан тоот, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг зэрэг бичиг баримтыг гаргуулахыг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дугаартай шийдвэрээрИргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “ ****- ****” ХХК-нд холбогдохорон сууцыг үл хөдлөх улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардагдах улсын комисс хүлээн авсан акт, байгууллагын албан тоот, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг зэрэг бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухайнэхэмжлэгч Д.Дүгэрсүрэн, Х.Дашхүү нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ****, **** нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээжшийдвэрлэжээ.
3. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 205/МА2020/00007 дугаар магадлалаарЗавхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...нэхэмжлэгч ****, **** нар орон сууц захиалах гэрээ “Бошигт хөвөө констракшн” ХХК-тай байгуулж үнийг төлөөд байрандаа амьдарч байгаа. “Бошигт хөвөө констракшн” ХХК нь “ ****- ****” ХХК-аас зээл авч барьцаанд нь тус орон сууцны барилгаа шилжүүлсэн. **** төдийгүй бусад байр захиалагчдын байрны мөнгө “Бошигт хөвөө констракшн” ХХК-ийн дансаар дамжин зээлийн төлөлт гэсэн утгаар “ ****- ****” ХХК, Ш.Алтансүхийн дансанд баримттай. Хариуцагч “ ****- ****” ХХК-ийн Ш.Алтансүх нь ****гээс бусад байр захиалагч айлуудад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгосон. Харин нэхэмжлэгчид гэрчилгээ олгоно гэж байсан боловч хувийн маргаанаас үүдэн татгалзсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш байр чөлөөлж өг гэж шаардах болсон. Нэхэмжлэгчийн амьдарч буй орон сууцыг бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардагдах баримтыг хариуцагч гаргаж өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэй гэж үзэж байна. түүнчлэн нэхэмжлэгч тухайн орон сууцны үнийг бүрэн төлж, уг мөнгө нь Ш.Алтансүхийн дансанд шилжсэн болох нь дансны хуулга, гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Гэтэл энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, хэргийн үйл баримтыг бодитой тогтоохгүйгээр нотлох баримттай үл авцалдах дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
4.1. Нэхэмжлэгч **** нь 2019.12.09-ний өдөр “Бошигт хөвөө констракшн” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж 2020 оноос байрандаа амьдарч эхэлсэн. Харин “Бошигт хөвөө констракшн” ХХК нь 2019.11.12-ны өдөр тус орон сууцны барилгыг “ ****- ****” ХХК-д барьцаалж, 300,000,000 төгрөг зээлсэн байсан. Уг зээлийн гэрээний хугацаа дуусахад /2020.05.12/ барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгө “ ****- ****” ХХК-ийн мэдэлд шилжсэн. Өөрөөр хэлбэл “Бошигт хөвөө констракшн” ХХК-ийн тухайн орон сууцыг барьцааны гэрээний дагуу 2020.05.12-ны өдрөөс “ ****- ****” ХХК захиран зарцуулах эрх бүхий этгээд болсон. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх тус барилгын захиалагч өмчлөгч нь анхнаасаа “ ****- ****” ХХК бөгөөд “Бошигт хөвөө констракшн” ХХК нь тус орон сууцыг худалдах эрхтэй этгээд биш гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь бодит байдалд нийцээгүй. Учир нь “Бошигт хөвөө констракшн” ХХК нь хариуцагч “ ****- ****” ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг өөрт нь барьцаалаад “ ****- ****” ХХК-аас 300 сая төгрөгийн зээл авсан байх боломжгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Түүнчлэн хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ийн нүүрийг сольж захиалагч компанийн нэрийг “ ****- ****” ХХК болгож өөрчилсөн байгааг “Бошигт хөвөө констракшн” ХХК-ийн захирал мэдүүлсэн тул энэ эргэлзээтэй нотлох баримт нь эрүүгийн журмаар шалгагдаж байна. Мөн давж заалдах шатны шүүх эдгээр 2 компанийн дунд байгуулсан зээл болон барьцааны гэрээ нь нэхэмжлэгч нарт хамааралгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь энэхүү зээл, барьцааны гэрээгээр тус орон сууцны барилгын эзэн өөрчлөгдсөний дараа нэхэмжлэгчийн нэгэн адил “Бошигт хөвөө констракшн” ХХК-тай орон захиалгын гэрээ байгуулсан нэр бүхий 7 айлын гэрчилгээг хариуцагч Ш.Алтансүх гаргаж өгсөн гэдгээ шүүх хуралдаанд хэлдэг. Нэхэмжлэгчийн тухайд орон сууцны талбайн хэмжээгээ нэмж бичүүлсэнгүй гэх хувийн маргаанаас үүдэж хариуцагч шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхөөс татгалзаж, шүүхийн шийдвэр гарснаас хойш байр чөлөөл гэж шахаж байгаа нь шударга бус юм. Иймд **** нарын нэхэмжлэлтэй хэргийг шударга ёс, хууль ёсонд нийцүүлэн хянаж, ****, **** нарын зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагчийн төлөөлөгч Ш.Алтансүх гомдлыг хангахгүй орхих байр суурь илэрхийлжээ.
6. Шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нарын өмгөөлөгч Э.Баасандэмбэрэлийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.04.08-ны өдрийн 001/ШХТ2022/00357 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
7. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаан, түүнтэй холбоотой үйл баримт хангалттай бүрэн тогтоогдоогүй тул хяналтын шатны шүүх эцэслэн хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.
8. Нэхэмжлэгч ****, **** нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...” ****- **** ХХК”, “Бошигт хөвөө констракшн” ХХК нарын хамтран Улиастай сумын Богдын гол багийн Өндөр толгойн 3-300 в тоотод баригдсан 25 айлын орон сууцнаас “Бошигт хөвөө констракшн” ХХК-тай орон сууц захиалгын гэрээг 2019.12.09-ний өдөр байгуулсан тус орон сууцны 3 давхар 13 тоот 35.2 мкв байрыг 59,840,000 төгрөгөөр 2 хувааж төлөөд худалдаж авсан. ...”Бошигт хөвөө констракшн” ХХК-ийн захирал Р.Цогбаяр нь таны байрын төлбөрийг Ш.Алтансүхийн данс руу шилжүүлсэн одоогийн байдлаар өмчлөх эрхийг Ш.Алтансүх хариуцна гэх боловч “ ****- ****” ХХК-ийн захирал Ш.Алтансүх нь танай худалдаж авсан байрны төлбөр манай байгууллагад орж ирээгүй гэдэг. ...Орон сууц худалдах-худалдан авах захиалгатай холбоотой эрх үүргийг “Бошигт хөвөө констракшн” ХХК-аас шилжүүлж авсан “ ****- **** ХХК” хариуцах үүрэгтэй. ...Орон сууцыг үл хөдлөх улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардагдах улсын комисс хүлээн авсан акт, байгууллагын албан тоот, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг зэрэг бичиг баримтыг гаргуулахыг даалгах...” гэх агуулгаар тодорхойлсон байна.
9. Хариуцагч “ ****- ****” ХХК “... ****, **** нар нь Орон сууц захиалгын гэрээг “Бошигт хөвөө констракшн” ХХК-ийн захирал Р.Цогбаяртай 2019.12.09-ны өдөр хийж, байрны үнийг банкны 50003185252 дансанд 2019.12.09-ны өдөр 26,000,000 сая төгрөг, 2020.02.17-нд 33,840,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. ...Нэхэмжлэгч нар нь миний дансанд байрны үнэ гэж нэг ч төгрөг төлөөгүй, мөн Р.Цогбаяр болон “Бошигт хөвөө констракшн” ХХК-аас миний болон компанийн дансанд нэг ч төгрөг орж ирээгүй учир Үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй...” гэж мэтгэлцжээ.
10. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах бөгөөддавж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэдэг.
Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх явдал бөгөөд эдгээр ажиллагааны зарчим, зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан заасан байна.
11. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн тайлбарын үндэслэл, тэдгээрийн агуулгыг тодруулаагүй, хэргийн зарим нөхцөл тодорхой бусаас хийвэл зохих эрх зүйн дүгнэлт бүрэн болоогүй, зарим үйл баримтын талаар зохигч шүүхэд мэтгэлцээгүйгээс, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.
11.1. ****, **** нар “Бошигт хөвөө констракшн” ХХК-тай 2019.12.09-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг цагдаагийн ард байрлалтай, баригдаж байгаа 25 айлын орон сууцны 3 давхрын 11 тоотод байрлалтай нэг өрөө 35.2 м.кв талбай бүхий орон сууцны захиалгын гэрээ байгуулж, орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримт тогтоогджээ.
Нэхэмжлэгч нар орон сууц захиалгын гэрээний үүргийг хэнд холбогдуулан шаардсан, хариуцагч “ ****- ****” ХХК-д холбогдуулан ямар шаардлага буюу хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой зөрчлийг арилгуулах, тэдний эрх ямар байдлаар зөрчигдсөн, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа байдлыг бүрэн тодруулах шаардлагатай, энэ талаар тодорхой бус нөхцөлд хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийх боломжгүй юм.
Тухайн барилгын орон сууцыг хэн борлуулж байсан, “Бошигт хөвөө констракшн” ХХК хэдэн орон сууцыг борлуулсан талаар тодруулж, Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй.” гэж заасан зохицуулалтыг хэрэглэх эсэхийг анхаарах нь зүйтэй.
Учир нь “ ****- ****” ХХК нь нэхэмжлэгч нарын мөнгийг “Бошигт хөвөө констракшн” ХХК манайд шилжүүлээгүй гэж тайлбарласан, “Бошигт хөвөө констракшн” ХХК мөнгийг шилжүүлсэн гэсэн маргаснаас үзэхэд энэ нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай.
11.2. ****, **** нарбайгууллагын албан тоот, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг зэрэг бичиг баримтыг гаргуулахыг хариуцагч “ ****- ****” ХХК-аас шаардсан хэдий ч хэзээний ямар утга агуулга бүхий албан тоот болох, хаана байрлалтай, хэний эзэмшил /өмчлөл/-ийн газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийг гаргуулах эсэхэд талуудыг мэтгэлцүүлээгүй, хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлийн6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчийн маргааны зүйлд шүүхээс үйл баримт, хууль зүйн талаар дүгнэлт хийснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хангагдах юм.
11.3. ****, **** нар “Бошигт хөвөө констракшн” ХХК-тай 2019.12.09-ний өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний хүчин төгөлдөр байдал, түүний үр дагаврыг зөв тодорхойлох, гэрээний нэг тал нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.
11.4. “ ****- ****” ХХКЗавхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг цагдаагийн ард байрлалтай, баригдаж байгаа 25 айлын орон сууцны 3 давхрын 11 тоотод байрлалтай нэг өрөө 35.2 м.кв талбай бүхий орон сууцыг одоог хүртэл ямар шалтгааны улмаас ****, **** нарт эзэмшүүлж байгаа талаар шүүхээс зохигчийг мэтгэлцүүлж, дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь учир дутагтай болжээ.
12. Нэхэмжлэл тодорхойгүй байгаа тул магадлалын талаар дүгнэлт хийх, улмаар хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх үндэслэлгүй гэж үзнэ.
13. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг гүйцэт тодруулж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
14. Иймд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд маргааны зүйлийн талаар талууд бүрэн мэтгэлцэж чадаагүй байх тул нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 205/МА2020/00007 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээсхяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД