Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00562

 

                                                     ****ы нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/01319 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1214 дүгээр магадлалтай, 

****ы нэхэмжлэлтэй,

****, **** нарт холбогдох 

2013.03.01-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянгол дүүрэг, 4 хороо, ГЕГ-ын 3 байр, 9 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч **** болон түүний өмгөөлөгч Б.Оюунчилэг нарын тус тус гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ****нь ****, **** нарт холбогдуулан 2013.03.01-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянгол дүүрэг, 4 хороо, ГЕГ-ын 3 байр, 9 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/01319 дугааршийдвэрээрИргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасныг баримтлан ****, **** нарт холбогдох, 2013.03.01-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянгол дүүрэг, 4 хороо, ГЕГ-ын 3 байр, 9 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн ****ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч нь хадгаламж хамтран эзэмшигчийн хувьд болон баталгааны дагуу үүргийг шаардаж нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдажшийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1214 дүгээр магадлалаарБаянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/01319 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн маргаж буй Баянгол дүүргийн 4 хороо, ГЕГ-ын 3 байр, 9 тоот орон сууцыг худалдан авах хэлцлийг 2013.02.22-ны өдөр миний бие **** ****той хийж тэр өдрөө аавтайгаа хамт банк орж 60,000,000 төгрөгийг аав О.Базарын дансанд байсан өөрийн мөнгөнөөс, үлдэгдэл 25,000,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлснээр бүрэн төлж /нотлох баримт: 2013.02.22-нд нэг салбараас нэг цагт 60 сая болон 25 саяыг шилжүүлсэн иргэн худалдагч тал болох ****ын шүүхэд нотлох баримтаар өгсөн банкны хуулга/ 2013.03.01-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, ****оос өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байтал зөвхөн нэхэмжлэгч талын аман мэдүүлгээр хэрэгт авагдсан ямар ч баримт байхгүй байхад хэлцэл ****, О.Базар болон ****ын хооронд хэлцэл хийсэн мэтээр бичсэн нь үндэслэлгүй юм. Миний бие аавыгаа өндөр настай болсныг харгалзан үзэж өөрийн худалдан авсан байранд амьдруулахаар шийдсэн учраас аавынхаа саналыг сонсохоор аавтайгаа байрыг үзэхэд **** нь мөн дагалдан явж байрыг үзэж байсан нь энэхүү хэлцэл **** Ц. Долгор нарын хооронд хийгдсэн гэсэн үг биш бөгөөд ингэж дүгнэх нь огтхон ч үндэслэлгүй болно. Миний бие хэлцлийн нэг талын хувиар худалдагч тал болох ****той түлхүү ярилцаж гал тогооны тавилга зэргийг авах гэх мэтэд шийдвэр гарган оролцон нэмэлт 1,000,000 төгрөгийг шилжүүлж байсан ба мөн миний аав О.Базар нь ****т энэ байрыг миний охин худалдан авч байгаа тул байрны ордер охин ****ын нэр дээр шилжих юмаа гэж хэлсэн байдал зэрэг нь байраа зарсан ****ын 2020.04.23-нд гаргасан тайлбараас тодорхой харагдаж байна. Миний бие аав О.Базарын зөвлөснөөр АНУ-д амьдарч байхдаа дөрвөн удаагийн шилжүүлгээр /2009 оны эхээр 8,500 ам.доллар, 2009.08.24-нд 10,000 ам.доллар, 2010.01.30 нд 10,000,000 төгрөг, 2010.07.20-нд 6,000 ам.доллар/ нийт 44,000,000 төгрөг явуулсныг аав минь хүмүүст байр барьцаалан хүүтэй зээлж өсгөж байсан. Байрны төлбөрөөс 60,000,000 төгрөг гарсан 572710394 тоот аавын данс нь 2009.08 сард нээгдсэн бөгөөд 2009 оноос 2013 онд миний явуулсан мөнгийг аав маань хүмүүст зээлж өсгөж байсныг нотлох гүйлгээнүүд хийгдсэн байдаг бөгөөд энэ хугацаанд аав О.Базар тэтгэвэрийн орлоготой, **** нь 2010 оны сүүлээс тэтгэврээ тогтоолгосон тэтгэврийн орлоготой өөр эрхэлсэн ажил бусад орлого байхгүйн дээр хоёр хүний тэтгэврийн орлого аль аль нь энэхүү дансанд ордоггүй байсан нь харагдана. Аав маань өөрөө банк байнга явахад хүндрэлтэй байсны учраас ****ы гарын үсгийг нэмсэн энэхүү дансанд ****ы оруулсан мөнгө хувь нэмэр байгаа эсэхийг нэхэмжлэгч нотлохыг шүүхээс хүсэхэд нотлож чаддаггүйн дээр нотлох баримт гаргаж өгдөггүй. Хамгийн гол нь энэхүү байрыг миний бие худалдан авч байгааг **** мэдэхийн дээдээр мэдэж байсныг байрны ордер шилжүүлсэн өдөр надаар бичүүлж авсан насан туршид амьдруулна.. гэсэн баталгаа, мөн **** эгч бид хоёрыг хамт гарч ордер шилжүүлэхээр явах үед өөрөө тэнд байлцан сонсож байсныг ****ын 2020.04.23-нд гаргасан тайлбараар бүрэн нотлогдож байгаан дээр байрны нэр шилжсэн өдөр болох 2013.03.01-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020.08.07-ны өдөр хүртэлх 7 жил 5 сарын хугацаанд ямар нэгэн шаардлага гаргасан нь тогтоогдохгүй байгааг анхан шатны шүүхээс тодорхой тогтоосон байна. Энэхүү маргаан нь **** миний өмчлөлийн байртай буюу үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүргээс үүсэж буй маргаан мөн тул хөөн хэлэлцэх тусгай хугацаа болох 6 жил үйлчилж Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасныг хэрэглэх нь зөв бөгөөд миний бие хуульд заасан эрхийн дагүу нэхэмжлэгч талын шаардлагаас татгалзсан ба анхан шатны шүүхээс мөн зөв шийдвэр гаргасан байгааг давж заалдах шатны шүүх үгүйсгэсэнд гомдолтой байна.

4.1. Нэхэмжлэгч **** нь бичүүлсэн баталгааны дагуу миний өмчлөлийн маргаж байгаа байранд сууж байгаад 2017 онд миний хүсэлтээр миний ээжийн өмчлөлтэй байранд нүүж орон өнөөдрийг хүртэл үнэ төлбөргүйгээр амьдарч байгаа. Хэрэв маргаж байгаа байр энэ хүний байр байсан бол миний хэлснээр байрнаас гарч өөр тийш орох байсан уу зэрэг олон нарийн үндэслэлийг миний өмгөөлөгч тайлбарласныг анхан шатны шүүх зохигчдын тайлбар зэргээр дүгнэлт хийж зөв шийдвэр гаргасан гэж бодож байна. Давж заалдах шатны шүүх мөн нэхэмжлэгч талын аман мэдүүлгээр миний аав О.Базар гэрлэлт батлуулахаар өргөдөл гаргахдаа байр худалдан аван хамт амьдарч байна гэж бичсэн гэж мэдүүлдэг ба үүнийг нотолсон ямар ч нотлох баримт өгөөгүй байхад үүнд ач холбогдол өгөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэл болгосонд гомдолтой байна. Миний аав сахарын өвчин нь хүндэрч явсаар 2015.07.12-нд нас эцэслэсэн бөгөөд нас эцэслэхийн өмнөх сар гарангийн хугацаанд бие нь маш муу байж үр хүүхдүүд бид нар орж гарч асарч байсан ч аавыг маань ийм бие муу байх үед буюу 2015.06 сард дагуулан явж гэрлэлтээ бүртгүүлэхээр оролдож байсныг үр хүүхдүүд бид нар сая мэдээд маш их гайхсан бөгөөд хэрэв тийм өргөдөл үнэхээр байгаа бол аавын маань биеийн байдлыг бодоход миний аав өөрөө бичсэн байх яав ч боломжгүй юм. Тэгээд ч миний аав ээж хоёр гэрлэлтээ цуцлуулаагүй билээ. Мөн байрны төлбөрт миний бие өөрийн данснаас шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал **** ****аас зээлж аваад буцааж төлсөн гэж тайлбарладаг ч үүнийгээ нотлож чадахгүй байгааг анхан шатны шүүх шийдвэртээ тэмдэглэсэн байдаг. **** нь миний аавын данснаас 2013.09.24-ний өдөр орж ирсэн 30,000,000 төгрөгийг дээрх 25,000,000 төгрөгийг буцааж өгсөн мөнгө гэж тайлбарладаг, гэвч энэ тайлбар худал болохыг мөнгөн дүн ижил биш, энэ мөнгийг миний аавын хүсэлтээр **** Хаан банкин дээр өөрийн биеэр очиж шилжүүлэг хийхдээ /хэрэгт авагдсан 30 сая төгрөг шилжүүлсэн банкны баримтад ****ы бичиг гарын үсэг байдаг/ утган дээр нь Базараас.. гэж бичсэн байгаа нь гэх зэргээр энэхүү мөнгө ****д өөрт нь хамааралгүй болохыг тод харуулж байна. Хэрвээ **** энэ дансны мөнгө түүний мөнгө байсан бол О.Базараас гэж тодотгохгүй байсан. Энэ мөнгө нь үнэндээ миний аавдаа өгч явуулж, хүмүүст зээлүүлсэн байсан мөнгөнөөс орж ирсэн мөнгө байсан. Ийнхүү илт зөв шийдвэр гарсан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгон иргэн намайг санхүүгийн болон цаг хугацаа сэтгэл санааны тал дээр чирэгдүүлэн дахин дахин явуулж байгаад гомдолтой байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ. 

5. Хариуцагч ****ын өмгөөлөгч Б.Оюунбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасныг хэрэглээгүй шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч ****ы нэхэмжлэлийн шаардлага нь “2013.03.01-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус”-д тооцуулах, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо ГЕГ-ын 3 байр 9 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Давж заалдах шатны шүүхийн ...нотлох баримт бүрдүүлэх үүргийн хуваарилалт, мэтгэлцэх үндэслэл нь тодорхой болж, зохигчдын тайлбарыг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн үүднээс эцэслэн дүгнэх, талуудын хооронд ямар төрлийн гэрээ байгуулагдсан болохыг тодорхойлох, тохирох хуулийг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэх учиртай” гэж үзэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх талаар удаа дараа шаардаж байсан ба нэхэмжлэгч түүний өмгөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргээ өөрсдөө биелүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед ч нэхэмжлэгч талд гаргаж өгөх нотлох баримт байхгүй байгаагаа тайлбарлаж байсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд байгаа гэрээ нь нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд байгуулагдаагүй бөгөөд **** нь энэ гэрээний оролцогч биш юм. Давж заалдах шатны шүүх ...хэрэгт авагдсан баримтаас үзвэл ****, О.Базар нарын 2013.02.22-ны өдөр Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, ГЕГ-ын 3 байр, 9 тоот орон сууцыг ****оос 85,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон хэлцлийг ****, **** нарын хооронд 2013.03.01-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж улмаар О.Базар, **** нар урьдчилгаа 60,000,000 төгрөгийг, **** үлдэх 25,000,000 төгрөгийг ****т шилжүүлж өгсөн тухай баримт хэрэгт авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч болон түүнтэй хамтран амьдарч байсан О.Базар нар уг орон сууцны өмчлөлөөс татгалзсан эсэх, **** 25,000,000 төгрөгийг хариуцагч ****д буцаан өгсөн үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч ****, О.Базар нар нь энэхүү орон сууцны өмчлөгч байгаагүй. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлсэн ****, О.Долгор нарын хооронд хийгдсэн Орон сууц худалдах-худалдан авах хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан юм. Дээрх гэрээний дагуу худалдагч О.Долгор нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг худалдан авагч ****ын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч **** нь хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр гэрээ хэрэгжиж Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болсон. Давж заалдах шатны шүүх ...хамтран эзэмшигчийн мөнгөн хөрөнгийг талууд харилцан тохиролцоогүй бол талуудын оролцоо, тэдгээрт оногдох хэсгийг хэрхэн тооцох, хэрхэн үгүйсгэж байгаа нь баримтаар хангалттай тогтоогдоогүй байхаас гадна Иргэний хуулийн 108.1, 119 дүгээр зүйлд заасан асуудлаар талууд мэтгэлцээгүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн.

5.1. Анхан шатны шүүх хамтран эзэмшигчийн мөнгөн хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй бөгөөд шүүхийн шийдвэр саад болохгүй талаар шийдвэртээ тодорхой дурдсан. Тэгээд ч нэхэмжлэгч **** дундын өмчлөлийн талаар, эд хөрөнгө нийлсэн, холилдсон талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж мэтгэлцээгүй юм. Давж заалдах шатны шүүх ...О.Базар гуай УБЕГ-т гэрлэлтээ батлуулахаар өргөдөл гаргасныг нотариатаар батлуулж авсан бөгөөд хэргийн материалд хавсаргасан байдаг...” гэж тайлбар гаргасан боловч уг өргөдөл хэрэгт авагдаагүй ба түүний хүсэл зоригийн илэрхийллийг тодруулахад уг баримт ач холбогдолтой байж болохоор байна гэжээ. Анхан шатны шүүх дундын өмчийн маргаан хянан шийдвэрлээгүй ба энэ нотлох баримтыг нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй юм. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 өмгөөлөгчтэй оролцож байсан ба энэхүү нотлох баримтын талаар огт ярьж тайлбар хийж байгаагүй юм. Энэхүү нотлох баримт энэ хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй юм. Учир нь энэ талаар нэхэмжлэгч ****, О.Базар нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.12.11-ний өдрийн 8658 дугаар шийдвэр нь нотлох баримтаар хэрэгт байдаг. О.Базар нь эхнэр Г.Цэрэндуламаас гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй байдаг. Орон сууцны өмчлөх эрх ****д 2013.03.01-нд шилжсэн мөн өдөр 2013.03.01-нд **** өмчлөлийн байраа "БАТАЛГАА" гэх баримтад гарын үсэг зурж, ****д уг баримтыг өгсөн, энэ өдрөөс эхлэн **** эрхээ зөрчигдсөн гэж үзвэл Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасны дагуу 2013.03.01-ний өдрөөс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хугацааг тоолно. Мөн нэхэмжлэгч **** нь “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлээ 2019.08.07-ны өдөр гаргасан. Дээрх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019.03.01-ний өдөр дууссан байхад хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ: 

6. Хариуцагч ****, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасныг баримтлан ****, **** нарт холбогдох, 2013.03.01-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянгол дүүрэг, 4 хороо, ГЕГ-ын 3 байр, 9 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн ****ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шүүххэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үүрэгтэй. 

9. Давж заалдах шатны шүүхийн “...анхан шатны шүүх өөр хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй...”гэсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

10. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...О.Базартай хамт амьдарч байхдаа олон жилийн хөлс, хүч хөдөлмөрөөрөө цуглуулсан 85,000,000 төгрөгөөр орон сууц Ц.Долгороос худалдан авсан, Б.Ундралаас байр авахдаа зээлсэн 25,000,000 төгрөгийг буцаан өгсөн, гэтэл 2013.09.04-нд Б.Ундрал гэрээг Ц.Долгортой байгуулж, өмчлөгч болсныг мэдсэн, Ц.Долгор, Б.Ундралтай 30,000,000 төгрөгөөр орон сууц худалдан авахаар гэрээ байгуулсан нь дүр үзүүлэн хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, байрны өмчлөгчөөр тогтоолгох...” гэж тодорхойлсон байна. 

11. Хариуцагч **** “...60,000,000 төгрөгийг О.Базар гуай надад шилжүүлсэн, тэр ****ын нэр дээр ордер шилжих ёстой гэж хэлсэн, **** байрны 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн, байр болон гал тогооны тавилга авахад Б.Ундрал нь шийдвэр гарган оролцож, мөнгө шилжүүлж байгаа зэргийг хараад би байрыг ****д зарж байна гэж ойлгож гэрчилгээг шилжүүлсэн, байр хүлээж авснаас хойш нэхэмжлэгч 1 ч удаа ордер шилжүүлэх тухай хандаагүй, шаардлага гаргаж байгаагүй...”, 

хариуцагч **** “...АНУ-аас байр авах зорилгоор аавд мониграм шилжүүлэг болон ээжээр мөнгө өгч, аав хүнд хүүтэй зээлүүлж өсгөж өгдөг байсан, аавтай ярилцаж,уг 2 өрөө орон сууцыг худалдан авч, миний мөнгө аавд байсан учраас аавын данснаас Ц.Долгор руу 60,000,000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 25,000,000 төгрөгийг би данснаасаа хийсэн, аав Ц.Долгорт байрыг охин авч байгаа, ордер нэр дээр нь шилжинэ гэж хэлэхэд С.Хүрэлчулуун хамт байсан, бид орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулан, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт өгснөөр би өмчлөгч болсон, нэхэмжлэгч байрыг намайг худалдаж авч байгааг, гэрчилгээ миний нэр дээр гарсныг мэдэж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан, цаашид амьдрах баталгаа бичүүлж авч байснаар нотлогдоно...” гэж тус тус мэтгэлцжээ. 

12. Давж заалдах шатны шүүхийн “... ****, О.Базар нар 2013.02.22-ны өдөр Баянгол дүүрэг, 4 хороо, ГЕГ-ын 3 байр, 9 тоот орон сууцыг ****оос 85,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд **** **** нарын хооронд 2013.03.01-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, улмаар О.Базар, **** нар урьдчилгаа 60,000,000 төгрөгийг, **** үлдэх 25,000,000 төгрөгийг ****т шилжүүлж өгсөн тухай баримт хэрэгт авагдсан, нэхэмжлэгч болон түүнтэй хамтран амьдарч байсан О.Базар нар уг орон сууцны өмчлөлөөс татгалзсан эсэх, **** 25,000,000 төгрөгийг хариуцагч ****д буцаан өгсөн үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай болсон...” талаар хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна. 

12.1. Учир нь шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх явдал бөгөөд эдгээр ажиллагааны зарчим, зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан заасан. 

12.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос өөрийн шаардлага, татгалзлын үндэс болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хэрэгт цугларсан шүүх хурлаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус нэг нэгнээ нөхсөн, талуудын тайлбартай уялдсан, холбогдсон байдлаар ньүнэлж хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал суурь болдог.

Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа хуульд нийцүүлж шийдвэрлэсэн эсэхэд дүгнэлт хийхэд чухал бөгөөд шүүхийн шийдвэр талуудад маргааныг хэрхэн, ямар үндэслэлээр шийдвэрлэснийг ойлгуулдагаас гадна хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхад нөлөөлнө. 

12.3. Ингэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, Шүүхийн тухай хуулийн зорилт, эрхэм зорилго, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зарчимд нийцэх бөгөөд давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт хуульд нийцжээ. 

13. Давж заалдах шатны шүүхээс “...анхан шатны шүүх хариуцагч нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамааруулахгүй гэж дүгнэсэн атлаа хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж харилцан уялдаа холбоогүй, хамтран эзэмшигчийн мөнгөн хөрөнгийг талууд харилцан тохиролцоогүй бол талуудын оролцоо, тэдгээрт оногдох хэсгийг хэрхэн тооцох, хэрхэн үгүйсгэж байгаа нь баримтаар хангалттай тогтоогдоогүй байхаас гадна Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 119 дүгээр зүйлд заасан асуудлаар талууд мэтгэлцээгүй байх тул эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулснаар талуудын нотлох баримт бүрдүүлэх үүргийн хувиарлалт, мэтгэлцэх үндэслэл нь тодорхой болж, зохигчийн тайлбарыг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн үүднээс эцэслэн дүгнэх, талуудын хооронд ямар төрлийн гэрээ байгуулагдсан болохыг тодорхойлох, тохирох хуулийг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэх учиртай...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. 

Энэ нь давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.  

14. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...О.Базар гуай УБЕГ-т гэрлэлтээ батлуулахаар өргөдөл гаргасныг нотариатаар батлуулж авсан бөгөөд хэргийн материалд хавсаргасан байдаг... гэж тайлбар гаргасан байх боловч уг өргөдөл хэрэгт авагдаагүй ба түүний хүсэл зоригийн илэрхийллийг тодруулахад уг баримт ач холбогдолтой байж болохоор байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй.   

15. Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ****, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1214 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ****, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ 

                                            ШҮҮГЧИД                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ