Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
Хэргийн индекс | 181/2017/03612/И |
Дугаар | 181/ШШ2020/00276 |
Огноо | 2020-01-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2020/00276
2020 оны 01 сары24 өдөр | 181/ШШ2020/00276 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Санни таун хотхон, 860-206 тоотод байрлах, Ш З Б ХХК /РД: 2667312/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн 17-17023, Зайсан центр, Дүнжингарав, 14-509 тоотод байрлах, Г Г С К ХХК /РД:5460433/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 17, Блю Скай Цамхаг, 7 давхар, 702 тоотод байрлах, М П Д ХХК /РД: 5410614/ -д тус тус холбогдох,
2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/-ийг хариуцагч Г Г С К ХХК-иас, ус зайлуулах насос 10 ширхэг, хамгаалалтын төмөр труба 696 метр, хомучик, Б цахилгааны хайрцаг 13 ширхэг зэргийг хоёр хариуцагчаас, 11 ширхэг ус зайлуулах насосны үнэ 6,516,928 төгрөг, 21 ширхэг насосны дагалдах хэрэгсэл материалын үнэ 398,378.44 төгрөг, аюулгүйн торны үнэ 978,852 төгрөг, Б цахилгааны хайрцаг 1 ширхэг, цахилгааны тоолуурын хамт үнэ 79,674 төгрөг, DN300*7 ган хоолой 230 метрийн үнэ 10,219,728 төгрөг нийт 18,193,560 төгрөгийг тус тус хариуцагч нараас гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал хариуцагч М П Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр, хариуцагч Г Г С К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш З Б ХХК нь М П Д ХХК-ийн захиалгаар 2012 оноос эхлээд Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах Олон улсын Санхүүгийн төвийн барилгын ажлыг гүйцэтгэж байсан. Энэ ажлын хүрээнд 1 дүгээр шатны ажил болох шон суурийн ажил, 2 дугаар шатны ажил болох хавтан суурийн ажлыг тус тус гэрээний үндсэн дээр гүйцэтгэж явж байсан. Үүнээс хойш 2015 оны өвөл тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад барилгын ажил зогссон.
2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хөлдөлтөөс хамгаалах хамгаалалтын ажлуудыг хийгээд барилгын талбайг хариуцагчид хүлээлгэж өгсөн. Ажил гүйцэтгэхдээ ашиглаж байсан өөрийн өмчлөлийн хөрөнгөнүүдийг хариуцагч нарт акт үйлдэж хүлээлгэж өгсөн. Хэрэв хүлээлгэж өгсөн эд хөрөнгийг үрэгдүүлэх буюу дутаасан тохиолдолд зах зээлийн ханшаар хохирлыг нэхэмжлэхээр тусгаж, барилгын талбайн тоног төхөөрөмж болон эд зүйл хүлээлцсэн актыг Г Г С К ХХК-тай, барилгын талбай хүлээлцэх бичгийг М П Д ХХК-тай тус тус үйлдсэн. Энэ талаар хэргийн материалд авагдсан байгаа.
2016 оны 4 дүгээр сараас эхлээд барилгын ажлыг үргэлжлүүлэн хийх хүсэлт тавьсан боловч захиалагч талын зүгээс ямар нэгэн шалтгаангүйгээр бид нарыг ажиллуулахаас татгалзсан.
Үүнээс үндэслэн тус барилгад байршуулсан өөрийн өмчлөлийн эд хөрөнгөнүүдийг авъя гэх маргааныг үүсгэсэн. Хариуцагч талын зүгээс тайлбарлахдаа гэрээний дагуу тухайн барилгын төсөвт туссан эд хөрөнгөнүүдийг үнэ болсон учраас эдгээр эд хөрөнгийг буцааж өгөх үүрэг хүлээгээгүй гэж хэлдэг. Гэтэл эдгээр эд хөрөнгө барилгын төсөвт багтсан гэдэг нь ямар нэгэн баримтаар нотлогдохгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн аль ч гэрээнд барилгыг төсөвт өртгөөс гүйцэтгэгч тал дээрх хөрөнгийг худалдаж авсан зохицуулалт байхгүй.
Шүүхийн тогтоолд заасны дагуу дээрх эд хөрөнгөнүүд нэхэмжлэгчийн өмчлөл болохыг тогтоосон баримтыг гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Эд хөрөнгөнүүдийг оруулж ирсэн бичиг, худалдах худалдан авах гэрээ, тоног төхөөрөмжийн дугаар авсан бүртгэлийн хуудас зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. 2 ширхэг генераторыг гаалиар оруулж ирсэн мэдээллийн хуудас хавтаст хэргийн эхний хавтаст авагдсан байгаа.
Хамгийн сүүлд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан байгаа 2 үүсгүүрийг нисэхэд байдаг агуулах буюу Г Г С К ХХК-ийн мэдлийн хашаанд байгааг очиж үзсэн. Бусад зүйлийг шүүх тогтоосон. Хариуцагч нар дээрх хөрөнгөнүүдийг өөрсдийнх нь гэдгийг нотолж чадахгүй байгаа. Мөн үүнийгээ нотолсон баримтыг гаргаж өгөөгүй. Бид байгаа зүйлийг нь авъя, харин үрэгдүүлсэн зүйлийг актад дурдсанаар үнийг нь гаргуулж авъя гэх шаардлагыг гаргасан” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрээний харилцаа юу? эд хөрөнгийн маргаан уу? гэдэг нь анхан шатны шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүнтэй 1, давж заалдах шатны шүүх дээр 1, хяналтын шатны шүүх дээр 1 гээд гурван удаа эд хөрөнгийн маргаан мөн гэдэг шийдэлд хүрч өнөөдрийг хүртэл энэ маргаан нь үргэлжилж байна. Г Г С К ХХК нь өөрсдийгөө хариуцагч биш гэж тайлбарладаг хэдий ч тоног төхөөрөмжийг шаардахаар өгдөггүй иймээс хариуцагчаар татсан.
Даалгавар өгч даалгаврын гэрээ байгуулсан, итгэмжлэл өгсөн зүйл байхгүй. Г Г С К ХХК нь тоног төхөөрөмжийг тоолж хүлээж авч акт үйлдсэн. Тус байгууллагад шууд бэлэглэж үлдээсэн зүйл байхгүй. Захиалагчийн эд хөрөнгийг дараагийн гүйцэтгэгчид өгч байна гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй.
М П Д ХХК-ийн эд хөрөнгө байгаа юм уу? гэхээр мэдэхгүй, талбай дээр байгаа гэж хариулдаг хэдий ч талбай дээр эд хөрөнгө байдаггүй. Тиймээс бид эзэмшилдээ байлгаж байгаа компаниас эд хөрөнгөө нэхэмжлэх нь зөв гэж үзэж байна.
2012 оны гэрээ нь шон суурийн ажлын гэрээ, 2013 оных нь хавтан суурийн ажлын гэрээ юм. Барилгын ажил хийж байх хугацаанд өөр төслөөс тоног төхөөрөмжүүдийг татаж авч тавиад эхний болон 2 дахь шатны ажлыг хийсэн. 2016 оны хавар маргаан үүссэн. Бүх ажлыг дуусгаж өгөөд дахиж ажиллахгүй болсон гэдгийг нотлох баримт байхгүй. Харин үе шаттай барилгын ажлыг хийж гүйцэтгэж байсан.
Өмчлөгч биш этгээдийн эзэмшилд байгаа зүйл бол хууль бус эзэмшил гэсэн үг. Өмчлөгч гэдгээ нотолж чадахгүй байгаа бол хууль бус эзэмшигч гэж ойлгож болно. Барилгын талбайд байгаа бүх тоног төхөөрөмжийг салгаж болно. Барилгын ажилд зориулж суурилуулж байгаа эд зүйл юм. Манайх салгах боломжтой зүйлийг нэхэж байгаа.
Хариуцагч талын хэлж буй хавсралт нь ажлын хуваарь буюу үүнтэй холбоотой төлөлт төлөх хуваарь байдаг. Захиалагчийн хөрөнгөөр эд хөрөнгө худалдаж аваад барилгын материал тавьж сүүлд тус эд хөрөнгө захиалагчийн өмчлөлд үлдээнэ гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй. Хариуцагч талын дурьдсан хавсралт тоног төхөөрөмжийн үнэ гэрээнд шингэсэн гэх нэг ч өгүүлбэр байхгүй.
Талбай дээрх эд зүйлийг хүлээж авсан нь талбай хүлээж авсан акт дээр цуг байгаа. Үрэгдүүлэх юм бол зах зээлийн ханшаар төлнө гэж бичигдсэн. Тийм учраас Г Г С К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэл байна. Зах зээлийн ханшаар төлнө гэж тохиролцсон учраас үнийн дүн нэхэмжлэх нь зүй ёсны шаардлага юм. Үрэгдсэн зүйлийг авъя гэж болохгүй, харин байгаа зүйлээ авъя гэж байгаа.
Г Г С К ХХК нь энэ хэрэг маргаантай холбоогүй гэж тайлбарлаж байна. Холбоогүй байсан бол анхнаасаа тус тоног төхөөрөмж М П Д ХХК-ийн өмч учир бид мэдэхгүй, та нар ав гэж хэлээд өгөх боломжтой байсан. Гэтэл өөрийнхөө мэдэлд байлгаад хэрэгт хамааралгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна” гэв.
Хариуцагч М П Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хооронд 2012 он, 2013 онд газар шорооны ажлын гэрээ, шон суурийн ажлын гэрээ байгуулагдсан гэдэгт маргадаггүй. Талууд Хонг Конг дахь Олон улсын харьяаллаар маргаанаа шийдвэрлүүлнэ гэсэн заалтад маргадаггүй. Өмнө нь маргасан ч 3 шатны шүүхээр яваад эцэслэн шийдвэрлэгдсэн.
Нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах барилгын газарт үйл ажиллагаа эхэлсэн гэж тодорхойлж мөн талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн гэдгийг үгүйсгэдэггүй.
Нэхэмжлэгч талын хэлсэн зүйл нь нотлох баримтаар нотлогдохгүй, харин үгүйсгэгдээд байдаг. Талбай хүлээлцсэн баримт бичиг нь хавтаст хэрэгт авагдсан байсан. Талбай хүлээлцсэн баримт нь 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ш З Б ХХК болон Г Г С К ХХК нарын хооронд үйлдэгдсэн баримт юм. Талбай хүлээлгэн өгсөн баримт нь хэрэгт 2 удаа авагдсан. Эхлээд нэхэмжлэлтэй хавсаргаж өгсөн, харин нөгөө баримтыг дараа нь өгсөн. Эхний өгсөн баримт дээр Г Г С К ХХК нь М П Д ХХК-ийн итгэмжлэлээр гэж бичсэн бол нөгөө баримт дээр Г Г С К ХХК нь М П Д ХХК-ийн даалгаснаар гэж бичсэн байна.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж заасан. Г Г С К ХХК нь энэ хэрэг маргаанд хариуцагчаар оролцох үндэслэл харагдахгүй байна.
Анх нэхэмжлэл гаргаж эхлэхээсээ өмнө нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байснаас үүдэж энэ хэрэг маргаан бий болсон. Талбай хүлээлцсэн актаар нэхэмжлэгч талын ярьж буй зүйл нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч тал 2012 онд эхэлсэн ажлаа 2015 оны 12 сард ажлаа дуусгасан. Гэрээгээр тохирсон хугацаа дууссан байхад баталгаа болж авч үлдсэн гэрээний төлбөрийг төлөхгүй байна гэх тайлбар гаргаж байсан. Хууль бус эзэмшил гэдэг нь шууд тодорхойлогдохгүй, тодорхой хууль зүйн нэр томьёогүй зүйл юм. Нэхэмжлэгч тал нь хууль бус эзэмшил гэдгийг яаж тогтоосон талаар ярьдаггүй. Нэхэмжилж байгаа зарим тоног төхөөрөмж нь барилгын талбайн газраас салгаж авах боломжгүй зүйлүүд байгаа. Тухайн барилгыг бүрэн гүйцэд баригдаж дуусах хүртэл заавал хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүд юм. Гадуур нь барьсан хамгааллын төмөр тор, трубаг авчихвал гуравдагч этгээд болон иргэдэд аюул учрах болзошгүй.
Ш З Б ХХК нь барилгын суурийн ажил, газар шорооны ажлыг бэлтгэх, суурийн цутгалтын ажлыг гүйцэтгэх, хамгаалалтын ажил зэргийг гүйцэтгэж хийнэ. Үүний дараагийн ажлыг хийж гүйцэтгэнэ гэсэн тохиролцоо байхгүй. Дараагийн барилга угсралтын ажлыг Г Г С К ХХК-тай гэрээ байгуулж барилга цааш үргэлжлээд явж байгаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд хэргийн харьяаллын талаар зааж өгсөн. 13 дугаар зүйлийн 13.2-т хэрэв талууд гэрээтэй холбоотой маргааныг арбитраар шийдвэрлүүлнэ гэж тохиролцсон бол арбитр шийдвэрлэнэ гэж заасан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн бол шүүх нэхэмжлэлийг хүлээж авахгүй гэж тодорхойлж өгсөн.
Нэхэмжлэл гаргахдаа арбитрын гэрээ хэлэлцээр байгаа, мөн арбитрын харьяаллыг тодорхойлохгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх явцад тайлбараар энэ бүх зүйл тодорхой болж, нотлох баримтуудаар нотлогдвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх заалтыг зөрчиж нэхэмжлэл гаргаж энэ нөхцөл байдал нь шүүх хуралдааны үед тодорхой болвол хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Талууд 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр эсэх дээр маргадаггүй. Тендерийн асуулгын B хэсэгт өөрийн ашиглагдах генераторын тоног төхөөрөмжийг Монгол дахь барилгын талбайд хүргэж өгснөөр гэрээний нийт үнийн дүнгийн 12,5 хувь буюу 606,250 ам.долларыг төлнө гэж тохирсон. Хавсралтын ард талд та бүхэн гэрээний дагуу дараагийн ажлыг гүйцэтгэнэ. Үүнд суурийн гэрээг гүйцэтгэхэд шаардлагатай бүх түр ажлууд, үйлдвэр, тоног төхөөрөмж угсралт, суулт болон чичиргээний хяналт гэх мэтээр жагсааж бичсэн байна.
Энэ хавсралтад талууд маргааныг арбитраар шийдвэрлүүлнэ, гэрээг Монгол Улсын хуулийг баримтлан зохицуулах ба арбитрын ажиллагаа явуулах газар нь Хонг Конг байхыг үүгээр баталгаажуулах шаардлагатай гэдгийг дурьдаж өгсөн. Мөн гарын үсэг зурсан хэсэгт бид A-N хэсгүүдэд заасан нөхцөл болзлуудыг үүгээр хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тендерийн үнэ нь дээрх ажлуудыг багтаасан болохыг үүгээр баталж байна гээд гарын үсэг зурж 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэж тодорхой зааж өгсөн.
Нэхэмжлэгч тал энэ гэрээний заалтад хамааралгүй бидний өөрсдийн тоног төхөөрөмж гэж маргаж байгаа. Харин хариуцагч талаас энэ гэрээний дагуу тоног төхөөрөмжийн үнийг төлсөн, энэ үнэ багтсан тоног төхөөрөмж гэж маргаж байгаа. Гэрээний дагуу талуудад үүрэг үүссэн үү? эрх үүссэн үү? тоног төхөөрөмж гэрээний дагуу шилжсэн эсэхийг харах шаардлагатай.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч Г Г С К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш З Б ХХК нь М П Д ХХК-ийн захиалгаар IFC барилгын суурийг хийж гүйцэтгэсэн. Үүний дараа гэрээ дуусгавар болж Г Г С К ХХК-тай 2016 оны 01 сараас барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж талбайг хүлээж авч акт үйлдсэн.
Акт нь барилгын талбайн ажлыг хүлээж авсан акт болохоос биш тоног төхөөрөмжийг хүлээж авсан акт биш. Гэтэл нэхэмжлэгч тал тус актыг үндэслэж манай компаниас актыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн үед барилгыг хүлээлцэх үед Ш З Б ХХК нь авч явах, хөдөлж болох бүх зүйлийг авч явсан.
Нэхэмжлэгч талын нэхэмжилж буй тоног төхөөрөмж нь барилга баригдаж дуусах хүртэл салшгүй тоног төхөөрөмж учраас дараа нь тусад нь акт хүлээлцсэн. Манай зүгээс барилгын салшгүй нэг хэсэг учраас акт хүлээлцэж байна гэж ойлгосон. Нэхэмжлэгч талын өмчлөлийн талаар мэдэх зүйл байхгүй. Барилгын ажлыг гүйцэтгэж байхад манай компанийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасныг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш З Б ХХК-ийн өмчлөлийн асуудал яригдаж эхэлбэл манайх тоног төхөөрөмжийн талбайг хадгалж хамгаалж, харуул хамгаалалт гаргаж байгаа, тусдаа төлбөр мөнгөний асуудал яригдах байх.
Мөн нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсэг үндэслэлгүй байна. 2 жилийн өмнө талуудын хүсэлтээр барилгын ажил эхэлж байх үед талууд байлцан тэмдэглэл үйлдээд шүүх үзлэг хийсэн. Тэгэхэд нэхэмжлэгч талын нэхэмжилж буй тоног төхөөрөмжүүд нь барилгын салшгүй хэсэг, салгаж авч явж болохгүй суурилагдсан тоног төхөөрөмжүүд байсан. Газарт суурилуулсан трубаг тогтоох боломжгүй.
Тухайн үед тэмдэглэлд бэхлэгдээд, суурилагдаад, далд орсон, харагдах боломжгүй зүйлүүд туссан байгаа. Манай зүгээс актын дагуу хүлээж авсан тоног төхөөрөмж талбай дээр байгаа. 2 генератор ашиглагдахгүй байгаа учраас нисэхийн хашаанд хамгаалалтад байдаг. Актын дагуу бүх тоног төхөөрөмж байгаа.
Шинэ зуун барилгын эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс гаргуулах, зарим эд хөрөнгийн үнэ болох 18,193,560 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэл нь манай компанитай ямар ч холбоогүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш З Б ХХК нь хариуцагч Г Г С К ХХК, М П Д ХХК нарт холбогдуулан 2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/, 10 ширхэг ус зайлуулах насос , 696 метр хамгаалалтын төмөр труба , хомучик, 13 ширхэг Б цахилгааны хайрцагыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаргуулах, 11 ширхэг ус зайлуулах насосын үнэ 6,516,928 төгрөг, 21 ширхэг насосын дагалдах хэрэгсэл материалын үнэ 398,378.44 төгрөг, аюулгүйн торны үнэ 978,852 төгрөг, Б цахилгааны хайрцаг 1 ширхэг, цахилгааны тоолуурын хамт үнэ 79,674 төгрөг, DN300*7 ган хоолой 230 метрийн үнэ 10,219,728 төгрөг нийт 18,193,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г Г С К ХХК нь Ш З Б ХХК-ийн дараа М П Д ХХК-ийн хэрэгжүүлж байгаа төсөл дээр ажиллахаар тохиролцож гэрээ байгуулсан, уг 2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/, ус зайлуулах насос 10 ширхэг, хамгаалалтын төмөр труба 696 метр, хомучик, Б цахилгааны хайрцаг 13 ширхэг зэрэг тоног төхөөрөмж, барилгын материал нь манай компанийн өмч, М П Д ХХК нь хэнд өг гэнэ бид түүнд өгнө гэж, хариуцагч М П Д ХХК нь Ш З Б ХХК-тай байгуулсан гэрээний дагуу уг тоног төхөөрөмжийн үнийг төлсөн тул хууль бус эзэмшил байхгүй, бидний хооронд байгуулсан гэрээ нь арбитрын журмаар шийдвэрлэгдэхээр тохиролцсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ш З Б ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...М П Д ХХК-ийн захиалгаар Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Чингэсийн өргөн чөлөө 12 хаягт байрлах газарт Олон Улсын санхүүгийн төвийн барилгын ажлын нэгдүгээр үе шат буюу шон суурийн ажил, хоёрдугаар үе шат буюу хавтан суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн. 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр барилгын талбай дээр байгаа зарим тоног төхөөрөмж, барилгын материалыг захиалагч М П Д ХХК болон Г Г С К ХХК-д түр хугацаагаар хүлээлгэн өгч, эд хөрөнгийг гэмтээж, үрэгдүүлсэн тохиолдолд учирсан хохирлыг зах зээлийн үнээр төлөхөөр тохиролцож, “Барилгын талбайд байгаа тоног төхөөрөмж, болон эд зүйл хүлээлцсэн акт”-ыг үйлдэж, Усны насос 21 ширхэг, насосны дагалдах хэрэгсэл, Хамгаалалтын төмөр труба 696 метр, трубаны дагалдах хэрэгсэл хомучик, аюулгүйн тор, Генератор 2 ширхэг, А цахилгааны тоолуурын хайрцаг, Б цахилгааны тоолуурын хайрцаг 14 ширхэг, DN 300*7 ган хоолой 230 шигхэгийг хүлээлгэн өгсөн. Уг тоног төхөөрөмж болон бусад зүйлийг шаардсан боловч бидэнд өгөөгүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Шүүхийн үзлэгээр байгаагүй үрэгдүүлсэн тоног төхөөрөмж, барилгын материал буюу 11 ширхэг ус зайлуулах насосын үнэ 6,516,928 төгрөг, 21 ширхэг насосын дагалдах хэрэгсэл материалын үнэ 398,378.44 төгрөг, аюулгүйн торны үнэ 978,852 төгрөг, Б цахилгааны хайрцаг 1 ширхэг, цахилгааны тоолуурын хамт үнэ 79,674 төгрөг, DN300*7 ган хоолой 230 метрийн үнэ 10,219,728 төгрөг нийт 18,193,560 төгрөг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч М П Д ХХК нь “...М П Д ХХК-ийн захиалгаар Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Чингэсийн өргөн чөлөө 12 хаягт байрлах газарт Олон Улсын санхүүгийн төвийн барилгын ажлын шон суурийн ажил, хавтан суурийн ажлыг Ш З Б ХХК нь хийж гүйцэтгэсэн. 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Шон суурийн ажлын гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Газар шорооны болон хамгаалах шон суурь, Хавтан, Хөрсний ус зайлуулах ажлын гэрээ” тус тус байгуулсан бөгөөд гэрээний нийт үнэд нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан тоног төхөөрөмж болон барилгын материал багтсан. Төлбөрийн нөхцлийг дараах байдлаар тодорхойлов. 2-д “Шон суурийн ажилд ашиглагдах генератор болон арматурыг барилгын талбайд авчрах. Шон суурийн ажилд ашиглагдах генератор болон арматурыг Монгол дахь барилгын талбайд хүргэж, Архитектур төслийн менежер хяналт шалгалтын гэрчилгээ олгосноос хойш ажлын 7 өдрийн дотор гэрээний нийт үнийн дүнгийн 12,5 хувь болох 4,850,000 ам доллар (Тооцоолоогүй зардлыг үл барагдуулан)-ыг бөөнд нь төлнө” гэж тохирсон нь тоног төхөөрөмж ажил гүйцэтгэх гэрээний дагуу үнэлгээнд багтсан. Хэрэв, нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардаж байгаа бол иргэний хэргийн шүүх шийдвэрлэхгүй, арбитрын журмаар шийдвэрлэхээр гэрээнд харьяалал тохирсон. Улсын дээд шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 402 дугаар тогтоолд бидний хоорондын маргааныг арбитрын маргаан гэж харъяаллыг шийдсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг, хариуцагч Г Г С К ХХК нь “нэхэмжлэлд дурьдсан 2 генератор манай нисэхэд байдаг хашаанд байгаа, бусад тоног төхөөрөмж нь бүгд М П Д ХХК-ийн захиалгаар Улаанбаатар хот 1 дүгээр хороо, Чингэсийн өргөн чөлөө 12 хаягт байрлах газарт Олон Улсын санхүүгийн төвийн барилгын хашаанд байгаа. Шүүхээс үзлэг хийхэд шүүгч болон хэргийн оролцогчийн аюулгүй байдлын улмаас зарим тоног төхөөрөмжийг бүрэн үзэж чадаагүй. Бүгд хүлээлгэж өгсөн тоо, ширхгийн дагуу байгаа. Манай компани М П Д ХХК-ийн барилгын хашаанд үйл ажиллагаа явуулж байгаа тул уг хашаанд байгаа барилгын материал болон тоног төхөөрөмжийг М П Д ХХК-ийн зөвшөөрөлгүй хэнд ч өгч болохгүй. Манай зүгээс уг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөд бэлэн байгаа” гэж тус тус тайлбарласан.
1. Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал нь тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол шүүх аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус, эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоно гэж заасан байна.
Зохигч гэрээндээ маргааныг ...Хонг Конг дахь арбитраар шийдвэрлүүлэхээр заасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон боловч энэхүү нөхцөл нь Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан шүүхэд хэлэлцэгдэж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болохгүй байна.
Арбитрын хэлэлцээртэй хэдий ч нэгэнт шүүхэд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн тохиолдолд зохигчийн аль нэг нь маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох боломжтой урьтач нөхцлийг ...тайлбар гаргахаас өмнө... гэж хуульд тодорхойлсон байна.
Гэрээний нэг тал буюу хариуцагч М П Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан хариу тайлбар, нотлох баримтаа 14 хоногийн дотор буюу 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор ирүүлэх үүргийг хүлээлгэжээ.
Дурьдсан хугацаанд хариуцагч хэргийн харъяалал болон нэхэмжлэлийн талаар хариу тайлбар гаргаагүй, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Хүсэлт, тайлбар гаргах нь” гэсэн тайлбартаа хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө болно, мөн арбитрын харьяаллын маргаан гэж маргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж, энэ хугацаанд зохигч өөрсдөө нотлох баримт гаргах, зохигчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэх зэрэг ажиллагаа хийгджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, зохигчийн аль нэг тал тайлбар өгөхөөс өмнө маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаагүй тул шүүх хэргийг шийдвэрлэхэд хуульд харшлахгүй гэж үзэж хэргийг шийдвэрлэв.
Мөн, хариуцагч нь гэрээний харилцаа гэж маргах боловч маргааны гол зүйл нь гэрээний харилцаанд үндэслээгүй, хууль бус эзэмшлээс эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг үүсгэсний дараа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдвол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохыг мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан ба ийм үндэслэл тогтоогдоогүй байна.
2. Нэхэмжлэгч Ш З Б ХХК болон Г Г С К ХХК нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Талбай хүлээлцсэн баримт”-д “Г Г С К ХХК нь М П Д ХХК-ийн итгэмжлэлээр Монгол Улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороонд баригдаж байгаа олон улсын банк санхүүгийн барилгын ажлын талбайг хүлээн авч, талуудын талбайд байгаа эд зүйлийг тоолон, Г Г С К ХХК-д хүлээлгэн өгч цаашид хариуцсан эд хогшлыг үрэгдүүлж гээхгүй байх, хэрэв гэмтээсэн, үрэгдүүлж гээсэн бол зах зээлийн үнээр нь төлнө. Талбай дээрхи тоног төхөөрөмж болон эд зүйл хүлээлцсэн жагсаалтад 1. Ус зайлуулах насос 21 ширхэг, Хамгаалалтын төмөр, генератор 2 ширхэг, А цахилгааны хайрцаг 1 ширхэг, Б цахилгааны хайрцаг 14 ширхэг, DN300*7 ган хоолой” гэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Хариуцагч М П Д ХХК нь барилгын ажил гүйцэтгэл гэрээний хөлсөнд уг тоног төхөөрөмж болон барилгын материалын үнэ шингэсэн гэж, өмчлөгч гэж маргасан.
Нэхэмжлэгч Ш З Б ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр TFW2-200, 200KW, мотор эргэлт/мин: 1500, 400v, 50Hz, тог гаргах, 2 ширхэг, усны насос QJ1758 хүчин чадал /цагт 30 м.куб, ус шахах 4 kw, мотор эргэлт/мин: 2850, ус шахах 14 ширхгийг Монгол Улсын хилээр оруулж ирсэн, 2013 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Бараа материал захиалах гэрээ” байгуулж, TFW2-200, 200KW, мотор эргэлт/мин: 1500, 400v, 50Hz, тог гаргах, 2 ширхгийг худалдан авсан болох нь баримтаар нотлогдож байна. /нэгдүгээр хх-ийн 66-68 дахь тал, хоёрдугаар хх-ийн 90-96 дахь тал/
М П Д ХХК болон Ш З Б ХХК нарын хооронд байгуулсан гэрээнд Усны насос 21 ширхэг, насосны дагалдах хэрэгсэл, Хамгаалалтын төмөр труба 696 метр, трубаны дагалдах хэрэгсэл хомучик, аюулгүйн тор, Генератор 2 ширхэг, А цахилгааны тоолуурын хайрцаг, Б цахилгааны тоолуурын хайрцаг 14 ширхэг, 230 ширхэг DN 300*7 ган хоолой нь ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд багтсан талаар дурьдаагүй бөгөөд гэрээний Төлбөрийн нөхцлийг дараах байдлаар тодорхойлов. 2-д “Шон суурийн ажилд ашиглагдах генератор болон арматурыг барилгын талбайд авчрах. Шон суурийн ажилд ашиглагдах генератор болон арматурыг Монгол дахь барилгын талбайд хүргэж, Архитектур төслийн менежер хяналт шалгалтын гэрчилгээ олгосноос хойш ажлын 7 өдрийн дотор гэрээний нийт үнийн дүнгийн 12,5 хувь болох 4,850,000 ам доллар (Тооцоолоогүй зардлыг үл барагдуулан)-ыг бөөнд нь төлнө”/нэгдүгээр хх-ийн 168 дахь тал/ гэж заасан нь уг ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд ажлын хөлсийн төлөх хуваарийн талаар тохиролцсон гэрээний зохицуулалт юм.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар усны насос 21 ширхэг, насосны дагалдах хэрэгсэл, хамгаалалтын төмөр труба 696 метр, трубаны дагалдах хэрэгсэл хомучик, аюулгүйн тор, генератор 2 ширхэг, А цахилгааны тоолуурын хайрцаг, Б цахилгааны тоолуурын хайрцаг 14 ширхэг, DN 230 ширхэг 300*7 ган хоолой нь М П Д ХХК-ийн өмч болохыг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.
Хариуцагч М П Д ХХК нь нэхэмжлэлд дурьдсан тоног төхөөрөмж болон барилгын материал нь өөрийн өмчлөлийн хөрөнгө болохыг нотлоогүй тул эзэмшлийг хууль бус гэж үзнэ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 21 ширхэг усны насос, насосны дагалдах хэрэгсэл, 696 метр хамгаалалтын төмөр труба, трубаны дагалдах хэрэгсэл хомучик, аюулгүйн тор, 2 ширхэг цахилгааны үүсгэвэр /генератор/, А цахилгааны тоолуурын хайрцаг, 14 ширхэг Б цахилгааны тоолуурын хайрцаг, DN 230 ширхэг 300*7 ган хоолой нь өмчлөгч нь Ш З Б ХХК байх тул өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
Хариуцагч Г Г С К ХХК нь М П Д ХХК-ийн барилгын талбайд гүйцэтгэгчээр барилгын ажил гүйцэтгэж байгаа бөгөөд уг талбайд байгаа өөрийн өмчлөлийн барилгын материал болон тоног төхөөрөмжөөс бусад тоног төхөөрөмж, болон барилгын материалыг захиалагчийн зөвшөөрөлгүй бусдад шилжүүлэх боломжгүй, мөн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Талбай хүлээлцсэн баримт” үйлдсэн боловч уг баримтыг барилгын ажлын захиалагч М П Д ХХК-ийн итгэмжлэлийн дагуу хүлээн авсан тул Г Г С К ХХК-ийн хууль бус эзэмшил гэж үзэх боломжгүй юм.
Иймд хариуцагч М П Д ХХК-ийн хууль бус эзэмшлээс 2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/, 10 ширхэг ус зайлуулах насос , 696 метр хамгаалалтын төмөр труба , хомучик, 13 ширхэг Б цахилгааны хайрцагийг гаргуулж, нэхэмжлэгч Ш З Б ХХК-д олгож, хариуцагч Г Г С К ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
3. Нэхэмжлэгч нь 11 ширхэг ус зайлуулах насос, 21 ширхэг насосын дагалдах хэрэгсэл, аюулгүйн тор, Б цахилгааны хайрцаг 1 ширхэг, DN300*7 ган хоолой 230 метрийг үрэгдүүлсэн гэж нийт 18,193,560 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхээс үзлэг хийхэд дээрхи зүйлс байгаагүй гэж тайлбарласан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад “11 ширхэг ус зайлуулах насос, 21 ширхэг насосын дагалдах хэрэгсэл, аюулгүйн тор, Б цахилгааны хайрцаг 1 ширхэг, DN300*7 ган хоолой 230 метрийг үрэгдүүлсэн гэж нийт 18,193,560 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гэм хорын улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэж шаардаагүй, харин Ш З Б ХХК болон Г Г С К ХХК нарын хооронд 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн “Талбай хүлээлцсэн баримт”-ын дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэж тодруулсан болохыг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ш З Б ХХК болон Г Г С К ХХК нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Талбай хүлээлцсэн баримт”-ыг Г Г С К ХХК нь өөрийн нэрийн өмнөөс хийгээгүй тул М П Д ХХК нь эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоож байгаа хүсэл зоригийг илэрхийлж байна.
Хариуцагч Г Г С К ХХК нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...11 ширхэг ус зайлуулах насос, 21 ширхэг насосын дагалдах хэрэгсэл, аюулгүйн тор, 1 ширхэг Б цахилгааны хайрцаг, 230 метр DN300*7 ган хоолой бүгд барилгын хашаанд байгаа, нэг ч насос үрэгдэж, гэмтээгүй” гэж тайлбарласан ба 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Үзлэгийн тэмдэглэл”-д “...DN300*7 ган хоолой байгаа хэмжээгүй, носасны дагалдах материал тоологдох боломжгүй, хамгаалалтын төмөр труба хангалттай байгаа, трубаны дагалдах хэрэгсэл, тор байна, генератор нисэхийн агуулахад байгаа” гэж тэмдэглэсэн байна.
Дээрхи үзлэгийн тэмдэглэл нь тодорхойгүй, уг үзлэгийн тэмдэглэлд үндэслэн 11 ширхэг ус зайлуулах насос, 21 ширхэг насосын дагалдах хэрэгсэл, аюулгүйн тор, 1 ширхэг Б цахилгааны хайрцаг, 230 метр DN300*7 ган хоолой үрэгдүүлсэн гэж үзэх боломжгүй тул 11 ширхэг ус зайлуулах насосын үнэ 6,516,928 төгрөг, 21 ширхэг насосын дагалдах хэрэгсэл материалын үнэ 398,378.44 төгрөг, аюулгүйн торны үнэ 978,852 төгрөг, Б цахилгааны хайрцаг 1 ширхэг, цахилгааны тоолуурын хамт үнэ 79,674 төгрөг, DN300*7 ган хоолой 230 метрийн үнэ 10,219,728 төгрөг нийт 18,193,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь дээрхи насос, болон бусад зүйлийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч М П Д ХХК-ийн хууль бус эзэмшлээс 2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/, 10 ширхэг ус зайлуулах насос , 696 метр хамгаалалтын төмөр труба , хомучик, 13 ширхэг Б цахилгааны хайрцагыг гаргуулж, нэхэмжлэгч Ш З Б ХХК-д олгож, хариуцагч Г Г С К ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон 11 ширхэг ус зайлуулах насос, 21 ширхэг насосын дагалдах хэрэгсэл, аюулгүйн тор, 1 ширхэг Б цахилгааны хайрцаг, 230 метр DN300*7 ган хоолойны үнэ 18,193,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 871,835 төгрөгөөс 319,118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 552,717 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч М П Д ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч Ш З Б ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР